Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 75

 

Я.Б-ын нэхэмжлэлтэй,

Татварын ерөнхий газар, Сүхбаатар

дүүргийн татварын хэлтэст холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                       Танхимын тэргүүн М.Батсуурь,

            Шүүгчид:                          Г.Банзрагч,

                                                      Б.Мөнхтуяа,

                                                      Ч.Тунгалаг,

            Илтгэгч шүүгч:                 П.Соёл-Эрдэнэ,

            Нарийн бичгийн дарга:   Э.Номин-Эрдэнэ,

Нэхэмжлэлийн шаардлага: 2016 оны Хувь хүний орлогын албан татварын тайлангийн дараа оны татвар ногдох орлогоос чөлөөлөгдөх орлогын дүн 56,417,869 төгрөгийг, 2017 оны Хувь хүний орлогын албан татварын тайлангийн өмнөх тайлангаас үлдсэн татвар ногдох орлогоос чөлөөлөгдөх орлогын дүнд хасагдахгүйгээр 56,417,869 төгрөгөөр тайланд залруулга хийж, тайланг дахин хүлээж авахыг даалгах,

2017 оны Хувь хүний орлогын албан татварын тайланг хүлээж авахдаа өмнөх тайлангаас үлдсэн татвар ногдох орлогоос чөлөөлөгдөх орлогын дүнг 30,000,000 төгрөг болгон 26,417,869 төгрөгийг хассан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох,

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6-д заасан хөнгөлөлтийг хуулийн дагуу эдлүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0601 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2018/0618 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч Я.Б, хариуцагч Татварын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О, хариуцагч Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, Б.Д нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0601 дүгээр шийдвэрээр: Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Я.Б-ын Татвар төлөгч Я. Б-ын 2016 оны Хувь хүний орлогын албан татварын тайлан /ТТ0-06/А/ дахь дараа оны татвар ногдох орлогоос чөлөөлөгдөх орлогын дүн 56.417.869 /тавин зургаан сая дөрвөн зуун арван долоон мянга найман зуун жаран ес/ төгрөгийг, 2017 оны Хувь хүний орлогын албан татварын тайлан /ТТ0-06/А/-ийн өмнөх тайлангаас үлдсэн татвар ногдох орлогоос чөлөөлөгдөх орлогын дүн-д хасагдахгүйгээр 56.417.869 /тавин зургаан сая дөрвөн зуун арван долоон мянга найман зуун жаран есөн/ төгрөгөөр тайланд залруулга хийж, тайланг дахин хүлээж авахыг даалгах, Татвар төлөгч Я. Б-ын 2017 оны Хувь хүний орлогын албан татварын тайлан /ТТ0-06/А/ хүлээж авахдаа өмнөх тайлангаас үлдсэн татвар ногдох орлогоос чөлөөлөгдөх орлогын дүн-г 30.000.000 /гучин сая/ төгрөг болгон 26.417.869 /хорин зургаан сая дөрвөн зуун арван долоо найман зуун жаран ес/ төгрөгийг хассан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6-д заасан хөнгөлөлтийг хуулийн дагуу эдлүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж, хариуцагч Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс, Татварын ерөнхий газарт татвар төлөгч Я. Б-ын 2016 оны Хувь хүний орлогын албан татварын тайлан /ТТ0-06/А/ дахь дараа оны татвар ногдох орлогоос чөлөөлөгдөх орлогын дүн 56.417.869 /тавин зургаан сая дөрвөн зуун арван долоон мянга найман зуун жаран ес/ төгрөгийг, 2017 оны Хувь хүний орлогын албан татварын тайлан /ТТ0-06/А/-ийн өмнөх тайлангаас үлдсэн татвар ногдох орлогоос чөлөөлөгдөх орлогын дүн-д хасагдахгүйгээр 56.417.869 /тавин зургаан сая дөрвөн зуун арван долоон мянга найман зуун жаран есөн/ төгрөгөөр тайланд залруулга хийж, тайланг дахин хүлээж авахыг даалгаж шийдвэрлэжээ.

2.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2018/0618 дугаар магадлалаар: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0601 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Б-н Татварын ерөнхий газар, Сүхбаатар дүүргийн татварын газарт холбогдуулж гаргасан “Татвар төлөгч Я. Б-ын 2016 оны Хувь хүний орлогын албан татварын тайлан /ТТ0-06/А/ дахь дараа оны татвар ногдох орлогоос чөлөөлөгдөх орлогын дүн 56.417.869 /тавин зургаан сая дөрвөн зуун арван долоон мянга найман зуун жаран ес/ төгрөгийг, 2017 оны Хувь хүний орлогын албан татварын тайлан /ТТ0-06/А/-ийн өмнөх тайлангаас үлдсэн татвар ногдох орлогоос чөлөөлөгдөх орлогын дүн-д хасагдахгүйгээр 56.417.869 /тавин зургаан сая дөрвөн зуун арван долоон мянга найман зуун жаран есөн/ төгрөгөөр тайланд залруулга хийж, тайланг дахин хүлээж авахыг даалгах, татвар төлөгч Я.Б-ын 2017 оны Хувь хүний орлогын албан татварын тайлан /ТТ0-06/А/ хүлээж авахдаа өмнөх тайлангаас үлдсэн татвар ногдох орлогоос чөлөөлөгдөх орлогын дүн-г 30.000.000 /гучин сая/ төгрөг болгон 26.417.869 /хорин зургаан сая дөрвөн зуун арван долоо найман зуун жаран ес/ төгрөгийг хассан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6-д заасан хөнгөлөлтийг хуулийн дагуу эдлүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс, Татварын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О, Б.Д, А.О нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

Хяналтын гомдлын үндэслэл:

3.Нэхэмжлэгч Я.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар чөлөөлөлт, хөнгөлөлт гэх 2 ойлголтыг нэр томъёоны хувьд тайлбарлаагүй хэдий ч, эдгээр ухагдахууны хууль зүйн үр дагавар, мөн хэдийд яаж эдлэх талаар болон хэрхэн тооцоолох талаар миний бие маргаагүй. Уг хуулийн агуулга, үзэл баримтлалыг харахад орон сууцны чөлөөлөлт болон сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх дээд хязгаар 3.000.000 төгрөг байхаар хуульчилсан байдаг. Энэ нь орон сууцны хувьд хэдийд ч худалдаж авсан эсвэл барьснаас үл шалтгаалан төлсөн татвараас 3.000.000 төгрөгийн чөлөөлөлт эдлэх, харин сургалтын төлбөрийн тухайд суралцаж байх хугацаанд нь төлсөн татвараас 3.000.000 төгрөгийн хөнгөлөлт эдлэх зохицуулалттай.

4. Миний бие өөрийн төрсөн охины гадаад сургалтын төлбөрт 2013-2017 онд нийт 66253.004 төгрөгийг төлсөн бөгөөд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар 3.000.000 төгрөгийн хөнгөлөлт эдлэх эрхтэй. Миний бие авсан цалиндаа ногдох татварыг төлж, тэр хэрээр чөлөөлөлт, хөнгөлөлт эргүүлэн эдэлсэн бөгөөд гадаад сургалт өөрөө өндөр дүнтэй, гэтэл татвар төлөгч миний авсан цалин, төлсөн татвар бага дүнтэй байгаагаас, улмаар татварын тайлан дахь эцсийн үлдэгдэл хуримтлагдаж, түүнийг хариуцагчийн зүгээс хуулиар олгогдоогүй эрх эдэлж тэглэсэн.

5. Магадлалд “...дараа дараагийн жилд хөнгөлөлтөнд хамрагдаагүй төлбөрийн үлдэгдэл нь хуримтлагдаж, энэ нь нэхэмжлэлд дурдсан хувь хүний орлогын албан татварын тайланд өссөн дүнгээр буюу 26.417.869 төгрөгөөр тусгагдсан байсныг охин нь сургуулиа төгссөнтэй холбогдуулан хариуцагчийн зүгээс тэглэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд нийцсэн шийдвэр гэж үзлээ” гэсэн нь Хувь хүний орлогын албан татварын тайлан дахь эцсийн үлдэгдлийг тэглэх талаарх зохицуулалт Татварын ерөнхий хууль болон Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд байхгүй болно. Өөрөөр хэлбэл, хянаад хүлээгээд авсан татварын тайланг засах, өөрчлөх, тэглэх эрх хуулиар хэнд ч олгогдоогүй. Гэтэл татвар төлөгч миний Хувь хүний орлогын албан татварын 2016 оны тайлан дахь дараа оны татвар ногдох орлогоос чөлөөлөгдөх орлогын дүн буюу эцсийн үлдэгдэл 56.417.869 төгрөг 2018 оны тайланд тусгахдаа зөвхөн орон сууцны чөлөөлөлт болох 30.000.000 төгрөг дангаар үлдэж, сургалтын төлбөрт төлсөн 26.417.869 төгрөгийг тэглээд байгаа нь татвар төлөгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

6. Гадаад сургалтын төлбөр өндөр дүнтэй байдаг бөгөөд үнэхээр л тэглэх эрхтэй байсан бол тухай тухайн жилд нь тэглэхгүйгээр, 2014 оноос хойш эцсийн үлдэгдлийг дараа оны татварын тайланд эхний үлдэгдэл дээр тусгаж, 2017 оны тайлангаас тэглэсэн. Хариуцагчийн зүгээс тайлбарласнаар гадаад сургалтын төлбөрт төлсөн төлбөрийн хэмжээг тухайн жилд нь тэглэх тухай Татварын ерөнхий газраас өгсөн чиглэл нь 2018 оноос хэрэгжиж эхэлсэн бол яагаад энэхүү чиглэлийг мөрдөхдөө батлагдсан огнооноос хойш бус буцаан хэрэглэж байгаа нь тодорхойгүй байна. Маргааны гол цөм болсон уг асуудалд Давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөөгүй атлаа огт маргаагүй зүйлүүдэд дүгнэлт өгөөд байгаа нь хэрэгт ач холбогдолгүй байна.

7. Нөгөөтэйгүүр, хүүхэд нь сургуулиа төгссөн гэх шалтгаанаар эдлэх ёстой хөнгөлөлтийг тэглэх эрх татварын байгууллагад хуулиар олгогдоогүй. Магадлалд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6-д заасан “...суралцаж байгаа бол...” гэсэн шаардлагыг хангахгүй байх нөхцлийг бий болгосон хэмээн дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэжээ. Хуульд “Албан татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр албан татварын хөнгөлөлт үзүүлнэ” гэснийг миний охины сургуулиа төгссөнтэй холбож байгаа нь үндэслэлгүй байна.

8. Учир нь миний хувьд өөрийн төрсөн охины сурч байх хугацаанд төлсөн сургалтын төлбөрийг баримтаар нотолж, бүрдүүлэх баримтуудын хамт татварын байгууллагад тухай тухайн жилд нь бүрдүүлэн өгч, дүн нь тайланд баталгаажиж ирсэн билээ. Миний охин сургуулиа төгссөн ч сургалтын төлбөрт нь төлсөн дүн татварын тайланд минь тусч, өссөн дүнгээр тавигдсан эцсийн үлдэгдлийг дараа оны эхний үлдэгдэл дээр тавихдаа тэглэх эрх хуулиар татварын байгууллагад олгогдоогүй болно.

9. Татварын хөнгөлөлт эдлэх хугацаа нь авч буй цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос хамааран харилцан адилгүй байдаг бөгөөд үүнийг үл харгалзан дур зоргоороо татварын хөнгөлөлтийг тэглэсэн үйлдлийг Давж заалдах шатны шүүх зөвтгөсөн нь хуульд нийцэхгүй.

10. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү.

ХЯНАВАЛ:

11. Давж заалдах шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

12. Нэхэмжлэгч Я.Б нь Татварын ерөнхий газар болон Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан хүүхдийн сургалтын төлбөрийн хөнгөлөлтийг бүрэн эдлүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, татварын тайланд залруулга хийхийг даалгах агуулгаар нэхэмжлэл гаргасан байх бөгөөд “сургалтын төлбөрийн үлдэгдэлд эдлэх хөнгөлөлт урт хугацаагаар үргэлжилнэ, хөнгөлөлтийг тухайн жил жилд нь тэглэж байгаагүй, дараа оны тайланд тусгаж байсан атлаа гэнэт тэглэх эрх захиргааны байгууллагад олгогдоогүй” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

13. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсэгт “албан татварын төлөгчийн төрсөн ... хүүхэд гадаад, дотоодын их ... сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр албан татварын хөнгөлөлт үзүүлнэ” гэж заажээ. Нэхэмжлэгчийн тухайд хуулийн дээрх заалтын дагуу хүүхдийн сургалтын хөнгөлөлт  эдэлж байсан боловч татварын тайлангийн тухайн жилийн хөнгөлөлтөд хамрагдаагүй төлбөрийн үлдэгдэлд хөнгөлөлт эдлэхгүй тухай хариуцагчийн татгалзлыг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

14. Учир нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.5 дахь хэсэгт “...татвар төлөгч нь энэ хуулийн 24.6-д заасан хөнгөлөлт эдлэх бол татварын алба ажил олгогчтой албан татварын жилийн эцсийн тооцоо хийхдээ уг хөнгөлөлтийг албан татварын төлөгчийн татвар ногдох орлогоос хасч тооцох” гэж татвар ногдуулах журмыг зохицуулсан байна. Хуулийн дээрх зохицуулалтын урьдчилсан нөхцөл нь сургалтын хөнгөлөлт татварын төлөгчийн татвар ногдох орлогоос хамаарах, түүнчлэн “татварын жилийн эцэс” гэсэн хугацааны хамааралтай байна. Хэргийн оролцогчдын тухайд сургалтын төлбөрийн хэмжээг тухайн жилийн татвар ногдох орлогоос хасч эдлүүлэх үйл баримттай маргаагүй, харин “сургалтын төлбөрийн үлдэгдэлд татварын дараа онд хөнгөлөлт эдлэх” эсэхтэй холбогдуулан маргаж байна.

15. Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар татварыг зөвхөн хуулиар бий болгох, өөрчлөх, хөнгөлөх үндсэн зарчимтай, тухайн тохиолдолд маргааны үйл баримтыг нарийвчлан зохицуулсан Хувь хүний орлогын албан татварын хуулийн 24 дүгээр зүйл буюу албан татварын хөнгөлөлт үзүүлэх зохицуулалтад сургалтын хөнгөлөлтийг дараа онд шилжүүлэн хөнгөлөх талаар тусгайлан заагаагүй, харин мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.5 дахь хэсэгт зааснаар тухайн жилийн эцэст хөнгөлөлт тооцох замаар зохицуулсан байх тул хариуцагчийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгчийн “хөнгөлөлт урт хугацаагаар үргэлжлэх” тухай гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал зөв болжээ.

16. Нэхэмжлэгчийн “тухайн жилд нь тэглэхгүйгээр эцсийн үлдэгдлийг дараа оны тайланд эхний үлдэгдлээр тусгаж тайланг хүлээн авч байсан” гэх гомдлын хувьд захиргааны байгууллага хэдийгээр нэхэмжлэгчийн тайланд залруулга хийгээгүй хүлээн авсан буруутай боловч энэ нь захиргааны байгууллагын алдаагаа засах эрхийг хязгаарлах үндэслэл болж чадахгүй, дээр дурдсанаар хуулиар татварын хөнгөлөлтийг дараа онд үргэлжлүүлэн эдлүүлэхээр тусгайлан зохицуулаагүй тул хариуцагчийг хууль зөрчсөн гэж дүгнэх боломжгүй байна.

 17. Иймээс магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2018/0618 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                  М.БАТСУУРЬ

        ШҮҮГЧ                                                                                           П.СОЁЛ-ЭРДЭНЭ