Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2021/00785

 

Х.Уянгын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2020/02742 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 102 дугаар магадлалтай,

 Х.Уянгын нэхэмжлэлтэй,

Капитрон банк ХХК-д холбогдох

 Капитрон банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Б/291 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4,200,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг

 Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Х.Сонинбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Уянга түүний өмгөөлөгч Г.Нямсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Баярмагнай, Э.Болор нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2012.04 дүгээр сард Капитрон банкинд ажилд орж, 2020.08 дугаар сар хүртэл тогтвор суурьшилтай ажиллаж байна. 2020.08.12-ны өдөр гүйцэтгэх захирлын Б/291 тоот хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр ажлаас халж буйгаа дурджээ. 2019.10.04-ний өдрийн 20-478-1 дугаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба тус гэрээний 7.2-т заасан. 2020.08.12-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тушаал нь ажил олгогчийн санаачилгаар боловч мэргэжил ур чадварын түвшин тогтоох шалгалтыг дүрэм, журам зөрчиж авсан гэж үзэж байна. Шалгалт зохион байгуулах тухай гэсэн цахим шуудан ирсний дагуу 2020.05.08-ны өдрөөс 11-ний өдрүүдэд онлайнаар шалгалт авсан. Үнэлгээг 5 дугаар сарын 14-ний өдөр ажилтан бүрт мэдээлэх ба ажилтныг ажлаас чөлөөлөх, ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахгүй хэмээн мэдэгдсэн. 2020.06.17-ны өдөр Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох зорилгоор 2020.05.08-11-ний өдрүүдэд зохион байгуулсан шалгалтад хангалтгүй үнэлгээ авсан харилцагчийн менежерүүдийг мэргэжил ур чадварын түвшин тогтоох шалгалтад хамруулж, ажилтныг гарсны дагуу уг шалгалтыг зохион байгуулах удирдамжийг хүргүүлж байна гэх цахим шуудан ирсэн. 2020.07.10-ны өдөр 2020.06.11-ний өдрийн А/92 тоот тушаалаар томилогдсон мэргэжил ур чадварын түвшин тогтоох комиссын 2020.07.01-03-ны өдрүүдэд зохион байгуулсан шалгалтад хангалтгүй үнэлгээ тогтоогдсон, хөдөлмөрийн гэрээг 2020.08.11-ний өдрөөр дуусгавар болгож, ажил олгогчийн санаачилгаар цуцлах болсныг танилцуулсан мэдэгдлийг өгсөн. 2020.06.17-ны өдрийн гүйцэтгэх захирлын тушаалыг бидэнд танилцуулаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг зөрчсөн. Тиймээс 2020.08.12-ны өдрийн Б/291 дугаартай Х.Уянгатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4,200,000 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхцэцэг, А.Баярмагнай нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Капитрон банкны гүйцэтгэх захирлын 2020.05.01-ний өдрийн А/71 тоот тушаалаар Банкны салбар, нэгжийн удирдлага болон харилцагчийн менежерүүдийн мэргэжлийн мэдлэгийг тогтоох, ур чадварын үнэлгээг хийх ажлын хэсгийг байгуулсан бөгөөд уг ажлын хэсэг нь батлагдсан удирдамжийн дагуу ажиллаж, шалгалт зохион байгуулж үнэлсэн. Энэхүү шалгалтын мэдээ, мэдээллийг тухай бүр оролцогч нарт и-мэйлээр хүргэж байсан бөгөөд удирдамжид зааснаар уг шалгалтад хангалтгүй үнэлгээ авсан тохиолдолд ажлын шаардлага хангахгүй байгаа тул шаардлагатай гэж үзвэл Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт авч, комиссын дүгнэлт гаргуулна гэсэн байна. Тус шалгалтад нэхэмжлэгч Х.Уянга нь хангалтгүй үнэлгээ авсан. Ингээд дээрх шалгалтад хангалтгүй үнэлгээ авсан харилцагчийн менежерүүдийн дунд гүйцэтгэх захирлын 2020.06.11-ний өдрийн А/92 тоот мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт зохион байгуулах тухай тушаалаар мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс шалгалтыг зохион байгуулж ажилласан. Нэхэмжлэгч Х.Уянга нь дээр шалгалтад буюу тестэд 35 оноо, Assessment center-т 16.9 оноо, шууд удирдлагын үнэлгээнд 6.8 оноо, нийт 58.7 оноо авч шалгалтад тэнцээгүй тул мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссоос тэнцээгүй гэсэн албан ёсны дүгнэлт гарсан болно. Нэхэмжлэгч өргөдөл гаргаж, тус өргөдлийн хариуг 2020.07.21-ний өдрийн 1249 тоот албан бичгээр мэдэгдсэн. Ингэхдээ Х.Уянгыг удирдлагаас өгсөн зөвшөөрлийн бүрэн эрхийн хүрээнд хугацаатай үүрэг даалгавар авч, уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах санал тавьсан боловч Х.Уянга хүлээн зөвшөөрөөгүй болно. Иймд Х.Уянгатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг үндэслэн Капитрон банкны гүйцэтгэх захирлын 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Б/291 тоот тушаалаар ажил олгогчийн санаачилгаар цуцалж, дуусгавар болсон. Хөдөлмөрийн тухай хуулийн зарим, зүйл заалтыг тайлбарлах тухай 2006 оны Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолд тайлбарласан байдаг. Манай хувьд Банкны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын ажиллах журамд заасны дагуу ажиллаж, түүнд заасны дагуу албан ёсны дүгнэлтээ гаргасан тул хуульд нийцэж байна. Хөдөлмөрийн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу ажил олгогчийн зүгээс нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг Х.Уянгад олгосон. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.11.05-ны өдрийн 181/ШШ2020/02742 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан "Капитрон банк" ХХК-д холбогдох гүйцэтгэх захирлын 2020.08.12-ны өдрийн Б/291 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4,200,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай Х.Уянгын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдаж, нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос гаргуулан буцаан олгож шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.01.08-ны өдрийн 102 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.11.05-ны өдрийн 181/ШШ2020/02742 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгч Х.Уянга хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын Хянавал хэсэгт Хариуцагч байгууллага мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын 2020.07.08-ны өдрийн 02/2020 тоот дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгч Х.Уянгатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нъ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг зөрчөөгүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна гэсэн нь шүүхийн шийдвэр нотлох баримтад тулгуурласан, үнэн бодитой байх болон шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн зарчмуудыг зөрчиж байна. ... Иймд ажилтанд буюу надад танилцуулаагүй Комиссын дүгнэлт нь нотлох баримтын шаардлага хангахгүй бөгөөд Х.Уянга намайг ажлаас халсан гүйцэтгэх захирлын тушаал нь Комиссын дүгнэлтэд үндэслээгүй, хууль эрх зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж байна. ... Магадлалын Хянах хэсэгт X. Уянга нъ гаргасан хүсэлтдээ шууд удирдлагын буюу салбарын захирлын үнэлгээ огт ороогүй гэсэн байх боловч хэргийн 69 дүгээр талд авагдсан Андууд салбарын захирал С.Мөнхмөрөнгийн үнэлгээ нийт үнэлгээнд орж дүгнэгдсэн байна гэсэн нь үндэслэлгүй байна. Энэхүү үнэлгээний хуудас (хэргийн материалын 69-р нүүр)-нд Үнэлсэн: Андууд салбарын захирал С.Мөнхмөрөн, Баталгаажуулсан: Иргэдийн банкны газрын захирал Ч.Баярмаа нар гарын үсэг зурсан байх боловч шууд удирдлага болох С.Мөнхмөрөнгийн үнэлгээ огт ороогүй байна. Миний бие Комиссоос мэргэжил ур чадварын шалгалтын оноог мэдэгдлээр дамжуулан хангалтгүй гэж танилцуулснаас хойш шалгалтын оноог огт хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд буруу тооцсон шалгалтын оноонд үндэслэж Банкнаас надад ирүүлсэн мэдэгдэл, үүрэг даалгавар өгч үргэлжлүүлэн ажиллах саналыг хүлээж аваагүй. Гэтэл Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс шийдвэрийн Үндэслэх хэсэгтээ Хариуцагч нь Хөдөлмөрийн гэрээг цуцлахаас өмнө хөдөлмөрийн харилцааг үргэлжлүүлэх ажил олгогчийн саналыг ажилтан хүлээн аваагүй үйл баримт тогтоогдсоныг дурдах нь зүйтэй гэснийг давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээснийг үндэслэлгүй гэж үзэж байна. 2020.05.15-нд Банкны Иргэдийн банкны газрын салбарын удирдлагын менежер Б.Үжингийн [email protected] имэйл хаягаас миний uyanga [email protected] хаягаар ирүүлсэн имэйлд: Шалгалтанд хамрагдсан танд баярлалаа. Удирдамжийн дагуу таны шалгалтын оноо нъ хангалтгүй гэсэн үнэлгээ авсан байна. Шалгалтын үнэлгээний дагуу сургалтанд хамруулах болно (хэргийн материалын 40-р нүүр) гэсэн утга бүхий имэйлийг ирүүлсэн. Мөн банкны зүгээс 2020.05.08-ны өдөр авсан шалгалтын дүнг танилцуулаагүй бөгөөд хангалтгүй гэж дүгнэсэн байсан. Б.Үжингээс ирсэн имэйлийн дагуу сургалтанд хамруулах байсан боловч мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтыг шууд үргэлжлүүлэн авсан. ... Х.Уянга миний нэхэмжлэлтэй Капитрон банк ХХК-д холбогдох энэхүү хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэх явцад Банкнаас нотлох баримтыг хуурамчаар үйлдэж, өөрийн давуу байдлыг ашиглан нөхөж гаргаж өгч байсан. Иймд миний бие өөрийн гар утсанд (хэргийн материалын 239-246-р нүүр) үзлэг хийлгэж нотлох баримтаар баталгаажуулсан боловч шүүх Банкнаас гаргаж өгсөн Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын ажиллах журамтай агуулгын хувьд зөрүүгүй гэж үзэн Банкнаас гаргаж өгсөн журмыг шийдвэр, магадлалын үндэслэл болгосон; Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтын үнэлгээ өгсөн (i) тест, (ii) assessment center, (iii) шууд удирдлагын үнэлгээ гэсэн шалгалтын хуудас, оноо өгсөн байдлыг хуурамчаар бүрдүүлэн шүүхэд өгсөн. Миний бие энэхүү мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтын үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гомдлоо Комисст өгч шалгуулахад дээр дурдсан хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн үнэлгээний хуудсыг огт үзүүлээгүй, мөн шалгалтын үеэр надаас огт асуугаагүй асуултыг ярилцлагын үнэлгээний хуудсанд (хэргийн материалын 66-68-р нүүр) асуусан болгож, хуурамчаар оруулсан байсан. Өөрөөр хэлбэл хариуцагч Капитрон банк нь тус хөдөлмөрийн маргааныг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэх явцад өөрт ашигтай байж болох баримт материалуудыг хуурамчаар, цаг хугацааны хувьд нөхөж үйлдэн шүүхэд гаргаж өгч байсан нь шүүхийн шийдвэрийг хууль ёсны байхад сөргөөр нөлөөлсөн. ... Иймд дээр дурдсан үндэслэлийг харгалзан үзэж, ИХШХШТХ-ийн 176.2.5 дахь хэсэгт заасныг үндэслэн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, иргэний хэргийг хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгөхийг хичээнгүйлэн хүсье гэжээ.

 ХЯНАВАЛ:

 Х.Уянга, Капитрон банк ХХК-нд холбогдуулан тус банкны гүйцэтгэх захирлын 2020.08.12-ны өдрийн Б/291 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4,200,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасанд, хариуцагч эс зөвшөөрч мэргэжил, ажил олгогчийн гаргасан тушаал хууль зөрчөөгүй гэж татгалзжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Капитрон банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020.08.12-ны өдрийн Б/291 тоот тушаалаар тоот тушаалаар Х.Уянгын хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг баримталжээ.

 Ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэлийг тайлбарлахдаа мэргэжил, ур чадварын хувьд албан тушаалдаа тэнцээгүй гэжээ.

 Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Капитрон банкны гүйцэтгэх захирлын 2020.05.01-ний өдрийн А/71 тоот тушаалаар Банкны салбар, нэгжийн удирдлага болон харилцагчийн менежерүүдийн мэргэжлийн мэдлэгийг тогтоох, ур чадварын үнэлгээ тогтоох шалгалтанд нэхэмжлэгч Х.Уянга болон зарим ажилтан хангалтгүй үнэлгээ авсан тул эдгээр ажилтны мэргэжлийн байдалд, Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын дүгнэлт гаргах шаардлагатай гэж үзжээ.

 Энэ үндэслэлээр Капитрон банкны гүйцэтгэх захирлын 2020.06.11-ний өдрийн А/92 тоот тушаалаар Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс ажиллуулж шалгалтыг авахад нэхэмжлэгч Х.Уянга 58,7 оноо авч тэнцээгүй байна.

 Нэхэмжлэгч энэ үнэлгээг үгүйсгэж, түүний шууд удирдлага болох салбарын захирал ажил үүрэгт нь хамаарах оноог бүрэн өгөөгүй, шалгалтын үнэлгээнд асуугаагүй асуулт оруулсан, комиссын ажиллах журам зөрүүтэй байсан талаар тодруулахаар гэрч асуулгах хүсэлт гаргасныг шүүх хангаагүй гэх тайлбар гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцсэн боловч дээрх үндэслэлүүд хэргийн баримтаар тогтоогдоогүй ба хэргийн 69 дүгээр талд авагдсан шууд удирдлагын зүгээс өгч буй үнэлгээ гэх баримтанд дундаж үнэлгээг 6,8 оноо гэж тэмдэглэн Андууд- салбарын захирал С.Мөнхнаран, Иргэдийн банкны газрын захирал С.Баярмаа нар гарын үсэг зурсан байна.

Түүнчлэн Х.Монголжинг гэрчээр асуулгах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх 2020.10.12-ны өдрийн 181/ШЗ2020/13089 дүгээр шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг зөрчөөгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан ажилтан, мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын, мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын албан ёсны дүгнэлт гарсан байхыг ойлгох бөгөөд хариуцагч Капитрон банкны гүйцэтгэх захирлын тушаалаар томилогдон ажилласан дээрх комиссын дүгнэлт хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

 Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын мэтгэлцэх эрхийг хангасан, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон эрх зүйн дүгнэлт хэрэгт авагдсан баримтад үндэслэгдсэн, хуулийн дээрх зохицуулалтыг зөрчөөгүй байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж гомдлыг хангахгүй орхив.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2020/02742 дугаар шийдвэр,Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 102 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х.Уянгын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.УНДРАХ

                                  ШҮҮГЧИД                                           П.ЗОЛЗАЯА

Х.СОНИНБАЯР

Г.ЦАГААНЦООЖ

Х.ЭРДЭНЭСУВД