Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 183

 

“И х и х” ХХК-ийн

нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг

даргад холбогдох захиргааны

хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                   Л.Атарцэцэг

                                                   Б.Мөнхтуяа

                                                  Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:                         Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга:          Д.Долгордож

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн А/900 дугаар захирамжийн тус компанид холбогдох хэсэг, 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/617 дугаар захирамжийн “О т” ХХК-д 1445 м.кв газар олгосон хэсэг, 000323300 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн газар эзэмшүүлэх гэрээг тус тус хүчингүй болгуулах

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2019/0053 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 221/МА2019/0190 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, өмгөөлөгч П.С,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц нар,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2019/0053 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.2.3, 61 дүгээр зүйлийн 61.1, Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3, 85 дугаар зүйлийн 85.2-т заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/900 дугаар захирамжийн “И х и х” ХХК-д холбогдох хэсэг, 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/617 дугаар захирамжийн “О т” ХХК-д 1445 м кв газар олгосон хэсэг, 000323300 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн газар эзэмшүүлэх гэрээг тус тус хүчингүй болгуулах “И х и х” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлоор хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2019/0190 дүгээр магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2019/0053 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 21 дүгээр зүйлийн 21.2.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан “И х и х” ХХК-ийн “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн “Захирамжийн хавсралтын зарим хэсгийг хүчингүй болгох тухай” А/900, 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” А/617 дугаар захирамжийн “О т” ХХК-д холбогдох хэсэг, 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн газар эзэмшүүлэх гэрээ, 000323300 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.С нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

         Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, өмгөөлөгч П.С нар хяналтын журмаар гаргасан гомдомдоо: “... “И х и х”ХХК нь нийслэлийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 577 тоот захирамжаар 0141882 дугаарын газар эзэмших эрхийн гэрээгээр 15 жилийн хугацаатай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1445 кв.м газрыг эзэмшиж байсан. Газар эзэмшиж байх хугацаандаа Газар эзэмших эрхийг хүчингүй болгох Засаг даргын бүрэн эрхийн талаар Газрын тухай хуулийн 20, 40 дүгээр зүйлүүдэд заасан эзэмшигч ашиглагч нь газрыг гэрээний дагуу ашиглаж чадаагүй, ашиглах нөхцөлийг ноцтой зөрчсөн, төлбөрөө төлдөггүй, газрыг хууль бусаар ашиглах, гэрээгээ шинэчлэхгүй байх гэх мэт тохиолдлууд болон бусад олон зөрчил бүхий байдлууд хамаарч байгаа бөгөөд нэхэмжлэгч “И х и х”ХХК нь дээрхи хуулийн заалтууд дахь ямар ч зөрчлийг гаргаагүй гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлсээр ирсэн байхад газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон нь үндэслэлгүй юм. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалынхаа үндэслэлийг “И х и х”ХХК-ны эзэмшлийн газар дээр байрлах 9 давхар орон сууцны барилгыг өмчлөх эрхийг "Очир төв" ХХК-д олгож шийдвэрлэсэн Монголын Үндэсний Арбитрын 2009 оны 103 дугаар шийдвэрийг нийслэлийн Засаг даргын А/900 захирамжийнхаа үндэслэл болгосныг шүүх зөв гэж үзсэнийг зөвшөөрөх боломжгүй юм.

4. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ "маргаан бүхий газарт байрлах орон сууц, гаражийн барилгыг хэн өмчилж эзэмшиж байгаагаас хамаарч үл хөдлөх хөрөнгийн хамаарал бүхий 1445 м.кв газрын эзэмших эрх шилжиж байсан нь нотлогдож байна /9 -р тал/, хамгийн сүүлд энэхүү өмчлөх эрх өөр этгээдэд шилжсэнээр нэхэмжлэгч "И х и х" ХХК уг газрыг эзэмших эрхгүй болсон байна /10-р тал/ гэсэн дүгнэлтүүд болон давж заалдах шатны магадлалын 5 дугаар хуудсанд дурдагдсан "өөрөөр хэлбэл нэхэмжлэгч орон сууцны болон гаражийн барилгыг өмчлөх эрхээ нэгэнт алдсан тул уг зориулалтаар эзэмшиж байсан газрын эрх нэхэмжлэгчид анх үүссэний нэгэн адил үл хөдлөх эд хөрөнгийн шинэ өмчлөгчид үүснэ" гэсэн дүгнэлтүүд нь хууль буруу хэрэглэх үндэс болсон.

5. “И х и х”ХХК 1445 кв.м газрыг эзэмшиж байсан гэдэгт талууд маргаагүй ба өөрийн газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх хүсэлтийг албан ёсоор гаргаагүй, эрх бүхий этгээдийн шийдвэрээр /шүүхийн/ газар эзэмших эрхийг хүчингүй болгоогүй байхад түүний хууль ёсоор эзэмшиж байсан газрыг хүчингүй болгож "Очир төв" ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Засаг даргын А/900, А/617 тоот захирамжууд нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2-т заасантай нийцээгүй, Засаг дарга Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2-д заасан эрхээ хэтрүүлэн буруу хэрэглэж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байхад анхан болон давах шатны шүүхүүд дээрхи хуулиудыг хэрэглэхгүйгээр хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж анх удаа газар олгох заалттай адилтган үзсэн нь буруу болсон гэж үзэж байна.

6. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай "хүсэлт" гаргасан тохиолдолд Засаг дарга хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх”-ээр заасан. Гэтэл нэхэмжлэгчээс ийм хүсэлт гаргаагүй байхад Засаг дарга газрыг бусдад шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

7. Монголын Үндэсний Арбитр нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Болгарын элчин сайдын яамны мэдэлд байсан 9 давхар орон сууцны барилгыг "Буян" ХХК болон "Очир төв" ХХК-ийн хэн нь өмчлөх эрхтэй болохыг шүүхийн журмаар шийдвэрлэсэн. Тэгвэл “И х и х”ХХК-ны эзэмшлийн газар тус компанийн эзэмшилд хэвээр байх уу, барилгын өмчлөгч болсон "Очир төв" ХХК-ийн эзэмшилд очих уу гэдэг нь "Маргаан"-тай бөгөөд энэ асуудлыг мөн адил шүүх шийдвэрлэх ёстой.

8. Иймд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 20 дугаар зүйлийн 20.2.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2019/0053 тоот шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 221/МА2019/0190 тоот магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо шийдвэрийн “тогтоох” хэсэг шаардлагагүй хуулийн зүйл заалтыг баримталсан нь буруу тул хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээв.

10. Нийслэлийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 577 дугаар захирамжаар “И х и х” ХХК-д “орон сууц, гаражийн зориулалт”-аар 1445 м.кв газрыг “Б” ХХК-иас шилжүүлэн эзэмшүүлсэн, уг газрыг эзэмшүүлэх үндэслэл нь тус газар дээрх 9 давхар орон сууцны барилга болон гаражийн барилгыг “И х и х”ХХК нь өмчлөх болсонтой холбоотой ба эдгээр үл хөдлөх эд хөрөнгийг “Б” ХХК нь зуучлан Болгар Улсын элчин сайдын яамнаас 2015 онд худалдан авч, “Б” ХХК-д 2006 онд, “Буян” ХХК нь “И х и х” ХХК-д 2007 онд тус тус шилжүүлсэн, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг дагаж, маргаан бүхий уг газрыг эзэмших эрх “Б” ХХК-д нийслэлийн Засаг даргын 2005 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 348 дугаар захирамжаар үүссэн үйл баримт тогтоогдсон, уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.

11. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, “О т” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Б” ХХК-д холбогдох хэргийн талаар гарсан Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Үндэсний Арбитрын 2009 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 103 дугаар шийдвэрээр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимпийн гудамж 12, 12/1 дугаартай /хуучнаар Болгарын Элчин сайдын яамны мэдэлд байсан/ 9 давхар орон сууцны барилгын өмчлөх эрхийг бүхэлд нь нэхэмжлэгч “О т” ХХК-д шилжүүлэхийг хариуцагч “Б” ХХК-д даалгасан, уг шийдвэрийг баталгаажуулсан Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 260 дугаар захирамжийг үндэслэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллага нь 2010 оны 7 дугаар сарын 21-ний өдөр тус орон сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр “Очир төв” ХХК-ийг бүртгэж, үл хөдлөх өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2010 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 000109847 дугаар, мөн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 000591392 дугаар гэрчилгээ олгосон нь тогтоогджээ.

12. Түүнчлэн, дээрх бүртгэлийг буюу орон сууц, гаражийн  өмчлөх эрхийг “О т” ХХК-д шилжүүлэн бүртгэсэн захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахаар гаргасан “И х и х” ХХК-ийн нэхэмжлэлийг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу явуулсан үйл ажиллагааны үр дүнд захиргааны акт /бүртгэл/ гарсан” гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 689 дүгээр захирамж, уг захирамжийг хэвээр үлдээсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 35 дугаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр байна.

13. Дээр дурдсанаар, маргаан бүхий газрыг эзэмших эрх анх тухайн газар дээрх 9 давхар орон сууцны барилга, 6 машины гаражийн барилгыг Болгарын элчин сайдын яамнаас “Б” ХХК-д худалдсантай холбогдуулж, үүнийг дагаж газрыг эзэмших эрх үүсч, улмаар газар эзэмших эрх нь үл хөдлөх эд хөрөнгийн “шинэ өмчлөгч”-д шилжиж байсан нөхцөл байдал тогтоогдсон, энэ тохиолдлын хувьд Арбитрын шийдвэрийн дагуу хууль ёсны өмчлөгчөөр тогтоогдсон “О т” ХХК нь тухайн газрыг эзэмших эрхтэй.

14. Анхан болон давж заалдах шатны шүүх газар эзэмших эрх, түүн дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг дагаж үүссэн үйл баримтад холбогдуулан авч үзэж, Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т заасан “... байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж нь газрын үндсэн бүрдэл хэсэг байх”-ын хувьд, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан “газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгах”-ыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй.

15. Өөрөөр хэлбэл, энэ маргааны тухайд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх /анхдагч эрх/-ийг дагаж газар эзэмших эрх үүссэн нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд нийслэлийн Засаг дарга нь “О т” ХХК-ийн гаргасан хүсэлтийг үндэслэн нэгэнт тухайн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг “өмчлөх” эрхгүй болсон этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож, улмаар “өмчлөх” эрх бүхий этгээдэд газар эзэмшүүлэх талаар 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/900, 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/617 дугаар захирамжуудыг гаргасан нь өмчлөгчийн эрхийг хангах зорилгод нийцсэн, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.

16. Иймд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан “... газар эзэмших эрхийг хүчингүй болгох зөрчил гаргаагүй байхад газар эзэмших эрхийг хүчингүй болгосон, ... газрын эрх нэхэмжлэгчид анх үүссэний нэгэн адил үл хөдлөх эд хөрөнгийн шинэ өмчлөгчид үүснэ гэж буруу дүгнэсэн, ... газар шилжүүлэх хүсэлт гаргаагүй, ... Газрын тухай хуулийн 38.1, 38.2-т заасныг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” гэх гомдлыг хангах боломжгүй.

17. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 221/МА2019/0190 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                           Ч.ТУНГАЛАГ