| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2020/02199/И |
| Дугаар | 192/ШШ2025/00299 |
| Огноо | 2025-01-16 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 192/ШШ2025/00299
| 2025 оны 01 сарын 16 өдөр | Дугаар 192/ШШ2025/00299 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: * дүүрэг, * дүгээр хороо, * * дүгээр гудамж, * тоотод байрлах, А ХХК
Хариуцагч: * дүүрэг, * дугаар хороо, * гудамж, * байранд байрлах Б газар,
Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Г,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Т хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Б газарт холбогдуулан * дүүрэг, * дугаар хороо, Ө 1* дүгээр гудамж, * тоот хаягт байршилтай газрыг үнэлсэн М трейд ХХК-ийн */Ш дугаартай үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 4848 дугаартай захирамжаар А ХХК-иас 404,499,906 төгрөгийг гаргуулан банканд олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь манай компанийн барьцаалагдсан хөрөнгөд бидний өгсөн үнийн саналыг * банк хүлээн аваагүй гэсэн үндэслэлээр хөндлөнгийн үнэлгээчин томилж үнэлүүлсэн. Хөрөнгийн үнэлгээчнээр М ХХК ажилласан бөгөөд тус компани нь Б дүүргийн * дугаар хорооны нутагт байрлах 566,6 м.кв талбай бүхий Өлгийн 11-* тоот хашаа, байшинг зах зээлийн үнээс хэт доогуур 58,700,000 төгрөгөөр үнэлсэн.
1.2. Би энэ газрыг Fair valuation /* */ үнэлгээний компаниар үнэлүүлэхэд үнэлгээг 368 700 000 төгрөг гэж тогтоосон.
1.3. Би Цагдаагийн байгууллагад хандсан бөгөөд Цагдаагийн байгууллагаас үнэлгээний М О ХХК-тай адил эрхтэй Д ХХК-иар үнэлгээ хийлгэхээр томилсон. Д ХХК-ийн үнэлгээгээр 2019 оны байдлаар 230,000,000 төгрөгийн өртөгтэй байна гэж М ОХХК-ийн үнэлгээнээс 4 дахин өндөр үнэлэгдсэн.
1.4. Мөн Нийслэлийн * дүүргийн * газрын 2024 оны * дугаар сарын 02-ны өдрийн 53* дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолоор Шинжээч зориуд, худал дүгнэлт гаргах гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байгаа хэдий ч цаашид хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдож байна гэж дүгнээд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн.
1.5. Иймд Б дүүргийн * дугаар хороо Ө-ийн * тоот хашааны газрыг үнэлсэн М трейд ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчаас хариу тайлбартаа: Хариуцагч талаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль, журмын дагуу явагдсан гэсэн тайлбартай байна гэв.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /1хх 1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1хх 3/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх 4/, * дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн Нэхэмжлэлийг буцаах тухай захирамж /1хх 5-6/, F ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 7-21/, Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай тэмдэглэл /1хх 22-29/, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх 30/, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх 41, 53/, Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /1хх 42-43, 51-52/, Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ /1хх 150-156/, * банкны дансны хуулга /1хх 157-164/, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Мэдээллийн хэлтсээс 2020 оны 9-р сарын 10-ны өдөр Б дүүргийн 5-р хороо Өлгийн 11-* тоот хашааны орчмын 1:500 масштабтай дэд бүтцийн мэдээллийг гаргуулж авсан юм /1хх 165-167/, Түрээсийн гэрээ /1хх 169-172/, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ /1хх 174-180/, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ /1хх 181-183/, Хөрөнгийн үнэлгээний М трейд ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 185-201/, Монголын Мэргэшсэн үнэлгээчдийн институт 21/74 тоот албан бичиг /2хх 52/, Мэргэшсэн үнэлгээчдийн институтийн Мэргэжлийн хариуцлага, ёс зүйн хорооны 208/21 дугаар дүгнэлт /2хх 53-54/, Мөрдөгчийн санал /3хх 30/, Нийслэлийн Ч дүүргийн Прокурорын газрын Прокурорын 53* дугаар тогтоол /3хх 31-32/,
4. Хариуцагч дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /1хх 62/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Шийдвэр гүйцэтгэх албаны 4/1617 тоот албан бичиг /1хх 63/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 1/17035 тоот албан бичиг /1хх 64/, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны даргын А/13 дугаар тушаал /1хх 65/, Татан буугдсан капитал банкны нэхэмжлэлтэй гүйцэтгэх баримт бичиг хүлээлцсэн тухай акт /1хх 66-67/, хариу тайлбар /1хх 70-71/, Шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг /1хх 72/, Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл /1хх 73-85/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах тухай /1хх 86-87/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 1/7978 тоот Өмчлөх эрх шилжүүлэх тухай албан бичиг /1хх 88/, Битүүмжилсэн, хураасан хөрөнгө чөлөөлөх тухай 19/18 дугаар тогтоол /1хх 89/, Капитал банкны 1/1521 тоот Барьцаа хөрөнгө чөлөөлөхөд татгалзах зүйлгүй тухай албан бичиг /1хх 90/, Төлбөр төлөгчөөс хураан авсан эд хөрөнгийг төлбөр авагч шилжүүлсэн тухай 17250509/22 дугаар тогтоол /1хх 91/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн Нэхэмжлэлийг буцаах тухай захирамж /1хх 92-93/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын санал болгох ажиллагааны тэмдэглэл /1хх 94-96/, Шүүхийн гүйцэтгэх хуудас /1хх 97/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2016/04848 дугаар шийдвэр /1хх 98-103/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1803 дугаар магадлал /1хх 104-107/, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 001/ХТ2017/00061 дүгээр тогтоол /1хх 108-110/, Эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл /1хх 111-112/, Эд хөрөнгө хураах тухай тогтоол, тэмдэглэл /1хх 113-114/, А ХХК-ийн Үнийн санал хүргүүлэх тухай 01 тоот албан бичиг /1хх 115/, Капитал банкны Хүсэлт гаргах нь 1/498 тоот албан бичиг /1хх 116/, Шинжээч томилох тухай тогтоол /1хх 117/, Шинжээчийн дүгнэлт, үнэлгээний 18-04/Ш тоот тайланг хүлээлцсэн баримт /1хх 118/, М трейд ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай 18-04/Ш тоот албан бичиг /1хх 119/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 4/4563, 4/4562 тоот мэдэгдэл, тэмдэглэл /1хх 120-122/, Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол /1хх 123/, А ХХК-ийн Нэхэмжлэлээс хэсэгчлэн татгалзах тухай /1хх 124/, итгэмжлэл /2хх 78, 3хх 127/,
5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Хаан банкны дансны хуулга /2хх 181-196/, Шинжээчийн ажиллах журам /2хх 197-202/, Үнэлгээний тайлангийн жишиг /2хх 203-206/
6. Шүүхээс дараах баримтуудыг бүрдүүлсэн. Үүнд: нэхэмжлэгчийн хүсэлтээр Ч.Энхбаярыг асуусан гэрчийн мэдүүлэг /1хх 206-208/, Х.Ц-г асуусан гэрчийн мэдүүлэг /1хх 209-211/, Нэхэмжлэл /2хх 44-45/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 102/ШЗ2019/05611 дугаар Нэхэмжлэлийг буцаах тухай захирамж /2хх 47-49/, Монголын Мэргэшсэн үнэлгээчдийн институтийн 21/91 тоот албан бичиг, хавсралт /2хх 88-92/, Б.Э-г асуусан гэрчийн мэдүүлэг /2хх 150-155/, Монголын Мэргэшсэн үнэлгээчдийн институтийн 21/117 тоот албан бичиг, хавсралт /2хх 157-173/, Нийслэлийн Ч дүүргийн Прокурорын газрын 1/4061 тоот албан бичиг, хавсралт /3хх 77-119/, Гуравдагч этгээдийн хүсэлтээр Б.Э-ыг асуусан гэрчийн мэдүүлэг /2хх 146-149/.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч А ХХК нь Б газарт холбогдуулан * дүүрэг, * дугаар хороо, Ө 1* дүгээр гудамж, * тоот хаягт байршилтай газрыг үнэлсэн М трейд ХХК-ийн 18-04/Ш дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлагыг гарган шүүхэд хандсан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ үнэлгээчин хууль болон үнэлгээний олон улсын стандарт, үнэлгээчний ёс зүйн дүрэм, үнэлгээ хийхэд баримтлах зарчмуудыг зөрчиж хөрөнгийн үнэлгээг буруу тогтоосон, тухайн хөрөнгийн давуу байдлуудыг харгалзан үзэлгүй хөрөнгийг үнэгүйдүүлсэн гэжээ.
3. Хариуцагч дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэсэн үндэслэлээр бүхэлд нь зөвшөөрөөгүй болно.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2016/04848 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч * банк ХХК болон хариуцагч А ХХК нарын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэжээ. Тодруулбал, хариуцагч А ХХК-иас 402,823,593 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч * банк ХХК-д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.3 дахь хэсэгт зааснаар хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Дээрх шүүхийн шийдвэрт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 336 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн ба шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад эрхийн улсын Г-2204001318 дугаарт бүртгэлтэй, * дүүрэг, * дугаар хороо, Ө 1* дүгээр гудамж, * тоот хаягт байршилтай 566,60 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 17/04 дугаар тогтоолоор битүүмжилж, 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр 19/02 тогтоолоор хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлүүдэд заасан журмыг зөрчөөгүй байна.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоож болдог.
Гэвч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчид болох төлбөр төлөгч А ХХК нь 600,000,000 төгрөгийн санал гаргасан, харин төлбөр авагч * банк ХХК нь үнийн саналыг зөвшөөрөхгүй, шинжээчээр үнэлүүлэх хүсэлт гаргасан тул шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 53 дугаар тогтоолоор шинжээчээр М трейд ХХК-ийг томилж, эрхийн улсын бүртгэлийн Г-2204001318 дугаарт бүртгэлтэй, * дүүрэг, * дугаар хороо, Ө 1* дүгээр гудамж, * тоот хаягт байршилтай 566,60 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын үнэлгээг тогтоолгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5* дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт нийцжээ.
М трейд ХХК-ийн шинжээч Б.Э-ын 18-04/Ш дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлангаар уг газрын зах зээлийн үнэлгээг 58,700,000 төгрөгөөр үнэлсэн байна. Үнэлгээний тайланг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5* дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 4/4563 дугаар мэдэгдлээр төлбөр төлөгч А ХХК-д хүргүүлсэн байна. Уг мэдэгдлийг төлбөр төлөгч 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хүлээж авсан болох нь хэрэгт авагдсан дээрх мэдэгдэл баримтаар тогтоогдож байна. Төлбөр төлөгчөөс үнэлгээг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасныг шүүх 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хүлээж авсан байна.
Төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч томилогдсон шинжээч үнэлгээ тогтоох эрхтэй эсэх, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээч томилохдоо шинжээчид эрх, үүрэг танилцуулсан эсэх талаар маргаан гаргаагүй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болох бөгөөд мөн зүйлийн 42.2-т зааснаар шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална.
Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт Хөрөнгийн үнэлгээний тайлан дараах шаардлагад нийцсэн байна: 8.2.1.хөрөнгийн үнэлгээний үнэ цэнийн суурийг тодорхойлоход үнэлгээний ажлын нөхцөл, зорилгод тохируулан сонгосон байх, 8.2.2.хөрөнгийн үнэлгээний тайланд хөрөнгийн үнэлгээний стандарт, энэ хуулийн 3.1.1-д заасан тохиолдлын талаар тэмдэглэж тайлбарласан байх. Аливаа гажилт нь үнэлгээний тайлангийн найдвартай байдалд нөлөө үзүүлэхгүй байх, 8.2.3.хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх гэж заасан.
М ХХК-ийн үнэлгээчин Б.Э- нь Хөрөнгийн үнэлгээний тайлан-даа үнэлгээ хийсэн үндэслэл, зориулалт, үнэлгээний арга зүй, үнэлгээний зүйлийн мэдээлэл, шинж байдал, үнэлгээний зүйлийн үнэ цэнийн тооцоолол зэрэг зүйлийг тусгасан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан зохицуулалтад нийцсэн байх боловч дараах үндэслэлээр газрыг нийт 58,700,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг зах зээлийн үнэ цэнэ гэж үзэхэд эргэлзээтэй байна. Үүнд:
а. Хэрэгт авагдсан Хөрөнгийн үнэлгээний тайлан-гийн Зах зээлийн харьцуулалтын аргын үнэлгээ гэсэн хэсэгт харьцуулсан газар болох * дүүрэг, *-16 замын дагуу засмал замын дэргэд 1 дүгээр эгнээнд байршилтай газрын 1,0 м.кв талбайд ногдох үнийг 135,0 мянган төгрөг гэж, мөн * дүүрэг, * хойно, туслах замаар холбогдсон байршилтай газрын 1,0 м.кв талбайд ногдох үнийг 150,0 мянган төгрөг гэж тодорхойлсон байхад үнэлэгдэж буй өмчилсөн газрын зах зээлийн үнэ цэнийг 58,719,59 мянган төгрөг буюу 1,0 м.кв талбайд ногдох үнийг 103,6 мянган төгрөг гэж бага дүнгээр тогтоосон нь үндэслэл муутай болжээ. Өөрөөр хэлбэл, үнэлэгдэж буй өмчилсөн газар нь *-ын уулзварын зүүн урд, төв замын дэргэд, зам талаасаа 1 дүгээр эгнээнд, 1 дүгээр бүсэд байршилтай атлаа харьцуулсан газруудын үнэлгээнээс үнэлгээ доогуур байх шалтгаан тодорхой бус байна.
б. * дүүрэг, * дугаар хороо, Ө 1* дүгээр гудамж, * тоот хаягт байршилтай 566,60 м.кв талбайтай газар нь иргэний өмчлөлийн газар байтал харьцуулсан газрууд нь өмчлөх, эсхүл эзэмших эрхтэй газрын аль болох нь Хөрөнгийн үнэлгээний тайлан-д тусгагдаагүйгээс зах зээлийн харьцуулсан тооцооллыг үнэн зөв гэж үзэх боломжгүй.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, улсын бүртгэлийн Г-2204001318 дугаарт бүртгэлтэй, * дүүрэг, * дугаар хороо, Ө 1* дүгээр гудамж, * тоот хаягт байршилтай 566,60 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг үнэлсэн М трейд ХХК-ийн 18-04/Ш дугаартай үнэлгээг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11* дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5* дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан улсын бүртгэлийн Г-2204001318 дугаарт бүртгэлтэй, * дүүрэг, * дугаар хороо, Ө 1* дүгээр гудамж, * тоот хаягт байршилтай 566,60 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 58,700,000 төгрөгөөр үнэлсэн М трейд ХХК-ийн 18-04/Ш дугаартай үнэлгээг хүчингүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН