Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2020/03026

 

2020 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2020/03026

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: сургуулийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол өөрийн байранд байрлах, регистр 2661284, Л Э Х ХХК-д холбогдох

Авто машины гараашуудыг буулгаж, газар чөлөөлүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Сургууль шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Манай сургууль Нийслэлийн засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 671 тоот захирамжийн дагуу Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 19/0092 нэгж талбарын дугаартай 9100 м.кв талбайтай сургалтын зориулалттай газрыг эзэмшин үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл манай байгууллагын дэргэд оршин үйл ажиллагаа явуулдаг Л Э Х ХХК нь зөвшөөрөлгүйгээр манай эзэмшлийн газрын баруун хойд талын талбай руу 4м 30см оруулан авто машины гарааш барьж, манай байгууллагын эрх ашгийг зөрчөөд байна. 2019 оны 5 дугаар сараас эхлэн манай сургууль Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар өргөтгөлийн ажил хийгдэх болсонтой холбогдуулан газрын кадастрын зургийн дагуу хашаа барих шаардлагатай болсон боловч дээрх гарааш баригдсанаас болж энэхүү бүтээн байгуулалтын ажил явагдах боломжгүй байдал үүсээд байна. Энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс Л Э Х ХХК-д удаа дараа хандсан боловч бидний ажилд саад учруулж байна. Тиймээс манай сургуулийн эзэмшил газар дээр Л Э Х ХХК-ийн зөвшөөрөлгүй барьсан авто машины гараашуудыг албадан буулгаж, манай газрыг чөлөөлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Манай сургууль Нийслэлийн засаг даргын 2009 оны 12 сарын 14-ний өдрийн 671 тоот захирамжийн дагуу Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 19/0092 нэгж талбарын дугаартай 9.100 м.кв талбайтай сургалтын зориулалттай газрыг эзэмшин үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл манай байгууллагын дэргэд оршин үйл ажиллагаа явуулдаг Ланд Энд Хаус XXK нь зөвшөөрөлгүйгээр манай эзэмшлийн газрын баруун хойд талын талбай руу 4 метр 30 см оруулан авто машины гарааш барьж, манай байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөд байна. 2019 оны 5 дугаар сараас эхлэн манай сургуульд Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар өргөтгөлийн ажил хийгдэх болсонтой холбоотойгоор газрын кадастрын зургийн дaryy хашаа барих шаардлагатай болсон боловч дээрх гарааш баригдсанаас болж энэхүү бүтээн байгуулалтын ажил явагдах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр 2019 онд Ланд Энд Хаус XXK-д удаа дараа албан бичгээр хандаж зөвшөөрөлгүй баригдсан гараашийг буулгаж газар, талбайг чөлөөлж өгөхийг хүссэн боловч үүнийг хүлээж авалгүйгээр үл барам бидний үйл ажиллагаанд саад учруулан барьсан хашааг хүчээр буулгаж, ойр орчмын оршин суугчдыг уриалан бидний эсрэг хандлагыг удаа дараа гаргаж байсан. Бидний зүгээс Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарт хандаж энэ тухай гомдлыг гаргаж байсан бөгөөд Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас Ланд Энд Хаус XXK нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5-т заасныг зөрчиж байгаа тул энэхүү асуудлыг шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү гэсэн хариу өгсөн. Ерөнхий боловсролын сургуульд 1800 орчим сурагч суралцдаг. Зөвшөөрөлгүй гарааш барьснаас болж сургуулийн бүтээн байгуулалтын ажил явагдах боломжгүй болж сурагчдын сурах орчин нөхцөлийг сайжруулах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Мөн Гараашийн ус зайлуулах хоолойгоор дамжиж сургуулийн орчинд их хэмжээний ус тогтдог болсон. Тухайн гараашийг 2005 онд барьсан. Гэтэл та нар 2009 онд газар эзэмшиж эхэлсэн гэж ярьж байна. Гэтэл сургууль 2005 онд газар эзэмших эрхтэй болсон талаарх баримт хэрэгт байгаа. Үүнийг баталгаажуулж 2009 онд гэрчилгээ гарсан. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд газрын тухай хуульд зааснаар газар эзэмших эрх нь эрхийн гэрчилгээгээр баталгааждаг. Газрын тухайн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж тодорхой заасан байгаа. Засаг даргын захирамж нь 2009 оны 7 дугаар сарын 19-ний өдөр гарсан, үүнийг үндэслээд газар эзэмших гэрээ 2009 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдаж, гэрчилгээ олгогдсон,  дүгээр сургуулийн 2005 оны гэрчилгээг тухайн үед захирамжаар хүчингүй болгож дахин олгосон талаарх баримт хэрэгт авагдсан байгаа. Тухайн газрыг сургууль эзэмшиж байсан, дахин гэрчилгээ олгосон учраас шаардах эрх нь энэ үеэс үүснэ гэж үзэж байна. Манайх нэхэмжлэлээ 2019 оны 10 дугаар сарын 02-нд гаргасан. Иргэний хуулийн 75, 76 дугаар зүйлд зааснаар газартай холбоотой хөөн хэлэлцэх хугацаа ерөнхий хугацаагаар буюу 10 жилээр тоологдоно. Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар өмчлөгч шаардлага гаргах ёстой гэж зөв ярьж байна. Энэ зохицуулалт эзэмшигчид мөн адил хамаарах практик байдаг. Үүнээс үзвэл Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тооцох боломжтой гэж үзсэн учраас нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-т Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ гэж заасан. Манайх хуулийн дагуу тус газрыг эзэмшиж байгаа. Шинжээчийн дүгнэлтээр манай газарт гарааш барьсан нь тодорхой болсон буюу тухайн гарааш сургуулийн газар руу ямар хэмжээтэй орсныг тогтоосон. Тиймээс манай сургуулийн эзэмшил газар дээр Ланд Энд Хаус XXK-ийн зөвшөөрөлгүй баригдсан авто машины гараашуудийг албадан буулгаж, манай газрыг чөлөөлж энэхүү асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Л Э Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүхэд гаргасан тайлбартаа:Л Э Х ХХК нь Нийслэлийн засаг даргын 2001 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 231 тоот захирамжаар Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3000 м.кв газрыг ашиглах эрхтэй болсон бөгөөд тус газар дээр орон сууцны барилга барьж, ашиглалтад оруулсан. Манай компанийн зүгээс авто машины гараашийг орон сууцны хамт 2001-2002 онд барьсан бөгөөд барилгыг барих үед ерөнхий боловсролын  дүгээр сургуулийн тухайн үеийн захирал Б.Цсургуулийн ойр орчимд барилга, гарааш барьж байгаа тул биен тамирын талбайг тохижуулах, сургуулийн урд талын талбайг засаж тохижуул гэх зэрэг шаардлага тавьсан. Манайх тус сургуулийн гадна талын 5х60 м буюу 300 м.кв биеийн тамирын талбайг тохижуулж өгсөн, талбай талын 12 ширхэг цонхны хамгаалалт хийж өгсөн, сургуулийн урд талын 23х15 м талбайг засаж тохижуулсан, сургуулийн бохирын шугамын диаметрийг өргөтгөн сайжруулсан ба эдгээрийг тэр үеийн ханшаар 10 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, тус сургуулийн багш, ажилчдын 5 давхар орон сууцыг удирдлагатай нь тохиролцон хөнгөлттэй үнээр барьж өгсөн, тус сургуулийн анги танхимын дотоод тохижилтод 20 орчим сая төгрөгийн санхүүжилт өгсөн, 2006-2007 онд тус сургуулийн багш ажилчдын орон сууцны ажлыг хөнгөлөлттэй үнээр гүйцэтгэж өгсөн. Мөн тухайн үед Ерөнхий боловсролын сургууль газар эзэмших эрхтэй байсан мэдээлэл бидэнд байхгүй. Тус газар нь гараашийг барих үед Ерөнхий боловсролын  дүгээр сургуулийн эзэмшилд байгаагүй гэж үзэж байна. Учир нь тухайн үед кадастрын зургаа үзүүлээд  дүгээр сургуулийн газар гэдгийг нотолсон зүйл байхгүй. Тухайн үеийн захирал Б.Ц-ийн амаар хэлсэн мэдээлэл дээр үндэслээд бид тус сургуулийн газарт гарааш оруулж барьсан байна гэж үзэн хөрөнгө, санхүүжилт хийсэн. Гэтэл сургуулийн захирал өөрчлөгдөж, өмнөх захирлынхаа шийдвэрийг үгүйсгэж, газар чөлөөлөхийг шаардаж байгаа нь үндэслэлгүй. Үнэхээр дур мэдэн хил зааг зөрчиж бусдын газар эзэмших эрхэд халдсан бол тухайн үед шаардлага гаргах боломжтой байсан ба 18 жилийн хугацаанд шаардлага огт гаргаагүй байдаг. Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Тус гарааш нь одоо 200 гаруй сая төгрөгийн үнэтэй, 15 өөр этгээдийн өмчлөлийн хөрөнгө байгаа. Иймд хууль бусаар бусдын газарт барилга бариагүй бөгөөд нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэл болон 2020 оны 8 дугаар сарын 14-ний албан тоот, 2006 оны кадастрын зургаас харвал сургууль тухайн газрыг эзэмшиж байна, 2004 онд тухайн гарааш баригдсан, гараашийг баригдаж эхлэх үед тухайн үеийн сургуулийн захирал Б.Цгэдэг хүнтэй гарааш барих талаар ярилцаж зөвшилцсөн зүйл байдаг. Сургуулийн ойр орчимд барилга, гарааш барьж байгаа тул биеийн тамирын талбайг тохижуулах, сургуулийн урд талын талбайг засаж тохижуул гэх зэрэг шаардлага тавьсан. Сургуулийн ойр орчимд барилга барьж байгаа хүмүүст бас иймэрхүү шаардлага тавьдаг байсан тул бид зөвшөөрч, сургуульд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг хийсэн. Эндээс харахад  дүгээр сургуулийн зүгээс эсэргүүцсэн зүйл байгаагүй нь харагдаж байна. Учир нь сургуулийн байрлаж байгаа газрыг сургууль тухайн үедээ албан ёсоор эзэмшилдээ аваагүй байсан учраас гараашийг албадан чөлөөлүүлэх талаар шаардах эрх нь үүсээгүй байсан. Өөрөөр хэлбэл тухайн гараашийг барих үед сургууль газар эзэмших эрхгүй байсан учраас газар албадан чөлөөлүүлэхээр шаардах эрхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлдээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар шаардаж байгаа бол 106 дугаар зүйлийн урьдчилсан нөхцөлүүд нь хангагдаж байх ёстой. Хамгийн гол нь сургууль тухайн газрын эзэмшигч, өмчлөгч байх ёстой. Тус гарааш баригдсанаас хойш 16 жил өнгөрсөн. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна гэж заасан байхад гарааш баригдсанаас хойш 16 жил өнгөрсөн байна. Сургуулийн орчинд ус тогтдог асуудлын тухайд бодит байдал дээр гараашид ус зайлуулах хоолой байхгүй. Гараашийн хойд талын орон сууцууд нь ус хамгаалах хоолой хийснээс сургууль усанд автах болсноос биш гарааштай холбоогүй. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, Газрын тухайн хулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ. гэж заасан. Ерөнхий боловсролын сургууль 2005 онд газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан байдаг. Гэрчилгээ нь гараагүй байж тухайн газрыг эзэмшээд байгаа асуудал байгаа. Иймд Ерөнхий боловсролын  дүгээр сургуулийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ерөнхий боловсролын сургууль нь хариуцагч Л Э Х ХХК-д холбогдуулан сургуулийн эзэмшил газар дээр барьсан авто машины гараашуудыг албадан буулгаж, газар чөлөөлүүлэх тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.

Л Э Х ХХК нь Ерөнхий боловсролын  дүгээр сургуулийн залгаа газарт авто машины гараашууд барьсан тухай үйл баримтад талууд маргахгүй байна.

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д газар эзэмших эрхийн гэрчилгээ гэж энэ хуулийн дагуу Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг ойлгохоор тус тус заажээ.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасан байна.

Мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-т энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана гэж заасны дагуу нэхэмжлэгч Сургуульд Нийслэлийн Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 167 тоот шийдвэрээр нэгж талбарын 19/0099 дугаар бүхий 9332 м.кв газрыг 15 жилийн хугацаатай, сургалтын зориулалтаар эзэмшүүлэхээр 056023 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг 2005 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр олгож, Нийслэлийн газрын албанаас кадастрын зураг үйлдэж, Нийслэлийн газрын албатай 2005 оны 5 дугаар сарын 13-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байна./хх-58, 67/

Ерөнхий боловсролын сургууль нь 2009 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Нийслэлийн газрын албанд хүргүүлсэн хүсэлтдээ:Тус сургуулийн газрын кадастрын зургийг өөрчилж шинэчлэн, мэдээллийн санд оруулж байгаатай холбогдуулан 2005 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 19/0092 дугаар бүхий гэрчилгээ, газар эзэмших гэрчилгээг шинэчлэн олгож өгнө үү гэжээ.

Нийслэлийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 671 дугаартай захирамжаар газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил зэргийг өөрчлөн баталгаажуулж, дээрх Нийслэлийн Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 167 тоот шийдвэрийн Ерөнхий боловсролын сургуульд хамаарах заалтыг хүчингүй болгосон байна.

Нийслэлийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 671 тоот шийдвэрээр нэгж талбарын 19/0092 дугаар бүхий 9100 м.кв газрыг 15 жилийн хугацаатай, Баянгол дүүргийн 2 дугаар хороонд, сургалтын зориулалтаар эзэмшүүлэхээр 0177729 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг 2010 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр сургуульд олгож, Нийслэлийн газрын албанаас кадастрын зураг үйлдэж, Нийслэлийн газрын албатай 2009 оны 12 дугаар сарын 20-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байна./хх-215, 216, 217/

Улмаар Ерөнхий боловсролын  дүгээр сургуулийн эзэмшиж байгаа Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол /16050/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, С тоотод байршилтай, 9100 м.кв талбайтай газарт нэгж талбарын 18640310432825 дугаар бүхий кадастрын зургийг 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Нийслэлийн газрын албанаас хийсэн байна./хх-218, 219/

Иймд Ерөнхий боловсролын сургууль нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-т зааснаар гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших эрхтэй бөгөөд өөрийн эзэмшил бүхий газрыг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байна.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/07 тоот дүгнэлтэд: Л Э Х ХХК-ийн барьсан гэх 2 гарааш нь 321 м.кв, 59 м.кв талбайтай байна, эдгээр гарааш нь нэгж талбарын 18640310432825 дугаар бүхий 9083 м.кв талбайтай газрын зурган мэдээлэлтэй давхцуулан үзэхэд 1 дүгээр гарааш 319 м.кв, 2 дугаар гарааш 6 м.кв талбайгаар тус тус давхцаж байна гэжээ./хх-101,102.103, 104, 105, 106/

Энэхүү шинжээчийн дүгнэлтээс үзэхэд Л Э Х ХХК-ийн авто машины гарааш барьсан газар нь Ерөнхий боловсролын  дүгээр сургуулийн эзэмшил бүхий газрын 2 хэсэгт 319 м.кв, 6 м.кв талбай бүхий газарт давхацсан байгаа нь тогтоогдож байх бөгөөд энэхүү давхцал бүхий авто машины гарааш байгаа 2 хэсэг 319 м.кв, 6 м.кв талбай бүхий газрыг хариуцагч Л Э Х ХХК нь хуульд заасны дагуу эзэмших эрхтэй болохоо баримтаар нотлоогүй байна.

Мөн газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан байх тул Л Э Х ХХК нь Ерөнхий боловсролын  дүгээр сургуулийн эзэмшлийн нэгж талбарын 18640310432825 дугаар бүхий газрын баруун хойд хэсэгт 2 гарааш барьсан 319 м.кв, 6 м.кв нийт 325 м.кв талбайтай газруудыг чөлөөлж өгөх нь зүйтэй байна.

Хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, зориулалт, байршил өөрчлөх асуудлыг хуульд заасан журмын дагуу эрх бүхий этгээд шийдвэрлэдэг байхад гарааш барихыг тухайн үед тус сургуулийн удирдлага зөвшөөрсөн гэх хариуцагч талын тайлбар нь хуульд нийцэхгүй байна.

Хариуцагч байгууллага нь 2002 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 15 айлын орон сууц, 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 30 айлын сууц, 14 авто машины дулаан зогсоолыг ашиглалтад оруулсан тухай барилга байгууламжийг ашиглалтад оруулах ажлын комиссын актыг хэрэгт өгсөн байх боловч энэхүү  дүгээр сургуулийн эзэмшил газар дээр баригдсан авто машины гараашууд хэзээ баригдсаныг нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч мэдэхгүй гэж тайлбарлаж байхад хариуцагч байгууллагын төлөөлөгч нь 2004 онд баригдсан гэдгийг гэрчүүд мэдүүлж байгаа гэж тайлбарлав. /хх 56, 57, 60-62/

Гэтэл хариуцагчийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон гэрч О.Нарандулам, Д.Ганболд нар нь дээрх авто машины гараашуудыг 2003, 2004 онд баригдсан байх гэж мэдүүлсэн байна.

Иймээс хариуцагч байгууллага нь авто машины гараашуудыг хэзээ барьсан тухайгаа баримтаар нотлоогүй байхад нэхэмжлэгч байгууллагыг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй бөгөөд Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх хугацаа эдийн бус хөрөнгөд хамаарахгүй гэж зааснаар нэхэмжлэгч байгууллагын шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг дууссан гэж үзэхгүй болно.

Нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Л Э Х ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасныг баримтлан Баянгол дүүргийн дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө гудамж,  тоотод байршилтай, Ерөнхий боловсролын  дүгээр сургуулийн эзэмшлийн нэгж талбарын 18.... дугаар бүхий 9100 м.кв талбайтай газрын баруун хойд талд байрлах 2 гарааш барьсан 319 м.кв, 6 м.кв нийт 325 м.кв талбай бүхий газруудыг чөлөөлж өгөхийг Л Э Х ХХК-д даалгасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Л Э Х ХХК-иас 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН