Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2016/01229

 

Ө.Буяндэлгэр, Н.Бямбасүрэн нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/03988 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1358 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Ө.Буяндэлгэр, Н.Бямбасүрэн нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Хүнс, хөдөө аж ахуйн яаманд холбогдох,

Хөдөө аж ахуйн биржийн Зохицуулах зөвлөлийн ажлын албаны А/8 тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, дээрх олговроос нийгмийн болон мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ө.Буяндэлгэр, Н.Бямбасүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Болортуяа, нарийн бичгийн даргаар И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2012 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн бөгөөд уг хуулийн 8 дугаар зүйлийн 8.8-д “Зохицуулах зөвлөл нь ажлын албатай байна” гэж заасны дагуу ХАА-н биржийн Зохицуулах зөвлөлийн ажлын албыг байгуулах тухай Засгийн газрын 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 188 дугаар тогтоол гарсан. Уг тогтоолын дагуу тус алба нь 11 хүний opoн тоотойгоор ажиллаж ирсэн юм. Гэтэл Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/03 тоот тушаалаар ХАА-н бирж ТӨХК байгуулагдсан учир зарим чиг үүргийн давхардлыг арилгах зорилгоор ажлын албыг 3 хүний тоотойгоор зохион байгуулж ажиллах шийдвэр гарсан. Үүний дагуу тус албаны даргын 2014 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн тушаалаар Ө.Буяндэлгэрийг Зохицуулах зөвлөлийн хурал, шийдвэр болон орон нутгийн оролцогчид, тээвэр, логистикийн асуудал хариуцсан мэргэжилтнээр Н.Бямбасүрэнг бараа, түүхий эдийн чанар, стандарт, зах зээлд оролцогчдын хяналт, зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр тус тус томилсон. Биднийг ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байхад ХАА-н биржийн Зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Ч.Буян-Өлзий А/8 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар үүрэгт ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг баримтлан байгууллагын орон тоо хасагдсан гэж бид хоёрыг ажлаас чөлөөлсөн боловч уг ажлын байранд 14 хоногийн дотор дахин хоёр хүн авч ажиллуулсан. Байгууллагын бүтэц, зохион байгуулалт, орон тоонд өөрчлөлт оруулах тухай Удирдах дээд шатны албан тушаалтан, салбарын сайдын ямар нэгэн эрх зүйн акт гараагүй байхад бүтэц зохион байгуултад өөрчлөлт орсон мэтээр тушаал гаргасан. Гаргасан тушаал нь огноогүй байгууллагын даргын тушаалын хэвлэмэл хуудас хэрэглээгүй, албан тоотын маягт ашигласан тул албан бичгийн шаардлага хангахгүй, хүчингүй гэж үзэж байна. Мөн тус албаны дарга нь 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдөр бүтэц орон тоонд өөрчлөлт орсон гэж тушаал гаргасан нь түүний эрх хэмжээний асуудал биш гэж үзэж байна....ХАА-н биржийн Зохицуулах зөвлөлийн ажлын албаны эрх залгамжлагч нь Хүнс, хөдөө аж ахуйн яам болсон тул хариуцагчаар татагдсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Засгийн газрын 152 дугаар тогтоолын 2 дугаар зүйл, Засгийн газрын 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 188 дугаар тогтоолын 2 дахь хавсралт буюу “Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн зохицуулах зөвлөлийн дүрэм”-д ажлын албаны чиг үүргийг нарийн бичгийн даргад шилжүүлж, дүрэм”-ийн 5-д “Ажлын алба” гэсэн бүлгийг бүхэлд нь хассан тул тус яамыг эрх залгамжлагч, хариуцагч биш гэж маргаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна.Засгийн газрын 152 дугаар тогтоолоор зарим зүйл заалтыг өөрчилж, чиг үүргийг нь нарийн бичгийн даргад шилжүүлсэн нь үнэн. Тэгэхээр үүрэг, хариуцлага нь ч давхар шилжсэн байна гэсэн үг, чиг үүрэг шилжиж байгаа нь төрийн байгууллагын хариуцлага болон бусад залгамж шинж чанарыг үгүйсгэсэн хэрэг биш гэж үзэж байна. Одоо бид ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Харин биднийг ажлаас үндэслэлгүйгээр халсан тус албаны даргын А-08 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан цалин олговрыг 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацаагаар тооцож, Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас гаргуулж, уг олговроос шимтгэл тооцон, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Биржийн зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Ч.Буяндэлгэрийн А/8 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэн Ө.Буяндэлгэр, Н.Бямбасүрэн нарын хөдөлмөрийн гэрээг 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөр тасалбар болгож, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Уг тушаал нь албан бичгийн стандарт хангахгүй байсан тул 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр ажилчдыг чөлөөлсөн А/04 тушаал нөхөж гаргасан.Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу Ө.Буяндэлгэр, Н.Бямбасүрэн нарт 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр мэдэгдэл хүргүүлж танилцуулсан. Мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу Биржийн зохицуулах зөвлөлийн ажлын албаны даргын 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/07 дугаар тушаалаар Ө.Буяндэлгэр, Н.Бямбасүрэн нарт нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх нэг удаагийн тэтгэмжийг олгосон.Мөн албаны даргын 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/05 тоот тушаалаар Биржийн зохицуулах зөвлөлийн ажлын албаны бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөн баталж, зарим орон тоог хассан бөгөөд үүнд Н.Бямбасүрэн, Ө.Буяндэлгэр нарын албан тушаал багтсан юм. Тус албанд Н.Бямбасүрэн нь бараа, түүхий эдийн чанар, стандарт, зах зээлд оролцогчдын хяналт, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн, Ө.Буяндэлгэр нь Зохицуулах зөвлөлийн хурал, шийдвэр болон орон нутгийн оролцогчид, тээвэр, логистик хариуцсан албан тушаалтай байсан. Дээрх хоёр мэргэжилтэнг ажлаас чөлөөлсний дараа шинээр 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Ж.Мөнхжаргалыг захиргааны нэгжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр, 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр И.Ургамалыг бодлого төлөвлөлтийн мэргэжилтнээр тус тус ажилд авсан.Тиймээс нэхэмжлэгч нарын хассан албан тушаалыг сэргээсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Ө.Буяндэлгэр, Н.Бямбасүрэн нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн бүх шаардлагыг хангасан хүчин төгөлдөр тушаал гэж үзэж байна. Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай хуулиар Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8-д “Зохицуулах зөвлөл нь ажлын албатай байна.” гэснийг хүчингүй болсонд тооцсон. Үүний дагуу Засгийн газрын 2015.12.21-ний өдрийн 501 тоот тогтоолоор Хөдөө аж ахуйн биржийн зохицуулах зөвлөлийн Ажлын албыг татан буулгаж, чиг үүргийг нь Хүнс, хөдөө аж ахуйн яаманд шилжүүлсэн....Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 501 тоот тогтоолоор уг чиг үүргийг яаманд шилжүүлсэн болохоос бус хүлээх үүрэг хариуцлага, шаардах эрхийг шилжүүлээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10-т заасны дагуу хэргийг болон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/03988 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан Ө.Буяндэлгэр, Н.Бямбасүрэн нар урьдхи ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хүнс хөдөө аж ахуйн яамнаас 16 168 998 төгрөг гаргуулж, Ө.Буяндэлгэрт 8 084 499 төгрөг, Н. Бямбасүрэнд 8 084 499 төгрөгийг тус тус олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан дээрх олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Хүнс, хөдөө аж ахуйн яаманд үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.Буяндэлгэр, Н.Бямбасүрэн нар улсын тэмдгийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас 238 795 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1358 дугаар магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/03988 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Хүнс, хөдөө аж ахуйн яам нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурджээ.

Нэхэмжлэгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Бид ХААБЗЗАА-ыг хэвийн үйл ажиллагаагаа явуулж байхад шүүхэд гомдол гаргасан боловч хариуцагч талаас шүүх хурлыг хийлгэх сонирхол байхгүй байсан учир тэдний хүсэлтээр шүүх хуралдаан удаа дараа хойшлуулсан. Энэ хугацаанд УИХ-ын тогтоол гарч 2016.01.01-нээс ХААБЗЗАА татан буугдаж эрх үүрэг нь ХХАА-н яаманд шилжсэн тул нэхэмжлэгчийн хүсэлтээр эрх залгамжлагчаар ХХАА-н яамыг татаж шүүх шийдвэр гарсан. Иймд бид нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзсан.Давж заалдах шатны шүүхийн магадлалд нэхэмжлэлийн агуулга тодорхойгүй, ХААБЗЗАА-ыг татан буулгаж, чиг үүргийг нь ХХАА-н яаманд шилжүүлснийг тодорхойгүй гэж тайлбарласан байгаа хуулийн зарим зүйл заалтыг буруу ашигласан байна гэж бид үзэж байна.Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1358 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 101/ШШ2016/03988 дугаар шийдвэрийн хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                                              ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл хууль зөрчөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3.-т заасан шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг агуулгыг тодорхой болгох, хэргийн оролцогчдын эрх зүйн байдлыг тодруулах, улмаар хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хариуцах эрх зүйн үндэслэлтэй эсэхийг тогтоох талаар давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.-д заасан эрх залгамжлагчаар хэргийн оролцогчийг солих ажиллагаа явуулахдаа анхаарвал зохих асуудлын талаар үндэслэлтэй дүгнэлт хийгээгүйг давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн алдаа гэж үзсэнийг нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1358 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2.Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН