Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2016/01180

 

Ц.Ундармаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, Танхимын тэргүүн Х.Сонинбаяр, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2016/00155 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1508 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Ц.Ундармаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Төр, засгийн үйлчилгээ эрхлэх газарт холбогдох

Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/05 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Б.Цэвээнпүрэвийн гомдлыг үндэслэн, 

Танхимын тэргүүн Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Ундармаа, түүний өмгөөлөгч С.Болормаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хулансайхан нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Ундармаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газарт 2003 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 188 тоот тушаалаар Санхүү, эдийн засгийн хэлтэст төсвийн нягтлан бодогч албан тушаалд томилогдон ажилд орсон. Тус хэлтэст Санхүүгийн албаны ерөнхий санхүүч, төлөвлөгөө төсвийн мэргэжилтэн зэрэг албан тушаалд ажиллаж байгаад 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 60 дугаар тушаалаар Санхүүгийн албаны даргын албан тушаалд томилогдон ажилласан 2014 оны 04 дүгээр сард хүүхэд төрүүлж, хүүхэд асрах чөлөөтэй байж байгаад 2015 оны 10 дугаар сард эргэж ажилдаа орсон. 2003 оноос хойш 13 жил ажиллахдаа ямар нэгэн зөрчил, дутагдал гаргаж байгаагүй бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Б/11 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан. Намайг ажлаас халахдаа эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж, удирдлагад санхүүгийн алдаатай баримтыг удаа дараа танилцуулж, хяналт тавих үүргээ биелүүлээгүй, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэл заасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/05 дугаартай тушаалаар эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандан хяналт тавих, үүргээ биелүүлээгүй гэж сануулах арга хэмжээ авсан. Надад гомдол гаргах хугацаа өгөлгүй 10 хоногийн дараа буюу 01 дүгээр сарын 22-ны өдөр дараагийн арга хэмжээ авч шууд ажлаас халсан. Тушаалд гомдол гаргах миний эрхийг хангаагүй тул би шүүхэд хандахад хүрсэн. Мөн 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/05 тоот тушаал нь миний ажил үүрэгт хамааралгүй асуудлаар уг шийтгэлийг ногдуулсан. Учир нь 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 107 дугаар тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн Б.Дарханцэцэгийн нийгмийн даатгалын шимтгэлийг захирлын ямар ч тушаал шийдвэргүй дур мэдэн байгууллагын өмнөөс төлснийг хяналгүй явуулж байгууллагад 63 360 төгрөгийн хохирол учруулсан гэж байгаа боловч нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтыг нягтлан Г.Ариунаа бодож. сар бүрийн шимтгэл төлөлтийн тайлан дээр нягтлан Г.Ариунаа газрын дарга нар гарын үсэг зурж Нийгмийн даатгал руу хүргүүлдэг. Миний хувьд зөвхөн мөнгө шилжүүлэх төлбөрийн хүсэлт дээр мөнгө шилжүүлэх зөвшөөрөл олгож даргын хамт гарын үсэг зурдаг. Б.Дарханцэцэг нь манай байгууллагын дэд захирлаар ажиллаж байгаад Австрали улс руу 6 сарын хэлний бэлтгэлд явсан. Түүний 2015 оны 10, 11, 12 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нягтлан Г.Ариунаа төлсөн үйлдэлдээ 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр сахилгын арга хэмжээ авахуулсан. Үүний дараа буюу 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Б.Дарханцэцэг 63 360 төгрөгийг байгууллагад буцаан тушааж хохиролгүй болгосон. Дэд захирал Д.Нямжавын цалинг 237 154 төгрөгөөр өсгөж, цай зөөгч Б.Энх-Орчлонгийн цалинг огт бодолгүй орхигдуулсан байхад хяналт тавих үүргээ биелүүлээгүй үндэслэлээр гаргасан 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/11 тушаалын хувьд ажилчдын цалинг, цалингийн нягтлан бодогч Г.Ариунаа бодож, ахлах нягтлан бодогч Г.Нэрж хянасны дараа би хянадаг юм. Төр засгийн үйлчилгээг эрхлэх газрын захирап Д.Нямжав байсан, сүүлд манай газрын захирлаар Б.Цэвээнпүрэв томилогдож ирсэн. Цалингийн нягтлан бодогч маань Д.Няжавын цалинг захирал байх үеийнхээр иь биччихсэн байсныг шинээр ирсэн захирал Б.Цэвээнпүрэв харсан байсан. Энэ бичилтээр гүйлгээ хийгдээгүй, цай зөөгч Б.Энх-Орчлонгийн цалинг огт бодолгүй орхигдуулсан байсныг би илрүүж зөвтгүүлсэн тул ажил үүрэгтээ хайнга, хариуцлагагүй хандаагүй болно. Газрын 2015 оны жилийн эцсийн урамшуулал, 13 дугаар сарын цалинд тухайн оны 7 сараас хойш ажиллаагүй дэд захирлын нэрийг оруулж бичсэн байсныг тухайн үед нь захирал Б.Цэвээнпүрэв сануулж, энэ тухай 2015 оны 12 дугаар сарын 17, 21-ний өдрийн шуурхайн тэмдэглэл дээр тусгагдсан гэж яриад байгаа нь үндэслэлгүй юм. Би тус газрын дүрэм, журамд заасны дагуу Д.Нямжав захиралд 7 сар хүртэл захирлаар ажиллаж байсан үеийнх нь урамшууллыг бичээд орсон чинь Д.Нямжавд урамшуулал олгохгүй хас гэсний дагуу хасаж бичээд бусад хүмүүсийн урамгуулал олгосны дараа Б.Цэвээнпүрэв захирал өөрөө төлбөрийн хүсэлт бичээд Д.Нямжавд урамшуулал олгосон байдаг. Энэ тухай баримтыг хэрэгт авч ирж өгсөн байгаа. Намайг сахилгын зөрчил гаргасан гэж байгаа боловч түүнийг нотлох баримт бичигтэй танилцаж тайлбар өгөх, гомдол гаргах хугацаа олгоогүй, албаны саналыг аваагүй, захирлын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцээгүй. Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/05, Б/11 дугаар бүхий тушаалууд нь үндэслэлгүй, ойлгомжгүй байна. Хөдөлмөрийн гэрээний ямар заалтыг зөрчсөн болох нь тодорхойгүй, Байгууллагын дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.3-т “Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна” гэж байгаа боловч энэ тухай юу ч хийгээгүй байгаа. Түүнчлэн 10.4-т “Сахилгын шийтгэлийг тухайн албан хаагчийн харъяалах нэгжийн болон зохион байгуулалтын албаны саналыг үндэслэн газрын захирлын тушаалаар ногдуулна” гэсэн байгаа бологч үүнийгээ биелүүлээгүй, албаны дарга нарын саналыг аваагүй байгаа юм. Тус газрын захирлын дэргэдэх зөвлөлийн ажиллах журмын 1.4-т “ажилтнуудыг томилох чөлөөлөхдөө Захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэнэ” гэж заасан боловч хэлэлцүүлээгүй, мөн 1.5-т “Зөвлөлийн гишүүд аливаа асуудлыг хэлэлцэхдээ санал дүгнэлтээ гаргах үүрэгтэй” гэж заасан байгаа боловч энэ тухай баримт байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацаа тогтоож, уг хугацааг ажлаас халах шийдвэрт заах ёстойь гэтэл Б/11 тоот тушаалд хэдийгээр тасалбар болох нь ч тодорхойгүй байгаа. Хөдөлмөрийн гэрээний 10.2-т “Хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол холбогдох журам гэрээнд заасан сахилгын шийтгэл ноогдуулна” гэсэн бөгөөд нэхэмжлэгчийн хувьд хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн зүйлгүй. Ц.Ундармааг ажлаас халсан тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг зөрчсөн тул үндэслэлгүй, мөн сахилгын шийтгэл ногдуулсан тушаал нь дотоод журмаа зөрчсөн. Иймд Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын даргын Б/05 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус газарт Санхүүгийн албаны даргын албан тушаалд ажиллаж байсан Ц.Ундармаа нь 2003 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Санхүү, эдийн засгийн хэлтэст төсвийн нягтлан бодогчоор томилогдон ажилласан. 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 60 дугаар тушаалаар Санхүүгийн албаны даргын албан тушаалд томилогдон ажилласан 2014 онд хүүхэд асрах чөлөөтэй байж байгаад 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ажилдаа орсон Ц.Ундармаа нь эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж, дэд даргаар ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр чөлөөлөгдсөн Б.Дарханцэцэгийн нийгмийн даатгалын шимтгэлийг захирлын ямар ч тушаал шийдвэргүй дур мэдэн байгууллагын өмнөөс төлсөн байсныг хяналгүй явуулж байгууллагад 63 360 төгрөгийн хохирол учруулсан. Хэдийгээр нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн үйлдлийг цалин хөлс хариуцсан нягтлан бодогч Г.Ариунаа үйлдсэн боловч Санхүүгийн албаны дарга Ц.Ундармаа нь хөдөлмөрийн гэрээнд заасныхаа дагуу түүнд хяналт тавих үүргээ биелүүлэх ёстой байсан. Иймээс Ц.Ундармаад газрын захирлын 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/05 дугаартай тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Энэ тушаалд Ц.Ундармаа гомдол гаргаагүй бөгөөд сахилгын шийтгэл хүчинтэй байх хугацаанд дэд захирал Д.Нямжавын цалинг 237 154 төгрөгөөр өсгөж, цай зөөгч Б.Энх-Орчлонгийн цалинг огт бодолгүй орхигдуулан санхүүгийн ноцтой зөрчил гаргасан байхад хяналт тавих үүргээ дахин биелүүлээгүй учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаас хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас нь халсан. Санхүүгийн албанд ажилладаг хүний гол чанар бол үнэнч, шударга байх, удирдлагынхаа итгэлийг эвдэхгүй байх явдал юм. Удирдлага нь итгэл үзүүлсэн байхад хөдөлмөрийн гэрээнд заасан хяналт тавих үүргээ биелүүлэхгүй байгаа нь сахилгын ноцтой зөрчилд хамаарна. Ц.Ундармаагийн ажлын байрны тодорхойлолтод Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Байгууллагын нууцын тухай хууль болон холбогдох эрх зүйн актууд болон хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан үүрэг хариуцлагыг хүлээнэ гэж, мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7, 20 2.5, 20.2.9, 20.2.11, 20.2,13-т заасныг баримтлан ажиллах үүргээ биелүүлээгүй. Байгууллагын дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.3-т заасны дагуу сахилгын зөрчил, үндэслэлийг урьдчилан мэдэгдсэн. Ц.Ундармааг Захирлын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар оруулах шаардлагагүй гэж үзсэн. Б.Дарханцэцэгийн үед ажлаас халах, чөлөөлөх үед албадын дарга нарт танилцуулдаг, дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.4-т заасны дагуу Сахилгын шийтгэлийг тухайн албан хаагчийн харьяалах нэгжийн болон зохион байгуулалтын албаны саналыг үндэслэн газрын захарлын тушаалаар ногдуулдаг байсан боловч одоо захирал эрх хэмжээнийхээ хүрээнд гаргаж байгаа тушаал учраас шаардлагагүй гэж үзээд танилцуулахгүй болсон. Улсын Дээд шүүхийн тайлбарын 15.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа дараа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй”, 15.5-д “ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь хууль санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байвал зохино” гэж заасан байгаа. Ц.Ундармаа нь байгууллагын нууцад хамаарах санхүүгийн эх баримт бичгүүд хэрэгт авч ирж өгсөн байгааг анхаарна уу. Мөн Ц.Ундармаа нь дээрх 2 зөрчлийг гаргахаас өмнө газрын 2015 оны жилийн эцсийн урамшуулал 13 дугаар сарын цалинд тухайн оны 7 сараас хойш ажиллаагүй дэд захирлын нэрийг оруулж бичсэн байсныг тухайн үед нь захирал Б.Цэвээнпүрэв сануулж энэ тухай 2015 оны 12 дугаар сарын 17, 21-ний өдрийн шуурхайн тэмдэглэл дээр тусгагдсан байдаг юм. Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын даргын дэргэдэх зөвлөлийн ажиллах журмын 3 дугаар зүйлийн 3.10-т “Зөвлөлийн хуралдаанаас хэлэлцсэн асуудлаар хуралдааны тэмдэглэл, газрын даргын тушаал гарна” гэсэн заалт нь тухайн зөвлөлийн хурлаар хэлэлцэгдсэн асуудалд хамаарна. Ц.Ундармааг ажлаас чөлөөлөөгүй, ажлаас нь халсан тул 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/11 тоот дугаартай Ц.Ундармааг ажлаас халах тухай тушаал гаргахад зөвлөлөийн хурлаар хэлэлцэгдээгүй болно. Иймд Ц.Ундармааг ажлаас халсан Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын захирлын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/11 дүгээр тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2016/00155 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/05 дугаар тоот “Сахилгын шийтгэл ногуудал тухай” тушаалыг хүчингүй болгон, Ц.Ундармааг Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын Санхүүгийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоож, тус газраас 6 110 455 төгрөг гаргуулж Ц.Ундармаад олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан дээрх олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 112 717 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогот оруулхаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1508 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2016/00155 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Цэвээнпүрэв хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.2-т “Удиртгал хэсэгт шийдвэрийг хэзээ, хаана ямар шүүх гаргаж байгаа, шүүх бүрэлдэхүүн болон шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, хэргийн оролцогч болон шүүх хуралдааны оролцогчдыг нэрлэн заана” гэсэн боловч Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2016/00155 дугаар шийдвэрт “... гэрч Д.Адъяахүү, Б.Болорсувд, Г.Нэрж, И.Пүрэвхүү, нарийн бичгийн дарга Ц.Золбоо нар оролцов” гэж заасан байна. Шүүх хуралдаанд И.Пүрэвхүү гэдэг гэрч оролцоогүй болно. 2. Шүүхийн магадлалд “Нэхэмжлэгч нь Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/05 тоот Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ” гэсэн боловч Ц.Ундармаа нь 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр “Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/11 тоот ажлаас халах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж зохих бичилт хийлгэх тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасан. Гэтэл Ц.Ундармаа 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/05 тоот “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах тухай нэмэгдүүлсэн нэхэмжлэлийг гаргасан байхад тус нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.4 дэх заалтын хэсгийг зөрчсөн гэж үзэж байна. Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/05 тоот “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг 3 хувь үйлдэж нэг хувийг Ц.Ундармаад, нэг хувийг Санхүүгийн албанд, нэг хувийг бичиг хэрэгт өгсөн тухай Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын “Тушаал бүртгэлийн дэвтэрт” бүртгэгдсэн байдаг. Тус сахилгын шийтгэлийг Ц.Ундармаа болон цалин мөнгөний нягтлан бодогч Г.Ариунаа нар хүлээн зөвшөөрч холбогдох хохирол болох 63 360 төгрөгийг байгууллагын бэлэн мөнгөний касст 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр дэд захирлаар ажиллаж байсан Б.Дарханцэцэгээр төлүүлсэн байдаг. 3. Шүүхийн магадлалд “... Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт дурдсан зөрчлийг ажилтан гаргаагүй тул Б/05 тоот тушаалаар ногдуулсан сахилгын шийтгэлийг үндэслэлгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. Учир нь хариуцагч байгууллагын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2015 оны 10, 11, 12 дугаар сарын тайланд Ц.Ундармаагийн гарын үсэг байхгүй байна...” гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Хэдийгээр нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн үйлдлийг Цалин хөлс хариуцсан нягтлан бодогч Г.Ариунаа үйлдсэн боловч Санхүүгийн албаны дарга Ц.Ундармаа нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Сангийн сайдын 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 294 тоот тушаалын хавсралт “Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид тавигдах ерөнхий шаардлага, шалгуур журам”, Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолтод заасныхаа дагуу түүнд хяналт тавих үүргээ биелүүлэх ёстой байсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт “... нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан дээр нягтлан бодогч Г.Ариунаа бодож, сар бүрийн шимтгэл төлөлтийн тайлан дээр нягтлан Г.Ариунаа, газрын дарга /Д.Нямжав, Б.Цэвээнпүрэв/ нар гарын үсэг зурж Нийгмийн даатгал руу хүргүүлдэг. Миний хувьд зөвхөн мөнгө шилжүүлэх төлбөрийн хүсэлт дээр мөнгө шилжүүлэх зөвшөөрөл олгож даргын хамт гарын үсэг зурдаг” гэсэн байдаг. Гэтэл санхүүгийн албаны дарга хүн ийм тайлбар хийж байгаа үйлдэл нь Мэргэшсэн ерөнхий нягтлан бодогчид байж болшгүй зүйл юм. Гарын үсэг зурж байгаа төлбөрийн хүсэлт түүнийг дагалдах тайланг хяналгүй гарын үсэг зурсан гэж байгаа Ц.Ундармаагийн тайлбар ажилдаа хайнга хандаж байсны нотлгоо болно. Ажлаас өөрийн хүсэлтээр 2015 оны 07 дугаар сарын 15-ны өдөр чөлөөлөгдсөн Б.Дарханцэцэгийн нийгмийн даатгалын шимтгэлийг 8, 9 дүгээр сард төлөөгүй атлаа Ц.Ундармааг 10 дугаар сард ажилдаа орсноос эхлэн нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн нь эргэлзээ төрүүлдэг. 10, 11, 12 дугаар сарын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн Төлбөрийн хүсэлтэд Ерөнхий нягтлан бодогч хяналт тавилгүй гарын үсэг зурж шилжүүлэг хийгдэж байсан нь дараах хуулийн заалтууд болон ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээг хангалтгүй биелүүлсэн нь тогтоогддог тул Ц.Ундармаад газрын захирлын 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар “сануулах” сахилгын шийтгэлийг оногдуулсан. Үүнд: Санхүүгийн албаны даргын ажлын байрны тодорхойлолтын 2.1.Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт нь Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль хэрэгжсэн байхыг заасан байдаг. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйл “Ерөнхий нягтлан бодогчийн эрх үүрэг”-ийг заасан. 20.1.Аж ахуйн нэгж байгууллагын ерөнхий нягтлан бодогч мэргэжлийн ур чадвар, ёс зүйтэй байх, 20.2.4.Нягтлан бодох бүртгэл хөтлөлт нь энэ хууль болон санхүүгийн бусад хууль тогтоомжид заасан шаардлагад нийцэж байгаа эсэхийг хянах, 20.2.5.Дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил гүйлгээг гарахаас нь өмнө хянан баталгаажуулах, 20.2.7.Аж ахуйн нэгж, байгууллагын татвар, төлбөр, хураамж, шимтгэлийн тооцооллыг шалгах, тэдгээрт хяналт тавих, мэргэжлийн үйлчилгээний зөвлөгөө туслалцаа авах. 20.2.9.Аж ахуйн нэгж байгууллагын удирдлага болон санхүүгийн тайлан хэрэглэгчдийг цаг хугацаанд нь үнэн, зөв мэдээплээр хангах , Сангийн сайдын 2006 оны 388 дугаар тушаал “Төсөвт байгууллагад мөрдөх нягтлан бодох бүртгэлийн заавар журам”-ын 1 дүгээр хавсралт нягтлан бодох бүртгэлийн дансны заавар-ын 3 дугаар зүйлийн 3.7.Нийгмийн даатгалын зардлыг хүлээн зөвшөөрөх болон үнэлж тодорхойлохдоо Нийгмийн даатгалын тухай хууль болон Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль, түүнийг хэрэгжүүлэх заавар журмын холбогдох заалтыг дагаж мөрдөнө. Ажил олгогч нь ажиллагсдад олгох цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг хууль тогтоомжийн дагуу тодорхойлсон хэмжээгээр уг зардлыг хүлээн зөвшөөрч бүртгэнэ гэж заасан байтал эдгээр шаардлагыг мөрдөж ажиллаагүй болно. Энэхүү сахилгын шийтгэлийг оногдуулахад Ц.Ундармаа нь гомдол гаргаагүй ба энэ тушаал одоо ч хүчин төгөлдөр үйлчлэх хууль зүйн бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч Ц.Ундармаа 2015 оны 07 сард өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн дэд захирал Б.Дарханцэцэгийг жилийн үр дүнгийн урамшуулал олгуулахаар тушаал бэлдэн Захиралд танилцуулсан тул сануулга өгч ажилдаа хариуцлагатай хандаж дахин алдаа гаргахгүй ажиллахыг 2015 оны 12 дугаар сарын 21-ний шуурхай хурал дээр анхааруулсан. Хурлын тэмдэглэл хавтаст хэрэгт авагдсан болно. 4.Шүүхийн магадлалд “... 2016 оны 01 дүгээр сарын цалинг зөв бодсон эсэхэд Ц.Ундармаа хяналт тавих үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон боловч ажил олгогч зөрчлийг хянан шалгах, тогтоох журмыг зөрчсөн гэх анхан шатны шүүхийн дүгнэлийг буруутгах боломжгүй байна. ...” гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Ц.Ундармаад “сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалгаж тогтоосон тухай баримт, материалтай танилцуулаагүй, нэмэлт тайлбар хийх, гомдол гаргах эрхээ эдлэх боломж олгоогүй, тухай сахилгын шийтгэлийг ногдуулахдаа Зохион байгуулалтын албаны саналыг аваагүй, захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцээгүй” болох нь зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна” гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. “ТЗҮЭГ-ын захирлын дэргэдэх зөвлөлийн ажиллах журам”-аар тус зөвлөлийн хурлаар хэлэлцэж болох асуудлыг оруулсан болохоос ажилтныг ажлаас чөлөөлөх, халахдаа заавал захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар оруулж хэлэлцүүлнэ гэж Хөдөлмөрийн дотоод журам болон Хөдөлмөрийн гэрээнд заагдаагүй болно. Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.3.1 сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна гэсний дагуу Ц.Ундармаад зөрчил тус бүрийг илрүүлсэний дараа урьдчилан танилцуулж алдааг нь засуулж байгууллагад учруулсан хохирлыг нөхөн төлүүлсэн. Энэ тухай баримт хавтаст хэрэгт авагдсан болно. Хөдөлмөрийн дотоод журмын 10.4-т заасан харъяалах хэлтсийн болон Зохион байгуулалтын албаны саналыг авна гэсний дагуу Санхүүгийн албаны дарга холбогдох нягтлан бодогчид гаргасан зөрчлийг танилцуулан Зохион байгуулалтын албаны саналын дагуу /боловсруулсан тушаал, холбогдох материал/ Захирлын тушаалаар сахилгын шийтгэл оногдуулсан болно. Эдгээр баримт хавтаст хэрэгт авагдсан болно. Ц.Ундармаа нь байгууллагын хэмжээнд хийгдэж байгаа санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргээ биелүүлэлгүй сахилгын давтан зөрчил гаргасан учир хөдөлмөрийн гэрээг хуулийн дагуу цуцалж ажлаас халсан. ТЗҮЭГ-ын захирлын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/11 дугаартай Ц.Ундармааг ажлаас халах тухай тушаалын 2 дахь заалтад “Ц.Ундармаатай холбогдох тооцоог ажлын 3 өдөрт багтаан хийж дуусгахыг ... даалгасугай” гэсэн. Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 19-т “...”ажлаас халагдсан өдрийг ажил олгогчийн шийдвэрт заахдаа тухайн ажилтны ажилласан хугацаанд нь оногдвол зохих ээлжийн амралтын хоногийг нэмж, сүүлчийн өдрийг тогтооно” гэж заасны дагуу тушаалдаа ажлаас халах өдрийг заагаагүй болно. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Ц.Ундармаагийн Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын даргын Б/05 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх тухайн маргаанд хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Ц.Ундармаад тус газрын захирлын 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/05 дугаартай тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсны дараа 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас нь халсан үндэслэлийг хариуцагч тайлбарлахдаа “нягтлан бодогч Г.Ариунаа нь Б.Дарханцэцэгийн нийгмийн даатгалын шимтгэлийг байгууллагын өмнөөс шийдвэргүйгээр шилжүүлснийг илрүүлж хяналт тавих үүргээ биелүүлээгүй энэ зөрчлийн улмаас 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/05 тоот тушаалаар сануулах шийтгэл ногдуулсны дараа мөн нягтлан Г.Ариунаа нь захирал Д.Нямжавын цалинг 237 154 төгрөгөөр өсгөж, Б.Энх-Орчлонгийн цалинг бодоогүй орхигдуулж санхүүгийн ноцтой зөрчлийг  гаргасан байхад хяналт тавих үүргээ дахин биелүүлээгүйгээс 2016 оны 01 дүгээр сарын  22-ны өдрийн Б/11 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлээр түүний хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй” гэсэн агуулгатай тайлбарыг гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд тус хариуцагч байгууллагын санхүүгийн албанд санхүүгийн албаны дарга Ц.Ундармаа, ахлах нягтлан бодогч Г.Нэрж, цалингийн нягтлан бодогч Г.Ариунаа нар ажиллаж байгаа бөгөөд цалинг бодож улмаар ахлах нягтлан хянан үзэж баталгаажуулсны дараа санхүү албаны дарга нь хянан үздэг гэх зохигчдын тайлбараар дээрх тушаалуудад заасан зөрчлийг тэргүүн ээлжинд илрүүлэх үүрэг нь ахлах нягтлан бодогчийн ажил үүрэгтэй шууд хамааралтай байгаагаас гадна Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.5.-д “дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гарахаас нь өмнө хянан, баталгаажуулна” гэж заажээ. Түүнчлэн Б.Дарханцэцэгийн нийгмийн даатгалын шимтгэлд төлөгдсөн байсан 63 360 төгрөгийг тухайн этгээд нь өөрөө буцаан төлж байгууллагыг хохиролгүй болгосон, Д. Нямжавын цалинг 237 154 төгрөгөөр өсгөж бичсэн гэх зөрчлийг тухайн үед нь илрүүлснээр гүйлгээг хийгээгүй, харин Б.Энх-Орчлонгийн цалинг бодоогүй орхигдуулсан байсныг Ц.Ундармаа илрүүлж зөвтгөсөн зэрэг үйл баримтууд тогтоогдсон байна.

Иймд хоёр шатны шүүх Ц.Ундармаад ногдуулсан “сануулах” сахилгын шийтгэлийг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн дүгнэсэн байх ба хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 401, 40,2-т заасны дагуу маргаанд нь хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн гэж үзэв.

Харин сахилгын шийтгэл ногдуулсан буруу гэх Ц.Ундармаагийн гомдлыг хангаж шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасныг баримтлаагүйг зөвтгөн энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1508 дугаар магадлалын 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2016/00155 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... 128 дугаар зүйлийн 128.1.2.,” гэсний дараа “128.1.7” гэснийг нэмж шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Б.Цэвээнпүрэвийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар хариуцагч хяналтын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Г.ЦАГААНЦООЖ

                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                   Х.СОНИНБАЯР