Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 94

 

  Д.Б, Г.С нарын нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газар, Татварын ерөнхий

газрын дарга, Нийслэлийн Татварын газар, Нийслэлийн Татварын газрын дарга, Төрийн

албаны зөвлөл, Төрийн албаны зөвлөлийн Татварын ерөнхий газрын дэргэдэх салбар

зөвлөл болон тус зөвлөлийн даргад холбогдох захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:           Л.Атарцэцэг,

            Шүүгчид:                          Г.Банзрагч,

                                                     Д.Мөнхтуяа,

                                                     Ч.Тунгалаг,

            Илтгэгч шүүгч:                Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Д.Долгордорж,

            Нэхэмжлэлийн шаардлага: “Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн “Ажлаас түр чөлөөлж, томилох тухай” Б/714 дүгээр тушаалын Д.Б-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Татварын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн “Д.Б-ыг албан тушаалд томилох тухай” Б/48 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, Татварын ерөнхий газрын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн даргын сул орон тоон дээр Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт зарлаж, зохион байгуулсныг илт хууль бус болохыг тогтоолгох, “Татварын ерөнхий газрын 2017 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн сонгон шалгаруулалтын дүнг нийтэд зарлаж мэдээлэхгүй байгааг хууль бус болохыг тогтоож, уг сонгон шалгаруулалтын дүнг нийтэд танилцуулахыг даалгах, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн даргын албан тушаалд Г.С намайг томилохыг даалгах”

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0688 дугаар шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2019/0072 дугаар магадлалтай,

            Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч Д.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С, хариуцагч Төрийн албаны зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Нийслэлийн Татварын газрын итгэмжлэгдсэн Б.У нарыг оролцуулж,

            Нэхэмжлэгч Д.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ний өдрийн 128/ШШ2018/0688 дугаар шийдвэрээр: 1. Гааль, Татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хууль /2015 он/-ын 7 дугаар зүйлийн 7.4, 10 дугаар зүйлийн 10.1, 10.1.5, 10.1.15, Татварын ерөнхий хуулийн 271.4, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.2, 47.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Б-ын “Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/714 дүгээр тушаалын холбогдох хэсэг, Нийслэлийн Татварын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/48 дугаар тушаал, 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн даргын сул орон тоон дээр Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт зарлаж, зохион байгуулсныг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Г.С-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулж явуулсан “Татварын ерөнхий газрын харьяа нийслэлийн Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт”-ын дүнг нийтэд зарлаж мэдээлэхгүй байгаа Төрийн албаны зөвлөлийн Татварын ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, сонгон шалгаруулалтын дүнг салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг тус салбар зөвлөлд даалгаж, Г.С-ын нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2019/0072 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0688 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ө.С би Д.Б, Г.С нарын нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газар, Нийслэлийн татварын газар, Төрийн албаны зөвлөлд холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч Д.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2019/0072 дугаар магадлалыг 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гардаж аваад бүхэлд нь эс зөвшөөрч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй хэмээн үзэж энэхүү гомдлыг гаргаж байна.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх илт хууль бус захиргааны актыг тайлбарлахдаа хуулийг буруу тайлбарлан хэрэглэж дүгнэсэн тухай Анхан шатны шүүх “...Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа “...Гааль, татварын ерөнхий газрын даргын Б/714 дүгээр тушаал нь хууль болон Улсын Их Хурльн тогтоол гарсан 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн үдээс өмнө гарсан” гэж тайлбарласан байх бөгөөд “...баримт бичиг хадгалах үлгэрчилсэн жагсаалт”-ын дагуу уг тушаалын дагалдах хуудас устгагдсан байх тул уг тушаалыг албажуулсан цаг минутыг нарийвчилсан тогтоох боломжгүй байна” хэмээн дүгнэсэн байна. Давж заалдах шатны шүүх “...Гааль, татварын ерөнхий газрын даргын Б/714 дүгээр тушаал нь тус газар Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар болж байгаатай холбоотойгоор албан хаагчдыг ажлаас чөлөөлж, түр орлон гүйцэтгэгчээр томилсон байх тул маргаан бүхий актыг илэрхий алдаатай гэж үзэхээргүй байна...” гэж дүгнэсэн байна.

5. Гэтэл маргаж буй Б/714 дүгээр тушаалын үндэслэл болж буй Улсын Их Хурлын 2016.07.21-ний өдрийн “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” 12 дугаар тогтоол нь 2017.07.21-ний өдрийн Улсын Их Хурлын гар тэмдэглэлээр үдээс хойш хэлэлцэх асуудлын 6 дугаарт батлагдсан байна. Харин хариуцагч хариу тайлбартаа Гааль, татварын ерөнхий газрын даргын Б/714 дүгээр тушаал 2016 оны 7 дугаар сарын 21-ний үдээс өмнө гарсан хэмээн тайлбарласан. Хариуцагч хүлээн зөвшөөрсөөр байхад шүүхийн зүгээс түүнийг эсрэгээр тайлбарлан дүгнэж байна. Нэхэмжлэгч хариуцагч маргаагүй асуудлаар шүүх дүгнэлт өгчихсөн байна.

6. Хүчин төгөлдөр болоогүй Улсын Их Хурлын тогтоолыг үндэслэж маргаан бүхий Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 7 сарын 21-ний Б/714 тушаал гарсан нь тодорхой байх бөгөөд энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан утга агуулгын илэрхий алдаатай, 47.1.6-д заасан иргэн, хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй байхад тушаал гарган ажлаас чөлөөлсөн байх тул илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байна. Өөрөөр хэлбэл хүчин төгөлдөр болоогүй УИХ-ын тогтоолыг үндэслэж тушаал гаргаж байгаа нь утга агуулгын алдаа, эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй байхад чөлөөлөх тушаал гаргасан гэх үндэслэл болж байна.

7. Давж заалдах шатны шүүх Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухай, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” бол тус захиргааны акт илт хууль бус байхаар заасан. Маргаж буй Б/714 тушаалын үндэслэл болсон Гааль, татварын газрын эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-д Гааль, татварын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн болон харьяа нэгжийн даргыг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу Гааль, татварын ерөнхий газрын дарга томилж, чөлөөлнө” гэж заасан байх бөгөөд Төрийн албаны тухай хуульд заасан үндэслэлээр л чөлөөлөхөөр байна. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр захиргааны санаачилгаар төрийн албанаас түр чөлөөлнө” гэж заагаад 24.1.1-д “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн; 24.1.2.төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн”; 24.1.3-д “өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” гэх гурван нөхцөлийг заасан.

8. Гэтэл маргаж буй тушаал нь Төрийн албаны тухай хуулийг үндэслээгүйн дээр мөн хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх ямар ч үндэслэлийг заагаагүй илэрхий байна. Давж заалдах шатны шүүх “...Хэдийгээр хариуцагч шийдвэр гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй...” гэж үзсэн атлаа маргаан бүхий Б/714 дүгээр тушаалыг илт хууль бус хэмээн үзэх үндэслэл болохгүй хэмээн буруу тайлбарласан. Д.Быг төрийн жинхэнэ албан хаагчаас чөлөөлөх хуульд ямар ч үндэслэл байгаагүй, үндэслэлийг ч тушаалд тусгаагүй байдаг. Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуульд заасан үндэслэл байгаагүй байхад Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны Б/714 тушаал гарсан байх бөгөөд энэхүү алдаа илэрхий харагдаж байна. Түүнчлэн анхан шатны шүүхээс дээрх үндэслэлд үнэлэлт дүгнэлт өгөлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд давж заалдах шатны шүүх дүгнэхдээ Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-ийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийг хэрэглээгүй нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн.

9. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг давж заалдах шатны шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн тухай, Нэхэмжлэгчийн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Шинэбаярын нэхэмжлэлийн нэмэлт тайлбарт Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг үндэслэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн байдаг. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 04 дүгээр “Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын гуравдугаар зүйлээр Гааль, татварын ерөнхий газрыг татан буулгаж дөрөвдүгээр зүйлээрээ “Татан буугдаж байгаа Засгийн газрын агентлагуудын холбогдох албан хаагчдыг орон тоо, цалингийн сан, эд хөрөнгийн хамт чиг үүрэг нь шилжиж байгаа Засгийн газрын агентлаг, байгууллагад шилжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, холбогдох бусад сайд нарт даалгасугай” гэж шийдвэрлэсэн байдаг. Тодруулбал татан буугдаж байгаа Гааль, татварын ерөнхий газрын харьяа албан хаагчдыг чиг үүрэг нь шилжиж байгаа татварын байгууллагад шилжүүлэх арга хэмжээ авахыг заасан байна. Мөн Төрийн албаны тухай хуулийн /тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2002 оны хууль/ 27.2 дугаар зүйлд Төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааны талаар хуульчилсан байх ба 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах... ”-аар заасан.

10. Үүний дагуу Гааль, татварын ерөнхий газрын харьяа Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн даргаар ажиллаж байсан Д.Б нь чиг үүрэг нь шилжиж буй Татварын ерөнхий газрын харьяа Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн даргаар төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд шууд томилогдох ёстой юм. Өөрөөр хэлбэл төрийн байгууллага хуваагдах замаар өөрчлөн байгуулагдсан тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн эрхэлж байсан албан тушаалын бүрэн эрх шилжсэн албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах, томилох үүргийг Нийслэлийн татварын газрын дарга Татварын ерөнхий хуулийн 271 дүгээр зүйлийн 271.4-т заасны дагуу хүлээнэ. Гэтэл Нийслэлийн татварын газрын даргын 2016.09.28-ны өдрийн “Д.Быг албан тушаалд томилох тухай” Б/48 тоот тушаалаар 2016.09.28-ны өдрөөс эхлэн Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байдаг. Шууд томилох ёстой атал түр томилсон. Энэхүү тушаал нь Үндсэн хуульд заасан хүний хөдөлмөрлөх эрх, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг минь хөндөж, төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг одоог хүртэл зөрчиж байна. Дээрх үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 27.2.3 дахь хэсэгт заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаа болон Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 04 дүгээр тогтоолын 4 дүгээр зүйлийг зөрчиж Нийслэлийн татварын газрын даргын 2016.09.28-ны өдрийн “Д.Б-ыг албан тушаалд томилох тухай” Б/48 тоот тушаал гарсан байна.

11. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” бол тус захиргааны акт илт хууль бус байхаар заасан бөгөөд түр томилох агуулга тушаал дээрээс илэрхий харагдаж байна. Ийнхүү албан тушаалд түр томилсноор 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн даргын сул орон тоон дээр Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт зарлагдах нөхцөл байдал үүссэн. Шууд Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн даргаар томилогдох ёстой байсан албан тушаал дээр сонгон шалгаруулалт зохион байгуулсан нь илт хууль бус байх шинжийг агуулж байна.

12. Г.С-ын гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэл тодорхойгүй байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн тухай: Г.С 2018 оны 10 сарын 19-ний өдөр тус шүүхэд хандан Татварын ерөнхий газрын даргад холбогдуулан нэхэмжлэл гаргасан байх бөгөөд тус нэхэмжлэлд нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, гарын үсэг зурагдаагүй байна. Нэхэмжлэлийн шаардлагаа анхан шатны шүүх хурал болсон 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ч тодорхой болголгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн байдаг. Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн. Тодруулбал нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т заасныг зөрчсөн нэхэмжлэлийг буцаах үндэслэлтэй байхад захиргааны хэрэг үүсгэсэн байх бөгөөд шүүх хуралдаан болсон өдөр хүртэл нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй хэвээр байсан бөгөөд шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг хэтрүүлэн тайлбарлан шийдвэрлэсэн. Дээрх хууль зүйн үндэслэлүүдийг дүгнэн үзэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0688 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 221/МА2019/0072 дугаар магадлалыг хүчингүй болгож, Д.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

ХЯНАВАЛ:

13. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

14. 1/ Нэхэмжлэгч Д.Б-ын нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

15. Нэхэмжлэгч Д.Б нь “Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Б/714 дүгээр тушаалын түүнд холбогдох хэсгийг, Нийслэлийн Татварын газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Б/48 дугаар тушаалыг, мөн Татварын ерөнхий газрын 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн даргын сул орон тоонд Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт зарлаж, зохион байгуулсныг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан болон давж заалдах шатны шүүхээс, маргаан бүхий захиргааны актууд нь илт хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй, хариуцагч нь хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэр гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

16. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...Б/714 дүгээр тушаалын Д.Б-д холбогдох хэсэг нь Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтад үндэслээгүй, уг тушаал нь тус актын үндэслэл болсон УИХ-ын 12 дугаар тогтоолоос цаг хугацааны хувьд өмнө гарсан учир утга агуулгын илэрхий алдаатай, батлан гаргасан байгууллага тодорхойгүйн дээр ...тухайн албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байхад түр орлон гүйцэтгэгчээр томилж эрх зүйн байдлыг дордуулснаараа Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны акт болох бөгөөд энэхүү илт хууль бус захиргааны актад үндэслэж гарсан Нийслэлийн татварын газрын даргын Б/48 дугаар тушаал мөн илт хууль бус захиргааны акт болно. Мөн ...албан тушаалын сул орон тоо гэж үзэж сонгон шалгаруулалт зарласан нь Д.Б-ын эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хууль зүйн үндэслэл бүрдээгүй байсан гэж үзэх үндэслэлтэй” гэж тодорхойлон маргажээ. 

17. Илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан үндсэн шинжийг агуулах бөгөөд захиргааны акт нь мөн зүйлийн 47.1.1-д заасан утга агуулгын илэрхий алдаатай, 47.1.2-т заасан бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй, мөн 47.1.6-д заасан иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй бол илт хууль бус захиргааны акт болохоор хуульчилсан байна.

18. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолоор “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн бүдүүвч”-ийг шинэчлэн баталж, Гааль, татварын ерөнхий газрыг Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар болгон өөрчлөн зохион байгуулсан байх бөгөөд уг өөрчлөлттэй холбогдуулан Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Б/714 дүгээр “Ажлаас түр чөлөөлж, томилох тухай” тушаалаар, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийн нэгж батлагдах хүртэл хугацаанд албан хаагчдыг /2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс/ үүрэгт ажлаас нь түр чөлөөлж, албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсний дотор Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн даргаар ажиллаж байсан Д.Б хамрагджээ.

19. Дээрх Б/714 дүгээр тушаалыг, тухайн үед Гааль, татварын ерөнхий газрын даргын албан үүргийг гүйцэтгэж байсан эрх бүхий албан тушаалтан хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд гаргаж, Гааль, татварын ерөнхий газрын даргын тушаалаар томилогдсон нийт албан хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түр орлон гүйцэтгэгчээр томилохдоо Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хууль /2015 оны/-ийн 7 дугаар зүйлийн 7.4, 10 дугаар зүйлийн 10.1.5, 10.1.15 дахь заалт, Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” 12 дугаар тогтоол зэргийг үндэслэж захиргааны актыг гаргасан байна.

20. Мөн, Нийслэлийн татварын газрын дарга нь Татварын ерөнхий хуулийн 271 дүгээр зүйлийн 271.4-т “...дүүргийн татварын хэлтсийн даргыг нийслэлийн татварын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн томилж, чөлөөлнө”, 271.5-д “...дүүргийн татварын газар, хэлтсийн даргыг Төрийн албаны тухай хуулийн 25, 26, 27 дугаар зүйлд заасны дагуу тус тус санхүү, эдийн засаг, бүртгэлийн мэргэжилтэй иргэдээс сонгон шалгаруулж томилно” гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.Быг Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Б/48 дугаар тушаалыг гаргажээ.

21. Шүүхүүд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.2, 47.1.6-д заасан зохицуулалтын хууль зүйн үндэслэлийг зөв тайлбарлан хэрэглэж, маргаан бүхий, дээрх Гааль, татварын ерөнхий газрын даргын Б/714 дүгээр тушаал, Нийслэлийн татварын газрын даргын Б/48 дугаар тушаалыг утга агуулгын илэрхий алдаатай, захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй талаар зөв дүгнэсэн байна. 

22. Түүнчлэн нэхэмжлэгч Д.Б-ын “...албан тушаалын сул орон тоо гэж үзэж сонгон шалгаруулалт зарласан нь хууль бус” үндэслэлийн тухайд, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын “Нэг”-ийн 10-т заасны дагуу  Төрийн албаны зөвлөлийн Татварын ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлөөс 2017 оны 5 дугаар сард Татварын ерөнхий газрын харьяа Нийслэлийн Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн даргын ажлын байранд удирдах ажилтны сонгон шалгаруулалт зарлахад Б.Б нь өөрөө бүртгүүлж, тус сонгон шалгаруулалтад оролцсон байх ба тэрээр тус сонгон шалгаруулалтыг, зарлах тухайн үед нь хууль бус гэж маргаагүй, гомдол, нэхэмжлэл гаргаагүй, уг сонгон шалгаруулалтад оролцсон мөртлөө хожим “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчсөн” гэж маргаж буй нь үндэслэлгүй талаар 2 шатны шүүхийн хийсэн дүгнэлт хуульд нийцсэн байна.

23. 2/ Нэхэмжлэгч Г.С-ын гаргасан “Татварын ерөнхий газрын 2017 оны 5 дугаар сарын 04-ны өдрийн сонгон шалгаруулалтын дүнг нийтэд зарлаж мэдээлэхгүй байгааг хууль бус болохыг тогтоож, уг сонгон шалгаруулалтын дүнг нийтэд танилцуулахыг даалгах, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн даргын албан тушаалд түүнийг томилохыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

24. Төрийн албаны зөвлөлийн Татварын ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлөөс 2017 оны 5 дугаар сард зарласан Татварын ерөнхий газрын харьяа Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн даргын ажлын байрны сонгон шалгаруулалтад Г.С, О.Батжаргал, Б.Отгонбаяр, Д.Б нарын 4 хүн бүртгүүлж оролцон, өрсөлдсөнөөс Г.С 60.1 оноо авч тэнцжээ. Энэ нь тус удирдах ажилтныг сонгон шалгаруулах комиссын гишүүдийн үнэлгээний нэгтгэл, сонгон шалгаруулалтад оролцогчдын дүнгийн хуудас, хариуцагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон. Гэвч тус салбар зөвлөл нь тодорхой шалтгааны улмаас, сонгон шалгаруулалтын дүнг салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээгүй, шаардлага хангасан иргэнийг нөөцөд бүртгэх шийдвэр гараагүй, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн даргын албан тушаалд томилогдох этгээдийг нэр дэвшүүлээгүй байна.

25. Хариуцагчийн зүгээс сонгон шалгаруулалтын дүнг салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлээгүй шалтгааныг, тус салбар зөвлөлийн дарга томилогдоогүй байсантай холбон тайлбарладаг бөгөөд Төрийн албаны зөвлөлийн даргын 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 61 дүгээр тушаалаар тус салбар зөвлөлийн даргыг томилсноор салбар зөвлөл бүрэн эрхээ хэрэгжүүлэх, тодруулбал Татварын ерөнхий газрын 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн даргын ажлын байрны сонгон шалгаруулалтын дүнг хэлэлцэн шийдвэрлэх бүрэн боломжтой болсон. Иймд нэхэмжлэгч Г.Сын “Татварын ерөнхий газрын 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн сонгон шалгаруулалтын дүнг нийтэд зарлаж мэдээлэхгүй байгааг хууль бус болохыг тогтоож, уг сонгон шалгаруулалтын дүнг салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

26. Харин дээрх нөхцөл шалтгааны улмаас салбар зөвлөл сонгон шалгаруулалтын дүнг салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлээгүй байх тул нэхэмжлэгч Г.С-ын “Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн даргын албан тушаалд томилохыг даалгах” нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй юм. 

27. 3/ Нэхэмжлэгч Д.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...давж заалдах шатны шүүх хуралдаанд эрүүл мэндийн буюу хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцож чадаагүй. Гэтэл шүүхээс талуудын шүүх хуралдаанд оролцох эрх болон мэтгэлцэх бололцоог хангаагүй хэргийг хянан шийдвэрлэсэн...” гэсэн гомдол үндэслэлгүй байна. Учир нь, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр товлон зарласан боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Сайнбаяраас “...өмгөөлөгчийн шүүх хурал давхцсан. ...нэг удаа шүүх хуралдааныг хойшлуулах” хүсэлт гаргасныг шүүх шийдвэрлэсэн, өөрөөр хэлбэл түүний өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрхийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан байна. Гэвч 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр зарлагдсан шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Сайнбаяр, өмгөөлөгч М.Шинэбаяр нараас “өвчтэй” шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг дахин гаргасан байх бөгөөд давж заалдах шатны шүүхээс хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэж, хэргийг хянан шийдвэрлэснийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

28. Харин, анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 7715 дугаар захирамжаар Д.Б-ын нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэрэгт Г.С-ын нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг нэгтгэсэн байх ба энэ тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчээр Д.Б, гуравдагч этгээдээр Г.С-ыг оролцуулах байтал анхан шатны шүүх Д.Б, Г.С нарыг хоёуланг нэхэмжлэгч, гуравдагч этгээдээр оролцуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, гэвч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй боловч анхан шатны шүүх энэ алдааг дахин гаргахгүй байхад анхаарах нь зүйтэй болно.  

29. Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0688 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2019/0072 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Б-аас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.   

         

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Л.АТАРЦЭЦЭГ

                ШҮҮГЧ                                                                Б.МӨНХТУЯА