Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/00219

 

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/00219

 

 

Ч.Ж-ын  нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заадах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2020/02697 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ч.Ж-ын нэхэмжлэлтэй, хариуцагч МУБИС-д холбогдох

МУБИС-ийн захирлын 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Б/96 тоот тушаалыг хууль бус болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хулан, өмгөөлөгч Б.Батжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Ж- нь МУБИС-ийн харьяа Дүрслэх урлаг, технологийн сургуульд 2010-2014 он хүртэл туслах ажилтан, 2014-2017 онд захирлын нарийн бичиг, 2017 оноос хөтөлбөрийн албаны мэргэжилтнээр тус тус амжилттай ажиллаж ирсэн. МУБИС-ийн захирлын 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Б/96 тоот тушаалаар ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил үүрэг гүйцэтгэж, эрх мэдлээ урвуулан удирдлага мэдээллийн системд оюутны дүнг оруулах, бусдаар оюутны судлаагүй кредит цагийг тооцуулж дүнг нөхөн бичүүлэх зэрэг ноцтой зөрчил давтан гаргасан үндэслэлээр Ч.Ж-ыг ажлаас гэнэт халсан. Ч.Ж-ын хувьд ажлын байрны тодорхойлолтод заасан статистик мэдээ, бүртгэл, шилжилт хөдөлгөөн, төгсөлт хариуцсан мэргэжилтнийхээ хүрээнд оюутнуудын дүнг мэдээллийн системд оруулсан, дур мэдэн өөрчилж оруулаагүй, багш нартай ярьж, хэлэлцсэний үндсэн дээр оюутнуудын дүнг оруулсан. Сахилгын зөрчлийг давтан үйлдсэн ноцтой зөрчил гаргасан гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Ч.Ж-ыг 2017-2018 оны хичээлийн жилд суралцаж байсан Ус гал гээд оюутны болон Б.Баттөгөлдөр гэдэг оюутны дүнгийн асуудалд, мөн Б.Баттөгөлдөрийн тэтгэлэгтэй холбоотой асуудалд буруутгаж байна. Тэтгэлэг олгож байгаа тушаалыг Ч.Ж- гаргаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дах хэсэгт заасан хугацааг зөрчсөн тул МУБИС-ийн захирлын 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Б/96 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: МУБИС-ийн Дүрслэх урлаг, технологийн сургуулийн багш Г.Одонпүрэвийн МУБИС-ийн захиргаанд гаргасан өргөдөл, хүсэлтийг хүлээн авч чиг үүргийн дагуу тус сургуулийн Чанарын баталгаажуулалт, хяналт үнэлгээний алба, Дотоод ажлын алба хамтран холбогдох баримт бичиг, удирдлага мэдээллийн системд үзлэг хийж, багш ажилтнуудтай ярилцлага хийсэн. Дүрслэх урлагийн сургуулийн захирал А.Энхмаатай холбоотой гомдлыг шалгах явцад тус сургуулийн мэргэжилтэн Ч.Ж- нь оюутан Б.Баттөгөлдөрийн суугаагүй буюу ирц байхгүй хичээлийн дүнг багшийн компьютер, код ашиглан тавьсан, шалгалтын дүнг тавиулсан, захирлын нэрэмжит тэтгэлгийг давхардуулж олгуулсан зэрэг зөрчил гаргасан болох нь холбогдох баримт, багш, мэргэжилтний тайлбараар тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасны дагуу ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Хөтөлбөрийн албаны дарга С.Энхбаяраас энэ тухай асуухад би оруулаагүй Ч.Ж- код мэддэг гэсэн. 2019 оны намрын улирлын хар зураг, барилгын зураг зүйн үндэс хичээлүүдийн дүнг нь С.Энхбаярын эрхээр орж дүн тавьсан байсан. Мөн Б.Баттөгөлдөрт тэтгэмжийг давхардуулан олгосон байдаг. Манай сургуульд өндөр онооны тэтгэлэг, тэмцээн уралдаанд медаль авсан тохиолдолд олгох тэтгэлэг гэж байдаг. Гэтэл Б.Баттөгөлдөрт захирлын нэрэмжит цалин давхардуулан олгуулсан. Б.Баттөгөлдөр нь бөхийн чиглэлээр улсын аварга медаль хүртсэн гэсэн амжилтаар хамрагдсан байна. ДУТС-ийн захирлаар батлуулсан хуудсанд их дээд сургуулиудын англи хэлний олимпиадын аварга гэж амжилтыг нь дурдсан байхад МУБИС-ийн захирлын тушаалд бөхийн чиглэлээр улсын аварга гэж бичсэн нь хоорондоо зөрчилдөж, аль алиныг нь нотлох баримтгүй байдаг. БНХАУ-ын иргэн Ус гал /Wusihala/ 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр МУБИС-ийн магистрын сургалтад элсэн суралцсан. Ус галыг урлагийн философи, уран зураг гэх мэт хичээлд суугаагүй, судлаагүй мөртлөө дүгнэгдсэн байсан. Үүнийг Ч.Ж- хийлгэсэн. Тус сургуулийн сургалтын журмын 6.2.10-д Өдрөөр суралцагч нэг улиралд 15, эчнээгээр суралцагч 12-оос илүүгүй кредитийн хичээл судална гэж заасан байдаг. Ус гал нь 2017-2018 оны хичээлийн жилийн намрын улиралд 22 кредит, 2017-2018 оны хичээлийн жилийн өвлийн улиралд 16 кредитийн дүн орсон байгаа нь уг заалтыг зөрчиж нэг улиралд хэт их хичээл судалж 2018 оны 1 дүгээр сард төгссөн. МУБИС-д 6 сарын хугацаанд суралцаж магистрын ажлаа бичиж, хамгаалан диплом авсан нь тус сургуулийн сургалтын журмыг зөрчсөн үйлдэл болж байна. Коронавирусын цар тархалттай холбоотой улсын хэмжээнд авч хэрэгжүүлж буй гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал нь хэн нэгнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.,69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Монгол-Улсын боловсролын их сургуулийн захирлын 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Б/96 тоот тушаалыг хууль бус болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулж, нийгмийн даатгал, хувь хүний орлогын албан татварын нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай Ч.Ж-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ч.Ж- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хулан давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шийдвэрийн тогтоох хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан гаргасан. Гэвч маргааныг нэг талыг барьж, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрсөн байтал уг заалтыг хэрэглээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Монгол-Улсын боловсролын их сургуулийн дүрмийн 4.4.1, дотоод журмын 7.2.7\4\-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халж, нэхэмжлэгчийн гаргасан зөрчлүүд гэх дүнг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр, 12 дугаар сарын 27-ны өдрүүдэд оруулсан бөгөөд 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр анх зөрчлийг мэдэгдсэн буюу сахилгын зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байхад энэ талаар дүгнэлт хийгээгүй байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасныг хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Ч.Ж- нь хариуцагч МУБИС-д холбогдуулан тус сургуулийн захирлын 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Б/96 тоот тушаалыг хууль бус болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчийг ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хууль зөрчөөгүй гэж маргажээ.

 

Ч.Ж- МУБИС-ийн харьяа Дүрслэх урлаг, технологийн сургуулийн захиралтай 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр тус сургуулийн Хөтөлбөрийн албаны мэргэжилтнээр ажиллаж байсан ба МУБИС-ийн захирлын 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Б/96 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, МУБИС-ийн хөдөлмөрийн дотоод журмын 7.2.7.\4\ , МУБИС-ийн дүрмийн 4.4.1-д заасныг тус тус үндэслэн түүнд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. / хх-ийн 4/

Нэхэмжлэгч дээрх тушаалыг эс зөвшөөрч 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт нийцсэн байна.

 

Ажил олгогчийн дээрх тушаалд Ч.Ж- нь ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил үүрэг гүйцэтгэж, эрх мэдлээ урвуулан удирдлага мэдээллийн системд оюутны дүнг оруулах, бусдаар оюутны судлаагүй кредит цагийг тооцуулж дүнг нөхөн бичүүлэх зэрэг ноцтой зөрчил гаргасан тогтоогдсон гэж үзжээ. /хх-ийн 4/

 

МУБИС-ийн Чанарын баталгаажуулалт, хяналт үнэлгээний алба, Дотоод ажлын алба хамтран 2020 оны 6 сарын 10-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрүүдэд Дүрслэх урлаг технологийн сургуулийн холбогдох баримт бичиг, удирдлага мэдээллийн системд үзлэг хийж, хяналт, үнэлгээ хийсэн ажлын тайланг Захирлуудын зөвлөлийн 2020 оны 6 сарын 29-ний өдрийн хуралд танилцуулжээ. /хх-ийн 32/

 

Хөтөлбөрийн албаны мэргэжилтэн Ч.Ж- нь Дүрслэх урлаг технологийн сургуулийн 2019-2020 оны хичээлийн жилийн намрын улиралд оюутан Б.Баттөгөлдөр хар зураг-1, Барилгын зураг зүйн үндэс зэрэг хичээлд танхимын сургалтад огт суугаагүй, багш дүгнээгүй байхад тус сургуулийн хөтөлбөрийн албаны дарга С.Энхбаярын эрхээр удирдлага мэдээллийн системд нэвтэрч дүн оруулсан, БНХАУ-ын иргэн Ус галыг хичээлд суугаагүй, судлаагүй байхад нь дүнг системд оруулсан болох нь хяналт, үнэлгээ хийсэн ажлын тайлан, түүнд хавсаргасан дүн тулгалтын хуудсын баталгаажуулсан тухай тэмдэглэл, Ч.Ж-ын зөрчлөө хүлээн зөвшөөрсөн тухай тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон. /хх-ийн 34-36, 49, 53-56, 108-109 /

 

Нэхэмжлэгч Ч.Ж-ын гаргасан дээрх зөрчлийн талаарх хэрэгт авагдсан нотлох баримтыг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй, тэрээр Хөдөлмөрийн гэрээний 4.4.10, МУБИС-ийн дотоод журмын 7.2.7-гийн 4-т заасныг тус тус зөрчсөн талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй боловч зөрчил гаргаснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн эсэх, зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулсан эсэх талаар талууд маргасан байхад анхан шатны шүүхээс энэ талаар ямар ч эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. /хх-ийн 127,129-131, 134/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар ажилтанд сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулдаг.

 

Ч.Ж- нь оюутан Б.Баттөгөлдөрийн хичээлүүдийн дүнг 2020 оны 01 сарын 02-нд 13:08 минутад хөтөлбөрийн албаны дарга С.Энхбаярын эрхээр системд нэвтэрч дүн оруулсан зөрчлийг 2020 оны 6 дугаар сарын 29-нд Захирлуудын зөвлөлийн хуралд танилцуулснаар уг зөрчлийг илрүүлсэн боловч 2020 оны 8 дугаар сарын 17-нд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан ...илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах гэснийг зөрчсөн байна.

 

БНХАУ-ын иргэн Ус гал /Wusihala/ 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр МУБИС-ийн магистрын сургалтад элсэн 2018 оны 01 дүгээр сард төгссөн байхад Ч.Ж-д 2020 оны 8 сарын 17-нд ажлаас халах сахилгийн шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах гэснийг зөрчсөн байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр Ч.Ж- нь Хөдөлмөрийн гэрээний 4.4.10-д тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан болох нь нотлогдсон боловч зөрчил гаргаснаас хойш хуульд заасан хугацаа өнгөрсөн байхад ажлаас халах тушаал гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дах хэсэгт заасныг зөрчсөн тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дах хэсэгт тус тус заасан үндэслэлээр түүнд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг цуцалсныг хууль бус гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул Ч.Ж-ыг МУБИС-ийн Дүрслэх урлаг технологийн сургуулийн Хөтөлбөрийн албаны мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж байгаа тул түүнд ажилгүй байсан 2020 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалган шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийг ажилгүй байсан бүх хугацааг тооцвол 5 сар 5 хоног байх ба ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт /1 214 100*5 + 56 469*5=/ 6 352 845 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2020/02697 дугаар шийдвэрийн, тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т тус тус зааснаар Ч.Ж-ыг МУБИС-ийн Дүрслэх урлаг технологийн сургуулийн Хөтөлбөрийн албаны мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх олговорт 6 352 845 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Ж-д олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч МУБИС-д даалгасугай гэж, 2 дугаар заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч МУБИС-иас 116 595 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай тус тус өөрчилсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

Н.БАТЗОРИГ