Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/00102

 

2021 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/00102

 

 

Х.У-ын  нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заадах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2020/02742 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Х.У-ын нэхэмжлэлтэй, хариуцагч К банк ХХК-д холбогдох

К банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Б/291 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4 200 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.У-а, түүний өмгөөлөгч Э.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2012 оны 4 дүгээр сард Капитрон банкинд ажилд орж, 2020 оны 8 дугаар сар хүртэл тогтвор суурьшилтай ажиллаж байна. 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр гүйцэтгэх захирлын Б/291 тоот хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр ажлаас халж буйгаа дурджээ. 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 20-478-1 дугаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба тус гэрээний 7.2-т заасан. 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тушаал нь ажил олгогчийн санаачилгаар боловч мэргэжил ур чадварын түвшин тогтоох шалгалтыг дүрэм, журам зөрчиж авсан гэж үзэж байна.

Шалгалт зохион байгуулах тухай гэсэн цахим шуудан ирсний дагуу 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 11-ний өдрүүдэд онлайнаар шалгалт авсан. Үнэлгээг 5 дугаар сарын 14-ний өдөр ажилтан бүрт мэдээлэх ба ажилтныг ажлаас чөлөөлөх, ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахгүй хэмээн мэдэгдсэн. 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох зорилгоор 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдрөөс 11-ний өдрүүдэд зохион байгуулсан шалгалтад хангалтгүй үнэлгээ авсан харилцагчийн менежерүүдийг мэргэжил ур чадварын түвшин тогтоох шалгалтад хамруулж, ажилтныг гарсны дагуу уг шалгалтыг зохион байгуулах удирдамжийг хүргүүлж байна гэх цахим шуудан ирсэн. 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн А/92 тоот тушаалаар томилогдсон мэргэжил ур чадварын түвшин тогтоох комиссын 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 03-ны өдрүүдэд зохион байгуулсан шалгалтад хангалтгүй үнэлгээ тогтоогдсон, хөдөлмөрийн гэрээг 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөр дуусгавар болгож, ажил олгогчийн санаачилгаар цуцлах болсныг танилцуулсан мэдэгдлийг өгсөн.

2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн гүйцэтгэх захирлын тушаалыг бидэнд танилцуулаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг зөрчсөн. Тиймээс 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Б/291 дугаартай Х.У-атай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4 200 000 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, А.Б нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Капитрон банкны гүйцэтгэх захирлын 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/71 тоот тушаалаар Банкны салбар, нэгжийн удирдлага болон харилцагчийн менежерүүдийн мэргэжлийн мэдлэгийг тогтоох, ур чадварын үнэлгээг хийх ажлын хэсгийг байгуулсан бөгөөд уг ажлын хэсэг нь батлагдсан удирдамжийн дагуу ажиллаж, шалгалт зохион байгуулж үнэлсэн. Энэхүү шалгалтын мэдээ, мэдээллийг тухай бүр оролцогч нарт и-мэйлээр хүргэж байсан бөгөөд удирдамжид зааснаар уг шалгалтад хангалтгүй үнэлгээ авсан тохиолдолд ажлын шаардлага хангахгүй байгаа тул шаардлагатай гэж үзвэл Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт авч, комиссын дүгнэлт гаргуулна гэсэн байна. Тус шалгалтад нэхэмжлэгч Х.У-а нь хангалтгүй үнэлгээ авсан.

Ингээд дээрх шалгалтад хангалтгүй үнэлгээ авсан харилцагчийн менежерүүдийн дунд гүйцэтгэх захирлын 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн А/92 тоот мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт зохион байгуулах тухай тушаалаар мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс шалгалтыг зохион байгуулж ажилласан. Нэхэмжлэгч Х.У-а нь дээр шалгалтад буюу тестэд 35 оноо, Assessment center-т 16.9 оноо, шууд удирдлагын үнэлгээнд 6.8 оноо, нийт 58.7 оноо авч шалгалтад тэнцээгүй тул мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссоос тэнцээгүй гэсэн албан ёсны дүгнэлт гарсан болно. Нэхэмжлэгч өргөдөл гаргаж, тус өргөдлийн хариуг 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 1249 тоот албан бичгээр мэдэгдсэн. Ингэхдээ Х.У-ыг удирдлагаас өгсөн зөвшөөрлийн бүрэн эрхийн хүрээнд хугацаатай үүрэг даалгавар авч, уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах санал тавьсан боловч Х.У-а хүлээн зөвшөөрөөгүй болно. Иймд Х.У-атай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг үндэслэн Капитрон банкны гүйцэтгэх захирлын 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Б/291 тоот тушаалаар ажил олгогчийн санаачилгаар цуцалж, дуусгавар болсон.

Хөдөлмөрийн тухай хуулийн зарим, зүйл заалтыг тайлбарлах тухай 2006 оны Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолд тайлбарласан байдаг. Манай хувьд Банкны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын ажиллах журамд заасны дагуу ажиллаж, түүнд заасны дагуу албан ёсны дүгнэлтээ гаргасан тул хуульд нийцэж байна. Хөдөлмөрийн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу ажил олгогчийн зүгээс нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг Х.У-ад олгосон. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан "Капитрон банк" ХХК-д холбогдох гүйцэтгэх захирлын 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Б/291 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4 200 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай Х.У-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдаж, нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос гаргуулан буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1, 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасны дагуу Капитрон банкны хөдөлмөрийн дотоод журмын 8.1-т ганцаарчилсан маргааныг маргаан таслах комисс шийдвэрлэхээр журамласан байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс мэргэжил ур чадварын түвшин тогтоох шалгалтын дүгнэлтийг эс зөвшөөрч, гаргасан гомдлыг тухайн дүгнэлтийг гаргасан комисс өөрөө хянаж, гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэж хариу өгч байгаа нь нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн үйл ажиллагаа болсон. Тухайн шалгалтын үр дүнг үндэслэн хариуцагч байгууллага 4 ажилтныг ажлаас чөлөөлсөн бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасан боловч ажил олгогчийн зүгээс хэлэлцээр огт хийлгүй 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний ажлаас халагдсаны тэтгэмжийг олгохоор шийдвэрлэсэн нь хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн. Мөн нэхэмжлэгч болон бусад ажлаас чөлөөлөгдсөн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн үйл ажиллагаа болсон байдаг. Гэтэл шүүх уг асуудлаар дүгнэлт хийгээгүй байна. Шүүх шийдвэрийн үндэслэл хэсэгтээ "...манай тохиолдолд хариуцагч байгууллагад чухам ямар дүрэм, журам үйлчилдэг, ажилтан мэргэжил, ур чадварын хувьд ажилдаа тэнцэж байгаа эсэхэд хэн үнэлэлт өгөх, дүгнэлт гаргах эрхтэй. X.Уянгын талаар гаргасан дүгнэлт үндэслэлтэй эсэх талаар асуудлыг шүүх шалгаж тогтоох нь чухал ач холбогдолтой байна" хэмээн зөв дүгнэсэн. Харамсалтай нь X.Уянгын талаар гаргасан дүгнэлт үндэслэлтэй байсан эсэхийг огт тогтоогоогүй. Хавтаст хэргийн 78 дугаар талд авагдсан хэргийн гол баримт болох үнэлгээний хүснэгтийг нотлох баримтын шаардлага хангахааргүй, хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон маргаан бүхий дүгнэлтийг гаргаад буй комиссын даргын гарын үсгээр баталгаажуулсан байтал нотлох баримтаар үнэлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Зүй нь уг үнэлгээг Хавтаст хэргийн 58 дугаар талд авагдсан аргачлалын 3-т зааснаар шууд удирдлагын зүгээс гаргахаар байсан. Иймд дээрхи үндэслэлүүдийг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Х.У-а нь хариуцагч К банк ХХК-д холбогдуулан гүйцэтгэх захирлын 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Б/291 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй гэж маргажээ.

 

К банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Б/291 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон үндэслэлээр Х.У-атай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, Андууд салбарын харилцагчийн менежер ажлаас чөлөөлжээ.

 

Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааг баримталж нэхэмжлэл гаргасан талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Капитрон банкны гүйцэтгэх захирлын 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/71 тоот тушаалаар 2020 оны бизнес төлөвлөгөөний хүрээнд хүний нөөцийн удирдлагыг боловсронгуй болгох, салбар, нэгжийн удирдлага болон харилцагчийн менежерүүдийн ур чадварыг сайжруулах, хүний нөөцийг оновчтой байршуулах зарим арга хэмжээ авах зорилгоор банкны салбар, нэгжийн удирдлага болон харилцагчийн менежерүүдийн мэргэжлийн мэдлэгийг тогтоох, ур чадварын үнэлгээг хийх ажлын хэсгийг байгуулж, шалгалтын удирдамж, төлөвлөгөөг гарган банкны ажилчдаас шалгалт авахад Х.У-а нь 50,5 хувь буюу хангалтгүй үнэлгээг авсан, үнэлгээний талаар түүнд мэдэгдсэн баримт хэрэгт авагдсан байна. /хх-ийн 35-40/

 

Мөн Капитрон банкны гүйцэтгэх захирлын 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн А/89 тоот тушаалаар мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс байгуулах, хангалтгүй үнэлгээ авсан харилцагчийн менежерүүдийг уг шалгалтад хамруулах, үр дүнг танилцуулах ажлыг 2020 оны 7 дугаар сард багтаан зохион байгуулахыг Үйл ажиллагааны газарт үүрэг болгосон, 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн А/92 тоот тушаалаар мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт зохион байгуулах комиссыг 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, Х.У-а нь шалгалтад хамрагдах ажилтны нэрсийн жагсаалтад багтаж, шалгалтад хамрагдаж, мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 02/2020 тоот дүгнэлтээр 58,7 хувь үнэлгээгээр мэргэжил, ур чадварын хувьд харилцагчийн менежерийн ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэж дүгнэгджээ. /хх-ийн 41-69/

 

Анхан шатны шүүх Капитрон банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн А/140 тоот тушаалын хавсралтаар батлагдсан Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын ажиллах дүрэм, 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/93 тоот тушаалын хавсралтаар батлагдсан Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын ажиллах журам /шинэчилсэн найруулга/ нь агуулгын хувьд хоорондоо зөрчилгүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байхаас комисс дүгнэлт гаргахдаа уг журамд заасныг зөрчсөн гэх байдал тогтоогдоогүй байна.

Хариуцагч байгууллага мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 02/2020 тоот дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгч Х.У-атай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг зөрчөөгүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Х.У-ын 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Капитрон банкны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисст гаргасан ...үнэлгээг дахин хянаж өгөхийг хүссэн агуулгатай хүсэлтийг уг комиссын дарга Ч.Намжилмаа хүлээн аваад холбогдох журамд заасны дагуу 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хариу өгсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасан шүүх хянан шийдвэрлэхээр зааснаас бусад маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс анх дутам хянан шийдвэрлэнэ гэснийг зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Мөн Х.У-а нь гаргасан хүсэлтдээ шууд удирдлагын буюу салбарын захирлын үнэлгээ огт ороогүй гэсэн байх боловч хэргийн 69 дүгээр талд авагдсан Андууд салбарын захирал С.Мөнхмөрөнгийн үнэлгээ нийт үнэлгээнд орж дүгнэгдсэн байна. Харин хэргийн 78 дугаар талд авагдсан үнэлгээний баримт нь хуульч А.Баярмагнай гарын үсэг зурсан, үнэлгээ татсан гэсэн баримт байна.

 

Түүнчлэн, ажил олгогч нь ажилтан тус бүрийн мэргэжил, ур чадварын түвшин тогтоосны үндсэн дээр хөдөлмөрийн гэрээ цуцлах эсэх асуудлыг шийдвэрлэснийг Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасан бөөнөөр халах үеийн зохицуулалттай адилтган хэрэглэхгүй болно.

           Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2020/02742 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Н.БАТЗОРИГ