Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 427

 

Ж.Ц- т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 177 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 491 дүгээр магадлалтай, Ж.Ц- т холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Ж.Ц- ын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1971 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, С овогт Ж-ын Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д тус тус заасан “Хүнийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алах” гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Ц- ыг хүнийг санаатай алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д зааснаар 18 жилийн хугацаатай хорих ял шийтгэж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Ц- аас 3,000,000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М-д олгохоор,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Ц- ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ж.Ц-  гаргасан гомдолдоо “...Хүний амь эндсэнд харамсаж байна. Тэр өдөр архи уугаагүй байсан бол энэ харамсмаар явдал гарахгүй байх байсан. Миний бие хуулийн мэдлэггүйн улмаас өөрийгөө аврах гэж эцсийн үр дүнг дүгнэх чадваргүй, эмэгтэй хүний амийг хохироосондоо өөрийгөө хамгаалж байсан байна. Харин одоо архидан согтуурч хүний амь нас алдах нөхцлийг бүрдүүлсэндээ маш их харамсаж байна. Архи уусан үедээ өөрийн биеэр эмнэлгийн тусламж дуудаж чадаагүйдээ харамсаж байна. Өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Мөн хохирол болох 3,000,000 төгрөгийг хурдан хугацаанд төлж барагдуулах хүсэлтэй байгаа. Миний уушиг муу, астамтай тул эрүүл мэндийн байдалдаа үнэхээр итгэлгүй байна. Миний гэм буруугаа ухамсарласан болон биеийн байдлыг харгалзан эдлэх ял болон дэглэмд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүх Ж.Ц- т холбогдох хэргийг хянан хэлэлцэж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ял шийтгэлийг оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.Ц- ын гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Ж.Ц-  нь 2018 оны 03 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, ........... тоот гэртээ согтуугаар хамт архи ууж байсан Э.Э-ыг зодож, “тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, бага тархины дээд хэсгийн цусан хураа, тархины гүүр хэсгийн эдийн гүн дэх цус харвалт, хуйханд цус хуралт, 1 шүдний хугарал, баруун зүүн нүдний зовхи, уруул, тохой, шуу, хөх, гуя, өвдөг, шилбэ, тавхай, ташаа, өгзөгт цус хуралт, хамар уруулд зулгаралт” бүхий гэмтлүүдийг учруулж, Э.Э- нь тархиндаа авсан гэмтлийнхээ улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан нөхцөл байдлыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн тогтоосон анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд хууль ёсны болсон байна.

Шүүх хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй, хүчтэй зэргийн согтолттой байхад нь зодож, олон тооны гэмтэл учруулсан, үүний улмаас хохирогчийн амь нас хохирсон нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д заасан гэмт хэргийн шинжтэй гэж хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил, ноцтой зөрчил тус тус тогтоогдоогүй болно.

Шүүх Ж.Ц- ын хүнийг алах гэмт хэргийг хоёр хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн гэм буруу, уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон, хуульд заасан төрөл, хэмжээний хорих ялыг оногдуулсан байх бөгөөд ял хөнгөрүүлэх нөхцөл байдал хавтаст хэргийн материалаар тогтоогдоогүй тул Ж.Ц- ын “ялыг хөнгөрүүлэх” тухай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 177 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 491 дүгээр магадлал хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Ц- ын гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                                           

                                       ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                       ШҮҮГЧ                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                                                           Д.ГАНЗОРИГ

                                                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН