Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2016/00155

 

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 21 өдөр        Дугаар 181/ШШ2016/00155         Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанааар,

            Нэхэмжлэгч: Ц.У гийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч:  ТҮГ т холбогдох

ТҮГ ын даргын 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/05 тоот ”Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах,  ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.У , нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б, хариуцагч ТҮГ ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Э.Х, гэрч Д.А, Б.Б, Г.Н, И.П, нарийн бичгийн даргад Ц.Золбоо нар оролцов.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2003 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгсөөд Төр, засгийн үйлчилээ, аж ахуйг эрхлэх газарт 2003 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 188 тоот тушаалаар Санхүү эдийн засгийн хэлтэст төсвийн нягтлан бодогч албан тушаалд томилогдон ажилд орсон. Тус хэлтэст Санхүүгийн албаны ерөнхий санхүүч, Төлөвлөгөө төсвийн мэргэжилтэн зэрэг албан тушаалд ажиллаж байгаад 2012  оны 12 дугаар сарын 12-ны өдөр 60 дугаар тушаалаар Санхүүгийн албаны даргын албан тушаалд томилогдон ажилласан. 2014 оны 4 дүгээр сард хүүхэд төрүүлж хүүхэд асрах чөлөөтэй байж байгаад 2015 оны 10 дугаар сард эргэж ажилдаа орсон. Миний бие 2003 оноос хойш 13 жил ажиллахдаа ямарваа зөрчил, дутагдал гаргаж байгаагүй бөгөөд 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Б/11 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдлаа. Намайг ажлаас халахдаа эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж, удирдлагад санхүүгийн алдаатай баримтыг удаа дараа танилцуулж, хяналт тавих үүргээ биелүүлээгүй, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан тухай тушаал гаргасан. Би үүнийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

1.Сахилгын зөрчил давтан гаргасан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн Б/05 дугаартай тушаалаар эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандан хяналт тавих үүргээ биелүүлээгүй гэж сануулах арга хэмжээ авсан. Надад  гомдол гаргах хугацаа өгөлгүй 10 хоногийн дараа буюу 1 дүгээр сарын 22-ны өдөр дараагийн арга хэмжээ авч шууд ажлаас халсан. Тушаалд гомдол гаргах миний эрхийг хангаагүй тул би шүүхэд хандахад хүрсэн.

Мөн 2016.01.12-ны өдрийн Б/05-тоот тушаал нь миний ажил үүрэгт хамааралгүй асуудлаар уг шийтгэлийг ногдуулсан. Учир нь 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 107 дугаар тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн Б.Д ийн нийгмийн даатгалын шимтгэлийг захирлын ямар ч тушаал шийдвэргүй дур мэдэн байгууллагын өмнөөс төлснийг хяналгүй явуулж байгууллагад 63360 төгрөгийн хохирол учруулсан гэж байгаа боловч нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтыг нягтлан Г.А бодож, сар бүрийн шимтгэл төлөлтийн тайлан дээр нягтлан Г.А ,  газрын дарга /Д.Н , Б.Ц / нар гарын үсэг зурж Нийгмийн даатгал руу хүргүүлдэг. Миний хувьд зөвхөн мөнгө шилжүүлэх төлбөрийн хүсэлт дээр мөнгө шилжүүлэх зөвшөөрөл олгож даргын хамт гарын үсэг зурдаг.

Б.Д нь манай байгууллагын дэд захирлаар ажиллаж байгаад Австрали улс руу 6 сарын хэлний бэлтгэлд явсан. Түүний 2015 оны 10,11,12 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр  нягтлан Г.А төлсөн үйлдэлдээ 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр сахилгын арга хэмжээ авахуулсан. Үүний дараа буюу 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Б.Д 63.360 төгрөгийг байгууллагад буцаан тушааж хохиролгүй болгосон.       

2.Дэд захирал Д.Н ын цалинг 237154 төгрөгөөр өсгөж, цай зөөгч Б.Энх-Орчлонгийн цалинг огт бодолгүй орхигдуулсан байхад хяналт тавих үүргээ биелүүлээгүй үндэслэлээр  гаргасан 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Б/11 тушаалын хувьд:

- ажилчдын цалинг, цалингийн нягтлан бодогч  Г.А бодож, ахлах нягтлан бодогч Г.Нэрж хянасаны дараа би хянадаг юм. 

-ТҮГ ын захирал Д.Н байсан, сүүлд манай газрын захирлаар Б.Ц томилогдож ирсэн. Цалингийн нягтлан бодогч маань Д.Н ын цалинг захирал байх үеийнхээр нь биччихсэн байсныг шинээр ирсэн захирал Б.Ц харсан байсан. Энэ бичилтээр гүйлгээ хийгдээгүй 

-цай зөөгч Б.Энх-Орчлонгийн цалинг огт бодолгүй орхигдуулсан байсныг би илрүүлж зөвтгүүлсэн тул ажил үүрэгтээ хайнга, хариуцлагагүй хандаагүй болно.

Газрын 2015 оны жилийн эцсийн урамшуулал, 13 дугаар сарын цалинд  тухайн оны 7 сараас хойш ажиллаагүй дэд захирлын нэрийг оруулж  бичсэн байсныг тухайн үед нь захирал Б.Ц сануулж, энэ тухай 2015 оны 12 дугаар сарын 17, 21-ний өдрийн шуурхайн тэмдэглэл дээр тусгагдсан гэж яриад байгаа нь үндэслэлгүй юмаа.

 Би тус газрын дүрэм, журманд заасны дагуу Д.Н захиралд 7 сар хүртэл захирлаар ажиллаж байсан үеийнх нь урамшууллыг бичээд орсон чинь Д.Н д урамшуулал олгохгүй хас гэсэн. Түүний дагуу хасаж бичээд бусад хүмүүсийн урамшуулал олгосны дараа Б.Ц захирал өөрөө төлбөрийн хүсэлт бичээд Д.Н д урамшуулал олгосон байдаг. Энэ тухай баримтыг хэрэгт авч ирж өгсөн байгаа. Намайг сахилгын зөрчил гаргасан гэж байгаа боловч түүнийг нотлох баримт бичигтэй танилцаж тайлбар өгөх, гомдол гаргах хугацаа олгоогүй, албаны саналыг аваагүй, захирлын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцээгүй.

ТҮГ ын Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/05, Б/11 дугаар бүхий тушаалууд нь үндэслэлгүй, ойлгомжгүй байна.

1.Хөдөлмөрийн гэрээний ямар заалтыг зөрчсөн болох нь тодорхойгүй,

2.Байгууллагын дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.3-т Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж  тогтоон энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна. гэж байгаа боловч энэ тухай юу ч хийгээгүй байгаа юм.

10.4-т Сахилгын шийтгэлийг тухайн албан хаагчийн харъяалах нэгжийн болон зохион байгуулалтын албаны саналыг үндэслэн газрын захирлын тушаалаар ногдуулна гэсэн байгаа боловч үүнийгээ биелүүлээгүй, албаны дарга нарын саналыг аваагүй байгаа юм.

3.Тус газрын захирлын дэргэдэх зөвлөлийн ажиллах журмын 1.4-т ажилтнуудыг томилох чөлөөлөхдөө Захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэнэ гэж заасан боловч хэлэлцүүлээгүй, мөн 1.5-т Зөвлөлийн гишүүд аливаа асуудлыг хэлэлцэхдээ санал дүгнэлтээ гаргах үүрэгтэй гэж заасан байгаа боловч энэ тухай баримт байхгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заах ёстой, гэтэл  Б/11 тоот тушаалд хэдийгээр тасалбар болох нь ч тодорхойгүй байгаа. Хөдөлмөрийн гэрээний 10.2-т Хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол холбогдох журам гэрээнд заасан сахилгын шийтгэл ногдуулна гэсэн бөгөөд Ц.У гийн хувьд хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн зүйлгүй. Ц.У г ажлаас халсан тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43.1-ийг зөрчсөн тул үндэслэлгүй, мөн сахилгын шийтгэл ногдуулсан тушаал нь дотоод журмаа зөрчсөн.

Иймд ТҮГ ын даргын 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/05 тоот ”Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгож,  ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч  түүний  төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус газарт Санхүүгийн албаны даргын албан тушаалд ажиллаж байсан Ц.У нь анх 2003.9.30-ны өдөр Санхүү эдийн засгийн хэлтэст төсвийн нягтлан бодогчоор томилогдон ажилласан. 2012.12.12-ны өдөр 60 дугаар тушаалаар Санхүүгийн албаны даргын албан тушаалд томилогдон ажилласан. 2014 онд хүүхэд асрах чөлөөтэй байж байгаад 2015.9.25-нд ажилдаа  орсон. Ц.У нь эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж, дэд даргаар ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр 2015.7.10-ны өдөр чөлөөлөгдсөн Б.Д ийн нийгмийн даатгалын шимтгэлийг захирлын ямар ч тушаал шийдвэргүй дур мэдэн байгууллагын өмнөөс төлсөн байсныг хяналгүй явуулж байгууллагад 63360 төгрөгийн хохирол учруулсан. Хэдийгээр нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн үйлдлийг цалин хөлс хариуцсан нягтлан бодогч Г.А үйлдсэн боловч Санхүүгийн албаны дарга Ц.У нь хөдөлмөрийн гэрээнд заасныхаа дагуу түүнд хяналт тавих үүргээ биелүүлэх ёстой байсан. Иймээс Ц.У д газрын захирлын 2016.01.12-ны өдрийн Б/05 дугаартай тушаалаар “сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан. Энэ тушаалд Ц.У гомдол гаргаагүй бөгөөд  сахилгын шийтгэл хүчинтэй байх хугацаанд дэд захирал Д.Н ын цалинг 237154 төгрөгөөр өсгөж, цай зөөгч Б.Энх-Орчлонгийн цалинг огт бодолгүй орхигдуулан санхүүгийн ноцтой зөрчил гаргасан байхад хяналт тавих үүргээ дахин биелүүлээгүй учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар 2016.01.22-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас нь халсан. Санхүүгийн албанд ажилладаг хүний гол чанар бол үнэнч шударга байх, удирдлагынхаа итгэлийг эвдэхгүй байх явдал юм. Удирдлага нь итгэл үзүүлсэн байхад хөдөлмөрийн гэрээнд заасан хяналт тавих үүргээ биелүүлэхгүй байгаа нь сахилгын ноцтой зөрчилд хамаарна.

Ц.У гийн ажлын байрны тодорхойлолтод Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Байгууллагын нууцын тухай хууль, болон холбогдох эрх зүйн актууд болон хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан үүрэг хариуцлагыг хүлээнэ.гэж мөн нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20.2.7., 20.2.5.,20.2.9., 20.2.11., 20.2.13 –ийг баримтлан ажиллах үүргээ биелүүлээгүй. Байгууллагын дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.3-т заасны дагуу сахилгын зөрчил, үндэслэлийг урьдчилан мэдэгдсэн. Ц.У г Захирлын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар оруулах шаардлагагүй гэж үзсэн. Б.Д ийн үед ажлаас халах, чөлөөлөх үед албадын дарга нарт танилцуулдаг, дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.4-т заасны дагуу Сахилгын шийтгэлийг тухайн албан хаагчийн харъяалах нэгжийн болон зохион байгуулалтын албаны саналыг үндэслэн газрын захирлын тушаалаар ногдуулдаг байсан боловч одоо захирал эрх хэмжээнийхээ хүрээнд гаргаж байгаа тушаал учраас шаардлагагүй гэж үзээд танилцуулахгүй болсон.

Дээд шүүхийн тайлбарын 15.4.-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа дараа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй,15.5-д ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь хууль санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байвал зохино гэж заасан байгаа. Ц.У нь байгууллагын нууцад хамаарах санхүүгийн эх баримт бичгүүд / төлбөрийн хүсэлт, ажилчдын 1 дүгээр сарын цалингийн дэлгэрэнгүй гэх мэт/  хэрэгт авч ирж өгсөн байгааг анхаана уу.

Мөн Ц.У нь дээрх 2 зөрчлийг гаргахаас өмнө Газрын 2015 оны жилийн эцсийн урамшуулал, 13 дугаар сарын цалинд  тухайн оны 7 сараас хойш ажиллаагүй дэд захирлын нэрийг оруулж  бичсэн байсныг тухайн үед нь захирал Б.Ц сануулж энэ тухай 2015 оны 12 дугаар сарын 17, 21-ний өдрийн шуурхайн тэмдэглэл дээр тусгагдсан байдаг юмаа. 

ТҮГ ын даргын дэргэдэх зөвлөлийн ажиллах журмын 3 дугаар зүйлийн 3.10-т Зөвлөлийн хуралдааанаас хэлэлцсэн асуудлаар хуралдааны тэмдэглэл, газрын даргын тушаал гарна гэсэн заалт нь тухайн зөвлөлийн хурлаар хэлэлцэгдсэн асуудалд хамаарна. Ц.У г ажлаас чөлөөлөөгүй, ажлаас нь халсан тул 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Б/11тоот дугаартай Ц.У г ажлаас халах тухай тушаал гарахад  зөвлөлийн хурлаар хэлэлцэгдээгүй болно.

Иймд Ц.У г ажлаас халсан ТҮГ ын захирлын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/11 дүгээр тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд гэрч Д.Адъяахүү, Б.Болорсувд, Г.Нэрж, И.Пүрэвхүү нарын мэдүүлгийг сонсов.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэлийг хангах үндэстэй.  

            Нэхэмжлэгч нь ТҮГ ын даргын 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/05 тоот ”Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах,  ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж зохих бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргажээ.

            Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Ц.У г хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж маргажээ.

            Ц.У нь ТҮГ ын Санхүүгийн албаны даргаар ажиллаж байжээ. Түүнийг “эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж, удирдлагад санхүүгийн алдаатай баримтыг удаа дараа танилцуулж, хяналт тавих үүргээ биелүүлээгүй, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” үндэслэлээр 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ажлаас халсан нь зохигчийн тайлбар, тус газрын захирлын Б/11 дугаар тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, газрын дүрэм,  дотоод журмаар тогтоогдож байна.  

            Дээрх тушаал болон хариуцагчийн тайлбараас үзэхэд ажил олгогч нь Ц.У г “сахилгын зөрчлийг давтан гаргасан ” гэсэн үндэслэлээр ажлаас халжээ.

            Ц.У нь ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор буюу 2016 оны 2 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд гаргасан байна.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй.

 1.Тус газрын дэд захирал Б.Д 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 107 дугаар тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн байхад түүний  2015 оны 10,11,12 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 63360 төгрөгийг захирлын ямар ч тушаал шийдвэргүй  байгууллагын өмнөөс төлснийг хяналгүй явуулж байгууллагад 63360 төгрөгийн хохирол учруулсан үндэслэлээр Ц.У гийн 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар “сануулах” сахилгын шийтгэлийн талаар:

            1.1.ТҮГ ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2015 оны 10 дугаар сарын шимтгэл ногдуулалт, тайланг нягтлан бодогч Г.А , дарга Д.Н , 2015 оны 11, 12 дугаар сарын шимтгэл ногдуулалт, тайланг нягтлан бодогч Г.А , дарга Б.Ц нар тус тус гарган, хянаж гарын үсэг зурж баталгаажуулжээ./хх-ийн 213-223-р тал/

1.2.ТҮГ ын дэд даргаар ажиллаж байсан Б.Д нь 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр 63360 төгрөгийг тус байгууллагад буцаан төлсөн байна. /хх-ийн 28-р тал/

1.3.Ажилтан Ц.У нь хөдөлмөрийн гэрээнд заасан үүргийнхээ дагуу ажлын байрны тодорхойлолтод заасан ажлыг чанартай хийж гүйцэтгэн Монгол улсын үндэсний аудиторын газрын шалгалт дүгнэлтээр  ТҮГ ын 2012, 2013, 2015 оны санхүүгийн тайланд “зөрчилгүй” гэсэн дүгнэлтийг авсан байна. /хх-ийн 107-158-р тал/

Иймд ТҮГ ын 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/05 тоот ”Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгох үндэстэй байна.

2. 2016 оны 01 дүгээр сарын цалинг бодохдоо дэд захирал Д.Н ын цалинг 237.154 төгрөгөөр өсгөж, цай зөөгч Б.Энх-Орчлонгийн цалинг огт бодолгүй орхигдуулсан байхад хяналт тавих үүргээ биелүүлээгүй үндэслэлээр 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Б/11 тушаалаар Ц.У г ажлаас халсан сахилгын шийтгэлийн талаар:

2.1.ТҮГ ын 2016 оны 01 дүгээр сарын цалинг цалингийн нягтлан Г.А бодож, ахлах нягтлан бодогч Г.Нэрж, Санхүүгийн албаны дарга Ц.У нар хянаж  тус газрын захирал Б.Ц гарын үсэг зурж баталгаажуулсан байх бөгөөд энэ үед дэд захирал Д.Н ын цалинг хуучин ажиллаж байсан албан тушаалын цалингаар нь бичсэнийг захирал Б.Ц , цай зөөгч Б.Энх-Орчлонгийн цалинг орхигдуулсныг Санхүүгийн албаны дарга Ц.У нар тус тус хянаж илрүүлэн, зөвтгүүлж 1 дүгээр сарын цалингаа үнэн зөвөөр нь бодож цалингаа авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 39-58, 183-187, 197-211-р тал/ 

2.2.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана гэжээ. Гэтэл дээрх тушаалд ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож заалгүй орхигдуулсан байна. /хх-ийн 12-р хуудас/

Тус газрын дотоод журмын 10.3.-т Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна. Зөрчил гаргасан албан хаагч уг баримт материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй.

10.4.-т Сахилгын шийтгэлийг тухайн албан хаагчийн харъяалах нэгжийн болон Зохион байгуулалтын албаны саналыг үндэслэн газрын захирлын тушаалаар ногдуулна гэжээ. /хх-ийн 70-83-р хуудас/

Мөн “Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын захирлын дэргэдэх зөвлөлийн ажиллах журам”-ын 1.4.-т Ажилтнуудыг томилох, чөлөөлөх асуудлыг Захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэнэ гэжээ./хх-ийн 303-306-р хуудас/

Гэтэл Ц.У д “сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалгаж тогтоосон тухай баримт, материалтай танилцуулаагүй, нэмэлт тайлбар хийх, гомдол гаргах эрхээ эдлэх боломж олгоогүй, тухайн сахилгын шийтгэлийг ногдуулахдаа Зохион байгуулалтын албаны саналыг аваагүй, захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлээгүй” болох нь зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Иймд ТҮГ ын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/11 тоот ”Ц.У г ажлаас халах тухай” тушаалыг хүчингүй болгох үндэстэй байна.

Нэхэмжлэгч Ц.У нь хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, дүрэм, журам зөрчиж, сахилгын зөрчил гаргасан болох нь тогтоогдохгүй, мөн байгууллагад ямар хэмжээний хохирол учруулсан, байгууллагын эрх  ашигт  харшлах ямар алдаа гаргасан нь тогтоогдохгүй байна.

Иймд ТҮГ ын 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/05 тоот ”Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгон, түүнийг ТҮГ ын Санхүүгийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоож,  ажилгүй байсан 4 сар 15 хоногийн олговрыг дундаж цалингаар  тооцон /10, 11, 12 сарын цалингийн дундаж 1.300.740 төгрөг / 4сар /1300740 х 4 = 5.202.960 төгрөг/,15 хоног /1.300.740 : 21,5 = 60499; 60499 х15 = 907.485 төгрөг/ нийт 6.110.445  төгрөг гаргуулах үндэстэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1-т заасныг удирдлага болгон

                                                                                                                        ТОГТООХ НЬ:

            1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.,69 дүгээр зүйлийн 69.1.-т заасныг баримтлан ТҮГ ын 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/05 тоот ”Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгон, Ц.У г ТҮГ ын  Санхүүгийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоож, тус газраас 6.110.455/ зургаан сая нэг зуун арван мянга дөрвөн зуун дөчин тав/ төгрөг гаргуулж Ц.У д олгосугай.

            2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан дээрх олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих  байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 112717 төгрөг гаргуулж улсын төсвийн орлого болгосугай.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

                       

ДАРГАЛАГЧ                                Ч.ИЧИНХОРЛОО