Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 181/ШШ2020/02178

 

 

 

 

 

 

 

                 2020         09           01

                                 181/ШШ2020/02178

        

 

 

               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                         

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, Ч.Н /регистрийн дугаар: .........................../-ийн

 

хариуцагч: өөрийн байранд байрлах, НШШГГт  холбогдох

 

тоот 3 өрөө орон сууцыг битүүмжлүүлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасч, чөлөөлүүлэх,албадан нүүлгэх ажиллагааг хүчингүй болгож, мөн 2 дахь албадан дуудлага худалдааны ялагч хуулиар олгогдсон хугацаанд өөрийн өмчлөх эрхээ баталгаажуулах үүргээ биелүүлээгүй өмчлөх эрхээ алдсан этгээдэд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож шилжүүлсэн нь хууль зөрчсөн болохыг тогтоолгох тухай  нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, нэхэмжлэнчийн өмгөөлөгч Ш.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, гэрч Ц.Э, Э.Г, Э.Б, Б.Ц шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Х нар оролцов.

       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1943 дугаар шүүгчийн захирамжаар Г.Хгээс 98,403,500 төгрөгийг гаргуулж “Б” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн байна. Ч.Н миний бие нь “Римакс” хөрөнгө зуучлалын компаниар дамжуулан 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр иргэн Г.Хгээс Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 5 дугаар хороолол 2а дугаар байрны 129 тоот 3 өрөө орон сууцыг худалдан авч, 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс хойш хүү, бэр, ач нарынхаа хамт 7лаа амьдарч байгаа бөгөөд өөрийн өмч хөрөнгөнд 10 гаруй сая төгрөгийн урсгал завсар хийж, шинээр тавилга худалдан авч, сар бүрийн ашиглалтын болон СӨХ-ны зардлыг тогтмол төлдөг бид бол уг орон сууцны Иргэний хуулийн 112 дугаар зүйлд заасан өмчлөгч билээ. Гэтэл миний өмчлөх эрхэнд 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Сүхбаатар дүүргийн шийдвэр гүйцэтгэгч нар нь халдсан. Уг орон сууцыг худалдаж авснаас хойш 1 жил 2 сарын хугацаанд эрх бүхий байгууллагаас шийдвэр гүйцэтгэгч гэх хүн ирж байгаагүй гэтэл заагдсан хаягаар удаа дараа ирж мэдэгдэл өгч, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 5 дугаар хороолол 2а дугаар байрны 129 тоот 3 өрөө орон сууцыг битүүмжлэх, хураах ажиллагаа явагдсан байна гэж та нарт мэдэгдсэн тул Г.Бгаар ахлуулсан шийдвэр гүйцэтгэгч нар орон гэрээс минь албадан нүүлгэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 12 дугаар зүйлд зааснаар өөртөө туслан буцаж байрандаа орсон болно. Уг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 301 дугаар зүйлийн 301.1, 301.2-т заасны дагуу зөрчигдсөн эрхээ шийдвэрлүүлэхээр НШШГГт гомдол гаргахад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хариу өгөөгүй, харин Шийдвэр гүйцэтгэх газрын Улсын ерөнхий гүйцэтгэгчийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 4/2527 тоот албан бичгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд нийцсэн байна гэж хариу өгсөн.

Мөн дээрх орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, Иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 181/Ш32019/13545 шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д зааснаар маргаан бүхий Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 5 дугаар хөроолол 2а дугаар байрны 129 тоот 3 өрөө орон сууцтай холбоотой, бусдын өмчлөлд шилжүүлэх, худалдах, барьцаалах зэрэг тодорхой үйлдлийг хийхгүй байхыг хариуцагч Г.Хд даалгаж захирамжилсаныг шийдвэр гүйцэтгэлийн журмаар биелүүлэхээр шүүхээс хүргүүлсэн боловч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч н.Б нь манайд даалгаагүй учраас надад хамаагүй гэсэн тайлбар өгнө дахин шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-т заасан шийдвэр гүйцэтгэлийн журмаар биелүүлэх хуулиар оногдуулсан үүргээ тус газар нь биелүүлэлгүй дахин бидний эрхэнд халдсан болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т шийдвэр гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шүүхийн шийдвэр хуульд заасан тохиолдолд бусад байгууллага албан тушаалтны шүүхээр баталгаажуулсан шийдвэр байна гэж заасан. Мөн энэ хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т гүйцэтгэх баримт бичиггүйгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасан. Мөн албадан гүйцэтгэх захирамж байхгүй, гүйцэтгэх хуудас байхгүй байхад бусдын хөрөнгөд халдаж, эрх мэдлээ шийдвэр гүйцэтгэгч хэтрүүлж, хуулинд заагдаагүй, үүрэг ногдуулаагүй ажиллагааг хийж, эрх мэдлээ тус газрын шийдвэр гүйцэтгэгч хэтрүүлж, хэргийн оролцогч биш, шүүхийн шийдвэрээр ямар ч үүрэг хүлээгээгүй хүний орон байранд, гэрийн эзэд байхгүй, хүнгүй байхад хаалга үүдийг нь эвдлэн орж, эд хөрөнгөд халдаж гэрийн тавилга эд хөрөнгийг албадан нүүлгэх нэрээр гэрийн бүх тавилга эд хөрөнгийг хураан авсан болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 122.3-т энэ хуулийн 44.3, 63.4, заасан нь бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд өөрийн эрх хөндөгдсөн асуудлаар гомдлоо шүүхэд гаргахад хамаарах гэж зааснаар шүүхэд хандаж байгаа болно. Миний бие тус байрны хууль ёсны шударга өмчлөгч учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д зааснаар бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч эттээдийн хувиар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байх тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1943 дугаар шүүгчийн захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа хуульд заасан журмыг зөрчиж, орон сууцыг худалдаж авсан гуравдагч этгээд миний эрхийг ноцтойгоор зөрчиж байна гэж үзэж байна. Тус шүүхэд 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр НШШГГт холбогдох асуудлаар нэхэмжлэл гаргасан бөгөөд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/11132019/12760 дугаар шүүгчийн захирамжаар уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байдаг захирамжид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаас бусад гомдлыг ажиллагаа явуулсан этгээдийн дээд шатны албан тушаалтанд гаргана, мөн хууулийн 44 дүгээр зүйл, 122 дугаар зүйл, 301 дүгээр зүйл, гомдол гаргахаар тус тус зохицуулна гэсний дагуу дээд шатны албан тушаалтад удаа дараа гомдол гаргасан. Зөвхөн Шийдвэр гүйцэтгэх газраас хариу өгсөн, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хэргийн оролцогч биш гэсэн үндэсллээр гүйцэтгэлийн материалтай танилцуулахгүй, нийт 3 өргөдөл гомдол гаргасан хэл ам гаргалаа гэж амаар загнахаас огт бичгээр хариу өгөөгүй, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122.1-т гуравдагч этгээд битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас эд хөрөнгө хасуулах, чөлөөлүүлэх л надад эрх байна. Энэхүү эрхээс өөр энэ хуулийн 44 дүгээр зүйл, 301 дүгээр зүйлд зааснаар хандахаар шүүхийн харьяалал биш гэж хүлээн авахаас татгалзаж байна. Гэтэл өнөөдөр миний бие болон миний гэр бүл хэн нэгэн этгээдийн өмнө үүрэг хүлээж өр төлбөрт ороогүй, шударга хөдөлмөр эрхэлж, амьдарч байгаа улсад 30 гаруй жил ажиллаж өнөөдөр өндөр настан гээд хүндлэгдэж ёстой. Атал өөрийнхөө хүүхэд шиг хүнд загнуулж, гэр ороноосоо хөөгдөж явж байна. Би шүүхэд өгөхөөс өөр арга байхгүй байна. Үнэн учраа хэлээд очихоор хүлээж авч шийдэж байгаа хүмүүс алга асуудлаа өгдөг газар нь л өг гэж хэлж байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1943 дугаар шүүгчийн захирамжийн дагуу явагдаж байгаа Г.Хгээс төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй маргаан үүссэн тул Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 5 дугаар хороолол 2а дугаар байрны 129 тоот 3 өрөө орон  сууцыг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасч, чөлөөлж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нансалмаа шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцож гаргасан тайлбартаа:Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1943 дугаар шүүгчийн захирамжаар иргэн Г.Хгээс 98,000,000 төгрөг гаргуулж “Б”ББСБ-д өгөхөөр гаргасан. Үүний дараа шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжлэх хураах, битүүмжилсэн хураасан хөрөнгөд үнэлгээ хийгээд албан дуудлага хурлаар оруулж өмчлөгчид шилжүүлэх ажиллагаа хийгдсэн. 1943 дугаар шүүгчийн захирамжид зөвхөн барьцаа хөрөнгийг худалдан борлуулахыг даалгасан байхад шийдвэрт заагдаагүй албадан нүүлгэх ажиллагаа явагдсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т заасан заалтыг зөрчсөн.

Мөн тус газраас барьцаа хөрөнгийг худалдан борлуулахаар 2 дахь албадан дуудлага худалдааг 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 10 цагт зохион байгуулж Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 5 дугаар хороолол 2/А байрны 129 тоот 3 өрөө орон сууцыг бусдад худалдан борлуулсан бөгөөд тус дуудлага худалдааны ялагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10-т заасан хугацаанд хөрөнгийн үнийг төлсөн байж хууль ёсны өмчлөгчөөр тогтоогдоно. Тус дуудлага хуралдааны ялагч нь дэнчингийн 10 хувь буюу 7,080,310 төгрөгийг 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдөр төлсөн байна. Хуулиар олгогдсон  эрхээ хэрэгжүүлэхийн тулд дуудлага худалдааны ялагч нь 14 хоногийн хугацаандаа байрны үнийг төлснөөр уг орон сууцны хууль ёсны өмчлөгч болох эрхээ олж авах байсан ч хугацааг хэтрүүлэн дуудлага худалдаа зохион байгуулснаас хойш 5 сарын дараа байрны үнэ болох 92,000,000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төлсөн. Гэтэл хариуцагч нь өмчлөх эрхгүй этгээдэд байрыг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлсэн байна. Иймд хариуцагч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа шүүхийн шийдвэрт заагдаагүй ажиллагааг явуулж, төлбөр төлөгч болох нь тогтоогдоогүй иргэний эд хөрөнгөд халдаж эд хөрөнгийг хураан авч, албадан нүүлгэх ажиллагааг явуулсан тул албадан нүүлгэх ажиллагааг хүчингүй болгож, мөн 2 дахь албадан дуудлага худалдааны ялагч хуулиар олгогдсон хугацаанд өөрийн өмчлөх эрхээ баталгаажуулах үүргээ биелүүлээгүй өмчлөх эрхээ алдсан этгээдэд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож шилжүүлсэн нь хууль зөрчсөн болохыг тогтоож өгнө үү”.   

Иргэн Ч.Н “Ремикс” хөрөнгө зуучлалын компаниар дамжуулан 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр иргэн Г.Хгээс Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 5 дугаар хороолол 2А байр 129 тоот 3 өрөө орон сууцыг 115,000,000 төгрөгөөр худалдаж авсан ба тэр өдрөө 3 өрөө байрны түлхүүрийг аваад, Г.Хгийн охин Згийн дансанд 90,000,000 төгрөгийг шилжүүлэн 08 дугаар сарын 31-ний өдөр орсон. Энэ өдрөөс хойш шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хүн ирж байгаагүй. Г.Х анх ББСБ-д байраа барьцаанд тавьчихсан чөлөөлнө гээд 90,000,000 төгрөгийг урьдчилан авсан.

2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөгийг чөлөөлж байна гээд баталгаа гаргаж өгөөд 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр тодорхойлолт нотариатаар батлуулсан. 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 4,000,000 төгрөг зээлж авсан. 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гэрээндээ өөрчлөлт оруулаад 110,000,000 төгрөгөөр худалдаж байна гэж өөрчилсөн.

Та нар тайван сууж бай энэ асуудлыг шийдэх гээд байна зургийг нь авах хэрэгтэй байна гээд 2019 оны 03 дугаар сард Г.Х нэг хүн дагуулж орж ирсэн. 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр урд нь авсан 94,000,000 төгрөгтөө хүү бодоод 6,000,000 төгрөг болсон байна. 10,000,000 төгрөг авахаасаа татгалзаж байна, зээлсэн хүү алданги тооцоод үзэхэд нийт 6,000,000 төгрөг болсон, Ч.Нтэй байгуулсан зээлийн гэрээ дуусгавар болсон. Үүгээр 110,000,000 төгрөгөөр тооцогдсон орон сууц худалдах, худалдан авах гэрээний төлбөр тооцоо дууссан ба Ч.Нийн харилцан тохиролцон Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 2А байр, 129 тоот 3 өрөө орон сууцын төлбөрөө Ч.Н бүрэн төлсөн тул өмчлөх эрхийг шилжүүлж болно гэсэн баримтыг нотариатаар батлуулсан баталгаа бичиж өгсөн. Үүний дагуу Н тухайн орон сууцны шударга өмчлөгч мөн гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээч томилсон байсан. Шүүхээс заагдсан хаягаар нэг ч удаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хүн ирж байгаагүй, битүүмжлэх, хураах ажиллагаа хийгдээгүй, харин ганцхан шинжээч гэх хүн /тухайн үед шинжээч гэж хэлээгүй/ зургийг нь дарах гэсэн юм гээд Г.Хгийн хамт орж ирсэн байдаг. Түүнээс хойш ямар ч сураг байхгүй албан дуудлага худалдаанд оруулсан.

2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс хойш тухайн байранд засвар хийгээд паркетэн шал, ханын цаасыг нь сольсон, гал тогооны тавилга, угаалгын өрөөнд засвар хийгдээд сантехникийн үйлчилгээг бүрэн авчихсан, тагтанд засвар хийгээд гэртээ тавилга аваад бүрэн шинэчилсэн байсан үед шинжээч ирсэн байдаг. Түүний дараа шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдэл ирээгүй, үнэлгээний мэдэгдлийг шуудангаар ирсэн зүйл ч байхгүй байсаар 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэрийнх нь үүдэнд мэдэгдэл наачихсан байсан. Г.Х рүү залгаад энэ юу наачихсан юм бэ гэж асуухад Х нь зүгээр зүгээр битгий санаа зов удахгүй асуудлаа шийднэ гэж хэлсэн. Тэгээд Ч.Н нь Хтэй уулзая холбоо бария гээд дэлгүүр дээр нь очсон чинь зугтаад олдохгүй байсан гэсэн.

2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хүмүүс дагуулаад Х гэрт нь ирээд албадан нүүлгэх ажиллагааг явуулсан. Тухайн үед өмнө нь мэдэгдэл ирүүлээгүй байж манай гэрийг нүүлгэх ажиллагааг явуулчихлаа гээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар улсын ерөнхий гүйцэтгэгчид бүх шатанд нь гомдол гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ямар нэгэн процесс ажиллагааны талаар бид нарт танилцуулаагүй танайх гуравдагч этгээд байна шүүхийн шийдвэрт заагдаагүй төлбөр төлөгч, төлбөр авагч биш хүнд манайхаас хэргийн материал танилцуулахгүй гээд танилцуулдаггүй байсан. Шүүхэд нэхэмжлэл гаргаад шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материалыг хариуцагч гаргаж ирээд ямар ямар процесс ажиллагааг зөрчсөн гэдгийг мэдсэн. Нэгдүгээрт 2018 оны 11 дүгээр сард шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжилсэн. Битүүмжлэх ажиллагаа явуулахдаа хөндлөнгийн гэрч оролцуулаагүй тус тогтоол дээр Сүхбаатар дүүрэг 3 дугаар хороо 5 дугаар хороолол 2А байр 129 тоот 3 өрөө орон сууцанд очиж эд хөрөнгө битүүмжлэв гэсэн байсан. Тогтоолд шүүхээс заасан хаягаар очсон гэсэн боловч тэр хаяг дээр ирж байгаагүй. 2019 оны 01 болон 03 дугаар сард хураах ажиллагаа хийгдсэн байдаг. Хавтаст хэргийн 90 дүгээр хуудсанд Г.Хгийн охин З байна гээд хуурамч тэмдэглэл үйлдэгдсэн байдаг. Хураах тогтоолд 2 гэрчийг оролцуулсан хураах ажиллагааг шүүхээс авсан хаягаар явуулсан гээд хууль ёсны дагуу хийгдсэн байгаа юм шиг боловч бодит байдал дээр сүүлд худалдаж авсан хүмүүс нь хураах ажиллагаа битүүмжлэх ажиллагааг мэдээгүй байдаг. Ингээд 2 дахь албан дуудлага худалдаанд иргэн Б.Ц 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хавтаст хэргийн 113 дугаар хуудсанд албан дуудлага худалдааны дэнчин 7,000,000 төгрөг төлсөн байдаг. Хавтаст хэргийн 117 дугаар хуудсанд албан дуудлага худалдаанд 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 99,000,000 төгрөгөөр иргэн Ц худалдаж авсан. 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ахлах  Өлзийсайхан албан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгч өмчлөх эрх 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр иргэн Ц дуудлага худалдааны ялагчаар тодорсон  тул 2019 оны 06 дугаар сарын 21-ны өдөр үлдэгдэл төлбөрөө төлнө үү хэрвээ энэ хугацаанд төлбөрөө төлөөгүй бол тус орон сууц нь таны өмчид шилжихгүй гэсэн утгатай мэдэгдлийг иргэн Б.Цд өгсөн байдаг. 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Тухайн үед үнэлгээн дээр Г.Х гомдол гаргасан байсан. 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ариунцэцэг гэх хүнийг оролцуулаад хурал болоод нэхэмжлэгч тал нэхэмжлэлээ дэмжиж ирээгүй гэх шалтгаанаар нэхэмжлэлийг буцаасан. Энэ ажиллагаа нь нэг хэсэг зогссон байж байгаад 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 19/35 тоот хавтаст хэргийн 122 дугаар хуудсанд албан дуудлага худалдаанд оруулсан тогтоолыг хүчингүй болгох битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас чөлөөлүүлэх гэсэн агуулга бүхий албан бичиг гарсан байдаг. Тухайн хөрөнгө нь бусдад худалдан борлуулагдсан зөвхөн дэнчингийн 7,000,000 төгрөг төлсөн үлдэгдэл 92,000,000 төгрөгийг төлөөгүй 10 дугаар сарын 01-ний өдөр төлсөн учраас албан дуудлага худалдаанд оруулсан тогтоолыг хүчингүй болгож байна гэж үүнийг үндэслээд 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр иргэн Г.Х шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 108 дугаар зүйлд заасны дагуу нүүн гарах этгээд байр султгаж өг гэсэн агуулга бүхий мэдэгдэл хүргүүлсэн байдаг.Тус мэдэгдэл 2020 оны 10 дугаар сарын 10-нд гарсан байхад 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр буюу 11 хоногийн дараа иргэн Ц нь төлбөрийн үлдэгдэл 92,000,000 төгрөгийг шийдвэр гүйцэтгэх газрын дансанд төлсөн байдаг.

2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр албан нүүлгэх ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 3 дах хэсэг, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 2.7 дах хэсэг, 100 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар зөрчсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт 6 дугаар зүйлийн 2.6-д заасан энэ хуулийн бусад тохиолдолд шийдвэр гүйцэтгэх баримт бичиггүйгээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн.

Иргэн Ч.Нийн ам бүл 7, энэ айлын эд хөрөнгийг нүүлгэн гаргах шүүхийн шийдвэр өнөөдрийн байдлаар гараагүй байгаа. Шүүхийн шийдвэр байхгүй гүйцэтгэх хуудас бичигдээгүй төлбөр төлөгч гэдэг нь шүүхээр тогтоогдоогүй байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба бол дур мэдэж ажиллагаа явуулсан. Мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 2.7 дах хэсэгт төлбөр төлөгчийг албадан нүүлгэхээс бусад тохиолдолд гэж байна, албадан нүүлгэх ажиллагааг онцгой ажиллагааны журмаар заавал шүүхээр орж шйидэгддэг учраас үүнээс бусал тохиолдолд ахлах шийдвэр гүйцэтгэгч зөвшөөрөл авснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явууна гэж заасан учир энэ заалтыг зөрчсөн. Талуудаас ирсэн гомдлыг үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд гүйцэтгэх арга хэмжээ хүчингүйд тооцох эрх тухайн үед байсан. Шийдвэр гүйцэтгэх газар анхнаас нь ажиллагааг буруу явуулсан түүнийгээ хүлээн зөвшөөрөөгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасан ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба ганцхан шүүхээр шийдвэрлэсэн баталгаажсан гүйцэтгэх хуудас бичигдсэн албадан гүйцэтгэх захирамж, шүүхийн захирамж, тогтоол гарсан ажиллагаанууд дээр шийдвэр гүйцэтгэх алба ажиллагаа явуулах байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 100 дугаар зүйлд орон байрнаас нүүлгэн гаргах, байр агуулах сав газар чөлөөлөх барилга байгууламжийг нураах шийдвэрийг гүйцэтгэх гэж байна энэ заалтыг зөрчиж шүүхийн шийдвэр огт гараагүй байхад нүүлгэн гаргах ажиллагааг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр болон 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ажиллагааг явуулсан. Тиймээс энэ ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шийдвэр гүйцэтгэх албанаас 2019 оны 06 дугаар сарын 26-ны дотор төлбөрөө төлөөгүй тохиолдолд өмчлөгчөөр тооцохгүй гэсэн мэдэгдлийг Б.Цд өгсөн байж Ц нь 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 92,000,000 төгрөг төлсөн.

Манай талаас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзээд 2020 оны 04 дүгээр сард шаардлагаа нэмэгдүүлсэн. Хариуцагчийн өгсөн нотлох баримтын хүрээнд энэ хүн шийдвэр гүйцэтгэх албанаас тухайн байрны өмчлөгчөөр албан дуудлага худалдаанд ороод ялагч болсон ч хуулийн хугацаандаа төлбөрөө төлөөгүй байна гэсэн байсан учир нэхэмжлэлийн шаардлагаа өмчлөгч эрхээ тогтоож, мөн өмчлөх эрхээ алдсан болохыг тогтоож албан нүүлгэх ажиллагааг нь шүүхээр шийдэгдээгүй байхад дур мэдэн ажиллагаа явуулсан. Ийм тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулин дээр заасан байдаг, албадан дуудлага худалдаанд ороод авсан этгээд нь эзэмших эрх нь хүлээгдээд байгаа бол тэр эрхийг нь цааш үргэлжлүүлнэ гэсэн заалтыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүлээж аваагүй. Манай зүгээс шүүхэд 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргаад иргэний хэрэг үүссэн. Тэр ажиллагаатай холбогдуулаад 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр тус орон сууцанд ажиллагаа явуулахыг нь хориглоод бусдад өмчлөн шилжүүлэхгүй байхыг хариуцагчид даалгасан шүүгчийн захирамж гарсан. Шүүгчийн захирамжаа шуудангаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар руу явуулсан. Ингээд хэд хоногийн дараа очиж асуухад манай шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажиллагаанд шүүгчийн захирамж бол хамаагүй гэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр захирамжийг биелүүлэх үүрэгтэй гэтэл үүргээ биелүүлээгүй.

2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр дахин нүүлгэх ажиллагааг явуулсан нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн мэдэгдлийн нотлох баримтаар нотлогддог. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь түдгэлзүүлэх захирамжийг хүртэл биелүүлээгүй зөрчсөн асуудал гаргасан учир шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч Ч.Н нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасны дагуу гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдсөн учир шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 3 дах хэсэг, 63 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааг мэдэгдээгүй гэж нэхэмжлэл гаргасан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар төлбөр гаргуулахаар хураагдсан эд хөрөнгийг өмчлөх эрхтэй холбоотой маргаан үүссэн бол битүүмжлэх хөрөнгийн жагсалтаас хасуулах болон чөлөөлөх нэхэмжлэлийг шүүхэд гаргана гэсний дагуу бид гаргасан. Яагаад өмчлөх эрхтэй холбоотой маргаан үүссэн бэ гэхээр шүүхийн шийдвэрээр иргэн Г.Х төлбөртэй байгаад байдаг. Г.Х нь Ч.Нт үл хөдлөхийг худалдан борлуулчихаад Иргэний хуулинд заасны дагуу шудрага эзэмшигч болчихсон. Ажиллагаа явагдах үед 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр эрх шилжүүлэх албан бичиг явуулаад гуравдах шаардлагатай холбоотой өмчлөх эрх нь улсын бүртгэлийн газар бүртгэсэн. Шүүгчийн захирамж гараад Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс дээр очоод урьдчилан тэмдэглэгээ хийх гэж байхад маргаан болж байж бүртгэл хийгдсэн. Энэ ажиллагаанууд нь хууль зөрчиж гүйцэтгэх хуудас өгөөгүй, албадан нүүлгэх ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулинд заасны дагуу тусгай зохицуулалттай. 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болчихсон. Дуусгавар болсон тогтоол гарсны дараа 2019 оны 12 дугаар сард эрхийг нь шилжүүлээд 12 дугаар сарын 20-ны өдөр албадан гаргана гээд мэдэгдэл өгөөд 12 дугаар сарын 23-ны өдөр албадан гаргах ажиллагаа хийгээд энэ нь хууль зөрчсөн. Тийм учраас нэхэмжлэлийн 3 шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1943 дугаар шийдвэрээр Г.Х, Х.З нараас 98,403,500 төгрөг гаргуулж “БББСБ” ХХК-д олгож шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 18281126 дугаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор үүсгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заагдсан ажиллагаануудаас явуулж төлбөр төлөгч Г.Х, Х.З нарын төлбөрийг барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2203000625 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 769 дугаар байрны 129 тоотод байрлах 37 м.кв талбайтай орон сууцаар хангуулж 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой мэдэгдлийг тухай бүр нь талуудад хуулийн дагуу хүргүүлэн ажиллагааг явуулсан. Ажиллагааны явцад төлбөр төлөгчийн зүгээс уг орон сууцыг бусдад худалдан борлуусан талаар мэдээлэл өгөөгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой мэдэгдэл бүрийг Г.Х, Х.З нарт биечлэн мэдэгдэхээс гадна Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 769 дугаар байрны 129 тоотод баталгаат шуудангаар хүргүүлж байсан.

Нэхэмжлэгч Ч.Н нь ажиллагааны оролцогч биш, шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар гарсан бүх мэдэгдэл тухай бүр хаягаар нь ирж байсан тул бүрэн мэдээлэлтэй байсан. Гэвч Г.Х нь намайг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага руу битгий оч, би өөрөө зохицуулна гэхээр нь итгээд танай байгууллагад хандаагүй гэсэн тайлбарыг амаар болон бичгээр гаргаж өгсөн нь шүүхийн шийдвэрийн талаар мэдэгдээгүй гэх нь үндэслэлгүй байна. Энэ талаар шүүхэд нотлох баримт гаргаж өгсөн. Н энэ бүх зүйлийг бүрэн мэдэж байсан, Хгийн үгэнд ороод албадан чөлөөлөх ажиллагаа явагдах өдөр хүртэл хүүхдүүддээ хэлэлгүй нууж байсан юм билээ.

Мөн нэхэмжлэгч Ч.Н нь 2015 онд зээлийн барьцаанд тавигдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2203000625 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 2/А байрны 129 тоотод байрлах 37 м.кв талбайтай орон сууцыг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гэрээ байгуулж худалдан авсан үйлдэл нь хууль бус юм. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой худалдах худалдан авах гэрээг тухайн үл хөдлөх хөрөнгийн эх хувь гэрчилгээгүйгээр байгуулах боломжгүй.

Албадан дуудлага худалдааны ялагчийн өмчлөлд хуулийн дагуу үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шилжүүлсэн. 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр НШШГГ дахин шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж албадан чөлөөлөх ажиллагаа явуулаагүй, ажиллагаа дуусгавар болсноос хойш байранд айл дайраад орчлоо очиж үз гэж хүсэлт гаргасан тул очиж үзэж нүдээр харсан болно. Иймээс Ч.Нийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох  баримтуудыг шинжлэн судлаад            

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч иргэн Ч.Н нь хариуцагчаар НШШГГт холбогдуулж битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас орон сууцыг хасч, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч шүүхийншийдвэрт заагдаагүй ажиллагааг явуулсан тул албадан нүүлгэх ажиллагааг хүчингүй болгож, мөн 2 дахь албадан дуудлага худалдааны ялагч өөрийн өмчлөх эрхээ баталгаажуулах үүргээ биелүүлээгүй өмчлөх эрхээ алдсан этгээдэд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож шилжүүлсэн нь хууль зөрчсөн болохыг тогтоолгох шаардлагуудыг нэмж шаардсанаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд шаардлагаа дэмжин оролцсон.

Хариуцагч тал шүүхийн шийдвэрийг биелүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулан дурьдагдсан хөрөнгөөр төлбөрийг бүрэн барагдуулж шүүхийн шийдвэрийг биелүүлсэн тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргаж оролцлоо.

            Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1943 дугаартай шүүгчийн захирамжаар 98.189.220 төгрөгийг хариуцагч Г.Х, Х.З нар нэхэмжлэгч “БББСБ”ХХК-д төлөх, төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2203000625 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 2/А байрны 129 тоотод байрлах 37 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар;

Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 11446 дугаартай шүүгчийн захирамж гарч, мөн өдрийн 951 дугаартай гүйцэтгэх хуудас/хэргийн 6-9,75-79/ бичигджээ.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 18281126 дугаар тогтоолоор төлбөр төлөгч Г.Х, Х.З нарт холбогдох “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол” гарч, 2018 он 11 сарын 29-ий өдөр шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг төлбөр төлөгч Х.Зд гардуулсан, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 18281126/04 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”-ыг төлбөр төлөгч Г.Хг байлцуулан үйлдэж төлбөр төлөх хугацаа тогтоосон мэдэгдэл гардуулсан.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 06 дугаар тогтоолоор төлбөр төлөгч Г.Х, Х.З нарт холбогдох ажиллагааны “Эд хөрөнгө хураах тухай” 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 19/18281126 дугаартай тогтоолыг хүчингүй болгосон.

 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 19/18281126 дугаартай “Эд хөрөнгө хураах тухай тогтоол”-ыг төлбөр төлөгч Х.Зг байлцуулан үйлдэж төлбөр төлөх хугацаа тогтоосон мэдэгдэл гардуулсан, төлбөр төлөгч Г.Х, Х.З нар 2019 оны 3 сарын 22-ы өдөр хураагдсан эд хөрөнгийг 158 000 000 төгрөгийн үнийн санал өгсөн, талууд үнэ тохиролцоогүйгээс  2019 оны 3 сарын 26-ны өдрийн 32 дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээч томилсон, 2019 оны 3 сарын 28-ны өдөр шинжээчийн дүгнэлтээр эд хөрөнгийг 141 616 200 төгрөгөөр үнэлжээ.

Төлбөр төлөгчид 2019 оны 4 сарын 4-ий өдөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоож, барьцааны зүйл болох орон сууцыг бие даан худалдан борлуулах хугацаа олгож байгааг мэдэгдсэн.

2019 оны 4 сарын 23-ны өдөр 5/31 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гарган, 2019 оны 5 сарын 2-ны өдөр, мөн сарын 10-ны өдөр анхны албадан дуудлага худалдаагаар барьцааны зүйл болох орон сууцыг 99 124 340 төгрөгөөр тогтоосноор үнэлж явагдах тухай төлбөр төлөгч Г.Хд мэдэгдсэн.

2019 оны 5 сарын 10-ны өдөр барьцааны зүйл болох орон сууцны анхны албадан дуудлага худалдаа явагдсан ба үнийн санал ирээгүй байна.

Төлбөр төлөгчид 2019 оны 5 сарын 21-ний өдөр 6/17 дугаар хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гарган, төлбөр төлөгчид 2019 оны 5 сарын 27-ны өдөр мэдэгдсэн.

2019 оны 6 сарын 7-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаа явагдаж, барьцаа хөрөнгө болох орон сууцыг иргэн Б.Ц 99 000 000 төгрөгөөр худалдан авах эрхтэй болсон.

2019 оны 6 сарын 13-ны өдөр төлбөр төлөгч нарт 2019 оны 6 сарын 21-ний өдрийн дотор төлбөрөө төлж барагдуулах, барагдуулаагүй тохиолдолд хөрөнгийн өмчлөх эрх албадан дуудлага худалдааны ялагчид шилжихийг тус тус мэдэгдсэн.

 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 6975 дугаартай шүүгчийн захирамжаар, Г.Хгийн НШШГГт холбогдуулан гаргасан нэхэмжлэл бүхий иргэний хэрэгт, энэ шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн, мөн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 8296 дугаартай шүүгчийн нэхэмжлэлийг буцаах тухай захирамж гарч, 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төлбөр төлөгч Г.Х, Х.З нарт төлбөрийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Г.Хгийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг 3 дугаар хороо 5 дугаар хороолол 2/А дугаар байрны 129 тоот 3 өрөө орон сууц нь албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдсон тул 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн дотор сайн дураар султган чөлөөлөхийг мэдэгдсэн 4/21697 дугаар мэдэгдлийг Г.Хд мэдэгдэж, уг тоот хаалга нээгдээгүй тул хүнгүй гэж үзэн хаалганд нь мэдэгдлийг хавчуулж үлдээсэн/хэргийн 124-125/ байна.

2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр дуудлага худалдаанд ялагч Б.Ц 92.000.000 төгрөгийг төлсөн/хэргийн 126/.

2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудсаар Г.Хг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 14 цагт багтаан орон сууцыг чөлөөлөхийг мэдэгдсэн, Г.Х 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт, барьцаа хөрөнгө 129 тоот орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн,Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж албадан дуудлага худалдаанд оруулж худалдан борлогдсон, миний бие нь орон сууцыг 2019 оны 10 сарын 31-ий өдрийн 14 цагаас өмнө сайн дураар султган чөлөөлөх баталгаа/хэргийн128/ гаргаж бичжээ.

2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 152/01 дугаар Байр,орон сууцнаас албадан гаргах тухай тогтоол гарч, орон сууцыг албадан чөлөөлөх ажиллагааны тэмдэглэлээр, орон сууцыг чөлөөлж мөн өдрөө албадан дуудлага худалдааны ялагч Б.Цд уг орон сууцны түлхүүрийг гардуулан өгсөн.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1/24149 дугаартай албан бичгээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2203000625 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 2а байрны 129 тоотод байрлах, 37 м.кв талбайтай орон сууцыг Б.Цийн өмчлөлд шилжүүлэн бүртгэж, гэрчилгээ олгохыг улсын бүртгэлийн байгууллагад мэдэгдсэн.

Шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн тэмдэглэлээр дуудлага худалдааны ялагч Б.Цийн төлсөн 98.553.530 төгрөгийг “БББСБ” ХХК-нд шилжүүлэхээр тэмдэглэл үйлдсэн, төлбөр авагчид 2019 оны 11 сарын 08-ны өдөр тус газрын төлбөрийн дансаас төлбөрийн мөнгө шилжсэн/хэргийн 140/ байна.

2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1911/2 дугаартай албан тоотоор “БББСБ” ХХК нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгох хүсэлтийг гаргаж, мөн өдрийн 19/11/1055 дугаартай “Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон тухай” тогтоол гарснаар ажиллагааг дуусгавар болсонд тооцсон байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.”Төлбөр төлөгч, төлбөр авагчийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэнэ.”гэж зааснаар төлбөх авагч “БББСБ”ХХК төлбөр төлөгч нь иргэн Г.Х, Х.З нар байна.

 Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1943 дугаартай шүүгчийн захирамжаар 98.189.220 төгрөгийг хариуцагч Г.Х, Х.З нар нэхэмжлэгч “БББСБ”ХХК-д төлөх, төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2203000625 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 2/А байрны 129 тоотод байрлах 37м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсний дагуу Г.Х, Х.З нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биеүүлээгүйгээс Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 11446 дугаартай шүүгчийн захирамж, мөн өдрийн 951 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэхийг заасан.

Уг гүйцэтгэх баримт бичгийн дагуу явагдсан энэ шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2., 86 дугаар зүйлийн 86.1-д заасан хуульд нийцсэн, хуулийн 44.7.”Энэ хуулийн 44.2-т заасан арга хэмжээ нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын хэмжээнд тохирсон”гэж заасан шаардлага хангасан байна.

Хуульд зааснаар ”Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно.”,”Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно.”гэж зааснаар ажиллагааны талуудын гомдлыг тухай бүрд нь шийдвэрлэсэн/хэргийн 137,139/ байх ба мөн тус шүүхийн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд ямар нэг гомдол гаргаагүй болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5.”Шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан албадлагын арга хэмжээний талаар гомдол гаргасан нь тухайн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоох, түдгэлзүүлэх, эсхүл гүйцэтгэсэн арга хэмжээг цуцлах үндэслэл болохгүй.”гэж заасан.

 

2. Иргэн Ч.Нийн нэхэмжлэлийн талаар;

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шүүхэд гомдол гаргах, гомдлыг хянан хэлэлцэх хүрээ, харьяаллыг тогтоосноор,122.1.”Төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно.”гэж заасан төлбөрт хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан энэ хэрэгт үүсгээгүй,

122.2.”Хүн, хуулийн этгээд хууль бусаар хэрэгжүүлсэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.”гэж заасан хохирол шаардаагүй бөгөөд 122.3.”Энэ хуулийн 44.3, 63.4-т заасан нь бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд өөрийн эрх хөндөгдсөн асуудлаар Ч.Н гомдол шүүхэд гаргасан гэж үзэв.

Маргаж буй орон сууц нь 2010 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Ү-2203000625 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээгээр Г.Хгийн өмчлөлд бүртгэгдэж гэрчилгээ олгогджээ. 

2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Ч.Нийг төлөөлөн Ц.Энхчимэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, улсын ерөнхий гүйцэтгэгчид гомдол гаргаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 4/2527 дугаартай албан бичгээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд нийцсэн тухай хариу өгсөн байна.

2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр худалдагч Г.Х худалдан авагч Ч.Н нар “Орон сууц худалдах, худалдан авах тухай гэрээ”-г бичгээр үйлдэн, Г.Хгийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2203000625 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 2/А байрны 129 тоотод байрлах 37м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг Ч.Н нь 115.000.000 төгрөгөөр үнэ тохирч, мөнгийг 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд хэсэгчлэн төлж дуусгахаар зөвшилцсөн.

2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр орон сууцны үнийг 110.000.000 төгрөг болгож, уг мөнгийг 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр төлж дуусмагц орон сууцыг банкны барьцаанаас чөлөөлж Ч.Нийн нэр дээр шилжүүлэхээр тохиролцжээ.

Мөн өдрийн зээлийн гэрээгээр Ч.Нээс Г.Хд 4.000.000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай зээлдүүлснийг дурдсан.

Энэ үйл баримтад зохигч талууд маргаагүй болно.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.”Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.”гэж заасан ба худалдагч Г.Х биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

Г.Х өөрийн өмчлөлийн орон сууцаа 2015 оны 4 сараас зээлийн үүргийн барьцаанд тавьж үүргээ гүйцэтгээгүйгээс 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1943 дугаартай шүүхийн шийдвэрээр уг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэгдсэн, 2018 оны 10 сарын 23-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсч явагдаж байхад 2018 оны 8 сарын 30-ны өдөр Ч.Нээс түүний охин Х.Згийн дансаар шилжүүлсэн 90 000 000 төгрөгийг хүлээн авсан төлбөр төлөгч Х.З Г.Х нар шүүхийн шийдвэрт заасан 98.189.220 төгрөгийн төлбөртөө өгөөгүйгээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан, дээрх мөнгийг авсны дараа нэмж зээлийн 4 000 000 төгрөг авсан, хүүгийн хамт тооцож 110 000 000 төгрөг болгож өөрчилсөн орон сууцны үнэ төлбөрийг бүрэн авч дууссан тухай/хэргийн 43/ Г.Хгийн 2019 оны 11 сарын 6-ны өдөр гэсэн огноо бичигдсэн, гарын үсгийн үнэн зөвийг нотариатчаар гэрчлүүлэн үйлдсэн тодорхойлолтод дурьджээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2.”Худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй.”гэж заасан худалдаж байгаа эд хөрөнгийн төлбөрт хураагдан шилжүүлэгдсэн талаар хэрэглээний шинж чанарын мэдээллийг бүрэн өгөөгүй,худалдаж буй хөрөнгийг доголдолгүй, эрхийн зөрчилгүйгээр, түүнтэй холбоотой баримт бичиг болох өмчлөх эрхийн гэрчилгээг болон өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлснээр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэн өгөөгүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар бусдын өмчлөлд 2019 оны 12 сарын 19-ий өдөр шилжүүлэх хүртэл Г.Хгийн өмчлөлд байсан байгаа нь орон сууцыг худалдах үүргээ огт биелүүлээгүй, гэрээ  хэрэгжээгүй гэж үзэх үндэстэй.

Ч.Н үнийг бүрэн төлснөөр орон сууцанд орж амьдарсан нь түүний буруу биш юм.

Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1.”Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ.”

Иргэн Ч.Н шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээр гүйцэтгэж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд нийцсэн эсэхэд гомдол гаргасан ба хөрөнгийн эзэмшил, өмчлөлийн эрх зүйн үндэслэл тогтоогдсон зүйлгүй, өөр иргэний хэрэг тусдаа үүсгэгдэн шалгаж байгаа талаар/хэргийн 36, 205/ Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 13545 дугаартай шүүгчийн захирамжийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбар хувийг ирүүлсэн боловч хэрхэн шийдвэрлэгдсэн баримт байхгүй байна.

Дээрх үйл баримтуудаас дүгнэхэд, хариуцагч НШШГГ, шүүхийн шийдвэрт заасан, Г.Хгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203000625 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 2/А байрны 129 тоотод байрлах 37м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн ажиллагааг биелүүлсэн байх тул шүүхийн шийдвэрт заагдаагүй албадан чөлөөлөх ажиллагаа явуулсан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул албадан нүүлгэх ажиллагааг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Хариуцагч НШШГГ нь дээрх шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудасд зааснаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг эхлүүлсэн, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Г.Хгийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол 2/А дугаар байрны 129 тоот 3 өрөө орон сууцыг битүүмжилсэн бөгөөд уг орон сууцыг 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хураан авсан болох нь хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэгчийн 18281126/04 дугаартай “Эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол”, 19/18281126 дугаартай “Эд хөрөнгийг хураасан тогтоол” зэргээр нотлогдож, эдгээр ажиллагаа хууль зөрчөөгүй, уг ажиллагааны талуудын эрхийг зөрчөөгүй байна.

Хуулийн шаардлага хангасан хэлцлийн үндсэн дээр барьцаалагдаж, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт үүргийн гүйцэтгэл хангуулахыг заасан хөрөнгө болох тул Ч.Нийн шаардаж буй битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас орон сууцыг хасч, чөлөөлөх үндэсгүй болно.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1943 дугаартай шүүгчийн захирамжаар 98.189.220 төгрөгийг хариуцагч Г.Х, Х.З нар нэхэмжлэгч “БББСБ”ХХК-д төлөх, төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2203000625 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 2/А байрны 129 тоотод байрлах 37м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсний дагуу Г.Х, Х.З нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биеүүлээгүйгээс Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 11446 дугаартай шүүгчийн захирамж, мөн өдрийн 951 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэхийг заасан ажиллагаа хийгдсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.”Дуудлага худалдааг шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, эсхүл шийдвэр гүйцэтгэх алба зохион байгуулна.”,

66.5.”Дуудлага худалдаа эрхлэн хөтлөгчийг энэ хуулийн 66.1-д заасан дуудлага худалдааг зохион байгуулагч томилно.”гэж заасны дагуу дуудлага худалдааг зохион байгуулагч НШШГГ нь дуудлага худалдаа эрхлэн хөтлөгчөөр шийдвэр гүйцэтгэгч Д.Өлзийсайханыг томилсон, 2019 оны 6 сарын 7-ны өдөр болсон дуудлага худалдаанд хамгийн өндөр үнийн санал амалсан худалдан авагч Б.Ц болсон байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 6 сарын 13-ны өдрийн 4/14379 дугаар мэдэгдлээр, төлбөр төлөгч Г.Х, Х.З нарыг 2019 оны 6 сарын 21-ий өдрийн дотор төлбөрөө төлөх хугацаа олгон, төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд хөрөнгийн өмчлөх эрхийг дуудлага худалдааны ялагчид шилжүүлэх тул орон сууцыг султган чөлөөлж хүлээлгэн өгөхийг мэдэгдсэнийг 2019 оны 6 сарын 14-ний өдөр тлбөр төлөгч нар хүлээн авсан/хэргийн 118/, энэ талаар мөн 2019 оны 6 сарын 14-ий өдрийн 19/28 дугаар  Албадан дуудлага худалдаа эрхлэн хөтлөгчийн өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолд заажээ.

Хариуцагч талаас хэрэгт ирүүлсэн, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 6 сарын 12-ны өдрийн 6975 дугаар захирамжаар, Г.Хгийн НШШГГт холбогдуулан гаргасан нэхэмжлэл бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгч талын хүсэлтийг хангаж, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1943 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн, мөн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 8296 дугаартай нэхэмжлэлийг буцаах тухай шүүгчийн захирамж гарч, 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хуулийн хүчин төгөлдөр болсон, харин түдгэлзүүлсэн ажиллагааг сэргээсэн шүүхийн шийдвэр байхгүй байна.

2019 оны 10 сарын 01-ий өдрөөс шийдвэр гүйцэтгэлйн ажиллагаа үргэлжлэн явагдаж/хэргийн 122-134/,2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 152/01 дугаар Байр,орон сууцнаас албадан гаргах тухай тогтоол гарч, энэ өдрөө орон сууцыг албадан чөлөөлөх ажиллагаа явагдан, чөлөөлсөн орон сууцыг албадан дуудлага худалдааны ялагч Б.Цд уг орон сууцыг хүлээлгэн өгч, түлхүүрийг гардуулан өгсөн, Б.Ц дэнчин 7 080 350 төгрөгийг 2019 оны 6 сарын 6, дуудлага худалдааны мөнгө 92 000 000 төгрөгийг 2019 оны 10 сарын 21-ий өдөр тус тус төлсөн,төлбөр авагчид 2019 оны 11 сарын 08-ны өдөр төлбөрийн мөнгө шилжсэн/хэргийн 140, 191, 193/  байгааг Б.Цийг мөнгийг хугацаа хэтрүүлсэн гэж буруутгах үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 178 дугаар зүйлийн 178.1.”Хамгийн өндөр үнэ амласан худалдан авагч албадан дуудлага худалдаа явуулж байгаа бүрэн эрх бүхий этгээдэд үнийг шилжүүлэх үүрэгтэй бөгөөд уг үнээс дуудлага худалдаа явуулахтай холбогдсон зардлыг гаргуулна.”, 178.2.”Дуудлага худалдаагаар худалдсан зүйлийн үнийг бүрэн төлсөн үеэс худалдан авагч тухайн зүйлийн өмчлөгч болно.”гэж зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 12 сарын 17-ны өдриййн 1/29305 дугаар албан бичгээр/хэргийн 192/ өмчлөх эрх шилжүүлэн бүртгэж гэрчилгээ олгохыг мэдэгдсэний дагуу Б.Цийн нэр дээр 2019 оны 12 сарын 19-ний өдриййн өмчлөх эрхийн 000702174 дугаар гэрчилгээгээр орон сууцыг өмчлүүлсэн/хэргийн 141/ байна.

Иймд 2 дахь албадан дуудлага худалдааны ялагч өөрийн өмчлөх эрхээ баталгаажуулах үүргээ биелүүлээгүй өмчлөх эрхээ алдсан этгээдэд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож шилжүүлсэн нь хууль зөрчсөн болохыг тогтоолгох шаардлагыг хангах үндэсгүй гэж үзэв.

Ч.Н нь маргаж буй орон сууц түүний өмч хөрөнгө болох буюу худалдан авагчийн хуульд заасан шаардлага гаргасан эсэх, маргаж буй орон сууцыг шаардах эрх тогтоогдсон үйл баримт байхгүй байх ба уг орон сууцыг шаардах эрхийн үндэслэл нотлогдохгүй байх тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар түүний хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар нэхэмжлэгч тал шаардлага түүний үндэслэлээ нотлох, холбогдох баримтыг бүрдүүлж гаргаж өгөх нь хуулиар хүлээсэн зохигчийн үүрэг бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй буруутай гэх үндэслэл болно.

  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 13545 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 2/А байр, 129 тоот 3 өрөө орон сууцтай холбоотой, бусдын өмчлөлд шилжүүлэх, худалдах, барьцаалах зэрэг тодорхой үйлдлийг хийхгүй байхыг хариуцагч Г.Хд даалгаж захирамжилсан байхад шийдвэр гүйцэтгэгч Г.Б нь манайд даалгаагүй учраас надад хамаагүй гэсэн тайлбар өгөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасан шийдвэр гүйцэтгэлийн журмаар биелүүлэх хуулиар оногдуулсан үүргээ тус газар нь биелүүлээгүй дахин бидний эрхэнд халдсан гэж байгаа нь, яригдаж буй 13545 дугаар шүүгчийн захирамжаар НШШГГт холбогдуулсан, мөн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1943 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хамаарах заалт байхгүй байгаа нь хариуцагчийн ажиллагааг буруутгах үндэсгүй юм.

НШШГГ 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 2/А байр, 129 тоотод оршин суух Ч.Нт уг орон сууц нь албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдсон тул 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 09 цагийн дотор сайн дураар султган чөлөөлөхийг мэдэгдсэн/хэргийн 218/ байна.

Гэрч Б.Ц шүүх хуралдаанд мэдүүлэхдээ,”..энэ байрыг худалдаж аваад 10 сард албадан чөлөөлөх ажиллагаа хийсний дараа түлхүүрээ сольж авчихаад 4 хоноод очоод хаалгаа онгойлгох гэхэд түлхүүр таарахгүй байсан, би хаалга онгойлгодог хүн дуудаад голыг нь солиод орсон. Дотор нь хүн дугараад байсан тул би цагдаа дуудаад 2 цагдаа ирсэн, цагдаа хүн байна уу гэхэд дотор нь нэг охин байсан, гараад гүйгээд яваад өгсөн. Би төлбөр төлөгч Г.Хтэй яриад яагаад нүүгээд орсон юм бэ гэсэн чинь манай өмгөөлөгч ор, асуудалгүй гэсэн гэж хэлсэн. Би хаалгыг нь түгжээд буцаад цагдаад очиж чөлөөлүүлсэн байранд буцаад айл нүүгээд орчихсон байна гэж гомдол гаргасан. 2019 оны 11 дүгээр сарын үед Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн газар Г.Х болон нэхэмжлэгчийн төлөөлөгч гэх 2 хүнтэй таарсан. Тэгээд би буцаад нүүгээд орчихсон та нар нийлээд залилан хийгээд байгаа юм уу хууль бус зүйл хийж болохгүй биз дээ гэхэд өмгөөлөгчтэйгөө яриулсан. Би 12 дугаар сард Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт дахин чөлөөлж өгнө үү гээд хүсэлтүүдээ удаа дараа гаргахад хариуд нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан дахин чөлөөлөх боломж байхгүй гэсэн. Дахин НШШГГ очоод дэд дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгч нартай уулзаад би байраа чөлөөлж авмаар байна, хүн байдаг бол та нар очиж уулзаж өг, би дуудлага худалдаанаас байр худалдаж авчихаад хохирчихоод яахаа мэдэхгүй байна гэж учирласан. Бид нар очиж уулзаж өгье, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нэгэнт дуусгавар болсон дахин чөлөөлж чадахгүй гэсэн. Би дараа нь байранд очсон хаалгыг нь тогшсон хүн байгаагүй болохоор нь дахиад цагдаа дуудсан. Хорооны 2 цагдаа ирээд хаалгаа эвдүүлээд явж орсон, хүн байгаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас би одоо яах ёстой вэ гээд асуусан. Тухайн байрны 1 давхарт байдаг дэлгүүрт явж орсон нэг эмэгтэй байсан, сая гэрчээр орсон байна. Тэр эмэгтэй Ч.Нт энэ барьцаатай байр битгий худалдаж ав гэж хэлсэн чинь бид 2 хуучны танилууд гээд худалдаад авчихсан. Г.Х надад их өглөгтэй аргаа бараад оронд нь дэлгүүрийг нь ажиллуулаад сууж байна гэсэн. Та Г.Хг хаана байгааг мэдэх үү гэсэн чинь төмөр замын сургуулийн хажуу талд хоолны газар ажиллуулж байгаа гэсэн чи яваад оч гэж надад хэлсэн. Би хоолны газар нь яваад очсон Г.Х байсан. За та байранд хэн нүүж орсон юм, та учрыг нь олж өг гээд байр луу нь дагуулаад очсон. Та одоо яагаад чөлөөлсөн байр луу яваад орчихдог юм бэ гэсэн манай өмгөөлөгч зөвлөсөн, Ч.Нийг байранд нүүгээд ор гэсний дагуу нүүж орсон юм шиг байна гэсэн. Тэгэхээр нь та одоо юмнуудаа хүлээж ав би байрандаа ормоор байна гэхэд Г.Х хажуугийн орцонд манай сул байр байгаа тэр лүү юмыг нь зөөгөөд би одоо хүлээгээд авъя гэсэн. Тэгээд би Г.Хтэй үлдээд 2 цагдаа байсан дөрвүүлээ үлдсэн. Би нүүлгэлтийн компани дуудаад Г.Х гуайн хажуу орцонд байдаг гээд байгаа байр луу зөөж оруулаад Г.Х хаалгаа түгжээд бүх юмаа хүлээж аваад явсан, энэ талаар би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт бичиж өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар албадан чөлөөлөх ажиллагааг дахиж явуулж өгөөгүй. Би шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас энэ хүмүүс чинь манай байранд дайраад орчихоод байна, та нар нүдээрээ үзэж хар гээд удаа дараа гомдол тавьснаар ирж хараад бид нар Г.Хд та нүүж орж болохгүй гэдгийг хэлчихлээ гээд явчихсан...”гэсэн мэдүүлэг,

Гэрч Гын шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгт, “..2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр найзтайгаа уулзах гээд өдөр 1,2 цагийн үед гэрт нь очсон, шатаар өгсөөд явж байхад орцонд нь 6,7 шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хувцастай хүмүүс байсан, дээшээ гартал хаалга нь онгорхой юмнуудыг нь овоолоод тавьчихсан байсан,.. шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхан тэр хаалгыг эвдэж орсон үйлдлийг хараагүй, ..тэгээд би доошоо буугаад яваад өгсөн..”гэж мэдүүлсэн байна.

Эндээс үзэхэд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа 2019 оны 11 сарын 08-ны өдөр дуусгавар болсны дараа 2019 оны 12 сарын 23-ны өдөр дахин ажиллагаа явагдсан гэх байдал тогтоогдохгүй, чөлөөлсөн байранд дахин Ч.Н нүүж орсон байснаас Б.Цийн хүсэлтээр Ч.Нт мэдэгдэл өгч анхааруулсан, байранд нь очиж нөхцөл байдалтай танилцсан болох нь талуудын тайлбар, гэрч нарын мэдүүлэг, мэдэгдэл баримтаар нотлогдож, үүнд хариуцагчийг хууль зөрчсөн гэх үндэсгүй, энэ талаар ямар нэг шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд иргэн Ч.Нийн хариуцагчаар НШШГГт холбогдуулж, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас орон сууцыг хасч, чөлөөлүүлэх, хариуцагч шүүхийн шийдвэрт заагдаагүй ажиллагааг явуулсан тул албадан нүүлгэх ажиллагааг хүчингүй болгох, 2 дахь албадан дуудлага худалдааны ялагч өөрийн өмчлөх эрхээ баталгаажуулах үүргээ биелүүлээгүй өмчлөх эрхээ алдсан этгээдэд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож шилжүүлсэн нь хууль зөрчсөн болохыг тогтоолгох шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төгрөгийг 210 600 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

    

1. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1., 178 дугаар зүйлийн 178.2.,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2., 86 дугаар зүйлийн 86.1.., 122 дугаар зүйлийн 122.3.-т заасныг тус тус баримтлан, иргэн Ч.Нийн хариуцагчаар НШШГГт холбогдуулж, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас орон сууцыг хасч, чөлөөлүүлэх, хариуцагч шүүхийн шийдвэрт заагдаагүй ажиллагааг явуулсан тул албадан нүүлгэх ажиллагааг хүчингүй болгох, 2 дахь албадан дуудлага худалдааны ялагч өөрийн өмчлөх эрхээ баталгаажуулах үүргээ биелүүлээгүй өмчлөх эрхээ алдсан этгээдэд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож шилжүүлсэн нь хууль зөрчсөн болохыг тогтоолгох шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол  гаргах эрхтэйг дурдсугай.

 

   

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.УРАНЧИМЭГ