Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2019/ДШМ/04

 

   Э.Б, Н.М нарт холбогдох 

эрүүгийн хэргийн тухай

 

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Однямаа даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд прокурор Б.М, шүүгдэгч Н.М, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б, хохирогч Л.Т, нарийн бичгийн дарга П.Р нарыг оролцуулан

 Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Ариунжаргал даргалж шийдвэрлэсэн, 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2019/ШЦТ/24 дүгээр шийтгэх тогтоолтой, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Э.Б, Н.М нарт холбогдох 201708000018 дугаартай эрүүгийн хэргийг эс зөвшөөрч гаргасан прокурор С.Б эсэргүүцлийг үндэслэн Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч Э.Б, Н.М бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 27-ны орой 20 цагийн үед Г аймгийн Б сумын 2 дугаар баг, Т тал гэх газраас хохирогч Л.Т 26 тооны адуу буюу олон тооны малыг улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоцикль ашиглан хулгайлж 11,260,000  төгрөгний буюу үлэмж их хэмжээний хохирол учруулсан,

Яллагдагч Н.М нь Э.Б бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 27-ны орой 20 цагийн үед Г аймгийн Б сумын 2 дугаар баг, Т тал гэх газраас хохирогч Л.Т 26 тооны адуу буюу олон тооны малыг улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоцикль ашиглан  хулгайлж 11,260,000 төгрөгний буюу үлэмж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Анхан шатны шүүх: Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 34.1, 36.2-т заасныг журамлан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэсгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Шүүгдэгч Н овгийн Э Б, Б овгийн Н М нарыг бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж бүлэглэн хулгайлж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасныг баримтлан шүүгдэгч Э.Б эд хөрөнгийг хураахгүйгээр 5 /тав/ жийлийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Н.М оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т  зааснаар шүүгдэгч Э.Б цагдан хоригдсон 82 /наян хоёр/ хоногийг, шүүгдэгч Н.М цагдан хоригдсон 108 /зуун найм/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б 700.000 /долоон зуун мянган/ төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч У хот С дүүрэг 21-р хороо Хөөлөгтийн 4-6 тоотод оршин суух С овогт Н М олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч Н.М хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй БНХАУ-д үйлдвэрлэсэн “Мустанг-5” маркийн мотоциклийн үнэ болох 150.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргаж улсын орлогод оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Э.Б оногдуулсан 5 /тав/ жилийн ялыг, шүүгдэгч Н.М оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 3 /гурав/ жилээр тогтоож, түүний засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл давж заалдах гомдол гаргах эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч, Н.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор С.Б давж заалдах гомдол болон прокурор Б.М нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2019/ШЦТ/24 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Э.Б, Н.М нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцсэн. Шүүхээс шийтгэх тогтоол нь хууль буруу хэрэглэсэн гэдэг үндэслэлээр дээд шатны прокурорын эсэргүүцэл бичигдсэн. Э.Б, Н.М нарын үйлдсэн хэрэг нь 2016 оны 08 дугаар сард буюу 2002 оны Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль үйлчилж байсан хугацаанд үйлдэгдсэн хэдий ч анхан шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримталж шийдвэрлэх ёстой байсан. Өөрөөр хэлбэл 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн холбогдох зүйл заалтыг баримтлан 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт үндэслэх байсан. Гэтэл энэ шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэг, 283, 284, 286, 290.3, 295, 290.8, 299 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон хуулийг буруу хэрэглэсэн. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд хууль буцааж хэрэглэх асуудал дээр хүчингүй болсон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг баримталсан нь хуулийн шаардлага хангаагүй гэж үзсэн. Шийтгэх тогтоолын нэгдүгээр хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 34.1, 36.2 дахь хэсгийг журамлан яллах дүгнэлт үйлдсэнийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хэрэгсэхгүй болгосон. Энэ зүйлчлэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд байхгүй, хүчингүй болсон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан зүйл заалт учир хуулийг буруу хэрэглэсэн гэж үзсэн. Шийтгэх тогтоолын 4 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлд цагдан хоригдсон хоногийг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр заасан. Гэтэл шинэ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд эдлэх дэглэмийг нээлттэй, хаалттай гэсэн зүйл ангиар шийдвэрлэх боломжтой байсан учир энэ зүйл хэсгийг бас буруу хэрэглэсэн. Шийтгэх тогтоолын 7 дугаар хэсэгт 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасныг баримталсан. 2002 оны Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлд заасан нь шинэ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг улсын орлого болгох үндэслэлтэй. Энэ хэсэгт бас хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа. Шүүгдэгч нар нь хохирол төлбөрийг төлсөн хэдий ч гэмт хэрэг үйлдсэнээс хойш мөрдөн байцаалт, прокурорын шатанд хохирол төлөх талаар санаачилга гаргаагүй мөртлөө шүүхийн шатанд төлж байгаа нь үйлдсэн гэмт хэрэгтээ хэрхэн дүгнэлт хийсэн бэ гэдэг дээр хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай байна. Хохирлыг үлэмж хэмжээний гэж удаа дараа хэлсэн хэдий ч шүүх хуралдааны тэмдэглэлд байхгүй байгааг дурдах нь зүйтэй. Иймд шүүгдэгч Н.М, Э.Б нарт холбогдох Говьсүмбэр аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2019/ШЦТ/24 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх нь үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:      

 

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхээс гомдол эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

       Шүүгдэгч Э.Б, Н.М нар нь бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн орой Г аймгийн Б сумын нутаг Т тал гэх газраас иргэн Л.Т 26 тооны адуу буюу бусдын олон тооны малыг машин механизм болох улсын дугааргүй “ Мустанг-5 “ мотоцикль ашиглан хулгайлж бусдад үлэмж хэмжээний буюу 11260000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

    

        Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ тухайн хэргийг 2002 оны эрүүгийн хуулийн  тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг үндэслэн тухайн үед үйлчилж байсан эрүүгийн байцаан шийтгэх хуулийг удирдлага болгон шийдвэрлэсэн нь буруу болжээ. Энэ нь тухайн хуулийг буцаан хэрэглэсэн гэж ойлгогдохоор байгаа ба эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх ойлголт байхаас эрүүгийн байцаан шийтгэх хуулийг буцаан хэрэглэх ойлголт байхгүй болно.

 

        Мөн анхан шатны шүүхээс эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхдээ эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “... гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэсний дагуу аль шаардлагатай гэснийг буцаан хэрэглэх болохоос шаардлагагүй болон  хэрэглэх боломжгүйг хэрэглэсэн нь буруу байна. Жишээ нь хорих ял эдлүүлэх дэглэмийг тогтоохдоо 2002 оны эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийг баримталсан нь буруу, энэ зүйлд заасан жирийн дэглэм гэж одоо байхгүй, хэрэглэх шаардлага, боломж байхгүй байгаа нь илт тодорхой байжээ

        

        Мөн прокурорын эсэргүүцэлд “оногдуулсан ялыг үндэслэлгүйгээр тэнсэж, хянан харгалзсан нь ял хөнгөдсөн байна гэж үзэх үндэслэл болж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нарт оногдуулсан ял нь үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хор хохиролд тохирсон байх ёстой “ гэснийг давж заалдах шатны шүүхээс үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

         Иймд прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч  анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2019/ШЦТ/24 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож , хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлсүгэй

            Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүлнөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан,эсхүлхүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                О.ОДНЯМАА

    ШҮҮГЧИД                                                Х.БАЙГАЛМАА

                                                                     Г.ТЭГШСУУРЬ