Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2022/01163

 

  Нийслэлийн ерөнхий боловсролын 51 дүгээр сургуулийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/03026 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2383 дугаар магадлалтай,

 Нийслэлийн ерөнхий боловсролын 51 дүгээр сургуулийн нэхэмжлэлтэй

Ланд энд хаус ХХК-д холбогдох

 Автомашины гарааш буулгаж, газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга, хариуцагчийн өмгөөлөгч А.Зоригтбаатар нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга, хариуцагчийн өмгөөлөгч А.Зоригтбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 1. Нэхэмжлэгч Нийслэлийн ерөнхий боловсролын 51 дүгээр сургуулиас*******-д холбогдуулан автомашины гарааш буулгаж, газар чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/03026 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол /16050/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, С51 тоотод байршилтай, Ерөнхий боловсролын 51 дүгээр сургуулийн эзэмшлийн нэгж талбарын 18640310432825 дугаар бүхий 9100 м.кв талбайтай газрын баруун хойд талд байрлах 2 гарааш барьсан 319 м.кв, 6 м.кв нийт 325 м.кв талбай бүхий газруудыг чөлөөлж өгөхийг*******-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч*******-аас 70,200 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2383 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/03026 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

 4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүх магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1. Давж заалдах шатны шүүхийн магадлалын Хянавал хэсэгт ...нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэсэн агуулгатай, мөн уг гражийг буулгах шаардлага нь мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт заасан хөрш залгаа эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчдийн харилцаанд хамааралтай, мөн хуулийн 135.4 дэх хэсэгт заасан шаардлага байхад шүүх энэ 2 шаардлагыг тодруулах ажиллагаа хийх байжээ. Эдгээр ажиллагааг ... нөхөн гүйцэтгэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг Иргэний хуулийн 168.1.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.. гэж дүгнэсэн нь нэхэмжлэгчийн ашиг сонирхлыг хөндсөн, хууль зөрчсөн шийдвэр болсон. Учир нь давж заалдах шатны шүүх ИХШХШТХ-ийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д зааснаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Анхан шатны шүүх 51 дүгээр сургуулийн гаргасан нэхэмжлэл, нотлох баримтын хүрээнд асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэсэн. Тухайн маргаан бүхий газрын эзэмшигч нь хэн болохыг тогтоох тухай асуудлыг биш, харин газар эзэмшигчийн хөндөгдсөн эрхийг сэргээж, газрыг чөлөөлөх тухай нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэсэн. 51 дүгээр сургууль нь маргаан бүхий газрын эзэмшигч гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан засаг даргын захирамж, газар эзэмшүүлэх гэрээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ зэрэг баримтуудаар нэгэнт тогтоогдсон ба нэхэмжлэгч нь эрхээ хамгаалуулахаар шаардах эрхтэй юм. Мөн 51 дүгээр сургуулийн газар дээр зөвшөөрөлгүй баригдсан гаржууд нь хэн нэгний өмчлөлд биш боловч******* барьж ашиглалтанд оруулсан болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон тул*******-ийг хариуцагчаар оролцуулж шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн.

4.2. Давж заалдах шатны шүүх ...Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт заасан хөрш залгаа эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчдийн харилцаанд хамааралтай, мөн хуулийн 135.4 дэх хэсэгт заасан шаардлага байхад шүүх энэ шаардлагыг тодруулах ажиллагаа байжээ... гэж дүгнэсэн нь мөн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ноцтой үйлдэл гэж үзэж байна. 51 дүгээр сургуулийн газар эзэмших эрхийг түүний хөрш залгаа газрын эзэмшигч хөндөөгүй, харин бусдын газар дээр зөвшөөрөлгүй граж барьсан Ланд энд Хаус ХХК хөндсөн тул Нийслэлийн ерөнхий боловсролын 51-р сургууль болон Ланд энд Хаус ХХК-ийн хоорондын маргаанд иргэний хуулийн 135 дугаар зүйлийн заалт хэрэглэгдэх боломжгүй юм.

Анхан шатны шүүх ...Хариуцагч байгууллага нь автомашины гражуудыг хэзээ барьсан тухайгаа нотлоогүй байхад нэхэмжлэгч байгууллагыг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй... гэж хууль зүйн үндэслэлтэй дүгнэсэн нь хуульд нийцсэн юм. Хариуцагч тал шүүх хуралдаанд Ерөнхий боловсролын 51 дүгээр сургуулийн газар дээр автомашины граж барьсан тухай үйл баримттай маргадаггүй. Мөн тус сургууль нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д зааснаар гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших эрхтэй бөгөөд өөрийн эзэмшил бүхий газарт барьсан бусдын хууль бус эзэмшлээс өөрийн газрыг чөлөөлөхийг шаардаж байгаа тул энэ нь хуульд нийцсэн асуудал юм. Тийм ч учраас Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын шинжээчийн 2020.07.06-ны өдрийн А-07 тоот дүгнэлтээр*******-ийн барьсан граж нь 321 м.кв, 59 м.кв талбайтай байна, эдгээр граж нь нэгж талбарын 18640310432825 дугаар бүхий 9083 м.кв талбайтай газрын зурган мэдээлэлтэй давхцуулан үзэхэд 1 дүгээр граж нь 319 м.кв, 2 дугаар граж нь 6 м.кв талбайгаар тус тус давхцаж байна... гэж тодорхойлсон бөгөөд энэхүү шинжээчийн дүгнэлттэй талууд танилцаж, хариуцагч*******-ийн зүгээс хүлээн зөвшөөрсөн. Энэхүү шинжээчийн дүгнэлтээр граж нь 319 м.кв, 2 дугаар граж 6 м.кв талбайгаар тус тус давхцсан газрыг******* нь хуульд заасны дагуу эзэмших эрхтэй гэдгээ нотлоогүй боловч тус компани гражийг барьсан гэдэгтэй огт маргаагүй үйл баримт хавтаст хэрэгт авагдсан билээ.

Үүнийг анхан шатны шүүх ...Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан байх тул******* нь сургуулийн эзэмшлийн газрын баруун хойд хэсэгт 2 граж барьсан 319 м.кв, 6 м.кв нийт 325 м.кв талбайтай газрыг чөлөөлж өгөх нь зүйтэй байна... гэж үзсэн нь хуульд нийцсэн шийдвэр юм. Мөн ...хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, зориулалт байршил өөрчлөх асуудлыг хуульд заасан журмын дагуу эрх бүхий этгээд шийдвэрлэдэг байхад тухайн газар дээр граж барих асуудлыг тухайн үед тус сургуулийн удирдлага зөвшөөрсөн гэх хариуцагч талын тайлбар нь хуульд нийцэхгүй байна... гэж дүгнэсэн нь шударга, хууль зүйн үндэслэлтэй шийдсэн хэрэг юм.

Тиймээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 5. Хариуцагчийн өмгөөлөгч А.Зоригтбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасныг эс зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар энэхүү гомдлыг хяналтын журмаар гаргаж байна.

5.1. Ерөнхий боловсролын 51 дүгээр сургууль нь Нийслэлийн Засаг даргын 2009 оны №671 дүгээр захирамжаар 9100 м.кв газрыг эзэмших эрхтэй болсон бөгөөд маргааны үндэслэл болоод буй гражууд нь нэхэмжлэгчийг ийнхүү 9100 м.кв газрыг эзэмшихээс өмнө тухайн газарт баригдсан ба ийнхүү баригдаж дууссан болох нь хэрэгт авагдсан сансраас авсан газрын зураг болон гэрчийн мэдүүлгүүдээр тус тус тогтоогддог. Өөрөөр хэлбэл маргааны үндэслэл болоод буй гражууд нь нэхэмжлэгч 9100 м.кв газрыг эзэмших эрхтэй болохоос өмнө баригдсан тул Газрын тухай хуульд заасны дагуу тухайн барилгажсан талбайд нэхэмжлэгчид газар олгох хууль зүйн үндэслэл бүрдэхгүй юм.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нь 2005 онд 9332 м.кв газрыг эзэмшдэг байсан ба 2009.11.17-ны өдөр Нийслэлийн газрын албанд хүсэлт хүргүүлж, кадастрын зурагт өөрчлөлт оруулж, улмаар 9100 м.кв газрыг эзэмших болсон байна. Нэхэмжлэгчийн 2005 онд эзэмшиж байсан 9332 м.кв газрын баталгаат хэмжээг тогтоосон акт, Ерөнхий бүдүүвч зураг болон 2009 онд эзэмших эрхтэй болсон 9100 м.кв газрын кадастрын зургийг харьцуулан үзэхэд гражууд баригдсан газрыг хасч нэхэмжлэгчид олгосон болох нь дээрх баталгаат хэмжээг тогтоох акт болон кадастрын зургаар тус тус тогтоогдох юм.

Тухайлбал, 2005 онд нэхэмжлэгчид 9332 м.кв газрыг олгохдоо газрын баталгаат хэмжээг тогтоон акт үйлдсэн байх ба тус актад 7-8 дугаар цэгийн хэмжээг 32м /граж баригдсан тал/-ээр баталгаажуулан тогтоосон бол 2009 онд эзэмшүүлсэн 9100 м.кв газрын кадастрын зурагт 1-2 дугаар цэгийн хэмжээг 23.5м /граж баригдсан тал/-ээр тогтоосон байна. Үүнээс үзэхэд тухайн гражууд 2004 онд баригдаж, тухайн газар барилгажсан тул 2009 онд нэхэмжлэгчид 9100 м.кв газрыг эзэмшүүлэхдээ тухайн барилгажсан талбайг хасч эзэмшүүлсэн болох нь дээрх газрын баталгаат хэмжээг тогтоосон акт /2005 он/ болон кадастрын зураг /2009 он/-аар тус тус нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгчид газар эзэмших эрх үүсэхээс өмнө тухайн газарт гражууд баригдсан бөгөөд нэхэмжлэгчийн эзэмшиж буй гэх 9100 м.кв талбай бүхий газарт маргаан бүхий гражууд баригдаагүй тул нэхэмжлэгчид шүүхэд хандан нэхэмжлэл гаргах шаардах эрх үүсэхгүй юм.

5.2. Нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээдийн тухайд.

Нэхэмжлэгч Ерөнхий боловсролын 51 дүгээр сургуулийн Гүйцэтгэх захирлаас олгосон итгэмжлэлийн үндсэн дээр итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга нэхэмжлэлд гарын үсэг зурж, анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Гэвч Ерөнхий боловсролын 51 дүгээр сургуулийн Гүйцэтгэх захирал нь шүүхэд тухайн сургуулийг төлөөлөн нэхэмжлэл гаргах, итгэмжлэл олгох эрхгүй байна. Учир нь Боловсролын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, Бага, дунд боловсролын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д тус тус заасны дагуу Ерөнхий боловсролын 51 дүгээр сургуулийн удирдлага нь сургуулийн зөвлөл байх тул тус сургуулийн захирал нь шүүхэд хандан нэхэмжлэл гаргах эрхгүй юм.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 6. Хяналтын журмаар гаргасан зохигчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 7. Нэхэмжлэгч **************-д холбогдуулан тус сургуулийн эзэмшил газарт баригдсан автомашины гараашийг буулгаж, газар чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

 9. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо: ...нэхэмжлэлийн газар чөлөөлүүлэх шаардлага нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардсан агуулгатай, мөн уг гараашийг буулгуулах шаардлага нь хуулийн 135 дугаар зүйлийн 135.1, 135.4-т заасан хөрш залгаа эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчдийн харилцаанд хамааралтай байхад шүүх энэ хоёр шаардлагыг тодруулах ажиллагааг хийх байсан, ...мөн тус газрыг хууль бусаар ямар этгээд эзэмшилдээ байлгаж байгаа, түүнийг бодитой чөлөөлөх боломжтой эсэхийг тодруулах шаардлагатай... гэсэн үндэслэл заажээ.

 10. Хэрэгт авагдсан баримтаар *******д Нийслэлийн Засаг даргын 2005.04.26-ны өдрийн 167 тоот захирамжаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт нэгж талбайн 19/0099 дугаар бүхий 9,332 м.кв газрыг сургалтын зориулалтаар эзэмшүүлэхээр 056023 дугаартай газар эзэмших гэрчилгээг олгож, кадастрын зураг үйлдсэн, 2009.12.14-ний өдрийн 671 тоот захирамжаар талбайн хэмжээг багасгаж, нэгж талбарын 19/0092 дугаар бүхий 9,100 м.кв талбайг эзэмшүүлэхээр кадастрын зургийг өөрчилсөн байна.

 Хариуцагч******* нь Нийслэлийн Засаг даргын 2001.05.03-ны өдрийн 231 тоот захирамжаар Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 3,000 м.кв газрын ашиглах эрхтэй болж, тус газар дээр орон сууцны барилга барьж ашиглалтад оруулсан гэх бөгөөд энэ үед маргаж буй автомашины гараашийг барьсан гэж тайлбарлаж байх боловч тухайн үед эзэмшиж байсан газрын кадастрын зураг, холбогдох баримт хэрэгт авагдаагүй байна.

 11. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 106.2-т өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж, 106.4-т энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна гэж тус тус зохицуулсан.

 Хуулийн дээрх зохицуулалтаар нэхэмжлэгч нь хууль ёсны өмчлөгч, эсхүл эзэмшигч байхаас гадна хариуцагчийн эзэмшил хууль бус болох нь нотлогдсон байх учиртай.

 12. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч маргаж буй газрын хууль ёсны эзэмшигч, түүний эзэмшиж буй газартай хариуцагч*******-ийн барьсан автомашины 1 гарааш 319 м.кв, 2 дугаар гарааш 6 м.кв-аар тус тус давхцаж байгаа нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх боловч тэдгээрийн эзэмшил хууль ёсны эсхүл хууль бус болох нь тодорхой бус, хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтыг зөрчөөгүй гэж үзнэ.

 Харин хариуцагчийн эзэмшил хууль ёсны байгаа тохиолдолд зохигчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхэд хөршийн эрхийн талаарх зохицуулалт хэрэглэгдэх тул магадлалд заасан энэ талаарх дүгнэлт үндэслэл муутай бөгөөд энэ нь магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

 13. Дээр дурдснаар магадлалыг эс зөвшөөрч, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн нэхэмжлэгч талын, магадлалд өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохыг хүссэн хариуцагч талын гомдлыг тус тус хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2383 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга, хариуцагчийн өмгөөлөгч А.Зоригтбаатар нарын гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчийн өмгөөлөгч А.Зоригтбаатараас 2021.01.26-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ              Б.МӨНХТУЯА

               ШҮҮГЧИД              Г.БАНЗРАГЧ

                                              П.ЗОЛЗАЯА

                                                             С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                     Х.ЭРДЭНЭСУВД