| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Ганзориг |
| Хэргийн индекс | 106/2019/0235/Э |
| Дугаар | 383 |
| Огноо | 2019-09-13 |
| Зүйл хэсэг | 18.5.3., 20.7.3.1., |
| Улсын яллагч | А.Оюунгэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 383
Б.Т-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис, Э.Энххэрлэн, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 289 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 481 дүгээр магадлалтай, Б.Т-д холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис, Э.Энххэрлэн нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1993 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Ш овогт Б-ийн Т нь Эрүүгийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Нэгдэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 1 дүгээр жагсаалтад багтсан лизергид /lysergide /LSD/ гэх нэршил бүхий бодисыг “DHL” олон улсын шуудангийн илгээмжийг ашиглан улсын хилээр нэвтрүүлсэн” гэмт хэрэгт,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Т-г Хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-г 2 жил хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар тус тус шийтгэж, ялуудыг нэмж нэгтгэн нийт 3 жил хорих ялаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгисийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Энххэрлэн, Б.Тэнгис нар хамтран гаргасан гомдолдоо “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Б.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэм буруутайд тооцон ял шийтгэл оногдуулсан нь “шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”; “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон” гэж үзэх нөхцөл байдалд хүргэж байна.
Учир нь, хадгалсан гэж мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг биедээ авч явах, эсхүл орон байр, агуулах сав, түүнчлэн тусгайлан бэлтгэсэн нуувч зэрэг газарт байлгахыг хэлнэ. /Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 29 дүгээр тогтоол/,
Баривчлах ажиллагаа явуулсан ... тухай илтгэх хуудсанд /хх-123, 124/ 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр авагдсан гэмт хэргийн талаарх мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулж “...2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Б.Т- нь өөрийн ажлын байрныхаа үүдэнд шуудан илгээмж хүлээн авах үед нь баривчлах ажиллагаа явуулсан” гэж тэмдэглэсэн нь “...Тэмүжинг мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг ... хадгалсан” гэм буруутайд тооцсон шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл болж байхад анхан шатны шүүх тухайн нотлох баримтыг огт үнэлээгүй, үүнийг хэрхэн баталсан, эсхүл үгүйсгэсэн хуулийн үндэслэлийг тодорхой заалгүй орхигдуулсан.
Улс хоорондын шуудан илгээмжийн Гаалийн газрын 02/352 тоотод Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтран ажиллах Санамж бичиг, Хар тамхитай тэмцэх газар, Албаны нэгдсэн сургалтын төв, ... Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын 2018 онд хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын иргэн Temujin Batmunkh нэр дээр Герман улсаас ирсэн 1 ширхэг дугтуйнд байсан “ЛСД” мэт 50 ширхэг бодис нь хар тамхи улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхтэй холбоотой эд зүйл байж болзошгүй байгаа тул харьяаллын дагуу шилжүүлэв” /хх-3/ гэжээ.
Дээрх баримтуудаас үзэхэд Б.Т-д “ЛСД” гэх хар тамхи буюу мансууруулах бодис Герман улсаас ирсэн болохыг 2018 оны 12 дугаар сарын 12-13-ны өдөр урьдчилан мэдсэн атлаа түүнийг шууд хураан авалгүйгээр шуудан илгээмжийн газрын ажилтнаар Б.Т-д зориуд хүргүүлж, хүлээн авсан тухай гарын үсэг зуруулж, илгээмжийг хүлээлгэн өгөх үед нь түүнийг шууд баривчилсан байна.
Иймд Гааль, цагдаа болон улс хоорондын шуудан илгээмжийн газрын ажилтнууд дээрх байдлаар Б.Т-д дугтуйтай зүйлийг зориуд хүлээлгэн өгсөн, баримтад түүний гарын үсэг зурсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...сэтгэцэд нөлөөт бодисыг... хууль бусаар хадгалсан” гэх гэмт хэргийн шинжийг огт агуулаагүй. Өөрөөр хэлбэл, Б.Т- нь сэтгэцэд нөлөөт бодис агуулсан дугтуйтай зүйлийг хүлээн авсан баримтад гарын үсэг зурах агшинд тухайн барааг хураалган баривчлагдсан үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үйлдэл төгссөнийг батлах нотолгоо болохоос биш, энэ нь тусдаа бие даасан /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1/ гэмт хэрэг болохгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, ... Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг ...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмын дагуу тухайн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Өөрөөр хэлбэл, Б.Т- нь сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар өөрөө гардан нэвтрүүлээгүй, нөгөө этгээдийн идэвхитэй үйлдлээр түүнд илгээгдсэн хэргийн онцлогийг харгалзан тухайн бараа хил, гаалиар зөвхөн орж ирснээр, эсхүл түүнийг Б.Т- хүлээн авахаар тохиролцож байснаар нь биш, харин түүнийг бодитой хүлээн авч, хил нэвтэрч ирлээ гэдгийг лавтай мэдсэн үеэс нь бараа хууль бусаар нэвтрүүлэх субъектив талын санаа, зорилго буюу тухайн гэмт хэргийн бүрдэл хангагдана гэж үзэж байна.
Иймд Б.Т-гийн эд зүйлийг илгээмжийн ажилтнаас хүлээн авах агшиндаа цагдаагийн ажилтанд хураалгасан үйлдлийг “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг ...хууль бусаар хадгалсан” гэх бие даасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан гэж шүүхээс дүгнэх хуулийн үндэслэлгүй юм.
Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, Б.Т-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон эрхэлсэн ажилтай, мөрдөн байцаалтын шатанд анхнаасаа үнэн зөв мэдүүлэг өгсөн, цалин хөлс, бусад орлоготой зэрэг хэргийн онцлог нөхцөл, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Т-д оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, торгох ял болгон өөрчилж, гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис хэлсэн саналдаа “...Тэмүжин нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан мансууруулах бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, энэ үйлдэлд маргах зүйлгүй. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан гэдэг үйл баримт тогтоогдоогүй гэж гомдол гаргасан. Учир нь, шуудан илгээмжээс Тэмүжинд илгээмжээ ирж авах тухай мэдэгдсэн байдаг. Хориотой төрлийн бараа ирснийг мөн шалгасан нөхцөл байдал харагддаг. Тэмүжин тухайн илгээмжийг хүлээн авч гарын үсэг зурангуут цагдаагийн ажилтан ирсэн байдаг. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт Тэмүжингээс “танд ирсэн илгээмжинд мансууруулах бодис байсныг та мэдэж байсан уу” гэхэд “мэдээгүй, харин цагдаагийн газарт ирээд цагдаа тухайн хайрцгийг задалснаар мэдсэн” гэж хариулдаг. Хадгалсан гэдгийг дээд шүүхийн тайлбарт “тусгай зориулалтын орон байр, агуулах саванд агуулж байхыг, тусгайлан бэлтгэсэн нуувчид хадгалсан байхыг шаардана” гэж бичсэн байдаг. Тэгэхээр Тэмүжингийн хувьд яг өөрийн гар дээр авч байсан болохоос нуусан, хадгалсан нөхцөл байхгүй тул шүүгдэгчид ашигтай байдлаар шийдэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Тэмүжингийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь сонгох санкцтай бөгөөд шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан торгох ял оногдуулж, уг ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Энххэрлэн хэлсэн саналдаа “...Гомдолтой холбоогүйгээр хэлэх зүйл байна. Тэмүжингийн эрүүл мэндийн байдлын зүгээс төрөлхийн зүрхний гажигтай тул үүнийг бас харгалзан үзэж торгох ялаар шийтгэж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч Б.Т- нь олон улсын конвенцид заасан мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хэлж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хувьд LSD төрлийн мансууруулах бодисыг хадгалснаас үл хамаарч энэ бодисыг хүлээн авснаар энэ гэмт хэргийг төгссөн гэж үзэж байна. Хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны гарсан тул шийдвэрүүдийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис, Э.Энххэрлэн нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн Б.Т-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Шүүгдэгч Б.Т- нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Холбооны Бүгд Найрамдах Герман улсаас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 1 дүгээр жагсаалтад багтсан “Лизергид”-ийн агууламжтай 0.8*0.8 см хэмжээтэй, 1 хавтгай /хавтгайд 50 ширхэг/, LSD гэх нэршилтэй бодисыг DHL олон улсын шуудан илгээмжийг ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,
Уг бодисыг худалдаалах зорилгогүйгээр өөрийн биедээ хадгалсан нөхцөл байдал шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэлт хийж, хэргийн үйл баримтыг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Т-гийн холбогдсон хэргийн үйл баримтыг тогтоож, Монгол Улсын хилээр сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, уг бодисыг хүлээн авч өөрийн эзэмшилд бүрэн шилжүүлсэн үйлдлийг мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Б.Т-, түүний өмгөөлөгч нарын хувьд уг бодисыг улсын хил нэвтрүүлсэн үйлдэлтэй маргахгүй байх бөгөөд гэмт хэрэг хэзээ эхэлж, төгссөн, дараагийн гэмт хэрэг үйлдэгдсэн эсэхтэй маргасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн тухайд хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг биет байдлаар гадаад улсаас Монгол Улсад шилжүүлж, улсын хил нэвтэрснээр төгсөх бөгөөд худалдаалах зорилго нь тогтоогдоогүй нөхцөлд цаашид үргэлжилж буй хадгалж, бусдад өгч буй үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт тооцохоор тусгажээ.
Б.Т- нь уг бодисыг өөрийн хүслээр, санаатайгаар Монгол Улсын хилийг нэвтрүүлэх үйлдлийг хийж төгсгөсөн бөгөөд уг бодисыг илгээмжээс авч өөрийн эзэмшилдээ бүрэн оруулснаар уг бодисыг хадгалах гэмт хэрэг төгссөн байна.
Түүнчлэн эзэмшилдээ оруулсны дараа хэдий хэрийн цаг хугацаа өнгөрүүлсэн, эзэмшилдээ оруулсан даруйдаа цагдаагийн байгууллагад баригдсан зэрэг нь уг гэмт хэргийн бүрдлийг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох талаар гаргасан өмгөөлөгчийн гомдол хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.
Мөн Б.Т-д оногдуулсан ял түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм бурууд нь тохирсон тул оногдуулсан ялыг хөнгөрүүлэх тухай гомдлын хэсгийг хүлээн авах боломжгүй байна.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үйлдэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 289 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 481 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис, Э.Энххэрлэн нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН