Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
Хэргийн индекс | 108/2016/0032/Э |
Дугаар | 27А |
Огноо | 2016-07-29 |
Зүйл хэсэг | 099.1., |
Улсын яллагч | С.Энхмаа |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 27А
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,
нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч С.Энхмаа,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батзаяа /ҮД:0766/,
шүүгдэгч Г.Туяацэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан Боржигин овогт Гонгорын Туяацэцэгт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 2016 0108 0172 дугаар хэргийг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1975 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эх, хүүгийн хамт Налайх дүүргийн 2 дугаар хороо, 9 дүгээр байрны 78 тоотод оршин суух, Налайх дүүргийн шүүхийн 2006 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар 15 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж шийдвэрлэснийг, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 253 дугаар магадлалаар “Г.Туяацэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэх” гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн, Баянзүрх дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн 2013 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 129 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 8 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан, регистрийн УЕ75061005 дугаартай, Боржигин овогт Гонгорын Туяацэцэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.5 дахь хэсэгт зааснаар онц хүнд хэрэгт шийтгүүлсний дараа 10 жилийн хугацаа өнгөрөөгүй ялтайд тооцогдож байх үедээ буюу 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны 48 дугаар байрны 20 тоотод иргэн Ч.Үүрийнтуяатай хувийн таарамжгүй харьцааны улмаас болж маргалдан түүнийг зодож түлхэж бие махбодид нь санаатайгаар хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Туяацэцэг нь ялтайд тооцогдож байх үедээ буюу 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны 48 дугаар байрны 20 тоотод иргэн Ч.Үүрийнтуяатай хувийн таарамжгүй харьцааны улмаас болж маргалдан түүнийг зодож, түлхэж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Туяацэцэгийн өгсөн: “...2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 23 цагийн үед Үүрийнтуяа гэдэг хүүхэн дугаараа нууцалж Сарантөрийн гар утас руу залгасан. Тухайн үед надад Сарантөрийн гар утас байсан юм. Ер нь удаа дараа шөнө утасдаж байгаа юм. Тэгээд намайг утсыг авахад тасалсан. Удалгүй Батзул гэдэг залуу залгаж “Үүрийнтуяа бид хоёрыг дайлъя гэж байна” гэхээр нь би “Чи Үүрийнтуяатай ганцаараа архиа уу, Сарантөр унтаж байна” гэж хариу хэлсэн. Тэгээд би цайны газраа хаагаад, 24 цагийн үед гэртээ ирсэн байхад Үүрийнтуяа нэг ширхэг 0,75 граммын архитай, нэг ундаа барьсан манайд орж ирсэн. Тэгээд авчирсан архийг хувааж ууж байгаад би “чи ер нь яагаад харанхуй шөнөөр архи ууя гэж эрчүүдийг дууддаг юм бэ” гэж хэлснээс болж хэрүүл үүссэн. Би Үүрийнтуяаг “гар” гээд шилэн хүзүүн дээрээс нь базаад хаалга руу түлхсэн чинь хаалга мөргөж унасан. Тэгээд хаалгаар түлхэж гаргасан. Ийм зүйл болсон...” гэх,
Шүүгдэгч Г.Туяацэцэгийн мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагч өгсөн “... 2016 оны 4 дүгээр сарын 13-ны шөнө 23 цагийн орчимд ажил дээрээ гурил зуураад байж байх үед Ч.Үүрийнтуяа нь утсаар яриад намайг авах үед миний дууг таниад салгасан юм. Ингээд байж байтал Батзул гэгч залуу залгаж Сарантөртэй ярих гэхээр нь “байхгүй байна” гэж хэлсэн чинь “Үүрийнтуяа мөнгөтэй байна, архи авч өгье гэж байна” гэхээр нь би “чи Үүрийнтуяатайгаа архиа уу” гэж хэлээд утсаа салгасан. Ингээд шөнийн 00 цаг өнгөрч байх үед ажил дуусаад би такси бариад гэртээ ирээд байж байтал Үүрийнтуяа Чимгээ 2 нэг шил 0.75 литрийн архи ундаа барьсан орж ирээд хувааж уугаад дахин Үүрийнтуяа 2 шил архи аваад ууж суугаад би Үүрийнтуяаг “чи эмэгтэй хүн байж яагаад шөнө болсон үед архи уух талаар эрэгтэй хүн рүү залгаж байдаг нь ямар учиртай болох талаар нь” асуусан чинь Үүрийнтуяа “уумаар болоод залгаж байсан, чамд ямар хамаатай юм” гэх мэтийн зүйл яриад байхаар нь “чи уумаар болоод байдаг бол ганц бие эрэгтэй хүнийг дууудаад архи ууж болдоггүй юм уу” гэж хэлээд маргалдаж байгаад “Үүрийнтуяа чи одоо гэрээс гар” гэж хэлээд шилэн хүзүү рүү нь гараараа түлхсэн чинь Үүрийнтуяа хаалга нүүрээрээ мөргөж кордиорт унаад босохгүй хэвтээд байхаар нь татаж босгоод гаргасан юм. Ч.Үүрийнтуяа нь урьд өмнө нь миний нөхөр болох Сарантөрийн утас руу удаа дараа залгаж “гэртээ ганцаараа байна, архи ууя” гэдэг байсан, үүнээс л болж маргаан үүссэн. Мөн тухайн үед манай ах Алтансүхийг “хэн ч биш шүү, лаларуудыг хачин болгож өгнө” гэх мэтээр хэл амаар доромжилж байсан юм. Би Ч.Үүрийнтуяаг нүүрэн тус газар нь гараараа цохиж, шалан дээр унах үед нь толгойн тус газарт нь өшиглөж зодсон асуудал байхгүй, мөн үсдэж чирээгүй, харин нэг л удаа шилэн хүзүү рүү нь түлхэж, шалан дээр хэвтэх үед нь хувцаснаас нь татаж чангааж байгаад гаргасан нь үнэн юм ...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 24-26, 30-31 дүгээр тал/,
Хохирогч Ч.Үүрийнтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн “... 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 23 цагийн орчимд миний найз Г.Туяацэцэг утсаар яриад “гэртээ хүрээд ир” гэхээр нь хотоос такситай ирээд Налайх дүүргийн 2 дугаар хороо 48-20 тоот гэрт нь найз хүүхэн Чимгээгийн хамт очоод Туяацэцэг, түүний нөхөр Сарантөр нартай 2 шил архи уугаад сууж байх үед Туяацэцэг нь намайг нөхөр Сарантөртэй хардаж нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж, шалан дээр унах үед үсдэж чирээд, толгой руу өшиглөж зодоод байсан юм. Тэгээд өглөө нь цагдаагийн байгууллагад ирээд өргөдөл гаргасан юм. Миний 2 нүд хөхөрч хавдсан, толгой оройн хэсэгт хавдартай, өвдөж байгаа, үс зулгаасан байсан юм. Би Сарантөртэй урьд өмнө найзууд байсан, Туяацэцэг нь сүүлд Сарантөртэй суусан хүн байгаа юм. Яагаад хардах болсон талаар нь мэдэхгүй байна. Би эмчилгээний зардал, мөн 12 хоног зах гараагүй орлого гэх мэтийг тооцож байгаад нэхэмжлэх болно. Гомдолтой байна. ...Би Г.Туяацэцэгтэй сайн дураараа эвлэрсэн, эмчилгээний зардалд 120.000 төгрөг бэлэн авсан байгаа учир одоо надад санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй болно. Иймд уг хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсч байна ...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 8, 11-13 дугаар тал/,
Гэрч Т.Сарантөрийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би Г.Туяацэцэгтэй 2012 онд анх танилцаж байсан, гэр бүлийн харьцаатай хамтран амьдарч байгаа юм. 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 22 цагийн үед гэртээ ганцаараа байж байтал Г.Туяацэцэг нь утсаар яриад “манай гэрт ирээд хоол хийж идээд унтаж байх үед 01 цагийн орчимд Чимгээ, Үүрийнтуяа 2 нэлээн халамцуу байдалтай 0.75 литррийн Хараа архи ундаа барьсан орж ирээд Туяацэцэг, Чимгээ, Үүрийнтуяа бид 4 хувааж уугаад сууж байтал Туяацэцэг Үүрийнтуяагаас “чи хар шөнөөр Сарантөрийн утас руу удаа дараа залгаад байдаг” талаар нь асуух үед Үүрийнтуяа нь “бид нар найз нөхөд учир залгаж байгаа юм, чамд ямар хамаатай юм” гэхэд Туяацэцэг хардаж маргаан үүссэн. Тэгэхээр нь би эмэгтэйчүүдийн хэрүүлд ороод яахав гэж бодоод гал тогооны өрөөнд ороод хоол халаагаад сууж байтал том өрөөнд ноцолдох чимээ гараад Чимгээ “та нар болиоч” гэх чимээ гарсан үед нь би том өрөөнд орох үед Туяацэцэг Үүрийнтуяа 2 бие биенийгээ заамдсан байдалтай, Чимгээ дундуур нь ороод салгах гэж байгаа бололтой зогсож байхаар нь “одоо та нар боль, гэрээс гар” гэж хэлсэн чинь Туяацэцэг Үүрийнтуяаг хүзүүнээс нь гараараа базаж байгаад хаалганы зүг түлхсэн, гэтэл Үүрийнтуяа духаараа хаалганы өнцөг мөргөөд кордиорт шалан дээр унаад босоод ирэх үед нь би Үүрийнтуяа Чимгээ 2-ыг гаргаад хаалгаа түгжээд унтсан юм. Үүрийнтуяа нь урьд өмнө шөнө Туяацэцэгтэй байх үед утсаар яриад “архи уух талаар хэлээд, гэртээ ганцаараа байна хүрээд ир” гэх мэтээр дуудаж байсан яриаг Туяацэцэг сонссон байсан учир намайг Үүрийнтуяатай хардаж уг маргаан асуудал болсон гэж бодож байна ...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 9-11 дүгээр тал/,
Гэрч Б.Энхчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн “...Туяацэцэг гэдэг хүнийг танин, нэг сургуульд хамт сурч байсан, одоо найзын хувьд нөхөрлөж байгаа юм. 2016 оны 4 дүгээр сарын 13-ны шөнө 23 цагийн үед Үүрийнтуяа утсаар яриад “ганц нэг пиво уумаар байна, би зардлыг нь даана” гэхээр нь “би гэрээс гарах шаардлага байхгүй байна” гэхэд дахин утсаар яриад “би машинтай яваад очъё, танай гадаа очиж машин дотор пиво ууж, жоохон юм ярья” гэхээр нь “хүрээд ир” гэж хэлсэн юм. Ингээд Үүрийнтуяа манай гадаа ирээд машинаас буугаад Үүрийнтуяатай хамт гэртээ ороод авсан пивийг нь хамт уугаад сууж байтал Үүрийнтуяа “би нэг айлд очих хэрэгтэй байна, хамт яваад ирье” гэхээр нь “би явахгүй, чи согтуу байна, хоноод яв” гэж хэлсэн чинь хүн утсаар яриад байхаар нь Үүрийнтуяа бид 2 хамт гараад явган алхаж байгаад тосгоноос такси бариад замаасаа дэлгүүрээс нэг шил архи, ундаа аваад Налайх дүүргийн 2 дугаар хороо 48 дугаар байрны гадаа ирээд “Сарантөрийн гэрт нь орно” гэж хэлсэн юм. Тэгээд бид 2 Сарантөрийн гэрт нь орох үед Сарантөр, Туяацэцэг 2 л хамт байсан учир авсан архиа гаргаж ирээд задалж уугаад сууж байтал Туяацэцэг Үүрийнтуяаг “чи яасан их мөнгөтэй сонин хүүхэн бэ, шөнө болсон байх үед чи дандаа хүний нөхрийн утас руу залгаж байдаг юм” гэхэд Үүрийнтуяа “би нөхөргүй юм чинь яадаг юм” гэх мэтээр тоглоом болгоод ярьж байтал Туяацэцэг уур нь хүрээд “та нар одоо гэрээс гар, би өглөө ажилтай” гэж хэлсэн чинь Үүрийнтуяа босохгүй байсан чинь Туяацэцэг Үүрийнтуяагийн хүзүүнээс нь гараараа базаж босгоод хаалганы зүг “гар” гэж хэлээд түлхсэн чинь хаалга нь хагас онгойсон байсан учир Үүрийнтуяа духаараа хаалга мөргөж, хойш шалан дээр саваад унасан юм. Энэ үед Туяацэцэг хаалга онгойлгож Үүрийнтуяаг гаргаад би араас нь гутлаа өмсөөд гарах үед ганцаараа зам дагаад явж байхаар нь “хамт явъя” гэхэд явахгүй байхаар нь би гэртээ гэртээ ганцаараа такси бариад очсон болно. Туяацэцэг Үүрийнтуяаг хэрүүл хийгээд байхаар нь хүзүүнээс нь гараараа араас нь базаж босгоод “гар” гэж түлхэж байсан, түүнээс нүүрэн тус газарт нь гараараа цохиж үсдэж чирээд толгойн тус газарт нь өшиглөж зодсон зүйл байхгүй. Үүрийнтуяа нь манай гэрт ирэх үед их согтуу байсан, харин Туяацэцэг нь бид 2-ыг орох үед архи уугаагүй эрүүл байсан,
авч орсон архинаас ганц нэг хундага уусан байх...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 12-14 дүгээр тал/,
Гэрч Г.Алтансүхийн мөрдөн байцаалтад өгсөн “...Г.Туяацэцэг нь миний төрсөн дүү байгаа юм. 1992 онд Налайх дүүргийн 1-р 10 жилийн сургуулийг төгсөж, 2002 оноос 2005 онд “Улаанбаатар Эрдэм Оюу” дээд сургуульд сурч байсан, түүнээс хойш хувиараа хөдөлмөр эрхлэж байгаа юм. Г.Туяацэцэг нь бага насандаа үг дуу цөөтэй, гэрээр хүмүүжиж, сургуульд орж байсан, тоонд их сайн хүүхэд, гэр орны ажилд сайн, ээж болон гэр бүлийн хүмүүст халамж анхаарал сайн, ажилсаг, хамт олны дунд нэр хүнд сайтай, дунд сургуульд байх үедээ сурлага сайтай хүүхэд байсан юм. Одоо Налайх дүүргийн 2 дугаар хороо, 9-78 тоотод манай ээж Саранцэцэгийн хамт, мөн хүү Хүсэлбаатар нарын хамт амьдарч байгаа, хувиараа цайны газарт ажиллаж байгаа ...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 15-16 дугаар тал/,
Гэрч Л.Уянгын мөрдөн байцаалтад өгсөн “...Г.Туяацэцэг нь миний нөхөр Алтансүхийн төрсөн дүү нь байгаа юм. Г.Туяацэцэгийг бага байхаасаа таньдаг байсан. Миний төрсөн дүү Ундралтай нэг ангид байсан, Налайх дүүрэгт хамт өссөн хүүхэд байгаа юм. Г.Туяацэцэг нь Налайх дүүргийн 10 жилийн 1-р сургуульд математикийн гүнзгийрүүлсэн ангид сурч байсан, тоонд их авьяастай, тооны чиглэлийн сургууль болон дүүргийн тэмцээнд оролцож аварга сурагчаар шалгарч байсан. Их дуу цөөтэй, том биетэй, даруу төлөв зантай хүүхэд байсан. Тэгээд би сүүлд нь 1997 онд Туяацэцэгийн төрсөн ах Алтансүхтэй гэр бүл болж илүү их сайн мэдэх болсон. 2002-2005 оны хооронд “Улаанбаатар Эрдэм” сургуульд хамт сурч байсан. Энэ үед курсын ахлагч, удирдан зохион байгуулах чадвартай хүүхэд байсан юм. Одоо Налайх дүүргийн 2 дугаар хороо, 9-78 тоотод ээж Саранцэцэг, хүү Хүсэлбаатар нарын хамт амьдарч байгаа, хувиараа цайны газарт ажиллаж байгаа. Г.Туяацэцэг нь амьдралын төлөө ээж, хүүгийнхээ төлөө ажил хөдөлмөр голохгүй хийж байгаа ажилсаг зан чанартай өрх толгойлсон эмэгтэй байгаа юм ...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 17-18 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх эмнэлгийн №08 шэ/211 тоот:
“1. Ч.Үүрийнтуяагийн биед тархи доргилт, баруун зүүн нүдний зовхи, баруун бугалга, баруун шилбэнд цус хуралт, нүүр, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт,
/хх-ийн 20 дугаар тал/,
Хохирогч Ч.Үүрийнтуяагийн Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл,
/хх-ийн 3 дугаар тал/,
Налайх дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт,
/хх-ийн 32 дугаар тал/,
Г.Туяацэцэгийн иргэний үнэмлэхийн лавлагаа
/хх-ийн 33 дугаар тал/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Г.Туяацэцэгт Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байна.
Иймд Г.Туяацэцэгийг Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллагдагчаар татсан тогтоол баталж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, энэ зүйл хэсгээр түүнийг ял шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Туяацэцэг нь Налайх дүүргийн шүүхийн 2006 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар 15 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж шийдвэрлэснийг, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 253 дугаар магадлалаар “Г.Туяацэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэх” гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн, Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 129 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 8 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.5 дахь хэсэгт зааснаар онц хүнд хэрэгт шийтгүүлсний дараа 10 жилийн хугацаа өнгөрөөгүй ба ялтайд тооцох хугацаа 2013 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн тоологдож 2023 оны 1 дүгээр сарны 29-ний өдөр ялгүй болох хугацаа дуусах тул Г.Туяацэцэгийг ялтайд тооцов.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Ч.Үүрийнтуяа “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Г.Туяацэцэгт ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг барагдуулсныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, ялтай байхдаа гэмт хэрэг дахин үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигин овогт Гонгорын Туяацэцэгийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г.Туяацэцэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх (192,000х10) буюу 1,920,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар Г.Туяацэцэгт нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, цагдан хоригдсон хоног болон бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Туяацэцэгт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ