Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 137/ШШ2021/00036

 

 

 

2021 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 137/ШШ2021/00036

Замын-Үүд сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Цэрэнханд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Капитрон банк ХХК-ний нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4 дүгээр баг, Сүлд төмөр замчдын өргөн чөлөө гудамж 135 дугаар байрны 45 тоотод оршин суух *******, Их мянган овогт Отгонбаатарын Алтанцэцэг  /РД: 87061308/

 

Гуравдагч этгээд: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээрт баг, 97 дугаар байрны 01 тоотод оршин суух Адьяагийн Оюунцэцэг нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 34,48,655 төгрөг, зээлийн хүү 11,541,126 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 218,008 төгрөг, нийт 46,197,789 төгрөг төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр  хангуулах тухай иргэний  хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга М.Рэнчинмядаг, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Отгонбаатар, гуравдагч этгээд А.Оюунцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ З.Баттулга, О.Алтанцэцэг нар нь тус банктай 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр №3016-2019/19-28 тоот “Зээлийн гэрээ”, №3016-2019/19-28-1 тоот “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ” тус тус байгуулан 35,000,000 төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, зээлийн хүү /жилийн/ 22,8 хувийн хүүтэйгээр авсан билээ. Зээлийг бараа материал татан авах зориулалтаар авсан бөгөөд зээлийн барьцаанд:

- Иргэн А.Оюунцэцэгийн өмчлөлийн Ү-0714001115 тоот улсын бүртгэлийн дугаартай, Дорноговь аймаг, Замын Үүд сумын 1-р баг, 97-1 тоот хаягт орших 38 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд тавьсан бөгөөд зохих журмын дагуу нотариатаар баталгаажуулж, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн албанд бүртгүүлсэн болно. Гэтэл зээлдэгч З.Баттулга, О.Алтанцэцэг нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтойгоор зөрчиж, үндсэн зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөлгүй зөрчил үүсгэсээр байна. Тус банк нь зээлдэгч З.Баттулга, О.Алтанцэцэг нарыг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, зээл, зээлийн хүүг тогтоосон хугацаандаа төлөхийг шаардаж, мэдэгдлийг хүргүүлэн нэмэлт хугацааг олгож байсан боловч тодорхой үр дүн гарсангүй. Дээрхи нөхцөл байдлууд нь нэхэмжлэлд хавсаргасан баримтаар нотлогдож байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэсний дагуу банк зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлуулж, үр дагаварыг арилгуулах эрхтэй юм. Капитрон банкны хувьд шүүхэд цуцлах шаардлагыг гаргаж байгаа тул шүүхээс цуцлах хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж тооцож нэмэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх эрхтэй болно. Иймд зээлдэгч З.Баттулга, О.Алтанцэцэг нартай байгуулсан гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсанд тооцож, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаарх үндсэн зээл болон хүүний төлөгдөөгүй үлдэгдэл болох дор дурьдсан төлбөрийг З.Баттулга, О.Алтанцэцэг нараас гаргуулж өгнө үү. Үүнд: үндсэн зээл 34,438,655 төгрөг, зээлийн хүү 7,109,579 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 77,630 төгрөг, нийт 41,625,864 төгрөг болно. Тус банк нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ дагуу шүүхийн шийдвэр эцэслэн гарах өдрийг хүртэл тооцогдох зээлийн хүүг нэмэгдүүлэн нэхэмжлэх болно. Мөн хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг албадан хангуулах тухай шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Отгонбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баттулга, Алтанцэцэг нар нь 2019 оны 05 сарын 01-ний өдөр манай банктай зээлийн гэрээ байгуулан 35,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай зээлж, 97 дугаар байрны 1 тоотын үл хөдлөх хөрөнгийг  барьцаалсан. Зээлийн төлөлт нь 2019 оны 08 сараас эхлэн доголдож эхэлсэн бөгөөд банкны зүгээс зээлээ төлөхийг шаардаж мэдэгдэл өгсөн, нэмэлт хугацаа тогтоосон боловч төлөхгүй байсан тул 2020 оны 05 сарын 23-нд шүүхэд хандсан. Шүүхэд өгөхөөс өмнө зээлдэгч болон Оюунцэцэгтэй банкны ажилтнууд уулзаж зээл төлөгдөхгүй байгаа талаар хэлсэн байдаг. Бичгээр бид мэдэгдээгүй. Бичгээр мэдэгдэх гэхэд Оюунцэцэг гэртээ байдаггүй байсан, банк мэдэгдэх үүрэггүй. Эхний шүүгчийн захирамж хүчингүй болсноос хойш банкнаас нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн байгаа. Үндсэн зээлд 34,438,655 төгрөг, зээлийн хүү 11,541,126 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 218,008 төгрөг, нийт 46,197,789 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.

Хариуцагч З.Баттулга, О.Алтанцэцэг нар 2020 оны 06 сарын 09-нд өдөр гаргасан хариу тайлбартаа: Капитрон банкны нэхэмжилсэн  үндсэн зээл 34,438,655 төгрөг, зээлийн хүү 7,109,579, нэмэгдүүлсэн 77,630 төгрөг, нийт 41,625,864 төгрөг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 6 сарын хугацаанд  төлж барагдуулах хүсэлтэй байна. Хэрвээ төлж барагдуулаагүй тохиолдолд  барьцаа хөрөнгөөр хангуулахыг зөвшөөрч байна гэжээ.

Гуравдагч этгээд А.Оюунцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баттулга нь байрыг чинь барьцаанд тавиад нэг жилийн хугацаатай зээл авья гэхээр нь би итгээд зөвшөөрсөн. Нэг өдөр намайг Ялгууны дээр дуудаад ирээд гарын үзсэг зурчих гэсэн. Тэгээд нотариат очиж гарын үсэг зурсан, гэхдээ 3 жил гэдгийг нь анзаараагүй, энэ нь миний буруу гэдгийг би ойлгож байна. Гэтэл 2020 оны 06 сард намайг шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр дуудсан, яваад очиход байрыг чинь хураана гэсэн. Үүнээс өмнө би байр хураагдах дээрээ тулсан гэдгийг мэдээгүй явсан. Нэг удаа банкны эдийн засагч Алтанцэцэг уулзаад нөгөө Баттулга чинь  зээлээ төлөхгүй байна, танай байрыг барьцаалсан байгаа гэхээр нь манайхаас өөр байр барьцаалаагүй байна уу гэж асуухад үгүй гэсэн. Өөрөөр банкнаас хүн ирж надтай уулзаагүй. Би энэ байрыг насаараа төмөр замд ажиллаж байж авсан, насны эцэст одоо надад амьдрах өөр орон гэр байхгүй. Баттулга их хүн чанаргүй байна, надтай огт ярихгүй, уулзахгүй байгаа, ажил хөдөлмөр эрхлээд зээлээсээ төлж болно шүү дээ. Миний байраар зээлийг төлүүлэхийг зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Капитрон банк ХХК нь хариуцагч З.Баттулга, О.Алтанцэцэг нарт холбогдуулан шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа үндсэн зээл 34,438,655 төгрөг, зээлийн хүү 7,109,579 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 77,630 төгрөг, нийт 41,625,864 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг 4,571,925 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 46,197,789 төгрөгийг нэхэмжилсэн болно.

           

            Гуравдагч этгээд А.Оюунцэцэг нь зээл төлөгдөхгүй, барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах гэж байгаа талаар мэдээгүй гэж маргаж байгаа болно.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд хариуцагч З.Баттулга, О.Алтанцэцэг нар нь нэхэмжлэгч Капитрон банк ХХК-тай 2019 оны 05 сарын 01-ний өдөр зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай гэрээ байгуулж, 35,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 22,8 хувийн хүүтэй зээлж авсан, иргэн А.Оюунцэцэгийн өмчлөлийн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 97 дугаар байрны 1 тоотын 38 мкв талбай бүхий орон сууцыг барьцаалсан, зээлийг хэрхэн төлөх хуваарийг гаргаж талуудад танилцуулсан, үүрэг гүйцэтгэхгүй хугацаа хэтрэх тохиолдлын хариуцлагыг тохирсон зэрэг үйл баримт нь зээлийн гэрээний хуулбар, талуудын тайлбар, зээл буцаан төлөх хуваарь зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Дээрхээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч тал нь гэрээний нөгөө талаас зээлийн үүргийг шаардах эрхтэй байна.

Хариуцагч нар нь энэхүү гэрээний үүргийг 2019 оны 08 сараас эхлэн зөрчсөн байх бөгөөд нэхэмжлэгч тал нь 2019 оны 08 сарын 26, 2020 оны 01 сарын 28, 2020 оны 03 сарын 23-ны өдрүүдэд зээлийг төлөхийг шаардаж мэдэгдэл хүргүүлсэн боловч зээлдэгч нь үүргээ биелүүлээгүй байна. Нэхэмжлэгч талын мэдэгдэл хүргүүлж, зээлийн эргэн төлөлтийг шаардаж байгаа нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т зааснаар  үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон  гэж үзэх тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй байна.

 

Шүүх хариуцагч нарт 2020 оны 06 сарын 09-ний өдөр анхны нэхэмжлэлийг гардуулж, тэдгээр нь мөн өдөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн талаарх тайлбараа ирүүлсэн, нэмэгдүүлсэн шаардлагыг 2020 оны 12 сарын 31-ний өдөр гардуулж, 14 хоногийн дотор буюу 2021 оны 01 сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл,  түүнийг нотлох баримтаар шүүхэд ирүүлэх үүрэгтэй, хэрэв хариу тайлбар ирүүлээгүй бол  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, хэргийг шийдвэрлэх үр дагаврыг тайлбарлан өгсөн боловч хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй болно.

 

Хэдийгээр хариуцагч нар нь нэмэгдүүлсэн шаардлагад хариу тайлбар ирүүлээгүй  боловч  нэгэнт зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 6.2.3-т “ зээлийг эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу  төлж барагдуулах “ хэрэв төлөөгүй тохиолдолд 4.10-д заасны үндсэн өрийн үлдэгдэлээс үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээгээр  нэмэгдүүлсэн хүү  хүү тооцохоор тохирсон байгаагаас үзэхэд тэдгээр нь нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах үндэслэлтэй байна.

 

            Түүнчлэн хариуцагч З.Баттулга, О.Алтанцэцэг нар нь 2020 оны 06 сарын 09-ний өдөр шүүхэд өгсөн тайлбартаа үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангахыг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн боловч уг барьцааны хөрөнгө нь гуравдагч этгээд А.Оюунцэцэгийн өмчлөлийнх болох нь хэргийн 24 дүгээр хуудсанд авагдсан 000533897 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр  тогтоогдож байна.

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн А.Оюунцэцэгийн эрх, хууль ёсны эрх ашиг зөрчигдөж болзошгүй үндэслэлээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан бөгөөд тэрээр  барьцаа хөрөнгөөр зээлдэгч нарын авсан зээлийн үүргийг хангах гэж байгаа талаар мэдээгүй гэж маргадаг, харин нэхэмжлэгч тал нь мэдэгдэх гээд очиход гэртээ байхгүй байсан, банк мэдэгдэх үүрэггүй гэж маргаж байгаа болно.

 

Үл хөдлөх  эд хөрөнгийн  барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар  үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байх бөгөөд барьцаалагч энэхүү эрхээ хэрэгжүүлэхдээ энэ хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг шаардах тухайгаа  бичгээр мэдэгдэх үүрэгтэй,  42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар  барьцаалагч болон үүрэг гүйцэтгэгч нь мэдэгдэлд заасан хугацаанд хариу өгөөгүй бол барьцаалагч энэ тухай улсын  бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, барьцаалуулагч болон тухайн барьцааны зүйлтэй холбоотой эрхээ бүртгүүлсэн гуравдагч этгээдэд үүргийн гүйцэтгэлийг  барьцааны зүйлээс хангуулах тухайгаа бичгээр мэдэгдэх үүрэгтэй байна.

 

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгч нь эхлээд хуульд заасан үүргээ биелүүлсэний дараа буюу гуравдагч этгээдэд үүргийг барьцаа хөрөнгөөр хангах талаар бичгээр мэдэгдсэний дараа барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах шаардлага гаргах байсан байна. Гэтэл нэхэмжлэгчийн төлөөлөгч болон гуравдагч этгээд А.Оюунцэцэгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангах талаар мэдэгдээгүй байна.

 

            Иймд дээрх үндэслэлээр хариуцагч З.Баттулга, О.Алтанцэцэг нараас үндсэн зээлд 34,438,655 төгрөг, зээлийн хүү 11,541,126 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 218,008 төгрөг, нийт 46,197,789 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Капитрон банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Хариуцагч нарт шүүх хуралдаан товлох гэж байгаа талаар урьдчилан сануулж,  түүнчлэн хуралдааны товыг 2020 оны 01 сарын 29-ний өдөр мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйнгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагч нарыг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

            Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-120 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т зааснаар хариуцагч З.Баттулга, О.Алтанцэцэг нараас үндсэн зээлд 34,438,655 төгрөг, зээлийн хүү 11,541,126 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 218,008 төгрөг, нийт 46,197,789 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Капитрон банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд нийт төлсөн 519,380 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагчаас 388,938 төгрөгийг, мөн илүү төлсөн 130,442 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид тус, тус олгосугай.

 

            3.Хариуцагч З.Баттулга, О.Алтанцэцэг нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

            4. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, гуравдагч этгээд нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             А.ЦЭРЭНХАНД