Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2021/01088

 

  

 

Ш.Биндэръяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, Д.Цолмон, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/02682 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2382 дугаар магадлалтай,

 

Ш.Биндэръяагийн нэхэмжлэлтэй,

МИАТ ТӨХК-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Рэнчинболдын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цолмонбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Рэнчинболд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цолмонбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш.Биндэръяа нь 2019.07.01-ний өдөр МИАТ ТӨХК-ийн гадаад улс дахь төлөөлөгчийн газрын ажилтнуудтай байгуулах хөдөлмөрийн гэрээг байгуулж Сөүл хот дахь төлөөлөгчийн газрын аэрэпорт менежерийн албан тушаалд ажиллаж, хариуцсан ажил, үүргийг гүйцэтгэж байсан. МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2020.05.13-ны Б/158 дугаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай тушаалаар ...компанийн Сөүл хот дахь төлөөлөгчийн газрын аэропорт менежер ажилтай Ш.Биндэръяа нь 2020.04.30-ны өдрийн Сөул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгт Улсын онцгой комиссын шуурхай штабаас баталгаажуулж ирүүлсэн нэрсийн жагсаалтад багтаагүй зорчигчдыг тээвэрлэх ажлыг ямар нэг удирдлагын зөвшөөрөлгүй дур мэдэн зохион байгуулж, Улсын онцгой комиссын даргын 2020 оны 06 тоот тушаалын 3 дахь заалтыг зөрчсөн, улмаар хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан... гэж ажлаас халсан болно.

Ажлаас халах тушаалын хууль зүйн үндэслэл хэсэгт: Хөдөлмөрийн гэрээний 9.4.2, 9.4.4-т заалтуудыг зөрчсөн ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлийг заасан. МИАТ ТӨХК-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 9.4.2-т Албан тушаалын эрх мэдэл, эрхэлсэн ажлынхаа аливаа давуу тал, хангамж, хүлээлгэсэн итгэлийг хувийн ашиг сонирхолд ашиглах буюу урвуулан ашигласан, /шан харамж авсан, хувьдаа үйлчилгээ хийлгэсэн, байгууллагын өмчийг хувьдаа ашигласан, завшсан, бусдад зориуд ашиглуулсан, завшуулсан, байгууллагын зардлаар хувийн хэрэгцээгээ хангасан, бизнесээ дэмжсэн/, 9.4.4-т Ажил олгогч болон түүний эрх олгосон албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр дур мэдэн компанийн бизнест хор хохирол учруулах үйл ажиллагаа явуулсан гэж тус тус заасан. Миний бие эдгээр 7 зорчигчийг тусгай нислэгийн онгоцонд суулгасныхаа хариуд ямарваа нэгэн шан харамж авах, хувийн ашиг хонжоо харсан зүйлгүй бөгөөд өмнөх нислэгээс үлдсэн зорчигчдыг л хамруулж оногдсон ажил, үүргээ л зохих ёсоор гүйцэтгэсэн. Түүнчлэн энэхүү нислэг нь тусгай буюу бизнесийн бус зорилготой тул компанийн бизнест хор хохирол учруулах үндэслэл угаас байхгүй юм. Ш.Биндэръяа нь МИАТ ТӨХК-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу нэг сарын 1,655,000 КР/Д буюу 3,872,700 төгрөгийн үндсэн цалинтай ажиллаж байсан. Ш.Биндэръяаг МИАТ ТӨХК-ийн Сөүл хот дахь төлөөлөгчийн газрын аэропорт менежерийн ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Д.Баттөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ш.Биндэръяа нь 2001.02.28-ны өдрөөс Сөүл хот дахь төлөөлөгчийн газарт орчуулагч, туслах ажилтан, оффис менежер, борлуулалтын менежер, ерөнхий менежерээр ажиллаж байсан бөгөөд 2019.07.01-ний өдрийн гүйцэтгэх захирлын Б/487 дугаартай тушаалаар тус төлөөлөгчийн газрын аэропорт менежерээр шилжүүлэн томилж, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь заалтын дагуу харилцан тохиролцож, хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулан ажилласан. МИАТ ТӨХК нь гадаад оронд байгаа иргэдийн нислэгийн аюулгүй байдлыг хангаж, цар тахлын халдвар тархахаас урьдчилан сэргийлж, ямар нэг эрсдэл гаргахгүй байх бүхий л арга хэмжээг авч, эх оронд нь тээвэрлэж ирэх үүргийг хүлээж, Улсын онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газар, Зам тээврийн хөгжлийн яам болон төрийн захиргааны байгууллагуудын удирдлага дор тээвэрлэлтийг зохион байгуулсан. Улсын онцгой комиссын 2020 оны 18 дугаар хурлаас эх орондоо ирэх хүсэлт гаргасан хүндэтгэх шалтгаантай Монгол Улсын иргэдийг татан авах шийдвэр гарсан тул МИАТ ТӨХК-ийн агаарын хөлөг 4 дүгээр сарын 30, 5 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлд захиалгат нислэг үйлдсэн ба 4 дүгээр сарын 30-ны өдрийн нислэг нь зөвхөн транзит буюу өөр улс, хотоос ирж байгаа зорчигчдыг тээвэрлэхээр шийдвэрлэсэн. Гадаадаас Монгол Улсын иргэдийг татах тусгай үүргийн нислэгийн Улаанбаатар хотод ирэх чиглэлд зөвхөн Улсын онцгой комиссын шуурхай штабаас баталсан нэрсийн жагсаалтад орсон зорчигчдын билетийг бичих, зорчигч бүртгэлийг хийхийг МИАТ ТӨХК-д үүрэг болгосон байсан. Өөрөөр хэлбэл гадаадаас эхлэлтэй нислэгийн зорчигчдын нэрсийг МИАТ компани хариуцахгүй бөгөөд зөвхөн улсын онцгой комиссоос ирүүлсэн нэрсийн жагсаалтыг үндэслэн билет бичих, зорчигч бүртгэлийн ажиллагааг хийх юм. Улсын онцгой комиссоос тусгай үүргийн нислэг тус бүрийн өмнө тусгай үүргийн онгоцонд суух иргэдийн нэрсийг жагсаалтыг эцэслэн албан бичиг болон цахим шуудангаар ирүүлдэг. Улсын онцгой комиссын 2020.04.27-ны өдрийн 597 дугаартай албан бичгээр 2020.04.30-ны өдрийн тусгай үүргийн онгоцонд суух иргэдийн нэрсийг жагсаалтыг эцэслэн ирүүлсэн байсан болно.

Нэхэмжлэгч Ш.Биндэръяа нь 2020.04.30-ны өдрийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 аяллын дугаартай нислэгийн зорчигч бүртгэлийг хариуцан ажиллаж байсан бөгөөд Улсын онцгой комиссын шуурхай штабаас ирүүлсэн нэрсийн жагсаалтад багтаагүй зорчигчдыг тээвэрлэх ажлыг ямар нэгэн удирдлагын зөвшөөрөлгүй дур мэдэн зохион байгуулж ноцтой зөрчил гаргасан. Түүнчлэн Улсын онцгой комиссоос ирүүлсэн нэрсийн жагсаалтад байхгүй Сөүл хотоос эхлэлтэй зорчигчдыг дур мэдэн, мэдэгдэлгүй нислэгт бүртгэж, суулгасан гэдгийг нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрсөн. Улсын онцгой комиссын даргын 2020.05.06-ны өдрийн 762 дугаартай албан бичиг, Зам, тээврийн хөгжлийн яамны 2020.05.07-ны өдрийн 03/2130 дугаартай албан бичгээр Улсын онцгой комиссын шуурхай штабаас баталгаажуулж, хүргүүлсэн зорчигчдын нэрсийн жагсаалтад ороогүй зорчигчдыг тээвэрлэж, зөрчил гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг үүрэг болгосон. Улсын онцгой комиссын даргын 2020 оны 6 дугаартай тушаалын 3-д шуурхай штабаас гаргасан үүрэг чиглэлийг төрийн захиргааны байгууллага, олон улсын байгууллага, ард иргэд мөрдөж хэрэгжүүлэхээр заасан бөгөөд тус шийдвэрийг зөрчсөн, мөн дээрх үйлдэл нь хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчилд тооцогдох тул гүйцэтгэх захирлын 2020.05.13-ны өдрийн Б/158 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан.

Нэхэмжлэгч нь онцгой байдлын үед ажиллах тушаал, шийдвэрийг зөрчиж албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйлдэл нь ажил олгогчийн зүгээс түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил ...9.4.2 Албан тушаалын эрх мэдэл, эрхэлсэн ажлынхаа аливаа давуу тал, хангамж, хүлээлгэсэн итгэлийг хувийн ашиг сонирхолд ашиглах буюу урвуулан ашигласан, бусдад ашиглуулах боломжийг бүрдүүлж өгсөн..., 9.4.4 Ажил олгогч болон түүний эрх олгосон албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр дур мэдэн компанийн бизнест хор хохирол учруулах үйл ажиллагаа явуулсан, ...9.4.14 Иргэний нисэхийн хууль, дүрэм, заавар, компанийн үндсэн заавар тусгагдсан үйл ажиллагаа, заавар, дүрэм, журмын холбогдох заалтыг зөрчсөн тул түүнд гүйцэтгэх захирлын 2020.05.13-ны өдрийн Б/158 тоот тушаалаар хариуцлага ногдуулж, ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/02682 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заасныг баримтлан Ш.Биндэръяаг МИАТ ТӨХК-ийн Сөүл хот дахь төлөөлөгчийн газрын Аэропорт менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 23,595,100 төгрөгийг хариуцагч МИАТ ТӨХК-иас гаргуулан Ш.Биндэръяад олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ш.Биндэръяагийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг МИАТ ТӨХК-д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч МИАТ ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 275,926 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2382 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/02682 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 275,950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Рэнчинболд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: МИАТ ТӨХК-ийн Сөүл хот дахь төлөөлөгчийн газарт ажиллаж байсан Ш.Биндэръяаг эгүүлэн ажилд нь тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговор олгож, шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.06-ны өдрийн 183/ШШ2020/02682 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.18-ны өдрийн 2382 дугаартай магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн хувьд гадаад оронд байгаа иргэдээ төр засгийн шийдвэрийн дагуу нислэгийн аюулгүй байдлыг хангаж, цар тахлын халдвар тархахаас урьдчилан сэргийлж, ямар нэг эрсдэл гаргахгүй байх бүхий л арга хэмжээг авч, эх оронд нь тээвэрлэж ирэх үүргийг хүлээж, Улсын онцгой комисс, ОБЕГ, ЗТХЯам зэрэг төрийн захиргааны байгууллагуудтай хамтран тээвэрлэлтийг зохион байгуулан ажиллаж байна. Гадаадаас Монгол Улсын иргэдийг татах тусгай үүргийн нислэгийн Улаанбаатар хотод ирэх чиглэлд зөвхөн Улсын онцгой комиссын шуурхай штабаас баталсан нэрсийн жагсаалтад орсон зорчигчдын билөтийг бичих, зорчигч бүртгэлийг хийхийг МИАТ компанид үүрэг болгосон байсан. Өөрөөр хэлбэл гадаадаас эхлэлтэй нислэгийн зорчигчдын нэрсийг МИАТ компани хариуцахгүй бөгөөд зөвхөн улсын онцгой комиссоос ирүүлсэн нэрсийн жагсаалтыг үндэслэн билет бичих, зорчигч бүртгэлийн ажиллагааг хийх юм. Улсын онцгой комиссоос тусгай үүргийн нислэг тус бүрийн өмнө тусгай үүргийн онгоцонд суух иргэдийн нэрсийг жагсаалтыг эцэслэн албан бичиг болон цахим шуудангаар ирүүлдэг. Улсын онцгой комиссын 2020.04.27-ны өдрийн 597 дугаартай албан бичгээр 2020.04.30-ны өдрийн тусгай үүргийн онгоцонд суух иргэдийн нэрсийг жагсаалтыг эцэслэн ирүүлсэн байсан болно. Нэхэмжлэгч тал уг асуудал дээр маргаангүй бөгөөд тодорхой тооны хүмүүс нэмэгдэж, өөрчлөгдсөн хэдий ч удирдлагадаа болон Улсын онцгой комисст мэдэгдэж, зөвшөөрөл авах үүрэгтэй байсан.

Нэхэмжлэгч Ш.Биндэръяа нь 2020.04.30-ны өдрийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 аялалын дугаартай нислэгийн зорчигч бүртгэлийг хариуцан ажиллаж байсан бөгөөд Улсын онцгой комиссын шуурхай штабаас ирүүлсэн нэрсийн жагсаалтад багтаагүй зорчигчдыг тээвэрлэх ажлыг ямар нэгэн удирдлагын зөвшөөрөлгүй дур мэдэн зохион байгуулснаа өөрөө хүлээн зөвшөөрсөн.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт ...Тушаалын үндэслэлд нэхэмжлэгч Ш.Биндэръяаг УОК-ын шуурхай штабаас баталгаажуулж ирүүлсэн нэрсийн жагсаалтад багтаагүй зорчигчдыг тээвэрлэх ажлыг ямар нэгэн удирдлагын зөвшөөрөлгүй дур мэдэн зохион байгуулсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байх хэдий ч тушаалд нэр бүхий хэдэн зорчигчийг дур мэдэн нислэгт хамруулж, ирүүлсэн талаар дурдаагүй, энэ тодорхойгүй байна. гэжээ.

Тус нислэгт жагсаалтад байхгүй нэр бүхий хүмүүс бүртгэж, суулгасантай хоёр тал маргаагүй бөгөөд удирдлагын зөвшөөрөлгүй зорчигч бүртгэлийн үйл ажиллагаа явуулж, онгоцонд суулгаж, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан нь тогтоогдсон. Шүүх хэт нэг талыг барьж, тушаал дээрээ тодорхой дурдаагүй гэж дүгнэсэн байна. Сөүл хот дахь төлөөлөгчийн газрын ерөнхий менежер Б.Энхбатаас өөрт нь мэдэгдээгүй, нэр бүхий 6 хүнийг дур мэдэн бүртгэж, суулгасан талаар албан бичгээр мэдэгдсэн болно.

Давж заалдах шатны шүүх мөн дээрх үндэслэлийг үндэслэсэн бөгөөд 2020.04.08-ны өдрийн нислэгт бүртгэгдсэн ч, уг нислэгээс хасагдаж, УОК-т хүсэлт гаргасан 8 иргэдийн хүсэлтийг Сөүл хот дахь төлөөлөгчийн газрын ерөнхий менежер Б.Энхбат 2020.04.26-ны өдөр Улсын онцгой байдлын газарт цахимаар хүргүүлсэн, ...шүүхээс явуулсан үзлэгээр тэмдэглэлээр тогтоогдсон гэжээ.

Сөүл хот дахь төлөөлөгчийн газрын ерөнхий менежер Б.Энхбат иргэдийн гомдол, хүсэлтийг Онцгой байдлын газарт уламжилж хүргүүлсэн нь уг хүсэлтийг шийдвэрлэсэн гэсэн үг биш юм. Тус үзлэгээр 2020.04.26-ны өдөр Б.Энхбат нь өөрийн цахим хаягаас иргэн Г.Ганчимэгийн хүсэлтийг л уламжлан хүргүүлсэн болно.

Мөн Ш.Биндэръяа нь авиакомпанийн зүгээс зорчигчийг нислэгээс хассан тохиолдолд дараагийн нислэг эсвэл өөр бусад нислэгт шилжүүлэн суулгадаг журамтай тул 2020.04.30-ны өдрийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 нислэгийн бүртгэлийг бүртгэж дуусахад 7 суудал илүү байсан тул 2020.04.08-ны нислэгээс шалтгаангүй хасагдсан 2 иргэн, нэг гэр бүлийн хүмүүсийг бүртгэж суулгасан гэх тайлбарыг хариуцагчид хүргүүлсэн баримт хэрэгт авагдсан байна. гэжээ.

Нислэгээс хассан тохиолдолд дараагийн нислэг эсвэл өөр бусад нислэгт шилжүүлэн суулгадаг журам хэрэгт авагдаагүй, түүнчлэн коронавирус цар тахалтай холбоотой бүх үйл ажиллагаа УОК болон МИАТ компанийн шуурхай штабаас өгсөн үүрэг даалгавар, чиглэлийн дагуу явж байсан. 2020.04.08-ны нислэгээс шалтгаангүй хасагдсан гэдэг дээр хариуцагчаас тодорхой тайлбар гаргасан, мөн Сөүл хот дахь төлөөлөгчийн газрын ерөнхий менежер Б.Энхбатын гаргасан Д.Бат-Эрдэнэ, Г.Ганчимэг нарын нэр бүхий хүмүүс нь 5 категори буюу өвчтэй, жирэмсэн, өндөр настай зэрэгт хамрагдахгүй тул тус нислэгээс хасагдсан талаар тайлбар хэрэгт авагдсан байгааг дүгнээгүй. 2020.04.30-ны өдрийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 нислэг нь зөвхөн дамжин өнгөрч буй нислэгээр ирсэн зорчигчдыг транзит зааланд бүртгэх байсан бөгөөд дур мэдэн явагчийн танхимд бүртгэлийн үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон. Түүнчлэн маш олон ард иргэд гомдол, хүсэлт гаргасан байхад заавал Б.Бат-Эрдэнэ нарын нэр бүхий хүмүүсийг бүртгэж, онгоцонд суулгасан нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзэж байна.

Улсын онцгой комиссын даргын 2020.05.06-ны өдрийн 762 дугаартай албан бичиг, Зам, тээврийн хөгжлийн яамны 2020.05.07-ны өдрийн 03/2130 дугаартай албан бичгээр Улсын онцгой комиссын шуурхай штабаас баталгаажуулж, хүргүүлсэн зорчигчдын нэрсийн жагсаалтад ороогүй зорчигчдыг тээвэрлэж, зөрчил гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг үүрэг болгосон. Улсын онцгой комиссын даргын 2020 оны 6 дугаартай тушаалын 3 дахь заалтад Шуурхай штабаас гаргасан үүрэг чиглэлийг төрийн захиргааны байгууллага, олон улсын байгууллага, ард иргэд мөрдөж хэрэгжүүлсүгэй. гэж заасан бөгөөд тус шийдвэрийг зөрчсөн, мөн дээрх үйлдэл нь хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчилд тооцогдох тул Гүйцэтгэх захирлын 2020.05.13-ны өдрийн Б/158 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан.

Нэхэмжлэгч нь онцгой байдлын үед ажиллах тушаал, шийдвэрийг зөрчиж албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйлдэл нь ажил олгогчийн зүгээс түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил, ...9.4.2. Албан тушаалын эрх мэдэл, эрхэлсэн ажлынхаа аливаа давуу тал, хангамж, хүлээлгэсэн итгэлийг хувийн ашиг сонирхолд ашиглах буюу урвуулан ашигласан, бусдад ашиглуулах боломжийг бүрдүүлж өгсөн..., ...9.4.4. Ажил олгогч болон түүний эрх олгосон албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр дур мэдэн компанийн бизнест хор хохирол учруулах үйл ажиллагаа явуулсан..., ...9.4.14. Иргэний нисэхийн хууль, дүрэм, заавар, компанийн үндсэн заавар тусгагдсан үйл ажиллагаа, заавар, дүрэм, журмын холбогдох заалтыг зөрчсөн... тул түүнд Гүйцэтгэх захирлын 2020.05.13-ны өдрийн Б/158 тоот тушаалаар хариуцлага ногдуулж, ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн хувьд үндэслэлтэй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн 2020.12.18-ны өдрийн 2382 дугаартай магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Ш.Биндэръяа МИАТ ТӨХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажил олгогчийн тушаал хууль зөрчөөгүй гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцээгүй байх тул хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

1.   Нэхэмжлэгч Ш.Биндэръяа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...2020.04.30-ны өдрийн тусгай нислэгийн үед бүртгэлийн дагуу зорчигчдыг бүртгээд онгоцонд суулгаж дуусгахад 7 сул суудал үлдсэн тул нислэгийн журмын дагуу өмнөх тусгай нислэгээс хасагдсан 8 зорчигчийн 7-г нь суулгасан. ...миний бие эдгээр 7 зорчигчийг тусгай нислэгийн онгоцонд суулгасныхаа хариуд ямарваа нэг шан харамж авах, хувийн ашиг хонжоо харсан зүйлгүй бөгөөд өмнөх нислэгээс үлдсэн зорчигчдыг л хамруулж, оногдсон ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн, түүнчлэн энэхүү нислэг нь тусгай буюу бизнесийн бус зорилготой тул компанийн бизнест хор хохирол учруулах үндэслэлгүй тул хууль бусаар ажлаас халсан гэж үзэж байгаа... гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ...Улсын Онцгой комиссын 2020 оны 18 дугаар хурлаас эх орондоо ирэх хүсэлт гаргасан хүндэтгэх шалтгаантай Монгол Улсын иргэдийг татан авах шийдвэр гарсан тул МИАТ ТӨХК-ийн агаарын хөлөг 4 дүгээр сарын 30, 5 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар-Сөүл чиглэлд захиалгат нислэг үйлдсэн ба 4 дүгээр сарын 30-ны өдрийн нислэг нь зөвхөн транзит буюу өөр улс, хотоос ирж байгаа зорчигчдыг тээвэрлэхээр шийдвэрлэсэн. ...тусгай үүргийн нислэгийн чиглэлд зөвхөн Улсын Онцгой комиссын шуурхай штабаас баталсан нэрсийн жагсаалтад орсон зорчигчдын билетийг бичих, зорчигч бүртгэлийг хийхийг МИАТ ТӨХК-д үүрэг болгосон. ...Улсын Онцгой комиссоос тусгай үүргийн нислэг тус бүрийн өмнө онгоцонд суух иргэдийн нэрсийн жагсаалтыг эцэслэн албан бичиг болон цахим шуудангаар ирдэг. Улсын Онцгой комиссын 2020.04.27-ны өдрийн 597 дугаартай албан бичгээр 2020.04.30-ны өдрийн тусгай үүргийн онгоцонд суух иргэдийн нэрсийн жагсаалтыг эцэслэн ирүүлсэн байсан. Нэхэмжлэгч Ш.Биндэръяа нь 2020.04.30-ны өдрийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 аялалын дугаартай нислэгийн зорчигч бүртгэлийг хариуцан ажиллаж байхдаа нэрсийн жагсаалтад багтаагүй зорчигчдыг тээвэрлэх ажлыг удирдлагын зөвшөөрөлгүй, дур мэдэн зохион байгуулж ноцтой зөрчил гаргасан нь Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд тооцогдох тул ажлаас халсан нь хууль зөрчөөгүй... гэжээ.

 

2.   МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2020.05.13-ны өдрийн Б/158 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 131 дүгээр зүйлийн 131.1.3., Хөдөлмөрийн гэрээний 6.1.1., 8.1., 8.2., 9.4.2., 9.4.4., 9.4.14. дэх заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 10.1.1.в, 11.9.6., 11.9.15., дахь заалт, Улсын онцгой комиссын 2020.05.07-ны өдрийн 762 тоот албан бичиг, Зам тээврийн хөгжлийн яамны 2020.05.07.-ны өдрийн 03/2130 тоот албан бичиг, Шуурхай штаб байгуулах тухай УОК-ын даргын 2020.03.12-ны өдрийн 6 тоот тушаалыг тус тус удирдлага болгож Компанийн БНСУ-ын Сөүл хот дахь төлөөлөгчийн газрын Аэропорт менежер ажилтай Ш.Биндэръяа нь 2020.04.30-ны өдрийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгт УОК-ын Шуурхай штабаас баталгаажуулж ирүүлсэн нэрсийн жагсаалтад багтаагүй зорчигчдыг тээвэрлэх ажлыг ямар нэг удирдлагын зөвшөөрөлгүй дур мэдэн зохион байгуулж, УОК-ын даргын 2020 оны 06 тоот тушаалын 3 дахь заалтыг зөрчсөн, улмаар хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр 2020.05.13-ны өдрөөр тасалбар болгож хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас нь халжээ.

 

Ажилтныг ажлаас халах үндэслэл болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т зааснаар ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно гэж, Хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.4.-т хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчлүүдийг нэрлэн заасан байх ба 9.4.2.-т албан тушаалын эрх мэдэл, эрхэлсэн ажлынхаа аливаа давуу тал, хангамж, хүлээлгэсэн итгэлийг хувийн ашиг сонирхолд ашиглах буюу урвуулан ашигласан, 9.4.4.-т ажил олгогч болон түүний эрх олгосон албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр дур мэдэн компанийн бизнест хор хохирол учруулах үйл ажиллагаа явуулсан нь ноцтой зөрчилд тооцогдохоор байна.

 

Мөн Улсын онцгой комиссын 2020.05.07.-ны өдрийн 762 тоот албан бичигт МИАТ ТӨХК нь 2020.04.30-ны өдрийн нислэгээр Улсын Онцгой комиссын шуурхай штабаас баталгаажуулж хүргүүлсэн нэрсэд багтаагүй зорчигчдыг тээвэрлэсэн ноцтой зөрчил гарсан, иймд зөрчлийг арилгуулан хариуцлага тооцож, дахин гаргуулахгүй байх арга хэмжээ авч хариу өгөхийг Зам тээврийн хөгжлийн сайдад, Зам тээврийн хөгжлийн яамны 2020.05.07.-ны өдрийн 03/2130 тоот албан бичигт ...Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас гаргасан үүрэг чиглэлийг мөрдөж хэрэгжүүлэхийг даалгасан Улсын Онцгой комиссын шийдвэрийг зөрчиж, ...баталгаажуулж хүргүүлсэн нэрсийн жагсаалтад багтаагүй зорчигчдыг тээвэрлэж зөрчил гаргасан холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцож, хариу мэдэгдэхийг МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөрд мэдэгдсэн... агуулгатай байна.

 

3.   Нэхэмжлэгч Ш.Биндэръяа Шуурхай штабаас баталгаажуулж ирүүлсэн нэрсийн жагсаалтад багтаагүй 7 иргэнийг тусгай үүргийн онгоцонд тээвэрлэсэн үйл баримтын талаар маргаагүй боловч, ...зорчигч болон аэропорт дотор байсан хүмүүсийг бүртгэж дуусахад 7 суудал илүү сул үлдэж байсан тул суудлаа дүүргэхийн тулд нислэгийн журмын дагуу өмнөх нислэгээс хасагдсан 8 зорчигчийн 7-г нь суулгасан, энэ нь тусгай нислэгийн зорилго буюу гадаад улсаас аль болох олон иргэдээ татан авчрах зорилгод нийцнэ гэж үзэж байна... гэжээ.

 

Монгол Улсад коронавируст халдвар (Covid-19)-ын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн хэрэгжилтийг уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллах чиг үүрэг бүхий Улсын онцгой комиссын шуурхай штаб-ыг байгуулж, Шуурхай штабаас гаргасан үүрэг, чиглэлийг төрийн захиргааны байгууллага, нутгийн захиргааны байгууллага, олон улсын байгууллага, ард иргэд мөрдөж хэрэгжүүлэхийг Улсын онцгой комиссын даргын 2020.03.12-ны өдрийн №06 тушаалаар үүрэг болгосон байна.

 

УОК-ын Шуурхай штабын даргын 2020.04.27-ны өдрийн №597 тоот МИАТ ТӨХК-ийн захирал Д.Баттөрд хүргүүлсэн албан бичгээр Улсын Онцгой комиссын чиглэлийн дагуу Монгол иргэдийг татан авах тусгай үүргийн нислэг үйлдэхтэй холбогдуулан гадаад улсад оршин сууж байгаа нэн хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийн холбогдох өргөдөл, нотлох баримтыг Монгол Улсаас гадаадын улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан Улсын Онцгой комиссын Шуурхай штаб хүлээн авч, ЗГХЭГ, ГХЯ, ЭМЯ, ТЕГ, МХЕГ, МИАТ ТӨХК-ийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг иргэдийн өргөдөл, нотлох баримт дээр үндэслэн тусгай үүргийн онгоцонд суух иргэдийн нэрсийг хүргүүлэв гээд нэр нь баталгаажсан иргэдэд онгоцны тасалбарыг холбогдох журмын дагуу олгоё гэжээ.

 

Дээрх албан бичгээс үзэхэд эрх бүхий байгууллагын төлөөллийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсгээс нэн хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг холбогдох өргөдөл, нотлох баримтыг үндэслэн тусгай үүргийн нислэгт хамрагдах зорчигчдын нэрсийг гаргаж баталгаажуулдаг байна.

 

4.   Дэлхий нийтэд шинэ төрлийн коронавирус халдварт өвчин гарч, Монгол Улсад халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан онц байдал зарлаж, хөл хорио тогтоохоос эхлээд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед нэхэмжлэгч нь ...сул суудал гарсан... үндэслэлээр ямар нэг удирдлагын зөвшөөрөлгүй, дур мэдэн, мэдэгдэлгүй нэрсийн жагсаалтаар баталгаажаагүй зорчигчдыг нислэгт бүртгэж, тээвэрлүүлсэн нэхэмжлэгчийн үйлдлийг албан тушаал, эрхэлсэн ажлынхаа давуу талыг ашигласан гэж үзэж, ажилтанд хариуцлага тооцсон ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4. дэх заалтыг зөрчсөн гэж үзэхгүй.

 

Энэ талаарх хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлтэй байна.

 

5.   Анхан шатны шүүх ажилтныг ажлаас халсан тушаалын үндэслэлд зөвшөөрөлгүй дур мэдэн суулгасан зорчигчийн нэрсийг дурдаагүй, ...нэхэмжлэгч нь нислэгийн аюулгүй байдал, цар тахлын халдвар тархахаас урьдчилан сэргийлж, ямар нэг эрсдэл гаргахгүй байх бүхий л арга хэмжээг авч, эрүүл ахуйн шаардлага хангасан зорчигчийг тээвэрлэснийг хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гэж үзэхгүй гэх үндэслэл зааж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглээгүй байна.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад анхан шатны шүүхийн алдааг засаагүй, шийдвэрийг хэвээр үлдээсэн байх тул шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгуулах тухай МИАТ ТӨХК-д холбогдох Ш.Биндэръяагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/02682 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2382 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, МИАТ ТӨХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэгч Ш.Биндэръяагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Рэнчинболдын гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч МИАТ ТӨХК-иас 2021.01.25-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 275,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ

 

ШҮҮГЧИД Б.МӨНХТУЯА

 

Д.ЦОЛМОН

 

Б.УНДРАХ

 

Х.ЭРДЭНЭСУВД