Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2021/00985

 

   

С.Дэлгэрцэцэг, С.Сүхбат нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2020/03232 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2318 дугаар магадлалтай,

 

С.Дэлгэрцэцэг, С.Сүхбат нарын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020.05.15-ны өдөр зохион байгуулсан албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч С.Дэлгэрцэцэг, С.Сүхбат нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Сүхбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нар оролцов.

 

Нэхэмжлэгч С.Дэлгэрцэцэг, С.Сүхбат нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч С.Дэлгэрцэцэг, С.Сүхбат бид Баянзүрх дүүрэг, 11-р хороо, Товчооны 5-90, 5-90А тоот газрыг, түүн дээр баригдсан үл хөдлөх хөрөнгө болох 2 давхар, 10 өрөө, халаалт, сантехник зэрэг бүх зүйл нь шийдэгдсэн амины орон сууцыг төрсөн дүү болох Цагаанхүүгийн Энхбаяр /12 настай/-ын хамт эзэмших, өмчлөх эрхтэй. Дээр дурдсан газрын хувьд Баянзүрх дүүрэг, 11-р хороо, товчооны 5-90 тоот хаягт орших, гэрчилгээний дугаар-0269098 болон нэгж талбарын дугаар-18655307414832 газрыг нэхэмжлэгч С.Дэлгэрцэцэг би эзэмшдэг, миний нэр дээрх газар болно. Гэтэл энэ газар, дүү бид нарын маань эзэмших болон өмчлөх эрх хөндөгдөж байгаа уг газар дээрх барилга байшин маань Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020.05.15-ны өдөр зохион байгуулсан албадан дуудлага худалдаагаар бусдад зарагдсан болохыг мэдсэн.

Бидний ээж Д.Цагаанхүү нь нэхэмжлэлд дурдагдсан газар, бидний амины орон сууцыг Хаан банкны барьцаанд тавьж, уг зээлийн болон барьцааны гэрээний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж миний эзэмшлийн газар, бидний эзэмших, ашиглах, өмчлөх эрх хэрэгжих учиртай газар, байр байшин маань маш хямд өртгөөр, хууль бусаар бусдын өмчлөлд шилжсэн байна. Энэ газар дээр С.Сүхбат миний хувьд шууд өөрийн нэр дээр гэрчилгээ гаргуулж авсан газар энэхүү нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар байхгүй боловч шүүхийн шийдвэрээр бусдад очоод байгаа газар дээр миний бие шууд хөрөнгө оруулалт хийж тус газар дээрх том хашааг бариулж, мод зүлэг тарьж тохижилтыг хийсэн.

Манай гэр бүл бидний ээж Д.Цагаанхүү нь 1999 оны 01 сараас эхэлж БНСУ-д очиж ажиллаж 2004 оноос өөрийн Дэлгэрэх ХХК-ийг БНСУ болон Монгол Улсад байгуулан гадаад, дотоод худалдаа карго, хоолны газар ажиллуулж, шударга хөдөлмөрөөрөө мөнгө хуримтлуулж тухайн газрыг худалдан авч уг газар дээрх амины орон сууцыг бариулсан. Энэ газар нь хувийн зардлаар 1 км орчим газраас шугам татуулж 380 вольтын цахилгааны эх үүсвэрээ шийдсэн, гүний худаг гаргуулсан, цахилгаан халаалттай, бохир, дулаан зэрэг цахилгаан, сантехникийн асуудлаа бүрэн шийдсэн, 360 м.кв талбай бүхий 10 өрөө, 2 давхар амины орон сууцтай газар болно.

Нэхэмжлэгч С.Дэлгэрцэцэг, С.Сүхбат бидний хувьд компанийхаа Монгол дахь ажил үйлсийг хариуцахаас гадна, мөн БНСУ-д очиж ажиллан өөрсдийн бий болгосон хувийн хуримтлал, хөдөлмөрийн хөлсөөрөө дээр дурдсан хөрөнгийг бий болгоход хөрөнгө оруулалт хийсэн. Гэтэл энэхүү газар, үл хөдлөх хөрөнгө бидний зөвшөөрөлгүй, биднийг мэдээгүй байхад бусдад хууль бусаар очиж байгаад гомдол гаргаж шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Биднээс гадна манай дүү 12 настай Энхбаярын хувьд ч гэсэн эзэмших, ашиглах эрх нь зөрчигдөж бидэнтэй адил байдалд орсон байгаа болно.

Иймд бидний эзэмших, ашиглах, өмчлөх эрх ноцтой зөрчигдсөн, эд хөрөнгийн үнэлгээ бодит байдлаас доогуур үнэлэгдсэн, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бидэнд мэдэгдээгүй учир Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020.05.15-ны өдөр зохион байгуулсан албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.08.24-ний өдрийн 101/ШШ2018/02727 дугаар шийдвэрээр Д.Цагаанхүүгээс 135,978,218 төгрөгийг гаргуулж Хаан банкинд олгохоор, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019.05.13-ны өдрийн 19261133 дугаар тогтоолоор үүсгэж, төлбөр төлөгч Д.Цагаанхүүгийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны 5-90 тоот хаягт байрлах 671 м.кв талбайтай газар,Товчоо 5-90А тоот хаягг байрлах 672 м.кв талбайтай газар, 309 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2204029873 дугаарт бүртгэлтэй хувийн сууцыг 2019.08.29-ний өдрийн 19261133/03 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020.02.11-ний өдрийн 19261133/09 дүгээр тогтоолоор хураасан.

Төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдэд үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч Д.Цагаанхүү нь 900,000,000 төгрөгөөр, 5-90 тоот газрын эзэмшигч С.Дэлгэрцэцэг болон төлбөр авагч нарт 2020.02.13-ны өдрийн 4/5271 дүгээр, 2020.02.20-ны өдрийн 4/5813 дугаар үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн боловч үнийн санал ирүүлээгүй тул 2020.03.04-ний өдрийн 133 дугаар тогтоолоор шинжээч томилон үнэлгээ тогтоолгоход 196,546,000 төгрөгөөр үнэлэгдсэн.

Үнэлгээний тайланг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд болон эзэмшигч С.Дэлгэрцэцэгт 2020.03.10-ны өдрийн 4/7838, 4/7837 дугаар албан бичгээр мэдэгдэж 2020.04.17-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах тухай 4/26 дугаар тогтоол, 2020.04.02-ны өдрийн 4/11304, 4/11303 дугаар мэдэгдэл, 2020.05.15-ны өдөр зохион байгуулах хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах тухай 5/17 дугаар тогтоол, 2020.04.30-ны өдрийн 4/16113, 16114 дүгээр мэдэгдэл албадан дуудлага худалдаагаар төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгүүд нь 100,773,000 төгрөгөөр худалдан борлогдсон тухай 2020.05.18-ны өдрийн 4/18241, 4/18240 дугаар мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн. С.Дэлгэрцэцэг шүүх хуралдаанд ажиллагааны талаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаас мэдэгдэх хуудсаар дуудсан асуудлыг мэдэж байсан тайлбартаа хэлсэн.

Төлбөр төлөгч Д Цагаанхүү нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд өөрийн биеэр оролцож, ажиллагаатай холбогдуулан гомдол, хүсэлтийг тус газарт болон Шийдвэр гүйцэтгэх албанд удаа дараа гаргаж байсан. Нэхэмжлэлд дурдсанаар нэхэмжлэгч нар нь түүний төрсөн хүүхдүүд болох нь тогтоогдож байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар мэдээгүй гэх тайлбар нь үндэслэлгүй юм. Мөн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан газрын эзэмшигч С.Дэлгэрцэцэгт үнийн санал ирүүлэх, үнэлгээний тайлан, албадан дуудлага худалдааны тогтоол мэдэгдлийг тухай бүр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу иргэний бүртгэлд бүртгэгдсэн Өмнөговь аймгийн Даланзадгад 6 дугаар баг, Их уул Малчины 4 дүгээр гудамжны 51 тоот хаягт баталгаат шуудангаар хүргүүлж байсан. С.Сүхбат эд хөрөнгийг өмчлөх эзэмшигч биш учир түүнд ажиллагааг мэдэгдэх үүрэг байхгүй. Өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээс шаардах эрх нь нээлттэй байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2020/03232 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дуудлага худалдааг хүчингүй болгуулах С.Дэлгэрцэцэг, С.Сүхбат нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2318 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2020/03232 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 гэснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 гэж өөрчилж шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч С.Дэлгэрцэцэг, С.Сүхбат нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.09-ний өдрийн 2318 тоот магадлалд хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч С.Дэлгэрцэцэг, С.Сүхбат бид Баянзүрх дүүрэг, 11-р хороо, Товчооны 5-90 тоот болон 5-90А тоот газрыг, түүн дээр баригдсан үл хөдлөх хөрөнгө болох 2 давхар, 10 өрөө, халаалт, сантехник зэрэг бүх зүйл нь шийдэгсэн амины орон сууцыг төрсөн дүү болох Цагаанхүүгийн Энхбаяр /12 настай/-ын хамт эзэмших, өмчлөх эрхтэй билээ. Дээр дурдсан газрын хувьд Баянзүрх дүүрэг, 11-р хороо, Товчооны 5-90 тоот хаягт орших, гэрчилгээний дугаар-0269098 болон нэгж талбарын дугаар-18655307414832 газрыг нэхэмжлэгч С.Дэлгэрцэцэг би эзэмшдэг, миний нэр дээрх газар болно.

Гэтэл энэ газар дүү бид нарын маань эзэмших болон өмчлөх эрх хөндөгдөж байгаа уг газар дээрх барилга байшин маань Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020.05.15-ны өдөр зохион байгуулсан албадан дуудлага худалдаагаар бусдад зарагдсан байсан. Бидний ээж Д.Цагаанхүү нь нэхэмжлэлд дурдагдсан газар, бидний амины орон сууцыг Хаан банкны барьцаанд тавьж, уг зээлийн болон барьцааны гэрээний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж миний эзэмшлийн газар, бидний эзэмших, ашиглах, өмчлөх эрх хэрэгжих учиртай газар, байр байшин маань маш хямд өртгөөр, хууль бусаар бусдын өмчлөлд шилжсэн болохыг бид суүлд мэдсэн. Нэхэмжлэгч нар нь шүүхийн шийдвэрээр бусдад очоод байгаа газар, үл хөдлөх хөрөнгө дээр өөрсдийн хөрөнгө мөнгийг гаргаж шууд хөрөнгө оруулалт хийж, тус газар дээрх цахилгаан, сантехник, цэвэр усны болон бохирын шугам, амины орон сууц болон хашааг бариулж, мод зүлэг тарьж, тохижилтыг хийсэн. Нэхэмжлэгч бид болон бидний ээж Д.Цагаанхүү нь 1999 оны 1 сараас эхлэж БНСУ-д очиж ажиллаж, 2004 оноос өөрийн Дэлтэрэх ХХК-ийг БНСУ болон Монгол Улсад байгуулан гадаад, дотоод худалдаа, карго, хоолны газар ажиллуулж, шударга хөдөлмөрөөрөө мөнгө хуримтлуулж тухайн газрыг худалдаж аван, уг газар дээрх амины орон сууцыг бариулсан. Энэ газар нь хувийн зардлаар 1 км орчин газраас шугам татуулж 380 вольтын цахилгааны эх үүсвэрээ шийдсэн, гүний худаг гаргуулсан, цахилгаан халаалттай, бохир, дулаан зэрэг цахилгаан, сантехникийн асуудлаа бүрэн шийдсэн, 360 м.кв талбай бүхий 10 өрөө, 2 давхар амины орон сууцтай газар болно. Нэхэмжлэгч С.Дэлгэрцэцэг, С.Сүхбат бидний хувьд компанийхаа Монгол дахь ажил үйлсийг хариуцахаас гадна БНСУ-Д очиж ажиллан өөрсдийн бий болгосон хувийн хуримтлал, хөдөлмөрийн хөлсөөрөө дээр дурдсан хөрөнгийг бий болгоход хөрөнгө оруулалт хийсэн болно. Биднээс гадна манай дүү 12 настай Энхбаярын хувьд ч гэсэн эзэмших, ашиглах, өв залгамжлах эрх нь зөрчигдөж бидэнтэй адил байдал орсон байгаа болно. Нэхэмжлэгч С.Дэлгэрцэцэгийн өмчлөлийн газар, түүн дээрх барилга байшин, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын асуудал яригдаж байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас энэ талаар бидэнд мэдэгдээгүй, энэ талаар огт мэдээгүй байхад миний нэр дээрх эзэмших эрхтэй газар, бидний хөрөнгө оруулсан барилга байшин, өмчлөлийн бусад зүйл маань шүүхийн шийдвэрээр бусдын өмчлөлд шилжиж, энэ хууль бус шүүхийн шийдвэр дээр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, одоо бид хууль ёсны эзэмших, өмчлөх эрхээ хууль бусаар алдаж байгаад гомдож Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч дээр дурдсан шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг маань хангахгүй орхисон.

Иймд бидний эзэмших, өмчлөх эрхийг хамгаалж хууль, шударга ёсонд нийцсэн шийдвэр гарган өгч, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.09.18-ны өдрийн 101/ШШ2020/03232 тоот шийдвэрийг хүчингүй болгож, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020.05.15-ны өдөр иргэн Цагаанхүүд холбогдуулан явуулсан албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах шаардлага гаргаж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч тус шүүхээс хэргийн оролцогчдыг оролцуулахгүйгээр шүүх хуралдааны товыг мэдэгдэхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.09-ний өдрийн 2318 тоот магадлалыг гаргасан байна.

Нэхэмжлэгч, гомдол гаргагчийн зүгээс шүүх хуралдаанд биечлэн оролцохоо илэрхийлж байсан бөгөөд эхний удаа шүүх хуралдааныг товлосон товыг мэдэгдсэн боловч бүх нийтийг хамарсан хөл хорио тогтоосон гэдэг шалтгаанаар шүүх хуралдааныг тодорхой бус хугацаагаар хойшлуулсан, тов тодорхой болохоор мэдэгдэнэ гэж хэлж байснаа дээр дурдсан шүүхийн магадлалыг гаргасан, хуралдааны товыг бидэнд мэдэгдэхгүйгээр шүүх хуралдааныг хийсэн байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зохих зүйл заалт болон Үндсэн хуулиар олгогдсон шударга шүүхээр шүүлгэх, мэргэжлийн туслалцаа авах, өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхээр хангагдах зарчмыг зөрчсөн хууль зөрчсөн үйлдэл болсон.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна.

Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.09.18-ны өдрийн 101/ШШ2020/03232 тоот шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.09-ны өдрийн 2318 тоот магадлалыг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч С.Дэлгэрцэцэг, С.Сүхбат нар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020.05.15-ны өдөр зохион байгуулсан албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүхээс шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээсэн байна.

 

Нэхэмжлэгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...давж заалдах шатны шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 177.2.2.-т заасныг зөрчсөн тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нарын гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар давж заалдах шатны шүүх 2020.12.09-ний өдрийн шүүх хуралдааны товыг хэргийн оролцогчдод буюу нэхэмжлэгч нарт мэдэгдээгүй болох нь хэргийн 109 дүгээр талд авагдсан 2020.12.01-ний өдрийн шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсаар нотлогдож байна.

 

Тухайлбал, 2020.12.01-ний өдрийн шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудаст ...нэхэмжлэгч нар нь шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлт гаргаагүй, ...Монгол Улсад 2020.11.11-ний өдрийн байдлаар короновирус халдвар дотооддоо тархсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020.11.11-ний өдрийн №178 дугаартай тогтоол, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2020.11.11-ний өдрийн 01/1163 дугаар Шуурхай арга хэмжээ авах тухай зөвлөмж, Улсын Онцгой комиссын 2020.11.12-ны өдөр гаргасан шийдвэрүүдийн дагуу улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан шүүх хуралдаан эзгүйгээр шийдвэрлэсэн. гэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ гэж, 25 дугаар зүйлийн 25.1.2.-т хэргийн оролцогч шүүх хуралдаанд оролцох эрхтэй гэж, 76 дугаар зүйлийн 76.1.2.-т шүүх хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэх үүрэгтэй гэж тус тус зохицуулжээ.

 

Давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчдод шүүх хуралдааны товыг мэдэгдэх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч нарын шүүх хуралдаанд оролцох эрхийг хязгаарлаж, хэрэг хянаны шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

 

Иймд нэхэмжлэгч нарын гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2318 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч С.Сүхбатаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Г.ЦАГААНЦООЖ

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД