Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2022/01291

 

                                                    ****гийн нэхэмжлэлтэй

                                                  иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШШ2020/02889 дүгээр шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2354 дүгээр магадлалтай, 

****гийн нэхэмжлэлтэй,

****, ****нарт холбогдох 

Хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах болон хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг

тогтоолгож, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч Ч.Амарсанаагийн орон сууцыг ****гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Батсүхийн гаргасан гомдлоор   

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Батсүх, хариуцагч ****, түүний өмгөөлөгч Д.Оюунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. **** нь ****, ****нарт холбогдуулан хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах болон хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргаж, хариуцагч ****орон сууцыг ****гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхтухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШШ2020/02889 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.10-т заасан үндэслэлгүй тул ****гийн 2018.09.14-ний өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 2018.12.18-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат гудамжны 21 дүгээр байрны 22 тоот хаягт байрлах, 24 м.кв 2 өрөө орон сууцыг буцаан шилжүүлэхийг ****, ****нарт даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан хариуцагч Ч.Амарсанаагийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат гудамжны 21 дүгээр байрны 22 тоот байрлах орон сууцнаас нэхэмжлэгч ****г албадан гаргуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 957,950 төгрөг, хариуцагчаас төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч ****гаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан хариуцагч ****д олгохоор шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2354 дүгээр магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШШ2020/02889 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,039,344 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Батсүх хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх “...2018.09.14-ний өдрийн “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ”-г байгуулахдаа Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-д зааснаар буюу ноцтой төөрөгдөж хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээс өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн гэж үзэх үндэслэл эргэлзээгүй баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгч **** орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулахдаа эндүүрч, төөрөгдсөн гэж үзэх үндэслэлгүй байна... ”, давж заалдах шатны шүүх “...Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр мэдүүлэг өгсөн Б.Энхжаргал нь нэхэмжлэгч ****тай барилгын ажилд хөрөнгө оруулалт хийж хамтран ажилладаг талаарх баримт хэрэгт авагдсан байх бөгөөд тэрээр “... ****гийн “Капитрон” банканд барьцаалсан байрыг чөлөөлөөд **** 40,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд авсан, орон сууцыг барьцаалж зээл авсан...” талаар мэдүүлсэн байх боловч түүний мэдүүлэг өөр нотлох баримтаар нотлогдоогүй. Түүний мэдүүлгээр орон сууц худалдах-худалдан авах гэрээний агуулгыг үгүйсгэх боломжгүй юм...” гэж хэрэгт авагдсан нотлох баримтууд болон бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Бодит байдалд **** нь ****аас 40,000,000 төгрөг зээлж, тохиролцсоны дагуу гурвалсан зээлийн гэрээ байгуулж, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд өөрийн орон сууцыг барьцаалах зорилготой байсан боловч **** нь ****г ятган төөрөгдүүлж, худалдах-худалдан авах гэрээ” хийж нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан болохыг тодорхой мэдүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2-т заасан нотлох баримтад хамаарах бөгөөд түүний мэдүүлэг нь мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.3-т заасан шаардлагад нийцсэн нотлох баримт юм. Гэрч Б.Энхжаргалын дээрх мэдүүлэг нь гэрч Б.Дамдинсүрэнгийн мэдүүлэг болон **** нарын хооронд урьд нь үүссэн зээлийн харилцааг нотолсон мөнгө төлсөн баримт, банкны гүйлгээний хуулгаар давхар нотлогдож байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Энхжаргалаас гадна Б.Дамдинсүрэнг гэрчээр асууж, авсан мэдүүлгээр “Б.Энхжаргалын дүү Б.Дамдинсүрэн, өөрийн найз гэх буюу хариуцагч ****тай утсаар ярьж, түүнээс 40,000,000 төгрөг зээлж авахаар болсон, ингэхдээ урьд зээлд тооцсон 20,000,000 төгрөгийг нэмж оролцуулан нийт 60,000,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлд ****гийн өмчлөлийн орон сууцыг барьцаалахаар болж, уг 60,000,000 төгрөгийг Б.Дамдинсүрэнгийн ажлын санхүүжилт орж ирэхээр 65,000,000 төгрөг болгон буцаан төлж, ****гийн байрыг барьцаанаас чөлөөлөхөөр тохиролцсон. **** нь Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, 2-40 мянгат, 21-22 тоот 2 өрөө орон сууцыг **** гэгчид бодитоор худалдаагүй, түүнээс авсан зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалахаар тохиролцсон зэрэг үйл баримт нотлогдож байхад анхан шатны шүүх “...гэрчээр асуугдсан Б.Энхжаргал, Б.Дамдинсүрэн нар нь нэхэмжлэгч ****тай ашиг сонирхол нэгтэй...”, давж заалдах шатны шүүх “...Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр мэдүүлэг өгсөн Б.Энхжаргал нь нэхэмжлэгч ****тай барилгын ажилд хөрөнгө оруулалт хийж хамтран ажилладаг...” гэх хуульд заагаагүй үндэслэлээр гэрч Б.Энхжаргал, Б.Дамдинсүрэн нарын мэдүүлгийг үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэх үндэслэлгүй, нотлох баримтаар үгүйсгэсэн нь хуульд нийцэхгүй байна. Тухайлбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно”, 43.3-т “Гэрчээр дуудагдсан этгээд шүүхэд заавал хүрэлцэн ирэх ба үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. Мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, зориуд худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус зааснаар гэрч Б.Энхжаргал, Б.Дамдинсүрэн нарт үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй тухай, мөн шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай урьдчилан хууль сануулж, үүгээр шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөх баталгааг гаргадаг тул гэрч нарын мэдүүлгүүдийг шүүхээс нотлох баримтын хэмжээнд үнэлж, дүгнэх боломжгүй гэсэн нь хуульд нийцээгүй байна.

4.1. Анхан шатны шүүхийн “...Хариуцагч ****, ****нарын хооронд 2018.12.18-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, гэрээгээр худалдагч **** нь маргаан бүхий Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, 2-40 мянгат, 21-22 тоот 2 өрөө орон сууцны үнэд 30,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон үйл баримт хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдсон” гэх дүгнэлтийг давж заалдах шатны шүүх зөвтгөж. “...талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болох дээрх хэлцлийн үр дүнд хариуцагч ****ын орон сууц өмчлөх эрх, үүрэг дуусгавар болж, орон сууц нь Ч.Амарсанаагийн нэр дээр шилжин бүртгэгдсэн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын ирүүлсэн лавлагааны баримтаар тогтоогджээ...” гэж дүгнэсэн нь тус тус бодит байдалд нийцэхгүй байна. ****, Ч.Амарсанаа нарын хооронд 2018.12.18-ны өдөр байгуулагдсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-гээр Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, 2-40 мянгат, 21 -22 тоот  2 өрөө орон сууцыг 30,000,000 төгрөгөөр үнэлж худалдсан гэж байгаа нь бодит байдалд зах зээлийн ханшинд нийцэхгүй төдийгүй, ****аас ****нь худалдаж авсны хариуд уг орон сууцны үнэ гэх 30,000,000 төгрөг төлсөн баримт хэрэгт авагдаагүй, үүнийг нотлох баримт байхгүй. Өөрөөр хэлбэл, 60,000,000 төгрөгөөр худалдан авсан гэх орон сууцыг зах зээлийн үнээс хэт бага үнээр буюу 30,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээг ах дүү, хоёр дүр үзүүлэн хийсэн гэж үзэх үндэслэлтэй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, ****гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ. 

ХЯНАВАЛ: 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Батсүхийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэв. 

6. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.10-т заасан үндэслэлгүй тул ****гийн 2018.09.14-ний өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 2018.12.18-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат гудамжны 21 дүгээр байрны 22 тоот хаягт байрлах, 24 м.кв 2 өрөө орон сууцыг буцаан шилжүүлэхийг ****, ****нарт даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан хариуцагч Ч.Амарсанаагийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат гудамжны 21 дүгээр байрны 22 тоот байрлах орон сууцнаас нэхэмжлэгч ****г албадан гаргуулж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийг хэвээр үлдээжээ. 

7. Хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Тодруулбал: 

8. Нэхэмжлэгч **** нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Б.Энхжаргалын бизнесийн үйл ажиллагаанд туслах, хариуд нь тэрээр түүний бусдад төлөх 9,000,000 төгрөгийг төлөхөөр тохирч н.Энхмэнд, Ө.Жигжидмаа нараас авсан 22,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд барьцаалж, зээл төлөх хугацаа болж, төлөх боломжгүй болсноос “Капитрон” банканд 27,000,000 төгрөгийн барьцаанд тавьсан. Улмаар зээлийн гэрээний хугацаа дууссаны улмаас Б.Энхжаргалын дүү болох Б.Дамдинсүрэн өөрийн найз ****аас 40,000,000 төгрөгийг зээлж, урьд авсан 20,000,000 төгрөгийн өрийг тооцон 60,000,000 төгрөгийн барьцаанд тавихаар ярилцаж, Б.Энхжаргал санхүүжилт орж ирэхээр 65,000,000 төгрөг болгон төлж, байрыг барьцаанаас чөлөөлж өгөхөөр тул ****тай уулзаж зээлийн гэрээ байгуулж, орон сууцаа барьцаалах гэхэд тэрээр прокурор эгч орон сууцыг заавал нэр дээрээ шилжүүл гэсэн гэж зүтгэсээр байгаад орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. **** өөрийн ах Ч.Амарсанаад 30,000,000 төгрөгөөр зарсан. ... ****тай 2018.09.14-ний өдөр байгуулсан орон сууц худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-т зааснаар хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, хариуцагч ****, ****нарын хооронд 2018.12.18-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагч нарт даалгах...” гэж тодорхойлжээ. 

Хариуцагч **** “...байрыг зээлийн барьцаанд аваагүй. ...худалдах-худалдан авах гэрээнд 4 удаа гарын үсэг зурсан төөрөгдсөн хүн ингэж олон удаа гарын үсэг зурах уу. ...надаас гуйсаар байгаад байраа 60,000,000 төгрөгөөр зарсан. Худалдах-худалдан авах гэрээг хууль ёсны дагуу хийсэн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэсэн тайлбар гарган мэтгэлцсэн байна. 

Хариуцагч ****“...хууль ёсоор худалдаж авсан. ...нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэж марган нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс маргааны зүйл болсон орон сууцыг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг гаргажээ. 

9. Зохигчийн хооронд орон сууц худалдах-худалдан авах гэрээнүүдийн хүчинтэй байдал, маргаан бүхий орон сууцны эзэмшил маргааны зүйл болсон байна. 

****гийн нэхэмжлэлийн талаар: 

10. ****, **** нарын хооронд байгуулсан 2018.09.14-ний өдрийн Орон сууц худалдах-худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч нь улсын бүртгэлийн Ү-2202002872 дугаартай, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат гудамжны 21 дүгээр байрны 22 тоот хаягт байрлах, 24 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцыг ****д 60,000,000 төгрөгөөр худалдах, үнийг 2018.09.14-ний өдөр төлөх, орон сууцыг 2018.10.15-ны өдөр худалдан авагчид хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцжээ.  

10.1. Хариуцагч ****, ****нар нь 2018.12.18-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр маргааны зүйл болсон орон сууцыг **** Ч.Амарсанаад 30,000,000 төгрөгөөр худалдсан байна. 

Дээрх маргаан бүхий орон сууцны өмчлөх эрх энэхүү тогтоолын 10 дугаарт дурдсан гэрээний үр дүнд ****гаас ****ын, мөн тогтоолын 10.1 дүгээрт дурдсан гэрээний үр дүнд ****аас Ч.Амарсанаагийн нэр дээр тус тус шилжсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн хооронд байгуулсан гэрээ, Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаануудаар тогтоогджээ. 

11. Аливаа гэрээг шүүхээс Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, 198 дугаар зүйлийн 198.1-д тус тус зааснаар хүсэл зоригийн бүрдэл, түүний илэрхийлэл, үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар талуудын хүсэл зоригийг тайлбарлаж дүгнэлт хийдэг. 

Хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ гэж зөв тодорхойлж, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, хуулийн хүрээнд гэрээний чөлөөт байдлыг хангасан эсэх, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна. 

Талууд дээрх гэрээ тус бүрийг бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлж, бүртгүүлбэл зохих байгууллагад бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 109 дүгээр зүйлийн 109.2, 182 дугаар зүйлийн 182.1-д тус тус заасантай нийцсэн гэж үзнэ. 

12. ****, **** нарын хооронд байгуулсан 2018.09.14-ний өдрийн Орон сууц худалдах-худалдан авах гэрээнд орон сууцыг буцаан худалдан авах болзлын талаар заагдаагүй байхаас гадна, гэрч Б.Дамдинсүрэнгийн “... ****д 20,000,000 төгрөгийн өглөгтэй, ... ****, Б.Энхжаргал, **** нарын хооронд хэдэн төгрөгийн зээлийн гэрээ хийгдсэн, байраа барьцаалсан, эсхүл худалдсан эсэх асуудлыг мэдэхгүй. ... ****гийн байрыг Б.Энхжаргал эгч бид 2 мөнгийг нь ****д төлөөд авч өгнө...” гэсэн мэдүүлгээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нотлогдоогүй гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. 

Түүнчлэн шүүхээс гэрч Б.Энхжаргалын “... ****гийн “Капитрон” банканд барьцаалсан байрыг чөлөөлөөд **** 40,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд авсан, орон сууцыг барьцаалж зээл авсан...” гэсэн мэдүүлэг өөр нотлох баримтаар нотлогдоогүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй. 

13. Нэхэмжлэгч **** “... ****тай уулзаж, зээлийн гэрээ байгуулж, орон сууцаа барьцаалах гэхэд тэрээр прокурор эгч орон сууцыг заавал нэр дээрээ шилжүүл гэсэн гэж зүтгэсээр байгаад орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулан орон сууцны өмчлөх эрхийг ****ын нэр дээр шилжүүлсэн...” гэж хариуцагч нартай маргасан хэдий ч уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотолж чадаагүй байна. 

****гийн дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл гэрч нотариатч Б.Гийгиймаагийн мэдүүлгээр үгүйсгэгдсэн талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй. 

14. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д зааснаар хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүсдэг бөгөөд мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэдэг. 

Хоёр шатны шүүх 2018.09.14-ний өдрийн гэрээний дагуу ****ын орон сууцны үнэ 60,000,000 төгрөг төлөх үүргийг Б.Дамдинсүрэнгийн өр 20,000,000 төгрөгийг суутгаж, зээлийн барьцаанаас орон сууцыг чөлөөлөхөд өгсөн 26,000,000 төгрөг, татварт төлсөн 1,200,000 төгрөгийг тус тус тооцож, үлдэх 12,800,000 төгрөгийг ****д дансаар шилжүүлсэн үйл баримтыг зөв тогтоож, ****, **** нар Орон сууц худалдах-худалдан авах гэрээнээс өөр гэрээ байгуулаагүй, нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн орон сууцыг ****д 60,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцаалсан болохоо нотолж чадаагүй тул түүнийг ноцтой төөрөгдсөн гэх үндэслэл тогтоогдоогүй талаар хийсэн дүгнэлт, түүнчлэн давж заалдах шатны шүүх Б.Энхжаргал, Б.Дамдинсүрэн нарын хоорондын хамтран ажиллах гэрээний болон зээл, төлбөр тооцооны асуудал нэхэмжлэгч Ч.Пагамжавтай байгуулсан гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй гэж залруулан дүгнэсэн нь нотлох баримтад үндэслэгдсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

15. Энэ тогтоолын 10.1 дүгээрт тусгагдсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлдээ **** нь зах зээлийн үнээс хэт доогуур буюу 30,000,000 төгрөгөөр зарсан гэх үндэслэлийг анхан болон давж заалдах шатны  хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж дүгнэснээс гадна, ****, **** болон ****, ****нарын хооронд хийгдсэн худалдах-худалдан авах гэрээнүүд нь тус тусдаа бие даасан гэрээ тул хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан, дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй талаар хийсэн дүгнэлт зөв. 

16. Нэгэнт ****, **** нарын хооронд байгуулсан 2018.09.14-ний өдрийн Орон сууц худалдах-худалдан авах,  ****, ****нарын хооронд байгуулсан 2018.12.18-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцох, хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэх боломжгүй тул Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар ****, ****нарыг өмчлөх, эзэмших эрхийг шударгаар олж авсанд тооцогдоно. 

17. Анхан болон давж заалдах шатны шүүх ****гийн 2018.09.14-ний өдрийн Орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 2018.12.18-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат гудамжны 21 дүгээр байрны 22 тоот хаягт байрлах, 24 м.кв 2 өрөө орон сууцыг буцаан шилжүүлэхийг ****, Ч.Амарсанаа нарт даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.10-т заасантай нийцжээ. 

Ч.Амарсанаагийн сөрөг нэхэмжлэлийн талаар: 

18. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэсэн зохицуулалтын агуулгаас дүгнэвэл Ч.Амарсанаа  Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат гудамжны 21 дүгээр байрны 22 тоот хаягт байрлах, 24 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгч байхаас гадна ****гийнэзэмших, ашиглах эрх хууль бус байхыг шаардана. 

19. Ч.Амарсанаа  нь Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат гудамжны 21 дүгээр байрны 22 тоот хаягт байрлах, 24 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгч болох нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2202002872 дугаарт бүртгэлтэй, улсын бүртгэлийн 000681627 тоот гэрчилгээгээр тогтоогджээ. 

20. Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д “Эд хөрөнгийг эзэмших эрхгүй буюу энэ эрхээ алдсан шударга эзэмшигч нь уг эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцаан өгөх үүрэгтэй” гэж хуульчилсан. 

Маргааны зүйл болсон орон сууц нэхэмжлэгчийн эзэмшилд байгаа боловч энэ тогтоолын 16 дугаарт дурдсанаар ****уг орон сууцны өмчлөх эрхийг шударгаар олж авсан нь тогтоогдсон, харин **** дээрх хуульд зааснаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших эрхгүй тул өмчлөгчид өгөх үүрэгтэй. 

21. Анхан болон давж заалдах шатны шүүх Ч.Амарсанаагийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат гудамжны 21 дүгээр байрны 22 тоот байрлах орон сууцнаас ****г албадан гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан зохицуулалтын агуулга, шаардлагад нийцсэн байна. 

22. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулж, Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй, Ч.Амарсанаагийн сөрөг нэхэмжлэлийг хангасан үндэслэлээ тодорхой заасан байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Батсүхийн гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШШ2020/02889 дүгээр шийдвэрНийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2354 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Батсүхийн гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,028,150 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

  

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.БАНЗРАГЧ 

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                        Г.АЛТАНЧИМЭГ    

                                            ШҮҮГЧИД                                       П.ЗОЛЗАЯА

                                                                                                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                    Д.ЦОЛМОН