Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2020/03232

 

2020         09          18                                         101/ШШ2020/03232

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж,

Нэхэмжлэгч: 0 тоотод оршин суух, РД:, Т овогт С Д,

Нэхэмжлэгч: 0 тоотод оршин суух, РД:, Т овогт С С нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

            Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 05-р сарын 15-ны өдөр зохион байгуулсан албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Д, С.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Г, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Д, С.С нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.Д, С.С бид тоот газрыг, түүн дээр баригдсан үл хөдлөх хөрөнгө болох 2 давхар, 10 өрөө, халаалт, сантехник зэрэг бүх зүйл нь шийдэгдсэн амины орон сууцыг төрсөн дүү болох Цгийн Э /12 настай/-ын хамт эзэмших, өмчлөх эрхтэй. Дээр дурдсан газрын хувьд 0тоот хаягт орших, гэрчилгээний дугаар:0 болон нэгж  талбарын дугаар: газрыг нэхэмжлэгч С.Д би эзэмшдэг, миний нэр дээрх газар болно. Гэтэл энэ газар, дүү бид нарын маань эзэмших болон өмчлөх эрх хөндөгдөж байгаа уг газар дээрх барилга байшин маань Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020-05-15-ны өдөр зохион байгуулсан албадан дуудлага худалдаагаар бусдад зарагдсан болохыг мэдсэн.

Бидний ээж Д.Ц нь нэхэмжлэлд дурдагдсан газар, бидний амины орон сууцыг ХААН банкны барьцаанд тавьж, уг зээлийн болон барьцааны гэрээний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж миний эзэмшлийн газар, бидний эзэмших, ашиглах, өмчлөх эрх хэрэгжих учиртай газар, байр байшин маань маш хямд өртгөөр, хууль бусаар бусдын өмчлөлд шилжсэн байна. Энэ газар дээр С.С миний хувьд шууд өөрийн нэр дээр гэрчилгээ гаргуулж авсан газар энэхүү нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар байхгүй боловч шүүхийн шийдвэрээр бусдад очоод байгаа газар дээр миний бие шууд хөрөнгө оруулалт хийж тус газар дээрх том хашааг бариулж, мод зүлэг тарьж тохижилтыг хийсэн.

Манай гэр бүл бидний ээж Ц нь 1999 оны 01 сараас эхэлж БНСУ-д очиж ажиллаж 2004 оноос өөрийн “Дэлгэрэх” ХХК-ийг БНСУ болон Монгол Улсад байгуулан гадаад, дотоод худалдаа карго, хоолны газар ажиллуулж, шударга хөдөлмөрөөрөө мөнгө хуримтлуулж тухайн газрыг худалдан авч уг газар дээрх амины орон сууцыг бариулсан. Энэ газар нь хувийн зардлаар 1 км орчим газраас шугам татуулж 380 вольтын цахилгааны эх үүсвэрээ шийдсэн, гүний худаг гаргуулсан, цахилгаан халаалттай, бохир, дулаан зэрэг цахилгаан, сантехникийн асуудлаа бүрэн шийдсэн, 360 м2 талбай бүхий 10 өрөө, 2 давхар амины орон сууцтай газар болно.

Нэхэмжлэгч С.Д, С.С бидний хувьд компанийхаа Монгол дахь ажил үйлсийг хариуцахаас гадна, мөн БНСУ-д очиж ажиллан өөрсдийн бий болгосон хувийн хуримтлал, хөдөлмөрийн хөлсөөрөө дээр дурдсан хөрөнгийг бий болгоход хөрөнгө оруулалт хийсэн.

Гэтэл энэхүү газар, үл хөдлөх хөрөнгө бидний зөвшөөрөлгүй, биднийг мэдээгүй байхад бусдад хууль бусаар очиж байгаад гомдол гаргаж шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Биднээс гадна манай дүү 12 настай Эын хувьд ч гэсэн эзэмших, ашиглах эрх нь зөрчигдөж бидэнтэй адил байдалд орсон байгаа болно.

Иймд бидний эзэмших, ашиглах, өмчлөх эрх ноцтой зөрчигдсөн, эд хөрөнгийн үнэлгээ бодит байдлаас доогуур үнэлэгдсэн, нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бидэнд мэдэгдээгүй учир нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020-05-15-ны өдөр зохион байгуулсан албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2018/0 дугаар шийдвэрээр Д.Ц-ээс 135.978.218 төгрөгийг гаргуулж Хаан банкинд олгохоор, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019-05-13-ны өдрийн 19261133 дугаар тогтоолоор үүсгэж төлбөр төлөгч Д.Ц-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан 0 тоот хаягт байрлах 671 м.кв талбайтай газар,0 тоот хаягт байрлах 672 м.кв талбайтай газар, 309 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэлтэй хувийн сууцыг 2019-08-29-ний өдрийн 0 дугаар тогтоолоор битүүмжилж 2020-02-11-ний өдрийн 0 дүгээр тогтоолоор хураасан.

Төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдэд үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч Д.Ц нь 900.000.000 төгрөгөөр, 5-90 тоот газрын эзэмшигч С.Д болон төлбөр авагч нарт 2020-02-13-ны өдрийн 4/ дүгээр, 2020-02-20-ны өдрийн 4/5  дугаар үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн боловч үнийн санал ирүүлээгүй тул 2020-03-04-ний өдрийн 133 дугаар тогтоолоор шинжээч томилон үнэлгээ тогтоолгоход 196.546.000 төгрөгөөр үнэлэгдсэн.

Үнэлгээний тайланг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд болон эзэмшигч С.Дт 2020-03-10-ны өдрийн 4/7838, 4/7837 дугаар албан бичгээр мэдэгдэж 2020-04-17-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах тухай 4/26 дугаар тогтоол, 2020-04-02-ны өдрийн 4/11304 4/11303 дугаар мэдэгдэл, 2020-05-15-ны өдөр зохион байгуулах хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах тухай 5/17 дугаар тогтоол, 2020-04-30-ны өдрийн 4/16113, 16114 дүгээр мэдэгдэл албадан дуудлага худалдаагаар төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгүүд нь 100.773.000 төгрөгөөр худалдан борлогдсон тухай 2020-05-18-ны өдрийн 4/18241, 4/18240 дугаар мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн. С.Д шүүх хуралдаанд ажиллагааны талаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаас мэдэгдэх хуудсаар дуудсан асуудлыг мэдэж байсан тайлбартаа хэлсэн.

Төлбөр төлөгч Д Ц нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд өөрийн биеэр оролцож, ажиллагаатай холбогдуулан гомдол, хүсэлтийг тус газарт болон Шийдвэр гүйцэтгэх албанд удаа дараа гаргаж байсан. Нэхэмжлэлд дурдсанаар нэхэмжлэгч нар нь түүний төрсөн хүүхдүүд болох нь тогтоогдож байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар мэдээгүй гэх тайлбар нь үндэслэлгүй юм. Мөн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан газрын эзэмшигч С.Дт үнийн санал ирүүлэх, үнэлгээний тайлан, албадан дуудлага худалдааны тогтоол мэдэгдлийг тухай бүр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу иргэний бүртгэлд бүртгэгдсэн Өмнөговь аймгийн тоот хаягт баталгаат шуудангаар хүргүүлж байсан. С.С эд хөрөнгийг өмчлөх эзэмшигч биш учир түүнд ажиллагааг мэдэгдэх үүрэг байхгүй. Өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээс шаардах эрх нь нээлттэй байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Д, С.С нар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулж байгаа ажиллагаа нь эзэмших, ашиглах эрх нь зөрчигдөж, үнэлгээ зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлэгдсэн учир 2020-05-15-ны өдөр зохион байгуулсан албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08-р сарын 24-ний өдрийн 2727 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт зааснаар Д.Цгээс зээлийн гэрээний төлбөрт 135.978.218,48 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11.407.055 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Д.Ц нь зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө 0тоот хаягт байршилтай, иргэний ахуйн зориулалттай, 671 м.кв талбайтай, нэгж талбарын дугаартай, эзэмших эрхийн  дугаар бүхий гэрчилгээтэй газар, 0 тоот хаягт байршилтай, иргэний ахуйн зориулалттай, 672 м.кв талбайтай, нэгж талбарын дугаартай, эзэмших эрхийн  дугаар бүхий гэрчилгээтэй газар, 0 тоот хаягт байршилтай 309 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэлтэй хувийн сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. Шийдвэрт зохигч давж заалдах гомдол гаргаагүй шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. 

Төлбөр төлөгч Д.Ц нь төлбөрийг төлөөгүй үндэслэлээр 2019-05-09-ний өдрийн 7455 шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлд зааснаар шүүхийн гүйцэтгэх хуудсыг бичсэн байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Шүүхийн гүйцэтгэх хуудасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан байх бөгөөд шүүхийн шийдвэрт заасан үүргээ биелүүлэхийг мэдэгдэж тэмдэглэл үйлджээ.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх 2019-05-13-ны өдрийн дугаар тогтоолыг гаргаж, 2019-08-09-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг үйлдэж 2019-09-02-ны дотор шүүхийн шийдвэрт заасан үүргийг биелүүлэх хугацаа тогтоож, 2020 оны 02 сарын 11-ний өдөр “Эд хөрөнгө хураах тухай тогтоол” үйлдэж, шүүхийн шийдвэрт заасан үүргийг 2020 оны 08 сарын 18-ны өдөр биелүүлэх хугацаа тогтоож, үүргийг биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Д.Ц-д мэдэгджээ. /хх-ийн 50-56 тал/

Өмчлөгч С.Дт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газраас 2020-02-13-ны өдрийн 4/, 2020-02-20-ны өдрийн 4/5 албан бичгээр үнийн саналыг хүргүүлсэн байна. /хх-ийн 56, 59, 62 тал/

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Д нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газраас 2020-02-13-ны өдрийн 4/5, 2020-02-20-ны өдрийн 4/5 албан бичиг хүргүүлсэн, мөн шийдвэр гүйцэтгэгч Б.М 0 дугаарын утас руу удаа дараа холбогдож үнийн саналын талаар мэдэгдсэн байна. /хх-ийн 56-57 тал/

Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчөөс үнийн санал авах ажиллагааг хийж, төлбөр төлөгч Д.Ц,  0 тоотод байрлах 309 м.кв хувийн сууц, 672 м.кв талбайтай газар, 671 бүхий эд хөрөнгөө 900.000.000 төгрөгөөр үнэлнэ гэсэн үнийн саналыг гаргажээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1., 55 дугаар зүйлийн 55.2.-т зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2020 оны 03 сарын 04-ний өдрийн 133-р тогтоолоор “Виннэр Вэй” ХХК-ийг шинжээчээр томилж, төлбөр төлөгч Д.Ц, батлан даагч С.Д нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоохыг даалгажээ.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэхээр заасан тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжлэн хураагдсан төлбөр төлөгч Д.Ц, С.Д нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ хийлгэхээр шинжээч томилсон нь үндэслэлтэй, хууль зөрчөөгүй байна.

Шийдвэр гүйцэтгэгч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхээс өмнө шинжээчид Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлд заасан эрх, үүргийг тайлбарлан өгч, хөрөнгийн үнэлгээний тайланг “Виннэр Вэй” ХХК гаргаж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлжээ. /хх-ийн 69-72 тал/

Уг тайланд “...0 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэлтэй 309 м,кв хувийн сууц, тус хаягт байрлах эзэмших эрхийн гэрчилгээний  тоот дугаартай 672 м,кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрхтэй газар, 0 тоотод байрлах эзэмших эрхийн гэрчилгээний  дугаартай 671 м,кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрхтэй газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгө, газрын хамт зах зээлийн үнэлгээний дүн 196.546.000 төгрөг” гэж үнэлсэн. /хх-ийн 68-93 тал/

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгч Д.Ц, С.Д нарт 2020-03-10-ны өдөр хөрөнгийн үнэлгээний талаарх мэдэгдлийг хүргүүлжээ. Төлбөр төлөгч Д.Ц, С.Д нар үнэлгээг эс зөвшөөрч, хөрөнгийн үнэлгээтэй холбогдуулан хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй байна.

Албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг 2020-03-31-ний өдөр гаргаж хуульд зааснаар мэдэгдсэн байна. 

Нэхэмжлэгч С.С нь дээрхи үл хөдлөх эд хөрөнгө, газрыг эзэмших, өмчлөх эрхтэй болох нь нотлогдоогүй, нэхэмжлэгч С.Д эзэмших, ашиглах эрх зөрчигдсөн, үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн гэж тайлбарлаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2.-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж, нотлоогүй.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээч томилсон ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1., 55 дугаар зүйлийн 55.2.6.-д заасны дагуу  явагдсан байна. Мөн шинжээчээр томилогдсон “Виннэр Вэй” ХХК төлбөр төлөгч Д.Ц, С.Д өмчлөлийн эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоосон үйл ажиллагаа нь “Шүүхийн шинжилгээний тухай хууль”, “Хөрөнгийн үнэлгээний тухай хууль”-д заасан журмын дагуу хийгдсэн байх ба хөрөнгийн үнэлгээний тайлан ”Хөрөнгийн үнэлгээний тухай хууль”-ийн 9 дүгээр зүйлийн 9.2.1-д “хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх”, 9.2.3-т “хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх” шаардлагыг хангасан байна.

Д.Ц, С.Д нар нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хуульд зааснаар гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй, анхны болон хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгох үндэслэл баримтаар тогтоогдохгүй байх тул С.Д, С.С нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                                                              

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 2020 оны .. дугаар сарын ..-ны өдрийн дуудлага худалдааг хүчингүй болгуулах С.Д, С.С нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Т.БОЛОРМАА