Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 459

 

Д.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгч Д.Б-, түүний өмгөөлөгч С.Баттамир, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 33 дугаар магадлалтай, Д.Б-д холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч  Д.Б-гийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1984 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Н овогт Д-н Б нь Эрүүгийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох” гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар шүүгдэгч Д.Б-гээс 48,000,000 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулахаар, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн шүүгдэгчийн өмчлөлийн ....УБӨ улсын дугаартай “Тоёота приус” загварын машиныг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэрт гүйцэтгэх албанд шилжтэл хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.Б- гаргасан гомдолдоо “...Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. ...Магадлалын тодорхойлох хэсэгт ...шийтгэх тогтоолын 6, 8 дугаар заалтууд нь техникийн шинжтэй алдаа тул цаашид энэ талаар анхаарах нь зүйтэй байна гэж дурдаад тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шүүгдэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг буюу тогтоолын 6 дахь талд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь заалтыг эхээр бичиж,... гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь түүний гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогод орохоор хуульчлагдсан байх тул түүнээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Түүнчлэн техник хэрэгсэл нь шүүгдэгч Д.Б-гийн эд хөрөнгө биш болох нь гэмт хэргийг шалгах явцад тогтоогдсон байна гэж дурдсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь заалтыг гэмт хэрэг үйлдсэн этгээд тодорхой ашиг орлого олсон, эсхүл бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй тохиолдолд энэ хоёр заалтыг хэрэглэхээр хуульчилсан гэж ойлгож байна. Харин 7.5 дугаар зүйлийн 4 дэх заалтад ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл ... нь гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд... гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэжээ.

Шинжээчийн дүгнэлтээр эвдэгдсэн 5900мкв талбайд хамаарах байгаль орчны хохирлын үнэлгээ 2,831,832 төгрөг, эвдэгдсэн талбайд нөхөн сэргээлт хийх зардал 989,772 төгрөгийг бүрэн төлсөн. Гэтэл экскаватор миний өмчлөлийнх биш, хохирлоо бүрэн төлж барагдуулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 гэсэн хоорондоо зөрчилтэй заалтуудыг тайлбарласан нь ойлгомжгүй байна. Анхан шатны шүүхээс хуулийн заалтыг нэг мөр ойлгож хэрэглэхгүйгээр надаас 48,000,000 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулахаар заасан шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн магадлал нь хууль зөрчсөн, хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй гэж гомдол гаргаж байна.

Иймд анхан болон давж заалдах шүүх хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн эсэхийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Баттамир гаргасан саналдаа “...Анхан шатны шүүхээс Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал олборлосон гэж дүгнэсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Ашигт малтмал гэдгийг геологийн хувьсал өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд бий болсон аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн баялаг, эрдсийг хэлнэ” гэж заасан.

Гэтэл Д.Б-г эрдэс олборлосон гэж үзэж байгаа бол ямар төрлийн ашигт малтмал олборлож, ямар хэмжээний ашиг олсныг анхан шатны шүүх тогтоогоогүй байж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримтууд болох гэрч, хохирогч, яллагдагч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тухайн хууль бус олборлолт хийсэн гэх газарт тээврийн хэрэгсэл нь саатаж үйл ажиллагаа явуулаагүй, газрын хэвлийг хөндсөн нөхцөл байдал харагддаг.

Газрын хэвлий гэдэг нь “Хөрснөөс доош гүн рүү нэвтэрсэн орон зайг хэвлий гэнэ” гэж Газрын тухай хуульд заасан. Зөрчлийн тухай хуулийн 7.10 дугаар зүйлд “Газрын хэвлий хөндөх” гэсэн тусдаа зохицуулалт байдаг. Тэгэхээр энэ зүйл ангиар энэ үйлдлийг шалгаж шийдвэрлэх ёстой байтал Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг улсын орлого болгоно гэж дүгнэсэн атлаа тогтоох хэсгийн 7 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-гээс 48,000,000 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулахаар заасан нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Гэмт хэрэг үйлдэж орсон хөрөнгө орлого эсхүл гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хөрөнгөөс албадан гаргуулахаар заасан. Гэтэл энэ хэргийн хувьд бусдын өмч гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байхад тээврийн хэрэгсэлд үнэлгээ хийж улсын орлого болгохоор заасан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн шийтгэх тогтоолын 6 дахь заалтад шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсан атлаа 8 дахь заалтад 75-38 УБӨ улсын дугаартай “Тоёота приус” загварын машиныг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, Шүүхийн шийдвэрт гүйцэтгэх албанд шилжтэл хэвээр үлдээхээр заасан нь ямар хохиролд үүнийг тооцож Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж байгаа нь ойлгомжгүй. Д.Б- нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлуудыг бүрэн барагдуулсан. Хэрэв уг автомашиныг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэж үзэж байгаа бол Д.Б- 3 жилийн өмнө өөрийн эзэмшилдээ авсан байдаг. Гэтэл үүнд шүүх тодорхой дүгнэлт хийгээгүй нь харагддаг.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар хуулийг хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэх зарчмыг зөрчсөн гэж үзэж байгаа тул шүүгдэгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч Д.Б- нь тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох явцдаа байгаль орчинд хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад тулгуурлан үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэдэгт “Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, эсхүл ашиглахаар завдсан” гэж тодорхой заасан. Мөн шүүгдэгчийн учруулсан хохирлоос давсан тохиолдолд улсын төсөвт оруулахаар заасан. Тэгэхээр анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийг хэрэглэхдээ зөв хэрэглэсэн, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, шүүгдэгчид оногдуулсан ял тохирсон тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Б-гийн гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Д.Б- нь Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Бугант тосгоны нутаг “Гахайт” гэх газар 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагааг явуулж, байгаль экологид 2,831,832 төгрөгийн хохирол учруулсан талаарх үйл баримтыг анхан болон давж заалдах шатны шүүх тогтоож, Д.Б-гийн энэхүү үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн байна.

Шүүхүүд ийнхүү шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, шийдвэрлэхдээ прокуророос Д.Б-гийн хийсэн “эрэл хайгуул хийх болон олборлох” үйлдлийн аль аль нь Эрүүгийн хуулиар хориглогдсон гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэн байхад зөвхөн олборлох үйлдэлд нь гэм буруутайд тооцож, “эрэл хайгуул” хийсэн үйлдэлд хэрхэн дүгнэлт хийсэн нь тодорхойгүй шийдвэр гарчээ.

Түүнчлэн шүүхийн шийдвэрүүдэд Д.Б-д хорих ял оногдуулахгүй тэнссэн хууль зүйн үндэслэл, агуулга, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийг хэрэглэхдээ тогтоосон үйл баримт, зүйлчилсэн гэмт хэрэгтэйгээ холбогдуулан хэрхэн, яаж хэрэглэж буй үндэслэл, агуулга тус тус  тусгагдаагүй, энэ талаар тайлбар, дүгнэлт хийгдээгүй байна.

Тухайлбал, Д.Б-гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх хоёр экскаваторын алийг нь гэмт хэрэг үйлдэхэд ашиглаагүй гэж үзсэнээ ямар нотлох баримт, түүний үндэслэл, агуулгад тулгуурласан талаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт огт дүгнээгүй атлаа “арай хямд үнэ бүхий экскаваторыг гэмт хэрэг үйлдэлдээ ашигласанд тооцож, түүний үнийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй” гэж объектив нөхцөл байдалд тулгуурлаагүй, хэт субъектив, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй болжээ.

Эдгээр алдаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэж засах боломжгүй  бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 3 дахь хэсгийн 3.1, 3.4, 3.6 дахь заалтуудад заасан шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тавигдах шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Дээрх зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан ноцтой зөрчил тул шийтгэх тогтоол, түүнийг хэвээр үлдээсэн магадлалыг тус тус хүчингүй болгох хууль зүйн үндэслэл болж байна.

Ийнхүү анхан болон давж заалдах шатны шүүхээс гаргасан шийдвэрийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилтэй холбогдуулан хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа тул шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 33 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

                                               ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                               ШҮҮГЧ                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                                                      Д.ГАНЗОРИГ

                                                                                                                      Ч.ХОСБАЯР

                                                                                                                      Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН