Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 147

 

 

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

                           

 

 

                   

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтлөн,

улсын яллагч Г.Эсэн,

шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч С.Чинзориг,

хохирогч Л.Б-, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар,

гэрч С.Ө-, С.Б-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М- овогт Б-ийн А-т холбогдох эрүүгийн 2017260000000000 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1980 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй,хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Л хотхоны 0000 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Баянгол дүүргийн шүүхийн 1998 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн 000 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 25.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, М- овогт Б-ийн А-

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.А- нь 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, “А-” худалдааны төвийн гадна иргэн Л.Б-д “БНХАУлсаас арматурын төмөр оруулж ирж байгаа гаалийн татварт мөнгө хэрэг болоод байна 10 хонолгүй буцаагаад өгнө” гэж итгүүлэн хуурч мэхлэх аргаар 40.000.000 сая төгрөгийг, мөн дахин 2015 оны 05 дугаар 24-ний өдөр “миний 2 байгууллагаас авах мөнгө удахгүй орж ирэхээр боллоо та одоо 15.000.000 сая төгрөг зээлчих би А-д баригдаж байгаа төмрийн үйлдвэрийнхээ цахилгааны тохиргоог хийх гэсэн юм” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан залилж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Талуудын хүсэлтээр хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Б.А-аас: “...2015 оны 05 дугаар сарын 24-ний өдөр одоогийн Баасанцэрэн ахын амьдарч байгаа байранд би арматур өгөөд тухайн байранд орно гэсэн нөхцөлтэйгээр 2 байрыг 800.000.000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Тэгээд 1 байранд нь ороод арматур төмрөө буулгасан. Гэтэл арматур төмөр буулгах дараагийн үе таарсан тул би Баасанцэрэн ахаас тусламж гуйсан. Би өөрийн танилаар дамжуулан Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас хямд үнээр авахаар тохиролцсон байсан. Гэтэл нөгөө хүн маань “төмөр ирчихээд байна, би чам руу ачуулах юм чинь чи над руу хэдэн төгрөг шилжүүлчих” гэсэн. Иймд би мөнгө олохын тулд Баасанцэрэн ах руу ярьсан. Би арматур төмөр авч байгаа юм, наашаа ирж байгаа юм байна, та надад хэдэн төгрөг зээлээч гэж хэлэхэд Баасанцэрэн ах болно гэсэн. Тэгээд би эхнэрийн хамт Баасанцэрэн ахын хөшиг, тюль зэрэг зүйлсийг зардаг газар нь очиж уулзсан. Тэгээд Баасанцэрэн ахаас 30.000.000 төгрөгөөс хөшиг, тюлиний үнийг хасаад 27.300.000 төгрөг авсан. Тухайн зээлсэн мөнгөө арматур төмөр ачиж явуулах нөгөө хүн рүүгээ шилжүүлсэн. Тэгээд хэдэн сарын дараа арматур төмөр ирсэн. Арматур буулгаснаас хойш 2-3 хоногийн дараа Баасанцэрэн ахтай очиж уулзаад гэртээ шинэ тавилга авах гэж байгаа талаараа хэлээд мөнгөний шаардлага гарсан гэдгээ хэлсэн. Гэтэл Баасанцэрэн ах зөвшөөрсөн. Тэгээд Өлзийдэлгэр эгчтэй уулзаж дэвтэр дээр нэмж бичүүлж мөнгө авсан. Тухайн мөнгийг би гэртээ эд хогшил зэргийг авахдаа зарцуулсан. Дараа нь би буйдан авах гээд Баасанцэрэн ах руу залгаж мөнгө зээлэхийг хүссэн. Гэтэл Баасанцэрэн ах би хадам ааваасаа асуугаадхъя гэж хэлсэн. Тэгээд Өлзийдэлгэр эгчтэй уулзахад “ааваас авч өгье, манай аав байрны урьдчилгаа хийх гэж байгаа юм, хүүтэй зээлнэ” гэж хэлэхэд нь би “болно” гэж хэлсэн. Тухайн үед 2.300.000 төгрөгийн эд зүйл авсан. Мөн А- дэлгүүрээс эхнэрийн хамт буйдан авсан. Тэгээд ярилцаж байгаад тухайн буйданг 5.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд бэлнээр 7.000.000 гаруй төгрөг аваад нийт 40 гаруй сая төгрөг зээлсэн. Миний ажил бүтэлгүйтээд 2-3 сарын хугацаа өнгөрсөн. Гэтэл Баасанцэрэн ах би танай амьдарч байгаа байрыг сонирхож байгаа. Урьдчилгаа нь 130.000.000 төгрөг юм байна надад 50 гаруй сая төгрөг байна. Чи надаас зээлсэн мөнгө хүүтэй нь бодоод төлбөрийг нь төлнө гэдгээ хэлээд өг гэсэн. Тэгэхээр нь би энэ талаар Барсболд гэх захиралтай нь ярилцаад онцгой нөхцөлтэйгээр авахаар болсон. Миний төлөөгүй байсан 3 сарын хүү нийлээд 65.000.000 төгрөг болсон байсан. Тэгээд Баасанцэрэн ах графикийн дагуу мөнгөө төлнө, харин би гэрээ дуусгавар болох үед 65.000.000 төгрөг төлөхөөр тохиролцож компани, би, Баасанцэрэн ах, Өлзийдэлгэр эгч нартай онцгой нөхцөлтэйгээр гэрээ байгуулсан. Уг гэрээнд зээлсэн мөнгөө 65.000.000 төгрөгийг хүүтэй нь тооцоход 32 мянган доллар болж байсан. Тэгээд гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа дуусаагүй байхад Цагдаагийн байгууллагаас дуудсан. Улмаар цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаад өнөөдрийг хүргэж байна...” гэв.

Хохирогч Л.Б-гээс: “...2015 оны 05 сарын 20-ны өдөр Баярцэцэг, А- нар манай эхнэр Өлзийдэлгэрийн ажил дээр ирсэн. Намайг гэртээ байж байхад Өлзийдэлгэр над руу залгаад А-, Баярцэцэг хоёр чамтай уулзах гээд манай ажил дээр ирчихээд байна, чи хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд намайг Өлзийдэлгэрийн ажил дээр очиж уулзахад А- “би арматурын наймаа хийж байгаа, саяхан Зайсан толгойд 500 гаруй сая төгрөгийн 4 өрөө байр авсан, мөн үнэтэй машин худалдаж авсан тул бэлэн мөнгөгүй болчихоод байна. Тэгээд арматурын гаалийн татвар төлөх гэсэн юм, танаас өөр найдах хүн байхгүй, та эцсийн найдвар” гэж хэлэхэд нь би “ойлголоо эхнэртэйгээ ярилцаад хариу хэлье” гэсэн. Тэгээд эхнэр Өлзийдэлгэртэйгээ ярилцахад Өлзийдэлгэр “өгчих, худлаа хэлэхгүй байх, ах дүү нартаа туслъя” гэсэн. Тухайн үед би Баярцэцэгийг бодоод  тус болохыг бодсон. А- худал мэдүүлэг өгч болохгүй. Тухайн үед манай гэрт 30 гаруй сая төгрөг байсан. Би 4.000.000 төгрөг хүнээс зээлж байгаад өөрөө 40.000.000 төгрөгийг торонд хийж өгсөн. Би мөнгө өгөхдөө “бид нар хэдийгээр ах дүү нар хэдий ч би жижигхэн бизнес эрхэлдэг. Иймд би чамд энэ мөнгийг ямар нэгэн барьцаагүйгээр өгнө. Чи надад машиныхаа бичиг баримтыг миний нэр дээр шилжүүлчихээд машинаа унаж байж болно, чамаас хүү авахгүй. Гэтэл А- “надад 2 компаниас 10 хоногийн зайтай 100.000.000, 100.000.000 төгрөг орж ирнэ, хэрэв аль нэг нь өгөх боломжгүй болсон тохиолдолд нөгөө компани нь өгнө” гэж хэлсэн тул надад түүнд итгэх итгэл төрсөн. Би өөрийн биеэр А-т 40.000.000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн. Тухайн үед манай эхнэр Өлзийдэлгэр, Баярцэцэг нар хажууд байсан. А- надаас 30.000.000 төгрөг зээлээд хөшиг аваад 30.000.000 төгрөгөөс 27.000.000 төгрөг бэлнээр авсан гэж ярьж байна. А- манай дэлгүүрээс хөшиг захиалах гэж байсан тул би 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр А-ын гэрт очсон. Тэгээд би “сайхан байр авсан байна, баяр хүргье” гэсэн. Манай дэлгүүрийн 2-3 ажилтан 2015 оны 05 дугаар сарын 23-ны өдөр А-ын гэрт очиж хөшигний хэмжээ авсан. Тухайн үед хөшиг, ор хөнжлийн даавуу, бүтээлэг зэргийн үнэ нийт 5.000.000 төгрөг болсон. Дараа нь би А-аас машин нэр дээр шилжүүлэх асуудал юу болсон бэ гэхэд А- “бид чинь хамаатан садан хүмүүс, би ямар зугтах гэж байгаа биш, та манай гэрт ирж үзлээ, дүү нь ажил хөөцөлдөж байгаа” гэж хэлсэн. Тэгээд 2015 оны 05 дугаар сарын 24-ний өглөө Баярцэцэг миний утас руу залгаад А- бид хоёр тантай уулзах хэрэгтэй байна гэж хэлэхэд би А-, Баярцэцэг нартай уулзсан. Тэгээд А- А-д төмрийн үйлдвэр барьж байгаа, Хятадуудаар тогны тохиргоотой холбоотой ажлыг хийлгэж байгаа, би төмрийн үйлдвэр рүү очиж харах гэж байгаад машинаа гол туулуулаад ус оруулчихлаа та 15.000.000 төгрөг өгчих, төмөр нийлүүлж эхэлвэл миний ажил зогсолтгүй үргэлжилнэ” гэж хэлсэн. Харин би “надад бэлэн мөнгө байхгүй, чи Өлзийдэлгэр эгчээсээ асуугаад үз, манай хадам аав хүүхэддээ байр авах гэж байгаа” гэж хэлсэн. Тэгээд манай эхнэр аав руугаа яриад 15.000.000 төгрөг авч өгсөн. Тухайн үед тэмдэглэлийн дэвтэрний цаасан дээр 15.000.000 төгрөгийг дараа сарын 04-ний өдөр буцааж өгнө, шагналд нь 1.000.000 төгрөг өгнө гэсэн бичиг үйлдсэн. Харин 40.000.000 төгрөг өгөхдөө ямар нэгэн баримт бичиг үйлдээгүй. А- бэлнээр нийт 55.000.000 төгрөг авсан. Харин ор, хөнжлийн даавуу, хөшиг, угаалгын өрөөний тавиур зэрэг нь 5.000.000 төгрөг болсон. Тэгээд тухайн угаалгын өрөөний 2 ширхэг тавиурыг шинэ байранд орсон учир бэлэг болгож өгөөд бусад эд зүйлсийн үнийг авъя гэсэн. Үнийн дүнгээс 20% -ийг нь хасахад 2.780.000 төгрөг болж байгаа. Би бэлнээр 55.000.000 төгрөг, манай дэлгүүрээс авсан эд зүйлсийн үнэ 2.780.000 төгрөг, нийт 57.280.000 төгрөг болж байна. Би бэлнээр 40.000.000 төгрөг, 15.000.000 төгрөг өгч байсан. А- шүүхийн шатанд 10.000.000 төгрөг өгсөн. Иймд 45.000.000 төгрөг нэхэмжилж байна. Мөн буйдангийн талаар тодруулж хэлэхэд би А-т тухайн буйдан чанартай манайд байдаг гэж зөвлөгөө өгсөн. Харин буйданг хүчээр авч өгсөн зүйл байхгүй...” гэв.

            Мөрдөн байцаалтын шатанд  хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогч Л.Б-гийн: “...2015 оны 05 дугаар сард манай эхнэр намайг А- чамтай уулзая гэж байна гээд “А-” дээр дуудсан. Тэгээд очиход А- би БНХАУ-аас арматурын төмөр оруулж ирж байгаа гаалийн татварт мөнгө хэрэг болоод байна 40.000.000 сая төгрөг зээлээч таниас өөр найдах хүн байхгүй байна 10 хоног удахгүй гээд байхаар нь бэлнээр тоолоод өгсөн. Дахиад 4 хоногийн дараа над руу залгаад миний 2 байгууллагаас авах мөнгө удахгүй орж ирэхээр боллоо та одоо 15.000.000 сая төгрөг зээлчих би А-д баригдаж байгаа төмрийн үйлдвэрийнхээ цахилгааны тохиргоог хийх гэсэн юм гэхээр нь надад одоо мөнгө байхгүй байна чи хадам аав Сүрэнхүү хүүдээ байр авч өгөх гэж байгаа мөнгөнөөс нь гуйж ав гэхэд намайг хэлээд аваад өгвөл шагналтай нь буцаагаад өгнө, тэртэй тэргүй 10 хоногийн дараа миний мөнгө ороод ирэх юм чинь гэж хэлэхээр нь би хадам аав руу залгаж 15.000.000 сая төгрөг авч өгсөн. Тухайн үед энэ мөнгийг надад А- 1 сая төгрөгний нэмэгдэлтэй өгнө гэж хэлж байсан. Тэгээд 10 хоногийн хугацаа нь дуусаад А- луу залгахад мөнгө өгөх газрууд мөнгөө өгөхгүй байна та дахиад 10 хоног хүлээчих гэхээр нь би чадахгүй тэгвэл машинаа миний нэр дээр шилжүүлчих гэхэд машин ББСБ-ийн нэр дээр байгаа тэгээд ч би машинаараа ажлаа амжуулъя та итгээд 10 хоног хүлээчих, миний төмрийн үйлдвэр жигд ажиллаад эхэлвэл мөнгө өгөх 2 байгууллагыг хүлээлгүй тэндээс мөнгө гаргаад өгье гэж хэлж байсан. Тэрнээс хойш мөнгөө нэхэж залгахаар та аятайхан байгаарай Ардчилсан нам байгаа үед намайг дийлэхгүй шүү болохгүй бол 2 хүн явуулаад алчихна шүү гөлөгөн сугар болгоно гэх мэтээр хэлээд сүүлдээ Валтом ХХК-д төмөр нийлүүлж байгаа энэ байгууллага Зайсанд байр барьж байгаа тэр байрнаас нь өөрийн төлбөрөөс суутгаад байранд ор гэхээр  нь мөнгөө авч чадахгүй юм чинь гэж бодоод байранд нь орсон. Уг нь А- надад хэлэхдээ Валтом ХХК-д төмөр буунгуут төлбөрөөс нь миний мөнгийг өгнө гэж хэлж байсан. Байрны урьдчилгаа 115.000.000 сая төгрөгөөс би 50.000.000 сая төгрөгийг А- 55.000.000 сая төгрөгийг өгөхөөр тохиролцож байранд орсон боловч уг байгууллага урьдчилгаа төлбөрөө  надаас нэхээд А- төлбөр төлөөгүй А-тайгаа өөрсдөө учраа ол гэхээр нь А-тай уулзаж тохиролцоонд хүрч чадалгүй цагдаад хандсан. Би мөнгө өгөхдөө ямар нэгэн гэрээ хэлцэл хийж байгаагүй. 2015 оны 05 дугаар сарын 24-ний өдөр надаас авсан 15 сая төгрөгийг 16 сая төгрөг болгож өгнө гэж тохиролцож байсан. А- би чамайг 2 хүн явуулаад дарамтлуулна шүү, чамайг гөлгөн сугар болгоно чи надаас юу ч олж долоохгүй  гэж дарамтладаг. Би А-тай нүүрэлдэж мэдүүлэг өгөхөөр болтол А- байцаагчийн өрөөнөөс бие засчихаад буцаад ороод ирье гэж хэлээд гарч яваад буцаж орж ирэхдээ эхнэр Баярцэцэгтэй хамт орж ирээд “Таны ярьсан зүйл манай эхнэр Баярцэцэгийн ярьсан зүйлтэй зөрүүтэй байгаа юм чинь манай эхнэртэй нүүрэлдчих гээд Баярцэцэгтэй нүүрэлдэж мэдүүлэг өгөх болсонд гайхсан”...”гэх мэдүүлэг  /1 дүгээр хх-ийн 14-16, 17,71,80-81,117-119,129,149-150,231-233, 2 дугаар хх-ийн 56-57 дугаар хуудас/,

Гэрч Г.Б-ын: “...А-тай 2015 оны 06 дугаар сард хүнээр дамжуулж танилцсан ба манай байгууллага хөрөнгө оруулалтын мөнгө бага байсан учраас бартерийн арматурын төмөр бага багаар нийлүүлэхээр тохиролцсоны дагуу нийт 200 гаруй тонн төмөр буулгасан. 2016 оны 09 дүгээр сарын сүүлээр Баасанцэрэн гэх залуу манай байрыг үзчихээд удалгүй А- надтай уулзаад манай ах эгч 2 танай байрнаас авах сонирхолтой байна төлбөрийг нь урьдчилгаа өгөөд хугацаа тохироод төлж болох уу гэхээр нь зөвшөөрсөн. А- надад хэлэхдээ Баасанцэрэн ахад хэдэн төгрөгний өр байгаа тэрэндээ 60 тонн арматур буулгачихаж болох уу гэхээр нь хамтарч ажиллаж байгаа юм чинь гэж бодоод болно гэсэн. Баасанцэрэнгийн эхнэр А-аас хэдэн төгрөг авах ёстой юм төлбөрөөс суутгуулахаар тохиролцсон гэж хэлэхээр нь би А-тай тохиролцсон тухай хэлсэн. Тэгээд тэд нартай 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр онцгой нөхцөлтэй орон сууц худалдан авах гэрээ байгуулсан. А- манай байгууллагад төмөр нийлүүлэх ёстой тэрийгээ сүүлийн 1 жил гаруй хугацаанд төмөрөө нийлүүлэхгүй болохоор нь А-тай хэд хэдэн удаа уулзаж хугацаа зааж төмөр нийлүүлэхийг шаардсан боловч хугацаандаа үүргээ биелүүлээгүй тул байгууллагын удирдлагаас А-ыг байрнаас нь гаргах шийдвэр гаргасанаар байраа суллаж авсан байгаа...”гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 18-19,157-158 дугаар хуудас/,

Гэрч С.Ө-ийн:“...2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Баярцэцэг нөхөр А-ын хамт манай ажил дээр ирээд та хоёрыг зорьж ирлээ шүү дүү нь төмрийн наймаа хийдэг гааль дээр арматур буучихсан татварын мөнгө хэрэгтэй байна 10 хоногоос хэтрүүлэхгүй буцаагаад өгнө 40.000.000 сая төгрөг зээлээч гэсэн. Тэгээд манай нөхөр тэр хоёртой ярилцаад 40.000.000 сая төгрөг өгөөд явуулсан. Ахиад 4 хоногийн дараа бас ирээд мөнгө удахгүй орж ирнэ 15.000.000 сая төгрөг зээлээч гэж гуйхаар нь аав Сүрэнхүүгээс авч өгсөн. Тухайн үед А- жижиг цаасан дээр 15.000.000 сая төгрөг авлаа 16.000.000 сая төгрөг болгож өгнө гэж бичиж өгч байсан. Тэр цаасыг нь хайгаад олохгүй байгаа. Тэгээд мөнгөө нэхэхээр өнөөдөр, маргааш, хэд хоногоос гэж явсаар байгаад манай шинэ байранд орох гэж байгааг мэдээд Зайсангийн тэнд баригдаж байсан байранд энэ байранд орчих гээд зээлж авсан мөнгөө манай урьдчилгаанаас хасч тооцохоор тохиролцож оруулсан. Тэгээд 2016 оны сүүлээр манайх байрныхаа төлбөрийг төлөхөөр очиход А-аас мөнгөө өөрсдөө ав манай байгууллага хариуцахгүй гэхээр нь А-тай уулзаж мөнгөө нэхэхэд өгөхгүй хэл амаар доромжлоод байсан...” гэх мэдүүлэг/ 1 дүгээр хх-ийн 24-25,151-152,220-221 дүгээр хуудас/,

Гэрч С.Б-ийн: “...Нийт 50 сая төгрөг авсан мөнгө авахдаа ямар нэгэн гэрээ хэлэлцээр хийгээгүй хамаатан садан улсууд итгэлцэл дээр тулгуурлаж авсан...” гэх мэдүүлэг/ 1 дүгээр хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

Гэрч Д.С-гийн: “...2015 оны 05 дугаар сард манай хүргэн Баасанцэрэн уулзаж найдвартай хүнд  хэрэглүүлэх хэрэгтэй байна 10 гаруй хоног хэрэглээд өгье гээд 15 сая төгрөг хэрэгтэй байна гэж хэлсэн. Би итгээд өөрт байсан 15 сая төгрөгөө Баасанцэрэнд өгсөн. Тэгээд 10 хоногийн дараа мөнгөө асуухад Баярцэцэгийн нөхөр А-т зээлүүлсэн гэж хэлсэн ба Баасанцэрэнгийн утаснаас А- луу залгаж мөнгөө асуухад өгнө гэж хэлдэг байсан ба уулзъя гэхээр уулзахгүй алга болчихдог байсан. Тэрнээс хойш хэд хэдэн удаа уулзъя гэж хэлүүлсэн боловч уулзаагүй. Тэгээд 2017 он гараад А- мөнгө өгөхгүй болохоор нь манай хүргэн Баасанцэрэн миний мөнгийг өөрөөсөө надад өгсөн...”гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 222 дугаар хуудас/,

 

Шинжээчийн дүгнэлт болон бусад баримтууд:

-Шүүх сэтгэцийн эмгэг судлалын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн 660 дугаартай дүгнэлт /1 дүгээр хх-ийн 96-97 дугаар хуудас/,

-Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гаалийн ерөнхий газраас 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 03-2/3577 тоот албан бичгээр ирүүлсэн Б.А-ын нэрээр 2015 оноос 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд гаалийн бүрдүүлэлт хийсэн тухай мэдээлэл гаалийн мэдүүлгийн санд бүртгэгдээгүй тухай баримт /1 дүгээр хх-ийн 114 дүгээр хуудас/,

-Эрүүгийн 201726030089 дугаартай хэрэгт хохиролын тооцоо хийсэн баримт /1 дүгээр хх- ийн 213 дугаар хуудас/,

-2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр СД-нд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2 дугаар хх-ийн 5-11 дүгээр хуудас/,

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн өгсөн мэдүүлгүүд:

Шүүгдэгч Б.А-ын сэжигтнээр өгсөн: ”.. Би 2015 оны 05 дугаар сарын дундуур мөнгөний хэрэг гараад Баасанцэрэнгээс түүний эхнэрийнх нь ажил болох Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо А- худалдааны төв дээр очиж 40.000.000 сая төгрөгийг 1 сарын 6 хувийн хүүтэй зээлж авсан. Тэгээд удаагүй хэд хоногийн дараа мөн Баасанцэрэнгээс 15.000.000 сая төгрөг нийт 55.000.000 сая төгрөг зээлж авсан. Тэр үед Баасанцэрэнгээс авсан мөнгөө 2 сарын дараа өгөхөөр байсан ба миний ажил бүтэлгүйтээд өгч чадахгүй явж байгаад 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Баасанцэрэнтэй ярилцаж тохиролцоод манай найз Барсболдын барьж байсан Зайсан голден вилл хотхоны 134мкв талбайтай 4 өрөө байранд оруулахаар болж урьдчилгаа 30 болох 130.000.000 сая төгрөг өгөх байсныг нь 50.000.000 сая төгрөг төлүүлж үлдэгдэл 65.000.000 сая төгрөгний урьдчилгааг би төлөхөөр  гэрээ байгуулсан. Тэгээд 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баасанцэрэн манай гэрт ирээд чи урьдчилгаанд төлөх мөнгөө Барсболдод төлөөгүй байна гэхээр нь Барсболдтой уулзаж гэрээнийхээ талаар ярилцахад гэрээний дагуу би 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төлөхөөр байсан ч Баасанцэрэн надтай үл ойлголцсоноос болж цагдаагийн байгууллагад хандсан байна. Тэрнээс биш Баасанцэрэнгээс залилан мэхэлж мөнгө аваагүй. Ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй. Би ганцаараа очиж авсан. Харин Баасанцэрэн эхнэрийн хамт байсан. 2015 оны 06 дугаар сарын эхээр манай найз Өвөрмонгол Шаен гэх залуу над руу залгаад “Замын үүдийн боомтоор 30 тонн арматур явуулсан гаалийн мөнгийг нь төлөөд авчихаарай” гэж хэлэхээр нь Амгалангийн өртөөн дээр очиж 30.000.000 сая төгрөг төлж арматураа авч Барсболдын компанид буулгасан байгаа. Бусад мөнгийг нь хувьдаа хэрэглээд дууссан. Надад уг нь баримтууд байсан. Одоо олдохгүй алга болчихсон. Би 2010 оноос эхэлж хөөрөгний чулуу олж хөөрөг хийж зардаг наймаа хийж байгаа.  Өөр ажил хийдэггүй. Би 2014 оны 08 дугаар сард ногоон,цагаан хаш нийлсэн 770 гаруй тонн чулууг Замын-Үүдэд аваачиж БНХАУ-ын иргэн Ван нарт 830 гаруй сая төгрөгөөр зарахаар тохиролцож бэлнээр 340.000.000 төгрөгийг аваад үлдэгдэл мөнгөний оронд 2 сарын дараа арматурын төмөр өгнө гэж хэлээд залилуулсан. Тэр үед арматурын төмөр авна гэсэн ойлголтоор Баасанцэрэнд тэр талаараа хэлж байсан. Тэрнээс биш огт хоосон асуудал  хэлж ярьж мөнгө авсан асуудал байхгүй...” гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 31-32 дугаар хуудас/

Шүүгдэгч Б.А- мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...мөнгийг ямар зорилгоор авсан бэ гэхээр хүнээс арматурын төмөр авахад 30 сая төгрөг хэрэгтэй байсан тэрэнд өгсөн. Үлдэгдэл 10.000.000 сая төгрөгийг шинээр байранд орсон гээд хувийн хэрэгцээнд зарцуулсан. Тухайн үед Баасанцэрэн ахад ч гэсэн мөнгө авахдаа арматурын төмөр авах гэж байгаа гэж хэлж авсан. Дараа нь удаагүй хэд хоногийн дараа нь Баасанцэрэн ахаас 15.000.000 сая төгрөгийн зээл авахдаа шинээр олсон байрандаа  тавилга авах гэж байгаа гэдгээ хэлж авсан. Тэр мөнгөөр нь хөшиг гэрийн ойр зуурын хэрэгцээний зүйл авсан. Баасанцэрэн ах намайг уг автомашиныг 2013 онд Циркийн урд талын автозогсоол дээрээс шинээр нь 142.000.000 сая төгрөгөөр худалдаж авч байсныг мэдэж байгаа. Тэгээд мөнгөний хэрэгцээ гараад 2014 оны 01 дүгээр сард “Ундрах боломж” банк бус санхүүгийн байгууллагад 30.000.000 сая төгрөгний барьцаанд тавьж уг байгууллагад нэрийн шилжүүлчихсэн байсан төлбөрийн төлж барагдуулаад нэр дээрээ шилжүүлэх гэсэн чинь захирал нь гадаад явсан гээд шилжүүлэхгүй байсан чинь сүүлдээ миний автомашиныг өөр банк бус санхүүгийн байгууллагад шилжүүлчихсэн байсан. Тэгээд уг асуудал нь Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа. Би Монгол Улсын хилээр арматурын төмөр оруулж ирж байгаагүй. Баасанцэрэнд ахад хэлэхдээ хүнээс арматурын төмөр худалдаж авах гэсэн чинь тэр хүн нь гаалийн төлбөр төлөх шаардлагатай байна гэж байна гэж хэлснийг намайг оруулж ирж байгаа гэж ойлгосон юм шиг байна. Би тухайн үед Баасанцэрэнгээс 15.000.000 сая төгрөгийг авахдаа шинээр байранд орж байгаа тавилга ойр зуурын хэрэгцээнд хэрэглэнэ гэж хэлж авсан. Тэрнээс хойш хэд хоногийн дараа Баасанцэрэн мөнгөө нэхэж залгахаар нь “би хүнээс хэдэн төгрөгний авлагатай юм тэр хүн маань А-д арматурын үйлдвэр ашиглалтанд оруулж байгаа тэр үйлдвэр ашиглалтанд  орчихвол мөнгө өгнө гэсэн” гэж хэлж байсан. Би тэр үед БНХАУ-ын иргэн Ван гэдэг хүнээс 380.000.000 сая төгрөг авах байсан ба Ван нь нутаг руугаа зугтаачихаар нь тэр  үед батлан дааж авсан Өвөрмонгол залуугаар нь мөнгө төлнө гэсэн баталгаа бичүүлж авсан. Тэр бичгийг Баасанцэрэнд үзүүлж байсан. Одоо тэр бичгээ хайгаад олдоггүй. 40.000.000 төгрөгөөр дараа нь 15.000.000 сая төгрөгөөр авсан нийт 55.000.000 сая төгрөг авсан. Би Баасанцэрэн ахыг залилан мэхэлж мөнгө аваагүй. Тухайн үед Баасанцэрэн ах миний ажил удаашралтай явж байгаад мэдээд харилцан тохиролцоод Валтом ХХК-ний гэрээ байгуулж төлбөрийг 2 жилийн графикийн дагуу төлөхөөр тохиролцсон ба миний өгөх 32.000 ам доллар тухайн үеийн ханшаар 65.000.000 сая төгрөгийг сүүлд нь төлөхөөр байсан. Би Баасанцэрэнгээс авсан 55.000.000 сая төгрөг дээр зээлийн хүү гээд 10.000.000 сая төгрөг нэмэгдээд 65.000.000 сая төгрөг болсон байдаг..”гэх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

Мөн 2017 оны 03 дугаар сарын 19-ний өдөр яллагдагчаар дахин мэдүүлэхдээ: “...би Баасанцэрэнгээс эхэлж 40.000.000 төгрөг авахдаа арматурын төлбөр төлөх шаардлагатай байна гэж хэлж авсан. Би тэр үед Амгалангийн тэндээс хувь хүнээс арматурын төмөр худалдаж авахаар тохиролцоод 30.000.000 төгрөг өгөх ёстой байсан ба тэр мөнгийн өгчихвөл төмөр оруулж ирэх гаалийн төлбөр өгөх хэрэгтэй байна гэж надаас мөнгө нэхэхээр нь би Баасанцэрэн ахаас зээлж авч өгсөн. Үлдэгдэл 10.000.000 төгрөгийг нь зөрүү мөнгөнд өгсөн. Тэрнээс хойш авсан 15.000.000 төгрөгийг хувийн хэрэгцээнд зарцуулсан. Би шинэ байранд орж тавилга авах гэж байгаагаа хэлээд өөрийнх нь лангуунаас хөшигг авч үлдсэн мөнгөөр нь буйдан болон ойр зуурын юм аваад таарсан. Би тухайн үед А-д үйлдвэр барьж байгаа гэж хэлээгүй. Манай найз А-д арматурын үйлдвэр байгуулж байгаа гэж хэлж байсан гэхдээ мөнгө авахдаа хэлээгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 35, 72-73,135,147 дугаар хуудас/,

                                                                                

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /1 дүгээр хх-ийн 36 дугаар хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / 1 дүгээр хх-ийн 47,61 дүгээр хуудас/,

-Оршин суух хаягийн тодорхойлолт /1 дүгээр хх-ийн 50 дугаар хуудас/,

-Шүүгдэгч Б.А-ын D-200911129 дугаартай бакалаврын дипломны хуулбар /1 дүгээр хх-ийн 51-52  дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, сэжигтэн, яллагдагч, гэрч болон хохирогч нарыг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг  зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

             Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.А-ыг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.  

 

             Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

 

Шүүгдэгч Б.А- нь 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, “А-” худалдааны төвийн гадна иргэн Л.Б-д “БНХАУлсаас арматурын төмөр оруулж ирж байгаа гаалийн татварт мөнгө хэрэг болоод байна 10 хонолгүй буцааагаад өгнө” гэж итгүүлэн хуурч мэхлэх аргаар 40.000.000 сая төгрөгийг, мөн дахин 2015 оны 05 дугаар 24-ний өдөр “миний 2 байгууллагаас авах мөнгө удахгүй орж ирэхээр боллоо та одоо 15.000.000 сая төгрөг зээлчих би А-д баригдаж байгаа төмрийн үйлдвэрийнхээ цахилгааны тохиргоог хийх гэсэн юм” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан залилж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Л.Б-гийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 14-16, 17,71,80-81,117-119,129,149-150,231-233, 2 дугаар хх-ийн 56-57 дугаар хуудас/, гэрч Г.Б-ын мэдүүлэг /1 дүгээр хх-ийн18-19,157-158 дугаар хуудас/, гэрч С.Ө-ийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 24-25,151-152,220-221 дүгээр хуудас/, гэрч С.Б-ийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 20-21 дүгээр хуудас/, гэрч Д.С-гийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 222 дугаар хуудас/, хохирогч, гэрчийг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 224-226 дугаар хуудас/,Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гаалийн ерөнхий газраас 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 03-2/3577 тоот албан бичгээр ирүүлсэн Б.А-ын нэрээр 2015 оноос 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд гаалийн бүрдүүлэлт хийсэн тухай мэдээлэл гаалийн мэдүүлгийн санд бүртгэгдээгүй тухай баримт /1 дүгээр хх-ийн 114 дүгээр хуудас/,СД-нд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 236-241, 2 дугаар хх-ийн 6-12 дугаар хуудас/ зэрэг  хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээр дурьдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож  тогтоогдсон байна.

       Шүүгдэгч Б.А- нь сэтгэцийн ямар нэг өвчин эмгэггүй, өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулыг ухамсарлан ойлгож, өөрийн үйлдлийг удирдан жолоодох, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай болох нь хавтас хэрэгт  авагдсан Шүүх сэтгэцийн эмгэг судлалын 2017оны 06 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн 660 дугаартай дүгнэлт /1 дүгээр хх-ийн 97 дугаар хуудас/-ээр тогтоогдож байна.

        Шүүгдэгч Б.А- нь 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, “А-” худалдааны төвийн гадна иргэн Л.Б-д “БНХАУлсаас арматурын төмөр оруулж ирж байгаа гаалийн татварт мөнгө хэрэг болоод байна 10 хонолгүй буцааагаад өгнө” гэж итгүүлэн хуурч мэхлэх аргаар 40.000.000 сая төгрөгийг, мөн дахин 2015 оны 05 дугаар 24-ний өдөр “миний 2 байгууллагаас авах мөнгө удахгүй орж ирэхээр боллоо та одоо 15.000.000 сая төгрөг зээлчих би А-д баригдаж байгаа төмрийн үйлдвэрийнхээ цахилгааны тохиргоог хийх гэсэн юм” гэж хуурч бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг үйлдэж, түүнд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан “давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг  залилан мэхэлж бусдад онц их хэмжээний хохирол учруулсан“ гэмт хэрэгт ял сонсгож, яллагдагчаар татах тогтоол үйлдэж, яллагдагчаар байцаасан байх боловч тус хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааны явцад 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж, тус хуульд нийцүүлэн прокурор 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 140 дугаар тогтоолоор /1 дүгээр хх-ийн 127 дугаар хуудас/ 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар ял өөрчлөн сонсгож, яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулсан байх ба тус зүйл хэсгээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

       2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг /бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж онц их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг/ нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг / хуурч, бичиг баримт, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохимол байдлыг зориудаар бий болгох..., бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж ..өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан/ гэмт хэрэгтэй нийцэж байх ба 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар оногдуулах ял нь эд хөрөнгийг нь хурааж арваас дээш, арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулах ял нь арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр тус тус хуульчилсан байх ба дээрх зүйл хэсэг тус бүрт оногдуулах ялын төрөл, хэмжээний хувьд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг нь оногдуулах ял нь хөнгөрсөн байна.

Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.А-т холбогдох эрүүгийн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, хөнгөрүүлсэн хуулийг хэрэглэж яллах дүгнэлт үйлдсэнийг шүүх зөв гэж дүгнэсэн ба шүүхээс шүүгдэгч Б.А-ыг бусдыг хуурч мэхлэн их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус зүйл хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. 

Шүүх шүүгдэгч Б.А-т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, гэм хор, бусад байдал:

             Шүүгдэгч Б.А-аас гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд хохирогч Л.Б-д 55.000.000 /тавин таван сая/ хохирол учруулснаас шүүхийн шатанд 10.000.000 /арван сая/ төгрөгийн хохирол нөхөн төлөгдөж 45.000.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.А-аас үлдэгдэл 45.000.000 /дөчин таван сая/ төгрөгийг гаргуулж хохирогч Л.Б-д гаргуулж олгох нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч Б.А-ын цагдан хоригдсон 58 /тавин найм/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

 

           Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хохирогч Л.Б-гээс гаргаж өгсөн бичлэг бүхий нэг ширхэг СД-г хавтаст хэрэгт хавсаргаж, хураагдсан иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага

 ТОГТООХ нь:

 

1. М- овогт Б-ийн А-ыг бусдыг хуурч мэхлэн залилж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар Б.А-ыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар Б.А-т оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.А-ын цагдан хоригдсон 58 / тавин найм/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

 

           5. Энэ хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хавтаст хэрэгт хавсаргасугай.

                       

          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Б.А-аас 45.000.000 /дөчин таван сая/ төгрөгийг гаргуулж хохирогч Л.Б-д  олгосугай. 

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Б.А-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  П.ТУЯАТ