Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2021/00664

 

 П.Ариунаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2020/02707 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2347 дугаар магадлалтай,

 П.Ариунаагийн нэхэмжлэлтэй,

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 52,357,329 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяагийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Ариунаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч П.Ариунаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажилгүй байсан хугацааны буюу 2019.02.23-ны өдрөөс 2020.07.10-ны өдрийг дуустал хугацааны нийт 349 хоногийн цалин 52,357,329 төгрөгийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас гаргуулж нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Хууль зүйн албанд 20 шахам жил ажилласан. 2018.10.10-ны өдрийн Улаанбаатар төмөр замын даргын тушаалаар бүтэц орон тооны өөрчлөлт эдийн засгийн хямралтай гэсэн шалтгаанаар намайг ажлаас чөлөөлсөн. Миний бие эрхээ хамгаалах зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд Төмөр замын даргын тушаалыг үндэслэлтэй байна гэж дүгнэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх болон Улсын дээд шүүхэд гомдол гаргасан. Улсын дээд шүүх 2020.04.23-ны өдрийн 00199 дүгээр тогтоолоор Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Хууль зүйн албаны хуулийн зөвлөхөөр ажилд эргүүлэн тогтоож, 1 сарын хөдөлмөрийн дундаж цалин хөлсийг 3,135,438 төгрөгөөр тогтоож, 2018.10.10-ны өдрөөс 2019.02.22-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговорт 13,850,743 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Улсын дээд шүүхийн тогтоол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-д заасны дагуу хүчин төгөлдөр болсон тул иргэн хуулийн, этгээд заавал биелүүлэх үүрэг үүснэ. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь өнөөдрийг хүртэл намайг ажилд эргүүлэн томилоогүй бөгөөд шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх захирамжийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр гаргуулж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүсэлтээ өгсөн. Намайг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа 2020.07.24-ний өдөр Улсын дээд шүүхийн олгохоор шийдвэрлэсэн 13,850,743 төгрөгөөс ажлаас гарсны тэтгэмж 2,000,000 төгрөг болон суутгалыг хасаж үлдсэн мөнгийг шилжүүлсэн байсан. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүйгээс үүсэх эрх зүйн үр дагаврыг хариуцах ёстой бөгөөд 2019.02.23-ны өдрөөс 2020.07.10-ны өдрийг дуустал хугацааны дундаж цалин хөлсийг 52,357,329 төгрөгийг нэхэмжилж байна. 1 өдрийн дундаж цалин хөлсийг гаргахдаа Дээд шүүхээс тогтоосон 3,135,438 төгрөгийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын хэмжээнд мөрдөж байгаа 1 сарын ажлын дундаж хоног буюу 20.9 өдрөөр тооцож 1 өдрийн дундаж цалинг 150,021 төгрөгөөр тодорхойлж нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: П.Ариунааг ажлаас халсантай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх өөрчлөлт оруулж П.Ариунаад 15,000,000 төгрөг олгуулахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам цалин хөлсний бодолт болон бүтэц орон тоонд өөрчлөлт орж хэлтэс татан буугдсан учир Хууль зүйн хэлтэст ажиллаж байсан 3 хүнийг ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж Улсын дээд шүүхэд гомдол гаргасан. Хяналтын шатны шүүхийн тогтоолд 13,850,743 төгрөгийг ажил олгогчоос гаргуулж, 4,731,888 төгрөгийг хасаж тооцоход энэ тогтоол саад болохгүй гэсэн заалт оруулж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан байсан. Улсын дээд шүүхийн тогтоолыг үндэслэж П.Ариунаад 9,118,855 төгрөгийг олгохоор шийдсэн. 9,118,855 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл, татвар хураамжаа хасаж 2020.07.24-ний өдөр 7,738,000 төгрөгийг олгосон. Улсын дээд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад тусгагдсан 1 сарын дундаж цалин 3,135,438 төгрөгийн бодит тооцооллыг хийгээгүй. Ажил олгогчоос 2018.10.11-ний өдөр олгосон ажлаас халагдсаны тэтгэмж, балансын шагнал 2,343,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сард ажлаас халагдсаны дараа жилийн үр дүнгийн шагнал олгосон. 2019 оны 05 дугаар сард 438,576 төгрөг, жилийн үр дүнгийн шагналыг 01, 05 дугаар саруудад 1,754,318 төгрөгийг олгосон. П.Ариунаагийн дундаж цалин хөлсийг цалингийн хүснэгтээс харахад 2018 оны 05, 06, 07 дугаар саруудад ажиллаж нийт 5,810,630 төгрөг авсан байдаг. Үүнээс 1 сарын дундаж цалин хөлсийг тооцоход 1,936,876 төгрөг бөгөөд П.Ариунаагийн авсан балансын шагналыг 12 сард харьцуулахад 1 сарын 202,801 төгрөг, нийт нэг сарын дундаж цалин хөлс нь 2,139,680 төгрөг болдог. П.Ариунаагийн нэг өдрийн дундаж цалин 101,890 төгрөг болж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа хугацааны ажлын өдрүүдээс 2019.02.23, 24-ний өдрүүд амралтын өдрүүд байсан учир тухайн 2 хоногийг хасаж тооцсон. 2019.02.25-ны өдрөөс 2020.07.10-ны өдрийг хүртэл 347 хоногийн ажлын өдөр байсан гэж тооцож 1 өдрийн ажлын дундаж цалин 107,659 төгрөгөөр тооцоход 37,357,834 төгрөгөөс 2019 оны 01 дүгээр сард олгосон жилийн үр дүнгийн шагнал 1,754,319 төгрөгийг хасаж, үлдэх 33,690,151 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилж буй 18,755,818 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүссэн. Хариуцагчийн тайлбар татгалзлын хувьд Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны сайдын 2005.05.05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан 6,7,9 дүгээр заалтуудаар унаа хоолны зардал, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын дундаж цалин хөлсийг тооцох 293 дугаар тушаалын 4,5 дугаар заалтыг тус тус үндэслэж П.Ариунаад олгогдсон балансын шагналыг 12 сард хувааж 1 сарын дундаж цалин дээр 202,808 төгрөгийг нэмж, П.Ариунаагийн үндсэн 1 сарын цалин 2,139,690 төгрөгийг нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 345 хоногоор үржүүлж, 2019 оны 01, 05 дугаар сард олгосон жилийн үр дүнгийн шагнал 1,754,319 төгрөгийг хасахад бодит тооцооллоор 33,690,151 төгрөг олгохыг хүлээн зөвшөөрнө гэжээ.

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2020/02707 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 51,809,380 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Ариунаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 547,949 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч П.Ариунаад олгох олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т заасныг баримтлан нэхэмжлэгч П.Ариунаагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 419,997 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 416,997 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2347 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2020/02707 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 248,546 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Тус хэргийг хянан шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

П.Ариунаа нь УБТЗ ХНН-т холбогдуулан хуучин ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай гомдол гаргасныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2019.02.22-ны өдрийн 102/ШШ2019/00568 дугаартай шийдвэрээр гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2019.04.17-ны өдрийн 689 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийг Соён гэгээрүүлэх хэлтсийн хуулийн зөвлөхийн албан тушаалд эгүүлэн тогтоож, олговорт 15,081,269 төгрөг олгохоор шийдвэрлэсэнд хариуцагчаас хяналтын гомдол гаргаж, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдаанаас 2020.04.23-ны өдрийн 001/ХТ2020/00199 дугаар тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалд П.Ариунааг УБТЗ ХНН-ийн Хууль зүйн албаны хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас 2018.10.10-ны өдрөөс 2019.02.22-ны өдрийг дуусталх хугацаанд ажилгүй байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 13,802,743 төгрөг гаргуулж олгохоор өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлсийг 3,135,438 төгрөгөөр тогтоосон.

Үүний дараа Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2020.09.22-ны өдөр 102/ШШ2020/2707 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ УДШ-ийн тогтоолоор нэхэмжлэгчийн сарын дундаж цалинг 3,135,438 төгрөгөөр тогтоосныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж үзэж, шүүхэд хариуцагчаас гаргаж өгсөн цалингийн карт, цалингийн тооцооллыг бодитойгоор авч үзэж, нягтлахгүйгээр нэг өдрийн цалинг 149,307 төгрөгөөр тооцон 347 өдрийн цалин олговорт 51,809,380 төгрөгийг олгуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч П.Ариунаатай адил үндэслэлээр ажлаас халагдсан нэг хэлтэст хамт ажиллаж байсан хуульч О.Баясгалан, А.Цэндзаяа нарын тус бүрийн нэг өдрийн цалинг /3 шатны/ шүүхээс тогтоохдоо 86,648-89,814 төгрөг гэж тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр болсон Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.12.06-ны өдрийн 102/ШШ2018/03680 дугаар, мөн тус шүүхийн 2020.04.07-ны өдрийн 102/ШШ2020/01047 дугаар шийдвэр, Улсын Дээд шүүхийн 2019.06.14-ний өдрийн 001/ХТ2019/00937, 001/ХТ2019/00923 дугаар тогтоолууд байгаа.

Ийнхүү нэг хэлтсийн, адил албан тушаалд хамт ажиллаж байсан хуульчдын сарын дундаж цалин хөлсийг тогтоосон шүүхийн шийдвэр ч мөн адил хүчин төгөлдөр, үйл баримт мөн тул тухайн шийдвэрүүдийг жишиг аргаар харьцуулан үзэж хуулийг нэг мөр ойлгож, хэрэглэх талаарх хуулийн шаардлагыг анхан шатны шүүх хэрэгжүүлээгүй.

Гэтэл анхан шатны шүүхийн уг алдааг давж заалдах шатны шүүхээс засаж залруулах, өөрчлөх боломжтой байхад давж заалдах шатны шүүх шийдвэртээ нэхэмжлэгчийн ... нөхөн олговорт нэг өдрийн цалинг 149,307 төгрөгөөр тооцож 347 өдрийн олговорт 51,809,380 төгрөг олгож шийдвэрлэсэн нь Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолоор түүний нэг сарын дундаж цалин хөлсний хэмжээг 3,135,438 төгрөгөөр тогтоосныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй гэх дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэснийг болон 40 дүгээр зүйлийн 40.2, 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэснийг зөрчиж байна.

Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005.05.05-ны өдрийн 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 4-т ажилтанд олгож буй бүх төрлийн тэтгэмжүүд, нөхөх олговор, хөнгөлөлтийн орлого буюу унаа, хоолны үнийн хөнгөлөлт нь цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй гэж, 5-д ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэр дүнг тухайн хугацаанд дахь нийт сарын тоонд хувааж, нэг сарын дундаж цалинг тодорхойлох, нэг сарын дундаж цалин хөлсийг гарсан дүнг сарын ажлын өдрийн дундаж тоонд хувааж, нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлох гэж, 7а-д ажлаас халагдсаныг холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцохоор, ХНН УБТЗ-ын даргын 2014.12.11-ний өдрийн А-293 тоот тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалинд шагнал урамшууллыг оруулж, тооцох аргачлалын 4, 5-д заасан Дундаж цалин хөлсөнд жилийн ажлын үр дүнгийн шагнал болон балансын шагналын дүнг тооцохдоо ажилтанд тодорхой хугацаанд /жил, хагас жил/ олгосон шагналын дүнг тухайн хугацаанд хувааж, сарын нийт цалин хөлс дээр нэмж тооцож байх зохицуулалтыг тухайн байгууллага болон түүний салбар нэгжүүд мөрдлөг болгон ажилладаг.

Манай байгууллага ажилтнуудад балансын болон жилийн үр дүнгийн шагнал, сарын үр дүнгийн шагнал олгох талаар Замын даргын 2015 оны А-14 тоот, 2018 оны А/245 тоот тушаалаар батлагдсан журмыг үндэслэн ажлын үр дүн, ажилласан хугацааг нь харгалзан олгодог.

Ажил олгогчоос П.Ариунаад 2017 оны бүтэн жилийн балансын шагналыг 2018 оны 07 дугаар сард 2,433,700 төгрөгийг олгосон бөгөөд ингэхдээ тухайн ажилтны үндсэн цалинг 2 дахин буюу 200 хувиар нэмэгдүүлэн олгосон байдаг.

Дундаж цалин хөлсийг тодорхойлох үндсэн баримт болох цалингийн карт, цалингийн тодорхойлолтоос /унаа, хоолны мөнгийг хасаж/ тооцвол нэхэмжлэгч нь 2018 оны 5,6,7-р сар /сүүлийн бүтэн ажилласан 3 сар/-д үндсэн цалин 3,650,550 төгрөг, шагналт цалин 1,796,302 төгрөг, удаан жил 273,792 төгрөг, хавсран ажилласны нэмэгдэл 90,000 төгрөг, нийт 5,810,644 төгрөг болох ба үүнээс нэг сарын дундаж цалин 1,936,881 төгрөг, үүн дээр жилийн балансын шагнал /2,433,700 төгрөгийг 12 сард хувааж/ нэг сард ногдох 202,808 төгрөгийг нэмэхэд нэг сарын дундаж цалин хөлс нь 2,139,690 төгрөг, нэг өдрийн цалин 101,890 төгрөг байна.

Гэтэл шүүхээс түүний нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо балансын шагналын 2,433,700 төгрөг, ээлжийн амралтын 3,364,816 төгрөгийг бүтнээр нь тооцож, сүүлийн 3 сард хувааж нэг сарын дундаж цалин хөлсийг 3,135,438 төгрөг буюу нэг ажлын өдрийн цалинг 150,000 төгрөгөөр тооцож байгаа нь бодит үнэнд нийцэхгүй, буруу тооцоолол болохыг шүүх анхаарч үзсэнгүй. Балансын шагналын дүнг 12 сард хувааж, нэг сарын дундаж шагналын дүнг гаргаж, үүнийг тухайн нэг сарын дундаж цалин хөлсөнд оруулж тооцох ёстой байхад уг тооцооллын алдааг зөвтгөн шийдвэрлэж чадсангүй.

Мөн нэхэмжлэгчид ажлаас халагдсанаас хойш олгогдсон 2019 оны 01 дүгээр сард жилийн үр дүнгийн шагналд 1,315,739 төгрөг, мөн оны 5 дугаар сард 438,579 төгрөг, нийт 1,754,318 төгрөгийг ч хасаж тооцоогүй болно.

Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын 507660 тоот дэвтрийн хуулбараас сүүлчийн 3 сарын цалингийн бичилтээс үзэхэд 2018 оны 7 дугаар сард 4,440,739 төгрөг, 8 дугаар сард 2,400,000 төгрөг, 9 дүгээр сард 2,798,894 төгрөг байх бөгөөд үүний нийт дүн нь 9,639,633 төгрөг, үүнээс сарын дундаж цалин хөлсийг тооцсон гэж үзвэл үүнээс хоол унааны зардал 84,000 төгрөг, мөн жилийн /12 сарын/ үр дүнгийн шагнал 2,433,700 төгрөгөөс 9 сарын буюу 1,825,200 төгрөг, нийт 1,909,200 төгрөгийг хасаж /9,639,633-1,909,200/ үлдэх 7,730,433 төгрөгөөс нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлох ёстой байсан. /17,730,433:3 сар= нэг сарын дундаж цалин хөлс 2,576,811 төгрөг болж байна/

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2020.04.23-ны өдрийн /001/ХТ2020/00199 дугаар тогтоолын/ тэмдэглэлд илтгэгч шүүгчээс: таны нэг сарын дундаж цалин хөлс /шагнал, урамшуулал, удаан жилийн болон хавсран ажилласны нэмэгдэл ороод/ нийт 1,946,538 төгрөг болж байна. Та тайлбар өгнө үү гэхэд нэхэмжлэгчээс: тайлбартаа хариуцагчаас нэг сард авах цалин хөлсний тооцооллыг гаргаж өгсөн гэсэн байдаг бөгөөд энэ нь өөрийн нэг сарын дундаж цалин хөлсний хэмжээг нэхэмжлэгч өөрөө тодорхой мэддэг, үүнийг хүлээн зөвшөөрч байгаа болохыг нотолж байна.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан 347 ажлын өдрийн цалинг нэг ажлын өдрийн цалин 101,890 төгрөгөөр тооцоход 35,355,830 төгрөг болох ба үүнээс нэхэмжлэгчид 2019 оны 01 дүгээр сард олгосон жилийн үр дүнгийн шагнал нийт 1,754,319 төгрөгийг хасаж тооцоод үлдэх 33,601,151 төгрөгийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч байна.

Иймээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр хариуцагчаас гаргуулах 51,809,380 төгрөгөөс 18,208,229 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

 Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байна.

 Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 П.Ариунаа нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 52,357,329 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч 33,690,151 төгрөгийг зөвшөөрнө, бусдыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 Анхан шатны шүүх хариуцагчаас 51,809,380 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

 Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д энэ хуулийн 36.1.2.-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж, мөн хуулийн 36.1.2.-т ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй гэж тус тус зохицуулжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.04.17-ны өдрийн 689 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2020.04.23-ны өдрийн 199 тогтоолоор нэхэмжлэгч П.Ариунааг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Хууль зүйн албаны Соён гэгээрүүлэх хэлтсийн хуулийн зөвлөхийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бөгөөд шүүхийн шийдвэр өнөөдрийг хүртэл биелэгдээгүй үндэслэлээр П.Ариунаа нь ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарсан 2019.02.23-ны өдрөөс 2020.07.10-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор нэхэмжилсэн нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй байна.

 Ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон Улсын Дээд шүүхийн тогтоолд ажилтны дундаж цалин хөлсний хэмжээг 3,136,438 төгрөг гэж тодорхойлсон тул анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн сарын дундаж цалинг 3,136,438 төгрөгөөр бодож ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцсоныг буруутгах боломжгүй, шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2. дахь заалтад нийцүүлэн үнэлжээ.

 Хариуцагч ажилтны нэг сарын дундаж цалинг буруу тодорхойлсон гэж маргах боловч тэрээр Улсын Дээд шүүхийн тогтоолд заасан үнийн дүнг буруу болохыг нотлоогүй, хэрэгт энэ талаар баримтгүй тул хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн, татгалзсан үндэслэл, тайлбараа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

 Иймд шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2020/02707 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2347 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяагийн гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 248,546 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Д.ЦОЛМОН

                                  ШҮҮГЧИД                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                  Х.СОНИНБАЯР

                                                          Б.УНДРАХ

                                                                    Х.ЭРДЭНЭСУВД