Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00368

 

 

 

 

 

 

 

 

 

“Х” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/02948 дугаар шийдвэртэй, “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй “И” ТӨААТҮГ-т холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 179 844 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани “И” ТӨААТҮГ-аас зарласан Нислэгийн хөдөлгөөний удирдлагын Смарт Атм программ хангамжийг тоног төхөөрөмжийн хамт нийлүүлэх, нийлүүлэгчийг сонгох сонгон шалгаруулалтад оролцож, ажлыг 179 868 000 төгрөгөөр гүйцэтгэх тухай саналаа 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүргүүлсэн.

Улмаар манай компанийг “И” ТӨААТҮГ-аас хүлээн зөвшөөрч, 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 01/2329 тоот албан бичгээр гэрээ байгуулах эрх олгосон.

Ийнхүү 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Нислэгийн хөдөлгөөний удирдлагын Смарт Атм программ хангамжийг тоног төхөөрөмжийн хамт нийлүүлэх гэрээг байгуулсан. Гэрээт ажлыг 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд нийлүүлж, хүлээлгэн өгөх ёстой байсан ч биднээс үл хамаарах шалтгаанаар гэрээт ажил түр зогссон ч бид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж гэрээт ажлыг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр бүрэн дуусгасан.

Гэрээт ажил компьютер тоног төхөөрөмжүүдийн үнэ 59 972 000 төгрөг, программ хангамжийн үнэ 109 296 000 төгрөг, программын сургалтын үнэ 10 600 000 төгрөг буюу нийт үнэ нь 179 868 000 төгрөг юм.

Манай компани тоног төхөөрөмжийг суурилуулан, программ хангамжийг ашиглалтад бэлэн болгосон боловч зөвхөн тоног төхөөрөмжүүдийг хүлээн авч, төлбөрийг шилжүүлээд, программ хангамжийг ямар нэгэн тодорхой үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзаж, төлбөр мөнгийг шилжүүлэхгүй хууль, гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

Иймд “И” ТӨААТҮГ-аас гэрээт ажлын үлдэгдэл 119 896 000 төгрөг, алданги 54 948 000 төгрөг, нийт 179 844 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. “Х” ХХК нь 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр “И” ТӨААТҮГ-тай Нислэгийн хөдөлгөөний удирдлагын Смарт Атм программ хангамж, тоног төхөөрөмжийн хамт нийлүүлэх гэрээг байгуулсан.

Гэрээний хугацаа 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дуусах байсан. Гэтэл тус компани нь 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 16/172 тоот бичгээр гэрээт ажлыг хүлээлгэн өгөх хүсэлт ирүүлсэн. Гүйцэтгэгчийн хүсэлтийн дагуу ажлын хэсгийн гишүүд 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр тоног төхөөрөмжийг хүлээн авсан комиссын акт үйлдсэн.

Уг актын 2.3-т нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны Смарт Атм төслийн хүрээний нэг хэсэг болох программ хангамжийг хүлээн авах шийдвэр нь комиссын дараагийн актаар шийдвэрлэгдэнэ гэж заасан. Смарт Атм төслийн ажлыг хүлээн авах комиссын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн дүгнэлтийн 1.3-т “Захиалагч гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээний 1.1, 1.2-т заасны дагуу программ хангамжийн гүйцэтгэлийг 30 орчим хувийн биелэлттэй байгаа нь одоогийн байдлаар хүлээн авах боломжгүй гэж дүгнэсэн.

Иймд гэрээнд заасан үүргээ биелүүлж ажлаа гүйцэт хүлээлгэж өгөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Харин нэхэмжлэгч байгууллага нь гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй буюу компьютер тоног төхөөрөмжийг хугацаанд нь нийлүүлээгүй алданги 5 997 200 төгрөг, программ хангамж, суурилуулалтыг хугацаанд нь хүлээлгэж өгөөгүй алданги 11 989 600 төгрөг, нийт 17 986 800 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1, 343.3-т заасныг баримтлан 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн  ИНЕГ/УТ/ТББ/Б-02/16 дугаар “Нислэгийн хөдөлгөөний удирдлагын Смарт Атм программ хангамж, тоног төхөөрөмжийн хамт нийлүүлэх гэрээ”-ний ажлын үр дүн болох нислэгийн хөдөлгөөний удирдлагын Смарт Атм программ хангамжийг гэрээний дагуу хүлээж авахыг хариуцагч “И” ТӨААТҮГ-т даалгаж, хариуцагч “И” ТӨААТҮГ-аас гэрээний үүргийн гүйцэтгэлд 179 844 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, хариуцагч “И” ТӨААТҮГ-ын “...алдангид 17 986 800 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Х” ХХК-аас 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр төлсөн 817 380 төгрөгийг, 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 457 690 төгрөгийг, 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 70 200 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “И” ТӨААТҮГ-аас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 247 884 төгрөгийг нөхөн гаргуулан төрийн сангийн дансанд оруулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1 127 370 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Х” ХХК нь 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Итай Нислэгийн хөдөлгөөний удирдлагын Смарт Атм програм хангамж, тоног төхөөрөмжийн хамт нийлүүлэх 179 868 000 төгрөгийн үнэ бүхий гэрээ байгуулсан ба гэрээний хугацаа 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дуусах байсан.

Гэтэл “Х” ХХК-ийн хүсэлтийн дагуу 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ИНЕГ-ын томилсон ажил хүлээн авах комисс гэрээт ажлын гүйцэтгэлийг 33,3 хувь гэж үнэлсэн бөгөөд үүнд ногдох төлбөр 59 972 000 төгрөгийг тус компанид олгосон.

 

Нэхэмжлэгч тал хийсэн ажлаа хүлээлгэн өгсөн гэж байгаа боловч баримтаар нотолж чадаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд 2 шинжээчийн дүгнэлт тус бүр “Смарт Атм програм хангамж” гүйцэтгэх ажил “60-80 хувьтай” гэж дүгнэсэн.

Мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад нэхэмжлэлд огт дурдагдаагүй, ямар ч холбоогүй шүүхийн шатанд, шүүх хуралдаан дээр огт яригдаж тэмдэглэгдээгүй, асуудлыг оруулж тусгасан байна.

Хариуцагч талын хүсэлтийн дагуу тус хэрэгт Тээврийн прокурорын газраас хяналтын прокурор томилогдон оролцож байсан бөгөөд тухайн өдөр шүүх хуралд хүндэтгэн үзэх шалтгаанаар ирж амжихааргүй тул шүүх хурлыг хойшлуулж өгөх хүсэлтийг шүүх хурал эхлэхээс өмнө шүүгчийн туслахад хэлсэн, хүсэлтээ цахим хэлбэрээр явуулсан байхад шүүх хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байдаг нь талуудыг мэтгэлцэх боломжоор хангаагүй, шүүх үндэслэлгүй шийдвэр гарахад нөлөөлсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй байна

 

Нэхэмжлэгч “Х” ХХК хариуцагч “И” ТӨААТҮГ-т холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлийг хүлээн авахыг даалгуулах, гэрээний үүрэгт 179 844 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 17 986 800 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

“И” ТӨААТҮГ нь “Х” ХХК-тай 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Нислэгийн хөдөлгөөний удирдлагын Смарт Атм программ хангамж, тоног төхөөрөмжийн хамт нийлүүлэх гэрээ” байгуулж, уг гэрээгээр “Х” ХХК нь нислэгийн хөдөлгөөний удирдлагын Смарт Атм программ хангамжийг, тоног төхөөрөмжийн хамт 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн дотор захиалагч “И” ТӨААТҮГ-т хүлээлгэн өгөх, “И” ТӨААТҮГ нь гэрээний үнэд 179 868 000 төгрөгийг төлөхөөр тохиролцжээ. /1хх8-28/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд гэрээний тоног төхөөрөмж нийлүүлэх зохицуулалт нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ, нислэгийн хөдөлгөөний удирдлагын SMART ATM программ хангамжийг гүйцэтгэн, нийлүүлэх зохицуулалт нь мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн байх ба мөн хуулийн 198 дугаар зүйлийн 198.5 дахь хэсэгт заасныг баримтлан холимог гэрээ гэж дүгнэсэн нь зөв боловч агуулгыг тайлбарлахдаа гэрээний гүйцэтгэлд илүү төсөөтэй тухайн төрлийн

 

гэрээг зохицуулсан хуулийн хэм хэмжээг анхаарна гэснийг буруу тайлбарласныг залруулж талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх нь зөв юм.

 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Дээрх гэрээний дагуу “Х” ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 59 972 000 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн, “И” ТӨААТҮГ хүлээн авсан, үйл баримтын талаар маргаагүй. Харин “И” ТӨААТҮГ нь 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 119 896 000 төгрөгийн үнэ бүхий программыг хүлээн авах боломжгүй гэсэн актыг гаргажээ. /1хх119, 120-121, 128/

 

Түүнчлэн, талууд гэрээгээр программ хангамжийн үүрэгтэй холбоотой нийт үнэ 119 896 000 төгрөг байх бөгөөд үүнд 109 296 000 /дотоод хяналтын программ 55 786 500 төгрөг, нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны апдикейшн ба динамик цахим хуудас 53 509 500 төгрөг/ төгрөг, программын сургалтын үнэ 10 600 000 /дотоод хяналтын программын сургалт 5 400 000 төгрөг, нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны апдикейшн ба динамик цахим хуудас сургалт 5 200 000 төгрөг/ төгрөг байна. Энэ талаар талууд маргаагүй байхаас гадна уг үйл баримт нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн гэрээг дүгнэсэн акт, мөн сарын 26-ны өдрийн ажил хүлээн авах комиссын дүгнэлтээр тогтоогдож байна. /хх124-125, 128/

 

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн шинжээчийн дүгнэлтэд бараа техникийн тодорхойлолт, хяналтын программ хангамжийн ажиллагаа гэж тус тусад нь ажил гүйцэтгэгчийн гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлыг тодорхойлохдоо нэгдсэн үнэлгээ гаргаагүйгээс 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нэмж дүгнэлт гаргасан байна. 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дүгнэлтэд хяналтын программ хангамжийн ажиллагааг 95 хувийн гүйцэтгэлтэй, бараа техникийн тодорхойлолттой холбоотой хийж гүйцэтгэсэн ажиллагааг 87 хувь гэж тодорхойлсныг талуудын тайлбартай харьцуулан дүгнэвэл “Х” ХХК нь нислэгийн хөдөлгөөний удирдлагын Смарт Атм программ хангамжийн ажлыг дунджаар 92 хувийн гүйцэтгэлтэй байх тул нийт 109 296 000 төгрөгийн ажилд ногдох гүйцэтгэлийн хувиар 100 552 320 төгрөгийг ажлын хөлсөнд гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Харин нэхэмжлэгч сургалт явуулсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байхаас гадна, ажлын үр дүн 100 хувь болоогүй тохиолдолд сургалт явуулах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, сургалтын зардалд 10 600 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

“И” ТӨААТҮГ нь дуусаагүй ажлыг хүлээж авахаас татгалзах эрхтэй тул гэрээний үүргийн гүйцэтгэлийг хүлээн авахыг даалгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Ажлын гүйцэтгэл нь 92 хувь буюу Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч үүргийг ялимгүй зөрчсөн тул захиалагч тал гэрээнээс татгалзах эрх үүсээгүй юм.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний тусгай нөхцөл хэсгийн 28.2-т “Алданги нь хоног тутамд 0.5 хувь байна. Алдангийн дээд хэмжээ нь гэрээний үнийн эсхүл хэрэв уг алданги нь дэд системд хамаарах бол гэрээний үнийн холбогдох хэсгийн дүнгийн 10 хувь байна” гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн гэж дүгнэн 0.5 хувиар алданги тооцож 59 948 000 төгрөгийг хариуцагч “И” ТӨААТҮГ-аас гаргуулж шийдвэрлэсэн болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн дүгнэлт нь алдаатай болжээ. Учир нь талууд гэрээгээр алдангийн тооцох хувь хэмжээг тохиролцсон боловч гэрээний аль үүргийг ямар хугацаанд тооцох талаар нарийвчлан тохиролцоогүй байх тул шууд буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцох нь учир дутагдалтай. Иймд энэ талаар гаргасан үндсэн нэхэмжлэл болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Түүнчлэн, анхан шатны шүүх гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтуяад 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход эдлэх эрх, хүлээх үүргийн талаар тайлбарласан, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдааны товыг 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр мэдэгдсэн баримт хэрэгт авагдсан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар зохигч шүүх хуралдааны товыг лавлах үүрэгтэй. Гуравдагч этгээд болох прокурор шүүхэд шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг гаргаагүй тул анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-т заасан нөхөн төлүүлэх шүүхийн зардалд шинжээчийн ажлын хөлс ордог бөгөөд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар уг зардлыг хуваарилах зарчимтай. Энэ зохицуулалтыг анхан шатны шүүх хэрэгжүүлэхэд талуудаас тайлбар авах шаардлагагүй талуудын маргаанд хамааралгүй юм. Гэрээний ажлын гүйцэтгэлийг 92 хувьтай гэх үндэслэлд холбогдох нэхэмжлэл хангагдаж байгаа тул хөлсийг захиалагчаар төлүүлэх нь үндэслэлтэй юм. Шинжээчийн дүгнэлтэд сургалтын хөлс, алдангийн талаарх нэхэмжлэл хамаарахгүй тул шинжээчийн ажлын хөлсийг нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр хувь тэнцүүлэн хуваарилах шаардлагагүй болно.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/02948 дугаар шийдвэрийн

1 дэх заалтын “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “И” ТӨААТҮГ-аас 100 552 320 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 79 291 680 төгрөгт холбогдох хэсэг болон нислэгийн хөдөлгөөний удирдлагын Смарт Атм программ хангамжийг гэрээний дагуу хүлээж авахыг хариуцагч “И” ТӨААТҮГ-т даалгуулах хэсгийг, “Х” ХХК-д холбогдох алдангид 17 986 800 төгрөг гаргуулах тухай “И” ТӨААТҮГ-ын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын “56 дугаар зүйлийн 56.1,” гэснийг “56 дугаар зүйлийн 56.2,” гэж “1 127 370 төгрөгийг” гэснийг “660 712 төгрөгийг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 057 170 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                          ШҮҮГЧИД                                  Ч.ЦЭНД

 

                                                                                            Э.ЗОЛЗАЯА