Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 374

 

Б.А- т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Амарбаяр, С.Чинзориг, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 147 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 440 дүгээр магадлалтай, Б.А- т холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч М.Амарбаяр, С.Чинзориг нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1980 онд төрсөн, эрэгтэй, 1998 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 25.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, М овогт Б-ийн А нь Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Бусдад их хэмжээний хохирол учруулж залилах” гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.А- ыг бусдыг хуурч мэхлэн залилж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаатай хорих ял шийтгэж,

уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Б.А- аас 45.000.000 төгрөг гаргуулж хохирогч Л.Б- д олгохоор шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А- , түүний өмгөөлөгч Д.Чинзориг, М.Амарбаяр нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч М.Амарбаяр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Давж заалдах шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй, доорх дүгнэлтэд нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй орхигдуулсан.

Дүгнэлтэд ач холбогдол бүхий харилцан зөрүүтэй мэдүүлэг байхад бусад гэрчийн мэдүүлэг холбогдох баримтад дүгнэлт өгөөгүй, үндэслэлийг заагаагүй буюу хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна.

Шүүгдэгч Б.А-  нь иргэн Л.Б- гээс арматур төмөр худалдаж авах болон өөрийн гэртээ тавилга худалдаж авахаар авсан зээлийг шунахайн зорилготойгоор залилан мэхлэх замаар авсан хэмээн хүнд ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна.

1. Шүүгдэгч Б.А-  нь Л.Б- г хууран мэхлэн авсан гэж илт зөрүүтэй, бодит байдалтай нийцэхгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

2. Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийг бүрэн дүүрэн нотлоогүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн. Б.А-  болон хохирогч нарын хооронд мөнгө зээлэх, зээлдүүлэх иргэний эрх зүйн харилцаа үүссэн бөгөөд тухайн иргэний хэлцэлд талууд хүсэл зоригоо илэрхийлэн оролцсон болох нь дараах нөхцөл байдлаар тогтоогдсон.

...Б.А-  зуучилсны үндсэн дээр Л.Б-  зах зээлд өндөр үнэтэй орон сууцыг таатай нөхцлөөр худалдаж авсан байдаг. Гэтэл хохирогч Л.Б-  тухайн орон сууц худалдаж авахад Б.А- ын гэрээний дагуу төлбөр төлөх хугацааг мэдсээр байж гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд гэрээний үүрэг дуусахаас өмнө цагдаагийн газар гомдол гаргасан байна.

Тодруулбал Б.А-  нь Л.Б- гээс авсан зээлийн үүргийг Иргэний хуулийн 236 дугаар зүйлд заасны дагуу зээл төлөх үүргийг өөр үүргээр сольсон буюу онцгой эрхтэйгээр орон сууц худалдан авах, гэрээ байгуулахад зуучлан тусалсан, тус гэрээнд үүрэг хүлээн оролцон гэрээний үүрэг хэрэгжиж үр дүн нь нэгэнт бий болсон байхад Л.Б- г анхнаасаа залилан мэхэлсэн гэж үзэж ял оногдуулсан. Энэ нь тухайн гэмт хэргийг яг хэзээнээс эхлэн үйлдэгдсэн, орон сууц худалдан авах гэрээний үр дүн гарсан бол Б.А-  нь залилан мэхлэх гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго нь хэзээнээс бий болсон зэргийг мөрдөн шалгах ажиллагаагаар дутуу хийгдсэн байхад хэргийг шийдвэрлэсэн байна.

3. Тухайн хэргийн улмаас учирсан хохирол буюу хохирогч Л.Б- гээс зээлээр авсан мөнгөний хэмжээг бүрэн дүүрэн тогтоогоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн.

Хохирогч Л.Б-  цагдаад анх 65 сая төгрөгийг өгч залилан мэхлүүлж гомдол гаргаж мөрдөн шалгах ажиллагааны явцад 65 сая төгрөгийг залилан мэхэлсэн гэж эрүүгийн хэргийг шалгасан. Өмгөөлөгч би Б.А- ын авсан мөнгөний хэмжээг сайтар шалгаж тогтоогоогүй байна гэж удаа дараа хүсэлт өгсөн боловч хэрэгт шаардлагатай мөнгөний хэмжээг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоож чадаагүй, шүүхээс А- ыг 55 сая төгрөг авсан гэж дүгнэсэн боловч бусад шаардлагатай нөхцөл байдалд хууль ёсны дүгнэлт өгөөгүй.

Хэргийн гэрч буюу мөнгө бэлэн авахад дэргэд нь байсан С.Б-ийн мэдүүлгээр бэлнээр 30 сая төгрөг, дараа нь 10 сая төгрөг, үүний дараа 10 сая төгрөг авсан гэдгийг гэрчилдэг.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж “Б.А-  төмөр оруулж ирж байгаа гэж 40 сая төгрөг... Үйлдвэрийн цахилгаан тохиргоог хийнэ гэж 15 сая төгрөгийг бусдыг хуурч мэхлэн авч залилсан нь хангалттай нотлогдсон” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэж заасныг зөрчсөн байна. ...Анхан шатны шүүх зөвхөн хохирогч, гэрч нарын мэдүүлгийг үндэслэн хэргийг шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хэргийн цагаатгах болон яллах нотлох баримтууд, хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг хуулийн дагуу шалгаж тогтоох байтал зөвхөн хохирогчийн мэдүүлгийг үндэслэн гэмт хэрэг хийсэн гэж дүгнэсэн.

4. Хохирогч Л.Б-  нь Б.А- т зээлсэн мөнгөө зөрүүтэй мэдүүлдгээс гадна мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн дүүрэн нотолж чадаагүй. Мөнгийг гардаж авахад дэргэд нь байсан гэрч С.Б- болон сүүлд Б.А- ын өгсөн мэдүүлэгт хохирогч Л.Б- гээс биет байдлаар 47.500.000 төгрөг хүлээж авсан гэж нотолдог.  Энэ      нь их хэмжээний хохиролд тооцогдохгүй бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн дүүрэн шалгаж тогтоосны үндсэн дээр гэмт хэргийн зүйлчлэлийг үнэн зөв болгох нь зүйтэй билээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, дээрх дүгнэлтэд нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй орхигдуулсан, дүгнэлтэд ач холбогдол бүхий харилцан зөрүүтэй мэдүүлэг байхад бусад гэрчийн мэдүүлэг холбогдох баримтад дүгнэлт өгөөгүй буюу үндэслэлийг заагаагүй байна.

5. ...Өмгөөлөгч би хэрэгт зайлшгүй шалгах ач холбогдол бүхий нөхцөл байдлыг шалгах тухай хүсэлтийг прокурор Ш.Эсэнд гаргасан боловч хүсэлтийг хангахаас татгалзсан тул дүүргийн Ерөнхий прокурорт уг хүсэлтийг гаргахад хангаж шийдвэрлэснийг хяналт тавьж байгаа прокурор мэдээгүй, энэ талаар огт ажиллагаа хийгээгүй.

Тодруулбал, хэрэгт хяналт тавьж буй прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг ноцтой зөрчсөн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт мөрдөн шалгах ажиллагааг дуусгавар болгоход өмгөөлөгчид хавтаст хэргийг танилцуулах, мөн хуулийн 32.3 дугаар зүйлийн 1-д заасны дагуу М.Амарбаяр би “хавтаст хэрэгтэй танилцъя” гэхэд хэрэгт хяналт тавьж буй прокурор Г.Эсэн өвөр дээрээ хавтаст хэргийг авч “танилцуулахгүй” гэж хуулийг ноцтой зөрчсөн болно.

Энэ талаар өмгөөлөгч М.Амарбаяр би анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлтдээ прокурорын энэхүү үйлдэл нь Үндсэн хууль болон холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж тайлбарласан боловч анхан шатны шүүх шийдвэрлэсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл мөрдөгч, прокурор, шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасны дагуу Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина гэж заасныг ноцтой зөрчсөнд гомдолтой байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 440 магадлалыг хянаж хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.  

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чинзориг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, түүнийг хэвээр үлдээсэн магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

1. Шүүхээс шүүгдэгч Б.А- ын үйлдсэн гэмт хэргийн шинж байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан хорих ялыг оногдуулахдаа ялын бодлогыг хэт чанга барьж 4 жилийн хорих ял оноосон нь манай үйлчлүүлэгчид хэт хүндэдсэн гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Б.А- ын бусдад учруулсан хохирлоо хэсэгчлэн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг харгалзан ялыг хуульд заасан хамгийн хөнгөн ял болох 2 жилийн хорих ялаар шийтгэж өгнө үү. Учир нь Б.А- ын чихрийн шижин өвчин нь хүнд хэлбэрийн буюу архаг түвшинд хүрсэн, эхнэр С.Б- нь оюуны хүнд хэлбэрийн хомсдол бүхий 19 настай хүүхэдтэй бөгөөд хүүхдийг байнгын асаргаанд байлгаж харгалзах шаардлагатай байдаг тул дээрх нөхцөл байдлуудыг харгалзан оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн гомдол гаргасан ч гомдлынхоо агуулгыг өөрчилж байна. Учир нь, А-  хоригдсон байгаа ч “хохирогчийн ар гэртэй нь холбоо баръя, хохирлыг нь төлье” гэж яриад шүүгдэгчийн хэлснээр газар шилжүүлэхээр ярьж хохирогч Б-  авахгүй, бэлэн мөнгө авна гэсэн тул гомдлоо өөрчилж байна. Шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй.  А-  өөрийн хамтран амьдрагчийн нагац ах Б- гээс мөнгө зээлэх гэхэд тэрээр “өөрийн эхнэр Ө-ээс ав” гэдэг. Ингээд Ө-ээс авсан. Хохирлыг бүрэн тогтоогоогүй, процесс ажиллагааг бүрэн хийгээгүй. 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 129 дүгээр шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаахад захирамжид дурдсан ажиллагааг хийгээгүй бөгөөд 10 сарын дараа хэргийг шүүхэд шилжүүлсэн. Энэ хугацаанд зөвхөн гэрчийг асууж, хугацааг сунгасан байдаг. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бүрэн хийгээгүй. Энэ байдлаар хэрэг буцаж ирэхэд нь хэргийг буцаалгахаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэсэн ч хэргийг буцаагаагүй. Өөрөөр хэлбэл шүүгч өөрийнхөө гаргасан захирамжийг үгүйсгэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн санаа зорилгыг нотлоогүй байж ял оногдуулсан. А- тай хамт С.Б- хамт очиж мөнгө аваад хамт хэрэглэсэн байхад С.Б-ийг гэрчээр асуугаад, харин Б.А- т ял оноосон. Хэргийн бодит байдлыг тогтоохын тулд С.Б-ийн оролцоо байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Иймд дээрх байдлыг харгалзан үзнэ үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй зэрэгт дүгнэлт хийж ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Амарбаяр, С.Чинзориг нарын гаргасан гомдлуудыг үндэслэн Б.А- т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Б.А-  нь 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, “Мишээл экспо” худалдааны төвийн гадна иргэн Л.Б- д “Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас арматурын төмөр оруулж ирж байгаа гаалийн татварт мөнгө хэрэг болоод байна, 10 хонолгүй буцаагаад өгнө” гэж итгүүлэн хуурч мэхлэх аргаар 40,000,000 төгрөгийг,

мөн 2015 оны 05 дугаар сарын 24-ний өдөр “2 байгууллагаас авах миний мөнгө удахгүй орж ирэхээр боллоо, та одоо 15,000,000 төгрөг зээлчих, би Баянчандманьд баригдаж байгаа төмрийн үйлдвэрийнхээ цахилгааны тохиргоог хийх гэсэн юм” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, итгэлийг нь урвуулан ашиглан нийт 55,000,000 төгрөгийг нь авсан нөхцөл байдал хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэлт хийж, хэргийн үйл баримтыг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, шийтгэх тогтоолыг энэ үндэслэлээр хүчингүй болгох ямар нэг ноцтой зөрчил гаргаагүй байна.

Шүүхүүд дээрх байдлаар тогтоосон үйл баримтад хууль зүйн дүгнэлт өгөхдөө Б.А-  нь Л.Б- д зохиомол байдлыг зориудаар бий болгож, худал хэлж,  итгэлийг нь олж авч улмаар урвуулан ашиглах зэрэг “Залилах” гэмт хэргийг үйлдэх аргуудыг хэрэглэж, бусдын эд хөрөнгийг олж авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг гэж дүгнэн, уг шинжүүд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзээд гэм буруутайд тооцож, уг зүйл, хэсэг, заалтад заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулж шийдвэрлэсэн дүгнэлт, тайлбар, шийдэлд Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн алдаа гараагүй байна.

Түүнчлэн шүүгдэгч Б.А- т оногдуулсан ял нь гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдалд нь тохирсон бөгөөд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, улмаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил гарсныг батлах, Б.А- ын гэм буруутай эсэхэд эргэлзээ үүсгэх, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт, нөхцөл байдал тогтоогдоогүй тул энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, улмаар үүнийг үндэслэн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгох эрх эрх хяналтын шатны шүүхэд хуулиар олгогдоогүй болно.

Мөн шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчөөгүй тохиолдолд хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх, прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнээс хальж тухайн хэрэгт өөр этгээдийг гэм буруутайд тооцох, эсхүл яллах дүгнэлтэд бичигдсэнээс өөр үйлдэлд шүүгдэгчийг буруутгах боломжгүй тул энэ хэрэгт С.Б- гэгчийг холбогдуулан шалгах боломжгүй юм.

Түүнчлэн анхан болон давж заалдах шатны шүүхээс хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судалж, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон дотоод итгэлээрээ тогтоосон хэргийн нөхцөл байдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй тохиолдолд хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй болно.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгдэгчийн өмгөөлөгч М.Амарбаяр, С.Чинзориг нарын гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 147 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 440 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Амарбаяр, С.Чинзориг нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

                                             ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                             ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                                  Д.ГАНЗОРИГ

                                                                                                                  Ч.ХОСБАЯР

                                                                                                                  Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН