Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 1508

 

Ц.**гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2016/00155 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.**гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч **т холбогдох,

 

Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/05 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ц.**

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: С.**

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.**, Э.**

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2003 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгсөөд Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газарт 2003 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 188 тоот тушаалаар Санхүү, эдийн засгийн хэлтэст төсвийн нягтлан бодогч албан тушаалд томилогдон ажилд орсон. Тус хэлтэст Санхүүгийн албаны ерөнхий санхүүч, төлөвлөгөө төсвийн мэргэжилтэн зэрэг албан тушаалд ажиллаж байгаад 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 60 дугаар тушаалаар Санхүүгийн албаны даргын албан тушаалд томилогдон ажилласан. 2014 оны 04 дүгээр сард хүүхэд төрүүлж хүүхэд асрах чөлөөтэй байж байгаад 2015 оны 10 дугаар сард эргэж ажилдаа орсон.

2003 оноос хойш 13 жил ажиллахдаа ямар нэгэн зөрчил, дутагдал гаргаж байгаагүй бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Б/11 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан. Намайг ажлаас халахдаа эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж, удирдлагад санхүүгийн алдаатай баримтыг удаа дараа танилцуулж, хяналт тавих үүргээ биелүүлээгүй, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэл заасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/05 дугаартай тушаалаар эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандан хяналт тавих үүргээ биелүүлээгүй гэж сануулах арга хэмжээ авсан. Надад гомдол гаргах хугацаа өгөлгүй 10 хоногийн дараа буюу 01 дүгээр сарын 22-ны өдөр дараагийн арга хэмжээ авч шууд ажлаас халсан. Тушаалд гомдол гаргах миний эрхийг хангаагүй тул би шүүхэд хандахад хүрсэн. Мөн 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/05 тоот тушаал нь миний ажил үүрэгт хамааралгүй асуудлаар уг шийтгэлийг ногдуулсан. Учир нь 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 107 дугаар тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн Б.**ийн нийгмийн даатгалын шимтгэлийг захирлын ямар ч тушаал шийдвэргүй дур мэдэн байгууллагын өмнөөс төлснийг хяналгүй явуулж байгууллагад 63 360 төгрөгийн хохирол учруулсан гэж байгаа боловч нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтыг нягтлан Г.** бодож, сар бүрийн шимтгэл төлөлтийн тайлан дээр нягтлан Г.**, газрын дарга нар гарын үсэг зурж Нийгмийн даатгал руу хүргүүлдэг. Миний хувьд зөвхөн мөнгө шилжүүлэх төлбөрийн хүсэлт дээр мөнгө шилжүүлэх зөвшөөрөл олгож даргын хамт гарын үсэг зурдаг. Б.** нь манай байгууллагын дэд захирлаар ажиллаж байгаад Австрали улс руу 6 сарын хэлний бэлтгэлд явсан. Түүний 2015 оны 10,11,12 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нягтлан Г.** төлсөн үйлдэлдээ 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр сахилгын арга хэмжээ авахуулсан. Үүний дараа буюу 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Б.** 63 360 төгрөгийг байгууллагад буцаан тушааж хохиролгүй болгосон.

Дэд захирал Д.**ын цалинг 237 154 төгрөгөөр өсгөж, цай зөөгч                  Б.**гийн цалинг огт бодолгүй орхигдуулсан байхад хяналт тавих үүргээ биелүүлээгүй үндэслэлээр гаргасан 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/11 тушаалын хувьд ажилчдын цалинг, цалингийн нягтлан бодогч Г.** бодож, ахлах нягтлан бодогч Г.** хянасаны дараа би хянадаг юм. Төр засгийн үйлчилгээг эрхлэх газрын захирал Д.** байсан, сүүлд манай газрын захирлаар Б.** томилогдож ирсэн. Цалингийн нягтлан бодогч маань Д.**ын цалинг захирал байх үеийнхээр нь биччихсэн байсныг шинээр ирсэн захирал Б.** харсан байсан. Энэ бичилтээр гүйлгээ хийгдээгүй, цай зөөгч Б.**гийн цалинг огт бодолгүй орхигдуулсан байсныг би илрүүлж зөвтгүүлсэн тул ажил үүрэгтээ хайнга, хариуцлагагүй хандаагүй болно.

Газрын 2015 оны жилийн эцсийн урамшуулал, 13 дугаар сарын цалинд тухайн оны 7 сараас хойш ажиллаагүй дэд захирлын нэрийг оруулж бичсэн байсныг тухайн үед нь захирал Б.** сануулж, энэ тухай 2015 оны 12 дугаар сарын 17, 21-ний өдрийн шуурхайн тэмдэглэл дээр тусгагдсан гэж яриад байгаа нь үндэслэлгүй юм. Би тус газрын дүрэм, журамд заасны дагуу Д.** захиралд 7 сар хүртэл захирлаар ажиллаж байсан үеийнх нь урамшууллыг бичээд орсон чинь Д.**д урамшуулал олгохгүй хас гэсний дагуу хасаж бичээд бусад хүмүүсийн урамшуулал олгосны дараа Б.** захирал өөрөө төлбөрийн хүсэлт бичээд Д.**д урамшуулал олгосон байдаг. Энэ тухай баримтыг хэрэгт авч ирж өгсөн байгаа. Намайг сахилгын зөрчил гаргасан гэж байгаа боловч түүнийг нотлох баримт бичигтэй танилцаж тайлбар өгөх, гомдол гаргах хугацаа олгоогүй, албаны саналыг аваагүй, захирлын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцээгүй.

Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/05, Б/11 дугаар бүхий тушаалууд нь үндэслэлгүй, ойлгомжгүй байна. Хөдөлмөрийн гэрээний ямар заалтыг зөрчсөн болох нь тодорхойгүй, Байгууллагын дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.3-т “Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна” гэж байгаа боловч энэ тухай юу ч хийгээгүй байгаа юм. Түүнчлэн 10.4-т “Сахилгын шийтгэлийг тухайн албан хаагчийн харъяалах нэгжийн болон зохион байгуулалтын албаны саналыг үндэслэн газрын захирлын тушаалаар ногдуулна” гэсэн байгаа боловч үүнийгээ биелүүлээгүй, албаны дарга нарын саналыг аваагүй байгаа юм.

Тус газрын захирлын дэргэдэх зөвлөлийн ажиллах журмын 1.4-т “ажилтнуудыг томилох чөлөөлөхдөө Захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэнэ” гэж заасан боловч хэлэлцүүлээгүй, мөн 1.5-т “Зөвлөлийн гишүүд аливаа асуудлыг хэлэлцэхдээ санал дүгнэлтээ гаргах үүрэгтэй” гэж заасан байгаа боловч энэ тухай баримт байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заах ёстой, гэтэл Б/11 тоот тушаалд хэдийгээр тасалбар болох нь ч тодорхойгүй байгаа. Хөдөлмөрийн гэрээний 10.2-т “Хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол холбогдох журам гэрээнд заасан сахилгын шийтгэл ногдуулна” гэсэн бөгөөд нэхэмжлэгчийн хувьд хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн зүйлгүй. Ц.**г ажлаас халсан тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг зөрчсөн тул үндэслэлгүй, мөн сахилгын шийтгэл ногдуулсан тушаал нь дотоод журмаа зөрчсөн.

Иймд Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/05 тоот Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын төлөөлөгч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус газарт Санхүүгийн албаны даргын албан тушаалд ажиллаж байсан Ц.** нь 2003 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Санхүү, эдийн засгийн хэлтэст төсвийн нягтлан бодогчоор томилогдон ажилласан. 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 60 дугаар тушаалаар Санхүүгийн албаны даргын албан тушаалд томилогдон ажилласан. 2014 онд хүүхэд асрах чөлөөтэй байж байгаад 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ажилдаа орсон. Ц.** нь эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж, дэд даргаар ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр чөлөөлөгдсөн Б.**ийн нийгмийн даатгалын шимтгэлийг захирлын ямар ч тушаал шийдвэргүй дур мэдэн байгууллагын өмнөөс төлсөн байсныг хяналгүй явуулж байгууллагад 63 360 төгрөгийн хохирол учруулсан. Хэдийгээр нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн үйлдлийг цалин хөлс хариуцсан нягтлан бодогч Г.** үйлдсэн боловч Санхүүгийн албаны дарга Ц.** нь хөдөлмөрийн гэрээнд заасныхаа дагуу түүнд хяналт тавих үүргээ биелүүлэх ёстой байсан. Иймээс Ц.**д газрын захирлын 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/05 дугаартай тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Энэ тушаалд Ц.** гомдол гаргаагүй бөгөөд сахилгын шийтгэл хүчинтэй байх хугацаанд дэд захирал Д.**ын цалинг 237 154 төгрөгөөр өсгөж, цай зөөгч          Б.**гийн цалинг огт бодолгүй орхигдуулан санхүүгийн ноцтой зөрчил гаргасан байхад хяналт тавих үүргээ дахин биелүүлээгүй учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас нь халсан. Санхүүгийн албанд ажилладаг хүний гол чанар бол үнэнч шударга байх, удирдлагынхаа итгэлийг эвдэхгүй байх явдал юм. Удирдлага нь итгэл үзүүлсэн байхад хөдөлмөрийн гэрээнд заасан хяналт тавих үүргээ биелүүлэхгүй байгаа нь сахилгын ноцтой зөрчилд хамаарна. Ц.**гийн ажлын байрны тодорхойлолтод Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Байгууллагын нууцын тухай хууль болон холбогдох эрх зүйн актууд болон хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан үүрэг хариуцлагыг хүлээнэ гэж, мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7, 20.2.5, 20.2.9, 20.2.11, 20.2.13-т заасныг баримтлан ажиллах үүргээ биелүүлээгүй. Байгууллагын дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.3-т заасны дагуу сахилгын зөрчил, үндэслэлийг урьдчилан мэдэгдсэн. Ц.**г Захирлын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар оруулах шаардлагагүй гэж үзсэн. Б.**ийн үед ажлаас халах, чөлөөлөх үед албадын дарга нарт танилцуулдаг, дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.4-т заасны дагуу Сахилгын шийтгэлийг тухайн албан хаагчийн харьяалах нэгжийн болон зохион байгуулалтын албаны саналыг үндэслэн газрын захирлын тушаалаар ногдуулдаг байсан боловч одоо захирал эрх хэмжээнийхээ хүрээнд гаргаж байгаа тушаал учраас шаардлагагүй гэж үзээд танилцуулахгүй болсон. Улсын Дээд шүүхийн тайлбарын 15.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа дараа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй”,15.5-д “ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь хууль санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байвал зохино” гэж заасан байгаа. Ц.** нь байгууллагын нууцад хамаарах санхүүгийн эх баримт бичгүүд хэрэгт авч ирж өгсөн байгааг анхаарна уу.

Мөн Ц.** нь дээрх 2 зөрчлийг гаргахаас өмнө газрын 2015 оны жилийн эцсийн урамшуулал, 13 дугаар сарын цалинд тухайн оны 7 сараас хойш ажиллаагүй дэд захирлын нэрийг оруулж бичсэн байсныг тухайн үед нь захирал Б.** сануулж энэ тухай 2015 оны 12 дугаар сарын 17, 21-ний өдрийн шуурхайн тэмдэглэл дээр тусгагдсан байдаг юм. Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын даргын дэргэдэх зөвлөлийн ажиллах журмын 3 дугаар зүйлийн 3.10-т “Зөвлөлийн хуралдаанаас хэлэлцсэн асуудлаар хуралдааны тэмдэглэл, газрын даргын тушаал гарна” гэсэн заалт нь тухайн зөвлөлийн хурлаар хэлэлцэгдсэн асуудалд хамаарна. Ц.**г ажлаас чөлөөлөөгүй, ажлаас нь халсан тул 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/11тоот дугаартай Ц.**г ажлаас халах тухай тушаал гарахад зөвлөлийн хурлаар хэлэлцэгдээгүй болно.

Иймд Ц.**г ажлаас халсан Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын захирлын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/11 дүгээр тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2,69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/05 тоот Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгон, Ц.**г Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын Санхүүгийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоож, тус газраас 6 110 455 төгрөг гаргуулж Ц.**д олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан дээрх олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 112 717 төгрөг гаргуулж улсын төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Шүүхийн шийдвэрт "...гэрч Д.**, Б.**, Г.**, И.**, нарийн бичгийн дарга Ц.** нар оролцов" гэж заасан байна. Шүүх хуралдаанд И.** гэдэг гэрч оролцоогүй болно.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Нэхэмжлэгч нь Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/05 тоот " Сахилгын шийтгэл ногдуулах тухай" тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж зохих бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргажээ", "...Ц.** нь ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор буюу 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд гаргасан байна" хэмээн тус нэхэмжлэлийн шаардлагын дагуу уг тушаалыг хүчингүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь тус сахилгын шийтгэлийг Ц.** болон цалин хөлс хариуцсан нягтлан бодогч Г.** нар хүлээн зөвшөөрч холбогдох хохирол болох 63 360 төгрөгийг байгууллагын бэлэн мөнгөний касст 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр дэд захирлаар ажиллаж байсан Б.**ээр төлүүлсэн байдаг. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт "Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй" гэж заасан. Гэтэл Ц.** 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/05 тоот " Сахилгын шийтгэл ногдуулах тухай" тушаалыг хүчингүй болгуулах тухай нэмэгдүүлсэн нэхэмжлэлийг гаргасан байхад тус нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Хэдийгээр нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн үйлдлийг цалин хөлс хариуцсан нягтлан бодогч Г.** үйлдсэн боловч Санхүүгийн албаны дарга Ц.** нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Сангийн сайдын 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 294 тоот тушаалын хавсралт "Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид тавигдах ерөнхий шаардлага, шалгуур журам", Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу түүнд хяналт тавих үүргээ биелүүлэх ёстой байсан.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.1-т "...2015 оны 11, 12 дугаар сарын шимтгэл ноогдуулалт тайланг нягтлан бодогч Г.**, дарга Б.** нар тус тус гарган, хянаж гарын үсэг зурж баталгаажуулжээ..." гэж нотлох баримтаар тогтоогдсон хэмээн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт "... нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан дээр нягтлан бодогч Г.** бодож, cap бүрийн шимтгэл төлөлтийн тайлан дээр нягтлан Г.**, газрын дарга /Д.**, Б.**/ нар гарын үсэг зурж Нийгмийн даатгал руу хүргүүлдэг. Миний хувьд зөвхөн мөнгө шилжүүлэх төлбөрийн хүсэлт дээр мөнгө шилжүүлэх зөвшөөрөл олгож даргын хамт гарын үсэг зурдаг" гэсэн байдаг. Гэтэл санхүүгийн албаны дарга хүн ийм тайлбар хийж байгаа үйлдэл нь мэргэшсэн ерөнхий нягтлан бодогчид байж болшгүй зүйл юм. Гарын үсэг зурж байгаа төлбөрийн хүсэлт түүнийг дагалдах тайланг хяналгүй гарын үсэг зурсан гэж байгаа Ц.**гийн тайлбар ажилдаа хайнга хандаж байсны нотолгоо болно.

Ажлаас өөрийн хүсэлтээр 2015 оны 07 дугаар сарын 15-ны өдөр чөлөөлөгдсөн Б.**ийн нийгмийн даатгалын шимтгэлийг 8, 9 дүгээр сард төлөөгүй атлаа Ц.**г 10 дугаар сард ажилдаа орсноос эхлэн нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн нь эргэлзээ төрүүлдэг. Төсвийн байгууллагаас cap бүр Нийгмийн даатгал руу хийгддэг 30 орчим сая төгрөгийн гүйлгээнд ерөнхий нягтлан бодогч хяналт тавилгүй гарын үсэг зурж шилжүүлэг хийгдэж байсан нь дараах хуулийн заалтууд болон ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээг хангалтгүй биелүүлсэн нь тогтоогддог тул Ц.**д газрын захирлын 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар "сануулах" сахилгын шийтгэлийг оногдуулсан. Үүнд: Санхүүгийн албаны даргын ажлын байрны тодорхойлолтын 2.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.2.4, 20.2.5, 20.2.7, 20.2.9, Сангийн сайдын 2006 оны 388 дугаар тушаал "Төсөвт байгууллагад мөрдөх нягтлан бодох бүртгэлийн заавар журам"-ын 1 дүгээр хавсралт Нягтлан бодох бүртгэлийн дансны зааврын 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт заасан шаардлагыг мөрдөж ажиллаагүй болно.

Энэхүү сахилгын шийтгэлийг ногдуулахад Ц.** нь гомдол гаргаагүй ба энэ тушаал одоо ч хүчин төгөлдөр үйлчлэх хууль зүйн бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч Ц.** 2015 оны 07 сард өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн дэд захирал Б.**ийг жилийн үр дүнгийн урамшуулал олгуулахаар тушаал бэлдэн захиралд танилцуулсан тул сануулга өгч ажилдаа хариуцлагатай хандаж дахин алдаа гаргахгүй ажиллахыг 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн шуурхай хурал дээр анхааруулсан.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...Ц.**д "сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалгаж тогтоосон тухай баримт, материалтай танилцуулаагүй, нэмэлт тайлбар хийх, гомдол гаргах эрхээ эдлэх боломж олгоогүй, тухайн сахилгын шийтгэлийг ногдуулахдаа Зохион байгуулалтын албаны саналыг аваагүй, захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцээгүй" болох нь зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна" гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь " Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын захирлын дэргэдэх зөвлөлийн ажиллах журам"-аар тус зөвлөлийн хурлаар хэлэлцэж болох асуудлыг оруулсан болохоос ажилтныг ажлаас чөлөөлөх, халахдаа заавал захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар оруулж хэлэлцүүлнэ гэж Хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заагдаагүй болно.

Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.3, 10.4 дэх хэсэгт заасны дагуу Ц.**д зөрчил тус бүрийг илрүүлсний дараа урьдчилан танилцуулж алдааг нь засуулж байгууллагад учруулсан хохирлыг нөхөн төлүүлж, Санхүүгийн албаны дарга холбогдох нягтлан бодогчид гаргасан зөрчлийг танилцуулан Зохион байгуулалтын албаны саналын дагуу захирлын тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан болно.

Ц.** нь байгууллагын хэмжээнд хийгдэж байгаа санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргээ биелүүлэлгүй сахилгын давтан зөрчил гаргасан учир хөдөлмөрийн гэрээг хуулийн дагуу цуцалж ажлаас халсан. Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын захирлын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/11 дутаартай Ц.**г ажлаас халах тухай тушаалын 2 дахь заалтад "Ц.**тай холбогдох тооцоог ажлын 3 өдөрт багтаан хийж дуусгахыг... даалгасугай" гэсэн. Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 19-т “ажлаас халагдсан өдрийг ажил олгогчийн шийдвэрт заахдаа тухайн ажилтны ажилласан хугацаанд нь оногдвол зохих ээлжийн амралтын хоногийг нэмж, сүүлчийн өдрийг тогтооно” гэж заасны дагуу тушаалдаа ажлаас халах өдрийг заагаагүй болно.

Иймд хууль зүйн үндэслэлгүй гарсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Ц.**гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй бслгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Ц.** нь хариуцагч **т холбогдуулан тус газрын захирлын 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/05 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын захирлын 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/05 тоот тушаалаар Ц.**д эрхэлсэн ажилдаа хайхрамжгүй хандсан, хяналт тавих үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр “сануулах” сахилгын шийтгэл ногдуулжээ.

 

Сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай ажилтны гомдол Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д зааснаар шүүх харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарна.

 

Сахилгын шийтгэл ногдуулсан Б/05 тоот тушаалыг ажилтан Ц.**д танилцуулсан талаар баримтгүйгээс гадна уг тушаалд гомдол гаргах хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдол гаргах хугацаанд хамаарахгүй тул ажилтан гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт дурдсан зөрчлийг ажилтан гаргаагүй тул Б/05 тоот тушаалаар ногдуулсан “сануулах” сахилгын шийтгэлийг үндэслэлгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Учир нь хариуцагч байгууллагын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2015 оны 10, 11, 12 дугаар сарын тайланд Ц.**гийн гарын үсэг байхгүй байна.

 

Хариуцагч байгууллагын захирлын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/11 тоот тушаалаар Ц.**г эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж, удирдлагад санхүүгийн алдаатай баримтыг удаа дараа танилцуулж, хяналт тавих үүргээ биелүүлээгүй, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5.1, 40.1, 40.1.4, 100.1, Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын дүрмийн 7.7.6, Хөдөлмөрийн дотоод журмын 3.12 дахь хэсгийг баримталжээ.

 

Хариуцагч байгууллага нь “ажилтан Ц.** нь сахилгын шийтгэлийг хүчинтэй байх хугацаа дуусаагүй байхад дэд захирал Д.**ын цалинг 237 154 төгрөгөөр өсгөж, цай зөөгч Б.**гийн цалинг огт бодолгүй орхигдуулсан зөрчлийг гаргасан” гэж тайлбарлажээ.

 

Б/05 тоот тушаал үндэслэлгүй гарсан тул Б/11 тоот тушаалд дурдсан зөрчлийг хариуцагчийн тайлбартай харьцуулан дүгнэвэл давтан зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй байна.

Түүнчлэн цай зөөгч Б.**гийн цалинг бодолгүй орхигдуулсан гэх зөрчил Ц.**д хамаарахгүй бөгөөд тэрээр уг зөрчлийг илрүүлж зөвтгүүлсэн үйл баримтын талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

2016 оны 01 дүгээр сарын цалинг зөв бодсон эсэхэд Ц.** хяналт тавих үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон боловч ажил олгогч зөрчлийг хянан шалгах, тогтоох журмыг зөрчсөн гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2016/00155 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

     ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

 

Э.ЗОЛЗАЯА