Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2020/02295

 

МАГАДЛАЛ

2020.12.07. Дугаар 2295

 

 

 

 

 

 

Д.Бгийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2020/02662 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Бгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Нт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 9 640 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б нь Х.Нтэй 3 удаа зээлийн гэрээ байгуулсан. Х.Н нь зар мэдээ сонинд 3 000 000 төгрөг зээлж хажуу өрөөнд амьдруулна гэсэн зар өгсөн бөгөөд 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 3 500 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, хүүгүйгээр зээлүүлсэн. Зээлийн хүүнд нь хажуу өрөөнд амьдрахаар болсон ба 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 500 000 төгрөгийг дансаар, 3 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн. 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 2 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлэхээр тохиролцсон. 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өмнөх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан дахин 1 000 000 төгрөг нэмж нийт 3 000 000 төгрөгийг 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл хугацааг сунгасан. 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 1 700 000 төгрөгийг, сарын 10 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлж авсан. Энэ гэрээний хувьд хэдийгээр хугацаа дуусаагүй боловч зээлдэгчийн эдийн засгийн байдал илт доройтсон, өмнөх 2 зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангаагүй, буцаан төлөх чадваргүй болсон гэж үзэж байгаа тул хугацаанаас нь өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж байгаа. Өнөөдрийн байдлаар Х.Нээс эхний гэрээний үүргийн гүйцэтгэлд 3 500 000 төгрөг, 2 дахь зээлийн гэрээний үүрэгт 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хүү 300 000 төгрөг, нэмэлт өөрчлөлт оруулсан хоёр дахь зээлийн гэрээний үүрэгт 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүртэлх хүү 1 200 000 төгрөг, үндсэн зээл 3 000 000 төгрөг, гурав дахь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн төлбөрт 1 700 000 төгрөг, хүү 1 990 000 төгрөг, нийт 10 890 000 төгрөгөөс хариуцагч нь 1 200 000 төгрөгийг төлсөн тул Х.Нээс 9 640 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Н миний бие Д.Бтай 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээ, 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн гэрээ, 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээг тус тус бичгээр байгуулсан боловч Д.Б нь надад сүүлд байгуулсан хоёр зээлийн гэрээний дагуу ямар ч мөнгө зээлдүүлээгүй. Зээлийн гэрээнд тусгасан 3 000 000 төгрөг, 2 000 000 төгрөг, 1 700 000 төгрөгийг Д.Бгаас авч өөрөө ашиглах гэж байсан боловч, надтай зээлийн гэрээг удаа дараа байгуулж, амлалт бичиг үйлдчихээд тус мөнгөн хөрөнгөөс өгөөгүй. Харин 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 3 500 000 төгрөг авсан нь үнэн бөгөөд зээлийн гэрээний дагуу хүүгүй гэрээ байгуулсан. Бичгийн хэлбэрээр зээлийн гэрээ байгуулсан ч бодит байдал дээр шилжигдээгүй мөнгөний эргэн төлөлтийн төлбөр болон түүний хүүг төлөхгүй. 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн хүүгүй зээлийн гэрээний дагуу 3 500 000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хүлээн зөвшөөрч байна гэж шүүхэд өгсөн тайлбартаа алдаатай бичсэн байна. Д.Б гэрээний үүрэгт тодорхой хэмжээний мөнгө шилжүүлэх үүрэг хүлээсэн, нөгөө талаас мөнгө авах эрх үүссэн байсан. Х.Н нь Д.Бгаас мөнгө шилжүүлж авсан бол үндсэн төлбөр болон хүүгийн хамт төлөх үүрэг хүлээх байсан. Гэтэл Д.Б нь огт мөнгө шилжүүлээгүй. Хэрэгт авагдсан зээлийн гэрээ нь хэдий хуулийн шаардлага хангасан боловч зээлдүүлэгч мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул Х.Н нь Д.Бгийн өмнө үүрэг, хариуцлага хүлээх үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хаянхярваагийн Н-ээс 9 640 000 /есөн сая зургаан зуун дөчин мянга/ төгрөг гаргуулж Даваагийн Б-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 169 190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Х.Нээс 169 190 төгрөг гаргуулж Д.Бд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх ...хариуцагч Х.Н нь 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний дагуу Д.Бгаас 3 500 000 төгрөгийг авсан нь үнэн гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрсөн байх ба зар мэдээ сурталчилгаа сонины 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 63 дугаарт 3, 4 дүгээр хороололд хажуу өрөөг 3 000 000 төгрөг зээлсэн хүнийг суулгана гэж өөрийн 94143677 дугаар бүхий утсыг тавьсан нь 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 01/42 тоот албан бичиг, зар мэдээ сониноор тогтоогдсон гэж дүгнэсэн нь талуудын хооронд үүссэн харилцааг үнэн зөв тодорхойлж чадаагүй. Д.Б болон Х.Нийн хооронд 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 3 500 000 төгрөгийг, 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 2 000 000 төгрөгийг, 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 1 700 000 төгрөгийг зээлэхээр тохиролцож бичгийн баримт үйлдсэн боловч дээрх гэрээнүүд хэрэгжиж байгаагүй. Өөрөөр хэлбэл, Д.Б нь Х.Нт мөнгөн хөрөнгийг шилжүүлж өгөөгүй. Д.Бгийн дансны хуулгаар Х.Нийн данс руу зээл гэсэн утгатай гүйлгээ хийгдэж байгаагүй байхад анхан шатны зээлээгүй төлбөрийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон тул 3 сарын хүү 450 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүй, зээлийн тооцооллыг буруу тооцсон тул шүүхийн шийдвэр өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Х.Нт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9 640 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгөөгүй тул зээлийн гэрээний үүргийг шаардах эрхгүй гэж маргажээ.

 

Талууд хооронд 4 удаа зээлийн гэрээ байгуулагдсан байна. Зээлдүүлэгч Д.Б нь зээлдэгч Х.Нт 2018 оны 9 дүгээр сарын сарын 14-ны өдрийн зээлийн гэрээгээр 3 500 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай /хүүгүй/, 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн гэрээгээр 2 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлж, 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 1 000 000 төгрөгийг өмнөх зээл дээр нэмж, нийт 3 000 000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 8 сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэй зээлэхээр тохирч, өмнө гэрээний нөхцлийг өөрчилсөн, 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээгээр 1 700 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлэх, зээлдэгч нь зээлийн хүүг гэрээгээр тогтоосон хугацаанд төлөхөөр тохиролцсон үйл баримт тогтоогдсон байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ. /хх-3-5/

 

Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй ба зээлийн гэрээг бичгээр байгуулж, гэрээнд зээлийн хүү төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж заасантай нийцжээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүүгүй зээлсэн 3 500 000 төгрөгийг зөвшөөрч, бусад зээлийн төлбөрийг аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан байна.

 

Нэхэмжлэгч Д.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 2 000 000 төгрөгийг хариуцагч Х.Нийн охин Д.Баттуяагийн эзэмшлийн 5429546523 тоот дансанд мөн өдөр шилжүүлсэн болох хэрэгт авагдсан Хаан банк ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдсон, мөн хариуцагч нь 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн болон 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн гэрээний дагуу 3 500 000 төгрөг болон 1 700 000 төгрөгийг хүлээн авсан болохоо зөвшөөрсөн тайлбарыг бичгээр гаргасан байна./хх-7,11/ Хэргийн 3 дугаар талд авагдсан зээлийн гэрээний ард 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Д.Бгаас нэмж 1 000 000 төгрөг зээлэв гэж бичсэн байна. Эдгээр нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар харьцуулан үзэхэд зээлдүүлэгч нь нийт 8 200 000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Хариуцагч Х.Н нь 2018 оны 9 дүгээр сарын сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 3 500 000 төгрөг төлөх, 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг 2 000 000 төгрөгийн 5 хувийн хүүг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 3 сараар тооцоход 300 000 төгрөг төлөх , 2018 оны 12 дугаар сарын 23-нд 1 000 000 төгрөг нэмж зээлэн, уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 28-ны хооронд нийт 3 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй 8 сарын хугацаатай зээлсэн боловч 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр гэрээнээс татгалзсан өдрөөр хүүг тооцоход 750 000 төгрөг буюу нийт 3 750 000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн гэрээний үүрэг 1 700 000 төгрөгт нэхэмжлэлд дурдсанаар 7 сарын хүү тооцоход 1 190 000 төгрөг буюу нийт 2 890 000 төгрөг буюу бүгд 10 440 000 төлөхөөс зээлийн төлбөрт төлсөн 1 250 000 төгрөгийг хасахад 9 190 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

 

Иймд зээлийн төлбөрөөс 450 000 төгрөгийг хасаж тооцон, хариуцагчаас зээлийн төлбөрт нийт 9 190 000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй. Зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгөөгүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2020/02662 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Нээс 9 190 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 450 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтын ...169 190 төгрөг гэснийг ... 161 990 төгрөг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 169 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Д.БАЙГАЛМАА