Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2019/0190

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 03 өдөр

 

 

 

 

 

 

Дугаар 221/МА2019/0190

 

 

 

 

 

 

Улаанбаатар хот

 

“И” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.С, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2019/0053 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.С нарын давж заалдах гомдлоор, “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

“Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/900 дугаар захирамж, 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн А/617 дугаар захирамжийн “О” ХХК-д 1445 м.кв газар олгосон хэсэг, .......... дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн “Газар эзэмшүүлэх гэрээ”-г тус тус хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2019/0053 дугаар шийдвэрээр:

“Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.2.3, 61 дүгээр зүйлийн 61.1, Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3, 85 дугаар зүйлийн 85.2-т заасныг баримтлан “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/900 дугаар захирамжийн “И” ХХК-д холбогдох хэсэг, 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн А/617 дугаар захирамжийн “О” ХХК-д 1445 м.кв газар олгосон хэсэг, .........дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн газар эзэмшүүлэх гэрээг тус тус хүчингүй болгуулах “И” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.С нар дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Нийслэлийн Засаг дарга А/900 дугаар захирамжийг гаргахдаа хуулиар олгогдоогүй эрхийг эдэлсэн тодруулбал “эрх”-ээ хэтрүүлсэн шийдвэрийг гаргасан гэж үзэж байна.

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай “хүсэлт” гаргасан тохиолдолд Засаг дарга хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхээр заасан. Гэтэл нэхэмжлэгчээс ийм хүсэлт гаргаагүй байхад Засаг дарга газрыг бусдад шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Газар эзэмших эрхийг хүчингүй болгох Засаг даргын бүрэн эрхийн талаар Газрын тухай хуулийн 20, 40 дүгээр зүйлүүдэд заажээ. Эдгээрт газар эзэмшигч, ашиглагч нь газрыг гэрээний дагуу ашиглаж чадаагүй, ашиглах нөхцөлийг ноцтой зөрчсөн, төлбөрөө төлдөггүй, газрыг хууль бусаар ашиглах, гэрээгээ шинэчлэхгүй байх гэх мэт тохиолдлууд болон бусад олон зөрчил бүхий байдлууд хамаарч байгаа бөгөөд нэхэмжлэгч “И” ХХК дээрх хуулийн заалтууд дахь ямар ч зөрчлийг гаргаагүй гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлсээр ирсэн байхад газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй юм.

“И” ХХК-ний эзэмшлийн газар дээр байрлах 9 давхар орон сууцны барилгын өмчлөх эрхийг “О” ХХК-д олгож шийдвэрлэсэн Монголын Үндэсний арбитрын 2009 оны 103 дугаар шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга А/900 дугаар захирамжийнхаа үндэслэл болгосныг шүүх “зөв” гэж үзсэнийг зөвшөөрөх боломжгүй юм.

Учир нь Монголын Үндэсний арбитр нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Болгарын элчин сайдын яамны мэдэлд байсан 9 давхар орон сууцны барилгыг “Б” ХХК болон “О” ХХК-ийн хэн нь өмчлөх эрхтэй болохыг шүүхийн журмаар шийдвэрлэсэн.

Тэгвэл “И” ХХК-ний эзэмшлийн газар тус компанийн эзэмшилд хэвээр байх уу, барилгын өмчлөгч болсон “О” ХХК-ийн эзэмшилд очих уу гэдэг нь “маргаан”-тай бөгөөд энэ асуудлыг мөн адил шүүх шийдвэрлэх ёстой.

Гэтэл Нийслэлийн Засаг дарга шүүхийн өмнөөс шийдвэр гаргаж эрхээ хэтрүүлсэн. Анхан шатны шүүх Засаг даргын захирамж үндэслэлтэй зөв гарсан эсэхийг шалган тогтоох ёстой байтал дээрх алдааг давтаж “газрын маргаан”-тай асуудлыг иргэний хэргийн шүүхийн өмнөөс шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Ингээд газрын маргаантай асуудлыг шийдвэрлэсэн эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй /шүүхийн/ байхад газар эзэмших эрхийг нь хүчингүй болгож, хууль ёсоор эзэмшиж байсан газрыг бусдад эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 20 дугаар зүйлийн 20.2.2-д заасан эрхээ Засаг дарга хэтрүүлэн буруу хэрэглэж, анхан шатны шүүх үндэслэлгүй шийдвэр гаргаж “И” ХХК-ийн хууль ёсны эрх, ашгийг зөрчсөн тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2019/0053 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр зөвхөн хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэгч “И” ХХК-д анх Болгарын элчин сайдын яамны эзэмшилд байсан 3790,85 м.кв талбайтай орон сууц, 84,94 м.кв талбайтай гараж бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг “Б” ХХК-тай 2007 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгө үнэ төлбөргүй шилжүүлэх тухай” 107 дугаар гэрээний дагуу шилжүүлэн авснаар Нийслэлийн Засаг даргын мөн оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 577 дугаар захирамжаар уг барилгын доорх болон орчмын нийт 1445 м.кв газрыг “орон сууц, гараж”-ийн зориулалтаар эзэмших эрх үүсчээ.

Гэвч “Б” ХХК нь энэхүү гэрээг байгуулахаас өмнө “О” ХХК-тай 2005 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр дээрх барилгыг худалдан авч дундаа хамтран өмчлөхөөр тохиролцож 970,000 ам.долларын санхүүжилт хийлгүүлсэн боловч “О”-д ногдох хэсгийг өмчлүүлэхгүй байсны улмаас маргаан үүсч, улмаар Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Үндэсний арбитрын 2009 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 103 дугаар шийдвэрээр барилгын өмчлөх эрхийг бүхэлд нь “О” ХХК-д шилжүүлэхийг “Б” ХХК-д даалгасны дагуу 2010 оны 7 дугаар сарын 24, 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр тус тус үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ “О” ХХК-д олгогдсон байна.

“...Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд маргаан бүхий газарт байрлах 3790,85 м.кв талбайтай орон сууц, 84,94 м.кв талбайтай гаражийн барилгыг хэн өмчилж байгаагаас хамаарч 1445 м.кв газрын эзэмших эрх шилжиж байсан нь нотлогдож байна...” гэх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, нэгэнт газар дээрх барилгын өмчлөх эрх “О” ХХК-д шилжсэнтэй холбогдуулан “И” ХХК-д газар эзэмших эрхийг шилжүүлэн олгосон 2007 оны 577 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгосон Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/900 дүгээр захирамж болон 2018 оны А/617 дугаар захирамжаар 1445 м.кв газрыг “О” ХХК-д эзэмшүүлэн, гэрээ байгуулж, гэрчилгээ олгосны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй.

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан “...газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг ойлгох” тухай зохицуулалтын агуулга нь эзэмшигч этгээд тухай газрыг өөрийн мэдэлд бүрэн байлгаж, газар эзэмших гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмшиж, ашиглах бодит боломжтой байхаар илрэх учиртай, гэтэл нэхэмжлэгчид газар эзэмших эрх үүсэх үндэслэл болсон “Үл хөдлөх эд хөрөнгө үнэ төлбөргүй шилжүүлэх гэрээ”-ний зүйл болох дээрх орон сууц, гаражийг барилгын өмчлөх эрхийн маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн энэ тохиолдолд нэхэмжлэгч “И” ХХК-ийг Газрын тухай хуульд заасан “газар эзэмших нөхцөлийг хангасан” гэж үзэхээргүй байна.

Нэхэмжлэгчийн хувьд 1445 м.кв газрыг гэрээнд заасан “орон сууц, гараж”-ийн зориулалтаар эзэмших бодит боломжгүй болсон, иймд Засаг даргын маргаан бүхий захирамжууд нь уг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т “...хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх”-ээр заасантай нийцсэн буюу хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гарсан хууль ёсны захиргааны акт болно.

Түүнчлэн Нийслэлийн Засаг даргаас “И” ХХК-ийн эзэмшиж байсан 1445 м.кв газрыг “О” ХХК-д шилжүүлэх бус шинээр эзэмшүүлсэн байх тул Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс шилжүүлэх хүсэлт гаргаагүй байхад “шийдвэр гаргасан” гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй, өөрөөр хэлбэл энэ тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх зохицуулалт хэрэглэгдэхгүй.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-ын “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна”, 85.2-ын “Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна” гэсэн заалтыг бус Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.3 буюу “газар эзэмших хүсэлтдээ зориулалт, хугацааг тусгах” заалтыг баримтлах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч орон сууцны болон гаражийн барилгыг өмчлөх эрхээ нэгэнт алдсан тул уг зориулалтаар эзэмшиж байсан газрын эрх нэхэмжлэгчид анх үүссэний нэгэн адил үл хөдлөх эд хөрөнгийн шинэ өмчлөгчид үүснэ.

Мөн Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/900 дүгээр захирамжаар өмнөх 2007 оны 577 дугаар захирамжийн хавсралтын 23 дахь хэсэг буюу “И” ХХК-д орон сууц, гаражийн зориулалтаар 1445 м.кв газрыг шилжүүлэн эзэмшүүлснийг хүчингүй болгосон байх тул уг “...захирамжийн “И” ХХК-д холбогдох хэсэг...” гэж бичих шаардлагагүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2019/0053 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 21 дүгээр зүйлийн 21.2.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан “И” ХХК-ийн “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн “Захирамжийн хавсралтын зарим хэсгийг хүчингүй болгох тухай” А/900, 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” А/617 дугаар захирамжийн “О” ХХК-д холбогдох хэсэг, 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн газар эзэмшүүлэх гэрээ, ......... дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.С нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                                                                                  

                                                                                  

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН