Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2020/02742

 

 

 

 

 

 

 

 

2020           11          05                                             181/ШШ2020/02742

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: У нэхэмжлэлтэй,

Хариуцагч: К ХХК-д холбогдох

 

К ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Б/291 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4,200,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч У, түүний өмгөөлөгч Ж.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, А.Б, нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

У миний бие 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Б/291 дугаартай “Утай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэл гаргаж байна.

Миний бие 2012 оны 4 дүгээр сард Капитрон банкинд ажилд орж, 2020 оны 8 дугаар сар хүртэл тогтвор суурьшилтай ажиллаж байна. Капитрон банк нь жил бүр нийт ажилчдаас “Түвшин тогтоох шалгалт”-ыг зохион байгуулан авдаг бөгөөд тус шалгалтыг миний бие хангалтгүй үнэлгээ авч байсан удаагүй буюу ажиллаж байх хугацаандаа ажлын доголдол, хариуцлага алдаж байсан тохиолдол гарч байгаагүй юм.

2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр гүйцэтгэх захирлын Б/291 тоот хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тушаалын хуулбарыг өгсөн. Энэ тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэх үндэслэлээр ажлаас халж буйгаа дурджээ.

Дээрх хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 20-478-1 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба тус гэрээний 7.2-т “... энэхүү гэрээг хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл буюу ажил олгогчийн санаачилгаар цуцална” гэж заасан. 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тушаал нь ажил олгогчийн санаачилгаар боловч мэргэжил ур чадварын түвшин тогтоох шалгалтыг дүрэм, журам зөрчиж авсан гэж үзэж байна.

Шалгалт зохион байгуулах тухай гэсэн гарчигтай ажилтны ажил үүргээ гүйцэтгэхэд санхүүгийн шинжилгээний мэдлэгийг тогтоох, ажилтны хандлага, ур чадварын үнэлгээг тодорхойлох, карьер хөгжлийн нөөцөд бүртгэх, сургалтын хэрэгцээ шаардлага байгаа эсэхийг тодорхойлох шалгалтыг зохион байгуулах болсныг үүгээр мэдэгдэж байна гэсэн цахим шуудан ирсний дагуу 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 11-ний өдрүүдэд онлайнаар шалгалт авсан. Үнэлгээг 5 дугаар сарын 14-ний өдөр ажилтан бүрт мэдээлэх ба ажилтныг ажлаас чөлөөлөх, ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахгүй хэмээн мэдэгдсэн.

2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт авах тухай гэсэн гарчигтай зарим ажилтны мэргэжлийн мэдлэг тогтоох, ур чадварын үнэлгээг тодорхойлох зорилгоор 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдрөөс 11-ний өдрүүдэд зохион байгуулсан шалгалтад хангалтгүй үнэлгээ авсан харилцагчийн менежерүүдийг “мэргэжил ур чадварын түвшин тогтоох шалгалт”-д хамруулж, ажилтныг гарсны дагуу уг шалгалтыг зохион байгуулах удирдамжийг хүргүүлж байна гэх цахим шуудан ирсэн.

2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр “2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн А/92 тоот тушаалаар томилогдсон “мэргэжил ур чадварын түвшин тогтоох комисс”-ын 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 03-ны өдрүүдэд зохион байгуулсан шалгалтад 59 хувиас доош буюу хангалтгүй үнэлгээ авч тухайн ажил албан тушаалд тавигдаж буй мэдлэг, мэргэжил ур чадварын түвшинд тэнцэхгүй болох нь тогтоогдсон болно”, тиймээс тантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөр дуусгавар болгож, ажил олгогчийн санаачилгаар цуцлах болсныг танилцуулсан мэдэгдлийг өгсөн.

Ийнхүү 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тушаал гаргасныг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь мэргэжил ур чадварын түвшин тогтоох комиссын ажиллах журмаар комисс ажиллахдаа хууль тогтоомжид нийцсэн, хараат бус, шударга байх, эрх тэгш байх зарчмыг баримтлан шалгалтыг зохион байгуулах үүрэгтэй юм.

Анхны шалгалт авах удирдамж чиглэлд шалгалтын үнэлгээнээс хамааран ажлаас чөлөөлөх, ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахгүй гэж мэдэгдсэн. Мөн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн гүйцэтгэх захирлын тушаалыг бидэнд танилцуулаагүй, шалгалт авах, шалгалтыг хэрхэн яаж дүгнэх нь ойлгомжгүй, шалгалтын дүнг бидэнд албан ёсоор, эрх зүйн бичиг баримтын шаардлага хангаснаар танилцуулж гарын үсэг зуруулаагүй ажлаас ажил олгогчийн санаачилгаар гэх үндэслэлээр халж ажилтан миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн тушаал гаргасанд гомдолтой байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 буюу “Ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд ажил, алтан тушаалдаа тэнцэхгүй болсон” гэдэгт салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр хамаарах ёстой.

Гэтэл ажилтан бидэнд албан ёсны дүгнэлт, шийдвэрийг танилцуулаагүй, гардуулаагүй нь хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Тиймээс 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Б/291 дугаартай Утай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4,200,000 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Капитрон банкны гүйцэтгэх захирлын 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/71 тоот тушаалаар Банкны салбар, нэгжийн удирдлага болон харилцагчийн менежерүүдийн мэргэжлийн мэдлэгийг тогтоох, ур чадварын үнэлгээг хийх ажлын хэсгийг байгуулсан бөгөөд уг ажлын хэсэг нь батлагдсан удирдамжийн дагуу ажиллаж, шалгалт зохион байгуулж үнэлсэн.

Энэхүү шалгалтын мэдээ, мэдээллийг тухай бүр оролцогч нарт и-мэйлээр хүргэж байсан бөгөөд удирдамжид зааснаар уг шалгалтад хангалтгүй үнэлгээ авсан тохиолдолд “ажлын шаардлага хангахгүй байгаа тул шаардлагатай гэж үзвэл Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт авч, комиссын дүгнэлт гаргуулна” гэсэн байна. Тус шалгалтад нэхэмжлэгч У нь хангалтгүй үнэлгээ авсан.

Ингээд дээрх шалгалтад хангалтгүй үнэлгээ авсан харилцагчийн менежерүүдийн дунд гүйцэтгэх захирлын 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн А/92 тоот мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт зохион байгуулах тухай тушаалаар мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс шалгалтыг зохион байгуулж ажилласан.

Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс нь батлагдсан төлөвлөгөө, удирдамж, холбогдох журмын дагуу ажилласан бөгөөд хурлын тэмдэглэл, шийдвэрүүдийг тухай бүр гаргаж баталгаажуулсан байдаг. Батлагдсан удирдамжид заасны дагуу шалгалтыг 3 арга, хэлбэрээр явуулсан бөгөөд тест 50 оноо, өгөгдсөн сэдвийн хүрээнд багаар эсхүл дангаар ажиллан кейс, дасгал даалгавар хийх, түүнийг илтгэл тавих байдлаар танилцуулах, ур чадвар тодорхойлох ярилцлага хийх зэргийг ашиглан хувь хүнийг үнэлэх арга 40 оноо, шууд удирдлагын үнэлгээ 10 оноо, нийт 100 оноогоор дүгнэсэн.

Нэхэмжлэгч У нь дээр шалгалтад буюу тестэд 35 оноо, Assessment center-т 16.9 оноо, шууд удирдлагын үнэлгээнд 6.8 оноо нийт 58.7 оноо авч шалгалтад тэнцээгүй тул мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссоос тэнцээгүй гэсэн албан ёсны дүгнэлт гарсан болно.

Шалгалтын дараа У нь банкны Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын ажиллах журамд заасны дагуу үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар бичгээр өргөдөл гаргаж, өөрийн үнэлгээгээ дахин хянуулахыг хүссэн бөгөөд уг хүсэлтийн дагуу комиссын зүгээс үнэлгээг дахин нягталж хянахад түүний авсан оноо нь 58.7 буюу үнэн зөв байсан. Тус өргөдлийн хариуг 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 1249 тоот албан бичгээр мэдэгдсэн. Ингэхдээ Х.Уянгыг банканд тууштай ажилласан хугацаа, хичээл зүтгэл гарган ажиллах нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж холбогдох журам болон удирдлагаас өгсөн зөвшөөрлийн бүрэн эрхийн хүрээнд хугацаатай үүрэг даалгавар авч, уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах санал тавьсан боловч У хүлээн зөвшөөрөөгүй болно.

Иймд Утай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг үндэслэн Капитрон банкны гүйцэтгэх захирлын 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Б/291 тоот тушаалаар ажил олгогчийн санаачилгаар цуцалж, дуусгавар болгосон болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтад заасны дагуу “Ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцална” хэмээн заасан бөгөөд мөн нэхэмжлэгч Утай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.2-т “Энэхүү гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйл хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцлах, 40 дүгээр зүйл хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т зааснаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах болон Хөдөлмөрийн дотоод журмын холбогдох зүйл заалтуудыг тус тус үндэслэн цуцална” хэмээн заасан. Өөрөөр хэлбэл, ажил олгогчийн зүгээс ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, холбогдох хууль тогтоомжийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг хууль, эрх зүйн үндэслэлтэйгээр цуцалсан болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн зарим, зүйл заалтыг тайлбарлах тухай 2006 оны Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолд дээрх зүйл заалтыг тайлбарласан байдаг. Уг тогтоолд зааснаар ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно хэмээн тайлбарласан байдаг. Манай хувьд Банкны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын ажиллах журамд заасны дагуу ажиллаж, түүнд заасны дагуу албан ёсны дүгнэлтээ гаргасан тул хуульд нийцэж байна.

Мөн тухайн ажилтныг мэдээллээр тухай бүр хангаж, хариу өгч, боломж олгон ажилласан бөгөөд Х.Уянгыг банканд тууштай ажилласан хугацаа, хичээл зүтгэл гарган ажиллах нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж холбогдох журам болон удирдлагаас өгсөн зөвшөөрлийн бүрэн эрхийн хүрээнд хугацаатай үүрэг даалгавар өгч, уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах санал тавьсан боловч У хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд үүнийгээ үйлдлээр болон бичгээр илэрхийлсэн болно.

Ингээд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу ажил олгогчийн зүгээс 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа нэг сарын өмнө мэдэгдсэн бөгөөд тус мэдэгдлийг хүлээн авч танилцсан гэдгээ У гарын үсгээр баталгаажуулсан байдаг. Мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасны дагуу ажил олгогчийн зүгээс нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг Уд олгосон болно.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудал нь холбогдох хууль, эрх зүйн үндэслэлгүй, манай банкны зүгээс Х.Уянгын хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

  

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүх тэдгээрийн хүсэлтээр бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч У нь хариуцагч К ХХК-д холбогдуулан гүйцэтгэх захирлын 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Б/291 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4,200,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг /гомдол/ гаргасан байна.

 

Хариуцагч нь хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хэрэгсэхгүй болгуулахаар маргасан. 

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

К ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Б/291 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.5, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, “Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын ажиллах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг, тус комиссын 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 02/2020 дугаартай дүгнэлт, ажил олгогчийн 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн мэдэгдэл, Хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.10.4.2 дахь дэд заалт, 6 дугаар зүйлийн 6.3.5 заасныг тус тус үндэслэн “Мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” үндэслэлээр “Андууд” салбарын харилцагчийн менежер Утай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, түүнийг ажлаас чөлөөлжээ.

 

Нэхэмжлэгч энэ тушаалыг үндэслэлгүй гэж үзэж, эс зөвшөөрсөн гомдлоо 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааны дотор тус шүүхэд гаргасан тул шүүх гомдлын үндэслэлийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч тал “Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс хүчин төгөлдөр үйлчилж байсан дүрэм, журмын дагуу байгуулагдаагүй, мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтыг үе шаттайгаар зохион байгуулах дүрэм, журам байхгүй байхад 2 удаа шалгалт авсан, шалгалтад нийт ажилчид бус харин хэсэг нь хамрагдсан, дүгнэлтийг зохих журмын дагуу байгуулагдсан комисс гаргасан гэж үзэх үндэслэлгүй тул үнэлгээг зөвшөөрөхгүй, Х.Уянгыг ажлаас халах өөр сонирхол байсан” үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн бол хариуцагч тал “банкны бизнес төлөвлөгөөний хүрээнд хүний нөөцийн удирдлагыг боловсронгуй болгох, салбар, нэгжийн удирдлага, болон харилцагчийн менежерүүдийн ур чадварыг сайжруулах, хүний нөөцийг оновчтой байршуулах зарим арга хэмжээ авах зорилгоор  2020.05.08-11 хооронд шалгалт зохион байгуулсан ба уг шалгалтыг зохион байгуулах удирдамжид хангалтгүй үнэлгээ авсан тохиолдолд шаардлагатай гэж үзвэл Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт авч, комиссын дүгнэлт гаргуулахаар заасан. Энэ дагуу гүйцэтгэх захирлын тушаалаар комисс томилогдсон. Комиссын гишүүдийг өргөжүүлэн тоог ихэсгэсэн явдал нь ажилтны эрхийг дордуулаагүй, журмын зөрчил болохгүй тул Уас авсан шалгалтын үнэлгээнд үндэслэн эрхэлсэн ажил үүрэгтээ тэнцэхгүй гэсэн комиссын дүгнэлт үндэслэлтэй. Байгууллагын зүгээс олон жил ажилласан байдлыг харгалзан Х.Уянгыг авч үлдэхийн тулд хугацаатай үүрэг даалгавар өгье, чи энэ хугацаанд хичээж ажилла гэсэн саналыг тавьсан ч тэрээр зөвшөөрөөгүй тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан тул гүйцэтгэх захирлын тушаал хууль зөрчөөгүй” үндэслэлээр татгалзсан тайлбараа тодруулж, мэтгэлцсэн.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон бол ажил олгогч нь өөрийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй.

 

Ажил олгогчийн энэхүү эрх нь ажил олгогч хуулийн этгээдийн мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын албан ёсны дүгнэлт гарсан тохиолдолд хэрэгжих журамтай.

 

Манай тохиолдолд хариуцагч байгууллагад чухам ямар дүрэм, журам үйлчилдэг, ажилтан мэргэжил, ур чадварын хувьд ажилдаа тэнцэж байгаа эсэхэд хэн үнэлэлт өгөх, дүгнэлт гаргах эрхтэй, Х.Уянгын талаар гаргасан дүгнэлт үндэслэлтэй эсэх асуудлыг шүүх шалгаж тогтоох нь маргааныг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байна.

 

Хариуцагч банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн А/140 тоот тушаалын хавсралтаар батлагдсан “Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын ажиллах дүрэм” нь батлагдсан өдрөөс хэрэгжиж эхэлсэн байх ба гүйцэтгэх захирлын 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/93 тоот тушаалын хавсралтаар “Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын ажиллах журам” буюу шинэчилсэн найруулга батлагдах хүртэлх цаг хугацаанд үйлчилсэн, шинэчилсэн найруулга гарсан өдрөөс хэрэгжиж эхэлсэн зэрэг үйл баримт хэргийн баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх 2 журмаас гадна хэрэгт нэхэмжлэгчээс гаргасан журмын хэсэг хэрэгт авагдсан байх бөгөөд түүний агуулгыг судлан үзвэл дээрх 2 журмын зүйл, заалтуудаас өөр боловч зохицуулалтын агуулга зөрчилгүй байна.

 

Гүйцэтгэх захирлын 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/71 тоот тушаалаар Капитрон банкны 2020 оны бизнес төлөвлөгөөний хүрээнд хүний нөөцийн удирдлагыг боловсронгуй болгох, салбар, нэгжийн удирдлага болон харилцагчийн менежерүүдийн ур чадварыг сайжруулах, хүний нөөцийг оновчтой байршуулах зарим арга хэмжээ авах зорилгоор банкны салбар, нэгжийн удирдлага болон харилцагчийн менежерүүдийн мэргэжлийн мэдлэгийг тогтоох, ур чадварын үнэлгээг хийх ажлын хэсгийг 10 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, шалгалтын удирдамж, төлөвлөгөөг гарган банкны ажилчдаас шалгалт авахад нийт 52 нь хангалтгүй үнэлгээг авсан байна.

 

Үүний улмаас гүйцэтгэх захирлын 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн А/89 тоот тушаал гарч, тэдгээр ажилчдыг шалгалтад хамруулж, үр дүнг танилцуулах ажлыг 2020 оны 7 дугаар сард багтаан зохион байгуулахыг Үйл ажиллагааны газарт үүрэг болгож, улмаар 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн А/92 тоот тушаалаар “мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт зохион байгуулах” комиссыг 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байна.

 

Уг комиссоос 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 03-ны өдрийн хооронд зохион байгуулсан шалгалтад У нийт 58,7% буюу хангалгүй үнэлгээ авсан учир, мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 02/2020 тоот дүгнэлтээр “У мэргэжил, ур чадварын хувьд харилцагчийн менежерийн ажил, албан тушаалд тэнцэхгүй” гэж гарсан байна.

 

Энэ дүгнэлтийг үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг үндэслэн хариуцагч цуцалсан байх бөгөөд түүнд 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгожээ.

 

Хөдөлмөрийн гэрээг цуцлахаас өмнө хөдөлмөрийн харилцааг үргэлжлүүлэх ажил олгогчийн саналыг ажилтан хүлээн аваагүй үйл баримт тогтоогдсоныг дурдах нь зүйтэй.

 

Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ээлжит бус шалгалтыг гүйцэтгэх захирлын санаачилгаар зохион байгуулах талаар “Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын ажиллах дүрэм” болон “Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын ажиллах журам”-д тус тус заасан, шалгалтын хамрах хүрээ хэсэгчилсэн буюу тухайлсан албан тушаалтай ажилтнууд байж болохоор журамласан, комиссын бүрэлдэхүүнд 5 ба түүнээс доошгүй сондгой тоотой, гүйцэтгэх захирлын тушаалаар батлагдсан нэрлэсэн албан тушаалтнууд орох талаар хариуцагч болон нэхэмжлэгчээс гаргасан журмын аль алинд заасан, манай тохиолдолд гүйцэтгэх захирлын тушаалаар томилогдсон нэрлэсэн албан тушаал бүхий 9 хүн комиссын бүрэлдэхүүнд томилогдож, шалгалт авсан, уг шалгалтаар У хангалтгүй оноог авсан, уг үнэлгээг эс зөвшөөрсөн гомдлоо холбогдох журмын дагуу нэхэмжлэгч нь гарган шийдвэрлүүлсэн болох нь тогтоогдож байна.

 

Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссоос шалгалт авсан, шалгалтын дүнд үндэслэн Х.Уянгыг мэргэжил, ур чадварын хувьд харилцагчийн менежерийн ажил, албан тушаалд тэнцэхгүй гэсэн дүгнэлтийг гаргасан хариуцагч байгууллагын үйл ажиллагаанд холбогдох журмын зөрчил тогтоогдохгүй байна.

 

Тиймээс шүүх Х.Уянгыг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр хариуцагч цуцалсныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаал гаргахдаа нэг сарын өмнө энэ тухай ажилтанд мэдэгдэх үүргээ биелүүлсэн, нэхэмжлэгчид нэг сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг олгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, 42 дугаар зүйлийн 42.1-д заасанд тус тус нийцсэн байна.

 

Иймд хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүд мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэгч Х.Уянгын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2, 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан К ХХК-д холбогдох гүйцэтгэх захирлын 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Б/291 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4,200,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай Х.Уянгын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдаж, нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос гаргуулан буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, ийнхүү гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Ө.УЯНГА