Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 297

 

Г.Туяацэцэгт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Д.Эрдэнэбалсүрэн даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Б.Цогт, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ш.Эрдэнэбилэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батзаяа,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 27А дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 590 дүгээр магадлалтай, 201601080172 дугаар эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батзаяагийн гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1975 оны 6 дугаар сарын 10-нд төрсөн, эмэгтэй, 2006 онд Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 хоног хорих ял шийтгүүлж, 2013 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 8 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэгдэж суллагдсан, Боржигон овогт Гонгорын Туяацэцэг нь Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Туяацэцэгийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.920.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 27А дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Туяацэцэг, түүний өмгөөлөгч С.Батзаяа нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. 

Илтгэгч шүүгч Б.Батцэрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэг, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батзаяа нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батзаяа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Г.Туяацэцэгийг ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэнийг шүүх ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл болгож үзсэн нь гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тухайн гэмт хэрэгт нь зөвхөн нэг удаа эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн Эрүүгийн хуулийн зарчимд харшилсан ба шүүх Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.12 дахь заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Нөгөө талаар Г.Туяацэцэг нь тогоочоор ажиллаж байсан боловч эдийн засгийн хямралт байдлаас шалтгаалан орлого муу байгаатай холбогдуулан түүнийг ажлаас чөлөөлсөн. Тэрээр өөрийн ажил мэргэжлийг дээшлүүлэхээр Улаанбаатар эрдэм их сургуулийн харьяа МСҮТ-д нарийн бичгийн дарга, бичиг хэрэг, архивын ангид суралцаж байна. Г.Туяацэцэг торгуулийн ял шийтгэл эдлэх санхүүгийн боломж муу байгааг харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Шүүгдэгч Г.Туяацэцэгийн үйлдсэн гэмт хэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Харин Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх заалтад зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн байх тул Г.Туяацэцэгийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэв.

Шүүгдэгч Г.Туяацэцэг нь онц хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялтайд тооцогдох хугацаа дуусаагүй байхад буюу 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хороо, 48 дугаар байрны 20 тоотод иргэн Ч.Үүрийнтуяатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ч.Үүрийнтуяа /хх-6/, гэрч Т.Сарантөр /хх-9/, Б.Энхчимэг /хх-12/ нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 08 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-19/, шүүгдэгч Г.Туяацэцэгийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд /хх-24, 27/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг хэрэг бүртгэлтийн шатанд хангалттай шалгаж тодруулсан байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, шүүхээс оногдуулсан ял шүүгдэгч Г.Туяацэцэгийн гэм буруу, хувийн байдалд тохирсон байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батзаяагийн гаргасан “Г.Туяацэцэгт оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Харин Г.Туяацэцэгийн үйлдсэн Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх заалтад заасан хөөн хэлэлцэх 6 сарын хугацаа өнгөрсөн байх тул Г.Туяацэцэгт холбогдох бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1, 350.1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 27А дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 590 дүгээр магадлалын тогтоох хэсэгт:

-“Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь заалтад зааснаар Г.Туяацэцэгт холбогдох Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн заалтыг нэмж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батзаяагийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

                                                    ДАРГАЛАГЧ,

                                                    ШҮҮГЧ                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН

                                                    ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН