Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2020/02354

 

2020 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2020/02354

 

 

Г.У-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШШ2020/02889 дугаартай шийдвэртэй нэхэмжлэгч Г.У-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.П-, Ч.А- нарт холбогдох

Хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах болон хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.А-гийн орон сууцыг нэхэмжлэгч Г.У-гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Батсүхийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагч Ч.П-, өмгөөлөгч Б.Ол, Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат, 21 дүгээр байрны 22 тоотод байрлах, 2 өрөө орон сууцаа 2012 оны 10 сард 77 000 000 төгрөгөөр худалдан авч, засвар тохижилт хийж 90 000 000 төгрөг болсон. Тухайн орон сууц нь хотын төвийн А бүсэд байршилтай, ирээдүйн үр өгөөжийн хувьд зах зээлийн ханшаар 100 гаруй сая төгрөгийн үнэтэй. Анх байраа барьцаалж зээл авах болсон шалтгаан нь найз Б.Энхжаргал надаас туслалцаа хүсч, байраа барьцаалж, мөнгө зээлдүүлээч гэсэн бөгөөд би миний байр барьцаанд байгаа гэхэд Б.Энхжаргал тэрийг чинь би барьцаанаас чөлөөлөөд өгье гэж хэлсэн. Миний зээлийн үлдэгдэл мөнгө 9 000 000 төгрөг байсан. Ингээд түүнтэй хамтран ажиллахаар болоод хүсэлтээр нь 2018 оны 2 дугаар сард орон сууцаа н.Энхмэнд, Ө.Жигжидмаа нараас авсан 22 000 000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан. Энэ зээлээ төлж чадалгүй байсаар 2018 оны 4 дүгээр сард зээл төлөх хугацаа болж, мөн Капитрон банк ХХК-аас 27 000 000 төгрөгийн зээл авч, барьцаанд тавьсан. Мөнгө зээлдүүлэхэд заавал барьцаа хэрэгтэй гэсэн учир байраа барьцаалсан бөгөөд Капитран банк ХХК-аас авсан зээлийн гэрээний хугацаа дуусч, зээл төлөх өдөр болоход Б.Энхжаргалын дүү Б.Дамдинсүрэн нь өөрийн найз Ч.П- гэдэг хүнтэй утсаар ярьж, түүнээс 40 000 000 төгрөг зээлэхээр болсон. Ингэхдээ урьд Б.Дамдинсүрэнгийн төлөх байсан өр 20 000 000 төгрөгийг нэмж, нийт 60 000 000 төгрөгийн барьцаанд миний байрыг барьцаалах, уг мөнгийг Б.Дамдинсүрэнгийн ажлын санхүүжилт орж ирэхээр 65 000 000 төгрөг болгон буцаан төлж, миний байрыг барьцаанаас чөлөөлөхөөр тохирч, 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өглөө Урт цагааны үзүүрт байдаг ХААН банкны байранд байрлах нотариатын үүдэнд Б.Энхжаргал, Б.Дамдинсүрэн бид гурав уулзсан. Тухайн үед Б.Энхжаргал нь мөнгө ороод ирвэл байрыг чинь чиний нэр дээр буцаан шилжүүлж өгнө гэсэн учир зөвшөөрөөд Ч.П-тай орон сууцаа худалдах-худалдан авах гэрээ хийсэн. Ингээд Чингэлтэй дүүргийн нотариатч дээр очоод Б.Энхжаргал нотариатчаас зээлийн гэрээ хийгээд орон сууцны нэрийг шилжүүлж болох уу гэж асуухад нотариатч ...заавал худалдах-худалдан авах гэрээгээр үл хөдлөх хөрөнгийн нэр солино... гэсэн тул 60 000 000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ хийсэн. Ч.П- нь 60 000 000 төгрөгөөс 20 000 000 төгрөгийг Б.Дамдинсүрэнгийн зээлсэн мөнгө гээд өгөөгүй, 12 800 000 төгрөгийг би дансаар авсан, 26 000 000 төгрөгөөр Капитрон банкны зээлийг чөлөөлсөн хүнд өгсөн, 1 200 000 төгрөгийг орон сууц худалдах-худалдан авах гэрээний 2 хувийн татварт төлсөн. Уг 1 200 000 төгрөгийг би зээлж байгаа мөнгөнөөс өгөхийг зөвшөөрөөгүй байхад Ч.П- төлөөд би гарын үсэг зурсан. Нотариатч гэрээ батлах үед мөнгийг бэлнээр авсан уу гэхээр нь би тийм гэж хэлээд 60 000 000 төгрөгийг бэлнээр авсан гээд гарын үсэг зурсан нь үнэн. Ч.П- надад байр барьцаалж байгаа юм чинь Б.Энхжаргалын төрсөн дүү Б.Дамдинсүрэн гэх хүний Ч.П-аас хэдэн жилийн өмнө автомашин авсан 20 000 000 төгрөгийг нэмж оруул гэж хэлсэн. Б.Энхжаргал, Б.Дамдинсүрэн нар нь байраа барьцаалаад мөнгө зээлээд өг, мөнгө орж ирэхээр байрыг тань суллаад өгнө гэж хэлсэн учир би зөвшөөрсөн. Ч.П- ч гэсэн чи Б.Энхжаргал найздаа тусалж байгаа бол би Б.Дамдинсүрэн найздаа тусалмаар байна, би Б.Дамдинсүрэнд нөхрөөсөө нууцаар тусалж байгаа юм гэж ярьсан. Ч.П- мөн тухайн үед Таван шард амьдардаг, хүүхдийг нь хүмүүс хардаг учир хотын төвд хуучин байр авах шаардлага байхгүй гэж ярьж байсан. Бодит байдал дээр би Ч.П-д байраа худалдаагүй, 40 000 000 төгрөгийг зээлж, барьцаанд нь байраа барьцаалахаар тохиролцсоны дагуу гурвалсан зээлийн гэрээ байгуулж, 20 000 000 төгрөгийн зээлийн гэрээнд Б.Энхжаргал гарын үсэг зурна гэсэн боловч тухайн үед Б.Энхжаргал нь яаралтай мөнгө хэрэгтэй гээд, Ч.П- байрны нэрийг шилжүүлж байж мөнгө зээлүүлнэ, 7 буудал руу ажилчид юм хийж байгаа учир очих хэрэгтэй байна, би бас өдөржин цай ундгүй явсан учир ядраад байна, бүгдээрээ, найзууд юм чинь гэрээ хийж яах юм бэ, хэн, хэндээ тус болж байгаа юм чинь, мөнгөө өгөөд л байраа ав гэж хэлсэн учир гурвалсан гэрээ хийгээгүй. Ч.П- нь намайг ятган төөрөгдүүлж, худалдах-худалдан авах гэрээ хийж, миний өмчлөлийн орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан байна. Би барьцааны гэрээ байгуулах хүсэл зорилготой байсан боловч Ч.П-ын ятгалгаар ноцтой төөрөгдсөний улмаас худалдах-худалдан авах гэрээ байгуулсан тул уг гэрээг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-т зааснаар хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэл гаргаж байна.

 

Мөн би Б.Энхжаргал, Ч.П- нартай орон сууцыг цааш нь дамжуулж зарахгүй, буцааж авна гэж тохирсон боловч Ч.П- нь намайг хууран мэхлэх замаар орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж аваад байрыг минь гэрээ байгуулснаас хойш 3 сарын дараа буюу 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өөрийн төрсөн ах Ч.А-гийн нэр дээр зах зээлийн үнээс хэт доогуур буюу 30 000 000 төгрөгөөр зарсан учир уг худалдах-худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн гэж үзэж байгаа. Иймд Ч.А-, Ч.П- нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан орон сууц худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг арилгуулахаар Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат, 21 дүгээр байрны 22 тоотод байрлах, 2 өрөө орон сууцыг Г.У- миний нэр дээр буцаан шилжүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ч.П-, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Энхжаргал, Б.Дамдинсүрэн нар нь нэг хүн байраа зарах гэж байна, би чамаас 20 000 000 төгрөг авсан юм чинь 50 000 000 төгрөгөөр байрыг ав гэж хэлэхэд нь би боломжгүй, ийм үнэтэй байр худалдаж авахгүй гэж хэлсэн. Нэлээн хэсэг хугацааны дараа дахин, дахин ярьж 60 000 000 төгрөгөөр заръя гэсэн. Энэ байрыг худалдаж авах болсон хамгийн гол нөхцөл нь 20 000 000 төгрөгтэй холбоотой. Г.У- нь Б.Дамдинсүрэн, Б.Энхжаргал нартай хамтарч бизнес хийж байгаа гэж хэлж байсан. Эхлээд энэ 20 000 000 төгрөгийг оролцуулаад дээрээс нь 50 000 000 төгрөг өгөх үү, 40 000 000 төгрөг өгөх үү гэдэг дээр хоорондоо үнэ хаялцаж байсан. Тухайн үед би Г.У-гаас тусгайлан асууж байсан. Чи зарахыг зөвшөөрч байна уу гэхэд би зөвшөөрч байна, ордерийг чинь чиний нэр дээр шилжүүлээд өгч байна, өөр яах гээд байгаа юм бэ гээд загнаж байсан. Би 1 м.кв-ыг 2 500 000 төгрөгөөр үржихэд 24 м.кв нь 60 000 000 төгрөг болж байна. Тэгэхээр чи 20 000 000 төгрөгийг урьдчилгаанд авсан юм чинь одоо 40 000 000 төгрөг өгөөд энэ байрыг авбал болох юм биш үү, чи зөвшөөрч байвал над руу яриараа гэхэд эд нар өөрсдөө зөвшөөрөөд над руу ярьсан. Д.Болдбаатар гэдэг хүнийг хүртэл над руу яриулаад гуйлгуулж байсан түүхийг тэр хүн өөрөө ярилаа. Д.Болдбаатар гэдэг хүн орж ирээд Г.У-гийн найз Б.Дамдинсүрэн гэдэг хүн чи Ч.П-т энэ талаар хэлээд өг гэж хэлсэн байна. Би Д.Болдбаатараас мөнгө нэхдэг, Д.Болдбаатар Б.Дамдинсүрэнгээс мөнгөө нэхдэг, сүүлдээ өгөхгүй болохоор Б.Дамдинсүрэнг надтай уулзуулсан бөгөөд Б.Дамдинсүрэн өөрөө би 20 000 000 төгрөгийг чинь авсан хүн гэж хэлсэн. Худалдах-худалдан авах гэрээг хууль ёсны дагуу хийгээд мөнгөө бүрэн төлөөд би байрыг худалдан авсан. Гэрээ хийгдсэний дараа үл хөдлөх эд хөрөнгийн газар хүсэлт гаргасны үндсэн дээр өмчлөх эрх шилждэг. Гэтэл Г.У- өөрөө хүсэлтээ гаргаад, гарын үсгээ зураад түүнийг нь үндэслээд орон сууц миний нэр дээр шилжсэн.

Мөн худалдах-худалдан авах гэрээний нэмэлт нөхцөл 7 дугаар зүйлд гэрээний дагуух төлбөрийг бүрэн төлсөн гээд Г.У- бас гарын үсэг зурсан. Ингээд 2018 оны 12 дугаар сарын 15-ны дотор худалдан авагчид энэ байрыг хүлээлгэн өгнө гээд мөн гарын үсэг зурсан. Хууль ёсны дагуу гэрээ байгуулсны дараа бүхэл бүтэн 3 сарын турш байрыг одоохон суллаж өгнө гэчихээд өөр хүнд шилжүүлсний дараа байрыг суллаж өгөхгүй гэсэн тайлбар хэлсэн. Байрыг Капитрон банк ХХК-ийн 26 000 000 төгрөгийн барьцаанд тавьсан байсныг барьцаанаас чөлөөлж өгдөг хүнийг дуудаж чөлөөлүүлээд нотариат дээр гэрээгээ хийж дуусаад Драгон дээр очоод нэр шилжүүлэх болоход Г.У- би нэр шилжүүлэх хүсэлтээ бичиж байя, чи миний өмнөөс татвар дээр очоод 1 200 000 төгрөг төлж бай гэж хэлсэн болохоор би татвар дээр очоод 1 200 000 төгрөгийг нь төлсөн. Ингээд үлдсэн 12 800 000 төгрөгийг Г.У-гийн Хаан банкны дансанд нь тэр өдөр нь хийгээд энэ байрыг худалдан авсан. Дараа нь ах Ч.А-гийн надад өгсөн бэлэн мөнгөний хэмжээгээр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Мөн дээр нь нэмж Ланд 100 маркийн автомашин надад өгсөн. Энэ нь нийт 60 000 000 төгрөг болсон. Иймд Г.У-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Ч.А-  шүүхэд гаргасан тайлбартаа: Надад байр худалдан авах зорилго бол байсан. Ч.П- энд нэг байр байна авах уу гэхэд нь би авъя гээд Ч.П-аас 2018 оны 12 дугаар сарын 18-ныөдөр энэ байрыг худалдан авсан. Намайг худалдаж авахад бичиг баримтын ямар нэгэн зөрчил байгаагүй. Би энэ байрыг худалдаж авахын тулд боломжоороо мөнгө өгч, мөн Ланд 100 маркийн автомашиныг Ч.П-ын нэр дээр шилжүүлсэн. Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Нөгөө айл нь таныг худалдан авсны дараа байраа чөлөөлж өгнө гэсэн, найдвартай гэж хэлсэн. Гэтэл яваад очсон чинь Г.У- байрыг чөлөөлж өгөхгүй шүүхдээд ав гэж хэлсэн. Албан ёсны эзэмшигч нь би байхад энэ хүмүүс байрыг чөлөөлж өгөхгүй байна. Би энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Ч.А- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Манай хүү 2017 онд 12 дугаар ангиа төгсөөд би Улаанбаатар хотод орж ирэх санаа зорилго байсан тул 4 сард ямаа самнасан мөнгөө явуулсан. Би энэ байрыг Г.У-, Ч.П- нарын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулснаас хойш 3 сарын дараа Ч.П-тай худалдах-худалдан авах гэрээ байгуулж авсан. Хэрэв ийм маргаан байсан бол тухайн үедээ тэр дор нь ийм маргаан үүсгэхгүй яасан юм. Г.У- гэдэг хүн надтай ямар нэгэн байдлаар уулзаагүй. Бүтэн 3 сарын дараа энэ байрыг хүлээж аваад байраа сулла гэхээр чөлөөлж өгөхгүй гэж байгаа нь сонин байна. Иймд албан ёсоор худалдан авсан тул миний эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат, 21-22 тоотод байгаа байранд хууль бусаар амьдарч байгаа Г.У- гэх хүнээс байрыг албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Г.У- сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Бид зээлийн гэрээг халхавчилан дүр үзүүлсэн худалдах-худалдан авах гэрээ хийсэн. Ч.П-аас 12 800 000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан ба Б.Батхүүгээс 26 000 000 төгрөг орж ирсэн. Гэрээнд бичсэн 60 000 000 төгрөгөөс 21 200 000 төгрөгийг надад өгөөгүй. Миний найз Б.Энхжаргалын дүү Б.Дамдинсүрэн нь Ч.П-аас 9 000 000 төгрөгөөр машин авахад аман хэлцлээр өсгөсөөр 20 000 000 төгрөг авах болсныг надад өгөх мөнгөнөөс хасч тооцсон нь үндэслэлгүй ба 20 000 000 төгрөг надад ямар ч хамаагүй. Мөн бэлнээр 40 000 000 төгрөг өгсөн гэж нотариатчид хэлсэн ч худлаа. Худалдах-худалдан авах гэрээ хийж гарын үсэг зурсны дараа өдөртөө багтаан нэр шилжүүлнэ гээд Сонгинохайрхан дүүргийн үл хөдлөх ачаалал багатай гээд явсан. Би байраа зараагүй тул үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт төлсөн 2 хувийн татварыг Ч.П- гарын үсэг зурж төлсөн. Харин Ч.П- өөрийн тэмдэглэлийн дэвтэр дээр урьдчилж зээлсэн 20 000 000 төгрөг, 26 000 000 төгрөг, 1 200 000 төгрөг, үлдэгдэл 12 800 000 төгрөг, байлцсан Б.Энхжаргал, Ч.П-, Г.У- гэж гарын үсэг зуруулж аваад мартаад байдаг юм, тэмдэглэж авахгүй бол гэснийг нь би утсан дээрээ зургийг нь авсан. Гарын үсэг зуруулсны дараа банк хаах үед 17:07 минутад миний дансанд 12 800 000 төгрөг шилжүүлсэн ба утга нь байр худалдаж авсан гэж орж ирсэн. Ч.П- зээл чөлөөлүүлсэн 26 000 000 төгрөгийг шууд Б.Батхүүд бэлнээр өгсөн байсан. Б.Батхүү баяртай гэж хэлэх гээд гадаа хүлээж тааралдахад нь би миний дансанд Б.Батхүүгээс зээл гэж орж ирсэн. Би Ч.П-аас зээл авч байгаа тул Б.Батхүүд зээл хаав гэж гаргана гээд хар ууттай мөнгийг нь авч Б.Батхүүгийн дансанд шижлүүлсэн банкны баримт байгаа. Ингээд Ч.П-, Б.Энхжаргал бид үлдэж нотариат орж зээлийн гэрээ хийе гэхэд Ч.П- ...7 буудалд ажиллаж байгаа хүмүүс нь тарахаас өмнө очиж уулзах яаралтай ажил байна. Толгой ч өвдөж байна, цайнд ороогүй, бүгдээрээ найзууд яриад тохирчихсон, мэдэж байгаа юм чинь хоорондоо туслалгүй яахав гээд гар барин түрүүлж ажлын амжилт хүсээд явсан. Ч.П- 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр манай гэрт ирж намайг болон гэр бүлийнхнийг минь сэтгэл санааны хүнд дарамтанд оруулж байрыг чинь худалдаж авсан гэж тулган нэр сольсон гэрчилгээ болон 10 дугаар сарын 15-ны өдөр буюу 1 өдрийн дотор байраа чөлөөлөх мэдэгдэл өгч сүрдүүлсэн. Энэ нь Ч.П- миний зээлийн барьцаанд тавьсан байрыг минь ашиг олох зорилгоор өөрийн төрсөн ах Ч.А-гийн нэр дээр хуурамчаар шилжүүлж орон сууцыг минь хямдхан авах оролдлого хийсэн гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.10 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Г.У-гийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат гудамжны 21 дүгээр байрны 22 тоот хаягт байрлах, 24 м.кв, 2 өрөө орон сууцыг буцаан шилжүүлэхийг хариуцагч Ч.П-, Ч.А- нарт даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.А-гийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат гудамжны 21 дүгээр байрны 22 тоот байрлах орон сууцнаас нэхэмжлэгч Г.У-г албадан гаргуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 957 950 төгрөг, хариуцагчаас төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.У-гаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан хариуцагч Ч.П-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Батсүх давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Г.У- нь Ч.П-аас 40 000 000 төгрөг зээлж, тохиролцсоны дагуу гурвалсан зээлийн гэрээ байгуулж, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд өөрийн орон сууцыг барьцаалах зорилготой байсан боловч Ч.П- нь Г.У-г ятган төөрөгдүүлж, худалдах, худалдан авах гэрээ хийж нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан болох хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Энхжаргал, Б.Дамдинсүрэн нарыг гэрчээр асууж, тэднээс авсан мэдүүлгээр Б.Энхжаргалын дүү Б.Дамдинсүрэн, өөрийн найз гэх буюу хариуцагч Ч.П-тай утсаар ярьж, түүнээс 40 000 000 төгрөг зээлж авахаар болсон, ингэхдээ урьд зээлд тооцсон 20 000 000 төгрөгийг нэмж оролцуулан нийт 60 000 000 төгрөгийн барьцаанд Г.У-гийн байрыг тавихаар болсон, уг 60 000 000 төгрөгийг Б.Дамдинсүрэнгийн ажлын санхүүжилт орж ирэхээр 65 000 000 төгрөг болгон буцаан төлж, Г.У-гийн байрыг барьцаанаас чөлөөлөхөөр тохиролцсон. Г.У- нь Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат, 21-22 тоот, 2 өрөө орон сууцыг Ч.П- гэгчид бодитоор худалдаагүй, түүнээс авсан зээлийн барьцаанд тавихаар анх харилцан тохиролцсон зэрэг үйл баримт нотлогдож байхад шүүх "...гэрчээр асуугдсан Б.Энхжаргал, Б.Дамдинсүрэн нар нь нэхэмжлэгч Г.У-тай ашиг сонирхол нэгтэй... хэмээн гэрч Б.Энхжаргал, Б.Дамдинсүрэн нарын мэдүүлгийг үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэх үндэслэлгүй гэж үзсэн нь хуульд нийцэхгүй байна. Гэтэл Ч.П-, Ч.А- нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байгуүлагдсан худалдах, худандан авах гэрээгээр Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо. 2 дугаар 40 мянгат, 21-22 тоот, 2 өрөө орон сууцыг 30 000 000 төгрөгөөр үнэлж худалдсан гэж байгаа нь бодит зах зээлийн ханшид нийцэхгүй байгаа төдийгүй, Ч.П-аас Ч.А- нь худалдсан орон сууцны үнэ гэх 30 000 000 төгрөг төлсөн баримт хэрэгт авагдаагүй. Өөрөөр хэлбэл, 60 000 000 төгрөгөөр худалдан авсан гэх орон сууцыг зах зээлийн үнээс хэт бага үнээр буюу 30 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг ах дүү, хоёр дүр үзүүлэн хийсэн гэж үзэх үндэслэлтэй. Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Г.У-гийн нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Нэхэмжпэгч Г.У- нь хариуцагч Ч.А-, Ч.П- нарт холбогдуулан Ч.П-тай 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан орон сууц худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-т зааснаар хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, хариуцагч Ч.П-, Ч.А- нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжпэл гаргасныг хариуцагч нар нь эс зөвшөөрч, хариуцагч Ч.А- нь нэхэмжпэгчийн хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

Зохигчдын хооронд байгуулсан 2018 онь 9 дүгээр сарын 14-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч Г.У- нь улсын бүртгэлийн Ү- 2202002872 дугаартай, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат гудамжны 21 дүгээр байрны 22 тоот хаягт байрлах, 24 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцыг хариуцагч Ч.П-д 60 000 000 төгрөгөөр худалдах ба төлбөрийг 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр төлж, орон сууцыг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр худалдан авагчид хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон гэрээг нотариатчаар гэрчлүүлэн, мөн өдөр улсын бүртгэлд орон сууцны өмчлөгчөөр хариуцагч Ч.П- бүртгэгдсэн, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ. /хх-ийн 4, 5, 6/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан орон сууц худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Талууд орон сууц худалдах, худалдан авах гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, хүсэл зоригоо илэрхийлсэн гэрээ бичгээр үйлдэгдэж, гарын үсэг зурсан, нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлж, энэ төрлийн гэрээг байгуулах хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 109 дүгээр зүйлийн 109.2, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт тус тус нийцсэн байна.

 

Дээрх гэрээнд заасны дагуу хариуцагч Ч.П-ын төлөх 60 000 000 төгрөгийн үүрэгт гэрч Б.Дамдинсүрэнгийн Ч.П-т төлөх 20 000 000 төгрөгийг, гэрчээр асуугдсан Б.Батхүүд төлсөн 26 000 000 төгрөгийг /Капитрон банкинд төлсөн гэх/, татварт төлсөн 1 200 000 төгрөгийг тус тус тооцож, үлдэх 12 800 000 төгрөгийг нэхэмжлэгч Г.У-д дансаар шилжүүлсэн зэрэг үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн орон сууцыг хариуцагч Ч.П-тай байгуулсан 60 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт барьцаалахыг хүссэн хэлцлээс өөр хэлцлийг буюу орон сууц худалдах, худалдан авах энэхүү гэрээг байгуулж ноцтой төөрөгдсөн гэх үндэслэл тогтоогдоогүй.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр мэдүүлэг өгсөн Б.Энхжаргал нь нэхэмжлэгч Г.У-тай барилгын ажилд хөрөнгө оруулалт хийж хамтран ажилладаг талаарх баримт хэрэгт авагдсан байх бөгөөд тэрээр ...Г.У-гийн Капитрон банкинд барьцаалсан байрыг чөлөөлөөд Ч.П- 40 000 000 төгрөгийн зээлийн барьцаанд авсан, орон сууцыг барьцаалж зээл авсан... талаар мэдүүлсэн байх боловч түүний мэдүүлэг өөр нотлох баримтаар нотлогдоогүй, түүний мэдүүлгээр орон сууц худалдах, худалдан авах гэрээний агуулгыг үгүйсгэх боломжгүй юм. Харин түүний мэдүүлэг болон хэргийн 157 дугаар хуудасны ар талд авагдсан түүний гарын үсэг бүхий бичгийн баримтаар орон сууцны үнэ тодорхойлогдсон гэж үзэхээр байна. /хх-ийн 7, 97-98, 157/

Гэрч Б.Дамдинсүрэн ...Ч.П-т 20 000 000 төгрөгийн өглөгтэй, ...Ч.П-, Б.Энхжаргал, Г.У- нарын хооронд хэдэн төгрөгийн зээлийн гэрээ хийгдсэн, байраа барьцаалсан, эсхүл худалдсан эсэх асуудлыг мэдэхгүй ...Г.У-гийн байрыг Б.Энхжаргал эгч бид 2 мөнгийг нь Ч.П-т төлөөд авч өгнө... гэсэн мэдүүлгээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нотлогдоогүй байхаас гадна орон сууцыг буцаан худалдан авах болзлын талаар гэрээнд заагдаагүй байна. /хх-ийн 101/

Нэхэмжлэгч Г.У-гийн ...Ч.П-тай уулзаж, зээлийн гэрээ байгуулж, орон сууцаа барьцаалах гэхэд тэрээр прокурор эгч орон сууцыг заавал нэр дээрээ шилжүүл гэсэн гэж зүтгэсээр байгаад орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан орон сууцны өмчлөх эрхийг Ч.П-ын нэр дээр шилжүүлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байгаа боловч түүний тайлбар нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдоогүй, нотариатч Б.Гийгиймаагийн мэдүүлгээр үгүйсгэгдсэн. Мөн нэхэмжлэгч Г.У-, хариуцагч Ч.П- нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу орон сууцны үнэ болох 60 000 000 төгрөгийг хариуцагч нь бүрэн төлсөн эсэх нь энэ хэргийн маргааны зүйл биш бөгөөд шүүх нэхэмжлэгч нь уг гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргахад энэ шийдвэр саад болохгүй гэж дүгнэсэн нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд байна.

Дээр дурдсанаас үзвэл нэхэмжлэгч нь хариуцагчтай орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс өөр гэрээ байгуулаагүй, энэ тохиолдолд тул Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-д зааснаар нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Хариуцагч Ч.П-, Ч.А- нарын хооронд 2018 онь 12 дугаар сарын 18-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч Ч.П- нь маргаан бүхий 2 өрөө бүхий орон сууцыг худалдан авагч Ч.А-д 30 000 000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон.

Талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болох дээрх хэлцлийн үр дүнд хариуцагч Ч.П-ын орон сууц өмчлөх эрх, үүрэг дуусгавар болж, орон сууц нь Ч.А-гийн нэр дээр шилжин бүртгэгдсэн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын ирүүлсэн лавлагааны баримтаар тогтоогджээ. /хх-ийн 171-175/

Дээрх хэлцлийг талууд сайн дурын үндсэн дээр чөлөөтэй байгуулж, гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлсон тул Ч.П- нь өөрийн төрсөн ах Ч.А-гийн нэр дээр зах зээлийн үнээс хэт доогуур буюу 30 000 000 төгрөгөөр зарсан гэсэн нэхэмжлэгчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй.

 

Г.У-, Ч.П- нарын хооронд хийгдсэн болон Ч.П-, Ч.А- нарын хооронд хийгдсэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүд нь тус тусдаа бие даасан гэрээ байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.10-т тус тус заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан, дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсонгүй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Иймд хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаварт Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат гудамжны 21 дүгээр байрны 22 тоот хаягт байрлах, 24 м.кв, 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх тухай нэхэмжпэгч Г.У-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч Г.У- болон энэ хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Б.Энхжаргал, Б.Дамдинсүрэн нарын хоорондын хамтран ажиллах гэрээний болон зээл, төлбөр тооцооны асуудал нь энэ хэргийн хариуцагч Ч.Пагамжавтай байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй болохыг дээрх байдлаар залруулан дүгнэж, харин нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШШ2020/02889 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 039 344 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

Н.БАТЗОРИГ