Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 440

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Ат холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ц.Оч, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          прокурор Т.Мижиддорж

          шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч М.Амарбаяр, С.Чинзориг

          нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

         

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч М.Амарбаяр, С.Чинзориг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Ат холбогдох .................... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Мөнхөт овгийн Буянхишигийн Б.А, 1980 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, ...................... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:......................./;

 

Баянгол дүүргийн шүүхийн 1998 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 721 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 25.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,  

 

Шүүгдэгч Б.А нь 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, “Мишээл экспо” худалдааны төвийн гадна иргэн Л.Баасанцэрэнд “Бүгд Найрамдах Хятад Ард улсаас арматурын төмөр оруулж ирж байгаа гаалийн татварт мөнгө хэрэг болоод байна 10 хонолгүй буцаагаад өгнө” гэж итгүүлэн хуурч мэхлэх аргаар 40.000.000 төгрөгийг, мөн дахин 2015 оны 5 дугаар сарын 24-ний өдөр “миний 2 байгууллагаас авах мөнгө удахгүй орж ирэхээр боллоо та одоо 15.000.000 төгрөг зээлчих, би Баянчандманьд баригдаж байгаа төмрийн үйлдвэрийнхээ цахилгааны тохиргоог хийх гэсэн юм” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан залилж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Мөнхөт овогт Буянхишигийн Б.Аыг бусдыг хуурч мэхлэн залилж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасньг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар Б.Аыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Ат оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Аын цагдан хоригдсон 58 /тавин найм/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хавтаст хэрэгт хавсаргаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Ааас 45.000.000 /дөчин таван сая/ төгрөгийг гаргуулж хохирогч Л.Баасанцэрэнд олгож, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.А гаргасан давж заалдах гомдолдоо: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

          1. Хохирогч Л.Баасанцэрэнд хэн, хэрхэн, яаж, хэдэн төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн талаарх хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа маш дутуу хийгдсэн. Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчийн 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 129 дугаартай захирамжаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг прокурорт буцаасан бөгөөд шүүгчийн захирамжинд дурдсан хэрэгт цугларсан болон яллах дүгнэлтэд бичсэн баримтаас дүгнэхэд тухайн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, хор уршиг, шинж чанарыг нотолсон эсэхийг шалгаж чадаагүй байна гэж шүүх дүгнэсэн. Яллах дүгнэлтэд, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон харилцааг урвуулан ашиглаж залилж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэж зүйлчилсэн нь яллах дүгнэлтийн хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж шүүх үзсэн. Улсын яллагч Г.Эсэн нь 10 сарын дараа хэрэг шүүх рүү шилжих болоход миний өмгөөлөгч Амарбаярын гаргасан хүсэлтийг Дээд шатны прокурор хангаж шийдвэрлэснийг мэдээгүй, заавал биелэгдэх шинжтэй шүүгчийн захирамж биелэгдээгүй. Энэ тухай миний өмгөөлөгчийг хэлэхэд огт тоож хүлээж аваагүй. Мөрдөн байцаалт дутуу хийгдэж, хэрэг хянах үйл ажиллагаа дутуу явагдаж хэрэг шүүхэд шилжсэн. Шүүх хүлээн авч хэлэлцсэн.

          2. Яллах дүгнэлтэд: Намайг Баянчандманьд баригдаж байгаа төмрийн үйлдвэрт тогны тохиргоо хийнэ гэж залилсан гэж байдаг. Би энэ тухай мөрдөн байцаалтад мэдүүлэг олон удаа өгсөн. Л.Баасанцэрэн над руу ярихад /өөрөөр хэлбэл зээлийн асуудлын дараа/ манай найз Сандаг гэж хүн Баянчандманьд төмрийн үйлдвэртэй цахилгаанаа янзалвал төмөр үйлдвэрлэнэ гэж байна, би найзаасаа төмөр аваад зараад зээлээ төлнө гэж ярьж байсныг миний эсрэг ашиглаж байна. Мөрдөгч үйлдвэрийн эзэн лүү ярьж энэ тухай тодруулсан. Хавтаст хэрэгт манай найзын дугаар байдаг. Энэ асуудлыг гүйцэд шалгаж тогтоогоогүй юм. Энэхүү зээлийг авахдаа хүүтэй, хугацаатай авдаг. Энэ хэргийн бодит үнэнийг тогтооход маш чухал ач холбогдолтой нэг зүйл бол Өлзийдэлгэртэй тохиролцож хар тэмдэглэлийн дэвтэр дээр гэрээ хэлцэл хийж мөнгөн дүн, хүү, хугацааг бичиж тохиролцсон дэвтэр алга болгож гаргаж өгөхгүй байгаа. Энэ миний хүнийг хуурч мэхлээгүй гэдэг гол нотлох баримт юм.

          3. Би энэхүү зээлийг авахдаа арматур авна, гэрээ тохижуулна гэж зээлсэн. Түүний дагуу арматур төмөр авсан баримт хавтас хэрэгт байдаг. Мөн Л.Баасанцэрэнтэй явж өөрөөс нь хөлсийг, бас бус бараа, мөн цуг явж буйдан авсан байдаг. Зээлийн эргэн төлөгдөх хугацаа хэтэрч хүү нь нийлээд 65.000.000 /жаран таван сая/ болсон тухай бид ярилцаад миний амьдарч байсан байр буюу одоо өөрсдөө амьдарч байгаа байранд оруулаад урьдчилгаа төлбөр 65.000.000 юм байна, надад 50.000.000 төгрөг байна, чи яриад оруулаад өг гэсэн. Би тэрийг нь Барсболд гэх захиралтай нь яриад болгож бүтээсэн. Тэгээд орон сууц худалдаж авах гэрээ байгуулсан. Барсболд, Баасанцэрэн, Өлзийдэлгэр болон миний бие энэ гэрээнд 65.000.000 төгрөг буюу 32.000 ам.долларыг төлөх үүрэг хүлээсэн. 2 жилийн хугацаатай графикаар төлөх сүүлийн төлбөр дээр би төлөх үүрэг гэрээгээр хүлээж гарын үсэг зурцгаасан. Гэрээний хугацаа дуусаагүй байхад миний эхнэртэй буюу өөрийн дүү Баярцэцэгтэй маргалдсан шалтгаанаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байсан. Биднийг ийм гэрээ байгуулсныг тухайн орон сууц борлуулалтын захирал Барсболд гэрчилдэг юм. Зүй нь үнэхээр надад залилуулсан бол бусдыг хуурч мэхлэх гэмт хэрэг үйлдэгдсэн бол тэр даруйдаа цагдаагийн байгууллагад хандах боломж байсан. Цагдаагийн байгууллага гомдлыг хүлээн авч, гомдол өгсөн тал зөв, мөнгө зээлж авсан тал буруу юм шиг нэг талыг барьж шалгаж байсан. Миний хувьд Баасанцэрэнд 65.000.000 төгрөг гаргаж өгнө, одоо хадам ээж нас барсан бизнесийн боломж түр зогссон үедээ хамаатан садан хүнээс мөнгө зээлж, тэр зээл нь тодорхой хугацаанд төлөгдөх боломжгүй нөхцөлтэй байвал залилах гэмт хэргийн шинжтэй байна гэж үзэж байгаа нь анхнаасаа гэмт хэргийн шинжгүй Иргэний эрх зүйн харилцаанд иргэд хоорондын зээлийн гэрээний харилцаа үүссэн нь туйлын тодорхой байхад Анхан шатны шүүхээс надад 4 жилийн ял өгч байгаад туйлын харамсаж, гомдолтой байна. Эцэст нь миний бие энэхүү хэрэгт шалгагдаж байхдаа мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээг хэзээ ч зөрчиж байгаагүй бөгөөд шүүхийн шатанд өмгөөлөгчийн хурал хойшлуулах хүсэлтээс шалтгаалж прокурорын хүсэлтээр 2018 оны 12 дугаар сарын 25-нд цагдан хоригдсон болно.

          Миний бизнесийн үйл ажиллагаа сэргэх боломжтой, хохирол төлөх боломжтой, түүнчлэн чихрийн шижин өвчин хяналтгүй хүнд хэлбэр лүү орсон ба миний дагавар хүү оюуны хүнд хэлбэрийн оноштой зөвхөн хараа хяналт, асрамжинд байдаг тухай хүсэлтийг өмгөөлөгчөөр дамжуулж гаргаж таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгөхийг хүссэн боловч шүүх миний хүсэлтийг хангаагүй юм.

          Мөн шүүхийн хэлэлцүүлэгт иргэн Өлзийдэлгэрээс авсан хөшиг, ор хөнжлийн даавуу зэргийн үнэ болох 5.000.000 төгрөгийг нэмж нэхэмжлэхээс татгалзсан гэх боловч энэхүү мөнгөн дүн нь Баасанцэрэнгийн нэхсэн 50.000.000 төгрөгийн үнийн дүнд орсон эсэхийг тогтоогоогүй байна.

          Гэрч С.Баярцэцэгийн тооцоогоор эхлээд 27.300.000 төгрөг бэлнээр дараа нь 10.000.000 төгрөг бэлнээр дараа нь 7.700.000 төгрөг бэлнээр авсан гэх бөгөөд нийт 45.000.000 төгрөг бэлнээр авсан байдалтай байхад хохирлын хэмжээг 55.000.000 төгрөгөөр тогтоосон нь алдаатай байна гэж үзэж байна. Иймд Б.А миний гэм буруутайг эргэлзээгүй тогтоогоогүй тул дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэжээ.

 

          Шүүгдэгч Б.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэмж хэлэх зүйл байхгүй...” гэв.

 

          Шүүгдэгч Б.Аын өмгөөлөгч С.Чинзориг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 147 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Учир нь, шүүгдэгч Б.А нь “хохирогч гэх” Л.Баасанцэрэнд хэн, хэзээ, хэрхэн, яаж, хэдэн төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн талаарх хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа маш дутуу хийгдсэн, өөрөөр хэлбэл, Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 129 дугаартай захирамжаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг прокурорт буцаасан бөгөөд уг шүүгчийн захирамжид дурдсан “...Хэрэгт цугларсан болон яллах дүгнэлтэд бичигдсэн баримтаас дүгнэхэд тухайн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ...гэмт хэргийн шинжийг бүрэн нотолсон эсэх, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөв хэрэглэсэн эсэхийг шалгаж ... чадаагүй байна гэж шүүх дүгнэсэн”, мөн түүнчлэн уг захирамжид “...Яллах дүгнэлтэд: “... хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилж бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэж хууль зүйн дүгнэлт хийн зүйлчилсэн нь яллах дүгнэлтийн хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж шүүх үзсэн бөгөөд шүүгчийн захирамж заавал биелэгдэх шинжтэй байхад хэргийг дээрх захирамжид дурдсан асуудлуудыг бүрэн биелүүлээгүй 10 сарын дараа шүүх рүү шилжүүлснийг шүүх хүлээн авч хэргийг шүүхэд шилжүүлэн хянан хэлэлцсэн байдаг. Гэвч хэрэгт нэмэлт ажиллагаа хийгдсэн зүйл нь хохирогч Л.Баасанцэрэнг гэрч С.Баярцэцэгтэй нүүрэлдүүлэн байцааснаас өөр нэмэлт ажиллагаа үндсэндээ хийгдээгүй байдаг. Энэхүү хэрэгт чухамдаа хохирогчоор тогтоогдвол зохих этгээд нь С.Өлзийдэлгэр байх ёстой болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болох хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр хангалттай нотлогдож байдаг. Учир нь гэрч С.Өлзийдэлгэр, гэрч С.Баярцэцэг, шүүгдэгч Б.А нарын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдээр С.Баярцэцэг, Б.А нар нь 2015 оны 5 дугаар сарын дундуур хамгийн анх С.Баярцэцэг нь өөрийн нөхөр гэх Б.Ат өөрийн хамаатан болох нагац үеэл ах Л.Баасанцэрэнгийн эхнэр С.Өлзийдэлгэрээс 30.000.000 төгрөг зээлье гэж хэлсний дагуу С.Баярцэцэг, Б.А нар нь Л.Баасанцэрэнтэй утсаар холбогдож “30.000.000 төгрөг 10 хувийн хүүтэй зээлье, 2 сарын дараа өгнө” хэмээн мөнгө зээлэх тухайгаа хэлэхэд Л.Баасанцэрэн нь “надад мөнгө байхгүй С.Өлзийдэлгэрт мөнгө байгаа, аавынх нь хүүтэй зээлдэг мөнгө байгаа, та нар өөрсдөө Өлзий рүү ярь” гэсний дагуу эхнэр С.Өлзийдэлгэртэй утсаар ярьж мөнгө зээлэх тухайгаа хэлэхэд С.Өлзийдэлгэр нь “аавд 40.000.000 төгрөг байгаа, хүүтэй зээлнэ” гэж хэлэхэд нь Б.А “30.000.000 төгрөг хүүтэй зээлье” гэхэд нь С.Өлзийдэлгэр “тэг тэг, маргааш ажил дээр буюу Мишээл Экспо-гийн лангуун дээр ирээд ав ” гэсний дагуу маргааш нь С.Өлзийдэлгэрийн ажлын байр буюу Мишээл Экспо дээр очиход С.Өлзийдэлгэр нь лангуун дороосоо гаргаж ирсэн “хар дэвтэр”-тээ 33.000.000 төгрөг болгон буцааж өгөхөөр тохиролцон Б.Ааар гарын үсэг зуруулж авсан байдаг бөгөөд энэ үед Л.Баасанцэрэн нь ойр хавьд нь огт байгаагүй байсан бөгөөд С.Өлзийдэлгэр нь манай нөхөр Л.Баасанцэрэн нь өөрийн үеэл дүү С.Баярцэцэг болон түүний хамтран амьдрагч нөхөр болох Б.А нарт туслах үүднээс мөнгө зээлж болно гэсний дагуу С.Өлзийдэлгэр нь Б.А, С.Баярцэцэг нарт үнэн хэрэгтээ тухайн үедээ 27.300.000 төгрөг бэлнээр өгч, 2.700.000 төгрөгийг Б.А, С.Баярцэцэг нарын гэрт 5 цонхонд тогтоосон хөшигний үнэ хэмээн суутган авсан байдаг.

Үүний дараа 7-10 хоногийн дараа Б.А нь С.Баярцэцэгтэй С.Өлзийдэлгэрээс нэмж 10.000.000 төгрөг зээлэхээр ярилцаж тохироод С.Өлзийдэлгэртэй утсаар яриад “танай аавын зээлүүлдэг мөнгөнөөс үлдсэн 10.000.000 төгрөгийг зээлье гэхэд С.Өлзийдэлгэр нь “маргааш аавтай яриад авчхаад ажил дээр байлгаж байя, та 2 маргааш ирээд ав” гэсний дагуу С.Өлзийдэлгэрээс очиж 10.000.000 төгрөг нэмж бэлнээр зээл авч Б.Ааар гарын үсэг зуруулсан байдаг бөгөөд үүнээс 10-14 хоногийн дараа Б.А, С.Баярцэцэг нар нь шинэ байраа тохижуулах, тавилга, буйдан авах зорилготой С.Өлзийдэлгэрээс дахин 10.000.000 төгрөг зээлээч гэхэд С.Өлзийдэлгэр нь “ор хөнжлийн даавуу, бүтээлгэний үнэ болох 2.300.000 төгрөгийг хаслаа” хэмээн нийт 7.700.000 төгрөг бэлнээр өгсөн байх бөгөөд тухайн үед Л.Баасанцэрэн нь хажууд байдаг лангуунаас өөрөө сонгож зөвлөсний дагуу Б.А, С.Баярцэцэг нар нь 5.300.000 төгрөгийн үнэтэй буйдан авсан болох нь дээрх нэр бүхий гэрч С.Өлзийдэлгэр, С.Баярцэцэг, хохирогч гэх Л.Баасанцэрэн, шүүгдэгч Б.А нарын мэдүүлгүүдээр нотлогддог.

Чухамдаа энэхүү хэрэгт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж байгаа эсэх нь эргэлзээтэй байдаг. Учир нь, хохирогч Л.Баасанцэрэн хэдийгээр анх цагдаагийн байгууллагад Б.Атай утсаар маргалдсаныхаа дараа “хувийн шалтгаан”-ны улмаас хандсан болох нь илэрхий байдаг бөгөөд өөрөө өргөдөлдөө 65.000.000 төгрөгийг Б.Ат өгч залилуулсан, ингэхдээ дансаар болон бэлнээр өгсөн гэж анх мэдүүлэг өгч байсан хирнээ шүүхийн хэлэлцүүлгийн шатанд урьд өгсөн мэдүүлгээсээ эсрэгээр би 40.000.000 төгрөг бэлнээр уутанд хийж авчирч өгсөн. Дараа нь 15.000.000 төгрөг хадам ааваасаа бэлнээр зээлж өгсөн гэх мэдүүлгүүд нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримт болох өөрийнх мэдүүлгээс илтэд зөрүүтэй байдаг.

Чухам энэ 65.000.000 төгрөгийн гомдлоор эхэлсэн эл асуудал нь иргэний эрх зүйн зээлийн гэрээний үүрэг тухайн цаг хугацаандаа биелэгдэх боломжгүй болмогц гэрээний нэг тал болох С.Өлзийдэлгэр, Л.Баасанцэрэн нар нь “Онцгой нөхцөлөөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-ний үндсэн хугацаа, төлбөр төлөх хугацаа дуусаагүй байхад цагдаагийн байгууллагад хандсан байдаг. Зүй нь үнэхээр бусдыг хуурч мэхэлсэн, залилах гэмт хэрэг үйлдэгдсэн бол тэр даруйдаа цагдаагийн байгууллагад хандах боломж байсан. Гэтэл энэ хэрэг дээр цагдаагийн байгууллага гомдлыг хүлээн авч зөвхөн өргөдөл гомдол гаргасан тал нь үнэн, мөнгө зээлж авсан тал нь худал мэдүүлэг өгч байгаа мэтээр дүгнэж хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагааг хэтэрхий нэг талыг барьж явуулсан байдаг. Иргэний эрх зүйн иргэд хоорондын зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь туйлын тодорхой байхад гэм буруутайд тооцож, 4 жилийн хорих ял шийтгүүлж байгаа нь манай үйлчлүүлэгчийн хувьд хэтэрхий шударга бус, өрөөсгөл дүгнэлт болсон гэдгийг онцлон хэлэх нь зүйтэй. Гэрч С.Баярцэцэг нь болсон асуудлыг эхнээс нь үнэн зөвөөр мэдэгдэж байсан бөгөөд хохирлын хэмжээ буюу хэдэн төгрөгийн зээлийг хэдэн удаа, хэзээ, хэрхэн, яаж, хэнээс, ямар зорилгоор авсан талаар тодорхой мэдүүлсээр байхад энэхүү гэрчийн мэдүүлэгт ямар ч ач холбогдол өгөлгүй орхигдуулсан байдаг.

1. Б.А нь зөвхөн урьд авсан өмгөөлөгчийнхөө шүүх хуралд хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй, илэрхий хуурамч эмнэлгийн магадлагаа ирүүлсний төлөө цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх бөгөөд шүүхийн дуудсан цагт ирж, болсон асуудлыг үнэн зөвөөр мэдүүлдэг. Б.А нь ф-72 оноштой оюуны хүнд хэлбэрийн оноштой дагавар хүүхэдтэй бөгөөд гэрээр асран хамгаалдаг бөгөөд энэ үүргийг Б.А гүйцэтгэдэг байсан юм. Б.А нь чихрийн шижин өвчний даамжирсан, хүнд хэлбэр лүү орсон байх тул түүний биеийн байдлыг шүүхийн шийдвэр гаргахдаа харгалзан үзнэ үү.

2. Иргэн С.Өлзийдэлгэрээс Б.А, С.Баярцэцэг нарын авсан хөшиг, ор хөнжлийн даавуу зэргийн үнэ болох 5.000.000 төгрөгийг нэмж нэхэмжлэхээс татгалзсан гэх боловч энэхүү мөнгөн дүн нь Л.Баасанцэрэнгийн нэхсэн 55.000.000 /50.000.000/ сая төгрөгийн үнийн дүнд орсон эсэхийг ч тогтоогоогүй байна. Гэрч С.Баярцэцэгийн тооцоогоор эхлээд 27.300.000 төгрөг бэлнээр, дараа нь 10.000.000 төгрөг бэлнээр, дараа нь 7.700.000 төгрөг бэлнээр авсан гэх бөгөөд нийт 45.000.000 төгрөг бэлнээр авсан байдалтай байхад бүрэн нотлогдсон гэж үзэн хохирлын хэмжээг 55.000.000 төгрөгөөр тогтоосон нь алдаатай байна гэж үзэж байна.

Иймд шүүгдэгч Б.А нь гэм буруутай эсэхийг эргэлзээгүй тогтоогоогүй тул дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэжээ.

          Шүүгдэгч Б.Аын өмгөөлөгч М.Амарбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй, доорх дүгнэлтэд нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй орхигдуулсан, дүгнэлтэд ач холбогдол бүхий харилцан зөрүүтэй мэдүүлэг байхад бусад гэрчийн мэдүүлэг, холбогдох баримтанд дүгнэлт өгөөгүй буюу үндэслэлийг заагаагүй ба хууль ёсны байх, үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул энэхүү гомдлыг гаргаж байна.

Шүүгдэгч Б.А нь арматур төмөр худалдаж авах болон өөрийн гэртээ тавилга худалдан авах гэж иргэн Л.Баасанцэрэнгээс авсан зээлийг шунахайн зорилготойгоор залилан мэхлэх замаар авсан хэмээн хүнд ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна.

Шүүгдэгч Б.А нь Л.Баасанцэрэнгийн эхнэр Өлзийдэлгэрээс мөнгийг хүлээн авч “Тайм Холдинг” ХХК-д мөнгө шилжүүлсэн, мөн өөрийн оршин сууж байсан орон сууцандаа буйдан болон ахуйн хэрэглэлийн эд зүйлс худалдаж авсан байхад /хохирогчийг хуурч мэхлэх, итгэл олох үйлдэл хийгээгүй байхад/ бусдыг залилан мэхэлсэн гэмт хэрэг хийсэн гэж алдаатай дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

Шүүгдэгч болон хохирогчийн хооронд мөнгө зээлэх, зээлдүүлэх иргэний эрх зүйн харилцаа үүссэн бөгөөд тухайн иргэний хэлцэлд талууд хүсэл зоригоо илэрхийлэн оролцсон болох нь дараах нөхцөл байдлаар тогтоогдсон.

Хохирогч Л.Баасанцэрэнгээс мөнгө зээлсэн хэлцлийн үүргийг өөрчлөх тухай талууд тохиролцсоны үндсэн дээр хохирогч Л.Баасанцэрэн “Тайм Холдинг” ХХК-ийн орон сууцанд орсон байдаг. Хохирогчийг орон сууц худалдаж авахад шүүгдэгч Б.А түүнд зуучлан барилга барьсан компани болон Л.Баасанцэрэнгийн хооронд байгуулсан “Онцгой нөхцөлтэйгөөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-нд 2017 оны 6 сард төлбөр төлөхөөр үүрэг хүлээсэн байдаг. Өөрөөр хэлбэл Б.Аын зуучилсны үндсэн дээр Л.Баасанцэрэн зах зээлд өндөр үнэтэй орон сууцыг таатай нөхцөлөөр худалдаж авсан байдаг.

Гэтэл хохирогч Л.Баасанцэрэн тухайн орон сууц худалдаж авахад гэрээний дагуу Б.Аын төлбөр төлөх хугацааг мэдэж байж гэрээнд гарын үсэг зурсан, гэрээний үүрэг дуусахаас өмнө цагдаагийн газар гомдол гаргасан байна.

Мөн хохирогч Л.Баасанцэрэн нь шүүгдэгч Б.Ат 55 сая төгрөг өгсөн гэх мэдүүлгийнхээ эх сурвалжийг нотолж чадаагүй, энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгах журмыг зөрчиж байна.

Гэмт хэргийн нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй тухай

Тухайн хэргийн улмаас учирсан хохирол буюу шүүгдэгч Б.А нь хохирогч Л.Баасанцэрэнгээс зээлээр авсан мөнгөний хэмжээг бүрэн дүүрэн тогтоогоогүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 дах хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг бүрэн дүүрэн тогтоогоогүй.

Хохирогч Л.Баасанцэрэн цагдаад анх гаргасан гомдолд 65 000 000 сая төгрөгийг өгч залилан мэхлүүлсэн гэж гомдол гаргадаг бөгөөд Мөрдөн шалгах ажиллагааны явцад 65 сая төгрөгийг залилан мэхэлсэн гэж эрүүгийн хэргийг шалгасан. Өмгөөлөгч М.Амарбаяр би Б.Аын авсан мөнгөний хэмжээг сайтар шалгаж тогтоогоогүй байна гэж удаа дараа хүсэлт өгсөн боловч хэрэгт шаардлагатай мөнгөний хэмжээг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоож чадаагүй, шүүхээс Б.Аыг хохирогчоос 55 сая төгрөг авсан гэж дүгнэсэн боловч бусад шаардлагатай нөхцөл байдалд хууль ёсны дүгнэлт өгөөгүй.

Хэргийн гэрч буюу мөнгө бэлэн авахад дэргэд нь байсан С.Баярцэцэгийн мэдүүлгээр бэлнээр 30 сая төгрөг, дараа нь 10 сая төгрөг, үүний дараа 10 сая төгрөг авсан гэдгийг гэрчилдэг. Тухайн авсан мөнгөөр шүүхээс тогтоосон Баянчандманьд цахилгаан татуулах гэж хэлж аваагүй, харин ч мөнгө зээлсэн Л.Баасанцэрэн өөрөө хамт явж буйдан авсан болох нь гэрчийн мэдүүлэг, гэрчээс нүүрэлдүүлэн авсан мэдүүлэг зэргээр нотлогддог.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “...Б.А төмөр оруулж ирж байгаа гэж 40 сая төгрөг... Үйлдвэрийн цахилгаан тохиргоог хийх гэсэн гэж 15 сая төгрөг бусдыг хуурч мэхлэн авч залилсан нь хангалттай нотлогдсон" гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр бүрэн дүүрэн тогтооно гэж заасныг зөрчсөн байна.

Тодруулбал хохирогч Л.Баасанцэрэн Б.Ат 65 сая төгрөг Хаан банкаар дамжуулан өгсөн, дараа дараагийн мэдүүлэгт 55 сая төгрөг бэлнээр өгсөн зэргээр зөрүүтэй мэдүүлдэг бөгөөд мөрдөн шалгах ажиллагаагаар Л.Баасанцэрэн яг хэдэн төгрөг өгсөн гэдгийг огт тогтоогоогүй юм.

Мөн гэрч С.Баярцэцэгийн болон шүүгдэгч Б.Аын мэдүүлдэг мөнгө авсан хэмжээг бичсэн тэмдэглэлийн дэвтрийг хохирогч талаас огт гаргаж өгөөгүй буюу үүнээс үзвэл хохирогч нь Б.Ат хэдэн төгрөг өгснөө нотолж чадаагүйг дурдах нь зүйтэй. Анхан шатны шүүх зөвхөн хохирогчийн болон гэрчийн мэдүүлгийг үндэслэн хэргийг шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хэргийн цагаатгах болон яллах нотлох баримтууд, хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг хуулийн дагуу шалгаж тогтоох байтал зөвхөн хохирогчийн мэдүүлгийг үндэслэн гэмт хэрэг хийсэн гэж дүгнэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын залилан мэхлэх гэмт хэргийг хийсэн гэж Гаалийн Ерөнхий газрын 2017 оны 8 сарын 30-ны өдрийн 03-2/3577 тоот албан бичгийг үндэслэсэн боловч Б.Аын хэргийг шалгах явцад Үүр тээл ХХК-иас худалдаж авсан арматур худалдаж аваад Л.Баасанцэрэнгийн орон сууц худалдаж авсан компанид нийлүүлсэн баримт / ХХ-12/ хэрэгт авагдсан.

Мөн Гэрч С.Баярцэцэг нь хохирогчоос авсан мөнгөн дүнгийн хэмжээ болон зарцуулалтыг бүрэн дүүрэн үнэн зөвөөр мэдүүлдгээс гадна хэрэгт цугларсан нотлох баримтаар Л.Баасанцэрэн нь буйдан авахад нь хамт явж байсан болохоо мэдүүлдэг. Үүнээс үзвэл Б.А үйлдвэрийн цахилгаан татуулах гэж хуурч мэхэлсэн зүйл байхгүй бөгөөд харин ч хохирогчтой хамт буйдан худалдаж авсан, мөн хохирогч Л.Баасанцэрэнгийн лангуунаас бараа материал худалдаж авч төлбөрийг тухайн зээлийн мөнгөнд оруулан тооцсон байдаг.

Хохирогч төмрийн мөнгө болон цахилгааны мөнгө 55 сая төгрөг өгсөн гэж мэдүүлсэн мөртлөө Л.Баасанцэрэн хамт явж буйдан авсан, өөрийн худалдсан эд зүйлсийн мөнгийг тооцсон зэрэг бодит нөхцөл байдлаар тогтоогддог. Энэ нөхцөл байдал нь Б.А хохирогчоос гааль дээр төмөр оруулах татварын мөнгө, цахилгаан татуулах мөнгө гэж зээлж залилан мэхлэх гэмт хэргийн шинж агуулаагүй буюу тухайн зээлийн гэрээний /хэлцлийн/ үндсэн дээр хамтран эд зүйл худалдаж авсан болох нь мөрдөн байцаалт болон шүүх хуралдаан дээр мэдүүлсэн гэрч С.Баярцэцэгийн мэдүүлгээр давхар нотлогддог.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль ёсны байх зарчим зөрчсөн тухай

Б.Аын өмгөөлөгч М.Амарбаяр би 2018 оны 2 сард урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралд Б.Ат холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.15-т заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгүүлэх хүсэлт гаргасан бөгөөд шүүхээс хэргийг прокурорт буцаан шийдвэрлэсэн.

Өмгөөлөгчийн хувиар хэрэгт зайлшгүй шалгах ач холбогдол бүхий нөхцөл байдпыг тогтоох тухай 2018 оны 06 сард хяналтын прокурор Г.Эсэнд гаргасан боловч хүсэлтийг хангахаас татгалзсан тул дүүргийн ерөнхий Ерөнхий прокурорт гомдол гаргасан. Өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дээд шатны прокурор хангаж шийдвэрлэснийг хэрэгт хяналт тавьж буй прокурор мэдээгүй, энэ талаар ажиллагаа хийгээгүй байдаг.

Тодруулбал хэрэгт хяналт тавьж буй прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг ноцтой зөрчсөнөөс шүүхэд хүргүүлэх хэргийн материалтай өмгөөлөгчийг танилцуулаагүй болно.

Өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу хэргийг шүүхээс буцаан шийдвэрлэсэн боловч дахин мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, мөн өмнөх урьдчилсан хэлэлцүүлгээр буцаасан үндэслэл болох хохирлын хэмжээг шалгаж тогтоох талаар огт ажиллагаа хийгээгүй хэргийг дахин шүүхэд хүргүүлсэн байдаг.

Хохирогч Л.Баасанцэрэн хохирлын хэмжээгээ үнэн зөв мэдүүлдэггүй бөгөөд 65 сая төгрөг Хаан банкны дансаар авсан, дараа дахин мэдүүлэг өгөхдөө 55 сая төгрөг авсан гэх мэтээр зөрүүтэй мэдүүлдэг.

Иймээс өмгөөлөгчийн хувьд Хаан банкаар шилжүүлсэн эсэхийг зайлшгүй шалгаж тогтоох ёстой гэж хүсэлт өгөөд байхад хэрэгт шаардлагатай дээрх нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй бөгөөд хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Гэмт хэргийн зүйлчлэлийн тухай

Анхан шатны шүүхээс хэргийн зүйлчлэл буюу хууль хэрэглээг зөв хэрэглэсэн гэж дүгнэсэн байна.

Хохирогч Л.Баасанцэрэн нь шүүгдэгч Б.Ат зээлсэн мөнгөө зөрүүтэй мэдүүлдгээс гадна мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн дүүрэн нотолж чадаагүй. Мөнгийг гардаж авахад дэргэд нь байсан гэрч С.Баярцэцэг болон сүүлд Б.Аын өгсөн мэдүүлэгт хохирогч Л.Баасанцэрэнгээс биет байдлаар 47 сая 500 мянган төгрөг хүлээж авсан гэж нотолдог.

Энэ нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дах хэсэгт заасан их хэмжээний хохиролд тооцогдохгүй бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн дүүрэн шалгаж тогтоосны үндсэн дээр гэмт хэргийн зүйлчлэлийг үнэн зөвөөр хэрэглэх нь зүйтэй билээ. Тодруулбал шүүгдэгч Б.А болон гэрч С.Баярцэцэргийн мэдүүлгээр 47,5 сая төгрөг авсан гэж үзвэл тухайн гэмт хэргийн зүйлчлэлд шууд нөлөөлөх тул хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн дүүрэн шалгаж тогтоох бусад нотлох баримт, гэрчийн мэдүүлэг зэрэгтэй харьцуулах зэргээр дүгнээгүй.

Иймд дээрх үндэслэлүүдээр Хан-уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 147 дугаар Шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байх тул хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү...” гэв.

Прокурор Т.Мижиддорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.А нь нийт 55.000.000 төгрөг залилсан болох нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдсон. Гэрч Өлзийдэлгэр, Баярцэцэг, шүүгдэгч Б.А нар нь хохирол дээр маргадаггүй бөгөөд хавтас хэрэгт иргэний журмаар байгуулагдсан гэрээ байхгүй. 40.000.000 төгрөгийг шүүгдэгч Б.А “арматур төмөр оруулж ирнэ, гаалийн татварт өгнө” гээд 10 хоногийн хугацаатай авсан. Энэ нь Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн албан тоотоор ямар нэгэн татвар төлөөгүй болох нь нотлогддог. 2017 оноос хойш уг хэргийг шалгахад гэрээ, хэлцэл гаргаж өгөөгүй. Тийм баримт байсан бол гаргаж өгөх боломжтой байсан. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжинд заагдсан ажиллагаа бүрэн хийгдсэн гэж үзэж байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдлуудыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

           

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” хуулийн шаардлагад нийцжээ.

 

Шүүгдэгч Б.А нь 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, “Мишээл экспо” худалдааны төвийн гадна иргэн Л.Баасанцэрэнд “Бүгд Найрамдах Хятад Ард улсаас арматурын төмөр оруулж ирж байгаа гаалийн татварт мөнгө хэрэг болоод байна 10 хонолгүй буцаагаад өгнө” гэж итгүүлэн хуурч мэхлэх аргаар 40.000.000 төгрөгийг, мөн дахин 2015 оны 5 дугаар сарын 24-ний өдөр “миний 2 байгууллагаас авах мөнгө удахгүй орж ирэхээр боллоо та одоо 15.000.000 төгрөг зээлчих, би Баянчандманьд баригдаж байгаа төмрийн үйлдвэрийнхээ цахилгааны тохиргоог хийх гэсэн юм” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан залилж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Л.Баасанцэрэнгийн “...Тэр үед Б.А надтай уулзаад “би БНХАУ-аас арматурын төмөр оруулж ирж байгаа гаалийн татварт мөнгө хэрэг болоод байна 40.000.000 төгрөг зээлээч, танаас өөр найдах хүн алга цаад талын хугацаа 10 хоног удахгүй” гээд гуйгаад байхаар нь итгээд бэлнээр 40.000.000 төгрөг өгсөн. Гэтэл 4 хоногийн дараа Б.А над руу залгаад “миний хоёр байгууллагаас авах мөнгө удахгүй орж ирэх болохоор та одоо 15.000.000 төгрөг зээлчих би Баянчандманьд баригдаж байгаа төмрийн үйлдвэрийнхээ цахилгааны тохиргоог хийх гэсэн юм” гэхээр нь надад одоо мөнгө байхгүй байсан мөнгөө чамд өгсөн. Харин манай хадам аав Сүрэнхүү хүүдээ байр авч өгөх гэж байгаа мөнгөнөөс гуйж ав гэхэд намайг аваад өгвөл шагналтай нь буцаагаад өгнө, тэртэй тэргүй 10 хоногийн дараа миний мөнгө ороод ирэх юм чинь гэж хэлэхээр нь би хадам аав руу залгаж 15.000.000 төгрөг авч өгсөн. ...Манайх 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 138 мкв 4 өрөө 273 мянган ам.долларын үнэтэй байранд урьдчилгаа 115.000.000 төгрөг өгөхөөр байснаас би бэлнээр 50.000.000 төгрөгийг төлж үлдэгдэл 65.000.000 төгрөгийг Б.А төмөр нийлүүлсэн төлбөрөөс өгөхөөр тохиролцож гэрээ байгуулж байрандаа орсон боловч уг байгууллага нь урьдчилгаа төлбөрөө надаас нэхэмжилж Б.А төлбөр төлөөгүй Б.Атай учраас ол гэж хэлээд Б.Атай уулзахад ямар нэгэн тохиролцоонд хүрч чадалгүй цагдаагийн байгууллагад хандсан...” гэх /1 хх 13-16, 17, 71, 80-81, 117-119, 132, 153-154, 232-234, 2 хх 57-58/,

гэрч Г.Барсболдын “...Б.А манай байгууллагатай гэрээ байгуулж бартераар 800 гаруй сая төгрөгийн 2 байр авсан ба 300 орчим сая төгрөгний 200 тонн арматурын төмөр нийлүүлсэн. Тэгээд гэрээний үүргээ биелүүлэхгүй болохоор нь манай байгууллагын зүгээс нийлүүлсэн төлбөрийн оронд бага мкв-тай байр өгч уг байранд Энхтөр гэдэг хүн орж Б.Аын байсан байрыг чөлөөлж авсан байгаа. ...Баасанцэрэнтэй 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр “Онцгой нөхцөлтэйгөөр байр худалдах, худалдан авах” гэрээ байгуулсан. Энэ ямар учиртай вэ гэхээр Б.А манай байгууллагад төмөр нийлүүлж эхлээд удаагүй байхдаа Баасанцэрэн болон түүний эхнэрийг дагуулж ирж байр үзүүлсэн. Тэгээд Б.А хэлэхдээ манай хамаатны талын хүмүүс байгаа юм аа, байр худалдаж авах гэж байгаа гэж хэлсэн. Харин Баасанцэрэн хэлэхдээ Б.А бид нар 50 сая гаруй төгрөг өгөх ёстой, тэр мөнгөө манай авах байрны төлбөрийн сүүлийн төлөлтөн дээр төлнө гэж ойлгуулсан болох уу гэхээр нь Б.Атай гэрээ байгуулаад ажиллаж байгаа юм чинь болно гэж хэлээд уг гэрээг байгуулж Баасанцэрэнг байранд нь оруулсан. Тэгээд Баасанцэрэн графикийн дагуу төлж байсан боловч 2016 оны 12 дугаар сард төлөлтөө хийх гэж орж ирэхдээ 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдөр төлөх ёстой байхад 2016 оны 12 дугаар сард төлөх ёстой гэхээр нь Б.Аын төлөлт болоогүй байна гэдгийг нь тайлбарлахад бид нар Б.Ааас мөнгөө авах худлаа боллоо, би ойлгохдоо 2016 оны 12 дугаар сард төлөлтөө хийнэ гэж бодсон, тэгвэл цагдаагийн байгууллагад хандана гээд гарч байсан...” гэх /1 хх 18-19, 157-158/,

гэрч С.Өлзийдэлгэрийн “...2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр манай нөхөр Баасанцэрэнгийн хамаатны Баярцэцэг, нөхөр Б.Аын хамт Мишээл экспо худалдааны төв дээр манай ажил дээр ирж уулзаад Б.А хэлэхдээ “та хоёрыг зорьж ирлээ, дүү нь төмрийн наймаа хийдэг гааль дээр арматурын төмөр буучихсан гаалийн татварын мөнгө хэрэгтэй байна, 10 хоногоос хэтрэхгүй эргүүлээд өгчихье 40.000.000 төгрөг зээлээч” гэж хэлсэн. Тухайн үед нөхөр Баасанцэрэн рүү залгаад учир байдлыг хэлэхэд удаагүй Баасанцэрэн ирж тэр хоёртой уулзаад нэлээн суугаад итгээд бэлнээр 40.000.000 төгрөг өгөөд явуулсан. Тэгээд 4 хоногийн дараа Б.А эхнэртэйгээ хамт ажил дээр ирж уулзаад миний хүнээс авах мөнгө удахгүй орж ирэх гэж байна 15.000.000 төгрөг зээлүүлээч гэж хэлэхээр нь манай аав байр авах гэж байгаа мөнгө байж магадгүй гэж хэлээд аав руугаа асууж байгаад өөрөө хэрэглэх гэж байгаа гэж хэлж аав Сүрэнхүүгээс 15.000.000 төгрөг авч Б.Ат өгсөн. ...Эхлээд 40.000.000 өгсөн. Дараа нь 15.000.000 төгрөг өгсөн. Дараа нь хөшиг тавилганы мөнгө нийлээд 5.000.000 төгрөг, нийт 60.000.000 төгрөг өгсөн. Тэрнээс хүүнд нь 5.000.000 төгрөг нэхэмжилж байгаа. Тухайн үед ямар нэгэн гэрээ хэлцэл хийж байгаагүй...” гэх /1 хх 24-25, 157-158, 221-222/,

гэрч С.Баярцэцэгийн “...Би Б.Аыг мөнгө авах үед хамт очиж авсан. Баасанцэрэн ах эхлээд 30.000.000 төгрөг өгсөн. Дараа нь 10.000.000 төгрөг авсан. Тэрнээс хойш удаагүй дахиад 10.000.000 төгрөг өгсөн. Нийт 50.000.000 төгрөг авсан. Мөнгө авахдаа ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй. Хамаатан садан улсууд гээд итгэлцэл дээр тулгуурлаж авсан...” гэх /1 хх  20-21/,

гэрч Д.Сүрэнхүүгийн “Би Б.Ат мөнгө зээлүүлээгүй. 2015 оны 5 дугаар сард манай хүргэн Баасанцэрэн уулзаж “найдвартай хүнд хэрэглүүлэх хэрэгтэй байна. 10 гаруй хоног хэрэглээд өгье 15.000.000 төгрөг хэрэгтэй байна” гэж хэлэхээр нь итгээд өөрт бэлнээр хадгалж байсан 15.000.000 төгрөгөө Баасанцэрэнд өгсөн. Тэгээд 10 гаруй хоногийн дараа мөнгөө асуухад Баярцэцэгийн нөхөр Б.Ат зээлүүлсэн гэж хэлсэн ба Б.Аын утас руу нь Баасанцэрэнгийн утсаар залгаж мөнгөө нэхэхэд өгнөө, уулзъя гэж хэлдэг. Тэгээд уулзахгүй алга болчихдог байсан. Тэрнээс хойш хэд хэдэн удаа уулзъя гэж хэлээд уулзаагүй. Тэгээд 2017 он гараад Б.А мөнгөө өгөхгүй болохоор нь манай хүргэн Баасанцэрэн миний мөнгийг өөрөөсөө надад өгсөн...” гэх /1 хх 223/ мэдүүлгүүд,

хохирогч Л.Баасанцэрэн, гэрч С.Баярцэцэг нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /1 хх 224/, Гаалийн Ерөнхий газрын “Б.Аын нэрээр 2015 оноос 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн тухай мэдээлэл гаалийн мэдүүлгийн санд бүртгэгдээгүй байна” гэх албан бичиг /1 хх 114/, хохирлын тооцоо /1 хх 213/, эд мөрийн баримт /1 хх 216-217, 235/, гар утасны ярианы бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 219-220/, Сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 236-241/, сэжигтнээр байцаасан тэмдэглэл /1 хх 31-32/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, Б.Аыг зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан залилж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар Б.Аыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Б.А түүний өмгөөлөгч С.Чинзориг, М.Амарбаяр нарын гаргасан “Б.Аын гэм буруутайг эргэлзээгүй тогтоогоогүй тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Мөрдөн байцаалтын шатанд шалгавал зохих зүйлийг бүрэн шалгасан, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдийг няцаан үгүйсгэсэн баримтгүй, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн байх тул шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Д.Чинзориг, М.Амарбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Д.Чинзориг, М.Амарбаяр нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                    

                    

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.АЛДАР

 

                                 ШҮҮГЧИД                                                          Ц.ОЧ

 

                                                                                                           Ш.БАТ-ЭРДЭНЭ