Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2020/02682

 

2020 10 06                                                                                    183/ШШ2020/02682

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

  Нэхэмжлэгч: Ш.Б-ийн нэхэмжлэлтэй

  Хариуцагч: М ТӨХК-д холбогдох

 

  Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

  Нэхэмжлэлийг 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Б-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол улсын иргэн Ш.Б миний бие 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр М Төрийн Өмчит Хувьцаат Компанийн Гадаад улс дахь төлөөлөгчийн газрын ажилтнуудтай байгуулах Хөдөлмөрийн гэрээг 2019.07.01-2020.07.01-ний өдрийг хүртэл нэг жилийн хугацаатай байгуулж Сөүл хот дахь төлөөлөгчийн газрын А менежерийн албан тушаалд ажиллаж, хариуцсан ажил, үүргийг гүйцэтгэж байсан. Миний бие 2001.2.28-ны өдрөөс М ТӨХК-ны Сөүл дэх Төлөөлөгчийн газарт орчуулагч, туслах ажилтан, оффис менежер, борлуулалтын менежер зэрэг албан тушаалд ажиллаж байгаад, 2012.3 сараас 2019.7.1-ний өдөр хүртэл Ерөнхий менежерээр томилогдон ажилласан. 2019.7.1-ний өдрөөс тус төлөөлөгчийн газрын А менежерийн албан тушаалд өөрчлөн томилогдон ажилласан. Гэтэл намайг М ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 05 дугаар сарын 13-ны ..... дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай" тушаалаар Компанийн Сөүл хот дахь төлөөлөгчийн газрын А менежер ажилтай Ш.Б нь 2020.04.30-ны өдрийн Сөул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгт Улсын онцгой комиссын шуурхай штабаас баталгаажуулж ирүүлсэн нэрсийн жагсаалтад багтаагүй зорчигчдыг тээвэрлэх ажлыг ямар нэг удирдлагын зөвшөөрөлгүй дур мэдэн зохион байгуулж, Улсын онцгой комиссын даргын 2020 оны 06 тоот тушаалын 3 дахь заалтыг зөрчсөн, улмаас хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан." хэмээн ажлаас халсан болно. Намайг ажлаас халах тушаал хууль зүйн үндэслэл хэсэгт: ...Хөдөлмерийн гэрээний 9.4.2, 9.4.4 ... заалтуудыг зөрчсөн ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлийг заасан байна. М ХК-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 9.4.2-т Албан тушаалын эрх мэдэл, эрхэлсэн ажлынхаа аливаа давуу тал, хангамж, хүлээлгэсэн итгэлийг хувийн ашиг сонирхолд ашиглах буюу урвуулан ашигласан. /шан харамж авсан, хувьдаа. үйлчилгээ хийлгэсэн, байгууллагын өмчийг хувьдаа ашигласан, завшсан, бусдад зориуд ашиглуулсан, завшуулсан, байгууллагын зардлаар хувийн хэрэгцээгээ хангасан, бизнесээ дэмжсэн/, 9.4.4-т Ажил олгогч болон түүний эрх олгосон албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр дур мэдэн компанийн бизнест хор хохирол учруулах үйл ажиллагаа явуулсан гэж тус тус заажээ. Миний бие эдгээр 7 зорчигчийг тусгай нислэгийн онгоцонд суулгасныхаа хариуд ямарваа нэгэн шан харамж авах, хувийн ашиг хонжоо харсан зүйлгүй бөгөөд өмнөх нислэгээс үлдсэн зорчигчдыг л хамруулж оногдсон ажил, үүргээ л зохих ёсоор гүйцэтгэсэн. Түүнчлэн энэхүү нислэг нь тусгай буюу бизнесийн бус зорилготой тул компанийн бизнест хор хохирол учруулах үндэслэл угаас байхгүй юм. Миний бие М ХК-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу нэг сарын 1,655,000 КР\Д/ буюу 3 872 700 төгрөгийн үндсэн цалинтай ажиллаж байсан бөгөөд нийгмийн даатгалын дэвтрийн бичилт хийсэн хэсгээс цалин хөлс тооцох журмын дагуу ажилгүй байсан хугацааны цалинг тооцож, олгож өгнө үү. Мөн Ш.Б намайг М ХК-ийн Сөүл хот дахь төлөөлөгчийн газрын А менежерийн ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгуүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах болон эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхан бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М ТӨХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжпэгч Ш.Б нь 2001 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөс Сөүл хот дахь төлөөлөгчийн газарт орчуулагч, туслах ажилтан, оффис менежер, борлуулалтын менежер ерөнхий менежерээр ажилласан байсан бөгөөд 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Гүйцэтгэх захирлын ...... дугаартай тушаалаар тус төлөөлөгчийн газрын А менежерээр шилжүүлэн томилж, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь заалтын дагуу харилцан тохиролцож, хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулан ажиллаж байсан. Дэлхий нийтэд шинэ төрлийн Корона вирус-ийн халдварт өвчин гарч, Монгол Улсын хэмжээнд төдийгүй олон улсын хэмжээнд онц байдал зарлаж, хөл хорио тогтоохоос эхлээд шаардлагатай бүхий л арга хэмжээнүүдийг төрийн байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэдийн дунд цаг алдалгүй, шуурхай авч хэрэгжүүлж байгаа ажиллаж байна. Үндэсний агаарын тээвэрлэгч М төрийн өмчит хувьцаат компанийн хувьд гадаад оронд байгаа иргэдээ төр засгийн шийдвэрийн дагуу нислэгийн аюулгүй байдлыг хангаж. цар тахлын халдвар тархахаас урьдчилан сэргийлж, ямар нэг эрсдэл гаргахгүй байх бүхий л арга хэмжээг авч, эх оронд нь тээвэрлэж ирэх үүргийг хүлээж, Улсын онцгой комисс, ОБЕГ, ЗТХЯ зэрэг төрийн захиргааны байгууллагуудын удирдлаган дор тээвэрлэлтийг зохион байгуулан ажиллаж байна. Гүйцэтгэх захирлын 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн А/68 дугаар тушаалаар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан СОVID-19 өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах шуурхай штаб байгуулагдсан бөгөөд Улсын онцгой комисс болон бусад төрийн эрх бүхий байгууллагаас өгсөн шийдвэр, чиглэлийн дагуу ажиллаж байна. Улсын онцгой комиссын 2020 оны 18 дугаар хурлаас эх орондоо ирэх хүсэлт гаргасан хүндэтгэх шалтгаантай Монгол Улсын иргэдийг татан авах шийдвэр гарсан тул М ТӨХК-ийн агаарын хөлөг 4 дүгээр сарын 30, 5 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлд захиалгат нислэг үйлдсэн ба 4 дүгээр сарын 30-ны өдрийн нислэг нь зөвхөн транзит буюу өөр улс, хотоос ирж байгаа зорчигчдыг тээвэрлэхээр шийдвэрлэсэн байсан. Гадаадаас Монгол Улсын иргэдийг татах тусгай үүргийн нислэгийн Улаанбаатар хотод ирэх чиглэлд зөвхөн Улсын онцгой комиссын шуурхай штабаас баталсан нэрсийн жагсаалтад орсон зорчигчдын билетийг бичих, зорчигч бүртгэлийг хийхийг М ТӨХК-д үүрэг болгосон байсан. Өөрөөр хэлбэл гадаадаас эхлэлтэй нислэгийн зорчигчдын нэрсийг М компани хариуцахгүй бөгөөд зөвхөн улсын онцгой комиссоос ирүүлсэн нэрсийн жагсаалтыг үндэслэн билет бичих, зорчигч бүртгэлийн ажиллагааг хийх юм. Улсын онцгой комиссоос тусгай үүргийн нислэг тус бүрийн өмнө тусгай үүргийн онгоцонд суух иргэдийн нэрсийг жагсаалтыг эцэслэн албан бичиг болон цахим шуудангаар ирүүлдэг. Улсын онцгой комиссын 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 597 дугаартай албан бичгээр 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн тусгай үүргийн онгоцонд суух иргэдийн нэрсийг жагсаалтыг эцэслэн ирүүлсэн байсан болно. Нэхэмжлэгч Ш.Б нь 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ 302 аяллын дугаартай нислэгийн зорчигч бүртгэлийг хариуцан ажиллаж байсан бөгөөд Улсын онцгой комиссын шуурхай штабаас ирүүлсэн нэрсийн жагсаалтад багтаагүй зорчигчдыг тээвэрлэх ажлыг ямар нэгэн удирдлагын зөвшөөрөлгүй дур мэдэн зохион байгуулж ноцтой зөрчил гаргасан. Тус нислэг нь зөвхөн транзит буюу дамжин нислэгийн зорчигчдын тээвэрлэх нислэг байсан. Түүнчлэн Улсын онцгой комиссоос ирүүлсэн нэрсийн жагсаалтад байхгүй Сөүл хотоос эхлэлтэй зорчигчдыг дур мэдэн, мэдэгдэлгүй нислэгт бүртгэж, суулгасан гэдгийг нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрсөн. Улсын онцгой комиссын даргын 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 762 дугаартай албан бичиг, Зам, тээврийн хөгжлийн яамны 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 03/2130 дугаартай албан бичгээр Улсын онцгой комиссын шуурхай штабаас баталгаажуулж, хүргүүлсэн зорчигчдын нэрсийн жагсаалтад ороогүй зорчигчдыг тээвэрлэж, зөрчил гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг үүрэг болгосон. Улсын онцгой комиссын даргын 2020 оны 6 дугаартай тушаалын 3 дахь заалтад Шуурхай штабаас гаргасан үүрэг чиглэлийг төрийн захиргааны байгууллага, олон улсын байгууллага, ард иргэд мөрдөж хэрэгжүүлсүгэй. гэж заасан бөгөөд тус шийдвэрийг зөрчсөн, мөн дээр үйлдэл нь хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчилд тооцогдох тул Гүйцэтгэх захирлын 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Б/158 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан. Нэхэмжлэгч нь онцгой байдлын үед ажиллах тушаал, шийдвэрийг зөрчиж албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйлдэл нь ажил олгогчийн зүгээс түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил "... 9.4.2. Албан тушаалын эрх мэдэл, эрхэлсэн ажлынхаа аливаа давуу тал, хангамж, хүлээлгэсэн итгэлийг хувийн ашиг сонирхолд ашиглах буюу урвуулан ашигласан, бусдад ашиглуулах боломжийг бүрдүүлж өгсөн..., .. 9.4.4 Ажил олгогч болон түүний эрх олгосон албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр дур мэдэн компанийн бизнест хор хохирол учруулах үйл ажиллагаа явуулсан..." ...9.4.14. Иргэний нисэхийн хууль, дүрэм, заавар, компанийн үндсэн заавар тусгагдсан үйл ажиллагаа, заавар, дүрэм, журмын холбогдох заалтыг зөрчсөн... тул түүнд Гүйцэтгэх захирлын 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/158 тоот тушаалаар хариуцлага ногдуулж, ажпаас чөлөөлсөн хууль зүйн хувьд үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,             

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Б хариуцагч М ТӨХК-д холбогдуулан М ТӨХК-ийн Сөүл хот дахь төлөөлөгчийн газрын А менежерийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр шаарджээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Ш.Б нь М ТӨХК-д 2001 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулан Сөүл хот дахь төлөөлөгчийн газарт орчуулагч, туслах ажилтан, оффис менежер, борлуулалтын менежер, ерөнхий менежер, А менежерээр ажиллаж байсан байх ба М ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 05 дугаар сарын 13-ны Б/158 дугаар тушаалаар Ш.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн болох нь зохигчдын тайлбар болон хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, Б/158 дугаар тушаал, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон цалингийн тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 6-17,60/

Харин М ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 05 сарын 13-ны өдрийн Б/158 дугаар тушаалаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Компанийн дүрмийн 8.8.9, 8.8.11, Хөдөлмөрийн гэрээний 6.1.1, 8.1, 8.2, 9.4.2, 9.4.4, 9.4.14, Хөдөлмөрийн дотоод журмын 10.1.1.в, 11.9.6, 11.9.15, Улсын онцгой комиссын даргын 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 762 дугаартай албан бичиг, Зам, тээврийн хөгжлийн яамны 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн ........... дугаартай албан бичиг, Шуурхай штаб байгуулах тухай Улсын онцгой комиссын даргын 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 6 тоот тушаалыг үндэслэж 2020.04.30-ны өдрийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгт Улсын онцгой комиссын шуурхай штабаас баталгаажуулж ирүүлсэн нэрсийн жагсаалтад багтаагүй зорчигчдыг тээвэрлэх ажлыг ямар нэг удирдлагын зөвшөөрөлгүй дур мэдэн зохион байгуулж, Улсын онцгой комиссын даргын 2020 оны 06 тоот тушаалын 3 дахь заалтыг зөрчсөн, улмаас хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэл зааж Ш.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 Тушаалын үндэслэлд нэхэмжлэгч Ш.Б-г Улсын онцгой комиссын шуурхай штабаас баталгаажуулж ирүүлсэн нэрсийн жагсаалтад багтаагүй зорчигчдыг тээвэрлэх ажлыг ямар нэг удирдлагын зөвшөөрөлгүй дур мэдэн зохион байгуулсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байх хэдий ч тушаалд нэр бүхий хэдэн зорчигчийг дур мэдэн нислэгт хамруулж, ирүүлсэн талаар дурдаагүй, энэ нь тодорхойгүй байна.

 

 

 

Гэвч нэхэмжлэгч Ш.Б нь 2020.05.10-ны өдөр М ТӨХК-ийн захирал Д.Б-д 4 сарын 30-ны ОМ302 нислэгийн бүртгэлийн талаар бичгээр тайлбар хүргүүлсэн байх ба уг тайлбарт ... 4 сарын 30-ны өдрийн нислэгийн бүртгэлийн ажиллагаа 6 цагт Transfer desk дээр эхэлсэн. Энэ удаагийн нислэгийн нэрс болон нислэгийн зорчигчдын нэрс болон нислэгийн зөвшөөрөл оройтож гарсан мөн бусад авиа компаниуд ихэнх нислэгээ цуцалсан зэргээс шалтгаалж энэ онгоцонд амжиж суух транзит зорчигчид бага байлаа... бүртгэл 13:20 минутад хаах ёстой ч амжиж ирсэн транзит зорчигч байвал тэдгээрийг авах, Улсын онцгой комиссын үүргийн дагуу 17:35-д буух ОZ201 нислэгийн 8 монгол иргэдийг ав гэсний дагуу эдгээр зорчигчдыг иртэл хүлээсэн. /уг онгоц 16:45-д буухаар болсон/ ...эдгээр 8 зорчигч болон А дотор байсан бүх хүмүүсийг бүртгэж дуусахад 7 суудал илүү сул үлдэж байсан тул хоосон суудлаа дүүргэх, мөн цаг бага үлдсэн тул яаралтай А-ын гадаа байсан 2 монгол иргэн, 2 гэр бүлийнхэнд өөрсдөө хоорондоо зохицоод үлдсэн суудалд зарим нэгийг нь авж болох талаар санал тавьсан. Тэдний өөрсдийн хүсэлтээр 2 иргэн, 1 гэр бүлийг бүртгэн суудлаа дүүргэсэн. Мөн эдгээр зорчигчид нь суудлаа баталгаажуулсан байсан өмнөх 4 сарын 8-ны онгоцноос ямар нэгэн шалтгаангүйгээр, урьдчилж мэдэгдэлгүйгээр, М ХК-ийн зүгээс дур мэдэн нислэгээс хассан гэсэн гомдолтой зорчигчид байсан... гэжээ. /хх-ийн 18-19/

 

Дээрх тайлбарт дурдсанчлан нэр бүхий 1 гэр бүлийн 6 иргэний нэрс 2020 оны 4 сарын 08-ны өдрийн нислэгт бүртгэгдэж, тасалбараа авч баталгаажуулсан болох нь, түүнчлэн уг нислэгээс хасагдаж, М ТӨХК-ийн Сөүл хот дахь төлөөлөгчийн газраар дамжуулан Улсын онцгой байдлын газарт гомдол, хүсэлт гаргасныг 2020 оны 4 сарын 26-ны өдөр Сөүл хот дахь төлөөлөгчийн газрын Ерөнхий төлөөлөгч Б.Э Гомдол дамжуулах тухай э-майлыг Улсын онцгой байдлын газарт хүргүүлсэн болох хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох цахим тасалбар захиалгын орчуулга хийгдсэн баримтууд болон [email protected] хаягаас [email protected] хаягт явуулсан э-майлд хийсэн үзлэгээр тогтоогдож байна.

 

Түүнчлэн дээрх 1 гэр бүлийн гишүүдийн нэрс 2020.04.26-ны өдрийн БНСУ дахь ЭСЯ-наас М ТӨХК-ийн Сөүл хот дахь төлөөлөгчийн газарт ирүүлсэн нэрсийн жагсаалтын 214, 215, 216, waiting list гэсэн хэсгийн 1, 2 , 3 дугаарт тус тус бүртгэлтэй байсан байх ба энэ нь [email protected] хаягаас [email protected] хаягт ирүүлсэн жагсаалт хүргүүлэв нэртэй э-майлд хийсэн үзлэгээр тогтоогдсон болно.

Нөгөөтэйгүүр, талуудын тайлбараар дээрх нэр бүхий 6 хүний, 3 хүнийх нь нэрс 2020 оны 05 сарын 01-ний өдрийн нислэгт бүртгэгдэж, орсон талаар талууд маргаагүй бөгөөд хавтаст хэргийн 102-108 дугаар талд Эмнэлгийн үзлэгийн гэрчилгээ авагдсан байх ба 2020.04.06-ний өдөр эдгээр хүмүүс Коронавирусын өвчний СОVID-19 RT-PCR-ын шинжилгээг өгч сөрөг гэсэн хариу гарсан болох нь тогтоогдож байна.

 

Мөн нэхэмжлэгч талын 2020.05.10-ны өдөр М ТӨХК-ийн захирал Д.Б-д 4 сарын 30-ны ОМ302 нислэгийн бүртгэлийн талаар бичгээр гаргасан тайлбарт ...Бүртгэлийг системд оруулсан захиалгын дагуу бүртгэхээс гадна суудлаа тавиулж чадаагүй ч Инчон А дээр өмнө нь ирчихсэн байсан 10-аад зорчигчдын нэрсийг төв /УОК/ руу явуулж, суудлыг тавиулж бүртгэв. гэсэн тайлбар, түүнчлэн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт ...тухайн өдрийн нислэгт дээрх 1 гэр бүлийн 6 иргэдээс гадна 14 хүнийг газар дээр нь зохион байгуулалт хийж бүртгэж, суулгасан байдаг бөгөөд энэ нь 2020 оны 4 сарын 30-ны өдрийн нэрсийн жагсаалтаас харагддаг. Гэвч эдгээр 14 хүний асуудлыг М ТӨХК нь хөндөж тавьдаггүй бөгөөд тухайн үед дур мэдэж хүмүүсийг бүртгэсэн зүйл байхгүй бөгөөд Ерөнхий төлөөлөгч Б.Э-тай зөвшилцөж уг хүмүүсийг бүртгэсэн гэж тайлбар гаргасанд, хариуцагч М ТӨХК-иас тайлбар гаргаж маргаагүй, хэрэгт энэ талаар шалгаж тогтоосон баримтгүй байна.

 

Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч Ш.Б нь нислэгийн аюулгүй байдлыг хангаж, цар тахлын халдвар тархахаас урьдчилан сэргийлж, ямар нэг эрсдэл гаргахгүй байх бүхий л арга хэмжээг авч, эх оронд нь тээвэрлэж ирэх үүргийг хүлээж, Улсын онцгой комисс, ОБЕГ, ЗТХЯ зэрэг төрийн захиргааны байгууллагуудын удирдлаган дор тээвэрлэлтийг зохион байгуулах ажлыг хууль, журам, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ зөрчилгүйгээр гүйцэтгэсэн гэж үзэхээр байна.

 

Тодруулбал, тус нислэг нь зөвхөн транзит буюу дамжин өнгөрөх нислэгийн зорчигчдыг тээвэрлэх нислэг байсан хэдий ч тухайн үед сул суудлыг хоосон буцаахгүй арга хэмжээ авч, эх орондоо ирэх гэж хүлээлт үүсгэсэн иргэдээс зохих хэмжээнд шаардлага хангасан иргэдийг тээвэрлэсэн үйл баримтыг буруутгах үндэслэлгүйн дээр, дээрх үйлдэл нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гэх үндэслэлгүй байна.

 

Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч Ш.Б-г ажилд нь эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2020 оны 05 сарын 13-ны өдрөөс 2020 оны 10 сарын 06-ны өдөр хүртэлх ажлын 100 хоногийн олговор 23 595 100төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ш.Б-ийн цалинг түүний нийгмийн даатгалын дэвтрээс Монгол Улсын Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалын 7 дугаар зүйлийн а-д заасны дагуу тооцоход нэхэмжлэгч нь сард 5 072 955 төгрөгийн /сүүлийн 3 сард авч байсан цалингийн дундажаар/ цалин авсан байх ба 100 өдрийн /5 072 955:21,5= 235 951төгрөг/ ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээг 23 595 100 төгрөгөөр /235 951х100 өдөр/ тогтоож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг төлүүлж, нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгах нь хуульд нийцнэ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул хариуцагч байгууллагаас хангаж буй үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж улсын төсөвт оруулах нь хуульд нийцнэ.

 

Нэхэмжлэгч нь 2020 оны 05 сарын 13-ны өдрийн ......  дугаар тушаалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан ...ажилтан ажлаас буруу халсан ... тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэсэн хуулийн шаардлагын дагуу 2020 оны 06 сарын 11-ний өдөр буюу хуулийн хугацаанд шүүхэд гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заасныг баримтлан Ш.Б-г М ТӨХК-ийн Сөүл хот дахь төлөөлөгчийн газрын А менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 23 595 100 төгрөгийг хариуцагч М ТӨХК-иас гаргуулан Ш.Б-д олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ш.Б-ийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг М ТӨХК-д даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч М ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 275 926 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ