Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2020/02318

 

2020 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2020/02318

 

 

 

С.Д-, С.С-нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2020/03232 дугаартай шийдвэртэй нэхэмжлэгч С.Д-, С.С-нарын нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГт  холбогдох

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулсан албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.Д-, С.С-бид Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Товчооны 5-90, 5-90А тоот газрыг, түүн дээр баригдсан үл хөдлөх хөрөнгө болох 2 давхар, 10 өрөө, халаалт, сантехник зэрэг бүх зүйл нь шийдэгдсэн амины орон сууцыг төрсөн дүү болох Цагаанхүүгийн Энхбаяр /12 настай/-ын хамт эзэмших, өмчлөх эрхтэй. Дээр дурдсан газрын хувьд Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, товчооны 5-90 тоот хаягт байрлалтай газрыг нэхэмжлэгч С.Д- би эзэмшдэг, миний нэр дээрх газар болно. Гэтэл энэ газар, дүү бид нарын маань эзэмших болон өмчлөх эрх хөндөгдөж байгаа уг газар дээрх барилга байшин маань Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулсан албадан дуудлага худалдаагаар бусдад зарагдсан болохыг мэдсэн. Бидний ээж Д.Цагаанхүү нь нэхэмжлэлд дурдагдсан газар, бидний амины орон сууцыг ХААН банкны барьцаанд тавьж, уг зээлийн болон барьцааны гэрээний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж миний эзэмшлийн газар, бидний эзэмших, ашиглах, өмчлөх эрх хэрэгжих учиртай газар, байр байшин маань маш хямд өртгөөр, хууль бусаар бусдын өмчлөлд шилжсэн байна. Энэ газар дээр С.С-миний хувьд шууд өөрийн нэр дээр гэрчилгээ гаргуулж авсан газар энэхүү нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар байхгүй боловч шүүхийн шийдвэрээр бусдад очоод байгаа газар дээр миний бие шууд хөрөнгө оруулалт хийж тус газар дээрх том хашааг бариулж, мод зүлэг тарьж тохижилтыг хийсэн. Манай гэр бүл бидний ээж н.Цагаанхүү нь 1999 оны 01 сараас эхэлж БНСУ-д очиж ажиллаж 2004 оноос өөрийн Дэлгэрэх ХХК-ийг БНСУ болон Монгол Улсад байгуулан гадаад, дотоод худалдаа карго, хоолны газар ажиллуулж, шударга хөдөлмөрөөрөө мөнгө хуримтлуулж тухайн газрыг худалдан авч уг газар дээрх амины орон сууцыг бариулсан. Энэ газар нь хувийн зардлаар 1 км орчим газраас шугам татуулж 380 вольтын цахилгааны эх үүсвэрээ шийдсэн, гүний худаг гаргуулсан, цахилгаан халаалттай, бохир, дулаан зэрэг цахилгаан, сантехникийн асуудлаа бүрэн шийдсэн, 360 м.кв талбай бүхий 10 өрөө, 2 давхар амины орон сууцтай газар болно. Нэхэмжлэгч С.Д-, С.С-бидний хувьд компанийнхаа Монгол дахь ажил үйлсийг хариуцахаас гадна, мөн БНСУ-д очиж ажиллан өөрсдийн бий болгосон хувийн хуримтлал, хөдөлмөрийн хөлсөөрөө дээр дурдсан хөрөнгийг бий болгоход хөрөнгө оруулалт хийсэн. Гэтэл энэхүү газар, үл хөдлөх хөрөнгө бидний зөвшөөрөлгүй, биднийг мэдээгүй байхад бусдад хууль бусаар очиж байгаад гомдол гаргаж шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Биднээс гадна манай дүү 12 настай Ц.Энхбаярын хувьд ч гэсэн эзэмших, ашиглах эрх нь зөрчигдөж бидэнтэй адил байдалд орсон байгаа болно. Иймд бидний эзэмших, ашиглах, өмчлөх эрх ноцтой зөрчигдсөн, эд хөрөнгийн үнэлгээ бодит байдлаас доогуур үнэлэгдсэн, нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бидэнд мэдэгдээгүй учир Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулсан албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 2727 дугаар шийдвэрээр Д.Цагаанхүүгээс 135 978 218 төгрөгийг гаргуулж Хаан банкинд олгохоор, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 19261133 дугаар тогтоолоор үүсгэж төлбөр төлөгч Д.Цагаанхүүгийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны 5-90 тоот хаягт байрлах 671 м.кв талбайтай газар,Товчоо 5-90А тоот хаягт байрлах 672 м.кв талбайтай газар, 309 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2204029873 дугаарт бүртгэлтэй хувийн сууцыг 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 19261133/03 дугаар тогтоолоор битүүмжилж 2020-02-11-ний өдрийн 19261133/09 дүгээр тогтоолоор хураасан. Төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдэд үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч Д.Цагаанхүү нь 900 000 000 төгрөгөөр, 5-90 тоот газрын эзэмшигч С.Д- болон төлбөр авагч нарт 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 4/5271 дүгээр, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 4/5813 дугаар үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн боловч үнийн санал ирүүлээгүй тул 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 133 дугаар тогтоолоор шинжээч томилон үнэлгээ тогтоолгоход 196 546 000 төгрөгөөр үнэлэгдсэн. Үнэлгээний тайланг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд болон эзэмшигч С.Д-т 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 4/7838, 4/7837 дугаар албан бичгээр мэдэгдэж 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах тухай 4/26 дугаар тогтоол, 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 4/11304 4/11303 дугаар мэдэгдэл, 2020-05-15-ны өдөр зохион байгуулах хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах тухай 5/17 дугаар тогтоол, 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 4/16113, 16114 дүгээр мэдэгдэл, албадан дуудлага худалдаагаар төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгүүд нь 100 773 000 төгрөгөөр худалдан борлогдсон тухай 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 4/18241, 4/18240 дугаар мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн. С.Д- шүүх хуралдаанд ажиллагааны талаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаас мэдэгдэх хуудсаар дуудсан асуудлыг мэдэж байсан тайлбартаа хэлсэн. Төлбөр төлөгч Д Цагаанхүү нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд өөрийн биеэр оролцож, ажиллагаатай холбогдуулан гомдол, хүсэлтийг тус газарт удаа дараа гаргаж байсан. Нэхэмжлэлд дурдсанаар нэхэмжлэгч нар нь түүний төрсөн хүүхдүүд болох нь тогтоогдож байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар мэдээгүй гэх тайлбар нь үндэслэлгүй юм. Мөн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан газрын эзэмшигч С.Д-т үнийн санал ирүүлэх, үнэлгээний тайлан, албадан дуудлага худалдааны тогтоол, мэдэгдлийг тухай бүр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу иргэний бүртгэлд бүртгэгдсэн Өмнөговь аймгийн Даланзадгад 6 дугаар баг, Их уул Малчны 4 дүгээр гудамжны 51 тоот хаягт баталгаат шуудангаар хүргүүлж байсан. С.С-эд хөрөнгийг өмчлөх эзэмшигч биш учир түүнд ажиллагааг мэдэгдэх үүрэг байхгүй. Өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээс шаардах эрх нь нээлттэй байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан НШШГГт холбогдох 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дуудлага худалдааг хүчингүй болгуулах С.Д-, С.С-нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Биднээс гадна манай дүү 12 настай Ц.Энхбаярын хувьд ч гэсэн эзэмших, ашиглах, өв залгамжлах эрх нь зөрчигдөж бидэнтэй адил байдал орсон байгаа болно. Нэхэмжлэгч С.Д-ийн өмчлөлийн газар, түүн дээрх барилга байшин, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын асуудал яригдаж байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас энэ талаар бидэнд мэдэгдээгүй, энэ талаар огт мэдээгүй байхад миний нэр дээрх эзэмших эрхтэй газар, бидний хөрөнгө оруулсан барилга байшин, өмчлөлийн бусад зүйл маань шүүхийн шийдвэрээр бусдын өмчлөлд шилжиж, энэ хууль бус шүүхийн шийдвэр дээр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, одоо бид хууль ёсны эзэмших, өмчлөх эрхээ хууль бусаар алдаж байгаад гомдолтой байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг маань хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

  Нэхэмжлэгч С.Д-, С.С-нар  нь хариуцагч НШШГГт холбогдуулан 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулсан албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 2727 дугаар шийдвэрийн дагуу 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 101/ГХ2019/00608 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч Д.Цагаанхүүгээс 135 978 218,48 төгрөг гаргуулан төлбөр авагч Хаан банкинд олгох ажиллагааг явуулж, барьцаалагдсан Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Товчоо 5 дугаар гудамжны 90а тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204029873 дугаарт бүртгэлтэй 309 м.кв хувийн сууц, тус хаягт байрлах эзэмших эрхийн гэрчилгээний 0269099 тоот дугаартай 672 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрхтэй газар, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Товчоо 5 дугаар гудамжны 90 тоотод байрлах эзэмших эрхийн гэрчилгээний 0269098 дугаартай 671 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрхтэй газар зэрэг хөрөнгүүдийг битүүмжилж, хураах ажиллагаа явагдсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. / хх-ийн 25-29, 50, 52 /

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Д.Цагаанхүү орон сууцыг 900 000 000 төгрөгөөр үнэлж буй тухай хариу ирүүлсэн бол төлбөр авагч шинжээч томилуулах тухай санал гаргасан тул шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 133 дугаар тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор Виннэрвэй ХХК-ийг шинжээчээр томилжээ. / хх-ийн 63/

Шинжээч нь Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Товчоо 5 дугаар гудамжны 90а тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204029873 дугаарт бүртгэлтэй 309 м.кв хувийн сууц, тус хаягт байрлах эзэмших эрхийн гэрчилгээний 0269099 тоот дугаартай 672 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрхтэй газар, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Товчоо 5 дугаар гудамжны 90 тоотод байрлах эзэмших эрхийн гэрчилгээний 0269098 дугаартай 671 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрхтэй газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгө, газрын хамт зах зээлийн үнэлгээг нийтэд нь 196 546 000 төгрөгөөр тогтоосон ба энэ тухай мэдэгдлийг төлбөр төлөгч, төлбөр авагч нарт болон өмчлөгчид хүргүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт нийцжээ. /хх-ийн 54-57, 59, 62, 63, 68-95, 98 /

 

Уг шинжээчийн тогтоосон 196 546 000 төгрөгийн 70 хувь болох 137 582 200 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоосон тухай өмчлөгч Д.Цагаанхүү, газар эзэмшигч С.Д- нарт 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 4/11303, 4/11304 дугаартай албан тоотоор /хх-ийн 105-108 / мэдэгдсэн байхаас гадна үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 4/26 дугаартай тогтоол 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр гарсан талаар мөн тэдэнд мэдэгджээ. /хх-ийн 104-108/

 

Дээрх хөрөнгүүд 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн анхны дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүйн улмаас хариуцагч байгууллага хоёр дахь дуудлага худалдааг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр явуулахаар зарлан, мөн оны 04 сарын 28-ны өдөр 5/17 тоот тогтоол гаргасан бөгөөд уг дуудлага худалдааны санал болгох доод үнийг шинжээчийн тогтоосон үнийн 50 хувь байхаар шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д заасан ...хоёр дахь дуудлага худалдааны үнийг Иргэний хуульд заасан хувь, хэмжээгээр тогтооно, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2-т заасан ...анхны дуудлага худалдаанд хэн ч оролцоогүй бол хоёр дахь дуудлага худалдааг явуулна, 177.4 дэх хэсэгт заасан хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тогтооно гэснийг тус тус зөрчөөгүй болно.

 

2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр явагдсан хоёр дахь албадан дуудлага худалдаанд М.Баярт-Од нь 100 773 000 төгрөгийн, С.Гантогтох 100 273 000 төгрөгийн үнийн саналыг /хх-ийн 140, 141 / тус тус гаргасан. Энэ тухай Д.Цагаанхүү, С.Д- нарт 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл гардуулсан / хх-ийн 142-144 /, 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн албадан дуудлага худалдаагаар хоёр оролцогч оролцсон талаарх болон дуудлага худалдаагаар түүний хувийн сууц, газрын хамт 100 773 000 төгрөгөөр худалдан борлогдсон. Энэ талаар Д.Цагаанхүү, С.Д- нарт 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 4-164/23441, 4-164/23442 тоот мэдэгдэл хүргүүлж мэдэгдсэн байна. / хх-ийн 146, 147, 177-180 /

Түүнчлэн нэхэмжлэгч С.Д- нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 4/5271, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 4/5813 албан бичиг хүргүүлсэн талаар болон шийдвэр гүйцэтгэгч Б.Мөнгөнцэцэг 89406040 дугаарын утас руу удаа дараа холбогдож үнийн саналын талаар мэдэгдсэн талаар тайлбарласан байна.

Иймд ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас энэ талаар бидэнд мэдэгдээгүй, энэ талаар огт мэдээгүй байхад миний нэр дээрх эзэмших эрхтэй газар, бидний хөрөнгө оруулсан барилга байшин, өмчлөлийн бусад зүйл маань шүүхийн шийдвэрээр бусдын өмчлөлд шилжсэн... гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байхаас гадна нэхэмжлэгч С.С-нь дээрхи үл хөдлөх эд хөрөнгө, газрыг эзэмших, өмчлөх эрхтэй болох нь нотлогдоогүй, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш, С.Сүхбат, С.Д- нар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгааг үл хөдлөх эд хөрөнгийг бусдын өмч болох нь гэдгийг мэдсэн, мэдэх боломжтой байсан гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Харин шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй алдааг залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэв.

Нэхэмжлэгч нар нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаагүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэг тухайн маргаанд хамааралгүй, харин нэхэмжлэгч нар нь мөн хуулийн 44.4 дэх хэсэгт заасан хугацаа, журмын дагуу гомдлоо гаргаагүй байх тул энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2020/03232 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 гэснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 гэж өөрчилж шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

Н.БАТЗОРИГ