Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2021/00160

 

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2021/00160

 

 

 

ҮА ХХК болон Т.П-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заадах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2020/03738 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч ҮА ХХК болон Т.П-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х ХХК-д холбогдох

Түрээсийн гэрээнээс учирсан хохиролд 43 614 830 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, нэхэмжлэгч Т.П-ийн өмгөөлөгч З.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, өмгөөлөгч Л.Б, гуравдагч этгээд С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Болорцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Т.П- захиралтай ҮА ХХК нь 2013 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Х ХХК-тай ажлын байр түрээслэх гэрээ байгуулж, уг гэрээгээр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд байрлах Хос худалдааны төвд 9 м.кв талбайг барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулах зорилгоор сарын 450 000 төгрөгөөр түрээсэлсэн. Гэтэл 2014 оны 6 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Х ХХК-ийн байранд хулгай орж, ломбарданд байсан эд зүйл алдагдсан. Уг гэмт хэрэгт 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр эрүүгийн хэрэг үүсэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа тул маргаж буй иргэний хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн. Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэст хянагдаж байсан эрүүгийн 2014250002967 дугаартай хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2002 болон 2015 оны Эрүүгийн хуулиар 5 жил тул 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр дууссан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахгүй болсон. Талуудын байгуулсан түрээсийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.7 дахь хэсэгт Худалдааны төвийн ажлын бус цагт түрээсийн талбайн харуул, хамгаалалт, аюулгүй байдлыг түрээслүүлэгч буюу Х ХХК хариуцахаар заасан байдаг. Энэхүү үүргээ хангалтгүй биелүүлсний улмаас дараахь хохирол учирсан. Үүнд: 35 388 900 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний алт, мөнгө монетон эдлэл, бэлэн мөнгө 5 884 930 төгрөг, дахиж ашиглах боломжгүй эвдэлсэн хүндрүүлэгчтэй төмөр сейф 750 000 төгрөг, алт мөнгөн эдлэл хэмждэг жин алга болсон 50 000 төгрөг, хяналтын камер бүрэн эвдэрч хэмхэрсэн 350 000 төгрөг, нотариатын төлбөр 191 000 төгрөг, шинжээчийн ажлын хөлс 1 000 000 төгрөгнийт 43 614 830 төгрөгийн хохирол учирсан. Түрээслүүлэгч Х ХХК нь ажлын бус цагаар түрээсийн талбайн харуул, хамгаалалт, аюулгүй байдлыг хариуцах үүргээ биелүүлээгүй. Уг хулгай нь шөнийн цагаар гарсан байдаг. Иймд гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохиролд нийт 43 614 830 төгрөгийг Х ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 7 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журамд заасныг зөрчиж, Ажлын байрны нөхцөл, аюулгүй байдал, тухайн үйлчилгээний стандартын шаардлага хангасан талаарх дүгнэлт гаргуулаагүй үйл ажиллагаа эрхэлсэн. Нэхэмжлэгч нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 7 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журамд заасныг зөрчиж, гэрээ байгуулаагүй, бүртгүүлээгүй үйл ажиллагаа явуулсан. Мөн Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журамд заасныг зөрчиж, Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний MNS 5274:2003 сандартыг зөрчсөн үйл ажиллагаа явуулсан. Ажлын байр түрээслэх гэрээний 3.8, 3.10, 3.18, 3.20, 3.21, 6.7 зэрэг заалтуудыг зөрчсөн. Х ХХК-ийн Хос худалдаа үйлчилгээний төвийн ажиллах дотоод журмын 4.3 дахь заалтыг зөрчсөн. Х ХХК-ийн харуул, хамгаалалтыг хариуцаж ажиллаж байсан СМ ХХК-тай сайгуулсан гэрээний 3.1.6, 3.1.7, 3.1.10,4.2.1,4.2.5 дахь заалтуудыг зөрчсөн. Нэхэмжлэгч Үлэмж-Аврал" ХХК-ийн 2014 оны санхүүгийн тайланд 4 400 000-5 000 000 төгрөгөөс өөр хөрөнгө бүртгэгдээгүй атлаа 35 388 900 төгрөгийн үнэт эдлэл, 5 884 930 төгрөгийн бэлэн мөнгө байсан гэдэг нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчид хохирол учруулсан этгээд тогтоогдоогүй, дотроосоо байх үндэслэлтэй. Хохирлын хэмжээ тогтоогдоогүй, дотроосоо өөрсдөө авч хэрэглэдэг, баримтууд шаардлага хангахгүй, бүхэлдээ эргэлзээтэй. Шаардлага хангахгүй баримтуудыг нотариат гэрчилсэн байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд СМ ХХК-ийн төлөөлөгч Г.Болорцэцэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд байгуулсан гэрээнд заасан "харуул хамгаалалт, аюулгүй байдалтай холбоотой үүргийн гүйцэтгэлийг дүгнэхдээ "харуул хамгаалалт, аюулгүй байдал"-тай холбоотой асуудлаар талуудын хүсэл зориг ажлын байр түрээслэх гэрээнд хэрхэн тусгагдсаныг нарийвчлан тогтоох, мөн Монгол Улсын стандарт хууль тогтоомжоор барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа этгээд "харуул хамгаалалт, аюулгүй байдал"-ын асуудлаар ямар үүрэг хүлээсэн болохыг нарийвчлан тогтоох шаардлагатай. Талуудын хооронд байгуулсан "Ажлын байр түрээслэх гэрээний 2.7-д, 3.10, 3.20-д тус тус түрээслэгчийн үүргийг тодорхойлсон байна. Гэтэл нэхэмжлэгч нь 2014 оны 6 дугаар сарын 08-ны өдөр ажлын цаг дуусмагц ажлын байраа харуул хамгаалалтын ажилтанд хүлээлгэн өгөөгүй. Хэрэв ажлын байраа харуул хамгаалалтын ажилтанд хүлээлгэн егөөгүй бол үүнээс учирсан хохирлыг түрээслэгч өөрөө хариуцахаар гэрээний 3.10-т заасан. Иймд нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний үүргээ хангалтгүй биелүүлсний улмаас учирсан хохирол хэмээн нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч "Үлэмж-Аврал" ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг гэж нэхэмжлэлдээ дурдсан байна. Өнөөдрийн байдлаар Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, ерөнхий шаардлага MNS 5274:2003 гэсэн Монгол Улсын стандарт хүчин төгөлдөр үйлчилж байна. Энэхүү стандартын 6.3, 6.13-т тодорхой заасан байна. "Үлэмж-Аврал" ХХК нь дохиолол хамгаалалтад хамрагдаагүй болох нь хулгайн хэргийг мөрдөн байцаах үйл ажиллагааны явцад хохирогч Т.П-ийн өгсөн мэдүүлгээр нотлогддог. Мөн нэхэмжлэгч нь ажлын дараа барьцаалан зээлдүүлэх газрыг харуул хамгаалалтанд хаалганы лац, цонхны бүрэн байдлаар хүлээлгэн өгөөгүй. "Сэйфмарт" ХХК нь тухайн үед Цагдаагийн ерөнхий газраас олгосон гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн дагуу гэрээт хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлдэг байсан. "Сэйфмарт" ХХК болон Х ХХК-ийн хооронд 2013 оны 8 дугаар сарын 14-нд Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулагдсан. Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5, Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээний 3.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь тухайн өдөр өөрийн түрээсийн өрөөг лацдаж, лацыг харуул хамгаалалтын албанд хүлээлгэн өгөөгүй. Иймд нэхэмжлэгч нь өөрөөс шалтгаалах хууль, стандарт болон гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байж ажлын байр түрээслэх гэрээний улмаас учирсан хохирол хэмээн 43 614 830 төгрөг нэХж байгаа нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Х ХХК-д холбогдох 43 614 830 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ҮА ХХК болон Т.П-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 376 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гансүх давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шийлвэрийн үндэслэх хэсэгт ...Гэвч нэхэмжлэгч дээрх 43 614 830 төгрөгийн хохирол учирсан болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дутаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй. Дээрх шинжээчийн дүгнэлтээс үзэхэд шинжилгээ хийсэн объект нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.2-т заасан шаардлагыг хангаагүй байна. Шинжээч нь дүгнэлт гаргахдаа 1 дүгээр хавтаст хэргийн 24-171 дүгээр талд авагдсан барьцаат зээлийн гэрээнүүдэд тусгагдсаныг үндэслэн гаргасан нь учир дутагдалтай. Учир нь дээрх 24-171 лугээр талд авагдсан баримтуудаас үзэхэд бөгж, гинж, ээмэг, купон гэх мэтээр эд зүйлийг тэмдэглэсэн байх боловч эдгээр эд зүйлийн шинж байдал буюу алт эсэх, монет эсэх, мөнгөн эдлэл эсэх аль нь болох нь тодорхойгүй байна. Иймд шинжээч дүгнэлт гаргахдаа алт, монет, мөнгөн эдлэлийг тус бүр хэдий хэмжээгээр тоонож. тэдгээрийн зах зээлийн үнэ цэнийг хэрхэн гаргасан нь тодорхойгүй. Иймд дээрх шинжээчийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй гэж үзэхээргүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь талуудын мэтгэлцэх зарчимд үндэслэдэг тул талуудаас дээрх шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэж, дахин шинжээч томилуулах хүсэлтийг хэн аль нь гаргаагүй тул шүүх хэрэгт цугларсан баримтын хэмжээнд хэргийг хэлэлцүүлсэн болно... гэжээ. Нэхэмжлэгч талд учирсан хохирлын хэмжээг тооцож гаргасан эрх бүхий байгууллагын 2 дүгнэлт хавтаст хэрэгт байдаг. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг үндэслэн өөрөө бүрдүүлсэн нотлох баримтаа хэрэгт ач холбогдолгүй, үнэн зөв биш, эргэлзээтэй гэж үнэлж дүгнэсэнд гомдолтой байна. Нөгөө талаас дээр дурдсан шинжээчийн дүгнэлтүүд нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 10 дугаар зүйлийн 10.4.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шинээр бүрдүүлэх ёстой байсан гэж үзэж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгч талыг учирсан хохирлоо хариуцагчаас шаардах эрхтэй гэсэн дүгнэлт хийсэн. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар 43 614 830 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт тус тус зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч ҮА ХХК болон Т.П- нар нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээнээс учирсан хохиролд 43 614 830 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Т.П- нь хариуцагч Х ХХК-тай 2013 оны 07 сарын 27-ны өдөр ажлын байр түрээслэх гэрээ байгуулж, уг гэрээгээр Х ХХК нь Хос худалдааны төвийн 1 давхарт байрлах 9 м.кв талбай бүхий 114 тоот өрөөг барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх зориулалтаар 1 жилийн хугацаатай Т.П-т түрээслүүлэх, Т.П- нь түрээсийн төлбөр 450 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл бөгөөд маргаантай эрх зүйн харилцааны төрлийг болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна. /2хх-ийн 5-7/

Дээрх түрээсийн гэрээ үргэлжилж байх хугацаанд 2014 оны 6 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Хос худалдааны төвийн 1 давхарт байрлах ҮА ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт нэвтэрч хулгайлах үйлдлийн улмаас эд хөрөнгө алдагдсан үйл баримт Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 2491 дүгээр тогтоол, зохигчдын тайлбар болон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зураг, шинжээчийн дүгнэлт, хэрэг бүртгэлтийн явцад гэрч, хохирогчийг байцаасан тэмдэглэлүүд зэрэг хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаажээ. /хх-ийн 172, 2хх-ийн 94-101, 129-140/

ҮА ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт нэвтэрч хулгайлах үйлдэл шөнийн цагаар үйлдэгдсэн болох нь дээр дурдсан хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул нэхэмжлэгч нь ажлын байр түрээслэх гэрээний 2.7-д заасан Худалдааны төвийн ажлын бус цагт түрээсийн талбайн харуул хамгаалалт, аюулгүй байдлыг хариуцах үүргээ түрээслүүлэгч Х ХХК биелүүлээгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон нь үндэслэлтэй байна.

Түрээслүүлэгч Х ХХК нь харуул хамгаалалтын СМ ХХК-тай 2013 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулсан ба Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээдээр үүрэг гүйцэтгүүлж болох бөгөөд мөн хуулийн 210.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн хариуцлагыг үндсэн үүрэг гүйцэтгэгч буюу гэрээний тал хүлээх учиртай.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний 2.7-т болон Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт тус тус зааснаар учирсан хохирлоо арилгуулахаар хариуцагч Х ХХК-иас шаардах эрхтэй болохыг зөв дүгнэсэн атлаа ...нэхэмжлэгч тал хохирол учирсан гэдгээ баримтаар нотлоогүй гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үнэлж чадаагүй байна.

Хариуцагч ажлын байр түрээслэх гэрээнд заасан дээрх байдлаар үүргээ зөрчсөн, уг зөрчил, нэхэмжлэгчид учирсан эд хөрөнгийн алдагдал хүлээсэн хохирол хоорондоо шалтгаант холбоотой байгаа тохиолдолд нэхэмжлэгчид учирсан хохирлыг нотлогдсон хэмжээгээр хангах учиртай.

Нэхэмжлэгч нь ҮА ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт байсан алт, мөнгөн үнэт эдлэлүүдийн зах зээлийн үнэ цэнийг Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээний тайланд 2015 оны 11 дүгээр сарын 02-ны байдлаар 35 388 900 төгрөг болохыг тодорхойлсныг үндэслэж, хохирлоо шаардсан нь үндэслэлгүй болно. /2хх-ийн 114-118/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хүсэлтээр шинжээч томилж дүгнэлт гаргуулах ажиллагаа хийгдээгүй боловч өмнөх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт бичмэл нотлох баримтын хувьд үнэлэх боломжтой.

ҮА ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газраас олгосон зээлийн гэрээнүүд бүгд эх хувиараа хэрэгт авагдсан бөгөөд эдгээр гэрээнд олгогдсон зээлийн хэмжээ, зээлийг буцааж төлөх хугацаа, түүнтэй холбоотой барьцаанд авсан алт, мөнгөн үнэт эдлэлүүдийн шинж тэмдэг, хэмжээ, үнэлгээ бичигдсэн байгаагаас үзэхэд эдгээр гэрээнд заасан үнэлгээ бүхий үнэт эдлэл барьцаалан зээлдүүлэх газарт байгаагүй гэж үзэх боломжгүй. /хх-ийн 24-171/ Хариуцагч уг нотлох баримтыг үндэслэл бүхий баримтаар няцааж үгүйсгээгүй байна.

Түүнчлэн, хэргийн бүртгэлтийн явцад нэхэмжлэгч Т.П-ийн хохирогчоос өгсөн, барьцаалан зээлдүүлэх газрын ажилтан Д.Батсуурийн гэрчээр өгсөн мэдүүлгийн тэмдэглэлүүд хэрэгт авагдсан ба бичмэл нотлох баримтын хувьд тэдгээрийг үнэлэх боломжтой. / 2хх-ийн 66, 95, 131 /

Нэхэмжлэгч Т.П- нь эрүүгийн хэрэгт анх хохирогчоор мэдүүлэг өгөхдөө ...26 орчим сая төгрөгийн эд зүйл байсан... гэж, гэрч Д.Батсуурь ...22 052 000 төгрөгийн хохирол учирсан... гэж тус тус мэдүүлсэн болон бичмэл нотлох баримтаар авагдсан шинжээчийн дүгнэлтүүд болон хэргийн 24-171 талд авагдсан зээлийн баримтууд зэргийг харьцуулан дүгнэхэд Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээний тайланд тусгагдсан анхны үнэлгээний дүнг үндэслэн нэхэмжлэгчид 22 086 000 төгрөгийн хэмжээний эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзэхээр байна. /2хх-ийн 114/

Мөн талууд ажлын байр түрээслэх гэрээний 3.20-т түрээсийн байранд бэлэн мөнгө хадгалснаас үүсч болох хохирлыг түрээслэгч өөрөө бүрэн хариуцахаар тохиролцсон хэдий ч мөн гэрээний 6.7-д түрээслэгч нь 2 000 000 төгрөгөөс их хэмжээний мөнгийг түрээсийн байрандаа үлдээхгүй байх. Ямар нэгэн гэнэтийн эрсдэл тохиолдоход дээрх заасан хэмжээнээс хэтэрсэн мөнгөний асуудлыг манай тал хариуцахгүй болно гэж эрсдэлийг хуваарилахаар тухайлан тохиролцсон, нэхэмжлэгч Т.П- нь эрүүгийн хэрэгт...бэлэн мөнгө 4 сая төгрөг алга болсон... гэж, гэрч Д.Батсуурь ...бэлэн мөнгө 4 392 770 төгрөг алга болсон... гэж тус тус мэдүүлсэн байх тул барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааны онцлогтой холбоотойгоор 2 000 000 төгрөгийн хэмжээнд бэлэн мөнгө алдагдсан гэж үзэх үндэслэлтэй.

Харин нэхэмжлэгч тал хүндрүүлэгчтэй төмөр сейфний үнэ 750 000 төгрөгийн, алт мөнгөн эдлэл хэмждэг жин 50 000 төгрөгийн, хяналтын камер 350 000 төгрөгийн, нотариатын зардал 191 000 төгрөгийн, шинжээчийн ажлын хөлс 1 000 000 төгрөгийн шаардлагаа тус тус нотолж чадаагүй байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзлээ.

Дээрх байдлаар нэхэмжлэгчид нийт 22 086 000 төгрөгийн эд хөрөнгө болон 2 000 000 төгрөгийн бэлэн мөнгө алдагдсан, нийт 24 086 000 төгрөгийн хохирол учирсан гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Гэвч нэхэмжлэгч нь өөрөө ажлын байр түрээслэх гэрээний 3.8, 3.10-д заасан үүргээ биелүүлээгүй, ажлын байрны дүгнэлт гаргуулаагүй, үйл ажиллагаа эрхлэх гэрээ сунгагдаагүй, түрээсийн байранд дохиолол, хамгаалалт суурилуулаагүй, харуул хамгаалалтын ажилтанд түрээсийн талбайг лацдаж хүлээлгэж өгөөгүй зэргээр зохих стандарт, жрумын дагуу барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулаагүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдсон байх тул эдгээр нөхцөл байдлууд хулгайд эд хөрөнгө, бэлэн мөнгө алдагдаж гэм хорын хохирол үүсэхэд нөлөөлсөн гэж үзнэ. /2хх-ийн 57-59, 92, 93, 95/ Хариуцагчийн энэ талаар гаргасан татгалзал, тайлбар үндэслэлтэй боловч эдгээр нөхцөл байдлууд нь түүнийг хариуцлагаас бүрэн чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ гэж заасны дагуу дээр дурдсан гэм хор учирхад нөлөөлсөн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээг харгалзан 24 086 000 төгрөгийн хохирлоос 30 хувь бууруулж 16 859 200 төгрөгийг хариуцагч Х ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Т.П-т олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Харин ажлын байр түрээслэх гэрээний дагуу ҮА ХХК нь нэхэмжлэх эрхгүй тул ҮА ХХК-ийн болон нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр иргэний хэрэг үүсгэх тухай 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасан тухайн шүүгч өөрчилж болно гэснийг зөрчсөн байх боловч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзлээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамжид нэхэмжлэгч Т.П-ийн нэрийг орхигдуулсан байх боловч дараа нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаан хойшлуулах тухай, 2020 оны 01 сарын 08-ны өдрийн гуравдагч этгээд оролцуулах тухай шүүгчийн захирамжуудад нэхэмжлэгч ҮА ХХК болон Т.П- нарын нэхэмжлэлтэй хэргийн талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа болохыг тусгасан байна. /хх-ийн 213, 2хх-ийн 22/

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр эрүүгийн болон иргэний хэргээс бичмэл нотлох баримт бүрдүүлж энэ хэрэгт хавсаргахдаа урд хойно оруулж, дээш доош харуулж эмх цэгцгүй байрлуулсан, хариуцагчийн өмгөөлөгч энэ талаар хүсэлт гаргасан байхад анхаараагүйг дурдах нь зүйтэй. /2хх-ийн 63, 66, 96, 97, 99, 109-118, 127, 132/

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2020/03738 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Х ХХК-иас 16 860 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.П-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч ҮА ХХК-ийн болон 26 755 830 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтын хэвээр үлдээсүгэй гэснийг хэвээр үлдээж, хариуцагч Х ХХК-аас 242 245 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.П-т олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 376 100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

Н.БАТЗОРИГ