Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 457

 

                                                             Г.Туяацэцэгт холбогдох эрүүгийн

                                                                            хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Мөнхтуул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор С.Энхмаа,

нарийн бичгийн дарга Б.Оюунгэрэл нарыг оролцуулан,

            Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Лувсандорж даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, прокурор С.Энхмаагийн бичсэн улсын яллагчийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 5/03 дугаартай эсэргүүцлээр Г.Туяацэцэгт холбогдох эрүүгийн 201601080172 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхтуулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Гонгорын Туяацэцэг, 1975 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эх, хүүхдийн хамт Налайх дүүргийн 2 дугаар хороо, 9 дүгээр байрны 78 тоотод оршин суух,

- 2006 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 8 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан /РД:УЕ75061005/,

Г.Туяацэцэг нь урьд онц хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялгүйд тооцогдох хугацаа дуусаагүй байхдаа 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хороо, 48 дугаар байрны 20 тоотод иргэн Ч.Үүрийнтуяатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, түүнийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Багахангай, Налайх дүүргийн Прокурорын газраас: Г.Туяацэцэгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллагдагчаар татах тогтоол үйлдсэнийг батлаж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Туяацэцэгийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Г.Туяацэцэгийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Г.Туяацэцэг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Ч.Үүрийнтуяа нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, Г.Туяацэцэгт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шүүх хуралдааны танхимаас чөлөөлж  шийдвэрлэжээ.

            Прокурор С.Энхмаагийн давж заалдах шатны шүүхэд бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...“Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай.” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт Өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдлуудыг дурдсан бөгөөд үүнд хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн этгээдийг уг өршөөлийн хуульд огт хамааруулахгүй байхаар заасан байхад анхан шатны шүүхээс Г.Туяацэцэгийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.5-д заасан ялтайд тооцогдох хугацааг “Өршөөл үзүүлэх тухай.” хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнд ял оногдуулахгүйгээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь гэмт этгээдэд ял завшуулж, хуулийг буруу хэрэглэсэн байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн ба эсэргүүцлээ  дэмжиж  байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн тул Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Туяацэцэг нь урьд онц хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялгүйд тооцогдох хугацаа дуусаагүй байхдаа 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хороо, 48 дугаар байрны 20 тоотод иргэн Ч.Үүрийнтуяатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, түүнийг зодож бие махбодид нь тархи доргилт, баруун зүүн нүдний зовхи, баруун бугалга, баруун шилбэнд цус хуралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж прокуророос хэргийг зүйлчлэн “яллагдагчаар татах тухай” тогтоолыг батлан, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хавтаст хэргийн материалыг судлахад, Г.Туяацэцэг нь 2006 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 8 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан ба ялтайд тооцогдох хугацаанд Г.Туяацэцэг нь бусдын бие махбодид санаатай хөнгөн гэмтэл учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон байна.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.5-д “Онц хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд …үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш арван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүйд тооцогдоно” гэж,

“Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай.” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйл/... хүнийг санаатай алах ... гэмт хэрэг үйлдсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй гэж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-дэх хэсэгтЯллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заажээ.

Анхан шатны шүүх Г.Туяацэцэгт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ дээрх хуулийн заалтуудыг зөрчин, шүүгдэгчийг онц хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад, уг хугацааг “Өршөөл үзүүлэх тухай.” хуулийг хэрэглэж хэрэгсэхгүй болгосон, мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан …шүүгдэгчид тавигдах тухайлбал “…хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн байх хуулийн шалгуур заалтыг орхигдуулан, уг хуулийн заалтыг баримтлан түүнд холбогдох шүүхэд шилжүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн нь илт буруу бөгөөд дурдсан хуулийн заалтуудад нийцэхгүй байна.

Иймд анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзлээ.

Давж заалдах шатны шүүх эдгээр зөрчлийг зөвтгөж шийдвэрлэх нь шүүгдэгчид хүнд ялтай хууль хэрэглэж, шүүгчдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үр дагавартай тул  прокурор С.Энхмаагийн бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин эхлэн хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх  бүрэлдэхүүн үзэв.   

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор  С.Энхмаагийн бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, Г.Туяацэцэгт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас дахин эхлэн хэлэлцүүлэхээр мөн дүүргийн шүүхэд буцаасугай.

2. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                ШҮҮГЧИД                                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                                                                                         Д.МӨНХТУУЛ