Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2021/01021

 

   

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2020/02178 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2367 дугаар магадлалтай,

 

*******ийн нэхэмжлэлтэй,

*******т холбогдох,

 

Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 2/А дугаар байрны 129 тоот 3 өрөө орон сууцыг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасч, чөлөөлүүлэх, 2019.10.31-ний өдрийн албадан нүүлгэх ажиллагааг хүчингүй болгож, өмчлөх эрхээ баталгаажуулах үүргээ биелүүлээгүй, өмчлөх эрхээ алдсан этгээдийг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, түүнд өмчийг шилжүүлсэн нь хууль зөрчсөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нансалмаагийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Нансалмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.09.25-ны өдрийн 1943 дугаар шүүгчийн захирамжаар Г.Хандсүрэнгээс 98,403,500 төгрөгийг гаргуулж Бат энд Инвест ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна. ******* миний бие нь Римакс хөрөнгө зуучлалын компаниар дамжуулан 2018.08.30-ны өдөр иргэн Г.Хандсүрэнгээс Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 5 дугаар хороолол 2а дугаар байрны 129 тоот 3 өрөө орон сууцыг худалдан авч, 2018.08.30-ны өдрөөс хойш хүү, бэр, ач нарынхаа хамт 7-уулаа амьдарч байгаа бөгөөд өөрийн өмч хөрөнгөд 10 гаруй сая төгрөгийн урсгал завсар хийж, шинээр тавилга худалдан авч, сар бүрийн ашиглалтын болон СӨХ-ны зардлыг тогтмол төлдөг, бид уг орон сууцны Иргэний хуулийн 112 дугаар зүйлд заасан өмчлөгч билээ.

Гэтэл миний өмчлөх эрхэнд 2019.10.30-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Сүхбаатар дүүргийн шийдвэр гүйцэтгэгч нар нь халдсан. Уг орон сууцыг худалдаж авснаас хойш 1 жил 2 сарын хугацаанд эрх бүхий байгууллагаас шийдвэр гүйцэтгэгч гэх хүн ирж байгаагүй, гэтэл заагдсан хаягаар удаа дараа ирж мэдэгдэл өгч, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 5 дугаар хороолол 2а дугаар байрны 129 тоот 3 өрөө орон сууцыг битүүмжлэх, хураах ажиллагаа явагдсан байна гэж та нарт мэдэгдсэн тул Г.Балжмаагаар ахлуулсан шийдвэр гүйцэтгэгч нар орон гэрээс минь албадан нүүлгэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 12 дугаар зүйлд зааснаар өөртөө туслан буцаж байрандаа орсон болно. Уг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 301 дугаар зүйлийн 301.1, 301.2-т заасны дагуу зөрчигдсөн эрхээ шийдвэрлүүлэхээр *******т гомдол гаргахад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хариу өгөөгүй, харин Шийдвэр гүйцэтгэх газрын Улсын ерөнхий гүйцэтгэгчийн 2019.11.07-ны өдрийн 4/2527 тоот албан бичгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд нийцсэн байна гэж хариу өгсөн.

Мөн дээрх орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, Иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.02-ны өдрийн 181/Ш32019/13545 шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д зааснаар маргаан бүхий Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 5 дугаар хороолол 2а дугаар байрны 129 тоот 3 өрөө орон сууцтай холбоотой, бусдын өмчлөлд шилжүүлэх, худалдах, барьцаалах зэрэг тодорхой үйлдлийг хийхгүй байхыг хариуцагч Г.Хандсүрэнд даалгаж захирамжилсныг шийдвэр гүйцэтгэлийн журмаар биелүүлэхээр шүүхээс хүргүүлсэн боловч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч н.Балжмаа нь манайд даалгаагүй учраас надад хамаагүй гэсэн тайлбар өгөн дахин шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-т заасан шийдвэр гүйцэтгэлийн журмаар биелүүлэх хуулиар оногдуулсан үүргээ тус газар нь биелүүлэлгүй дахин бидний эрхэнд халдсан болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д шийдвэр гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шүүхийн шийдвэр хуульд заасан тохиолдолд бусад байгууллага албан тушаалтны шүүхээр баталгаажуулсан шийдвэр байна гэж заасан. Мөн энэ хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т гүйцэтгэх баримт бичиггүйгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасан. Мөн албадан гүйцэтгэх захирамж байхгүй, гүйцэтгэх хуудас байхгүй байхад бусдын хөрөнгөд халдаж, эрх мэдлээ шийдвэр гүйцэтгэгч хэтрүүлж, хуульд заагдаагүй, үүрэг ногдуулаагүй ажиллагааг хийж, эрх мэдлээ тус газрын шийдвэр гүйцэтгэгч хэтрүүлж, хэргийн оролцогч биш, шүүхийн шийдвэрээр ямар ч үүрэг хүлээгээгүй хүний орон байранд, гэрийн эзэд байхгүй, хүнгүй байхад хаалга үүдийг нь эвдлэн орж, эд хөрөнгөд халдаж, албадан нүүлгэх нэрээр гэрийн бүх тавилга эд хөрөнгийг хураан авсан болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 122.3-т энэ хуулийн 44.3, 63.4-т заасан нь бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд өөрийн эрх хөндөгдсөн асуудлаар гомдлоо шүүхэд гаргахад хамаарах гэж зааснаар шүүхэд хандаж байгаа болно. Миний бие тус байрны хууль ёсны шударга өмчлөгч учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д зааснаар бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээдийн хувиар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байх тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.09.25-ны өдрийн 1943 дугаар шүүгчийн захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа хуульд заасан журмыг зөрчиж, орон сууцыг худалдаж авсан гуравдагч этгээд миний эрхийг ноцтойгоор зөрчиж байна гэж үзэж байна.

Тус шүүхэд 2019.11.07-ны өдөр *******т холбогдох асуудлаар нэхэмжлэл гаргасан бөгөөд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.14-ний өдрийн 181/Ш32019/12760 дугаар шүүгчийн захирамжаар уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байдаг, захирамжид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаас бусад гомдлыг ажиллагаа явуулсан этгээдийн дээд шатны албан тушаалтанд гаргана, мөн хуулийн 44 дүгээр зүйл, 122 дугаар зүйл, 301 дүгээр зүйл, гомдол гаргахаар тус тус зохицуулна гэсний дагуу дээд шатны албан тушаалтад удаа дараа гомдол гаргасан. Зөвхөн Шийдвэр гүйцэтгэх газраас хариу өгсөн, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хэргийн оролцогч биш гэсэн үндэслэлээр гүйцэтгэлийн материалтай танилцуулахгүй, нийт 3 өргөдөл гомдол гаргасан, хэл ам гаргалаа гэж амаар загнахаас огт бичгээр хариу өгөөгүй, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122.1-т гуравдагч этгээд битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас эд хөрөнгө хасуулах, чөлөөлүүлэх л надад эрх байна. Энэхүү эрхээс өөр энэ хуулийн 44 дүгээр зүйл, 301 дүгээр зүйлд зааснаар хандахаар шүүхийн харьяалал биш гэж хүлээн авахаас татгалзаж байна.

Гэтэл өнөөдөр миний бие болон миний гэр бүл хэн нэгэн этгээдийн өмнө үүрэг хүлээж өр төлбөрт ороогүй, шударга хөдөлмөр эрхэлж, амьдарч байгаа, улсад 30 гаруй жил ажиллаж өнөөдөр өндөр настан гээд хүндлэгдэх ёстой атал өөрийнхөө хүүхэд шиг хүнд загнуулж, гэр орноосоо хөөгдөж явж байна. Би шүүхэд өгөхөөс өөр арга байхгүй байна. Үнэн учраа хэлээд очихоор хүлээж авч шийдэж байгаа хүмүүс алга асуудлаа өгдөг газар нь л өг гэж хэлж байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.09.25-ны өдрийн 1943 дугаар шүүгчийн захирамжийн дагуу явагдаж байгаа Г.Хандсүрэнгээс төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй маргаан үүссэн тул Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 5 дугаар хороолол 2а дугаар байрны 129 тоот 3 өрөө орон сууцыг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасч, чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Балжмаа шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.9.25-ны өдрийн 1943 дугаар шийдвэрээр Г.Хандсүрэн, Х.Золзаяа нараас 98,403,500 төгрөг гаргуулж Бат энд Инвест ББСБ ХХК-д олгож шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018.10.23-ны өдрийн 18281126 дугаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор үүсгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заагдсан ажиллагаануудаас явуулж төлбөр төлөгч Г.Хандсүрэн, Х.Золзаяа нарын төлбөрийг барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2203000625 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 2/А байрны 129 тоотод байрлах 37 м.кв талбайтай орон сууцаар хангуулж 2019.11.08-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой мэдэгдлийг тухай бүр нь талуудад хуулийн дагуу хүргүүлэн ажиллагааг явуулсан. Ажиллагааны явцад төлбөр төлөгчийн зүгээс уг орон сууцыг бусдад худалдан борлуулсан талаар мэдээлэл өгөөгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой мэдэгдэл бүрийг Г.Хандсүрэн, Х.Золзаяа нарт биечлэн мэдэгдэхээс гадна Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 2/А дугаар байрны 129 тоотод баталгаат шуудангаар хүргүүлж байсан.

Нэхэмжлэгч ******* нь ажиллагааны оролцогч биш, шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар гарсан бүх мэдэгдэл тухай бүр хаягаар нь ирж байсан тул бүрэн мэдээлэлтэй байсан. Гэвч Г.Хандсүрэн нь намайг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага руу битгий оч, би өөрөө зохицуулна гэхээр нь итгээд танай байгууллагад хандаагүй гэсэн тайлбарыг амаар болон бичгээр гаргаж өгсөн нь шүүхийн шийдвэрийн талаар мэдэгдээгүй гэх нь үндэслэлгүй байна. Энэ талаар шүүхэд нотлох баримт гаргаж өгсөн. Наранчимэг энэ бүх зүйлийг бүрэн мэдэж байсан, Хандсүрэнгийн үгэнд ороод албадан чөлөөлөх ажиллагаа явагдах өдөр хүртэл хүүхдүүддээ хэлэлгүй нууж байсан юм билээ.

Мөн нэхэмжлэгч ******* нь 2015 онд зээлийн барьцаанд тавигдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2203000625 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 2/А байрны 129 тоотод байрлах 37 м.кв талбайтай орон сууцыг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гэрээ байгуулж худалдан авсан үйлдэл нь хууль бус юм. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой худалдах худалдан авах гэрээг тухайн үл хөдлөх хөрөнгийн эх хувь гэрчилгээгүйгээр байгуулах боломжгүй.

Албадан дуудлага худалдааны ялагчийн өмчлөлд хуулийн дагуу үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шилжүүлсэн. 2019.12.23-ны өдөр ******* дахин шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж албадан чөлөөлөх ажиллагаа явуулаагүй, ажиллагаа дуусгавар болсноос хойш байранд айл дайраад орчлоо очиж үз гэж хүсэлт гаргасан тул очиж үзэж нүдээр харсан болно. Иймээс *******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2020/02178 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1., 178 дугаар зүйлийн 178.2., Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2., 86 дугаар зүйлийн 86.1., 122 дугаар зүйлийн 122.3.-т заасныг тус тус баримтлан, иргэн *******ийн *******т холбогдуулж, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас орон сууцыг хасч, чөлөөлүүлэх, хариуцагч шүүхийн шийдвэрт заагдаагүй ажиллагааг явуулсан тул албадан нүүлгэх ажиллагааг хүчингүй болгох, 2 дахь албадан дуудлага худалдааны ялагч өөрийн өмчлөх эрхээ баталгаажуулах үүргээ биелүүлээгүй өмчлөх эрхээ алдсан этгээдэд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож шилжүүлсэн нь хууль зөрчсөн болохыг тогтоолгох шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2367 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2020/02178 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 178 дугаар зүйлийн 178.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 86 дугаар зүйлийн 86.1, 122 дугаар зүйлийн 122.3 дахь хэсэг... гэснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д ... гэж өөрчлөн шийдвэрийг бусад заалтыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 210,000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нансалмаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн шаардлага хангасан гэж хэт нэг талыг барин, нотлох баримтуудыг бүрэн судлалгүйгээр шийдвэрлэсэн. Учир нь хариуцагч тал өмнө нь гарсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагаа явуулсан хэдий ч шүүхээр орж шийдвэрлэгдээгүй ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон, дуудлага худалдааны ялагч хуулиар олгосон 14 хоногт байрны төлбөрийг 1-д төлөөгүй байсан, мөн 2-т Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т ...гүйцэтгэх баримт бичиггүйгээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хориглоно. гэж заасан байхад шүүхээр үүрэг ногдоогүй төлбөр төлөгч биш Монгол Улсын иргэн хүний өмчлөх эрхэнд хууль бусаар халдаж, бусдын орон байранд нэвтрэн орж гэрийн тавилга эд хогшил зэрэг эд хөрөнгийг хураан авсан, *******ийн хөрөнгийг хураах нүүлгэн гаргах шүүхийн шийдвэр өнөөдрийг хүртэл гараагүй байгаа, шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүхээс нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Хэдийгээр Наранчимэг хүнд залилуулан өнөөдрийн байдалд хүрсэн ч гэсэн шүүхээр орж шийдвэрлэгдсэн албадан нүүлгэх ажиллагаа хийх тухай шүүхийн шийдвэр байхгүй, мөн 2018.08.31-ээс хойш бүтэн жил ажиллаж байхад нэг ч удаа шийдвэр гүйцэтгэх газраас ирж мэдэгдэл өгч байгаагүй атлаа шүүхэд мэдэгдэж байсан гэж худал хэлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрвээ нэг удаа ирээд мэдэгдэл өгсөн бол өнөөдөр тус байранд засвар хийлгэж, шинээр тавилга авч, өөрсдийгөө нэмж хохироохгүй байсан. Энэ талаар шүүх ерөөсөө шийдвэр, магадлалд яриагүй мэт дурдагдахгүй үнэлэхгүй байгаад гомдолтой байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.09.01-ний өдрийн 181/ШШ2020/02178 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.18-ны өдрийн 2387 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч ******* *******т холбогдуулан Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 2/А дугаар байрны 129 тоот 3 өрөө орон сууцыг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасч, чөлөөлүүлэх, 2019.10.31-ний өдрийн албадан нүүлгэх ажиллагааг хүчингүй болгож, өмчлөх эрхээ баталгаажуулах үүргээ биелүүлээгүй, өмчлөх эрхээ алдсан этгээдийг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, түүнд өмчийг шилжүүлсэн нь хууль зөрчсөн болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна.

 

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

1.   Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Г.Хандсүрэн, Х.Золзаяа нараас 98,403,500 төгрөгийг гаргуулж Бат энд Инвест ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.09.25-ны өдрийн 1943 дугаартай шийдвэрт 2018.10.23-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, ажиллагааны явцад үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 2/А дугаар байрны 129 тоот 3 өрөө орон сууцыг битүүмжлэн, хурааж, шинжээч томилон зах зээлийн үнэлгээг тогтоож, албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар дуудлага худалдааг зохион байгуулж, улмаар дээрх үл хөдлөх эд хөрөнгө 2 дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдсон тул худалдан авагчийн эзэмшил, өмчлөлд хөрөнгийг шилжүүлж, төлбөр авагчийн төлбөрийг төлснөөр 2019.11.08-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон үйл баримт тогтоогджээ.

 

Шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх мэдэгдлийг тухай бүрт нь талууд, өмчлөгчид мэдэгдэж байсан, битүүмжлэн хураасан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой маргаан үүссэн болох нь баримтаар тогтоогдоогүй, албадан нүүлгэх ажиллагаа, худалдан борлогдсон үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдааны ялагчид шилжүүлэн өгч, өмчлөгчөөр тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчөөгүй үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

2.   Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлээ: ...шүүх хэрэгт цугларсан баримтыг бүрэн судлахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн, ...1-рт дуудлага худалдааны ялагч хуульд заасан хугацаанд үлдэгдэл төлбөрөө төлөөгүй байсан, 2-рт шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3. дахь заалтыг зөрчиж гүйцэтгэх бичиг баримтгүйгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч биш иргэний өмчид хууль бусаар халдаж, нүүлгэн гаргах ажиллагаа явуулсан, ...тухайн байранд нэг жил амьдарч байхад шийдвэр гүйцэтгэх газраас ирж мэдэгдэл өгч байгаагүй, ...энэ талаар шийдвэр, магадлалд дурдахгүй, үнэлэхгүй байгаад гомдолтой байна... гэжээ.

 

а/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71.10.-т дуудлага худалдаагаар борлогдсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх эсэх тухай дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн шийдвэрийг тогтоосон хугацаанд танилцуулна, энэ хугацаа 14 хоногоос хэтрэхгүй байна гэж, 71.12.-т дуудлага худалдааны ялагч худалдаж авсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 71.10.-т заасан хугацаанд төлөөгүй бол дэнчинг улсын орлого болно, 71.14.-т үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлсэн шийдвэрт гомдол гаргаагүй тохиолдолд худалдан авагч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болно гэжээ.

 

Үүргийн гүйцэтгэлд хураагдсан төлбөр төлөгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө 2019.06.07-ны өдрийн албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдсон, дуудлага худалдааны ялагчийг тогтоож, дуудлага худалдааны орлогыг төвлөрүүлэх хугацааг заасан албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн өмчлөх эрх шилүүлэх тогтоол гарахаас өмнө төлбөр төлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар шүүгчийн захирамжаар 2019.06.12-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлжээ.

 

Гомдлын дагуу хэргийг хянан шийдвэрлэж шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдснээр албадан дуудлага худалдааны ялагч худалдан авсан хөрөнгийн үнийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд төлснийг хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй, албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх шийдвэрт нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул дуудлага худалдааны ялагчийг өмчлөгч гэж үзэн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгчид хүлээлгэн өгсөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй.

 

б/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.18.-д зааснаар албадан дуудлага худалдаагаар эрх шилжүүлсэн тухай эрхлэн хөтлөгчийн шийдвэрийг гүйцэтгэх баримт бичгийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ.

 

Иймд албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдож, ялагчийн өмчлөлд шилжсэн үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлөхөд шүүхийн шийдвэр гарсан байхыг шаардахгүй тул шүүхийн шийдвэргүйгээр албадан нүүлгэх ажиллагаа явагдсан гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

Давж заалдах шатны шүүх гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, хэрэгт цугларсан баримтад өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсныг буруутгах үндэслэлгүй боловч нэхэмжлэлийн шаардлагад хамаарах зарим зүйл заалтыг, тухайлбал шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргах зохицуулалтыг орхигдуулсан байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах замаар алдааг залруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2367 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2020/02178 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...44.2., 86 дугаар зүйлийн 86.1., 122 дугаар зүйлийн 122.3.-т заасныг... гэснийг ...44.4., 122 дугаар зүйлийн 122.2.-т заасныг... гэж өөрчлөн шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нансалмаагийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Б.Нансалмаагаас 2021.01.18-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.СОНИНБАЯР

 

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Д.ЦОЛМОН

 

Б.УНДРАХ

 

Х.ЭРДЭНЭСУВД