Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2020/02347

 

МАГАДЛАЛ

2020.12.14. Дугаар 2347

 

 

 

 

 

 

П.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн С.Энхтөр даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2020/02707 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч П.А-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч УБТЗ Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгт /цаашид УБТЗ гэх/ холбогдох, ажилгүй байсан хугацааны цалин 52 357 329 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие УБТЗын хууль зүйн албанд 20 шахам жил ажилласан. УБТЗ-ын даргын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн тушаалаар бүтэц орон тооны өөрчлөлт эдийн засгийн хямралтай гэсэн шалтгаанаар ажлаас чөлөөлснийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд Төмөр замын даргын тушаалыг үндэслэлтэй байна гэж дүгнэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх болон Улсын дээд шүүхэд гомдол гаргасан. Улсын дээд шүүх 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 00199 дүгээр тогтоолоор Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын хууль зүйн албаны хуулийн зөвлөхөөр ажилд эргүүлэн тогтоож, 1 сарын хөдөлмөрийн дундаж цалин хөлсийг 3 135 438 төгрөгөөр тогтоож, 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговорт 13 850 743 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болсон. УБТЗ нь өнөөдрийг хүртэл ажилд эгүүлэн томилоогүй бөгөөд шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх захирамжийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр гаргуулж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүсэлт гаргасан. 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр ажилгүй байсан хугацааны цалин 13 850 743 төгрөгөөс ажлаас гарсны тэтгэмж 2 000 000 төгрөг болон суутгалыг хасаж үлдсэн мөнгийг шилжүүлсэн байсан. УБТЗ нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүйгээс үүсэх эрх зүйн үр дагаврыг хариуцах ёстой бөгөөд 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацааны дундаж цалин хөлсийг 52 357 329 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  П.Аг ажлаас халсантай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж П.Ад 15 000 000 төгрөг олгуулахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг эс зөвшөөрч Улсын Дээд шүүхэд гомдол гаргасан. Улсын Дээд шүүхийн тогтоолд 13 850 743 төгрөгийг ажил олгогчоос гаргуулж, 4 731 888 төгрөгийг хасаж тооцоход энэ тогтоол саад болохгүй гэсэн заалт оруулж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан. Улсын Дээд шүүхийн тогтоолыг үндэслэж П.Ад 9 118 855 төгрөгийг олгохоор шийдсэн. 9 118 855 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл, татвар хураамжийг суутгаж 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 7 738 000 төгрөгийг олгосон. Улсын дээд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад тусгагдсан 1 сарын дундаж цалин 3 135 438 төгрөгийн бодит тооцооллыг хийгээгүй. Ажил олгогчоос 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр олгосон ажлаас халагдсаны тэтгэмж, балансын шагнал 2 343 000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сард ажлаас халагдсаны дараа жилийн үр дүнгийн шагнал олгосон. 2019 оны 5 дугаар сард 438 576 төгрөг, жилийн үр дүнгийн шагналыг 01, 05 дугаар саруудад 1 754 318 төгрөгийг олгосон. П.А-ийн дундаж цалин хөлсийг цалингийн хүснэгтээс харахад 2018 оны 05, 06, 07 дугаар саруудад ажиллаж нийт 5 810 630 төгрөг авсан. Үүнээс 1 сарын дундаж цалин хөлсийг тооцоход 1 936 876 төгрөг бөгөөд П.А-ийн авсан балансын шагналыг 12 сард харьцуулахад 1 сарын 202 801 төгрөг, нийт нэг сарын дундаж цалин хөлс нь 2 139 680 төгрөг. П.А-ийн нэг өдрийн дундаж цалин 101 890 төгрөг. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа хугацааны ажлын өдрүүдээс 2019 оны 02 дугаар сарын 23, 24-ний өдрүүд амралтын өдрүүд байсан учир тухайн 2 хоногийг хасаж тооцсон. 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 347 хоногийн ажлын өдөр байсан гэж тооцож 1 өдрийн ажлын дундаж цалин 107 659 төгрөгөөр тооцоход 37 357 834 төгрөгөөс 2019 оны 01 дүгээр сард олгосон жилийн үр дүнгийн шагнал 1 754 319 төгрөгийг хасаж, үлдэх 33 690 151 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч нэхэмжлэгчийн илүү нэхэмжилж буй 18 755 818 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан 6,7,9 дүгээр заалтуудаар унаа хоолны зардал, УБТЗын даргын дундаж цалин хөлсийг тооцох 293 дугаар тушаалын 4,5 дугаар заалтыг тус тус үндэслэж П.Ад олгогдсон балансын шагналыг 12 сард хувааж 1 сарын дундаж цалин дээр 202 808 төгрөгийг нэмж П.А-ийн үндсэн 1 сарын цалин 2,139,690 төгрөгийг нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 345 хоногоор үржүүлж 2019 оны 01, 05 дугаар сард олгосон жилийн үр дүнгийн шагнал 1 754 319 төгрөгийг хасахад бодит тооцооллоор 33 690 151 төгрөг олгохыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч УБТЗ Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгээс 51 809 380 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 547 949 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч П.А-д олгох олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч УБТЗ Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т заасныг баримтлан нэхэмжлэгч П.Агаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 419 997 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч УБТЗ Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгээс 416 997 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ 347 хоногийн олговорт 51 809 380 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлээс 547 949 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Балансын шагнал болон жилийн үр дүнгийн шагнал, сарын үр дүнгийн шагнал олгох талаар Замын даргын 2015 оны А-14 тоот, 2018 оны А/245 тоот тушаалыг үндэслэн тухайн ажилтны ажлын үр дүн, ажилласан хугацааг харгалзан олгодог журамтай юм. Ажил олгогчоос нэхэмжлэгчид 2017 оны балансын шагналд 2018 оны 07 дугаар сард 2 433 700 төгрөг, 2019 оны 01 дүгээр сард жилийн үр дүнгийн шагналд 1 315 739 төгрөг, мөн оны 5 дугаар сард 438 579 төгрөг тус тус олгосон байх бөгөөд үүнээс үзэхэд түүнийг ажлаас халагдснаас хойшх хугацаанд жилийн үр дүнгийн шагналд нийт 1 754 318 төгрөгийг олгосон.

Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмыг үндэслэн УБТЗ даргын 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А-293 тоот тушаалын хавсралтаар дундаж цалинд шагнал урамшууллыг оруулж, тооцох аргачлалыг батлан гаргасан бөгөөд уг аргачлалын 4, 5-д зааснаар "Дундаж цалин хөлсөнд жилийн ажлын үр дүнгийн шагнал болон балансын шагналын дүнг тооцохдоо ажилтанд тодорхой хугацаанд /жил, хагас жил/ олгосон шагналын дүнг тухайн хугацаанд хувааж, сарын нийт цалин хөлс дээр нэмж гаргаж" тооцож байх зохицуулалтыг тухайн байгууллага болон түүний салбар нэгжүүд мөрдлөг болгон ажилладаг. Балансын шагналын дүнг 12 сард хувааж, нэг сарын дундаж шагналын дүнг гаргаж, үүнийг тухайн нэг сарын дундаж цалин хөлсөнд оруулж тооцдог. "УБТЗ" ХНН нь өмнөх жилийн балансын шагналыг дараа жилийн хагас жилд бодож олгодог. Тухайн 2017 оны балансын шагналыг 2018 оны хагас жилд олгохдоо: "үндсэн цалинг 2 дахин буюу 200 хувиар нэмэгдүүлэн олгохоор шийдвэрлэсний дагуу П.Ад 2 433 700 төгрөг олгогдсон байна.

Манай байгууллагаас ажилтанд балансын шагнал олгох үндэслэл нь Сангийн сайдын 2006 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийн ажилтныг шагнах журамыг үндэслэдэг. П.А нь 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 6-ныг дуустал ажлын 26 хоногоор ээлжийн амралтаа эдэлж, ээлжийн амралтын олговорт 3 364 816 төгрөгийг авсан. Дундаж цалин хөлсийг тодорхойлох үндсэн баримт болох цалингийн карт, цалингийн тодорхойлолтоос / унаа, хоолны мөнгийг хасаж/ тооцбол нэхэмжлэгч нь 2018 оны 5,6,7 дугаар сар /сүүлийн бүтэн ажилласан 3 сар/-д үндсэн цалин 3 650 550 төгрөг, шагналт цалин 1796302 төгрөг, удаан жил 273 792 төгрөг, хавсран ажилласны нэмэгдэл 90 000 төгрөг нийт 5 810 644 төгрөг болох ба үүнээс нэг сарын дундаж цалин 1 936 881 төгрөг, үүн дээр жилийн балансын шагнал / 2 433 700 төгрөгийг 12 сард хувааж/ нэг сард ногдох 202 808 төгрөгийг нэмэхэд нэг сарын дундаж цалин хөлс нь 2 139 690 төгрөг, нэг өдрийн цалин 101 890 төгрөг байна. Гэтэл шүүхээс түүний нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо балансын шагналын 2 433 700 төгрөг, ээлжийн амралтын 3 364 816 төгрөгийг бүтнээр нь тооцож, сүүлийн 3 сард хувааж нэг сарын дундаж цалин хөлсийг 3 135 438 төгрөг буюу нэг ажлын өдрийн цалинг 150 000 төгрөгөөр тооцож байгаа нь бодит үнэнд нийцэхгүй, буруу тооцоолол болохыг шүүх анхаарч үзээгүй. П.Атай адил үндэслэлээр ажлаас халагдсан нэг хэлтэст хамт ажиллаж байсан О.Б, А.Ц нарын тус бүрийн нэг өдрийн цалинг /3 шатны/ шүүхээс тогтоохдоо "86 648-89 814 төгрөг" гэж тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр болсон. Анхан шатны шүүхээс Улсын Дээд шүүхийн тогтоолоор нэхэмжлэгчийн сарын дундаж цалинг 3 135 438 төгрөгөөр тогтоосон, уг шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж үзсэн. нэхэмжлэгчээс гаргаж өгсөн цалингийн карт, цалингийн тооцооллыг бодитойгоор авч үзээгүй нь хууль зүйн үндэслэлгүй байна. Дээр дурдсанаар анхан шатны шүүхээс нэг хэлтсийн, адил албан тушаалд хамт ажиллаж байсан хуульчдын сарын дундаж цалин хөлсийг тогтоосон шүүхийн шийдвэр ч мөн адил хүчин төгөлдөр, үйл баримт мөн тул тухайн шийдвэрүүдийг "жишиг" аргаар харьцуулан үзэж хуулийг нэг мөр ойлгож, хэрэглэх талаарх хуулийн шаардлагыг анхан шатны шүүх хэрэгжүүлсэнгүй. Иймээс тус шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчаас гаргуулах 51 809 380 төгрөгөөс 18 208 229 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх талуудын хоорондын маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч П.А нь хариуцагч УБТЗд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 52 357 329 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2019/00568 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 689 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 001/ХТ2020/00199 дугаар тогтоолоор П.Аг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хууль зүйн албаны хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас 13 802 743 төгрөг гаргуулан П.Ад олгож шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болсон байна. /хх-3-22х/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч нь урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй.

 

Гэтэл хариуцагч УБТЗ нь нэхэмжлэгч П.Аг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хууль зүйн албаны хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн томилоогүй тул шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаатай холбогдуулан эрх зүйн үр дагавар болох ажилгүй байсан хугацаа буюу 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг дуустал нийт 349 ажлын өдрийн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр нэхэмжилсэн байна.

 

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 001/ТХ2020/00199 дугаар тогтоолоор нэхэмжлэгч П.А-ийн ажилгүй байсан хугацааг ажилтанг ажлаас чөлөөлсөн өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг дуустал тооцжээ. /хх-14-22/

 

Иргэний хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх учиртай. Хариуцагч УБТЗ нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, нэхэмжлэгч П.Аг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн томилоогүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт дурдсан хугацаанаас хойшхи ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

 

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолоор нэхэмжлэгч П.А-ийн нэг сарын дундаж цалин хөлсний хэмжээг 3 135 438 төгрөг болохыг тогтоосон байх бөгөөд уг шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

Иймд нэхэмжлэгч П.Аг ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговорт нэг өдрийн цалинг 149 307 төгрөгөөр тооцож, 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг дуустал ажилгүй байсан 347 хоногийн олговорт 51 809 380 төгрөгийг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийхийг хариуцагч УБТЗд даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт нийцжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... адил үндэслэлээр ажлаас халагдсан нэг хэлтсийн 2 ажилтаны нэг өдрийн цалинг 86 648-89 814 төгрөгөөр тогтоосон шүүхийн хүчин шийдвэр байхад нэхэмжлэгч П.А-ийн нэг өдрийн цалинг 149 307 төгрөгөөр тооцох гэх гомдлыг хангах үндэслэлгүй юм. Учир нь: өөр хэргийн үйл баримтыг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг энэ хэргийн үйл баримтыг тогтоосон шийдвэр гэж үзэх боломжгүй юм.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2020/02707 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 248 546 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

 

Д.БАЙГАЛМАА