Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 80

 

 Д.М нарын 5 иргэний нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн

 Хурлын Тэргүүлэгчид, Хан-Уул дүүргийн 8, 11 дүгээр хорооны иргэдийн

Нийтийн Хуралд  холбогдох захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                      Танхимын тэргүүн М.Батсуурь,

            Шүүгчид:                         Г.Банзрагч,

                                                    П.Соёл-Эрдэнэ,

                                                    Ч.Тунгалаг,

            Илтгэгч шүүгч:                Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Э.Номин-Эрдэнэ,

            Нэхэмжлэлийн шаардлага: “Иргэн Д.М, Д.М, Ж.Б, Д.Ө нар нь Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн А/06 дугаар тогтоолын 11 дүгээр хороонд холбогдох хэсгийг, иргэн Р.Д 8 дугаар хороонд холбогдох хэсгийг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, Иргэн Д.М, Д.М, Ж.Б, Д.Ө нар нь Хан-Уул дүүргийн 11-р хорооны ИНХ-ын анхдугаар хуралдааны 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн “Тооллогын комисс байгуулах тухай” 1 дүгээр тогтоол, “Хурлын даргыг сонгох тухай” 2 дугаар тогтоол, “Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай” 3 дугаар тогтоол, “Хорооны Засаг даргыг сонгох тухай” 4 дүгээр тогтоолыг, иргэн Р.Д Хан-Уул дүүргийн 8-р хорооны ИНХ-ын анхдугаар хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн “Тооллогын комисс байгуулах тухай” 1 дүгээр тогтоол, “Хурлын даргыг сонгох тухай” 2 дугаар тогтоол, “Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай” 3 дугаар тогтоол, “Хорооны Засаг даргыг сонгох тухай” 4 дүгээр тогтоолыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох”

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0689 дүгээр шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 221/МА2019/0023 дугаар магадлалтай,

            Шүүх хуралдаанд оролцогч: Хариуцагч Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У, Ц.Э нарыг оролцуулж,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.         Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0689 дүгээр шийдвэрээр: 1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2, 66.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Ш.Цэрэнсамбуу, Г.Эрдэнэбат, Ц.Ариунтуяа, Ц.Нямсүрэн, Л.Туул, Г.Батсуурь, Ж.Мөнгөнцэцэг, Д.Ганбат, Ч.Ганчимэг, Н.Төмөрбаатар нар нь нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг, Д.М, Д.М, Ж.Б, Д.Ө нар нь 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Иргэдийн нийтийн Хурлын анхдугаар хуралдааныг илт хууль бус болохыг тогтоолгох, ХУД-ийн 11-р хорооны ИНХ-ын анхдугаар хуралдааны 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн Санал хураасан дүнгийн тухай 1, 2, 3 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, иргэн Р.Д 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн ХУД-ийн 8 дугаар хорооны Иргэдийн нийтийн Хурлын анхдугаар хуралдааныг илт хууль бус болохыг тогтоолгох, ХУД-ийн 8-р хорооны ИНХ-ын анхдугаар хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Санал хураасан дүнгийн тухай 1, 2, 3 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, 2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсгийн 54.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Хан-Уул дүүргийн Иргэдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн А/06 дугаар тогтоолын 8, 11 дүгээр хороонд холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, 3. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.1.1, 17.1.2, 17.1.3, 17.2, 23 дугаар зүйлийн 23.5, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан ХУД-ийн 11-р хорооны ИНХ-ын анхдугаар хуралдааны 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн Тооллогын комисс байгуулах тухай 1 дүгээр тогтоол, Хурлын даргыг сонгох тухай 2 дугаар тогтоол, Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай 3 дугаар тогтоол, Хорооны Засаг даргыг сонгох тухай 4 дүгээр тогтоол, ХУД-ийн 8-р хорооны ИНХ-ын анхдугаар хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Тооллогын комисс байгуулах тухай 1 дүгээр тогтоол, Хурлын даргыг сонгох тухай 2 дугаар тогтоол, Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай 3 дугаар тогтоол, Хорооны Засаг даргыг сонгох тухай 4 дүгээр тогтоолыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 221/МА2019/0023 дугаар магадлалаар: 1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн128/ШШ2018/0689 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...баримтлан” гэсний дараа “Хан-Уул дүүргийн иргэдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн А/06 дугаар тогтоолын 8, 11 дүгээр хороонд холбогдох хэсгийг...” гэснийг “Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн анхдугаар хуралдааны “Тооллогын комисс байгуулах тухай” 01 дүгээр тогтоол, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн анхдугаар хуралдааны “Тооллогын комисс байгуулах тухай” 01 дүгээр тогтоолыг тус тус” гэж өөрчилж, Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6, 47,2, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д заасныг тус тус баримтлан Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоолын 8, 11 дүгээр хороонд холбогдох хэсэг, Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн анхдугаар хуралдааны “Хурлын даргыг сонгох тухай” 02 дугаар, “Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай” 03 дугаар, “Хорооны Засаг даргыг сонгох тухай” 04 дүгээр тогтоолууд, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн анхдугаар хуралдааны “Хурлын даргыг сонгох тухай” 02 дугаар, “Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай” 03 дугаар, “Хорооны Засаг даргыг сонгох тухай” 04 дүгээр тогтоолуудыг тус тус илт хууль бус болохыг тогтоосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баясгалангийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 221/МА2019/0023 дугаар магадлалыг хүчингүй болгох тухай:

4. Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухай: Нэхэмжлэгчид нь хороодын иргэдийн Нийтийн Хурлыг төлөөлж бус иргэний хувиар нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д зааснаар захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд тухайн акт илт хууль бус байхаас гадна үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн болохыг нэхэмжлэлийн үндэслэлд тусгах шаардлагатай. Гэтэл нэр бүхий нэхэмжлэгчид Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны А/06 дугаар тогтоолоор тус дүүргийн 8, 11 дүгээр хороодын иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааныг 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 14 цагт хуралдуулах хуваарь баталснаар тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Гэтэл давж заалдах шатны шүүх 8, 11 дүгээр хороодын бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Тэргүүлэгчдийн эрхэд халдсан тухай дүгнэлт хийсэн. Нэр бүхий нэхэмжлэгч нар нь бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй 8, 11 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид биш, Тэргүүлэгчдийн эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болсон талаар маргах эрхгүй.

5. Нэхэмжлэгчид нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид зарлан хуралдуулна" гэснийг зөрчин, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар шийдвэр гаргаж, хорооны иргэдийн Нийтийн Хурлын эрх мэдэл халдсан гэж үзэн илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч энэхүү тогтоолын улмаас нэхэмжлэгчдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн нь тодорхойгүй. Мөн нэхэмжлэлийн шаардлагыг хангаснаар нэхэмжлэгчдийн ямар эрх сэргэх нь тодорхойгүй юм.

6. Мөн нэхэмжлэгчид нь 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 11 дүгээр хороо 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 8 дугаар хорооны анхдугаар хуралдаан зарлагдсан байсныг мэдэж байсан талаар нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудад дурдсан байдаг. Тус хорооны оршин суугчийн хувьд товлон зарласан анхдугаар хуралдаанд оролцон Хурлын дарга болон Засаг даргад нэр дэвшин өрсөлдөх эрх нь нээлттэй байсаар байтал өөрсдөө хуралдаанд оролцоогүй нь Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрх нь зөрчигдсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Мөн нэхэмжлэгчид нь өөрсдөө уг эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсаар байтал энэ эрх нь дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн баталсан А/06 тогтоолоос шалтгаалсан гэж үзэх нь өрөөсгөл юм.

7. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.10- т “Баг хорооны хуралдаанд 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно” гэж заасны дагуу 8 болон 11 дүгээр хорооны хуульд заасан ирцтэйгээр анхдугаар хуралдаанаа хийж Хурлын дарга, Тэргүүлэгчдээ сонгосон, хорооны Засаг даргад сонгогдсон нэр дэвшигчдийг томилуулахаар дүүргийн Засаг даргад уламжилсан, тухайн хороодын иргэд өөрсдөө хуралдаж дотоод зохион байгуулалтын асуудлаа шийдвэрлэсэн тогтоолыг илт хууль бусад тооцох нь үндэслэлгүй юм. Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25.4 дэх хэсэгт “Хурлаас гарсан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газар, тухайн асуудлыг харьяалах дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн Хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж заасан заалт зөрчигдөж байна.

8. Маргаж буй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн А/06 тогтоол нь хороодын иргэдийн Нийтийн Хурлыг хуралдуулахаар гарсан тогтоол бус хуралдуулах талаар тогтоол гаргахыг хугацаа нь дуусгавар болж буй иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгасан зөвлөмж чиглэл хүргүүлсэн дотогшоо чиглэсэн захиргааны акт юм. Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.1-т зааснаар “захиргааны хэргийн харьяаллын бус” гэж үзэх нь үндэслэлтэй юм. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 221/МА2019/0023 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

                                                                              ХЯНАВАЛ:

9. Нэхэмжлэгч Д.М, Д.М, Ж.Б, Д.Ө нар нь Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоолын 11 дүгээр хороонд холбогдох хэсэг, тус 11 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурал /цаашид ИНХ гэх/-ын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн анхдугаар хуралдааныг, тус хуралдаанаас гарсан 1,2,3,4 дүгээр тогтоол, Санал хураасан дүнгийн тухай 1,2,3 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгч Р.Д нь Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоолын 8 дугаар хороонд холбогдох хэсэг, тус 8 дугаар хорооны ИНХ-ын 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн анхдугаар хуралдааныг, тус хуралдаанаас гарсан 1,2,3,4 дүгээр тогтоол, Санал хураасан дүнгийн тухай 1,2,3 дугаар тогтоолыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргажээ.

10. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.М нар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны ИНХ-ын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн анхдугаар хуралдааныг, мөн тус хуралдааны Санал хураасан дүнгийн тухай 1,2,3 дугаар тогтоолыг, нэхэмжлэгч Р.Д нь 8 дугаар хорооны ИНХ-ын 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн анхдугаар хуралдааныг, тус хуралдааны Санал хураасан дүнгийн тухай 1,2,3 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудаас татгалзаж, анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.М, Д.М, Ж.Б, Д.Ө нарын гаргасан “Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоолын 11 дүгээр хороонд холбогдох хэсэг, тус 11 дүгээр хорооны ИНХ-ын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн анхдугаар хуралдаанаас гарсан 1,2,3,4 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох”, нэхэмжлэгч Р.Д-ийн гаргасан “...А/06 дугаар тогтоолын 8 дугаар хороонд холбогдох хэсэг, тус 8 дугаар хорооны ИНХ-ын 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн анхдугаар хуралдаанаас гарсан 1,2,3,4 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн байна.

11. Нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоол гаргаж, тус дүүргийн хороодын анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулах хуваарийг баталж хороодын иргэдийн Нийтийн Хурлын бүрэн эрхэд бүдүүлгээр халдсан, энэ нь нэхэмжлэгч иргэдийг төөрөгдүүлж, аль хуралд оролцох эргэлзээг төрүүлж, тухайн хуралдаанд оролцох болон нэр дэвших, дэвшүүлэх эрх, төрийн байгуулагад сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн гэж тодорхойлсон бол, шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Д.М, Д.М, Ж.Б, Д.Ө нар нь 11 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор тус хорооны хурлын тэргүүлэгчдээр сонгогдсон, Р.Д нь 8 дугаар хорооны иргэдийн нийтийн Хурлын 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор тус хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргаар сонгогдсон тул эдгээр иргэдийн Хурлын тэргүүлэгчийн, хурлын даргын эрх ашиг хөндөгдөж байна” гэж маргажээ.

12. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргаар С.Түвшинжаргал сонгогдон ажиллаж байсан, гэвч тус Хурлын даргаас нэхэмжлэгч Д.М, Д.М, Ж.Б, Д.Ө нарт шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргах, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох эрхийг олгосон итгэмжлэл, мөн нэхэмжлэгч Р.Дд Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгчдээс шүүхэд нэхэмжлэл гаргах болон итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох эрхийг олгосон талаарх итгэмжлэл хэрэгт байхгүй, харин нэхэмжлэгч Д.М, Д.М, Ж.Б, Д.Ө, Р.Д нар нь Захиргааны хэргийн шүүхэд өөрсдийгөө бүрэн төлөөлөх итгэмжлэлийг иргэн Т.Баясгаланд 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр олгосон нь хэрэгт авагдсан байна. Иймээс эдгээр нэхэмжлэгч нар нь иргэний хувьд шүүхэд нэхэмжлэл гаргаж, хорооны иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгчдийн, хурлын даргын эрх ашиг зөрчигдсөн гэж маргах эрхгүй бөгөөд иргэний хувьд ямар эрх зөрчигдсөн, маргаж буй захиргааны актуудыг илт хууль бус болохыг тогтоосноор ямар эрх сэргэх нь тодорхойгүй байхад шүүхүүд тэдний нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг зөрчсөн, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч иргэдийн нэхэмжлэлийг “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

  13. Түүнчлэн нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны явцад, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудаас “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны ИНХ-ын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн анхдугаар хуралдаан, мөн дүүргийн 8 дугаар хорооны ИНХ-ын 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн анхдугаар хуралдааныг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан /3-р хавтас, 81 талд/ байна. Иймд хуралдаан хууль бус болсон үндэслэлээр уг хуралдаанаас гарсан тогтоол, шийдвэрүүдийг илт хууль бус гэж маргаж байгаа нэхэмжлэгч иргэдийн хувьд, энэ тохиолдолд хуралдаанаас гарсан тогтоол, шийдвэрүүдтэй маргах боломжгүй юм.

  14. Гэтэл анхан шатны шүүхээс, маргаан бүхий Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоолын 8, 11 дүгээр хороонд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг “захиргааны хэргийн харьяаллын бус” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, мөн нэхэмжлэгч нарын маргаж буй эдгээр хороодын анхдугаар хуралдаанаас гарсан тогтоол, шийдвэрүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.

 15. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т зааснаар анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулах бүрэн эрхийг тухайн Хурлын бүрэн эрх нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчдэд олгожээ. Гэтэл Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоолоор тус дүүргийн хороодын иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан хуралдах хуваарийг баталсан нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн бөгөөд уг тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 /тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан/-т зааснаар илт хууль бус захиргааны акт гэж үзэх байтал анхан шатны шүүхээс тухайн захиргааны актыг “зохион байгуулалтын шинжтэй, дотогш чиглэсэн” гэж дүгнэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан тус актыг илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн  нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэн хууль зөрчжээ.

16. Түүнчлэн, анхан шатны шүүх дээрх илт хууль бус, А/06 дугаар тогтоолын үр дагаврын талаар зөв дүгнээгүй, уг тогтоолын дагуу хуралдсан Хан-Уул дүүргийн 8,11 дүгээр хороодын анхдугаар хуралдаан, уг хуралдаанаас гарсан хурлын шийдвэрүүд илт хууль бус захиргааны акт болох байхад анхан шатны шүүхээс, Хан-Уул дүүргийн 8, 11 дүгээр хорооны иргэдийн нийтийн Хурлын дээрх шийдвэрүүд Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.1.1, 17.1.2, 17.1.3, 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг зөрчөөгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож буруу шийдвэрлэсэн байна.

17. Харин маргаан бүхий захиргааны актуудын хууль зүйн үндэслэлийн талаар давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй хэдий ч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэсэн нь дээрх үндэслэлээр хуульд нийцээгүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 221/МА2019/0023 дугаар магадлалыг хүчингүй болгон, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0689 дүгээр шийдвэрийн 2,3 дахь заалтуудыг нэгтгэн, “2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.М, Д.М, Ж.Б, Д.Ө нарын “Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоолын 11 дүгээр хороонд холбогдох хэсэг, тус 11 дүгээр хорооны ИНХ-ын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн анхдугаар хуралдаанаас гарсан 1,2,3,4 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн, нэхэмжлэгч Р.Д-ийн “Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоолын 8 дугаар хороонд холбогдох хэсэг, тус 8 дугаар хорооны ИНХ-ын 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн анхдугаар хуралдаанаас гарсан 1,2,3,4 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, “4,5” гэсэн дугаарыг “3,4” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       М.БАТСУУРЬ

        ШҮҮГЧ                                                                 Б.МӨНХТУЯА