| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 0000000000 |
| Дугаар | 2000/ДШМ/000 |
| Огноо | 2000-01-01 |
| Зүйл хэсэг | 12.1.4., |
| Улсын яллагч | Б.Байгаль |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2000 оны 01 сарын 01 өдөр
Дугаар 2000/ДШМ/000
Ш.Эрдэнэ-Очирт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Тэгшсуурь даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Б.Байгаль
Хохирогчийн өмгөөлөгч Ц.Баярмаа,
Шүүгдэгч Ш.Эрдэнэ-Очир, түүний өмгөөлөгч Б.Бурмаа /цахимаар/
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Сайнбилэг нарыг оролцуулан;
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж хянан шийдвэрлэсэн 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЗ/454 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Байгалийн бичсэн эсэргүүцлээр Ш.Эрдэнэ-Очирт холбогдох эрүүгийн 2214001130159 тоот хэргийг 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Тэгшсуурь илтгэснээр хянан хэлэлцэв.
Яллагдагч, Монгол улсын иргэн, Баянхонгор аймгийн Галуут сумд 1982 оны 05 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, боловсролгүй, ажилгүй, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн 7-753 тоотод оршин суух,
-Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 254 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн, Халтар овогт Шалхуугийн Эрдэнэ-Очир / РД:ВК82052711 /,
Яллагдагч Ш.Эрдэнэ-Очир нь өөрийн дагавар хүүхэд бага насны 8 нас 10 сартай М.Сүглэгмааг бага насны учраас биеэ хамгаалж чадахгүй болон өөрийн эрхшээлд байгаа нөхцөл байдлыг далимдуулан хүч хэрэглэж буюу 2017 оны 1 дүгээр сард Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг Хөх толгойн 2-36-06 тоот гэртэй амыг нь гараараа дарж хүчээр бэлгийн харьцаанд орсон,
-2021 оны 8 дугаар сард Галуут сумын багийн нутаг дэвсгэр 2 дугаар Жаргалант гол гэх нэртэй газарт түлхэж унагааж өмдийг нь тайлан хүчээр бэлгийн харьцаанд орсон,
-2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрт 3-34-23 тоотод гэртэй унтаж байх үед нь дотуур хувцсыг нь тайлж хүчээр бэлгийн харьцаанд орсон,
-2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрт 3-34-23 тоотод дотуур хувцсыг нь тайлж бэлгийн харьцаанд хүчээр орохыг завдсан зэрэг үйлдлүүдээр бага насны хүүхдийн эсрэг хүчиндэх гэх гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
Баянхонгор аймгийн Прокурорын газраас Ш.Эрдэнэ-Очирт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн захирамжлах хэсэгт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-д зааснаар яллагдагч Ш.Эрдэнэ-Очирт холбогдох эрүүгийн 2214001130159 дугаартай 2 хавтаст хэргийг Баянхонгор аймгийн Прокурорын газарт буцааж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.9 дүгээр зүйлийн 3-т зааснаар яллагдагч Ш.Эрдэнэ-Очирт авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж, шийдвэрлэжээ.
Прокурор Б.Байгаль давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:
... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг 2023 оны 08 дугаар 02-ны өдрийн 17 цаг 10 минутад хүлээн авч танилцаад шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эсэргүүцэл бичиж байна. Үүнд:
1. Шүүгчийн захирамжид “Насанд хүрээгүй хохирогч М.Сүглэгмаа нь яллагдагч Ш.Эрдэнэ-Очир нь өөрийг нь 8 настайгаас нь эхлэн 5 жилийн турш 2023 оны 06 дугаар сар хүртэл хүчиндсэн талаар мэдүүлэг авагдсан байна. Гэтэл Шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 182 дугаартай дүгнэлтэд “М.Сүглэгмаагийн охин хальс бүтэн гэмтэлгүй, бэлгийн замын халдварт өвчингүй талаар дүгнэлт гарсан байна. Мөн уг дүгнэлтийн талаар 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр шинжээч эмч С.Каделаас мэдүүлэг авсан бөгөөд “охин хальс нь цагираг хэлбэртэй сунамтгай, нүх том...тогтмол бэлгийн харьцаанд орж байсан бол охин хальсанд өөрчлөлт орохгүй” гэж мэдүүлсэн байна. Шүүхээс насанд хүрээгүй хохирогчийн талаарх шинжээчийн дүгнэлт болон мэдүүлэг нь эргэлзээтэй гэж үзэж байна. Учир нь 8 настайгаас 5 жилийн турш бэлгийн харьцаанд ороход охин хальс бүтэн байна гэх нь Анагаахын болон хүний биеийн талаарх шинжлэх ухаанд гараагүй үзэгдэл бөгөөд насанд хүрээгүй хохирогч М.Сүглэгмаагийн биед Шүүх Шинжилгээний Ерөнхий газрыг шинжээчээр томилж 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дахин шинжилгээ хийлгэх нь зүйтэй байна гэсэн заалтын хүрээнд дараах үндэслэлээр няцаан үгүйсгэж байна.
Үүнд: Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч С.Каделын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 182 дугаартай:
1.“...охины биед хийсэн үзлэгээр охин хальс цагираг хэлбэртэй, сунамтгай, агшилт цочролтын шинж сул, суурь нам, нүх том, зах цагираг хэлбэртэй, сунамтгай, зах ирмэг нь зузаан, махархаг охин хальс 2 цагийн байрлалд сууриа хүрээгүй төрөлхийн сэтэрхийтэй. М.Сүглэгмаа нь бэлгийн бойжилт бүрэн олоогүй. М.Сүглэгмаагийн охин хальс бүтэн гэмтэлгүй, 3. М.Сүглэгмаа нь бэлгийн замын халдварт өвчингүй байна...” гэх дүгнэлт,
2.Шинжээч С.Каделын 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр өгсөн “...иргэн Сүглэгмаагийн охин хальс нь урагдахгүйгээр бэлгийн харилцаанд орох боломжтой энэ нь охин хальс нь цагираг хэлбэртэй сунамтгай нүх том суурь нь нам зах ирмэг нь зузаан махархаг шинж байдалтай тул урагдахгүй бэлгийн харилцаанд орох боломжтой. Мөн Сүглэгмаагийн охин хальс нь 2 цагийн байрлалд сууриа хүрээгүй төрлөхийн сэтэрхийтэй байсан...” гэх, мөн 2022 оны 07 дугаар сарын 08-ний өдөр дахин өгсөн “...Охин хальс нь цагираг хэлбэртэй сунамтгай, нүх том, суурь нь нам зах ирмэг нь зузаан махархаг шинж байдалтай байсан тогтмол бэлгийн харьцаанд орж байсан бол охин хальсанд өөрчлөлт орохгүй. Насанд хүрээд жирэмсэн болоод төрсөн тохиолдолд өөрчлөлт орох боломжтой...” гэх мэдүүлэг,
2022 оны 07 дугаар сарын 08-ний өдөр дахин өгсөн: “...хохирогч М.Сүглэгмаагийн охин хальс биологийн биеийн онцлогоос хамаарч охин хальс урагдахгүйгээр бэлгийн харилцаанд орох боломжтой улмаар насанд хүрээд жирэмсэн болоод төрсөн тохиолдолд өөрчлөлт орох боломжтой...” гэх мэдүүлгүүдийг өгсөн байна.
Дээрх дүгнэлт болон мэдүүлэг нь насанд хүрээгүй хохирогч М.Сүглэгмаагийн охин хальсны онцлог шинж чанараас шалтгаалан бэлгийн харьцаанд удаан хугацааны турш орсон ч урагдахгүй болохыг тайлбарлажээ.
Энэ нөхцөл байдал нь Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч С.Каделын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 182 дугаартай дүгнэлт эргэлзээтэй гэж үзэх нөхцөл байдлыг бүрэн үгүйсгэж байна.
Түүнчлэн Анагаахын шинжлэх ухаанд охин хальс бэлгийн харьцаанд орсон бол заавал урагдах ёстой талаар тодорхойлоогүй, хууль журмаар тогтоогоогүй болохыг шүүх анхаарч үзээгүй болно.
2.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Эрдэнэ-Очир нь 2019 онд бэлгийн замын өвчнөөр өвчилж 2023 онд эдгэрч байсан талаар мэдүүлэг бөгөөд түүний биед мөн Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын шинжээч эмч нарыг шинжээчээр томилж шинжилгээ хийлгэх шаардлагатай байна гэсэн заалтын хүрээнд дараах үндэслэлээр няцаан үгүйсгэж байна.
Үүнд:
2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Ш.Эрдэнэ-Очир нь “2019 онд бэлгийн замын өвчнөөр өвчилж 2023 онд эдгэрч байсан” гэж мэдүүлсэн.
Гэмт хэрэг үйлдээгүй гэж гэм буруугийн асуудлаар маргаж мэтгэлцэж буй шүүгдэгчийн мэдүүлэг туйлын үнэн уг мэдүүлгийн дагуу заавал шинжилгээ хийх ёстой гэж үзэж буй шүүхийн дүгнэлт үндэслэлгүй болжээ.
Учир нь яллагдагч Ш.Эрдэнэ-Очирын биед 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр шинжээч томилж Шүүхийн Шинжилгээний ерөнхий газрын Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч С.Каделын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 213 дугаартай “...Ш.Эрдэнэ-Очирын арчдас, наалдцын шинжилгээнд бэлгийн замын Заг хүйтэн, Трихомониаз, ДОХ, Тэмбүү, Хламид зэрэг халдварт өвчин илрээгүй болно...” гэх дүгнэлтээр бэлгийн замын халдварт өвчингүй талаар тогтоожээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Ш.Эрдэнэ-Очир нь 2021 оны сүүлээр бэлгийн замын халдварт өвчнөөр өвчилж эхнэрийн хамт эмчлүүлж байсан гэх боловч баримтаар тогтоогдсон нөхцөл байдал байхгүй. Мөн тухайн цаг хугацаанд буюу 2021 оны сүүлээр насанд хүрээгүй хохирогч М.Сүглэгмаатай бэлгийн харьцаанд орж хүчиндсэн үйл баримт хэрэгт авагдаагүй буюу 2021 оны 08 дугаар сард бэлгийн харьцаанд орж хүчиндсэн ба бэлгийн замын өвчнөө эмчлүүлсэн гэх цаг хугацааны дараа буюу 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүчээр бэлгийн харьцаанд орсон үйл баримт тогтоогдсон байдаг. Мөн Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч С.Каделын 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр өгсөн “...Заг хүйтэн тэмбүү өвчин нь цочмог явцтай үед бусад буюу эрүүл хүнд бэлгийн харьцаанд ороход халдварлана...” гэх мэдүүлэг тухайн өвчтэй байсан /цочмог явцтай үед/ гэх цаг хугацаанд насанд хүрээгүй хохирогч М.Сүглэгмаатай бэлгийн харьцаанд ороогүй бөгөөд бэлгийн замын халдварт өвчин халдварлаагүй гэж үзлээ. Иймд яллагдагч Ш.Эрдэнэ-Очирт Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын шинжээч эмч нарыг шинжээчээр томилж шинжилгээ хийлгэх нь хэрэгт ач холбогдолгүй тул дээрх мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагагүй байна гэж прокурорын зүгээс дүгнэлээ.
Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотолбол зохих байдлыг бүрэн тогтоосон бөгөөд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа байхгүй байна гэж дүгнэж Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэж шийдвэрлэсэн 2023/ШЗ/454 дугаартай захирамж нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасны дагуу шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив.
Шүүх хуралдаан прокурор оролцох болно. гэжээ.
Прокурор Б.Байгаль тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотолбол зохих байдал бүрэн нотлогдон тогтоогдсон. Шинжээчийн дүгнэлт гарсан. Уг дүгнэлттэй холбогдуулан шинжээч эмчээс 2 удаагийн мэдүүлэг авсан байдаг. Тухайн дүгнэлтээ эргэлзээгүй гэдгийг шинжээч баталсан байдаг. Тэгэхээр тухайн дүгнэлтэд эргэлзээ байхгүй. Уг дүгнэлтээр охин хальс бүтэн байгаа нь дахин шинжээч томилох үндэслэл байхгүй. Анагаахын шинжлэх ухаанд бэлгийн хүчирхийлэлд орсон тохиолдолд охин хальс заавал урагдсан байхыг шаарддаггүй. Хүчиндэх гэмт хэрэг нь бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл, бэлгийн харьцаанд орсноор төгсдөг болохоос биш охинд ямар нэгэн байдлаар хохирол учирсан буюу охин хальс урагдсан байхыг шаардахгүй. Хохирогч охины биеийн онцлогоос шалтгаалан охин хальс урагдаагүй. Тиймээс дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагагүй. Мөн өвчний тухайд хохирогчийн биеийн онцлогоос хамааран цочмог халдварлах зэргээс хамаарч тухайн охинд халдварлаагүй. Дахин шинжээчийн дүгнэлт гаргах шаардлагагүй. Тиймээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Өмгөөлөгч Ц.Баярмаа тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:
Хохирогчийн өмгөөлөгч дараах саналтай байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид шинжээчийн дүгнэлтээр охин хальс урагдаагүй гэж дүгнэлт хийсэнд ач холбогдол өгсөн. Гэтэл охины удаа дараагийн өгч байгаа мэдүүлэг нь бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн байна гэдэг нь хавтаст хэргийн хүрээнд нотлогдон тогтоогдсон байна. Хохирогч удаа дараагийн мэдүүлгийг тогтвортой өгдөг. Гэмт хэргийн бүрэлдэхүүн нь охин хальс заавал урагдсан байхыг шаардахгүй гэдгийг эрхэм шүүгч анхаарч үзнэ үү. Тиймээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.
Өмгөөлөгч Б.Бурмаа тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:
Ш.Эрдэнэ-Очирыг хүнд гэмт хэрэгт шалгагдаж байгаа учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан нотлох баримтуудаар бүх талаараа нотлох ёстой. Шинжээчийн дүгнэлтээр охин хальс урагдал гэмтэлгүй, бэлгийн замын халдварт өвчингүй гэж гарсан. Н.Сүглэгмаагийн хувьд охин хальс нь цагираг хэлбэртэй, урагдахгүйгээр бэлгийн харьцаанд орох боломжтой. Тэгэхээр шинжээчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зөрүүтэй байгаа юм. Хохирогч нь нэг удаа хүчиндүүлсэн биш юм. Хохирогч нь 5 жилийн хугацаанд хүчиндүүлсэн гэж мэдүүлдэг. Тэгэхээр 5 жилийн хугацаанд хүчиндүүлсэн байхад охин хальс яагаад цоордоггүй юм. Хоёрдугаарт Ш.Эрдэнэ-Очир заг хүйтэн өвчтэй байхад түүний эхнэрт халдаж ургийг тасалсан байхад тэгтэл охин яагаад бэлгийн замын өвчнөөр өвчлөхгүй байгаа вэ, түүнийг яагаад тогтоохгүй байгаа вэ, бид нарт эргэлзээтэй нөхцөл байдал байгаад байгаа вэ, Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэг, хувийн эмнэлгээр ураг тасалж байсан талаар лавлагаа гаргуулах хэрэгтэй. Шинжээчийн дүгнэлт, хохирогчийн мэдүүлэг эргэлзээтэй нөхцөл байдал үүсгэж байгаа учраас дахин шинжээч томилох шаардлагатай. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үргэлжлүүлж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүхэд бичсэн прокурор Б.Байгалийн эсэргүүцлийг үндэслэн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдол,эсэргүүцэлд дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Яллагдагч Ш.Эрдэнэ-Очир нь дагавар охин болох бага насны хүүхдийг 8 настайгаас нь эхлэн удаа дараа хүчиндсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүхийн
- шинжээчийн дүгнэлт болон мэдүүлэг нь эргэлзээтэй тул насанд хүрээгүй хохирогчийн биед шүүх шинжилгээний ерөнхий газрыг томилж бүрэлдхүүнтэй дахин шинжилгээ хийлгэх
- яллагдагч Ш.Эрдэнэ-Очир нь 2019 онд бэлгийн замын өвчнөөр өвдөж 2023 онд эдгэрч байсан гэх тул Ш.Эрдэнэ-Очирын биед мөн шүүх шинжилгээний ерөнхий газрыг томилж шинжилгээ хийлгэх, мөн шинжээчдэд ямар асуулт тавих, юуг тодруулахыг зааж хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж үндэслэлтэй байна гэж давж шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Учир нь яллагдагч нь бүх насаар хоригдох хүнд зүйл ангиар яллагдаж байгаа, шинжээчийн дүгнэлт нь хохирогчийн биеийн онцлог шинж байдлаас хамаарч бага наснаас эхлэн удаа дараа хүчиндүүлсэн гэх боловч охин хальс бүтэн гэсэн нь эргэлзээтэй, үүнийг нарийн мэргэжлийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэй дахин нотлох, эсвэл үгүйсгэх нь зайлшгүй шаардлагатай байна гэж үзлээ. Мөн яллагдагч нь бэлгийн замын өвчнөөр өвдсөн эсэх энэ нь хохирогчид халдварласан эсэхийг мөн торуулах шинжилгээ хийлгэх, өвчтэй байсан эсэх талаарх нотлох баримтыг холбогдох газраас гаргуулах нь зүйтэй байна
Иймд прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байх тул анхан шатны шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, улсын яллагчийн эсэргүүцлийн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 -д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЗ/454 дугаар захирамжийг хэвээр үлдээж , прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хэргийг прокурорт очтол яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Г.ТЭГШСУУРЬ
ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР
Б.НАМХАЙДОРЖ