Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/00218

 

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/00218

 

 

 

 

Ч.Г-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/02554 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ч.Г-ын нэхэмжлэлтэй, хариуцагч А.У-т холбогдох

 

Болзол тавьж түр хугацаагаар шилжүүлсэн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Тасганы овоонд байрлах автомашин засвар, автомашины худалдаа, засвар, үйлчилгээний зориулалттай, 60 машины дулаан гарааштай барилга болон 0.087 га газар бүхий барилга, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны гүүрний баруун тал, Үзэсгэлэнгийн вагоны зүүн талд байрлах авто сэлбэг, дугуй худалдаа, засвар үйлчилгээний зориулалттай чингэлгээр байгуулсан байгууламж болон 108 м.кв газрыг тус тус буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Г-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Г- би талийгаач дүү Ч.Батболдын хамт 1992 онд бид хоёр Орос, Хятад, Турк, Польш, Герман улсаар явж ачаа, бараа зөөж байлаа. 1995 онд Герман хүнс, герман дугуй оруулж талийгаач дүүтэйгээ хамт Да хүрээ зах дээр худалдаж байв. 1996 онд талийгаач дүү маань У.У-тэй танилцаж гэр бүл болсон. 1999 онд Ч.Г- би өөрийнхөө нэрээр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Энхтайваны гүүрний баруун талд газар авч талийгаач дүүтэйгээ хамтран Япон дугуйн худалдаа, засварын газар ажиллуулж тогтвортой ажлаа эхэлсэн юм. 2002 онд Ч.Г- би дахин шинэ салбар байгуулахаар Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Тасганы овоонд өөрийнхөө нэр дээр 80*18 ам дөрвөлжин метр буюу 0.087 га газарт Ч.Г-ын гэсэн нэртэй 60 автомашин дулааны дулаан гарааш бүхий авто төвийн барилга байгууламжийн бүтээн байгуулалтын бүхий л ажлыг ганцаараа гардан гүйцэтгэсэн билээ. Ч.Г- миний бие дараагийн хоёр дахь барилга барих ажлыг мөн л зохион байгуулж барилга барих, тусгай зөвшөөрөл авах "Болд Эрин констракшн" ХХК-ийг 2013 оны 11 дүгээр сарын 13-нд байгуулсан боловч тухайн үед шинээр байгуулагдсан компани тул барилга барих зөвшөөрөл гарах боломжгүй гэснээр эхнэр Б.Сарантуяагийн компани дээр зөвшөөрлөө гаргуулж, 2 давхар авто төвийн барилга барих гэж талийгаач дүү минь холбогдох бүх бичиг баримтыг бүрдүүлж, би барилгын ажил гүйцэтгэх барилгын тусгай зөвшөөрлийг өөрийн эхнэр Б.Сарантуяа үүсгэн байгуулсан "Бадар Хундага Ивээл" ХХК-ийн нэрээр гаргуулж ажлаа эхлэхээр болсон ч бохирын шугам хоолойн асуудал шийдэгдэхгүй 1 жил ажил хойшлогдож дүү бид хоёр барилга барих ажлаа хөөцөлдсөөр 2014 оны 02 сард барилга барих бүх бичиг баримтаа бэлэн болгосон ч дүү маань 2015 оны 01 дүгээр сарын 03-нд нас барснаар бүх ажил бүтэлгүйтсэн юм. Ч.Г-ын миний нэр дээр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Тасганы овоонд авто машин засвар, үйлчилгээ, 60 автомашины дулаан гарааштай, 80*18 ам дөрвөлжин метр, 0.087 га газар бүхий барилга байсныг 30 жилээр хугацаагаар дүү Ч.Батболдод шилжүүлсэн. Мөн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны гүүрний баруун тал Үзэсгэлэнгийн вагоны зүүн талд иргэн Ч.Г-ын газар эзэмших 507 тоот гэрчилгээтэй, 108 м.кв газартай авто сэлбэг, авто дугуй худалдаа, дугуй засвар үйлчилгээ бүхий газар, үл хөдлөх хөрөнгө болох барилга, чингэлгийн байгууламжууд байсныг дүү Ч.Батболдод 15 жилийн хугацаагаар түр шилжүүлсэн. Ч.Г- миний бие Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Тасганы овоонд барьсан барилга байгууламжийн бүхий л зардал мөнгөн хөрөнгийг ганцаараа төлж дуусгавар болгосон. Миний өөрийн гэдгээ баталж үлдээхийн тулд "иргэн Ч.Г-ын автомашин засвар, үйлчилгээ, дулаан гараашийн барилга" гэж нэрлэсэн юм. Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Энхтайваны гүүрний баруун тал, Үзэсгэлэнгийн вагоны зүүн талд чингэлгийн байгууламж бүхий Япон автомашины дугуйн худалдаа, засвар, үйлчилгээний газарт барилга барих санаачилгыг миний бие санаачилга гаргаснаар хамтран эзэмшиж байгаа үл хөдлөх хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлсэн бүртгэлээсээ өөрийн сайн дурын үндсэн дээр хасуулж, миний бие гадаад худалдаанаас олох ашиг орлогоо хариуцаж, БНХАУ-ын Гуанжу хотод автомашины Япон хуучин дугуйн наймааны гурав дахь салбараа болгон нээж, 40 тоннын чингэлгийн бөөний худалдааг хийж, мөнгө хуримтлуулах ажилдаа орсон учир Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Тасганы овооны барилгаа барьж дуусгавар болгоод дүү Ч.Батболдыг дотооддоо наймаа хийлгэж, мөнгө хуримтлуулахаар үлдээж, аливаа нэгэн асуудал шийдэхэд надгүйгээр хөрөнгө мөнгө босгоход ашиглаг гэж бодоод улсын бүртгэлд ганцааранг нь бүртгүүлж, би өөрийнхөө нэрийг хасуулж, дүүдээ үлдээсэн юм. Ингээд Ч.Г-, дүү Ч.Батболд хоёр хамтын үйл ажиллагаа явуулан хувь хуваалцан ашиг олж байтал төрсөн дүү Ч.Батболд нь 2015 оны 01 дүгээр сарын 03-нд Чингэлтэй дүүрэг 9 дүгээр хороо, Тасганы овооны газарт байрлах Ч.Г-ын автомашины дулаан гараашийн үл хөдлөх хөрөнгө бүхий барилга байгууламж дахь ажлын өрөөндөө онц хэрцгийгээр хоолойгоо огтлуулж, хэвлийдээ хутгалуулан амь насаа алдаж хохирсон. Эрүүгийн хэргийг цагдаа шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагаа 3 жил гаран үргэлжлээд дуусгавар болсон юм. Цаашид хамтын үйл ажиллагаа явуулах боломжгүй болж газар, үл хөдлөх хөрөнгө бүхий барилга, байгууламж, чингэлгийн байгууламжуудаа 15 жил, 30 жил түр хугацаа зааж гарын үсэг зурж, үзэглэсэн төрсөн ах дүү хоёр хүний нэг нь талийгаач болсон тул өөр хэнтэй ч тэр тусмаа А.У-тэй хамтарч ажиллахгүй тул Ч.Г- миний бие нь дээрх эд хөрөнгүүдээ өөрийн нэр дээр буцаан шилжүүлж авахаар иргэний журмаар нэхэмжилж байна. Сүүлийн жилүүдэд миний дүү талийгаач Ч.Батболд нь эхнэр А.У-тэй хувийн таарамжгүй харьцаатай болж эхнэр нь гэр бүлээ салгах, цуцлах хүртэл маргаан үүсгэж, үүний цаана эхнэр А.У-т ихээхэн хэмжээний мөнгө, хөрөнгийн ашиг сонирхол хөндөгдөж эхэлсэн юм. А.У- нь 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр нөхөр болох талийгаач Ч.Батболдтой маргалдаж гэрээсээ 4 хүүхдээ авч яваад, хэсэг хугацаанд тусдаа амьдарсан. Энэ хугацаанд байнга л эд хөрөнгийн маргаан гаргахад нь Ч.Г- миний бие тэднийг эвлэрүүлэх санал гаргасан боловч А.У- хүлээж авалгүй миний дүү талийгаач Ч.Батболдыг байнгын дарамтанд оруулж байлаа. Талийгаачийн эхнэр А.У- нь гэр бүлээ цуцлуулж, түүний эд хөрөнгийг шунахай сэдэлтээр авах зорилгоор 2 тусдаа амьдарч байх хугацаанд ч тэр, урьд өмнө ч тэр, Солонгос иргэнтэй холбогдож Майкар ХХК-ийн нэр доор Ч.Г-ын худалдаа үйлчилгээний зориулалттай байсныг зориулалтыг өөрчилж эмнэлэг болгох санаа зорилго агуулж дүү бид хоёрын хөрөнгө мөнгийг үрэн таран хийхээр санаархаж дүүтэй минь санал нийлээгүйн улмаас миний дүүгийн амь нас золиос болж хорвоогийн мөнх бусыг үзлээ. Талийгаач дүүг маань өөрөө амиа хорлосон гэдэг ч, өөрийгөө хорлоогүй гэдгийг одоо ч шийдээгүй. Энэ асуудлаас болж бүтэн 3 жил хэрэгт хийгдэх ажиллагаа зогсоож, мөн сэргээж мөрдөн шалгаж байгаад хаагдаж тодорхой шийдвэргүй дуусгавар болсон. Иймд Ч.Г- миний санаачилгаар дүү Ч.Батболддоо амьд сэрүүнд нь болзол тавьж, эзэмших эрхээ 15 жил, 30 жилээр шилжүүлсэн хийсэн хэлцэл нь дүү Ч.Батболдыг нас барснаар дуусгавар болсон тул түүнд түр хугацаагаар шилжүүлсэн болзол тавьж түр хугацаагаар шилжүүлсэн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Тасганы овоонд байрлах автомашин засвар, автомашины худалдаа, засвар, үйлчилгээний зориулалттай, 60 машины дулаан гарааштай барилга болон 0.087 га газар бүхий барилга, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны гүүрний баруун тал, Үзэсгэлэнгийн вагоны зүүн талд байрлах авто сэлбэг, дугуй худалдаа, засвар үйлчилгээний зориулалттай чингэлгээр байгуулсан байгууламж болон 108 м.кв газрыг тус тус буцаан гаргуулж өгнө үү. Бидний хооронд бэлэглэлийн гэрээ огт хийгдээгүй бөгөөд миний бие бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, бэлэглэлийн гэрээгээ шилжүүлсэн эд хөрөнгөө гаргуулах гэж буруу шаардаад байсан юм билээ гэжээ.

Хариуцагч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганцэцэг шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие өөрийн нөхөр Ч.Батболдтой 1997 онд гэр бүл болон техникийн зах дээр контейнерт дугуй зарахаас эхлээд уйгагүй хамтдаа хөдөлмөрлөсний дүнд тодорхой хэмжээний амжилтанд хүрч чадсан билээ. Биднийг өөрсдийн амьдралыг босгож бий болгоход талийгаач нөхөр болох Ч.Батболдын ар гэрийнхнээс тусалж дэмжсэн зүйл огтхон ч байхгүй болно. Нөхөр Ч.Батболдыг нас барсны дараа түүний ээж Д.Наранчимэг өөрийн хүү Ч.Батболдод ногдох эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийн өвийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Д.Наранчимэгт 128 454 626 төгрөгийн өв олгохоор шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр байдаг. Хадам ээж Д.Наранчимэг нь шүүхээр шийдвэрлүүлэх хугацаанд олон жилийн хүнд өвчний улмаас нас баран хүүхдүүд нь болох Ч.Сувданцэцэг, Ч.Г-, Ч.Отгонцэцэг, Ч.Тэмүүжин, Ч.Гаригсансар нар нь 128 454 626 төгрөгийг өвлөн шүүхийн шийдвэрийн дагуу А.У- надаас гаргуулан хүлээн авсан билээ. Нэхэмжлэлд дурдсан эд хөрөнгүүд нь бэлэглэлийн гэрээгээр шилжээгүй, тийм гэрээг надтай хийгээгүй. Мөн Майкар ХХК нь миний өөрийн 2007 онд нэг гишүүнтэйгээр үүсгэн байгуулж байсан компани билээ. Миний нөхөр Ч.Батболдыг нас барснаар далимдуулан түүний эхнэр, өнчирч хоцорсон 4 хүүхдээс хууль ёсны эд хөрөнгийг нь булаан авахаар ор үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байгаад маш их харамсаж байна. Нэхэмжлэгч болзолт хэлцэл хийж шилжүүлсэн гэж яриад байна. Хоёр газрын асуудлыг судлаад үзэхэд Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Тасганы овоонд байрлах 870 м.кв газрыг анх Ч.Г- өөрийн нэр дээр авсан. 2004 онд газрын хэмжээ нь нэмэгдээд 4040 м.кв болсныг Ч.Г-, Ч.Батболд нар хамтран эзэмшиж байгаад 2005 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ хийгдэж, 4040 м.кв газар нь Ч.Батболдын нэр дээр эзэмших эрх шилжсэн. Дараа нь Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны гүүрний баруун тал, Үзэсгэлэнгийн вагоны зүүн талд байрлах 108 м.кв газрыг Ч.Г- эзэмшиж байгаад газрын талбай нь өсөөд Ч.Батболдод шилжсэн байдаг. Тасганы овоон дээр баригдсан барилгын суурийг нэхэмжлэгч Ч.Г- тавьж, Ч.Батболдын хамт хамтран өмчилж байгаад өмчлөх эрхээсээ сайн дураар татгалзаж, Ч.Батболдод өмчлөх болсон. Гэвч Ч.Батболд нь 2015 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр амь насаа алдаж хохирсон хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаад Ч.Батболдыг санаатай алсан, амиа хорлоход хүргэсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Талийгаачийн ах, дүү нар хариуцагчийг гэрээс нь хөөж гаргасан учир өвтэй холбоотой асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсэн. Талийгаач Ч.Батболдын нэр дээр байсан үл хөдлөх эд хөрөнгө 2018 оноос өв болоод А.У-ийн нэр дээр шилжсэн байгаа. Нэхэмжлэгч Ч.Г-оос Ч.Батболдод газар эзэмших эрхийг 15, 30 жилийн хугацаатай болзол зааж шилжүүлэн өгөөгүй. Энэ бол газар эзэмших эрхийг заасан хугацаа болохоос болзол заасан хугацаа биш юм. Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байдаг. Одоо маргаж буй хоёр газар нь хариуцагчийн нэр дээр байгаа. Төрийн өмчийн газрыг бэлэглэх боломжгүй. Өөрөө хүлээн зөвшөөрч эзэмшигчийг өөрчилсөн. Миний газар гэж үзэж байгаа бол газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах ёстой. Маргаж буй үл хөдлөх эд хөрөнгүүд талийгаач Ч.Батболдыг нас барснаас хойш гэр бүлийн гишүүн болох А.У-ийн өмчлөл, эзэмшилд хууль ёсоор шилжиж ирсэн учир нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.У-т холбогдох болзол тавьж түр хугацаагаар шилжүүлсэн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Тасганы овоонд байрлах автомашин засвар, автомашины худалдаа, засвар, үйлчилгээний зориулалттай, 60 машины дулаан гарааштай барилга болон 0.087 га газар бүхий барилга, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны гүүрний баруун тал, Үзэсгэлэнгийн вагоны зүүн талд байрлах авто сэлбэг, дугуй худалдаа, засвар үйлчилгээний зориулалттай чингэлгээр байгуулсан байгууламж болон 108 м.кв газрыг тус тус буцаан гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ч.Г-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлд зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч миний бие төрсөн дүү талийгаач Ч.Батболдод Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.1, 44 дүгээр зүйлийн 44.1, 44.3 дахь хэсэгт тус тус зааснаар 2002 он, 2005 онд газар, өмч хөрөнгөө болзол тавьж 15 жил, 30 жилийн хугацаатай хэлцэл хийгдсэн. Дүү талийгаач Ч.Батболд 2015 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нас барсан ч хэлцэл одоо хүртэл хэвээрээ байна. Аливаа асуудал шийдвэрлэхэд надгүйгээр хөрөнгө мөнгөө босгоход ашиглаг гэж улсын бүртгэлд дүүгээ ганцааранг нь бүртгүүлж, би өөрийн нэрийг хасуулж, дүүдээ үлдээсэн. Хувь ашиг хуваалцаж явсан хамтын ажил юм. Миний бие хилийн чанадад ажиллаж, олсон мөнгөө БНХАУ-ын тариалан банкаар дамжуулан Монголд Мөнгөн гүүр ББСБ ХХК-аас дамжуулж оруулж байсан хуулгаа гаргуулах гэтэл уг ББСБайгууллага нь татан буугдсан, лавлагаа авах боломжгүй гэсэн хариу өгсөн. Харин хилээр гарсан, орсон лавлагааг гаргуулсан. Орж ирэх болгондоо барилга барих мөнгөө Мөнгөн гүүр ББСБ ХХК-аар оруулж ирсэн. А.У- нь нэг хөрөнгө гаргаагүй. Талийгаач дүү бид хоёрын хооронд бэлэглэлийн гэрээ байхгүй. Удаа дараагийн шүүхийн тэмдэглэлийг хайхрамжгүй үйлдэл гаргасан нь хурлын дүрс бичлэг, сиди бичлэг дээр байгаа. Шүүх хурлыг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хийлгэх хүсэлтийг минь хүлээж аваагүй. Бүх нотлох баримт байгаа. 5 жил маш их шаналж гомдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ч.Г- нь хариуцагч А.У-т холбогдуулан шүүхэд анх гаргасан Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Тасганы овоонд байрлах автомашин засвар, автомашины худалдаа, засвар, үйлчилгээний зориулалттай, 60 машины дулаан гарааштай барилга болон 0.087 га газар бүхий барилга, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны гүүрний баруун тал, Үзэсгэлэнгийн вагоны зүүн талд байрлах авто сэлбэг, дугуй худалдаа, засвар үйлчилгээний зориулалттай чингэлгээр байгуулсан байгууламж болон 108 м.кв газрыг тус тус буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн гэж тодорхойлж байжээ.

 

Иргэний хуулийн 8 дугаар зүйлд зааснаар иргэний эрх зүйн харилцаа хуульд заасан

буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл, үндэслэлгүйгээр эд юмс олж авах, эзэмших, иргэний эрх зүйн харилцааг үүсгэсэн хууль зүйн үйл явдал бий болох, иргэний эрх зүйн харилцаа үүсгэхээр хуульд заасан бусад тодорхой үндэслэлээр үүсэх юм.

Нэхэмжлэгч дээр дурдсан иргэний эрх зүйн харилцааны алинд үндэслэн хариуцагчид холбогдуулан шаардлага гаргаж байгааг тодруулж талуудыг бүрэн мэтгэлцүүлээгүйгээс талийгаач Ч.Батболд болон нэхэмжлэгч Ч.Г- нарын хооронд үүссэн үүргийн харилцааг тодорхойлоогүй байна.

Түүнчлэн, гэрээний үүргийн биелэлттэй холбоотой шаардлага гаргах Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны талаар хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 сарын 15-ны өдрийн 864 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 5 сарын 14-ний өдрийн 001/ХТ2020/00229 дүгээр тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасны дараа нэхэмжлэгч Ч.Г- 2020 оны 6 сарын 24, 25-ны өдөр анхан шатны шүүхэд 2 удаа өргөдөл гаргасан байна. /2хх-ийн 129-141 /

Нэхэмжлэгч 2020 оны 6 дугаар сарын 24-ний өдөр гаргасан өргөдөлдөө нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг болзол тавьж түр хугацаагаар шилжүүлсэн гэж өөрчилсөн байхад шүүх уг нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.2-т заасныг зөрчсөнөөс гадна 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасан хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй, улмаар мөн хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчим хэрэгжээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Дээрх байдлаар анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчснийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/02554 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

Н.БАТЗОРИГ