Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 1358

 

Х, ХХ нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/03988 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Х, ХХ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХХХанд холбогдох,

 

ХХХХны А/8 тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, дээрх олговроос нийгмийн болон мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Х, ХХ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ,

Хариуцагчийн өмгөөлөгч ХХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Х, ХХ нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн бөгөөд уг хуулийн 8 дугаар зүйлийн 8.8-д "Зохицуулах зөвлөл нь ажлын албатай байна" гэж заасны дагуу ХАА-н биржийн Зохицуулах зөвлөлийн ажлын албыг байгуулах тухай Засгийн газрын 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 188 дугаар тогтоол гарсан. Уг тогтоолын дагуу тус алба нь 11 хүний opoн тоотойгоор ажиллаж ирсэн юм. Гэтэл Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/03 тоот тушаалаар ХАА-н бирж ТӨХХК байгуулагдсан учир зарим чиг үүргийн давхардлыг арилгах зорилгоор ажлын албыг 3 хүний тоотойгоор зохион байгуулж ажиллах шийдвэр гарсан. Үүний дагуу тус албаны даргын 2014 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн тушаалаар Хийг Зохицуулах зөвлөлийн хурал, шийдвэр болон орон нутгийн оролцогчид, тээвэр, логистикийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ХХг бараа, түүхий эдийн чанар, стандарт, зах зээлд оролцогчдын хяналт, зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр тус тус томилсон.

Биднийг ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байхад ХАА-н биржийн Зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга ХХХХХХ А/8 тоот тушаал /огноогүй, албан тоотын маягт дээр хэвлэсэн/-аар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар үүрэгт ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасныг баримтлан байгууллагын орон тоо хасагдсан гэж бид хоёрыг ажлаас чөлөөлсөн боловч уг ажлын байранд 14 хоногийн дотор дахин хоёр хүн авч ажиллуулсан. Байгууллагын бүтэц, зохион байгуулалт, орон тоонд өөрчлөлт оруулах тухай Удирдах дээд шатны албан тушаалтан, салбарын сайдын ямар нэгэн эрх зүйн акт гараагүй байхад бүтэц зохион байгуултад өөрчлөлт орсон мэтээр тушаал гаргасан. Гаргасан тушаал нь огноогүй байгууллагын даргын тушаалын хэвлэмэл хуудас хэрэглээгүй, албан тоотын маягт ашигласан тул албан бичгийн шаардлага хангахгүй, хүчингүй гэж үзэж байна.

Мөн тус албаны дарга нь 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдөр бүтэц орон тоонд өөрчлөлт орсон гэж тушаал гаргасан нь түүний эрх хэмжээний асуудал биш гэж үзэж байна. Уг тушаалыг бидэнд танилцуулаагүй. Хэрэв тэр өдөр бүтцэд өөрчлөлт орж орон тоо хасаж байгаа бол түүнээс хойш мэдэгдлээ өгөхгүй урьдчилж, 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр мэдэгдэл өгч байгаа нь хууль зөрчсөн. Бид ХАА-н биржийг Зохицуулах зөвлөлийн ажлын албаны даргын дээрх тушаалыг хуульд нийцээгүй үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж үзэж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, уг олговроос шимтгэл тооцон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг ХАА-н биржийн Зохицуулах зөвлөлийн ажлын албанд холбогдуулан гаргасан.

Гэтэл ХАА-н гаралтай, бараа түүхий эдийн биржийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хууль, Засгийн газрын агентлаг, төрийн байгууллагуудын бүтэц зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 501 дүгээр тогтоолоор Хөдөө аж ахуйн биржийн Зохицуулах зөвлөлийн ажлын албыг татан буулгаж, чиг үүргийг нь Хүнс, хөдөө ахуйн яаманд шилжүүлсэн. Тэгэхээр ХАА-н биржийн Зохицуулах зөвлөлийн ажлын албаны эрх залгамжлагч нь ХХХХ болсон тул хариуцагчаар татагдсан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Засгийн газрын 152 дугаар тогтоолын 2 дугаар зүйл, Засгийн газрын 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 188 дугаар тогтоолын 2 дахь хавсралт буюу "Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн зохицуулах зөвлөлийн дүрэм"-д ажлын албаны чиг үүргийг нарийн бичгийн даргад шилжүүлж, дүрэм"-ийн 5-д "Ажлын алба" гэсэн бүлгийг бүхэлд нь хассан тул тус яамыг эрх залгамжлагч, хариуцагч биш гэж маргаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна.

Засгийн газрын 152 дугаар тогтоолоор зарим зүйл заалтыг өөрчилж, чиг үүргийг нь нарийн бичгийн даргад шилжүүлсэн нь үнэн. Тэгэхээр үүрэг, хариуцлага нь ч давхар шилжсэн байна гэсэн үг, чиг үүрэг шилжиж байгаа нь төрийн байгууллагын хариуцлага болон бусад залгамж шинж чанарыг үгүйсгэсэн хэрэг биш гэж үзэж байна. Одоо бид ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Харин биднийг ажлаас үндэслэлгүйгээр халсан тус албаны даргын А-08 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан цалин олговрыг 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацаагаар тооцож, ХХХХнаас гаргуулж, уг олговроос шимтгэл тооцон, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Биржийн зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга ХХХХХХийн А/8 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэн Х, ХХ нарын хөдөлмөрийн гэрээг 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөр тасалбар болгож, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Уг тушаал нь албан бичгийн стандарт хангахгүй байсан тул 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр нөхөж А/04 тушаал гаргаж, дээрх ажилчдыг чөлөөлсөн тушаал гаргасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу Х, ХХ нарт 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр мэдэгдэл хүргүүлж танилцуулсан. Мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу Биржийн зохицуулах зөвлөлийн ажлын албаны даргын 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/07 дугаар тушаалаар Х, ХХ нарт нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх нэг удаагийн тэтгэмжийг олгосон. Мөн албаны даргын 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/05 тоот тушаалаар Биржийн зохицуулах зөвлөлийн ажлын албаны бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөн баталж, зарим орон тоог хассан бөгөөд үүнд ХХ, Х нарын албан тушаал багтсан юм.

Тус албанд ХХ нь бараа, түүхий эдийн чанар, стандарт, зах зээлд оролцогчдын хяналт, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн, Х нь Зохицуулах зөвлөлийн хурал, шийдвэр болон орон нутгийн оролцогчид, тээвэр, логистик хариуцсан албан тушаалтай байсан. Дээрх хоёр мэргэжилтэнг ажлаас чөлөөлсний дараа шинээр 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр

ХХХХХХХХыг захиргааны нэгжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр, 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ХХХХХХХыг бодлого төлөвлөлтийн мэргэжилтнээр тус тус ажилд авсан.

Тиймээс нэхэмжлэгч нарын хассан албан тушаалыг сэргээсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Х, ХХ нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн бүх шаардлагыг хангасан хүчин төгөлдөр тушаал гэж үзэж байна. Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай хуулиар Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8-д "Зохицуулах зөвлөл нь ажлын албатай байна." гэснийг хүчингүй болсонд тооцсон. Үүний дагуу Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 501 тоот тогтоолоор Хөдөө аж ахуйн биржийн зохицуулах зөвлөлийн Ажлын албыг татан буулгаж, чиг үүргийг нь ХХХХанд шилжүүлсэн.

Засгийн газрын 152 дугаар тогтоолын 2 дугаар зүйлээр Засгийн газрын 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 188 дугаар тогтоолын 2 дахь хавсралт буюу "Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн зохицуулах зөвлөлийн дүрэм"-д ажлын албаны чиг үүргийг нарийн бичгийн даргад шилжүүлж, 3 дугаар зүйлээр "Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн зохицуулах зөвлөлийн дүрэм"-ийн "Тав. Ажлын алба" гэсэн бүлгийг бүхэлд нь хассан. Үүнээс дүгнэвэл ажлын албаны бүх зохицуулалтыг хасаж, гүйцэтгэж байсан чиг үүрэг буюу зөвлөлийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх, хурлын бэлтгэлийг хангах, хурлаас гарсан шийдвэрийг холбогдох этгээдэд хүргүүлж, гүйцэтгэлд хяналт тавих, үр дүнг нэгтгэн дүгнэж зөвлөлийн хуралд оруулах, зөвлөлд чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь туслах чиг үүргийг нарийн бичгийн даргад шилжүүлсэн.

2016 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл болон хөрөнгө оруулалтын арга хэмжээний төлөвлөгөөнд цалин болон ямар нэгэн төсөв тусгагдаж батлагдаагүй. Мөн Засгийн газрын 2012 оны 188 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн зохицуулах зөвлөлийн дүрэм"-ийн 5.1 дэх хэсэгт "Зохицуулах зөвлөлд чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь туслах, зөвлөлийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх, хурлын бэлтгэлийг хангах, хурлаас гарсан шийдвэрийг холбогдох этгээдэд хүргүүлж, гүйцэтгэлд хяналт тавих, үр дүнг нэгтгэн дүгнэж зөвлөлийн хуралд оруулах асуудлыг ажлын алба эрхлэн гүйцэтгэнэ" гэж ажлын албаны чиг үүргийг тодорхойлж өгсөн.

Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 501 тоот тогтоолоор уг чиг үүргийг яаманд шилжүүлсэн. Тэрнээс биш хүлээх үүрэг хариуцлага, шаардах эрхийг шилжүүлээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10-т заасны дагуу хэргийг болон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан Х, ХХ нар урьдхи ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан ХХХХнаас 16 168. 998 төгрөг гаргуулж, Хт 8 084 499 төгрөг, ХХд 8 084 499 төгрөгийг тус тус олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан дээрх олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ХХХХанд үүрэг болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х, ХХ нар улсын тэмдгийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, ХХХХнаас 238 795 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгүүдэд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж, урьдах албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол ажилгүй байх хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор заасан байна.

Гэтэл шүүх Х, ХХ нар нь урьд эрхэлж байсан тушаалдаа эгүүлэн томилогдоогүй бөгөөд урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байхад яамнаас 16 168 988 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэн тайлбарласан байна. Нэхэмжлэгч нар нь уг шаардлагаасаа татгалзсанаар, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор нэхэмжлэх эрхгүй болсон юм.

Мөн Хөдөө ах ахуйн биржийн ажлын алба нь 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар татан буугдсан. Тиймээс энэ хугацаанаас хойш хугацааны олговрыг гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж байна. Гэтэл шүүх үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. ХХХХ эрх залгамжлан авах тухай хүсэлтийг шүүхэд тавиагүй.

            Зохигч болох Хөдөө аж ахуйн биржийн зохицуулах зөвлөлийн Ажлын албыг татан буулгаж, чиг үүргийг нь ХХХХанд шилжүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт зааснаар эрх залгамжлан аваагүй бөгөөд ХХХХ нь Засгийн газрын 2012 оны 188 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн зохицуулах зөвлөлийн дүрэм”-ийн 5.1 дэх хэсэгт “Зохицуулах зөвлөлд чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь туслах, зөвлөлийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх, хурлын бэлтгэлийг хангах, хурлаас гарсан шийдвэрийг холбогдох этгээдэд хүргүүлж, гүйцэтгэлд хяналт тавих, үр дүнг нэгтгэн дүгнэж зөвлөлийн хуралд оруулах асуудлыг ажлын алба эрхлэн гүйцэтгэнэ." гэж ажлын албаны чиг үүргийг шилжүүлэн авсан юм. Гэтэл шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж ХХХХыг хохироож байгаад гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Х, ХХ нар нь хариуцагч ХХХХнд холбогдуулан тус албаны даргын А/08 тоот тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар нь ажлын албаны чиг үүргийг шилжүүлэн авсан гэж хариуцагчаар ХХХХыг татах хүсэлтийг гаргасан, мөн нэхэмжлэлийн зарим хэсэг буюу урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзаж, үндэслэлээ ХХХХ татан буугдсан гэж тайлбарласан байна. /хх-144, 182/

Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар Хариуцагч ХХХХны ажиллах эрх зүйн үндэслэл болох  хуулийн 8 дугаар зүйлийн 8.8 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсон ба уг хуулийг хэрэгжүүлэн Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 501 дүгээр тогтоол гарч Хөдөө аж ахуйн биржийн Зохицуулах зөвлөлийн ажлын албыг татан буулгаж, чиг үүрэг нь ХХХХанд шилжсэн, мөн Засгийн газрын 2016 оны 152 дугаар тогтоолоор Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн зохицуулах зөвлөлийн дүрмийн “Тав” дахь хэсэг буюу “Ажлын алба” гэсэн хэсгийг хассан тухай баримтууд хэрэгт авагджээ. 

Нэхэмжлэгч нар хариуцагч ажлын алба  татан буугдсантай холбоотойгоор ХХХХыг хариуцагчаар татах хүсэлт гаргаж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан боловч  ажилгүй байсан хугацааны олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар яамнаас нэхэмжилсэн нэхэмжлэлийн агуулга тодорхойгүй, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар тодорхойлоогүй байна.

Дээрхээс үзвэл нэхэмжлэгч нараас ХХХХыг өөрийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй тухай нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг тодруулах шаардлагатай, хариуцагч ХХХХыг Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гарсан этгээдийн бүх эрхийг эдэлж үүргийг хүлээх этгээд мөн эсэхэд дүгнэлт хийх боломжгүй, хэрэгт авагдсан баримтын хүрээнд зохигчдын хооронд үүссэн маргаантай эрх зүйн харилцааг тогтоож хэргийг эцэслэн  шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийг баримтлан эрх залгамжлагч этгээд гэсэн агуулгаар хариуцагчийг солихдоо шүүх хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг зөв тодорхойлоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн, шүүхийн шийдвэрийг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргах Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт заасанд нийцээгүй гэж үзнэ. 

Дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/03988 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч ХХХХ нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                    ШҮҮГЧИД                                           Д.БАЙГАЛМАА

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ