Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00376

 

 

 

 

 

 

 

 

                                        В ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Ч.Цэнд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 184/ШШ2019/01014 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч В ХХК-ийн хариуцагч МФ ХХК-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 185 699 250 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, Ө.О, хариуцагчийн өмгөөлөгч Х.И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: МФ ХХК нь 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 01/2016 дугаар зээлийн гэрээгээр 100 000 000 төгрөг хүүтэй, барьцаагүй зээлдэн авсан. Зээлдэгч 2016 оны 7 дугаар сараас сар бүр зээлийн хүүнд 3 500 000 төгрөг төлж, 2018 оны 8 дугаар сараас хойш зээлийн хүүг төлөөгүй. 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр МФ ХХК-тай зээлийн хүүгийн төлбөл зохих тооцоог нийлсэн. Ингээд зээлийн гэрээний хүүгийн төлбөрт 23 799 500 төгрөг гэж тооцоо нийлж, талууд гарын үсэг зурсан. Иймд үндсэн зээл 100 000 000 төгрөг, зээлийн хүү 23 799 500 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх алданги 321 878 440 төгрөг /618 997 520 хоног/ болох боловч гэрээний үүрэг нийт төлбөрийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүйгээр тооцохоор 61 899 750 төгрөг, нийт 185 699 250 төгрөг болно. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 85 699 250 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн хариу тайлбарт: Зээлийн хүүнд 23 799 500 төгрөг, алданги 61 899 750 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Зээлийн хүүг цаг хугацаанд нь төлж байсан бөгөөд манай байгууллагад зээлийн хүү 23 799 500 төгрөгийн үлдэгдэлтэй талаар мэдээлэл ирээгүй. Алданги тооцохгүй гэж тохиролцсон атлаа 61 899 750 төгрөгийн алданги нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. МФ ХХК нь 5 хувьцаа эзэмшигчтэй байгууллага бөгөөд нэхэмжлэгчээс зээлсэн гэх 100 000 000 төгрөгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулаагүй. 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Д.Гнь зээлийн гэрээ байгуулсан асуудал нь хөндөгдөж, Д.Гажлаас чөлөөлөгдөж, гүйцэтгэх захирлаар Г.Мзахирал солигдсон. 100 000 000 төгрөгийг иргэн Д.Гзээлдэн авсан, МФ ХХК зээлийн гэрээ байгуулаагүй. Хэрвээ компанийн үйл ажиллагаанд зориулахаар зээл авсан бол ТУЗ-ийн гишүүн болон хувьцаа эзэмшигч нараас зөвшөөрөл авах ёстой байсан. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлд зааснаар гүйцэтгэх захирал нь их хэмжээний хэлцэл хийх эрхгүй этгээд бөгөөд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Мөн хэлцэл хийх эрхгүй этгээдтэй байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг МФ ХХК хариуцах үндэслэлгүй. МФ ХХК болон В ХХК нь хуулийн этгээдүүд бөгөөд тухайн хэлцэл нь 2 иргэний хооронд хийсэн хэлцэл биш, 2 хуулийн этгээдийн хооронд байгуулсан хэлцэл учраас Д.Гыг тухайн компанийг төлөөлөх эрхтэй этгээд мөн үү гэдгийг шалгасны үндсэн дээр хэлцэл хийх ёстой байсан. 100 000 000 төгрөг манай компанийн харилцах данс руу орж Д.Гхүлээн авч ашигласан учир компани төлөхгүй. Нийт 22 825 500 төгрөг төлсөн дээр маргаан байхгүй. Гүйцэтгэх удирдлага нь Компанийн тухай хууль, Иргэний хуулийг зөрчиж гэрээ байгуулсан тул хэлцэл хүчин төгөлдөр бус тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар хариуцагч МФ ХХК-аас 133 761 750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч В ХХК-д олгож, үлдэх 51 937 500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 086 500 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч МФ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 826 758 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч В ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Отгонжаргалын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүх холбогдох хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг үнэн зөв үнэлээгүй, хэргийн оролцогчийн эрхийг зөрчиж, өмгөөлөгчтэй шүүх хуралд оролцох эрхийг олгоогүй, мэтгэлцэх зарчмыг алдагдуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлд заасныг зөрчиж байгуулагдсан гэрээ хэлцэл байхад шүүх хуульд заасан эрх хэмжээний хүрээнд байгуулсан гэрээ хэлцэл гэж дүгнэсэн нь буруу. 2016 онд Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Галбадрах нь ТУЗ-өөс зөвшөөрөл авалгүй их хэмжээний хэлцэлд хамаарах үнийн дүнтэй зээлийн гэрээг байгуулсан байсан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар шүүх тус зээлийн гэрээг хүчин төгөлдөр болох эсэхийг үнэн зөв тодорхойлж чадаагүй. Зээлийн гэрээний дүн нь 100 000 000 төгрөг байхаар гэрээнд заасан байх боловч уг дүнгийн хэмжээ нь хариуцагчийн хувьд их хэмжээний хэлцэлд хамаарахаар байна. М ХХК-ийн дүрэмд зааснаар гүйцэтгэх захирал нь их хэмжээний хэлцэл бие даан байгуулах эрхгүй. М ХХК-ийн дүрэмд заасны дагуу гүйцэтгэх захирал Г.Мнь их хэмжээний хэлцэл гэж үзэж болох мөнгөн дүнгийн хэмжээг /2016 оны байдлаар/ тодорхойлсон. Энэхүү их хэмжээний хэлцэл тодорхойлох нотлох баримтыг шүүхэд гаргасан боловч шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг үндэслэлгүйгээр үгүйсгэж нэг талыг барьж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль бус шийдвэр болсон.  Хариуцагчийн өмгөөлөгчтэй шүүх хуралд оролцох эрхийг хангаагүй, эрх зүйн туслалцаа авах эрхийг нь зөрчиж шүүх хуралдааныг явуулж хэргийг шийдвэрлэсэн. Өмгөөлөгч С.У нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхэд шүүх хурал давхардсан хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаар хариуцагч нотлох баримт шүүхэд гаргаагүй боловч шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд өмгөөлөгчийн хурал давхардсан эсэх талаар шалгаж болох байсан. Мөн С.У өмгөөлөгчөөс татгалзаж, өөр өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, хууль зүйн туслалцаа авах боломж байсан боловч боломж олголгүй хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан. Хариуцагч МФ ХХК нь В ХХК-д холбогдуулан 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан боловч улсын тэмдэгтийн хураамж дутуу төлсөн, бүрдүүлбэр хангаагүй гэсэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хүлээн аваагүй. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлж хуулийн өмнө мэтгэлцэх, зөрчигдсөн эрх ашгаа хамгаалах боломжоор хангаагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч В ХХК нь хариуцагч МФ ХХК-д холбогдуулан зээл 100 000 000 төгрөг, зээлийн хүү 23 799 500 төгрөг, алданги 61 899 750 төгрөг, нийт 185 699 250 төгрөг нэхэмжилснээс хариуцагч үндсэн зээлийн үлдэгдлийг зөвшөөрч, бусад хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч нь 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгч компаниас 100 000 000 төгрөг 6 сарын хугацаатай сарын 2 хувийн хүүтэй зээлдэн авч, үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцож төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Гэрээний зүйлийг нэхэмжлэгч нь хариуцагчид шилжүүлж өгсөн байх боловч зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлтйн 282.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид шаардах эрх үүснэ. /хх5-6, 44-45/

      Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт нийт 112 000 000 төгрөг /үндсэн зээл 100 000 000 төгрөг, зээлийн хүү 12 000 000 төгрөг/ төлөхөөс 22 825 000 төгрөг төлсөн гэж үзэх үндэслэлтэй, 44 587 250 төгрөг төлсөн гэх тайлбараа хариуцагч баримтаар нотлоогүй бөгөөд нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэлээ нотолсон зээл төлөлтийн тооцооллыг баримтаар няцаагаагүй. /хх10/

Нэхэмжлэгчийн зээлийн хүүгийн хувь хэмжээг 3.5 хувь болгож өөрчилсөн гэх тайлбар нотлох баримтаар нотлогдоогүй, талуудын 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөрийн үлдэгдлийг харилцан тохиролцож баталгаажуулсан тооцооны үлдэгдлийн баталгаанд зээлийн хүүгийн хувь хэмжээг 3.5 хувь болгож өөрчилсөн агуулга тусгагдаагүй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв. /хх8-9/

Хариуцагчаас төлөгдсөн 22 825 500 төгрөгөөс нэхэмжлэгчийн зээлийн хүүнд төлөгдөх 12 000 000 төгрөгийг хасч үлдэх 10 825 500 төгрөгийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэх дарааллын дагуу үндсэн зээлийн 100 000 000 төгрөгөөс хасахад хариуцагч зээлд 89 174 500 төгрөг /100 000 000-10 825 500/ төлөхөөр байна.

Гэрээний 6.1-д алданги төлөхөөр тохирсон, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасныг үндэслэн хариуцагчаас алдангид 44 587 250 төгрөг /89 174 500*50 хувь/ шүүх гаргуулсан нь үндэслэлтэй.

Хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй. Зээлийн гэрээнд зээлдэгч талыг төлөөлж МФ ХХК-ийн захирал Д.Г, зээлдүүлэгч талыг төлөөлж В ХХК-ийн захирал Р.Э нар гарын үсэг зурж баталгаажуулсан байх бөгөөд гэрээ байгуулах үед хариуцагч компанийн гүйцэтгэх захирлаар Д.Гажиллаж байсан байна.

Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1, 87.1.1, 87.1.2-т зааснаар “хэлцэл хийхийн өмнөх сүүлийн балансын активын нийт дүнгийн 25 хувиас дээш зах зээлийн үнэтэй эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг худалдах, худалдан авах, захиран зарцуулах болон барьцаалахтай холбогдсон хэлцэл, эсхүл хоорондоо шууд холбоотой хэд хэдэн хэлцэл, компанийн урьд гаргасан энгийн хувьцааны 25 хувиас дээш хэмжээний энгийн хувьцаа, энгийн хувьцаа авах эрхийн бичиг буюу энгийн хувьцаанд хөрвөх үнэт цаас гаргах, эсхүл хоорондоо шууд холбоотой хэд хэдэн гаргалтыг их хэмжээний хэлцэлд тооцно”, 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт “их хэмжээний хэлцэл хийх шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ санал нэгтэйгээр гаргана” гэж тус тус заасан байна. Хариуцагч нь гэрээний зүйл болох 100 000 000 төгрөг нь тухайн компанийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийн 25 хувиас дээш буюу их хэмжээний хэлцэлд хамаарах эсэхийг баримтаар нотлоогүй.

 

Хэргийн 50-51 дүгээр талд авагдсан МФ ХХК-ийн ТУЗ-ийн их хэмжээний хэлцэлд тооцох, хэлцлийг хүчингүй болгох тухай тогтоол нь цаг хугацааны хувьд маргаан бүхий зээлийн гэрээ байгуулагдсаны дараа хийгдсэн байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэлээр талуудын хооронд хийгдсэн дээрх хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх боломжгүй. Хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага өөрчлөгдсөн нь тухайн хуулийн этгээдийг үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 184/ШШ2019/01014 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 826 758 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                      

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                        ШҮҮГЧИД                                      Ч.ЦЭНД

 

                                                                                               А.МӨНХЗУЛ