Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2020/02367

 

МАГАДЛАЛ

2020.12.16 Дугаар 2367

 

 

 

 

 

 

Ч.Н-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2020/02178 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ч.Н-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГт холбогдох, Сүхбаатар дүүрэг 3 дугаар хороо 5 дугаар хороолол 2/а дугаар байрны 129 тоот 3 өрөө орон сууцыг битүүмжлүүлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулж чөлөөлүүлэх, албадан нүүлгэх ажиллагаа болон 2 дахь албадан дуудлага худалдааны ялагчид үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож шилжүүлсэн нь хууль зөрчсөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нансалмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1943 дугаар шүүгчийн захирамжаар Г.Хандсүрэнгээс 98 403 500 төгрөгийг гаргуулж Бат энд инвест ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна. Ч.Н нь үл хөдлөх зуучлалын компаниар дамжуулан 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Г.Хандсүрэнгээс Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 5 дугаар хороолол 2а дугаар байрны 129 тоот 3 өрөө орон сууцыг худалдан авч, 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс хойш амьдарч байгаа бөгөөд 10 000 000 төгрөгийн урсгал завсар хийж, шинээр тавилга худалдан авч, ашиглалтын болон СӨХ-ны зардлыг тогтмол төлдөг байсан. Гэтэл 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас эд хөрөнгөд халдсан. Уг орон сууцыг худалдаж авснаас хойш 1 жил 2 сарын хугацаанд шийдвэр гүйцэтгэх газраас хүн ирж байгаагүй. Гэтэл гэнэт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас мэдэгдэл өгч, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 5 дугаар хороолол 2а дугаар байрны 129 тоот 3 өрөө орон сууцыг битүүмжлэх, хураах ажиллагаа явуулсан. Уг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд холбогдуулан зөрчигдсөн эрхээ шийдвэрлүүлэхээр НШШГГт гомдол гаргахад хариу өгөөгүй, харин Шийдвэр гүйцэтгэх газрын Улсын ерөнхий гүйцэтгэгчийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 4/2527 тоот албан бичгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд нийцсэн байна гэж хариу өгсөн.

Мөн дээрх орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, Иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 181/Ш32019/13545 шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д зааснаар маргаан бүхий Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 5 дугаар хөроолол 2а дугаар байрны 129 тоот 3 өрөө орон сууцтай холбоотой, бусдын өмчлөлд шилжүүлэх, худалдах, барьцаалах зэрэг тодорхой үйлдлийг хийхгүй байхыг хариуцагч Г.Хандсүрэнд даалгаж шийдвэрлэснийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар биелүүлэхээр шүүхээс хүргүүлсэн боловч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч нь манайд даалгаагүй гэж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1943 дугаар шүүгчийн захирамжийн дагуу явагдаж байгаа Г.Хандсүрэнгээс төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй маргаан үүссэн тул Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 5 дугаар хороолол 2а дугаар байрны 129 тоот 3 өрөө орон сууцыг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасаж чөлөөлж өгнө үү. Мөн тус газраас барьцаа хөрөнгийг худалдан борлуулахаар 2 дахь албадан дуудлага худалдааг 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 10 цагт зохион байгуулж Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 5 дугаар хороолол 2/а байрны 129 тоот 3 өрөө орон сууцыг бусдад худалдан борлуулсан бөгөөд тус дуудлага худалдааны ялагч нь хөрөнгийн үнийг төлсөн хууль ёсны өмчлөгчөөр тогтоогдоно. Тус дуудлага хуралдааны ялагч нь дэнчингийн 10 хувь буюу 7 080 310 төгрөгийг 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдөр төлсөн. Хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэхийн тулд дуудлага худалдааны ялагч нь 14 хоногийн хугацаандаа байрны үнийг төлснөөр уг орон сууцны хууль ёсны өмчлөгч болох эрхээ олж авах байсан ч хугацааг хэтрүүлэн дуудлага худалдаа зохион байгуулснаас хойш 5 сарын дараа байрны үнэ болох 92 000 000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төлсөн. Гэтэл хариуцагч нь өмчлөх эрхгүй этгээдэд байрыг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлсэн байна. Иймд хариуцагч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа шүүхийн шийдвэрт заагдаагүй ажиллагааг явуулж, төлбөр төлөгч болох нь тогтоогдоогүй иргэний эд хөрөнгөд халдаж эд хөрөнгийг хураан авч, албадан нүүлгэх ажиллагааг явуулсан тул албадан нүүлгэх ажиллагааг хүчингүй болгож, мөн 2 дахь албадан дуудлага худалдааны ялагч хуулиар олгогдсон хугацаанд өөрийн өмчлөх эрхээ баталгаажуулах үүргээ биелүүлээгүй өмчлөх эрхээ алдсан этгээдэд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож шилжүүлсэн нь хууль зөрчсөн болохыг тогтоож өгнө үү.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1943 дугаар захирамжаар Г.Хандсүрэн, Х.Золзаяа нараас 98 403 500 төгрөг гаргуулж Бат энд Инвест ББСБ ХХК-д олгож шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 18281126 дугаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор үүсгэж, төлбөр төлөгч Г.Хандсүрэн, Х.Золзаяа нарын төлбөрийг барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2203000625 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 2/а байрны 129 тоотод байрлах 37 м.кв талбайтай орон сууцаар хангуулж 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой мэдэгдлийг тухай бүр нь талуудад хуулийн дагуу хүргүүлэн ажиллагааг явуулсан. Ажиллагааны явцад төлбөр төлөгчийн зүгээс уг орон сууцыг бусдад худалдан борлуулсан талаар мэдээлэл өгөөгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой мэдэгдэл бүрийг Г.Хандсүрэн, Х.Золзаяа нарт биечлэн мэдэгдэхээс гадна Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 2/а дугаар байрны 129 тоотод баталгаат шуудангаар хүргүүлж байсан. Ч.Н нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш, шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар гарсан бүх мэдэгдэл тухай бүр хаягаар нь ирж байсан тул бүрэн мэдээлэлтэй байсан. Гэвч Г.Хандсүрэн нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага руу битгий оч, зохицуулна гэж хэлсэнд итгээд танай байгууллагад хандаагүй гэсэн тайлбарыг амаар болон бичгээр гаргаж өгсөн нь шүүхийн шийдвэрийн талаар мэдэгдээгүй гэх үндэслэлгүй. Ч.Н нь 2015 онд зээлийн барьцаанд тавигдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2203000625 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 2/а байрны 129 тоотод байрлах 37 м.кв талбайтай орон сууцыг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гэрээ байгуулж худалдан авсан үйлдэл нь хууль бус юм. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой худалдах, худалдан авах гэрээг тухайн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгүйгээр байгуулах боломжгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 178 дугаар зүйлийн 178.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 86 дугаар зүйлийн 86.1, 122 дугаар зүйлийн 122.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан, Ч.Н-гийн хариуцагчаар НШШГГт холбогдуулж, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас орон сууцыг хасч, чөлөөлүүлэх, хариуцагч шүүхийн шийдвэрт заагдаагүй ажиллагааг явуулсан тул албадан нүүлгэх ажиллагааг хүчингүй болгох, 2 дахь албадан дуудлага худалдааны ялагч өөрийн өмчлөх эрхээ баталгаажуулах үүргээ биелүүлээгүй өмчлөх эрхээ алдсан этгээдэд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож шилжүүлсэн нь хууль зөрчсөн болохыг тогтоолгох шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. НШШГГ хүлээсэн ажил үүрэгтэй хариуцлагатай хандаж Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 2/а байрны 129 тоот хаягт орж битүүмжлэх болон хураах ажиллагааг хийсэн бол тус орон сууцад ямар хүмүүс амьдарч байгаа гэдгийг мэдэх боломжтой байсан. Гэтэл хаана үйлдсэн нь тодорхойгүй тэмдэглэл, тогтоолд төлбөр төлөгч Х.Золзаяа гэртээ байв гэж худал бичсэн. Үүнийгээ 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр нүүлгэх ажиллагааг явуулахдаа мэдсэн гэж өөрсдөө хүлээн зөвшөөрч байхад шүүх дүгнээгүй. 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр албадан дуудлага худалдааг зохион байгуулахад Б.Цэнгэл тус орон сууцыг 99 000 000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд 14 хоногийн дотор үнийг төлөх үүргийг 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 19/28 дугаар тогтоолоор 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн дотор үлдэгдэл 92 000 000 төгөргийг төлөх үүргийг хүлээлгэсэн боловч 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 92 000 000 төгрөгийг төлсөн нь өмчлөх эрх үүсэхгүй байх үндэслэл байсан ч уг тогтоолыг үнэлээгүй. НШШГГ 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр орон сууцнаас нүүлгэх үедээ албадаж байгаа нь бичлэгээс харагдаж байхад үнэлээгүй. Харин 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 92 000 000 төгрөг төлөхөөс өмнө битүүмжсэн тогтоол, анхны дуудлага худалдаанд оруулсан тогтоолыг бусдад худалдан борлогдсон үндэслэлээр хүчингүй болгож байгаа нь өмчлөх эрхийг хөндсөн. 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр албадан нүүлгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчид мэдэгдэл өгч байсан зэргээр нотлогдож байна. Үүнээс үзэхэд цаг хугацааны хувьд өмчлөх эрх үүсэх болоогүй 92 000 000 төгрөг төлөхөөс өмнө эдгээр ажиллагааг явуулсан нь буруу. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байна гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж шийдвэрлэсэн боловч талуудын хоорондох маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Ч.Н нь хариуцагч НШШГГт холбогдуулан Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 2а дугаар байрны 129 тоотод байрлах, 37 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулж чөлөөлүүлэх, албадан нүүлгэх ажиллагаа болон 2 дахь албадан дуудлага худалдааны ялагч өмчлөх эрхээ баталгаажуулах үүргээ биелүүлээгүй өмчлөх эрхээ алдсан этгээдэд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож шилжүүлсэн нь хууль зөрчсөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2018/01943 дугаар захирамжаар Г.Хандсүрэн, Х.Золзаяа нар Бат энд инвест ББСБ ХХК-д 98 189 220 төгрөг төлөхөөр, дээрх төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2203000625 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 2а байрны 129 тоотод байршилтай 37 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигчид эвлэрлэснийг баталсан байна. /хх-6-7/

 

Төлбөр төлөгч Г.Хандсүрэн, Х.Золзаяа нар төлбөр авагч Бат энд инвест ББСБ ХХК-д дээрх төлбөрийг төлөөгүй тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2018/01943 дугаар захирамжийг үндэслэн НШШГГ дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулж, төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах буюу албадан дуудлага худалдаагаар худалдахаар битүүмжлэн, хураах ажиллагааг явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасантай нийцсэн. /хх-66, 84-89/

 

Төлбөр төлөгч Х.Золзаяа нь төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулах үнийг саналыг 158 000 000 төгрөг гэж ирүүлснийг төлбөр авагч Бат энд инвест ББСБ ХХК зөвшөөрөөгүй тул НШШГГ 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 52 дугаар тогтоолоор Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийг шинжээч томилжээ.

 

Шинжээч Хөрөнгө-Эстимэйт үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн жишиг үнийн хандлага, тухайн хөрөнгийн байршил, ашиглалтын нөхцөл, эдэлгээ зэрэг байдлуудыг харьцуулан үзэж, 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 2а байр 129 тоотод байрлах 37 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцныг 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 141 606 200 төгрөгөөр үнэлсэн. /1хав-92-98/

 

Дээрх үл хөдлөх хөрөнгийг 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр анхны албадан дуудлага худалдаа явагдсан ба үнийн санал ирээгүй тул 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахад Б.Цэнгэл 99 000 000 төгрөгөөр худалдан авах эрхтэй болж 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 92.000.000 төгрөгийг төлсөн. Улмаар 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 152/01 дугаар байр, орон сууцнаас албадан гаргах тухай тогтоолын дагуу орон сууцыг албадан чөлөөлөх ажиллагааг явуулж Б.Цэнгэлд уг орон сууцны түлхүүрийг гардуулан өгснөөр 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 19/11/1055 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасныг зөрчөөгүй байна. /1хав-124, 133, 141х/

 

Нэхэмжлэгч Ч.Н нь төлбөр төлөгч Г.Хандсүрэнтэй 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулж маргааны зүйл болсон Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 2а байрны 129 тоотод байршилтай 37 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 115 000 000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулж, мөн оны 12 дугаар сарын 07-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр орон сууцны үнийг 110 000 000 төгрөг болгож, төлбөрийг 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдөр төлж дуусмагц орон сууцыг банкны барьцаанаас чөлөөлж Ч.Н-гийн нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцжээ. /1хав-26-30х/

 

Дээрх гэрээний худалдагч тал болох Г.Хандсүрэн нь худалдан авагч Ч.Нт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл, бусдын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгчид худалдахаар тохиролцсныг өмчлөх эрхийг шилжүүлэн өгсөн гэж үзэхгүй тул энэ гэрээ бодитоор хэрэгжих боломжгүй юм.

 

Иймд нэхэмжлэгч Ч.Нийг маргааны зүйл болсон орон сууцны хууль ёсны өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 2а дугаар байрны 129 тоотод байрлах, 37 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, албадан нүүлгэх ажиллагаа болон 2 дахь албадан дуудлага худалдааны ялагч өмчлөх эрхээ баталгаажуулах үүргээ биелүүлээгүй өмчлөх эрхээ алдсан этгээдэд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож шилжүүлсэн нь хууль зөрчсөн болохыг тогтоолгохыг шаардах эрхгүй юм. Энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу өөрт учирсан хохирлоо нэхэмжилэхэд энэ шийдвэр саад болохгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2020/02178 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 178 дугаар зүйлийн 178.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 86 дугаар зүйлийн 86.1, 122 дугаар зүйлийн 122.3 дахь хэсэг... гэснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д ... гэж өөрчлөн шийдвэрийг бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 210 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдусгай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Д.БАЙГАЛМАА