Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 53

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “3” танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “ИХИХ” ХХК.

Хариуцагч: НЗД.

Гуравдагч этгээд: “ОТ” ХХК.

Нэхэмжлэлийн шаардлага: “...НЗД-ын 2017 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн А/900 дугаар захирамжийн тус компанид холбогдох хэсэг, 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/617 дугаар захирамжийн “ОТ” ХХК-д 1445 м кв газар олгосон хэсэг, 0003******* дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн газар эзэмшүүлэх гэрээг тус тус хүчингүй болгуулах” 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Т, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А, гуравдагч этгээд “ОТ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц нар оролцлоо. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: “...2018 оны 7 сарын 6-ны өдрийн НЗД-ын А/617 тоот захирамжийн 1 дэх хэсгийн хавсралтанд заасан 19 иргэн аж ахуйн нэгжид газар эзэмших эрх олгосон хавсралтын 7-д “ОТ” ХХК-д 1445 м2 газрыг 15 жилийн хугацаанд эзэмшүүлэхээр олгосон хэсгийг хүчингүйд тооцуулах Нийслэлийн Засаг даргын А/617 тоот захирамжийг үндэслэн “ОТ” ХХК-д олгосон 0003******* дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах, Нийслэлийн газрын албаны асуудал эрхэлсэн албан тушаалтан Бат-Эрдэнэ овогтой Ванхүү газар эзэмшигчийг төлөөлж “ОТ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дамдинжав овогтой Солонго нарын хооронд 2018 оны 7 сарын 9-ны өдөр байгуулсан Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг хүчингүйд тооцуулах.

“ИХИХ” ХХК нь НЗД-ын 2007 оны 11 сарын 19-ны өдрийн 577  дугаар захирамжаар 0141882 дугаарын газар эзэмших эрхийн гэрээгээр 15 жилийн хугацаатай Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 1445 кв.м газрыг эзэмшдэг. Тус компани нь энэ хугацаанд газар эзэмших гэрээний дагуу хүлээсэн үүрэгээ цаг тухай бүрд нь биелүүлж, зөрчилгүй ажиллаж ирсэн.

Гэтэл газар эзэмших эрх бүхий этгээдэд мэдэгдэлгүйгээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Б нь 2017 оны 11 сарын 24-ний өдрийн А/900 тоот захирамжаар тус компанийн газар эзэмших эрхийг Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Арбитрын шүүхийн 2009 оны 103 дугаар шийдвэрийг үндэслэн цуцалсан. Энэхүү захирамжаа цуцлахыг хүссэн хүсэлтийг Нийслэлийн Засаг даргад 2017 оны 12 дугаар сард хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хариу ирүулээгүй. Хариу ирүүлээгүй, хүсэлтэнд хариу ирүүлэх тухай хуулийн заалтыг зөрчсөн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14-р зүйлд заасны дагуу тус компани Нийслэлийн Засаг даргын А/900 тоот захирамжийг хүчингүй болгох тухай хүсэлийг Монгол Улсын Ерөнхий сайд У. Х*******-д 2017 оны 12 сарын 25-ны өдөр албан тоот явуулж, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2018 оны 2 сарын 23 -ны өдрийн хариуг 2018 оны 3 сарын 23-ны өдөр гардаж аваад танайхаас ирүүлсэн гомдлыг хянан үзэх боломжгүй” байна гэсний учир 2018 оны 4 дүгээр сард Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэргийн шүүх нь энэ асуудлыг шалгаж байх хугацаанд, маргаан үүсгэж байгааг мэдсэн мөн газар эзэмших эрхийн талаар Шүүхийн эцэслэсэн шийдвэр гараагүй байхад газар эзэмших эрхийг яаравчлан “ОТ” ХХК-д олгосон явдал нь хэт нэг талыг баримталж хууль бус шийдвэр гаргасан байна гэж үзэж байгаа тул Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Б-ын 2017 оны 11-р сарын 24-ний өдрийн А/900 тоот захирамжийг, 2018 оны 7 сарын 6-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын А/617 тоот захирамжын 1 дэх хэсгийн хавсралтанд заасан 19 иргэн аж ахуйн нэгжид газар эзэмших эрх олгосон хавсралтын 7-д “ОТ” ХХК-д 1445 м2 газрыг 15 жилийн хугацаанд эзэмшүүлэхээр олгосон хэсгийг, Нийслэлийн Засаг даргын А/617 тоот  захирамжийг үндэслэн “ОТ” ХХК-д олгосон 0003******* дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг, Нийслэлийн газрын албаны асуудал эрхэлсэн албан тушаалтан Батэрдэнэ овогтой Ванхүү газар эзэмшигчийг төлөөлж “ОТ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дамдинжав овогтой Солонго нарын хооронд 2018 оны 7 сарын 9-ны одөр байгуулсан Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг тус тус хүчингүйд тооцож өгнө үү”  гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан  тайлбартаа: “...НЗД-ын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/900 дугаартай захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/617 тоот захирамжийн 1 дэх хэсгийн хавсралтад заасан гуравдагч этгээдэд холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулах шаардлага гаргаж байгаа” гэв. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 577 тоот захирамжаар газар эзэмших эрхийн гэрээгээр 15 жилийн хугацаатай Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 1445 м.кв газар эзэмшдэг. Тус компани газрыг эзэмшиж байх хугацаанд гэрээний дагуу үүргээ биелүүлж байсан. 

Тухайн газар нь шинээр олгогдсон газар биш бөгөөд манай компанийн нэр дээр байсан газрыг Засаг дарга бидэнд мэдэгдэлгүйгээр өөр этгээдэд хууль бусаар олгосон байгаа. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд Газар эзэмшүүлэх эрхийг хуулиар олгосон байгаа. Гэтэл уг хуульд өмнө нь эзэмшилтэй байсан газрыг хүчингүй болгож бусдад хууль бусаар шилжүүлэх талаар тусгаагүй. Мөн Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг гаргасны улмаас Засаг дарга шилжүүлж өгөх ёстой байсан. Гэтэл нэхэмжлэгч компанийн зүгээс газрын эрх үүрэг шилжүүлэх талаар ямар ч хүсэлт гаргаагүй. Иймээс нэхэмжлэгчийн газрын гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль бус учраас маргаан бүхий захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. 

Нэмэгдүүлсэн шаардлагын хувьд гуравдагч этгээд нь өмчийн маргаантай байгаа атал түүнийг нь шийдвэрлэж дуусаагүй байхад газар олгосон асуудал байгаа. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Газрын тухай хуулийн 4 дүгээр заалтыг хариу тайлбартаа дурдлаа. Гэтэл уг хуульд шинээр 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр өөрчлөлт орсон. Гуравдагч этгээд нь уг заалтынхаа дагуу Иргэний хэргийн шүүхээр өмчлөгч нь манайх гэдгийг тогтоолгосон баримт байхгүй. Арбитрын шүүхээр гуравдагч этгээд нь үл хөдлөх хөрөнгийнхөө асуудлыг шийдвэрлүүлсэн байна. Гэхдээ уг шийдвэр нь газартай холбогдсон маргааныг шийдвэрлээгүй. Гэтэл уг шүүхийн шийдвэрээс харахад манайх уг маргаанд оролцоогүй бөгөөд өмчлөлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэж байгаа. Гуравдагч этгээд нь тухайн үл хөдлөх хөрөнгийг газартай нь хамт авсан гэх баримт байхгүй. Иймээс хууль ёсны дагуу төлбөр төлж байсан бидний газар юм. Иймээс шүүхийн аливаа шийдвэргүй хууль ёсны дагуу эзэмшиж байсан газрыг бусдад эзэмшүүлэхээр Засаг дарга захирамж гаргасан нь нэхэмжлэгчийн эрхийг хөндөж байна. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 20 дугаар зүйлийн 20.2-т тус тус заасныг зөрчиж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв. 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ИХИХ” ХХК нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/900 дугаар захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлтэй танилцаад дараах хариуг хүргүүлж байна.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Бүгд Найрамдах Болгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны урд талд “ИХИХ” ХХК-д орон сууц, гаражийн зориулалтаар эзэмшүүлсэн 1445 м.кв газар дээрх орон сууцны 9 давхар барилгын өмчлөгчөөр “ОТ” ХХК- ийг Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын үндэсний арбитрын 2009 оны 103 дугаар шийдвэрээр бүртгэсэн байх тул Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, Арбитрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3, “Арбитрын шийдвэрийг баталгаажуулах тухай” Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 260 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 35 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Нийслэлийн Засаг дарга хуулиар олгогдсон өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад холбогдуулан гаргасан хариу тайлбартаа: “Тус шүүхэд “ИХИХ” ХХК-ийн гаргасан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/617 дугаар захирамжийн “ОТ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “ОТ” ХХК-д олгосон 0003******* дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулахаар нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад тайлбар хүргүүлж байна.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Болгар улсын Элчин сайдын яамны урд талд “ИХИХ”  ХХК-д орон сууц, гаражийн зориулалтаар 1445 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 19- ний 577 дугаар захирамжаар эзэмшүүлжээ.

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын үндэсний арбитрын 2009 оны 103 дугаар шийдвэрээр “ИХИХ” ХХК-ийн эзэмшлийн 1445 м.кв газар дээр барилгын өмчлөх эрхийг бүхэлд нь “ОТ” ХХК-д шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн ба Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 260 дугаар захирамжаар арбитрын шийдвэрийг баталгаажуулсан байна.

Дээрх арбитрын болон шүүхийн шийдвэрийг үндэслэн Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас барилгын өмчлөх эрхийн гэрчилгээг “ОТ” ХХК-д өмчлөгчийн эрхийн гэрчилгээ олгосон хууль ёсны өмчлөгчийн эрхийн гэрчилгээг тус тус үндэслэн нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/900 дугаар захирамжаар “ИХИХ” ХХК -ийн газар эзэмших эрхийг Газрын тухай хууль болон Иргэний хуулийн холбогдох заалтыг үндэслэн хүчингүй болгож “ОТ” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/617 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг олгосон.

Нэгэнт дээрх үйл баримтууд нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, Монгол Улсын Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т “... байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна” гэж заасны дагуу нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож, гуравдагч этгээдэд газар эзэмших эрх олгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчид 2017 оны 577 дугаар захирамжаар маргаан бүхий газар болох Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 1445 м.кв газрыг эзэмшүүлсэн. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг газрын салшгүй нэг хэсэг гэж заасан байгаа. Иймээс газар дээрх обьектийг бэлэглэлийн гэрээгээр авсны улмаас тухайн газар нь дагаж шилждэг. Гэтэл гуравдагч этгээдийн өмчтэй холбоотой асуудлаар маргаан үүсгэж шүүхээр шийдвэрлэгдсэн. Өөрөөр хэлбэл гуравдагч этгээдийн хувьд шүүх, арбитрын журмаар шийдвэрлэгдсэн шийдвэртэй байсан учраас Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/900 дугаартай захирамжийг гаргасан. Уг захирамжаар Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйл, Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т заасны дагуу гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн. Удаа дараагийн шүүхийн шийдвэр, эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу уг захирамжийг гаргасан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дугаар зүйлд заасны дагуу гуравдагч этгээд маргаан бүхий газрыг эзэмших эрхтэй. Мөн нэхэмжлэгчид анх газар эзэмших эрх үүсэхдээ гэрээний дагуу “*******” ХХК-ийн өмчлөлд шилжсэн. Үүнтэй холбоотойгоор доорх газраа баталгаажуулах хүсэлтийг гаргаж Нийслэлийн Засаг дарга 577 дугаар захирамжаар үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь “*******” учраас газар эзэмшүүлсэн. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу газар эзэмшигчээс газрыг шилжүүлэх үйлдэл хийгээгүй. Эхний захирамжийг шүүхийн шийдвэрийг биелүүлж хүчингүй болгосон гэв.

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ИХИХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Б-д холбогдох Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 сарын 14-ны А/900 тоот захирамжийн “ИХИХ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай хэрэгт гуравдагч этгээдээр татан оролцож байгаа “ОТ” ХХК-иас дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

“ОТ” ХХК нь “*******” ХХК-тай 2005 оны 04 сарын 11-ний өдөр “Үл хөдлөх хөрөнгө дундаа хэсгээр хамтран өмчлөх тухай” гэрээ байгуулж Улаанбаатар хот дахь Болгарын элчин сайдын яамны мэдэлд байсан 9 давхар орон сууцны барилгыг худалдан авч дундаа хэсгээр өмчлөхөөр тохиролцсон. Уг гэрээг үндэслэн “ОТ” ХХК нь 900,000 ам.долларын санхүүжилт хийсэн боловч “*******” ХХК нь “ОТ” ХХК-д ноогдох хэсгийг өмчлүүлэхгүй хууран мэхэлснээр маргаан үүсэж 39 оны 12 сарын 25 өдрийн Монголын Үндэсний Арбитрын 103 тост шийдвэрээр үл хөддөх хөрөнгийн өмчлөх эрхийг бүхэлд нь “ОТ”  ХХК-д шилжүүлэхийг хариуцагч “*******” ХХК-д даалгасан.

“*******” ХХК нь “ОТ” ХХК-тай байгуулсан Үл хөдлөх хөрөнгө дундаа хэсгээр хамтран өмчлөх тухай гэрээний 3.5-д зааснаар А талд буюу “*******” ХХК, Б тал буюу “ОТ” ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр өмчийг гуравдагч этгээдэд шилжүүлэх эрхгүй гэсэн заалтыг зөрчиж, 2009 оны 12 сарын 25-ны 103 тоот арбитрын шийдвэр гарахаас өмнө 2007 оны 9 сарын 6-ны өдрийн дугаар 107 бэлэглэлийн гэрээгээр “ИХИХ” ХХК-д уг газрын өмчлөх эрхийг шилжүүлсэн байсан. “*******” ХХК нь О*******ийн зөвшөөрөлгүйгээр өмчлөх эрхийг өөр этгээдэд шилжүүлэх боломжгүй байтал бэлэглэлийн гэрээ хийсэн нь өөрөө хууль бус болох нь тогтоогдсон.

Улмаар Хан-Уул дүүргийн шүүгчийн “Арбитрын шийдвэрийг баталгаажуулах тухай” 2010 оны 01 сарын 20-ны өдрийн 260 дугаар шийдвэрээр эрх бүхий  байгууллагаас бидэнд Ү-220******* тоот дугаарт бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээг олгож “ОТ” ХХК Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1-р хороо Олимпийн гудамж 12, 12/1 тоот 9 давхар орон сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох нь тогтоогдсон.

Тийм учраас Газрын тухай хуулийн 32.1-т заасны дагуу 2017 оны 09 сарын 01-ний өдөр Нийслэлийн Газрын албаны даргад “ОТ” ХХК-иас тус талбайд эзэмших газрын гэрчилгээг олгох талаар хүсэлтийг гаргаж, Газрын тухай хуулийн 2.4-т зааснаар Нийслэлийн Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд Засаг даргын  А/900 шийдвэр гаргасан.

Иймд “ИХИХ” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 сарын 24-ний өдөр гаргасан А/900 дугаар захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц******* нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад холбогдуулан гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие “ИХИХ” ХХК-н нэхэмжлэлтэй хариуцагч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Б-д холбогдох хэрэгт Захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр татагдан оролцож байгаа “ОТ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа ом.

Миний бие нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулан дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.

“ОТ” ХХК нь “*******” ХХК”-тай 2005 оны 04 сарын 11-ний өдөр ”Үл хөдлөх хөрөнгө дундаа хэсгээр хамтран өмчлөх тухай” гэрээг байгуулж, Улаанбаатар хот дахь Болгарын элчин сайдын яамны мэдэлд байсан 9 давхар орон сууцны барилгыг худалдан авч дундаа хэсгээр өмчлөхөөр тохирсон. Уг гэрээг үндэслэн “ОТ” ХХК нь 900.000 ам.долларын санхүүжилт хийсэн боловч “*******” ХХК нь “ОТ” ХХК-д ноогдох хэсгийг өмчлүүлэхгүй хууран мэхэлсээр маргаан үүсэж, 2009 оны 12 сарын 25 өдрийн Монголын Үндэсний Арбитрын 103 тоот шийдвэрээр үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг бүхэлд нь “ОТ” ХХК-д шилжүүлэхийг хариуцагч “*******” ХХК-д даалгаж шийдвэрлэсэн.

“*******” ХХК нь “ОТ” ХХК-тай байгуулсан Үл хөдлөх хөрөнгө дундаа хэсгээр хамтран өмчлөх тухай гэрээний 3.5-д заасан үүргээ зөрчиж, 2007 оны 9 сарын 6-ны өдрийн дугаар 107 тоот “Үл хөдлөх хөрөнгө үнэ төлбөргүй шилжүүлэх гэрээ”-ээр “ИХИХ” ХХК-д уг барилгын өмчлөх эрхийг шилжүүлсэн. Улмаар Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын  2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар 577 захирамжаар маргаан бүхий газрын эзэмших эрхийг “ИХИХ” ХХК-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

“*******” ХХК нь “ОТ” ХХК-н зөвшөөрөлгүйгээр өмчлөх эрхийг өөр этгээдэд шилжүүлэх боломжгүй байтал “Үл хөдлөх хөрөнгө үнэ төлбөргүй шилжүүлэх гэрээ”-ээр өмчлөлийг “ИХИХ” ХХК-д шилжүүлсэн нь 1хууль бус болох нь тогтоогдсон бөгөөд Арбитрын 2009 оны 103 дугаар шийдвэр болон Арбитрын шийдвэрийг баталгаажуулах тухай Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дугаар 260 шүүгчийн захирамжийг тус тус үндэслэн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас Ү-220******* тоот дугаарт бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээг олгож “ОТ” ХХК нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимпийн гудамж 12, 12/1 тоот 9 давхар орон сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болсон.

Тиймээс 2017 оны 09 сарын 01 -ны өдөр Нийслэлийн Газрын албаны даргад “ОТ”  ХХК”-иас тус талбайд эзэмших газрын гэрчилгээг олгох талаар хүсэлтийг гаргаж, хуульд заасан журмын дагуу Нийслэлийн Засаг даргын 2018 оны өдрийн А/617 тоот захирамжийн 1-р хавсралтаар “ОТ” ХХК-д маргаан бүхий газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэж, шийдвэрийн үндсэн дээр “О*******” ХХК-д 33******* дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, Нийслэлийн Газрын албанаас “ОТ” ХХК-тай маргаан бүхий газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэх газар эзэмших гэрээг байгуулсан.

Иймд нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Засаг даргын 1 дэх хавсралтын 7-д заасан “ОТ”  ХХК-д холбогдох хэсэг, “ОТ” ХХК-д олгосон 0003******* дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ, “ОТ” ХХК-ийн Нийслэлийн Газрын албатай 2018 оны 7 дугаар сарын 09-ны өдөр байгуулсан “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г  тус тус хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “...Маргаан бүхий газрыг эзэмших эрхийг олгосон захирамжийн хувьд маргаан бүхий газар нь өөрөө үл хөдлөх хөрөнгөө дагаж байгаа. Өөрөөр хэлбэл маргаан бүхий газрын дээр Болгарын элчин сайдын яамны орон сууц байгаа. Иймээс тухайн орон сууц хэний өмчлөлд шилжиж байна тухайн газар нь орон сууцаа дагаж өмчлөл шилжинэ. Иймээс нэхэмжлэгчийн хувьд 2007 онд газрыг авсан нөхцөл байдал нь Арбитрын шүүхээр хянан шийдвэрлэгдээд манайд өмчлүүлэхийг даалгасан хүчин төгөлдөр шийдвэр гарсан байгаа. Арбитрын шийдвэрийг дагаж Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой шилжүүлсэн өмчлөлийг хүчингүй болгохтой холбоотой маргаан гарсан. Гэхдээ тухайн өмчийг өмчлөх эрхтэй этгээд нь одоогийн байдлаар “ОТ” ХХК байгаа. Нэгэнт манайд өмчлөл шилжиж, өмчлөх эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр байгаатай холбоотой давхар ямар нэгэн маргаан байхгүй. Нийслэлийн Засаг даргын 2 захирамж нь манайд олгогдсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотойгоор гарсан захирамж юм. “ИХИХ” ХХК нь өмчлөгч биш болсонтой холбоотой газрыг нь хүчингүй олгосон. Үл хөдлөх эд хөрөнгийн салшгүй нэг хэсэг бол тухайн үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байгаа газар тусдаа байх ойлголт байхгүй. Иймээс Нийслэлийн Засаг даргын маргаан бүхий захирамж нь хуулийн дагуу гарсан бөгөөд захирамжийг хүчингүй болгуулах үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. 

Өмчлөгч гэдгээ тогтоосны дараа газрын асуудал яригдана. Үүнд тусдаа шүүхийн шийдвэр байх ёстой. Арбитрын шүүхийн шийдвэрээр өмчлөгч нь  “ОТ” ХХК гэдэг тодорхой болж гэрчилгээ гарсан байгаа. Иймээс гэрчилгээ нь хуулийн хүчин төгөлдөр байхад заавал шүүхээр орж газарт маргаан үүсгээд байх шаардлагагүй. Хуулийн дагуу өмчлөгч тодорхой.  Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчтэй холбоотой Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т “...Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна” гэж заасан байдаг. Үүнээс үзвэл үл хөдлөх хөрөнгө болон түүний доорх газар хоорондоо салшгүй эрхээр холбоотой. Иймээс тухайн газрыг эзэмших үндэслэл нь нэхэмжлэгчид байхгүй болсон гэж үзэж байна. Иймээс дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү”гэв. 

ҮНДЭСЛЭХ НЬ;

“ИХИХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б  НЗД-ын 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/900 дугаар захирамжийн тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн үндсэн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/617 дугаар захирамжийн “ОТ” ХХК-д 1445 м кв газар олгосон хэсгийг, 0003******* дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг, 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн газар эзэмшүүлэх гэрээг тус тус хүчингүй болгуулах гэж нэмэгдүүлжээ.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хуучнаар Болгар улсын элчин сайдын яамны эзэмшилд байсан үл хөдлөх хөрөнгө түүний хамаарал бүхий 1116 м кв газрыг Нийслэлийн Засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 348 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтаар “Б******* ХХК-д орон сууц, гаражын зориулалтаар шинээр эзэмшүүлсэн бөгөөд 2007 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн 577 дугаар захирамжаар газрын хэмжээг 1445 м кв болгон нэмэгдүүлж дээрх зориулалтаар “ИХИХ” ХХК-д шилжүүлж эзэмшүүлжээ. 

Үүний зэрэгцээ “ОТ” ХХК “*******” ХХК-тай 2005 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гэрээ байгуулж, Улаанбаатар хот дахь Болгарын элчин сайдын яамны мэдэлд байсан 9 давхар орон сууцны барилгыг худалдан авч дундаа хэсгээр хамтран өмчлөхөөр тохиролцсон бөгөөд барилгын төлбөрийн асуудлаар маргаан гарч гэрээнд заасны дагуу Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын үндэсний Арбитрын шийдвэрээр уг маргааныг эцэслэн шийдвэрлэжээ. 

Хариуцагч маргаан бүхий газрыг 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимпын гудамж-12, 12/1 дугаарт байрлах 3790.85 м кв талбайтай орон сууц, 84.94 м кв талбайтай гаражийн барилгыг 9011118056 улсын дугаартай, 5162572 тоот регистрийн дугаартай “ИХИХ” ХХК эзэмшиж, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 000037133 тоот гэрчилгээтэй өмчлөгч нь болно. Иймд үл хөдлөх хөрөнгө байгаа газрыг тус компанийн нэр дээр шилжүүлж өгнө үү.” гэсэн 04 дугаар бүхий албан бичгээр хүсэлт ирүүлснийг үндэслэн шилжүүлсэн байна.

Маргаан бүхий газар дээрх 3790.85 м кв талбайтай орон сууц, 84.94 м кв талбайтай гараж бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх Болгарын элчин сайдын яамнаас “Батс” ХХК-д, “Батс” ХХК-иас “*******”ХХК-д, “*******” ХХК-иас “ИХИХ” ХХК-д шилжиж байсан бөгөөд хамгийн сүүлд Монголын үндэсний Арбитрын шийдвэр,тус шийдвэрийг баталгаажуулсан шүүгчийн захирамжаар “ОТ” ХХК-д тус тус шилжиж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр баталгаажсан нь тогтоогджээ.

Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд маргаан бүхий газарт байрлах 3790.85 м кв талбайтай орон сууц, 84.94 м кв талбайтай гаражийн барилгыг хэн өмчилж, эзэмшиж байгаагаас хамаарч тухайн үл хөдлөх хөрөнгийн хамаарал бүхий 1445 м кв газрын эзэмших эрх шилжиж байсан нь нотлогдож байна.

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын үндэсний арбитрын 2009 оны 103 дугаар шийдвэрээр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах маргаан бүхий 1445 м кв газарт байрлах хуучнаар Болгарын элчин сайдын яамны мэдэлд байсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүхэлд нь “ОТ” ХХК-д шилжүүлж шийдвэрлэснийг Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “Арбитрын шийдвэрийг баталгаажуулах тухай” 260 дугаар захирамжаар баталгаажуулсан байна.

Нэхэмжлэгч “ИХИХ” ХХК Арбитрын шийдвэр түүнийг баталгаажуулсан шүүгчийн захирамжийг үндэслэн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг “ОТ” ХХК-д  шилжүүлж бүртгэсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэлийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 689 дугаар шүүгчийн захирамжаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль (2002 оны)-ийн 34 дүгээр зүйлийн 34.1.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсаныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 35 дугаар тогтоолоор хэвээр үлдээж тус тус шийдвэрлэжээ.

Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-д “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна.”, 85 дугаар зүйлийн 85.2-т “....газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна.” гэж заасан.

Газрын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Газрын тухай хууль тогтоомж нь.....Иргэний хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоос бүрдэнэ.” гэж хуульчилсны дагуу Иргэний хуулийн дээрх заалтыг нөхөн зохицуулж хэрэглэх боломжтой  бөгөөд   Монголын үндэсний Арбитрын 2009 оны 103 дугаар шийдвэр, Хан-уул дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 260 дугаар захирамж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 35 дугаар тогтоол, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2007 оны 577 дугаар захирамжаар нэхэмжлэгч “ИХИХ” ХХК-д 1445 м кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгосон мөн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/900, “ОТ” ХХК-д маргаан бүхий газрыг үйлчилгээ, орон сууц, гаражын зориулалтаар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/617 дугаар захирамжийн “ОТ” ХХК-д холбогдох хэсэг тус тус хууль зөрчөөгүй гэж дүгнэв.

Арбитрын шүүхийн шийдвэрээр зөвхөн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн маргааныг хэлэлцсэн бөгөөд газрыг эзэмшихтэй холбоотой маргааныг шийдвэрлээгүй учир газар эзэмших эрх нэхэмжлэгч компанид хадгалагдана гэх нэхэмжлэгч талын тайлбарыг хүлээн авах боломжгүй.

Учир нь анхнаасаа маргаан бүхий газрын эзэмшил нь уг газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн эзэмших, өмчлөх эрхтэй этгээдэд шилжиж байсан бөгөөд хамгийн сүүлд энэхүү өмчлөх эрх өөр этгээдэд шилжсэнээр нэхэмжлэгч “ИХИХ” ХХК уг газрыг эзэмших эрхгүй болсон байна.

Маргаан бүхий газарт байрлах үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр өөр этгээдэд шилжиж, бүртгэлээр баталгаажсаныг үндэслэн энэ үл хөдлөх эд хөрөнгийн хамаарал бүхий 1445 м кв газрын өмнөх эзэмшигчийн эрхийг хүчингүй болгосон хариуцагчийн А/900 дугаар захирамж Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр....ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч...ийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол.......уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.” гэсэнтэй, түүнчлэн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй болсон “ОТ” ХХК-д маргаан бүхий 1445 м кв газрыг эзэмшүүлсэн 2018 оны А/617 дугаар захирамж Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.”, 21.2.3-д “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шат төсөл,..........төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх....асуудлыг шийдвэрлэнэ.” гэсэнтэй тус тус нийцсэн байна. 

Ийнхүү шүүх , арбитрын шийдвэрийг биелүүлж өөрийн гаргасан хууль бус шийдвэрээ хүчингүй болгосон Нийслэлийн Засаг даргын А/900, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй болсон “ОТ” ХХК-д маргаан бүхий 1445 м кв газрыг эзэмшүүлсэн А/617 дугаар захирамж, энэ захирамжийг үндэслэн олгосон  0003******* дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан газар эзэмшүүлэх гэрээ хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрхийг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг баримтлан ТОГТООХ нь;

 

1.Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.2.3, 61 дүгээр зүйлийн 61.1, Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3, 85 дугаар зүйлийн 85.2-т заасныг баримтлан  Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/900 дугаар захирамжийн “ИХИХ” ХХК-д холбогдох хэсэг, 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/617 дугаар захирамжийн “ОТ” ХХК-д 1445 м кв газар олгосон хэсэг, 0003******* дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн газар эзэмшүүлэх гэрээг тус тус хүчингүй болгуулах ““ИХИХ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140400 төгрөгийн 70200 төгрөгийг буцаан олгож, 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          А.НАСАНДЭЛГЭР