Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 184/ШШ2020/02889

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2020                    9                   23                                                                      184/ШШ2020/02889                                                                   

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 0 тоотод оршин суух, эмэгтэй, Ц овогт Г-ийн У -гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Сүмбэр аймаг, 0 тоотод оршин суух, эрэгтэй, С овогт Ч-ы А ,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 0 тоотод оршин суух, эмэгтэй, Сл овогт Ч-ы П  нарт холбогдох,

Хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулж, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай,

Хариуцагч Ч.А гийн орон сууцыг нэхэмжлэгч Г.Угийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Батсүх /ҮД 2100/, хариуцагч, хариуцагч Ч.А гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.П , хариуцагч нарын өмгөөлөгч Б.Оюунгэрэл /ҮД 0086/, Б.Анхбаяр /ҮД 2288/, гэрч Б.Гийгиймаа /РД ЧЗ73021626/, Д.Болдбаатар /РД РЮ75030710/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүрэнжаргал нар оролцов.

 

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар 40.0-т, 21 дүгээр байрны 22 тоотод байрлах, 2 өрөө орон сууцаа 2012 оны 10 сард 77 000 000 төгрөгөөр худалдан авч, засвар тохижилт хийж 90 000 000 төгрөг шингээсэн. Тухайн орон сууц нь хотын төвийн А бүсэд байршилтай, ирээдүйн үр өгөөжийн хувьд зах зээлийн ханшаар 100 000 000 төгрөгийн гаруй үнэтэй.

Анх байраа барьцаалж зээл авах болсон шалтгаан нь найз Б.Энхжаргал надаас туслалцаа хүсч, байраа барьцаалж, мөнгө зээлдүүлээч гэсэн бөгөөд би  миний байр барьцаанд байгаа гэхэд Б.Энхжаргал тэрийг чинь би барьцаанаас чөлөөлөөд өгье гэж хэлсэн. Миний зээлийн үлдэгдэл мөнгө 9 000 000 төгрөг байсан, тэрийг л надад тухайн санхүүжилт нь орж ирвэл төлж өгнө гэж хэлсэн учир би байраа зээлээс чөлөөлүүлэхийн тулд зөвшөөрсөн.

Ингээд түүнтэй хамтран ажиллахаар болоод хүсэлтээр нь 2018 оны 2 дугаар сард орон сууцаа н.Энхмэнд, Ө.Жигжидмаа нараас авсан 22 000 000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан. Энэ зээлээ төлж чадалгүй байсаар 2018 оны 4 дүгээр сард зээл төлөх хугацаа болж, мөн Капитрон банк ХХК-аас 27 000 000 төгрөгийн зээл авч, барьцаанд тавьсан.

Мөнгө зээлдүүлэхэд заавал барьцаа хэрэгтэй  гэсэн учир байраа барьцаалсан бөгөөд Капитран банк ХХК-аас авсан зээлийн гэрээний хугацаа дуусч, зээл төлөх өдөр болоход Б.Энхжаргалын дүү Б.Дамдинсүрэн нь өөрийн найз Ч.П  гэдэг хүнтэй утсаар ярьж, түүнээс 40 000 000 төгрөг зээлэхээр болсон.

Ингэхдээ урьд Б.Дамдинсүрэнгийн төлөх байсан өр 20 000 000 төгрөгийг нэмж, нийт 60 000 000 төгрөгийн барьцаанд миний байрыг барьцаалах, уг мөнгийг Б.Дамдинсүрэнгийн ажлын санхүүжилт орж ирэхээр 65 000 000 төгрөг болгон буцаан төлж, миний байрыг барьцаанаас чөлөөлөхөөр тохирч, 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өглөө Урт цагааны үзүүрт байдаг ХААН банкны байранд байрлах нотариатын үүдэнд Б.Энхжаргал, Б.Дамдинсүрэн бид гурав уулзаж, Ч.П аас мөнгө зээлэх гэхэд Ч.П  нь “Баянгол дүүрэгт прокурор ажилтай хамаатны эгч нь мөнгө зээлүүлэхдээ орон сууцны нэрийг заавал шилжүүлж авч байж өг” гэж хэлсэн гэсэн учир бид нэлээн ярилцаж байгаад хэн, хэндээ туслах гэж байгаа учир би зөвшөөрсөн.

Тухайн үед Б.Энхжаргал нь мөнгө ороод ирвэл байрыг чинь чиний нэр дээр буцаан шилжүүлж өгнө гэсэн учир зөвшөөрөөд Ч.П тай орон сууцаа худалдах-худалдан авах гэрээ хийсэн. Ингээд Чингэлтэй дүүргийн нотариатч дээр очоод Б.Энхжаргал нотариатчаас “зээлийн гэрээ хийгээд орон сууцны нэрийг шилжүүлж болох уу” гэж асуухад нотариатч “...заавал худалдах-худалдан авах гэрээгээр үл хөдлөх хөрөнгийн нэр солино...” гэсэн тул 60 000 000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ хийсэн.

Ч.П  нь 60 000 000 төгрөгөөс 20 000 000 төгрөгийг Б.Дамдинсүрэнгийн зээлсэн мөнгө гээд өгөөгүй, 12 800 000 төгрөгийг би дансаар авсан, 26,000,000 төгрөгөөр Капитрон банкны зээлийг чөлөөлсөн хүнд өгсөн, 1 200 000 төгрөгийг орон сууц худалдах-худалдан авах гэрээний 2 хувийн татварт төлсөн. Уг 1 200 000 төгрөгийг би зээлж байгаа мөнгөнөөс өгөхийг зөвшөөрөөгүй байхад Ч.П  төлөөд би гарын үсэг зурсан. 

Нотариатч гэрээ батлах үед мөнгийг бэлнээр авсан уу гэхээр нь би “тийм” гэж хэлээд 60 000 000 төгрөгийг бэлнээр авсан гээд гарын үсэг зурсан нь үнэн. Ч.П  надад байр барьцаалж байгаа юм чинь Б.Энхжаргалын төрсөн дүү Б.Дамдинсүрэн гэх хүний Ч.П аас хэдэн жилийн өмнө автомашин авсан 20 000 000 төгрөгийг нэмж оруул гэж хэлсэн. Б.Энхжаргал, Б.Дамдинсүрэн нар нь байраа барьцаалаад мөнгө зээлээд өг, мөнгө орж ирэхээр байрыг тань суллаад өгнө гэж хэлсэн учир би зөвшөөрсөн. Ч.П  ч гэсэн чи Б.Энхжаргал найздаа тусалж байгаа бол би Дамдинсүрэн найздаа тусалмаар байна, би Б.Дамдинсүрэнд нөхрөөсөө нууцаар тусалж байгаа юм гэж ярьсан. Ч.П  мөн тухайн үед Таван шард амьдардаг, хүүхдийг нь хүмүүс хардаг учир хотын төвд хуучин байр авах шаардлага байхгүй гэж ярьж байсан.

Бодит байдал дээр би Ч.П д байраа худалдаагүй, 40 000 000 төгрөгийг  зээлж, барьцаанд нь байраа барьцаалахаар тохиролцсоны дагуу гурвалсан зээлийн гэрээ байгуулж, 20 000 000 төгрөгийн зээлийн гэрээнд Б.Энхжаргал гарын үсэг зурна гэсэн боловч тухайн үед Б.Энхжаргал нь яаралтай мөнгө хэрэгтэй гээд, Ч.П  байрны нэрийг шилжүүлж байж мөнгө зээлүүлнэ, 7 буудал руу ажилчид юм хийж байгаа учир очих хэрэгтэй байна, би бас өдөржингөө цай ундгүй явсан учир ядраад байна, бүгдээрээ, найзууд юм чинь гэрээ хийж яах юм бэ, хэн, хэндээ тус болж байгаа юм чинь, мөнгөө өгөөд л байраа ав гэж хэлсэн учир гурвалсан гэрээ хийгээгүй. Ч.П  нь намайг ятган төөрөгдүүлж, худалдах-худалдан авах гэрээ хийж, миний өмчлөлийн орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан байна.

Би барьцааны гэрээ байгуулах хүсэл зорилготой байсан боловч Ч.П ын ятгалгаар ноцтой төөрөгдсөний улмаас худалдах-худалдан авах гэрээ байгуулсан тул уг гэрээг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-т зааснаар хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэл гаргаж байна.

Мөн би Б.Энхжаргал, Ч.П  нартай орон сууцыг цааш нь дамжуулж зарахгүй, буцааж авна гэж тохирсон боловч Ч.П  нь намайг хууран мэхлэх замаар орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж аваад байрыг минь гэрээ байгуулснаас хойш 3 сарын дараа буюу 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өөрийн төрсөн ах Ч.А гийн нэр дээр зах зээлийн үнээс хэт доогуур буюу 30 000 000 төгрөгөөр зарсан учир уг худалдах-худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн гэж үзэж байгаа.

Иймд Ч.А , Ч.П  нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан орон сууц худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаварыг арилгуулахаар Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 2.40 мянгат, 21 дүгээр байрны 22 тоотод байрлах, 2 өрөө орон сууцыг Г.У миний нэр дээр буцаан шилжүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ч.П  шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Энхжаргал, Б.Дамдинсүрэн нар нь нэг хүн байраа зарах гэж байна, би чамаас 20 000 000 төгрөг авсан юм чинь 50 000 000 төгрөгөөр байрыг ав гэж хэлэхэд нь “би боломжгүй, ийм үнэтэй байр худалдаж авахгүй” гэж хэлсэн. Нэлээн хэсэг хугацааны дараа дахин, дахин ярьж 60 000 000  төгрөгөөр  заръя гэсэн.

Энэ байрыг худалдаж авах болсон хамгийн гол нөхцөл нь 20 000 000 төгрөгтэй холбоотой. Г.У нь Б.Дамдинсүрэн, Б.Энхжаргал нартай хамтарч безнес хийж байгаа, бид нар чинь нэг нэгэндээ өгөө аваатай хүмүүс гэж хэлж байсан. Энэ хүмүүс хоорондоо ямар өгөө, аваатай байсныг би мэдэхгүй. Эхлээд энэ 20 000 000 төгрөгийг оролцуулаад дээрээс нь 50 000 000 төгрөг өгөх үү, 40 000 000 төгрөг өгөх үү гэдэг дээр хоорондоо үнэ хаялцаж байсан. Тухайн үед би Г.Угаас тусгайлан асууж байсан. “Энэ байр чиний нэр дээр байдаг юм байна.  Чи зарахыг зөвшөөрч байна уу” гэхэд “би зөвшөөрч байна, ордерийг чинь чиний нэр дээр шилжүүлээд өгч байна, өөр яах гээд байгаа юм бэ” гээд загнаж байсан. Би 1 м.кв-ыг 2 500 000 төгрөгөөр үржихэд 24 м.кв нь 60 000 000 төгрөг болж байна. Тэгэхээр чи 20 000 000 төгрөгийг урьдчилгаанд авсан юм чинь одоо 40 000 000 төгрөг өгөөд энэ байрыг авбал болох юм биш үү, чи зөвшөөрч байвал над руу яриараа гэхэд эд нар өөрсдөө зөвшөөрөөд над руу ярьсан.

Д.Болдбаатар гэдэг хүнийг хүртэл над руу яриулаад гуйлгуулж байсан түүхийг тэр хүн өөрөө ярилаа. Д.Болдбаатар гэдэг хүн орж ирээд Г.Угийн найз Б.Дамдинсүрэн гэдэг хүн чи Ч.П т энэ талаар хэлээд өг гэж хэлсэн байна. Би Д.Болдбаатараас мөнгө нэхдэг, Д.Болдбаатар Б.Дамдинсүрэнгээс мөнгөө нэхдэг, сүүлдээ өгөхгүй болохоор Б.Дамдинсүрэнг надтай уулзуулсан бөгөөд  Б.Дамдинсүрэн өөрөө би 20 000 000 төгрөгийг чинь авсан хүн гэж хэлсэн.

 Г.У зөвшөөрч байгаа учир гэрээн дээр гарын үсэг зурлаа гэж өөрөө хэлсэн бөгөөд бүтэн 2 жилийн турш жүжиглэж байна. Энэ хүн тэр гэрээнд 4 удаа гарын үсэг зурсан байгаа. Төөрөгдсөн хүн ингэж олон удаа гарын үсэг зурах юм уу. Худалдах-худалдан авах гэрээг хууль ёсны дагуу хийгээд мөнгөө бүрэн төлөөд би байрыг худалдан авсан. Гэрээ хийгдсэний дараа үл хөдлөх эд хөрөнгийн газар хүсэлт гаргасны үндсэн дээр өмчлөх эрх шилждэг. Гэтэл Г.У өөрөө хүсэлтээ гаргаад, гарын үсгээ зураад түүнийг нь үндэслээд орон сууц миний нэр дээр шилжсэн.

Мөн худалдах-худалдан авах гэрээний нэмэлт нөхцөл 7 дугаар зүйлд гэрээний дагуух төлбөрийг бүрэн төлсөн гээд Г.У бас гарын үсэг зурсан. Ингээд 2018 оны 12 дугаар сарын 15-ны дотор худалдан авагчид энэ байрыг хүлээлгэн өгнө гээд мөн гарын үсэг зурсан. Хууль ёсны дагуу гэрээ байгуулсны дараа бүхэл бүтэн 3 сарын турш байрыг одоохон суллаж өгнө гэчихээд өөр хүнд шилжүүлсний дараа байрыг суллаж өгөхгүй гэсэн тайлбар хэлсэн. Байрыг Капитрон банк ХХК-ийн 26 000 000 төгрөгийн барьцаанд тавьсан байсныг барьцаанаас чөлөөлж өгдөг хүнийг дуудаж чөлөөлүүлээд нотариат дээр гэрээгээ хийж дуусаад Драгон дээр очоод нэр шилжүүлэх болоход Г.У “би нэр шилжүүлэх хүсэлтээ бичиж байя, чи миний өмнөөс татвар дээр очоод 1 200 000 төгрөг төлж бай” гэж хэлсэн болохоор би татвар дээр очоод 1 200 000 төгрөгийг нь төлсөн. Ингээд үлдсэн 12 800 000 төгрөгийг Г.Угийн Хаан банкны дансанд нь тэр өдөр нь хийгээд энэ байрыг худалдан авсан.  Дараа нь ах Ч.А гийн надад өгсөн бэлэн мөнгөний хэмжээгээр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Мөн дээр нь нэмж Ланд 100 маркийн автомашин надад өгсөн. Энэ нь нийт 60 000 000 төгрөг болсон. Иймд Г.Угийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч Ч.А  шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надад байр худалдан авах зорилго бол байсан. Ч.П  энд нэг байр байна авах уу гэхэд нь би авъя гээд Ч.П аас 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр энэ байрыг худалдан авсан. Намайг худалдаж авахад бичиг баримтын ямар нэгэн зөрчил байгаагүй. Би энэ байрыг худалдаж авахын тулд боломжоороо мөнгө өгч, мөн Ланд 100 маркийн автомашиныг Ч.П ын нэр дээр шилжүүлсэн. худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Нөгөө айл нь таныг худалдан авсны дараа байраа чөлөөлж өгнө гэсэн, найдвартай гэж хэлсэн. Гэтэл яваад очсон чинь Г.У байрыг чөлөөлж өгөхгүй шүүхдээд ав гэж хэлсэн. Тэрнээс хойш бүтэн 2 жил намайг шүүх, цагдаагаар чирэгдүүлээд байна. Албан ёсны эзэмшигч нь би байхад энэ хүмүүс байрыг чөлөөлж өгөхгүй байна. Би энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Ч.А  шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Манай хүү 2017 онд 12 дугаар ангиа төгсөөд би Улаанбаатар хотод орж ирэх санаа байсан учир ямар нэгэн байдлаар байр худалдаж авна гэсэн зорилго байсан тул бүх мөнгө төгрөгөө нааш нь шилжүүлсэн. Ингээд би 4 сард ямаа самнасан мөнгөө явуулсан байгаа. Би энэ байрыг Г.У, Ч.П  нарын  хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулснаас хойш 3 сарын дараа Ч.П тай худалдах-худалдан авах гэрээ байгуулж авсан. Хэрэв ийм маргаан байсан бол тухайн үедээ тэр дор нь ийм маргаан үүсгэхгүй яасан юм. Г.У гэдэг хүн надтай ямар нэгэн байдлаар уулзаагүй. Бүтэн 3 сарын дараа энэ байрыг хүлээж аваад байраа сулла гэхээр чөлөөлж өгөхгүй гэж байгаа нь сонин байна. Иймд албан ёсоор худалдан авсан учир миний эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 2-40 мянгат, 21-22 тоотод байгаа байранд хууль бусаар амьдарч байгаа Г.У гэх хүнээс байрыг албадан чөлөөлүүлж өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнийгээ дэмжиж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Г.У сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ...Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Бид зээлийн гэрээг халхавчилан дүр үзүүлсэн худалдах-худалдан авах гэрээ хийсэн. Ч.П аас 12 800 000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан ба Б.Батхүүгээс 26 000 000 төгрөг орж ирсэн. Гэрээнд бичсэн 60 000 000 төгрөгөөс 21 200 000 төгрөгийг надад өгөөгүй. Миний найз Б.Энхжаргалын дүү Б.Дамдинсүрэн нь Ч.П аас 9 000 000 төгрөгөөр машин авахад аман хэлцлээр өсгөсөөр 20 000 000 төгрөг авах болсныг надад өгөх мөнгөнөөс хасаж тооцсон нь үндэслэлгүй ба 20 000 000 төгрөг надад ямар ч хамаагүй.

Мөн бэлнээр 40 000 000 төгрөг өгсөн гэж нотариатчид хэлсэн ч худлаа. Худалдах-худалдан вах гэрээ хийж гарын үсэг зурсны дараа өдөртөө багтаан нэр шилжүүлнэ гээд Сонгинохайрхан дүүргийн Үл хөдлөх ачаалал багатай гээд явсан. Би байраа зараагүй тул Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт төлсөн 2 хувийн татварыг Ч.П  гарын үсэг зурж төлсөн.

Харин Ч.П  өөрийн тэмдэглэлийн дэвтэр дээр урьдчилж зээлсэн 20 000 000 төгрөг, 26 000 000 төгрөг, 1 200 000 төгрөг, үлдэгдэл 12 800 000 төгрөг, байлцсан Б.Энхжаргал, Ч.П , Г.У гэж гарын үсэг зуруулж аваад мартаад байдаг юм, тэмдэглэх авахгүй бол гэснийг нь би утсар дээрээ зургийг нь авсан.

Гарын үсэг зуруулсны дараа банк хаах үед 17.07 минутад миний дансанд 12 800 000 төгрөг шилжүүлсэн ба утга нь байр худалдаж авсан гэж орж ирсэн. Ч.П  зээл чөлөөлүүлсэн 26 000 000 төгрөгийг шууд Б.Батхүүд бэлнээр өгсөн байсан. Б.Батхүү баяртай гэж хэлэх гээд гадаа хүлээж тааралдахад нь би миний дансанд Б.Батхүүгээс зээл гэж орж ирсэн. Би Ч.П аас зээл авч байгаа тул Б.Батхүүд зээл хаав гэж гаргана гээд хар ууттай мөнгийг нь авч Б.Батхүүгийн дансанд шижлүүлсэн банкны баримт байгаа.

Ингээд Ч.П , Б.Энхжаргал бид үлдэх нотариат орж зээлийн гэрээ хийе гэхэд Ч.П  ...7 буудалд ажиллаж байгаа хүмүүс нь тарахаас өмнө очиж уулзах яаралтай ажил байна. Толгой ч өвдөж байна, цайнд ороогүй, бүгдээрээ найзууд яриад тохирчихсон, мэдэж байгаа юм чинь хоорондоо туслалгүй яахав гээд гар барин түрүүлж ажлын амжилт хүсээд явсан.

Ч.П  2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр манай гэрт ирж намайг болон гэр бүлийнхнийг минь сэтгэл санааны хүнд дарамтанд оруулж байрыг чинь худалдаж авсан гэж тулган нэр сольсон гэрчилгээ болон 10 дугаар сарын 15 буюу 1 өдрийн дотор байраа чөлөөлөх мэдэгдэл өгч сүрдүүлсэн.

Б.Энхжаргалын дүү Б.Дамдинсүрэн анх тохиролцсон зээлийн гэрээг нь дурьдан айл гэрт очиж үймүүлэхгүй байхыг хүсэхэд дахиад очихгүй, гэрээ хэвээр ажил чинь л бүтэхийг хүлээж байна гэж инээд алдан ярьдаг гэх боловч над руу залган дарамталж байсан.

Ингээд 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр тусгайлан бэлдсэн багажтай хүн дагуулан гэрт ирж шууд цоожны гол сольж эхэлсэн тул би 102-т залгахад Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хорооны цагдаа нар ирж тэднийг авч явсан.

Энэ нь Ч.П  миний зээлийн барьцаанд тавьсан байрыг минь ашиг олох зорилгоор өөрийн төрсөн ах Ч.А гийн нэр дээр хуурамжаар шилжүүлж, зүс хувирган ахынхаа нэрээр намайг шүүхэд дуудаж хамтран бүлэглэн намайг хууран мэхэлж, орон сууцыг минь хямдхан авах оролдлого хийсэн гэж үзэж байна гэжээ.        

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрч нарын мэдүүлэг, хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.У нь хариуцагч Ч.А , Ч.П  нарт холбогдуулан Ч.П тай 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан орон сууц худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-т зааснаар буюу ноцтой төөрөгдөж, хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээс өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцуулах,

Мөн хариуцагч Ч.П , Ч.А  нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.10-т зааснаар буюу хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан, дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварыг арилгуулахаар орон сууцыг буцаан шилжүүлэхийг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар нь эс зөвшөөрч, хариуцагч Ч.А  нь нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс маргаан бүхий орон сууцыг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

 

Нэхэмжлэгч Г.У нь “хариуцагч Ч.П тай 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ”-г байгуулан 60 000 000 төгрөгийн зээлийн гэрээний барьцаанд орон сууцаа барьцаалах хүсэл зорилготой байсан боловч Ч.П ын ятгалгаар ноцтой төөрөгдсөний улмаас худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, зээлийн гэрээг халхавчилан дүр үзүүлэн хийсэн тул хүчин төгөлдөр бус гэж тооцуулна,

Мөн хариуцагч Ч.П , Ч.А  нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг Ч.П  нь зээлийн барьцаанд тавьсан байрыг минь ашиг олох зорилгоор өөрийн төрсөн ах Ч.А гийн нэр дээр хуурамчаар шилжүүлж, зүс хувирган бүлэглэн хууран мэхэлж, орон сууцыг минь хямдхан авах оролдлого хийсэн гэж хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хэлцлийн үр дагаварыг арилгуулахаар орон сууцыг буцаан шилжүүлэхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү” гэж,

хариуцагч Ч.П  нь “Г.У нь гэрээг хүлээн зөвшөөрч байгуулан гарын үсэг зурсан, гэрээний дагуу мөнгийг төлсөн тул гэрээ хүчин төгөлдөр” гэж,

хариуцагч Ч.А  нь “эрхийн зөрчилгүй орон сууц худалдан авч, үнийг төлж, хууль ёсны өмчлөгч болсон тул нэхэмжлэгч Г.Уг орон сууцнаас албадан гаргуулж, чөлөөлөх үндэслэлтэй” тус тус тайлбарлажээ.

 

Дээрхээс нэхэмжлэгч Г.Угийн нэхэмжлэлийг 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн  гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох агуулгатай байна гэж ойлгогдохоор байна.

 

Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаар дараах нөхцөл байдал тогтоогдов.

 

Нэхэмжлэгч Г.У, хариуцагч Ч.П  нарын хооронд 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ” гэх баримтаар нэхэмжлэгч Г.У нь өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар 40.0-т гудамжны 21 дүгээр байрны 22 тоот хаягт байрлах, 24 м.кв, 2 өрөө бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хариуцагч Ч.П д 60 000 000 төгрөгөөр худалдах ба төлбөрийг 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр төлж, орон сууцыг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр худалдан авагчид хүлээлгэн өгөхөөр тохирч, гэрээг нотариатчаар гэрчлүүлэн, мөн өдөр уг гэрээг үндэслэн орон сууцны өмчлөгчөөр хариуцагч Ч.П  бүртгэгдэж, Ү-2202002872 дугаарт бүртгэлтэй, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарснаар хариуцагч Ч.П  нь уг орон сууцны өмчлөгч болжээ.

/хх-ийн 4, 5, 6, 174 дүгээр тал/

 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан орон сууц худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх ба хариуцагч Ч.П  нь дээрх гэрээний дагуу 60 000 000 төгрөгийг төлөх үүрэг хүлээж, 20 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Г.Угийн танил болох Б.Дамдинсүрэнгийн өрийг суутгаж, 26 000 000 төгрөгөөр уг орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлөхөөр шүүхэд гэрчээр асуугдсан Б.Батхуягт өгч, 1 200 000 төгрөгийг уг худалдах-худалдан авах гэрээний татварт төлж, үлдэх 12 800 000 төгрөгийг нэхэмжлэгч Г.Уд дансаар шилжүүлсэн талаар талууд маргахгүй байх тул энэ үйл баримтыг тогтоогдсон гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Г.У нь “шүүхэд гэрчээр асуугдсан өөрийн найз болох Б.Энхжаргалын бизнесийн үйл ажиллагаанд туслах, хариуд нь тэрээр түүний бусдад төлөх 9 000 000 төгрөгийг төлөхөөр тохирч маргаан бүхий орон сууцыг н.Энхмэнд, Ө.Жигжидмаа нараас авсан 22 000 000 төгрөгийн зээлийн барьцаанд барьцаалуулж, зээл төлөх хугацаа болж, төлөх боломжгүй болсноос Капитрон банкнаас авсан 27 000 000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж, улмаар зээлийн гэрээний хугацаа дууссаны улмаас Б.Энхжаргалын дүү болох Б.Дамдинсүрэн нь өөрийн найз Ч.П аас 40 000 000 төгрөг зээлж, урьд зээлсэн 20 000 000 төгрөгийн өрийг тооцон, 60 000 000 төгрөгийн барьцаанд тавихаар ярилцаж, Б.Энхжаргал нар нь санхүүжилд орж ирэхээр 65 000 000 төгрөг болгон төлж, байрыг барьцаанаас чөлөөлж өгөхөөр тохирсон тул Ч.П тай уулзаж, зээлийн гэрээ байгуулж, орон сууцаа барьцаалах гэхэд тэрээр “прокурор эгч орон сууцыг заавал нэр дээрээ шилжүүл” гэсэн гэж зүтгэсээр байгаад орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулан өмчлөлийн Ч.П ын нэр дээр шилжүүлсэн, улмаар Ч.П  нь ах Ч.А даа 30 000 000 төгрөгөөр зарсан байна” гэж тайлбарладаг.

 

Хариуцагч Ч.П  нь “Б.Энхжаргал, Б.Дамдинсүрэн, Г.У нар нь надаас гуйсаар байгаад 60 000 000 төгрөгөөр байраа зарсан” гэж,

Хариуцагч Ч.А  нь “би дүү Ч.П т орон сууц авах зорилгоор эртнээс мөнгө шилжүүлж байж уг орон сууцыг авсан” гэж мөн тус тус тайлбарладаг.

 

Шүүхээс нэхэмжлэгч Г.У, түүний өмгөөлөгч Д.Батсүх нарын хүсэлтээр орон сууц худалдах-худалдан авах гэрээ болон 60 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулах үед байлцсан гэх Б.Энхжаргал, Б.Дамдинсүрэн нар, орон сууцыг Капитрон банкны зээлээс чөлөөлсөн гэх Б.Батхүү нарыг гэрчээр асуух, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШЗ2020/03782 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжтай иргэний хэргээс нотлох баримт гаргуулах,

 Хариуцагч Ч.П , түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл нарын хүсэлтээр маргаан бүхий гэрээг баталсан Чингэлтэй дүүргийн 204 дүгээр тойргын нотариатч Б.Гийгиймаа, мөн уг орон сууц худалдах-худалдан авах гэрээг зуучилсан гэх Д.Болдбаатар нарыг гэрчээр асуулгах хүсэлтийг тус тус хангаж, дээрх ажиллагааг хийжээ.

/хх-ийн 43, 61, 76-80, 95-98, 99-102, 149, 155-157, 176, 186, 187, 198, 227-235 дугаар тал/ 

 

Дээрх гэрчээр асуугдсан Б.Энхжаргал, Б.Дамдинсүрэн нар нь нэхэмжлэгч Г.Утай ашиг сонирхол нэгтэй, тодруулбал нэхэмжлэгчийн өмчлөлийн маргаан бүхий орон сууцыг удаа дараа барьцаалан зээл авч, бизнесийн үйл ажиллагаандаа хөрөнгө оруулсан эгч, дүүс, мөн хариуцагч Ч.П ын хүсэлтээр гэрчээр асуугдсан Д.Болдбаатар нь хариуцагч Ч.П тай ажил хэргийн болон найз нөхдийн холбоотой бөгөөд гэрчээр асуугдсан Б.Дамдинсүрэнгийн авсан гэх автомашины төлбөр болох 20 000 000 төгрөгийн асуудлаар Ч.П тай төлбөр тооцоотой байсан болох нь тэдний мэдүүлгээр тогтоогдож байх тул эдгээр гэрчүүдийн мэдүүлгийг шүүх үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэх боломжгүй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн “...Б.Энхжаргал нотариатчаас зээлийн гэрээ хийвэл орон сууцны нэр шилжих үү” гэж асуухад нотариатч “заавал худалдах-худалдан авах гэрээ хийж үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийн нэрийг солино” гэсэн тул 60 000 000 төгрөгөөр орон сууцыг худалдах-худалдан авах гэрээ хийсэн” гэх тайлбар нь гэрчээр асуугдсан Б.Гийгиймаагийн мэдүүлгээр тогтоогдохгүй байх төдийгүй нэхэмжлэгч нь “хариуцагч Ч.П тай байгуулсан орон сууц худалдах-худалдан авах гэрээг түүнтэй байгуулсан 60 000 000 төгрөгийн зээлийн гэрээний барьцаанд тавих хүсэл зорилготой байснаа ноцтой төөрөгдсөний улмаас уг гэрээг байгуулсан” гэх нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаар нотлоогүй, түүний тайлбар нь  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Г.У нь хариуцагч Ч.П тай ноцтой төөрөгдсөний улмаас худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, зээлийн гэрээг халхавчилан дүр үзүүлэн хийсэн гэж үзэх боломжгүй.

 

Мөн нэхэмжлэгч нь худалдах-худалдан авах гэрээнд гарын үсэг зурж, хэлцэл хийхдээ зээлийн барьцаанд барьцаалуулж байгаа хэмээн ноцтой төөрөгдсөн гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байх боловч түүнийг 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ”-г байгуулахдаа Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-т зааснаар буюу ноцтой төөрөгдөж хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээс өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн гэж үзэх үндэслэл эргэлзээгүй баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Г.Уг орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулахдаа эндүүрч, төөрөгдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн хариуцагч Ч.П , Ч.А  нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч Ч.П  нь маргаан бүхий Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар 40.0-т гудамжны 21 дүгээр байрны 22 тоот хаягт байрлах, 24 м.кв, 2 өрөө бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч Ч.А  нь орон сууцны үнэд 30 000 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон үйл баримт хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдсон.

/хх-ийн 171-175 дугаар тал/

 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх ба Ү-2202002872  дугаарт бүртгэлтэй гэрчилгээ гарснаар Ч.А  нь маргаан бүхий орон сууцны өмчлөгч болжээ.

 

Дээрх хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 56.1.1, 56.1.2 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан, дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болох нь баримтаар тогтоогдоогүй, энэ талаарх баримт хавтас хэрэгт байхгүй тул энэ талаарх нэхэмжлэгч Г.Угийн нэхэмжлэлийг мөн хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иймд хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаварыг арилгуулан Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар 40.0-т гудамжны 21 дүгээр байрны 22 тоот хаягт байрлах, 24 м.кв, 2 өрөө бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг өөрийн өмчлөлд буцаан шилжүүлэх агуулга бүхий нэхэмжлэгч Г.Угийн нэхэмжлэлийн шаардлагыг мөн хангах үндэслэлгүй тогтоогдоогүй болно.

 

Түүнчлэн хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтаар болон зохигчийн тайлбараар нэхэмжлэгч Г.У, хариуцагч Ч.П  нарын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээний дагуу орон сууцны үнэ болох 60 000 000 төгрөгийг хариуцагч нь бүрэн төлөөгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь уг гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргахад энэ шийдвэр саад болохгүй юм.

 

Хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтаар хариуцагч Ч.П , Ч.А  нарын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний дагуу дээрх маргаан бүхий орон сууцны өмчлөгч нь Ч.А  байх тул тэрээр бусдын хууль бус эзэмшлээс өөрийн хөрөнгийг шаардах эрхтэй тул түүний нэхэмжлэгч Г.Угийн эзэмшлээс Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар 40.0-т гудамжны 21 дүгээр байрны 22 тоот хаягт байрлах, 24 м.кв, 2 өрөө бүхий орон сууцыг чөлөөлүүлэх шаардлагыг хангах үндэслэлтэй байна. Тодруулбал дээрх орон сууц нь нэхэмжлэгч Г.Угийн эзэмшилд байгаа боловч тэрээр Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар эзэмших эрхгүй болсон тохиолдолд өмчлөгчид нь буцаан өгөх үүрэгтэй байна.

 

Хариуцагч Ч.П  нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-т зааснаар шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зохигчийн шүүхэд гаргасан тайлбар нь бодит үнэнд нийцсэн байна гэж заасан байх боловч тэрээр “Б.Дамдинсүрэнгийн автомашин худалдан авсан 20 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Г.Угийн зээлсэн гэх 60 000 000 төгрөгөөс суутгаагүй, бэлнээр өгсөн”, “уг автомашиныг Б.Дамдинсүрэнд зараагүй, түүнийг огт танихгүй” гэх мэтээр худал тайлбар өгсөн болох нь хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар тогтоогдож байх ба түүний тайлбарыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.  

 

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлүүдэд зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй бөгөөд шүүхээс зохигчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан нотлох баримт бүрдүүлэх талаар гаргасан бүхий л хүсэлтийг шийдвэрлэж, мөн тэдэнд мөн хуульд заасан зохигчийн эдлэх эрх, үүргийг тайлбарлах ажиллагааг хангалттай хийсэн боловч нэхэмжлэгч Г.Угийн нэхэмжлэлийн шаардлага нь хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар  тогтоогдохгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Ч.А гийн нэхэмжлэгч Г.Уд холбогдох орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.10 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Г.Угийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж,  Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар 40.0-т гудамжны 21 дүгээр байрны 22 тоот хаягт байрлах, 24 м.кв, 2 өрөө орон сууцыг буцаан шилжүүлэхийг хариуцагч Ч.П , Ч.А  нарт даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.А гийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар 40.0-т гудамжны 21 дүгээр байрны 22 тоот байрлах орон сууцнаас нэхэмжлэгч Г.Уг албадан гаргуулсугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 957 950 төгрөг, хариуцагчаас төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Угаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан хариуцагч Ч.П д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               

                       ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                              Н.БАТЧИМЭГ