Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 202/МА2021/00005

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021          03           22                                         202/МА2021/00005                                           

 

 

 

“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 137/ШШ2021/00036 дугаар шийдвэртэй,  

 

Нэхэмжлэгч: “К” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б овогт З-ийн Б,

 

Хариуцагч: И овогт О-ын А,

 

Гуравдагч этгээд: Б овогт А-ийн О нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 34.438.655 төгрөг, зээлийн хүү 11.541.126 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 218.008 төгрөг, нийт 46.197.789 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч О.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нарын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Э.Б /цахимаар/, гуравдагч этгээд А.О /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Уянга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “К” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... З.Б, О.А нар нь тус банктай 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр №3016-2019/19-28 тоот “Зээлийн гэрээ”, №3016-2019/19-28-1 тоот “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ” тус тус байгуулан 35.000.000,00 /Гучин таван сая/ төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, зээлийн хүү /жилийн/ 22.8 хувийн хүүтэйгээр авсан билээ. Зээлийг бараа материал татан авах зориулалтаар авсан бөгөөд зээлийн барьцаанд иргэн А.Оийн өмчлөлийн Ү-0714001115 тоот улсын бүртгэлийн дугаартай, Дорноговь аймаг, Замын Үүд сумын 1 дүгээр баг, 97-* тоот хаягт орших 38 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд тавьсан бөгөөд зохих журмын дагуу нотариатаар баталгаажуулж, Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн албанд бүртгүүлсэн болно. Гэтэл зээлдэгч З.Б, О.А нар нь Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтойгоор зөрчиж, үндсэн зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөлгүй зөрчил үүсгэсээр байна. Тус банк нь зээлдэгч З.Б, О.А нарыг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, зээл, зээлийн хүүг тогтоосон хугацаандаа төлөхийг шаардаж, мэдэгдлийг хүргүүлэн нэмэлт хугацааг олгож байсан боловч тодорхой үр дүн гарсангүй. Дээрх нөхцөл байдлууд нь нэхэмжлэлд хавсаргасан баримтаар нотлогдож байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй" гэсний дагуу Банк зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлуулж, үр дагаврыг арилгуулах эрхтэй юм. 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 3 дугаартай Улсын дээд шүүхийн зөвлөмжөөр гэрээнээс татгалзах, цуцлахтай холбоотой анхаарах асуудлын талаар авч үзсэн байх ба тухайн зөвлөмжийн 2-т “Хэрэв шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө зээлийн гэрээг цуцалсан бол цуцалсан өдрөөр, харин шүүхэд гэрээг цуцлах шаардлагыг гаргасан бол цуцлах хүртэл хугацаанд гэрээний үүргийг хангуулах эсэх асуудал яригдан” гэж заасан байна. К банкны хувьд шүүхэд цуцлах шаардлагыг гаргаж байгаа тул шүүхээс цуцлах хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж тооцож нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх эрхтэй болно. Иймд зээлдэгч З.Б, О.А нартай байгуулсан гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсанд тооцож, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаарх үндсэн зээл 34.438.655 /гучин дөрвөн сая дөрвөн зуун гучин найман мянга зургаан зуун тавин таван/ төгрөг болон хүүгийн төлөгдөөгүй үлдэгдэл болох 11.541.126 /арван нэгэн сая, таван зуун дөчин нэгэн мянга, нэг зуун хорин зургаа/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 218.008 /хоёр зуун арван найман мянга найм/ төгрөг, нийт 46.197.789 /дөчин зургаан сая, нэг зуун ерэн долоон мянга, долоон зуун наян ес/ төгрөгийг З.Б, О.А нараас гаргуулж өгнө үү. Тус банк нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ дагуу шүүхийн шийдвэр эцэслэн гарах өдрийг хүртэл тооцогдох зээлийн хүүг нэмэгдүүлэн нэхэмжлэх болно. Мөн хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг албадан хангуулах тухай шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү...” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “З.Б, О.А нар нь 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр манай банктай зээлийн гэрээ байгуулан 35.000.000 төгрөгийг 60 сарын хугацаатай зээлж, 97 дугаар байрны 1 тоотын үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Зээлийн төлөлт нь 2019 оны 08 дугаар сараас эхлэн доголдож эхэлсэн бөгөөд банкны зүгээс зээлээ төлөхийг шаардаж мэдэгдэл өгсөн, нэмэлт хугацаа тогтоосон боловч төлөхгүй байсан тул 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд хандсан. Шүүхэд өгөхөөс өмнө зээлдэгч болон А.Отэй банкны ажилтнууд уулзаж зээл төлөгдөхгүй байгаа талаар хэлсэн байдаг. Бичгээр бид мэдэгдээгүй. Бичгээр мэдэгдэх гэхэд А.О гэртээ байдаггүй байсан, банк мэдэгдэх үүрэггүй. Эхний шүүгчийн захирамж хүчингүй болсноос хойш банкнаас нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн байгаа. Үндсэн зээлд 34.438.655 төгрөг, зээлийн хүү 11.541.126 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 218.008 төгрөг, нийт 46.197.789 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү...” гэжээ.

 

Гуравдагч этгээд А.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “З.Б нь байрыг чинь барьцаанд тавиад нэг жилийн хугацаатай зээл авъя гэхээр нь би итгээд зөвшөөрсөн. Нэг өдөр намайг Ялгууны дээр дуудаад ирээд гарын үсэг зурчих гэсэн. Тэгээд нотариат очиж гарын үсэг зурсан, гэхдээ 3 жил гэдгийг нь анзаараагүй, энэ нь миний буруу гэдгийг би ойлгож байна. Гэтэл 2020 оны 06 дугаар сард намайг шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр дуудсан, яваад очиход байрыг чинь хураана гэсэн. Үүнээс өмнө би байр хураагдах дээрээ тулсан гэдгийн мэдээгүй явсан. Нэг удаа банкны эдийн засагч О.А уулзаад нөгөө З.Б чинь зээлээ төлөхгүй байна, танай байрыг барьцаалсан байгаа гэхээр нь манайхаас өөр байр барьцаалаагүй байна уу гэхэд үгүй гэсэн. Өөрөөр банкнаас хүн ирж надтай уулзаагүй. Би энэ байрыг насаараа төмөр замд ажиллаж байж авсан, насны эцэст надад өөр амьдрах орон гэр байхгүй. З.Б их хүн чанаргүй байна, надтай огт ярихгүй, уулзахгүй байгаа, ажил хөдөлмөр эрхлээд зээлээсээ төлж болно шүү дээ. Миний байраар зээлийг төлүүлэхийг зөвшөөрөхгүй байна...” гэжээ.

 

            Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1,-т зааснаар хариуцагч З.Б, О.А нараас үндсэн зээлд 34.438.655 төгрөг, зээлийн хүү 11.541.126 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 218.008 төгрөг, нийт 46.197.789 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Капитрон банк ХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 519.380 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 388.938 төгрөгийг, мөн илүү төлсөн 130.422 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгохыг дурдаж, 

 

 

            Хариуцагч З.Б, О.А нар нь шүүхийн шийдвэрийг  сайн дураар эс биелүүлбэл шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдэж,

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч О.Алтанцэцэг давж заалдсан гомдолдоо: “...Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 137/ШШ2021/00036 дугаартай анхан шатны шүүхийн шийдвэрээр “Капитрон Банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч З.Б, О.А нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 34 480 665 төгрөг, зээлийн хүү 11 541 126 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 218 008 төгрөг нийт 46 197 789 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Тус шүүхийн шийдвэрийг хариуцагч нарын эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн, хариуцагч нарыг өмгөөлөгч авах эрхээр хангаагүй, хариуцагч нарыг анхан шатны шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд нийцээгүй гэж үзэж, мөн нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа дүнгээс нэмэгдүүлсэн хүү 218 008 төгрөгийг эс зөвшөөрч хариуцагчийн зүгээс давж заалдах гомдол гаргаж байна. Хариуцагч О.А миний бие тус өдрийн шүүх хуралдаанд бага насны хүүхэдтэйгээ хоёулаа байгаа учраас оролцох боломжгүй, нөхөр З.Б нь Улаанбаатар хотод байгаа, улс орон даяар онц байдал зарлаж, хөдөө орон нутаг руу орох гарах хөдөлгөөнийг хаасан байх тул шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж өгөх хүсэлтийг гаргасан. Хүсэлтээ 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанаас өмнө хэрэг маргааныг шийдвэрлэх шүүгчийн туслахын ширээн дээр тавиад явсан байдаг. Хоёр настай хүүхдээ гадаа танилдаа үлдээсэн байсан учраас туслахыг ширээн дээрээ ирэхийг хүлээж чадаагүй. Гэвч анхан шатны шүүх хариуцагч нарын шүүх хуралдаанд оролцох боломжийг хангаж өгөөгүй, хүсэлтийг хүлээн авахгүй хуралдаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна. Мөн хариуцагчийн зүгээс үндсэн зээл 34 480 665 төгрөг, зээлийн хүү 11 541 126 төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрч байгаа, цар тахал гарсантай холбогдуулж банк болон банк бус санхүүгийн байгууллагуудыг иргэдээс алданги болон нэмэгдүүлсэн хүү харилцагч нараас нэхэмжлэхгүй байх талаар дурдсан 2020 оны 11 сарын 18-ны өдрийн Засгийн газрын 183 тогтоолын дагуу нэмэгдүүлсэн хүү 218 008 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 137/ШШ2021/00036 дугаартай анхан шатны шүүхийн шийдвэрээс 218 008 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ. 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О давж заалдсан гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гуравдагч этгээд болох А.О нь 2019 оны 05 сарын 01-ний өдөр хариуцагч З.Б-д итгэмжлэл олгосон байх бөгөөд тухайн итгэмжлэлдээ миний нэрийн өмнөөс, миний өмчлөлийн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт 97-р байрны 1 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг Капитрон банкнаас авах зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч байгаа тул холбогдох гэрээг хийх, барьцааны гэрээ барьцаалахаас чөлөөлж гарын үсэг зурах, мөн үүргийн гүйцэтгэлийг хангуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх, батлуулах, лавлагаа олгох бүрэн эрхийг олгосон байх бөгөөд тус итгэмжлэл нь олгосон өдрөөс эхлээд 3 жилийн хүчинтэй байх талаар заасан. Мөн холбогдох хуулийн дагуу нотариатаар батлуулсан хүчин төгөлдөр нэхэмжлэл байна. Тус итгэмжлэлийн дагуу хариуцагч З.Б нь барьцааны гэрээнд гарын үсэг зурсан байх бөгөөд шүүх барьцааны гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн байна. Энд банкны зүгээс дээр итгэмжлэлийн дагуу А.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болсон З.Б-д удаа дараа буюу 2019 оны 08 сарын 26-нд, 2020 оны 01 дүгээр сарын 28-нд, 2020 оны 03 дугаар сарын 23-ний өдрүүдэд зээл төлөхийг шаардаж мэдэгдэл хүргүүлж байсан талаар хэрэгт авагдсан байдаг. Өөрөөр хэлбэл банканд итгэмжлэлийн дагуу тус зээлийн үйл ажиллагаанд А.О-ийг төлөөлж буй этгээдэд удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн. Ийм учир шүүхийн шийдвэр гуравдагч этгээд А.О-т мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь хууль эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. шүүхийн шийдвэр нь үндэслэлтэй гэвэл шүүхийн шийдвэр гаргахдаа Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 42 дугаар зүйлийг үндэслэл болгосон хуулийн заалтыг харах юм бол шүүхийн бус журмаар үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах журам, урьдчилсан нөхцөлийг тодорхойлох зорилготой бөгөөд дараах урьдчилсан нөхцөл дарааллыг хангасан байхыг шаардсан байдаг. Үүнд: Барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаа  бичгээр мэдэгдэнэ. Энэ мэдэгдсэн хугацаанд хариу өгөөгүй бол улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж шүүхийн бус журмаар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэл нөхцөлийг хангана. Заасан хугацаанд барьцаалуулагч хариу өгөөгүй бол барьцааны зүйлийг худалдах ажиллагаа хийгдэнэ гэж заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч тал буюу барьцаалагч этгээдэд шүүхийн бус журмаар барьцааны эд зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэл зориг анхнаасаа байгаагүй. Шүүхийн бус журмаар барьцаа хөрөнгийг худалдан борлуулах нь онолын хувьд хурдан шуурхай мэт боловч практик амьдрал дээр маргаан үүсэх, ажиллагаа удаашрах эсхүл ажиллагаатай холбоотой гомдлыг шүүхийн шийдвэр зэрэг нөхцөл байдалтай холбоотойгоор хугацаа алдах өндөр эрсдэлтэй байдаг учир арилжааны банк нь шүүхийн бус журмаар барьцааны зүйлийг худалдан борлуулахаас татгалзаад шууд шүүхэд хандаж шийдвэрлүүлэх гэсээр өнөөдрийг хүрсэн. шүүхээс нэхэмжлэгч, хариуцагч, барьцаалуулагч аль аль талд анхнаасаа байгаагүй нөхцөлөөр буюу барьцааны зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулалттай холбоотой хуулиар тусгайлан тавигдсан шаардлагыг үндэслэн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна. Ийм учир анхан шатны шүүхийн шийдвэр хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол нь хууль эрх зүйн үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү...” гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ...Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээгээр нэмэгдүүлсэн хүүгийн талаар харилцан тохиролцсон байдаг. Хариуцагчийн гомдол дээр дурдсан 183 дугаар тоот тогтоол нь “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжиж ажиллах зарим арга хэмжээний тухай” гэсэн тогтоолын 8 дугаар зүйлд заасан Банк бус санхүүгийн байгууллага хадгаламж зээлийн хоршооноос иргэн, аж ахуй нэгжид олгосон зээлийн үндсэн болон хүүг төлөх хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль алданги  тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлэхийг Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо нь тус тус зүйлчилсүгэй гэж заасан байдаг. Тус зохицуулалт нь шинэ төрлийн коронавируст цар тахал гарсантай холбогдуулан Засгийн газраас эдийн засгийг дэмжих талаар авч хэрэгжүүлдэг зарим арга хэмжээний нэг байгаа. Үүний дагуу манай банкны хувьд Монгол банкнаас авсан зөвлөмжийн дагуу цар тахлын улмаас орлого олох боломжгүй болсон, орлого нь тасалдсан харилцагч нараас нэмэгдүүлсэн хүүг зогсоох талаар хүсэлтийг албан бичгээр авч, тус хүсэлт авсан өдрөөс эхлэн нэмэгдүүлсэн хүүг зогсоох хүртэл арга хэмжээг авч ажиллаж байна. Гэвч энэ хэргийн хариуцагч З.Б, О.А нарын хувьд цар тахлаас шалтгаалсан асуудлаас болж зээл төлөлт нь зогсох нь учир дутагдалтай. Учир нь аль хэдийнээс эхлэн зогссон байдаг. Мөн алданги, нэмэгдүүлсэн хүүг зогсоох талаар албан бичиг, хүсэлт өгөөгүй байдаг. Үүнээс үзэхэд банкны нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх эрхээс татгалзах үндэслэл байхгүй гэж үзэж байна. Дээрх засгийн газрын 183 дугаар тоот тогтоол нь банканд өгсөн зөвлөмж буюу банк нь үүнийг заавал биелүүлэхгүй гэдгийг дурдах нь зөв гэж үзэж байна. Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн зүгээс шүүхээс нэмэгдүүлсэн хүүг нэмж тооцож нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх тал дээр хариуцагч нь холбогдох хуульд заасан үүргийн дагуу нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй гэж үзэж байна. Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-ын эрх нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэдэг байр суурьтай байна... ” гэв.

 

Гуравдагч этгээд А.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Банк заавал миний байрыг авна гэж байхаар хэргийн эзэн З.Б-тай тулж харьцаж болдоггүй юм уу. Шүүх хуралдаан 5, 6 удаа болж байхад З.Б нэг ч удаа ирсэнгүй. Энэ хэргийн төлөө санаа зовохгүй байна. Нотариатын бичигт гарын үсэг зурсан нь хуулийн мэдлэгтэй ч хүн байна, мэдлэггүй ч хүн байна. Би 60 нас гарсан хүн, хэргийн хор холбогдлыг үнэхээр мэдэлгүй гарын үсэг зурсан. Одоо ингээд орон байрнаасаа салахад хүрээд байна. Гэтэл З.Б-аас биш надаас үүрэг хариуцлага нэхэж байна. Үнэхээр миний буруу байлаа ч гэсэн нэхэмжлэгч талд гомдолтой байна. Надад ийм их хэмжээний зээл авна ч гэж хэлээгүй. Та ордероо өгөөч, би нэг юманд хэрэглэчихээд өгье гэсэн. Би гайгүй юм бол за гээд 1 жилийн хугацаанаас илүү өгөхгүй шүү гэж байсан. Тухайн нотариатынх нь хугацаа 3 жил болж таараад, гарын үсэг зурснаар би хэрэгтэн болоод байна...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны 137/ШШ2021/00036 дугаар шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцээд шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

Учир нь: Хариуцагч О.А, нэхэмжлэгч К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нараас гаргасан давж заалдах гомдлуудад бичигдсэн үндэслэлүүдэд хязгаарлагдалгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцвэл анхан шатны шүүх хариуцагч нарыг шүүх хуралдаад оролцуулах эрхийг хангаагүй, шийдвэр гаргахдаа Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна гэж үзлээ.

 

Анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас хянан хэлэлцвэл нэхэмжлэгч К ХХК нь 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 3016-2019/19/28 тоот зээлийн гэрээ, 3016-2019/19-28-01 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний дагуу үндсэн зээлд 34.438.655 төгрөг, зээлийн хүүд 11.541.126 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 218.008 төгрөг, нийт 46.197.789 төгрөгийг хариуцагч З.Б, О.А нараас гаргуулах, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг албадан хангуулахаар шүүхэд нэхэмжилсэн,

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын талаар шүүхэд хариу тайлбар гаргаагүй, нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн А.Оийг шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан ба анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох үндсэн зээлд 34.438.655 төгрөг, зээлийн хүүд 11.541.126 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 218.008 төгрөг, нийт 46.197.789 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж К ХХК-д олгохоор, харин шүүхийн шийдвэр сайн дураар биелэгдээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч О.А нь 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 12 цагийн орчимд шүүх хуралдааныг хойшлуулж өгөхийг хүссэн хүсэлтийг бичгээр гаргаж шүүхийн байранд хүргэж өгсөн нь цагдаа Б.Бээс гаргасан тайлбараар тогтоогдож байгаа ба шүүх хуралдаанд хариуцагч нар ямар шалтгаанаар ирээгүй болох талаар шалгаж тодруулалгүйгээр шүүх хуралдааныг явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 99 дүгээр зүйлд заасанд нийцсэнгүй.

 

Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчид барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангах талаар мэдэгдсэний дараа барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргах байтал энэ тухай иргэн А.О-т мэдэгдэлгүйгээр шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэсэн үндэслэлээр уг хуулийг буруу тайлбарлаж үүргийн гүйцэтгэлийг зээлийн барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

 

Учир нь хэрэгт цугларсан нотлох баримт болон зохигчдын тайлбараас үзэхэд өмчлөгчид барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангах талаар мэдэгдээгүй, энэ талаарх өмчлөгчийн эрхийг хангаагүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүйн гадна бичгээр мэдэгдээгүй нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй юм.

 

Түүнчлэн анхан шатны шүүх зээлдэгч З.Б, О.А, зээлдүүлэгч К ХХК нарын хооронд байгуулсан 3016-2019/19-28-1 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасан “Хүчин төгөлдөр бус байх хэлцэл”-д тооцох нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөс олгосон итгэмжлэл хүчин төгөлдөр байгааг болон энэ талаар талууд маргаагүй байгааг анхаараагүй байна.

 

Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох эдгээр үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т зааснаар шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн хуулийн 168.1.3-т зааснаар хэргийн болон шүүх хуралдааны оролцогчийн эрх зөрчигдсөн гэж заасантай нийцсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иймд хариуцагч О.А-ийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй гэсэн, нэхэмжлэгч К ХХК-ийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдлууд нь тус тус үндэслэлтэй тул хангаж, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 137/ШШ2021/00036 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг тус шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Харин анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор буцааж, хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул хариуцагч О.А-ийн нэмэгдүүлсэн хүүгийн талаарх давж заалдсан гомдлыг хангах үндэслэлгүй болно.

 

            Хариуцагч О.А-ийн гомдлын зарим хэсгийг болон нэхэмжлэгч К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-ын давж заалдсан гомдлыг хангасан тул давж заалдах гомдол гаргахад хариуцагч О.А-ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7200 төгрөг, нэхэмжлэгч К ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т нийцнэ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                       

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны 137/ШШ2021/00036 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг тус шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж, хариуцагч О.А-ийн давж заалдсан гомдлын зарим хэсгийг, нэхэмжлэгч К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-ын давж заалдсан гомдлыг тус тус хангасугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч О.А-ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7200 төгрөг, нэхэмжлэгч К ХХК-аас  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны  шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж тус тус үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

  

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Н.БАТЧИМЭГ

 

                                   ШҮҮГЧИД                                     Н.БОЛОРМАА

 

                                                                                        А.САЙНТӨГС