Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2020/02382

 

МАГАДЛАЛ

2020.12.18 Дугаар 2382

 

 

 

 

 

 

Ш.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/02682 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ш.Б-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч М ТӨХК-д холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цолмонбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Рэнчинболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Б нь 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр М ТӨХК-ийн гадаад улс дахь төлөөлөгчийн газрын ажилтнуудтай байгуулах хөдөлмөрийн гэрээг байгуулж Сөүл хот дахь төлөөлөгчийн газрын аэрэпорт менежерийн албан тушаалд ажиллаж, хариуцсан ажил, үүргийг гүйцэтгэж байсан. М ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 5 дугаар сарын 13-ны Б/158 дугаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай тушаалаар компанийн Сөүл хот дахь төлөөлөгчийн газрын аэропорт менежер ажилтай Ш.Б нь 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Сөул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгт Улсын онцгой комиссын шуурхай штабаас баталгаажуулж ирүүлсэн нэрсийн жагсаалтад багтаагүй зорчигчдыг тээвэрлэх ажлыг ямар нэг удирдлагын зөвшөөрөлгүй дур мэдэн зохион байгуулж, Улсын онцгой комиссын даргын 2020 оны 06 тоот тушаалын 3 дахь заалтыг зөрчсөн, улмаас хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас халсан болно. Ажлаас халах тушаал хууль зүйн үндэслэл хэсэгт: Хөдөлмөрийн гэрээний 9.4.2, 9.4.4-т заалтуудыг зөрчсөн ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлийг заасан. М ТӨХК-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 9.4.2-т Албан тушаалын эрх мэдэл, эрхэлсэн ажлынхаа аливаа давуу тал, хангамж, хүлээлгэсэн итгэлийг хувийн ашиг сонирхолд ашиглах буюу урвуулан ашигласан. /шан харамж авсан, хувьдаа. үйлчилгээ хийлгэсэн, байгууллагын өмчийг хувьдаа ашигласан, завшсан, бусдад зориуд ашиглуулсан, завшуулсан, байгууллагын зардлаар хувийн хэрэгцээгээ хангасан, бизнесээ дэмжсэн/, 9.4.4-т Ажил олгогч болон түүний эрх олгосон албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр дур мэдэн компанийн бизнест хор хохирол учруулах үйл ажиллагаа явуулсан гэж тус тус заасан. Миний бие эдгээр 7 зорчигчийг тусгай нислэгийн онгоцонд суулгасныхаа хариуд ямарваа нэгэн шан харамж авах, хувийн ашиг хонжоо харсан зүйлгүй бөгөөд өмнөх нислэгээс үлдсэн зорчигчдыг л хамруулж оногдсон ажил, үүргээ л зохих ёсоор гүйцэтгэсэн. Түүнчлэн энэхүү нислэг нь тусгай буюу бизнесийн бус зорилготой тул компанийн бизнест хор хохирол учруулах үндэслэл угаас байхгүй юм. Миний бие М ТӨХК-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу нэг сарын 1 655 000 КР\Д/ буюу 3 872 700 төгрөгийн үндсэн цалинтай ажиллаж байсан. Ш.Б М ТӨХК-ийн Сөүл хот дахь төлөөлөгчийн газрын аэропорт менежерийн ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгуүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах болон эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Б нь 2001 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөс Сөүл хот дахь төлөөлөгчийн газарт орчуулагч, туслах ажилтан, оффис менежер, борлуулалтын менежер ерөнхий менежерээр ажилласан байсан бөгөөд 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн гүйцэтгэх захирлын Б/487 дугаартай тушаалаар тус төлөөлөгчийн газрын аэропорт менежерээр шилжүүлэн томилж, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заалтын дагуу харилцан тохиролцож, хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулан ажиллаж байсан. М ТӨХК нь гадаад оронд байгаа иргэдийг нислэгийн аюулгүй байдлыг хангаж цар тахлын халдвар тархахаас урьдчилан сэргийлж, ямар нэг эрсдэл гаргахгүй байх бүхий л арга хэмжээг авч, эх оронд нь тээвэрлэж ирэх үүргийг хүлээж, Улсын онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газар, Зам тээврийн хөгжлийн яам болон төрийн захиргааны байгууллагуудын удирдлага дор тээвэрлэлтийг зохион байгуулсан. Улсын онцгой комиссын 2020 оны 18 дугаар хурлаас эх орондоо ирэх хүсэлт гаргасан хүндэтгэх шалтгаантай Монгол Улсын иргэдийг татан авах шийдвэр гарсан тул М ТӨХК-ийн агаарын хөлөг 4 дүгээр сарын 30, 5 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлд захиалгат нислэг үйлдсэн ба 4 дүгээр сарын 30-ны өдрийн нислэг нь зөвхөн транзит буюу өөр улс, хотоос ирж байгаа зорчигчдыг тээвэрлэхээр шийдвэрлэсэн.

 

Гадаадаас Монгол Улсын иргэдийг татах тусгай үүргийн нислэгийн Улаанбаатар хотод ирэх чиглэлд зөвхөн Улсын онцгой комиссын шуурхай штабаас баталсан нэрсийн жагсаалтад орсон зорчигчдын билетийг бичих, зорчигч бүртгэлийг хийхийг М ТӨХК-д үүрэг болгосон байсан. Өөрөөр хэлбэл гадаадаас эхлэлтэй нислэгийн зорчигчдын нэрсийг МИАТ компани хариуцахгүй бөгөөд зөвхөн улсын онцгой комиссоос ирүүлсэн нэрсийн жагсаалтыг үндэслэн билет бичих, зорчигч бүртгэлийн ажиллагааг хийх юм. Улсын онцгой комиссоос тусгай үүргийн нислэг тус бүрийн өмнө тусгай үүргийн онгоцонд суух иргэдийн нэрсийг жагсаалтыг эцэслэн албан бичиг болон цахим шуудангаар ирүүлдэг. Улсын онцгой комиссын 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 597 дугаартай албан бичгээр 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн тусгай үүргийн онгоцонд суух иргэдийн нэрсийг жагсаалтыг эцэслэн ирүүлсэн байсан болно. Нэхэмжлэгч Ш.Б нь 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ 302 аяллын дугаартай нислэгийн зорчигч бүртгэлийг хариуцан ажиллаж байсан бөгөөд Улсын онцгой комиссын шуурхай штабаас ирүүлсэн нэрсийн жагсаалтад багтаагүй зорчигчдыг тээвэрлэх ажлыг ямар нэгэн удирдлагын зөвшөөрөлгүй дур мэдэн зохион байгуулж ноцтой зөрчил гаргасан. Тус нислэг нь зөвхөн транзит буюу дамжин нислэгийн зорчигчдын тээвэрлэх нислэг байсан. Түүнчлэн Улсын онцгой комиссоос ирүүлсэн нэрсийн жагсаалтад байхгүй Сөүл хотоос эхлэлтэй зорчигчдыг дур мэдэн, мэдэгдэлгүй нислэгт бүртгэж, суулгасан гэдгийг нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрсөн. Улсын онцгой комиссын даргын 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 762 дугаартай албан бичиг, Зам, тээврийн хөгжлийн яамны 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 03/2130 дугаартай албан бичгээр Улсын онцгой комиссын шуурхай штабаас баталгаажуулж, хүргүүлсэн зорчигчдын нэрсийн жагсаалтад ороогүй зорчигчдыг тээвэрлэж, зөрчил гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг үүрэг болгосон. Улсын онцгой комиссын даргын 2020 оны 6 дугаартай тушаалын 3-д шуурхай штабаас гаргасан үүрэг чиглэлийг төрийн захиргааны байгууллага, олон улсын байгууллага, ард иргэд мөрдөж хэрэгжүүлэхээр заасан бөгөөд тус шийдвэрийг зөрчсөн, мөн дээр үйлдэл нь хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчилд тооцогдох тул гүйцэтгэх захирлын 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Б/158 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан. Нэхэмжлэгч нь онцгой байдлын үед ажиллах тушаал, шийдвэрийг зөрчиж албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйлдэл нь ажил олгогчийн зүгээс түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил "... 9.4.2. Албан тушаалын эрх мэдэл, эрхэлсэн ажлынхаа аливаа давуу тал, хангамж, хүлээлгэсэн итгэлийг хувийн ашиг сонирхолд ашиглах буюу урвуулан ашигласан, бусдад ашиглуулах боломжийг бүрдүүлж өгсөн..., 9.4.4 Ажил олгогч болон түүний эрх олгосон албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр дур мэдэн компанийн бизнест хор хохирол учруулах үйл ажиллагаа явуулсан", ...9.4.14. Иргэний нисэхийн хууль, дүрэм, заавар, компанийн үндсэн заавар тусгагдсан үйл ажиллагаа, заавар, дүрэм, журмын холбогдох заалтыг зөрчсөн тул түүнд гүйцэтгэх захирлын 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Б/158 тоот тушаалаар хариуцлага ногдуулж, ажлаас чөлөөлсөн хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заасныг баримтлан Ш.Бг М ТӨХК-ийн Сөүл хот дахь төлөөлөгчийн газрын аэропорт менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 23 595 100 төгрөгийг хариуцагч М ТӨХК-иас гаргуулан Ш.Бд олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ш.Б-гийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг М ТӨХК-д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч М ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамжинд 275 926 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. "МИАТ" ТӨХК нь гадаад оронд байгаа иргэдийг төр засгийн шийдвэрийн дагуу нислэгийн аюулгүй байдлыг хангаж, цар тахлын халдвар тархахаас урьдчилан сэргийлж, ямар нэг эрсдэл гаргахгүй байх бүхий л арга хэмжээг авч, эх оронд нь тээвэслэж ирэх үүргийг хүлээж, Улсын онцгой комисс. Онцгой байдлын ерөнхий газар, Зам тээврийн хөгжлийн яам болон төрийн захиргааны байгууллагуудтай хамтран тээвэрлэлтийг зохион байгуулан ажилласан. Улсын онцгой комиссын шуурхай штабаас баталсан нэрсийн жагсаалтад орсон зорчигчдын билетийг бичих зорчигч бүртгэлийг хийхийг "МИАТ" ТӨХК-д үүрэг болгосон байсан. Улсын онцгой комиссоос тусгай үүргийн нислэг тус бүрийн өмнө тусгай үүргийн онгоцонд суух иргэдийн нэрсийг жагсаалтыг эцэслэн албан бичиг болон цахим шуудангаар улсын онцгой комиссын 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 597 дугаартай албан бичгээр 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн тусгай үүргийн онгоцонд суух нислэгийн зорчигч бүртгэхийг Ш.Б нь хариуцан ажиллаж байсан бөгөөд Улсын онцгой комиссын шуурхай штабаас ирүүлсэн нэрсийн жагсаалтад багтаагүй зорчигчдыг тээвэрлэх ажлыг ямар нэгэн удирдлгын зөвшөөрөлгүй дур мэдэн зохион байгуулсан талаар талууд маргаагүй байхад шүүх ажлаас чөлөөлсөн тушаалдаа тодорхой дурдаагүй гэж буруу дүгнэсэн. Сөүл хот дахь төлөөлөгчийн газрын ерөнхий менежер Б.Энхбатад мэдэгдээгүй 6 хүнийг бүртгэж суулгасан талаар албан бичгээр мэдэгдсэн болно. Улсын онцгой комиссын даргын 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 762 дугаар албан бичиг, Зам тээври йн хөгжлийн яамны 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 03/2130 дугаартай албан бичгээр Улсын онцгой шуурхай штабаас баталгаажуулж хүргүүлсэн зорчигчдын нэрсийн жагсаалтад ороогүй зорчигчдыг тээвэрлэж зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцохыг үүрэг болгосон. Ш.Б нь хөдөлмөрийн гэрээний 9.4.2-т Албан тушаалын эрх мэдэл, эрхэлсэн ажлынхаа аливаа давуу тал, хангамж, хүлээлгэсэн итгэлийг хувийн ашиг сонирхолд ашиглах буюу урвуулан ашигласан, бусдад ашиглуулах боломжийг бүрдүүлж өгсөн, 9.4.4-т Ажил олгогч болон түүний эрх олгосон албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр дур мэдэн компанийн бизнест хор хохирол учруулах үйл ажиллагаа явуулсан, 9.4.14-т Иргэний нисэхийн хууль, дүрэм, заавар, компанийн үндсэн зааварт тусгагдсан үйл ажиллагаа, заавар, дүрэм, журмын холбогдох заалтыг зөрчсөн... тул ажлаас чөлөөлсөн тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах хуулийг зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ш.Б нь хариуцагч М ТӨХК-д холбогдуулан тус компанийн Сөүл хот дахь төлөөлөгчийн газрын аэропорт менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөж төлүүлж бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг эс зөвшөөрч маргасан.

 

Ш.Б нь М ТӨХК-ийн Сөүл хот дахь төлөөлөгчийн газрын Аэропорт менежерийн албан тушаалд 2019 оны 7 дугаар сарын 1-нээс 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад М ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Б/158 дугаар тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ. /хх-17/

 

Ажил олгогч М ТӨХК нь ажилтан Ш.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, компанийн дүрмийн 8.8.9, 8.8.11, хөдөлмөрийн гэрээний 6.1.1, 8.1, 8.2, 9.4.2, 9.4.4, 9.4.14, хөдөлмөрийн дотоод журмын 10.1.1.в, 11.9.6, 11.9.15, Улсын онцгой комиссын даргын 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 762 дугаартай албан бичиг, Зам, тээврийн хөгжлийн яамны 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 03/2130 дугаартай албан бичиг, Шуурхай штаб байгуулах тухай Улсын онцгой комиссын даргын 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 6 тоот тушаалыг үндэслэл болгон, Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгт нэрсийн жагсаалтад багтаагүй зорчигчдыг тээвэрлэх ажлыг удирдлагын зөвшөөрөлгүй дур мэдэн зохион байгуулж, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэл дурдсан боловч нэрсийн жагсаалтад багтаагүй зорчигчид хэн болох, хэдэн зорчигч байсан болохыг уг тушаалын агуулгад тусгаагүй байна.

 

Харин өмнө нь 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн нислэгт бүртгэгдэж, тасалбараа баталгаажуулсан боловч уг нислэгээс хасагдаж, Улсын онцгой комисст гомдол гаргасан 8 иргэний хүсэлтийг Сөүл хот дахь төлөөлөгчийн газрын ерөнхий төлөөлөгч Б.Энхбат 2020 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Улсын онцгой байдлын газарт цахимаар хүргүүлсэн, эдгээр иргэд нь 2020 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн БНСУ дахь Элчин сайдаас М ТӨХК-ийн Сөүл хот дахь төлөөлөгчийн газарт ирүүлсэн нэрсийн жагсаалтад бүртгэлтэй байсан болох нь шүүхээс явуулсан үзлэгийн тэмдэглэлээр тус тус тогтоогдсон. /хх-70, 73-82/

 

МИАТ ТӨХК-ийн Сөүл-Улаанбатаар чиглэлийн ОМ302 нислэгээр 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн нислэгт Улын онцгой комиссын баталсан нэрсийн жагсаалтаар 261 иргэн зорчихоос 279 иргэн зорчсон үйл баримт тогтоогдсон ба энэ талаар хариуцагч маргаагүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажлаас чөлөөлсөн тохиолдолд сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэх нөхцөл байдал тогтоогдсон байх учиртай.

 

Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 9.4.2-т Албан тушаалын эрх мэдэл, эрхэлсэн ажлынхаа аливаа давуу тал, хангамж, хүлээлгэсэн итгэлийг хувийн ашиг сонирхолд ашиглах буюу урвуулан ашигласан. /Шан харамж авсан, хувьдаа үйлчилгээ хийлгэсэн, байгууллагын өмч хөрөнгийг хувьдаа ашигласан завшсан, бусдад зориуд ашиглуулсан, завшуулсан, байгууллагын зардлаар хувийн хэрэгцээгээ хангасан, бизнесээ дэмжсэн, 9.4.4-т Ажил олгогч болон түүний эрх олгосон албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр дур мэдэн компанийн бизнест хор хохирол учруулах үйл ажиллагаа явуулсан, 9.4.14-т Иргэний нисэхийн хууль, дүрэм, заавар, компанийн үндсэн зааварт тусгагдсан үйл ажиллагаа, заавар, дүрэм, журмын холбогдох заалтыг зөрчсөн бол хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заажээ. /хх-46-49/

 

Ш.Б нь авиакомпанийн зүгээс зорчигчийг нислэгээс хассан тохиолдолд дараагийн нислэг эсвэл өөр бусад нийслэгт шилжүүлэн суулгадаг журамтай тул 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Сөүл-Улаанбатар чиглэлийн ОМЗ02 нислэгийн бүртгэлийг бүртгэж дуусахад 7 суудал илүү байсан тул 2020 оны 4 дүгээр сарын 08-ны нислэгээс шалтгаангүйгээр хасагдсан 2 иргэн, нэг бүлийн хүмүүсийг бүртгэж суулгасан гэх тайлбарыг хариуцагчид 2020 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүргүүлсэн баримт хэрэгт авагдсан байна. /хх18-19/

 

Мөн М ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А/130 дугаар шинэ төрлийн коронавирусын халдвартай тэмцэх өндөржүүлсэн бэлэн байдал үргэлжлэх хугацаанд Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр гадаадаас Монгол Улсын иргэдийг татах тусгай үүргийн нислэгийн Улаанбаатар ирэх чиглэлд зөвхөн Улсын онцгой комиссын Шуурхай штабаас баталсан жагсаалтад орсон зорчигчдыг бүртгэн билет бичилт хийж, сул суудал гарсан тохиолдол М ТӨХК-ийн Шуурхай штабаас Улсын онцгой комиссын Шуурхай штабтай зөвлөлдөж шийдвэр авч байхыг гадаад дахь төлөөлөгчийн газрууд үүрэг болгосноос үзэхэд 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр тусгай үүргийн онгоцоор зорчигч тээвэрлэх явцад сул суудал гарсан тохиолдолд хэрхэн шийдвэрлэх талаар тодорхой журам тогтоосон гэж үзэхээргүй байна. /хх-45/

 

Хэрэгт авагдсан дээрх баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээний 9.4.2, 9.4.4, 9.4.14 гэсэн заалт дахь албан ажлынхаа давуу талыг ашигласнаас хувийн болон бусад ашиг сонирхлын зөрчил үүссэн, энэ нь компанийн үйл ажиллагаанд хор хохирол учруулсан, иргэний нислэг үйлдэх журмыг зөрчсөн гэдгийг баримтаар эргэлзээгүй нотолсон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байх тул нэхэмжлэгчид ашиг сонирхлын зөрчил үүссэн, хариуцагч байгууллагын үйл ажиллагаанд хохирол учруулсан гэж үзэхгүй.

 

Иймд хариуцагч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй байна.

 

Нэхэмжлэгч Ш.Б нь урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн томилуулах, холбогдох хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М ТӨХК-аас шаардах эрхтэй.

 

 

Анхан шатны шүүх Ш.Бг М ТӨХК-ийн Сөүл хот дахь төлөөлөгчийн газрын аэропорт менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 23 595 100 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг М ТӨХК-д даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасантай нийцсэн.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/02682 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 275 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Д.БАЙГАЛМАА